Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Эдийн засагт үүсээд буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч нарт сануулж зөндөө хэлж байсан. Сонгуульд зориулсан төсөв болсон байна. Сонгуульд зориулж мөнгө тарааж, бензиний үнийг барилаа гэж хэлсэн. Сонгууль дууссаны дараа шатахууны үнэ нэмэгдэнэ. Эдийн засаг хүндэрч, иргэд болон аж ахуй нэгжүүд бүх ачаагаа үүрнэ гэж сануулсан. Яг л хэлснээр болж байна. Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг буруу жишиг рүү орчихлоо. Ингэсээр байтал улс орон чинь том утгаараа живээд дууслаа. Хамгийн гол нь буруу бодлогын улмаас эдийн засагт үүссэн төлөөсийг иргэд нийтээрээ төлдөг юм л даа. Баян, ядуу, том, жижиг компани, эрх баригч, Ардчилсан нам ялгаагүй бүгд л төлөөсийг төлдөг нь хамгийн харамсалтай.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдал руу явж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг, бэлэн мөнгө тараадаг байдлаас болж инфляци хөөрөгдөж, валютын урсгал хаагдлаа. Валютын урсгалыг нэмэгдүүлж байсан гол бүтээгдэхүүн нүүрс. Гэвч экспорт нь байхгүй болчихлоо. Үүнээс сэргийлсэн бэлтгэлийг өмнө нь яагаад хангаагүй юм бэ гэсэн асуулт гарч байна. Өнөөдөр манай төр бодлогыг угтаж хардаг байх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хүн боомт дээр очоод жижигхэн албан тушаалтнуудтай хэрүүл маргаан хийгээд явдаг бус, улс орны эдийн засгийг тэлэхийн тулд том хөрөнгө оруулалтын бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, цар тахлын эсрэг далайцтай арга хэмжээ авах бодлогыг гаргаж чаддаг тийм л чиглэлээр ажиллах ёстой. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа олигтой хийж чадсангүй. Дээрээс нь салбарын сайд нар хангалттай ажилласангүй. Өнөөдөр Ерөнхий сайдаа ийм асуудал руу оруулах хэмжээний байна шүү дээ. Ерөнхий сайд нь хариуцлага алдсан сайд нартайгаа одоо болтол хариуцлага тооцож чадахгүй байсаар байна. Улс орон нэг ийм л байдал руу орлоо. Үнэхээр харамсалтай.
-Ардчилсан намын дотор үл ойлголцол, тодорхойгүй байдал бий. Уг асуудлаа эхлээд шийдчихээд сөрөг хүчний дуу хоолойгоо илүү хүчтэй болгож, улс орныг зөв жолоодоход үүргээ гүйцэтгээч ээ гэх хүн олон байна. Энэ тухайд?
-Ардчилсан нам дотоод асуудлаа шийдчихнэ ээ. Шийдэхийн төлөө явж байгаа. Гэхдээ зарим зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг. Нөгөө талдаа өнөөдөр Ардчилсан намын асуудлаас илүү Монголын зовлон их болчихоод байна. Асуудлаа томоор нь хармаар байна. Энэ нь цар тахлын эсрэг одоо яах юм, өдөрт хэдэн мянгаараа өвчилж, нас баралт 10-аас дээш бүртгэгдэж байгаа энэ үед хэрхэх вэ гэсэн том асуудал. Үүнийг яаж хамтарч шийдэх вэ гэдэг чухал. Ийм л юм ярихгүй бол жижиг сажиг асуудал яриад баймааргүй байна.
