Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Оюу толгой одооноос ямар ч улстөргүй, цэвэр бизнесийн төсөл боллоо

-Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулав-

Оюу толгой ордын үнэ цэнийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх таван жилд саадгүй үргэлжлэхээр боллоо. Гүний уурхайн бүтээн байгуулалтаар жил бүр дор хаяж тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм. “Оюу толгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн 20 байгууллагаас авахаар болоод байна. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд болов. Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюу толгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей, “Рио тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцлоо. Мөн Монгол Улсын сайд М.Энхсайхан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нарын хүмүүс ирсэн харагдав. Хувийн хэвшлийнхэн цөөнгүй иржээ. Монголын бизнесийн зөвлөл, CEO клуб зэрэг эдийн засгийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл ч олноор ирсэн байв.

Гарын үсэг зурах ёслолын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би анх удаа урилгагүйгээр үг хэлэх гэж байна. Энэ өдрийг бид олон жил, сар хүлээсэн. Энэ өдрийг бий болгохын төлөө хичээн зүтгэсэн Монголын болон гадаадын бүх хөрөнгө оруулагчид, Рио тинто, Туркойз хилл, энд хүрэлцэн ирсэн Засгийн газрын гурван төлөөлөл, энэ том баримт бичигт гарын үсэг зурсан банк, санхүүгийн байгууллагуудад баяр хүргэе. Хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, Оюу толгойд өнөөдрөөс эхлэн ямар нэг улс төр, Засгийн газрын асуудал байхгүй. Оюу толгой цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа Удирдах зөвлөлийнхөн, бизнесийнхэн Оюу толгой төсөл, Оюу толгойн гүний уурхайг цаашдаа авч явна. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк Монгол Улсад, Рио тинтод зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгөө оруулах, өөрсдөө гадаад түншээ олох, зээл авах үүд хаалга нээгдэж байна. Монгол бизнестээ буцан ирлээ” хэмээн хэлсэн юм.

Нээлтийн үеэр “Рио тинто”-гийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх 4.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийг баталгаажуулах түүхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурж байна хэмээн онцолсон бол “Рио тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Энэ санхүүжилтээр Монгол Улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ” гэж байв. Мөн тэрээр сүүлийн үед үнэ нь уналттай байгаа зэсийн ханш эргэж сэргэх таамаг буйг дуулгасан.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюу толгой бол Монголын компани, монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь. Төслийн санхүүжилтийг авснаар санхүүжилтийн өртөг багасна. Зардал багассанаар ирээдүйд олох ашиг нэмэгдэнэ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хийгдэж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг хурдацтай тэлсэн. Бидний хувьд өмнө нь болж байсан үйл явдлаа давтаж, шинэ хөрөнгө оруулалт татаж байна. Тэгэхээр энэ удаагийн алхам эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Жилд дор хаяж нэг тэрбум орчим ам.долларыг шинэ бүтээн байгуулалтын явцад зарцуулна. Өнөөдрийн арга хэмжээнд Монголын бизнесийнхэн олноороо ирсэн байна. Бизнест эерэг дохио өгч байгаа нь төслийн санхүүжилтийн хамгийн том давуу тал. Монгол компаниуд ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой болж байна. Оюу толгой Монголын бизнесүүдэд ээлтэй компани. Маш олон компани Оюу толгойтой гэрээтэй ажилладаг. Энэ үйл ажиллагаа ирэх таваас зургаан жилд тасалдахгүй боллоо. Өнөөдөр Оюу толгойд 6000 хүн ажиллаж байгаа. Явцын дунд энэ тоо нэмэгдэнэ” хэмээн ярив.

