Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулж “Женко тур бюро” ХК-аас дөрөв дэх удаагаа “Чингис фестивал” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү фэстивалын нээлт энэ сарын 19-ний өдрийн 11 цагаас Чингис хааны морьт хөшөө цогцолборт болох юм. Нээлтийн үеэр Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатар “XII зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц унших бол Түүхийн хүрээлэнгийн түүхч доктор, профессор А.Пунсаг Монголын нууц товчоотой холбоотой 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгаа дэлгэн олны хүртээл болгоно. Үүний зэрэгцээ “Чингис хаан ба Их Монгол улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн, АХА асуулт хариултын тэмцээн, шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр, “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт болж, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах аж.
Мөн оролцогчид өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх, үндэсний хувцас өмсөж зураг авахуулах, “Чингисийн хишиг” монгол үндэстний хоолны баярт оролцох зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулагчдаас санал болгож байна. Түүнчлэн Чингис, Тэмүүжин нэртэй иргэдийг энэхүү наадмын үзвэрийн үнээс 100 хувь чөлөөлөх бол Нислэг центрийн “Тэнгэрийн аялал”-ын үнийн дүнд 15 хувийн хөнгөлөлтэй үзүүлэх нь. Уг наадам орой 20 цаг хүртэл үргэлжилнэ.