Categories
мэдээ цаг-үе

Ч.Сүрэнхорлоо: Оросын инженерүүд дотооддоо нарийн царигтай болох тухай ярьж эхэлсэн

Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоотой ярилцлаа. 

-Төмөр замын асуудлаар олон бодлого, олон байр суурь гарах юм. Мэргэжлийн хүний хувьд бодит мэдээллийг өгөхгүй юу. Өчигдөр л гэхэд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлууллаа? 

-Төмөр замын салбарт 35 жил ажилласны хувьд нэг зүйлийг онцлон хэлмээр сангддаг юм. Шууд хэлбэл төр засгийн хэмжээнд ийм олон үзэл бодол, өөр өөр бодлого гараад байгаа юм бол нэгдэж нийлээд тэндээсээ нэгдсэн шийдвэрийг гаргаж болдоггүй юм байх даа гэж. Талцалгүйгээр мэргэжлийн үүднээсээ, эдийн засгийн талаас нь, аюулгүй байдлыг нь оруулаад бодлогоо гаргачихвал хэцүү зүйл огт байхгүй. 2010 онд зөв бодлого гарсан. Харин ажил хийх сэтгэл байсан уу гэвэл үгүй. 

Тэр үед найман гарц, хилийн боомт, нүүрсний нөөцийг тодорхойлж далайд хүргээд бусад орон руу тээвэрлэнэ гээд бүгдийг нь ярьчихсан. Хамгийн гол нь хугацаа өнгөрөөд байгаа юм. Бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 оныг үджээ. Бараг эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан гэж бодно.  

-Төмөр зам тавихад хөрөнгө шаардагдана. Мөнгө босгоно гэх мэтээр олон асуудал байдаг байх?

-Огт мөнгөгүй гэдэг худлаа. Өнөөдрийг хүртэл бараг хагас их наяд төгрөгийн зардал гаргачихаж. Гадны компаниудад сар бүр 150 мянган ам.доллар өгч байна. Энэ нь мөнгөтэй байгаагийн нотолгоо. Гэхдээ үүний үр дүн гэж алга. 

Хуулийн, санхүүгийн гээд байж болох бүхнийг нууцалчихсан. Төмөр замаа бас нууцын зэрэглэлтэй барихгүй л байлгүй дээ. Эцэстээ мэргэжлийн хүмүүсийг хүртэл талцуулаад эхэлсэн. Үнэн хэрэгтээ нэг л шинжлэх ухаан юм. Биднийг ингэж хэрэлдээд сууж байхад тээвэрлэх гээд байгаа бүх түүхий эд чинь үнс болох нь. Далайд хүрнэ, олон үйлдвэр барина гэдэг ч худлаа болоод байна. Гэтэл баахан мөнгө зарчихаад байдаг. Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд өнгөрсөн хугацаанд зарсан мөнгөөр нь төмөр замын дээд цогц бариад ашиглалтад оруулчих хугацаа болсон. Ийм байхад баруун, солгойгүй баахан шороо овоолоод л байх юм.  

-Засгийн газраас царигийн асуудлыг шийдэж, тээвэрлэлтийн бодлогыг тодорхойлохоор тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Үүнийг хэр судлав?

-Засгийн газраас оруулж ирсэн бичиг баримт гэвэл 2010 онд батлагдсан бодлогод тусгагдсан зүйл байна билээ. Нарийн эсвэл бүдүүн царигийн төмөр зам тавихаар болбол Засгийн газар нь асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ гэсэн заалтын дагуу. Гэтэл ийм нарийн асуудлыг салбарын сайд нь өргөн барьсангүй.

Ард түмэнд юу хийх гээд байгаа. Ямар замаар юуг тээвэрлэж, хэдий хэрийн ашиг олох гээд байгаагаа ил тод тайлбарлаж ойлгуулах хэрэг­тэй. Засгийн газар ийм бодлогын ажлаа хийхгүй­гээр нууцын зэрэгтэй байгуул­сан гэрээгээ нэгэндээ харуу­лах­гүйг хичээгээд л сууцгаах юм. Ийм утгагүй байж болох­гүй. А.Гансүх “төмөр замын царигийн асуудлыг ард түм­нээр хэлэлцүүлсэн ч яахав” гэж хэлж байна билээ. Гэтэл төр засгийн яриад байгааг ард түмэн битгий хэл мэргэжлийн бид ойлгохгүй байна. Тэгээд ямар ч мэдээлэлгүй хүмүүс тэр нь зүйтэй гэж аль нэгийг нь дэмжих юм гэнэ. Ард түм­ний амьдрал эмзэг байхад эх оронч үзлээр нь тоглож өргөн царигаар Орос, нарийн царигаар Хятад цэргийн бааз орж ирнэ гэж даапаалах хэрэггүй.

-Төмөр замаар гадны цэргүүд орж ирнэ гэж зарим хүмүүс хэлээд байгаа? 