Ардчилсан намын тухайд дотооддоо тэртээ тэргүй учраа олно. Цаг хугацааны асуудал л байна. Бид өмнө нь үүнээс хүнд хэцүүг туулаад ард нь гараад ирсэн. Манайд Ардчилсан намын зөвшилцлийн ажлын хэсэг гэж байгуулагдаж байгаа. Уг ажлын хэсэг ажиллаад бид ойлголцолд хүрэх юм бол дараа нь Үндэсний бодлогын хорооны хурал, цаашлаад шаардлагатай бол намын их хурлаа хийгээд явах болно. Мэдээжийн хэрэг бид анхнаасаа л ярьсан, хууль ёсны байгаа нам дээр ирээд нэгдэе, зөвшилцөе, нэг болъё гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш зөвшилцөхгүй, нэгдэхгүй, нийлэхгүй гэсэн зүйл огт байхгүй. Яагаад гэвэл бид үнэт зүйл, зарчим, үзэл санаа, дүрмийн хувьд нэг л нам шүү дээ. Үл ойлголцлын зүйл аяндаа алга болно. Гэхдээ үүний төлөө алхамууд хийх ёстой. Тодорхой цаг хугацаа шаардлагатай. Бидний зүгээс ажлын хэсэг гараад ажиллаж байна. Аль болох хурдан зөвшилцөлд орохыг хичээх болно. Үндэсний бодлогын хороогоо нэг болгоод хурлаа хийгээд, дараа нь намын их хурлаа нэг хийх зүйл рүүгээ явах ёстой. Гэхдээ цар тахлын үед биечлэн оролцох боломж тааруу учир цахим байдлаар явж байна.
-Тэгвэл улс орны том асуудал руугаа эргэж оръё. Уг нь манай улс ковидтой тэмцэхэд зориулж 5.1 их наяд, цаашлаад 10 тэрбумын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд гол үр дүн гарч ирэх учиртай. Гэвч зарцуулалт нь тодорхой бус, өгөөж нь хэрхэн илэрч байгаа нь ойлгомжгүй гэх асуудал олонтаа яригдаж байна?
-Бид өмнө нь Шилэн дансны хууль гэж батлуулж байсан. Уг хууль одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилтийг хангах газар нь УИХ юм. Гэвч УИХ нь завсарлах гээд сууж байна. Ийм хүнд хэцүү үед завсарлах ёсгүй шүү дээ. Ээлжит бус чуулганаа зарлаад үргэлжлүүлээд ажиллах ёстой. Засгийн газарт хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцож, төсвийн ил тод байдлыг шахаж, мөнгөний зарцуулалтыг тайлагнахыг шаарддаг газар нь УИХ юм.
Бид хоёр чухал хуулийг батлуулж байсан. Нэг нь дээр хэлсэн Шилэн дансны тухай хууль. Ерөөсөө татвар төлөгчдийн мөнгө, гадны зээл тусламжаар орж ирсэн бүх мөнгийг шилэн байдлаар мэдээлдэг байх ёстой. Үүн дээр Төрийн аудитын байгууллага хяналт тавьдаг. Энэ бол парламентын дэргэдэх байгууллага байхгүй юу. Бүтцээрээ дамжуулаад УИХ, Засгийн газраа хянах ёстой. Ажлыг нь шалгах учиртай. Төсвийн гүйцэтгэлийг нь авах, шаардлагатай тохиолдолд олон улсын аудитыг оруулах ёстой. УИХ-ын ажлын хэсэг дотор парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах учиртай. Хоёрдугаарт, бид Нийтийн сонсголын тухай хуулийг батлуулж байсан. Энэ хуулиар төсвийн хяналтын сонсгол гэж нэг ойлголт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. УИХ-ын тодорхой тооны гишүүд санаачлага гаргаад, байнгын хороон дээр салбарын сайд нар, ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудаас мэдээлэл сонсдог байх ёстой. Тухайлбал, ковидын эсрэг тэмцэхэд зориулж мөнгө зарцуулсан бүх хүнээ дуудаж авчраад мэдээллийг ил тод аваад асуудал ярьдаг, үнэхээр зөрчил дутагдалтай байвал хариуцлага тооцдог механизм байх учиртай. Гэтэл энэ механизм бас л ажиллахгүй байна. Өнөөдөр УИХ ажлаа хийхгүй байна. Монгол Улс парламентын засаглалтай. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван дарга буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нийлээд Монголын бүх асуудлыг шийддэг зам руу явлаа. Энэ маш буруу жишиг. Ингээд байхаар Засгийн газар, УИХ улам хүчгүйднэ. Үүнээсээ болоод Монгол Улс парламентын засаглалтай юм уу, эсвэл ҮАБЗ-ийн засаглалтай улс юм уу гэх эргэлзээ руу орчихлоо. Энэ маш буруу. Тэгэхээр УИХ-д суудалтай намууд санаачлагаа ав аа. УИХ өөрийнхөө хуулиудаар дамжуулж, Засгийн газар болон холбогдох байгууллага, тэр тусмаа төсвийн мөнгийг зарцуулж байгаа хүмүүс дээр хариуцлагатай бай. Үндсэндээ ковидын үеийн мөнгөний зарцуулалт ил тод бус байна гэдэг нь цаанаа далд эдийн засаг явж, авлига гарах магадлалтай гэж хардахад хүргэж байна. Үүгээр дамжуулаад цөөн хүрээний хүмүүс мөнгө халааслаад байна. Яг бодит байдал руу мөнгө орсон бол ковид ингэж тархах байсан уу. Маш их хэмжээний мөнгийг оруулсан шүү дээ. Энэ их мөнгө үнэхээр байгаа оносон бол өнөөдөр нөхцөл байдал арай өөр байх байсан. Энэ сэжиг таамгийг л нэг талд нь гаргаж авмаар байна. Гишүүд нь тус тусдаа гомдоллоод, гоншигоноод байгаа болохоос биш яг өөрсдийнх нь гарт байгаа зэвсэг болох хуулиудаар дамжуулаад хариуцлага тооцдог, шилэн байлгадаг ажлуудаа хийхгүй байна.
-Ардчилсан нам УИХ-д 11 суудалтай. Танай гишүүд хүчтэй сөрөг хүчин байж, дээр өгүүлээд байгаа тодорхой бус зарцуулалтуудыг хянах, ил тод байлгахыг шаардах, үр өгөөжийг нь нэхэх, хамтарч асуудлыг шийдэх чиглэлд хүчгүй харагдаад байх шиг?
-Тийм ээ. Өнөөдөр эрх баригч нар давраад, том толгойлоод, хуулийн дээгүүр алхаж байгаад буруутай нэг зүйл нь үнэхээр манай УИХ дахь гишүүд сул ажиллаж байгаатай холбоотой. Үүнийг хүлээн зөвшөөрч, хэлэх ёстой. Өнөөдөр УИХ-д суугаа манай 11 гишүүн илүү хүчтэй ажилласан бол, илүү хүчтэй дуу хоолой болоод явсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх. Цаашид ийм байдлаар ажиллахгүй. УИХ-ын гишүүд ард түмнээс мандат авсан, тэр тусмаа Ардчилсан намын дэмжигч олны итгэлээр гарч ирчихээд сөрөг хүчнийхээ байр суурин дээр ажлаа сайн хийх ёстой. Үүний төлөө бид шахаж ажиллана.
-Бид жил гаруйн хугацаанд гурван ч удаа сонгуульдлаа. Энэ бүхний дараа судлаач нарын амнаас гарч байгаа хамгийн нийтлэг дүгнэлт бол улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Ингэхгүй бол өнөөгийн тогтолцоо хожим том эрсдэл үүсгэнэ гэж байна. Уг шүүмжлэлийг Ардчилсан намд ялгаагүй дайж байгаа?