Монгол Улсын сайд М.Энхсайханы сэтгэгдлийг сонирхоход “Оюу толгой төслийн хувьд Рио, Туркойз хилл, Монголын Засгийн газар гурав нэг завин дээр сууж дэлхийн том зах зээл дээр хөвж явсан. Буруу зөв хэлүүлээд их удаан явж байсан. Одоо тэр завин дээр дэлхийн банк, санхүүгийн 20 байгууллага нэмэгдчихлээ. Тэд нэг зүгт сэлүүрдэнэ. Оюу толгой төсөл маш эрчимтэй урагшлахаар боллоо” гэсэн юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр орж ирэх тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг дагаад жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ гэдгийг ёслолд оролцогчид онцолж байлаа.

4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн хувьд Засгийн газар ямар нэг баталгаа гаргаж, эрсдэл үүрэхгүй. “Оюу толгой” компани зээлж, “Рио тинто” баталгаа гаргаж байгаа гэдгийг “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал дурдаж байв.

Өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүх ажил явагдана. Барилгын улирал эхлэнгүүт гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд явах нь. Өмнө нь халагдсан зуу гаруй инженер ажилдаа

оржээ. Гүний уурхайд өмнө нь ажиллаж байсан залуусыг буцаан авахаар болсон байна.

4.4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагаас 12-15 жилийн хугацаатайгаар зээлж байна. АНУ, Канад, Австралийн экспортын зээлийн агентлагууд, “BNP Paribas”, “ING”, “Societe Gener­ale”, “Sumitomo mitsu”, “HSBS” зэрэг арилжааны 15 банк зээл гаргаж байгаа. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тогтжээ. Шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой аж. Одоохондоо гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг Оюу толгой компани дотоодоосоо гаргана гэж төлөвлөж байгаа гэнэ.

Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 хувь байхаар тогтжээ. 0.3 тэрбум ам.доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөх гэнэ. Ингэснээр 4.1 тэрбум доллар нь “Оюу толгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилнэ. 2021 оноос олборлолтыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Газрын гүнд буй 20 гаруй километр үргэлжлэх хүдрийн биетийг 2021 оноос эхлэн олборлож эхэлнэ гэсэн үг. Бүтээн байгуулалт оргил үедээ хүрэхэд буюу хоёр, гурван жилийн дараагаас 3000 гаруй хүн ажилтай, орлоготой болно гэж төслийн зүгээс мэдээлж буй.

Оюу толгойг санхүүжүүлэгч гадны банкууд Монголын компаниудыг сонирхож эхэлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 15.00 цагт төслийн санхүүжүүлэгчид, хөрөнгө оруулагчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Уулзалт 40 гаруй минут үргэлжилжээ. Хэвлэлийнхэнд хаалттай болсон энэ уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Манай улс стратегийн 15 ордтой. Эрдэс баялгийн 6000 гаруй илэрц нөөцтэй. Менделеевийн бүх элемент манай улсад байдаг. Бид Хөрөнгө оруулалтынхаа хуулийг өөрчилсөн. Хууль эрх зүйн орчны хувьд Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай орон болсон. Аж үйлдвэрийн яам 600 төсөл бэлэн гэсэн мэдээ өглөө. Тэгэхээр Оюу толгойгоос гадна өөр олон боломж, бололцоо манай улсад бий” хэмээн хөрөнгө оруулагчдад ярьжээ.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид өчигдөр болсон үйл явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Зарим банкны төлөөлөл “Бид зөвхөн Оюу толгой төслийг санхүүжүүлээд зогсохгүй. Монголын өөр бусад төсөл, банкуудтай харилцаж ажиллах гэж байгаа” гэсэн гэгээтэй мессэж хэлсэн гэнэ. Жишээ нь Канадын даатгалын компани “Голомт” банктай хамтарч байгаагаа дуулгажээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан манай сонинд ярилцлага өгөхдөө “Гэрээ байгуулсан 20 банк санхүүгийн байгууллага Монголоос салахаа болино. Ахиад шинэ бизнесүүдэд зээл өгнө гэсэн давуу тал бий” хэмээн ярьж байсан юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр төрийн ордонд Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. “Сайдын цаг”-т Р.Жигжидтэй хамт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар оролцохоор болжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *