Африк тивийн Сахарын цөлд оршдог Чад улсын ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр фронтын шугамд зочлох үеэрээ босогчдын суманд оногдон шархдаж, удалгүй нас барсныг тус улсын арми Мягмар гарагт мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 11-нд болсон сонгуулиар 68 настай Идрис Дэби нь зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан юм. Тэрбээр улс орноо хамгийн олон жил удирдсан Африк тивийн төрийн тэргүүнүүдийн нэг байв.
Армийн офицер асан Идрис Дэби 1990 онд гарсан цэргийн эргэлтээр Чад улсын ерөнхийлөгч болж байжээ. Тэрбээр Франц тэргүүтэй Өрнөдийн улсуудтай холбоотон болж, Африкийн Сахелийн бүс нутагт үүрлэсэн жихадист бүлгүүдтэй олон жил тэмцсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэр нийслэл Нджамена хотоос хойд зүгт хэдэн зуун километрийн зайтай оршдог фронтын шугамд зочилсон байна. Энэ шугамд Чад улсын зэвсэгт хүчин FACT нэртэй босогчдын бүлэгтэй дайтаж байгаа юм.
Идрис Дэбиг нас барсны дараа түүний хүүгээр удирдуулсан цэргийн зөвлөл засгийн эрхийг авч, парламент, засгийн газрын танхимаа тараасан байна.
Мөн хөл хорионы дэглэм тогтоож, хилээ хаажээ.
Дэбигийн хүү, 37 настай генералаар удирдуулсан зөвлөлд өөр 14 генерал багтаж байгаа гэнэ. Тус зөвлөл 18 сар үргэлжлэх шилжилтийн үед төрийн эрхийг барьсны дараа ардчилсан, чөлөөт сонгууль зохион байгуулахаа амлажээ.
Гэхдээ цэргийн зөвлөлийн энэ үйлдэл үндсэн хуулийг зөрчиж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Сүүлийн сонгуулиар 80 орчим хувийн санал авч, ялалт байгуулсан Идрис Дэби нь хөрш Ливи, Мали, Нигери, Төв Африкийн БНУ-ын газар нутгийг дамнасан жихадист бүлэглэлүүдтэй хамгийн ширүүн тэмцэл явуулдгаараа алдартай удирдагч байсан юм. Тэрбээр өөрөө зэвсэгт тэмцэлд биечлэн оролцдог, арми нь дайнд хамгийн сайн бэлтгэгдсэн гэгддэг байв. Гэхдээ газрын тосны нөөцтэй Чад улсын иргэд сүүлийн жилүүдэд Дэбигийн дэглэмийн бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон байна. Эдийн засгийн эрүүл бус байдал, авлигын цэцэглэлт нийгмийн бухимдлын гол шалтгаан болжээ.
Сахарын цөл Чад улсын газар нутгийн гуравны нэгийг эзэлдэг. 16 орчим сая хүн амтай тус улс 2003 онд $4 тэрбумын өртгөөр Атлантын далайн боомт хүртэл хоолой татах төслийг хэрэгжүүлж дуусгаснаар газрын тосоо экспортлох болжээ.
Мөн хөвөнгийн үйлдвэрлэл эдийн засгийнх нь гол салбар болдог ба Европ, АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлодог байна.