-Нэгдүгээрт, Ардчилсан намын үед үүнийг цэгцэлье гээд Улс төрийн намын тухай хуулийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед УИХ-д өргөн барьсан шүү дээ. Үүн дээр, яг таны асуугаад байгаа шийдлүүд бий. Тодруулбал, улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал, сум болгон намын салбартай байдгийг больё, намууд бодлогоор өрсөлддөг болохоос бус гишүүнчлэлээр өрсөлдөх учиргүй, намуудад үзэл санааны зарчим чухал болохоос биш том байшингаар уралдахаа больё гэх зэрэг олон асуудал байсан. Харамсалтай нь дээрхи хуулийг тухайн үед буцааж байсан. Тэнд шийдлүүд бий. Өнөөдрийг хүртэл Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцдэггүй. Олон жилийн өмнө косметик хагалгаа маягийн жижиг засварууд хийсэн. Тэр нь олигтой шинэчлэл болж чадаагүй. Улс төрийн намын тухай хуулийг цаашид шинэчлэх ёстой. Сууриар нь өөрчилж, улс төрийн намуудыг хариуцлагатай болгохгүй бол цаашид явахгүй.
Дээрээс нь улс төр гэдгийг яагаад заавал намаар дамжиж хийх ёстой юм. Иргэний болон улс төр эрхийн тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Бас л УИХ буцаасан. Иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдээд улс төрийн эрхээ хэрэгжүүлдэг байя. Заавал намд элсээд гишүүн болж байж хийдэг биш. Өнөөдөр яагаад УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг УИХ-ын дарга, түүний дэргэдэх зөвлөл шийддэг юм. Яагаад иргэд тодорхой хэмжээний гарын үсэг цуглуулаад өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүдээр дамжуулаад УИХ дээр асуудал яриулж, хэлэлцүүлж болдоггүй юм. Нийслэлд ч мөн ялгаагүй. Уг хуулийн төсөл бэлэн байж байгаа. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдье гэхээр “наадуул” чинь хөдөлдөггүй л байхгүй юу. Хүчгүйдүүлдэг, мартуулдаг, тэгж байгаад буцаадаг. Ийм л хөгийн байдлаар явж ирсэн шүү дээ. Одоо үр дүн нь хаана байгаа юм. Ёроол руугаа унаж байгаа байхгүй юу. Нэг нам ноёлчихсон. Асуудлыг шийдэж чадахаа байчихсан. Монголын зовлон болсон асуудлыг нэг нам дангаараа авч явж чаддаггүй юм. Ялангуяа, хоёр том гүрний дунд байгаа тохиолдолд чадахгүй. Тийм учраас Монголын ардчилал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хэлдэг.
Хоёр том гүрний дунд шийдвэр гаргаад явдаг байхын тулд парламентад ядаж хоёр, түүнээс олон улс төрийн хүчин байх ёстой. Тэгэхийн тулд сонгуулийн ситемийг өөрчлөх шаардлагатай. Сонгуулийн өөр системийг олох учиртай. Өнөөдөр урд хөрш хилээ хаахад юу болж байна. Монголын эдийн засаг хэрхэн боомилогдож, асуудал яаж хүндэрч байгааг бүгд харлаа. Ийм л байдалтай бид туллаа. Үүний эсрэг МАН дангаараа явж чадахгүй. Тэгэхээр бид ирээдүйгээ алсаас хараад сонгуулийн системээ зөв болгож, бусад нам хүчнийг хавчиж гадуурхахаа болиод, хамтарч ярьдаг, явдаг байхгүй бол сүүлд нь юу ч яриад хэрэггүй болно шүү. Хэт уналт руу явбал эргүүлж татаж авчрах гэж маш хүнд байдалд орно. Үүний тулд дээрхи хоёр хуулийг нэн даруй батлах ёстой. Дээрээс нь сонгуулийн системээ өөрчилж парламент дахь улс төрийн хүчнүүдийн тэнцвэрт харилцааг үүсгэх учиртай. Ингэж байж Монголын асуудлыг хамтарч шийднэ. Хоёр том гүрний өмнө сөрж зогсоно. Ингэж байж бид гурав дахь ч оронтой энэ тэнцүү харилцаж чадна. Ингэж байж Монгол Улс урт удаан хугацаанд оршин тогтнож, тусгаар байдлаа хадгалж, Монгол Улс өөрөө өөрийнхөө асуудлыг шийдээд явдаг байдал руу орно.
Г.БАТЗОРИГ