-Сайншандаас Замын-Үүд хүртэл нарийн царигийн төмөр замыг зэрэгцүүлж тавина гээд байх юм. Тэнд төмөр зам байхад дахиад хажуугаар нь нэгийг барих нь хэн гээч ухаантны бодлого вэ. Хайран мөнгө биз дээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигтээр нарийн царигийн төмөр зам тавьчихвал хангалттай баймаар. Асуудал нь өөрөө утгагүй. Энэ бүхнээс харахад төмөр зам барих сонирхолтой хүн байхгүй байна. Зөвхөн мөнгө угаах ажил хийж байх шиг. Төмөр замын салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа нь араасаа сөрөг асуудал дагуулаад байгаа нь үнэн. 

-Цэрэг дайны зориулал­таар ашиглана гэдэгт?

-Цэрэг дайны зориулал­таар ашиглана гэж юу байх вэ дээ. Үнэхээр танк, цэргийн хүчийг нууцаар хурдан хуга­цаанд оруулъя гэвэл хэдэн арваар нь агаараар оруулж ирэх боломж байна шүү дээ. Пуужин харвахад л хэдхэн секундын дотор заасан газарт хүрдэг болчихоод байгаа биз дээ. Нарийн цариг яривал Хятадын, өргөн цариг яривал Оросын эрлийз болгодог болчихож. Нарийн царигаар Хятадын хэдэн сая цэрэг орж ирнэ гээд байгаа бол аль хэдийнэ Монгол Улс эзлэгдчих байсан. Замын-Үүдэд нарийн царигийн төмөр зам 40 гаруй км газарт тавигдаад олон жил болж байна. Тэнд монгол хүмүүс ажиллаж байна. Хятад цэргүүд буугаа үүрээд орж ирж байгаа зүйл алга. Хойноос ч адил. Тэгээд бид баруунтай төмөр замаар холбогдож чаддаггүй бас нэг дутагдал бий. Латви, Литва, Белорусь, Украйн, Чех гээд Оросоос цаашаа нэвтрэх гэхээр өргөн, нарийн цариг тулаад зогсчихдог юм ш дээ. Тэнд цөөн тооны мах ачсан, цөөн тооны хүн тээсэн вагон нэвтэрдэг учраас дугуй солих ажил нэг их удаан үргэлжилдэггүй учраас асуудал яригддаггүй юм. Харин хэдэн зуун сая тонн ачаа тээвэрлэнэ гэвэл зүүдэнд оромгүй олон саад тулгарна даа.  

-Дэлхийн стандарт гэж байдаг. Өргөн, нарийн царигийн алийг нь дэлхий нийт түлхүү ашигладаг юм бол?

-Олон улсын стандарт цариг буюу 1435 мм-ийн өргөнтэй царигийг бид нарийн гэж хэлээд байгаа. Дэлхийн тээврийн 80 хувь нь бидний нэрлээд буй нарийн царигаар явагддаг. Америк, Канад, Австрали, Хятад гээд олон орон хэрэглэдэг. Өргөн цариг гэж хэлэгдээд байгаа нь зөвхөн Оросын хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл өргөн царигийн төмөр зам манай улсад мянган км тавигдсан. Дээр үед цэрэг, дайны зориулалтаар ашиглаж байсан. Энэ нь глобалчлагдаж байгаа эрин үед асар их ажиллагаа, хөлс, хүч, цаг хугацааг шаарддаг. Ямар ч тэнэг бизнесмэн ийм газраар бараагаа тээвэрлэхгүй. Хамаг цагаа алдаад илүү мөнгө төлнө гэж байхгүй ш дээ. Хятад улс дэлхийн 80 гаруй оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж тив, далай алгасч наймаа хийгээд хэдэн зуун мянган тонн нүүрс, бүтээгдэхүүн тээж авчирч л байна ш дээ. Гэтэл манайх хаяа дэрлэж оршдог байж уул уурхайн түүхий эдээ гаргаж чадахгүй, хоорондоо хэрэлдээд байна гэдэг бодлогод алдаа байгаагийнх. Бас нэг зүйл байгаа нь бид Оросын нутгаар далайд хүрнэ гэвэл бараг 5-6 мянган км явж хүрнэ. Харин урагшаа хөдөлбөл мянга хоёр зуун км зам туулна. Тэрнээс гадна биднийг унтаад сэрэх хооронд хятадууд Үрүмчээр нарийн зам тавьж Европ руу гарчихаад байна. Ирэх жил нээлт нь болох гээд байна. Энэ мэтийг бид ашиглах л ёстой.

-Бас аль царигийн зам нь илүү ихийг тээвэрлэх вэ гэдэг асуулт гарна?

-Өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүний нэг гол дээр дарах даралтын дээд хэмжээ нь 23 тонн. Шууд хэлбэл зэрэгцээ хоёр дугуйг холбосон гол дээр гэсэн үг. Тэгвэл нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүний гол дээр дарах даралт 32 тонн хүрдэг. Бас нэг зүйлийг тодотгоход манай вагоны нэг тэвшинд 50-60 тонн ачаа ордог юм. Гэтэл авто машин илүү хурдан бага зардлаар 100 тонныг чирээд явчихаж байгаа биз. Ингэж хоцрогдчихоод байхад үүнийгээ ярихгүй юм. 

-Нарийн царигийн төмөр зам тавибал оросууд уурлана гэж эмээдэг нь нууц биш? 

-Оросын инженерүүд дотооддоо нарийн царигтай болох тухай ярьж эхлээд удаж байна. Олон Улсын эдийн засгийн форумд энэ хавар оролцож үзлээ. Тэгж явахад оросууд тийм зүйл огт ярихгүй байна. “Танайх луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэнд хамаатай юм. Цаашаа ямар царигаар тээвэр хийх нь маньд ямар хамаа байна” гээд л ярьж байна ш дээ. Бүх зүйл ийм байхад манайхан дотооддоо юу болоод байгаа юм бэ. Энэ хоёр орны дундаас нүүгээд алга болохгүйгээс хойш тээврийн бүх асуудлаа шийдэх ёстой. Гарц байхгүй бол тээвэр байхгүй. Тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй. 

-Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, техник технологи нь ямар байгаа бол. Баахан төмөр зам барьчихдаг, хүчин чадал нь хүрэхгүй бол дахиад л вагон, зүтгүүрүүд авах шаардлага тулгарах уу?

-Энэ байгууллага юу ч хийсэнгүй. Тэр бүү хэл Улаанбаатараас Замын-Үүд хүртэл авто зам тавья гэхэд “сөрөг тээвэр” гэдэг нэр томъёо гаргаж ирчихээд огт хийлгэдэггүй байсан. Ухаандаа төмөр замын тээврийг машинтай иргэд булааж аваад Улаанбаатар төмөр замын удирдлагууд нь орлогогүй болох юм уу даа. 20 гаруй жилийн дараа зам тавигдтал төмөр замын тээвэр ховх сорогдсон гээд хэлчихэж болно. Яагаад гэвэл Замын-Үүдээс ачсан ачааг авто тээврээр гэрийнх нь үүдэнд авчирч өгч байна гэнэ. Үүргийн наймаачид “Төмөр замаар тээвэр хийх гэж үйл тамаа эдэлж хахуульд хамаг мөнгөө өгдөг байсан” гээд баярлаж байна ш дээ. Энэ чинь л тээвэр байхгүй юу. Өрсөлдөх чадвараа нэмэхийн оронд эсрэг зүйл ярьсаар олон оныг үдсэн дээ. Тэгээд нэг мянгахан км замаар тээврийн үйлчилгээ хийхийн тулд 15 мянган хүн ажиллуулж байна. Энэ байгууллага хувийн эзэмшлийнх байсан бол бараг таван мянган хүнээр хамгийн өндөр үйлчилгээг үзүүлж чадна шүү. Дараа нь 15 мянган ажилтны 15 мянган эхнэр бий. Мөн тооны хүүхэд нийт 100 гаруй мянган хүний эрх ашиг гэж хашхирдгаа болих хэрэгтэй. Ядаж л олсон мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавьж, шатахуунаа хангах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бүх санхүүгээ татвар төлөгчдийн мөнгөөр, зээлээр хийдэг. Дээрээс нь улсад татвар төлдөггүй гэж байгаа. Төр хамгийн муу менежер байдгийн жишээ энэ. 

-Нарийнаас өргөн цариг руу шууд шилждэг технологи гарлаа гэж байсан. Үүнийг судлав уу?

-Энэ технологи их хэмжээний хөрөнгө шаардах учраас бүтэхгүй гэж хэлж болно. 1960 оны сүүлээр намайг сурч байхад яригдаж, судлагдсан зүйл. Өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүн явуут дундаа нарийн цариг руу шилждэг технологи юм. Бид түүнийг чинь зураад, бичиж судлаад хөндсөн асуудал. Тэгэхэд “үүнийгээ нууцалчих, стратегийн зориулалттай” гэж хэлж байсан. Хүүхдийн тэрэг эвхэгддэг шиг нарийн цариг руу орохоор замын дэл нь дугуйгаа шахаад эвхэгдээд явчихдаг юм. Тээврийн нэг вагонд 300 гаруй хос дугуй байдаг. Ийм байдлаар буюу 3-10 км цагийн хурдтайгаар шилжинэ гэдэг томоохон асуудал болно. Дээрээс нь түгжээ гэх мэт олон асуудал байдаг учраас цаашаа явсан ч хурд багатай байна. Шууд тодорхойлбол бүрэн боловсрогдоогүй технологи.  

-Удахгүй хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилна. Энэ үеэр асуудал шийдэгдэх болов уу?

-Ингэж уулзах цаг хэдэн жилийн өмнө өнгөрсөн. Бид дээгүүр нь алхаж Америк, Канад гэж явахын оронд хоёр хөрш орныхоо гарыг бариулаад гурвуулаа асуудлаа ярих хэрэгтэй байсан. Айл саахалт улстайгаа аятайхан бай гэдэг дээ. Эндээс их асуудал шийдэгдэх байх. Олон зүйл дээр тохироо хийгдэнэ. Ядаж л эхлэл нь тавигдана. Царигийн асуудал шийдэгдэж, хөршүүдийн нэг нь төмөр зам тавиад өгөх тухай ч яригдаж магадгүй.   

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *