Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН 25 ЖИЛ: ОЛОЛТ АМЖИЛТ, ТУРШЛАГА СУРГАМЖ
Аливаа нийгмийн өөрчлөлт өөрийн түүчээлэх баатартай, түрэх хүчтэй байж амжилтад хүрдэг. Ардчилсан хувьсгал ийм замналтай, тийм баатруудтай. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн бүхэн ардчиллын баатрууд. Монгол түмэн минь хүй элгээрээ ардчиллын баатрууд юм аа. Монголын ард түмэн-ардчиллын баатрууддаа анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын халуун мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлье.
Ардчиллын баатрууд болох ард түмнээ төлөөлөн Монгол Улсын баатар болсон эдүгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлдээ, Ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг болсон өнөөдрийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, амьдралын ухаан, алсын хараа гаргаж шинэ хуучны зөрчлийг зөвшилцөл, хөгжил дэвшил болгоход хүчин зүтгэсэн ахмадууд болох Ж.Батмөнх, Г.Очирбат, Д.Бямбасүрэн, Б.Чимэд нарт, Ардчилсан Монгол Улсын анхны төр засгийн тэргүүн болж хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн П.Очирбат, Р.Гончигдорж, Д.Бямбасүрэн нарт, мөн ардчилсан хувьсгалын бүх анхдагч нартаа, анхны улс төрийн намуудын лидерүүд болох Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Ганболд нартаа, МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, МОХ, ШДХ-ны удирдлагууд С.Зориг, Р.Гончигдорж, Л.Болд, Д.Батсүх болон эдгээр холбоо, хөдөлгөөний мянга мянган гишүүддээ, ардчилсан хувьсгалыг бие, сэтгэл зүрхээрээ эхний өдрөөс нь тууштай дэмжсэн түмэн олондоо энэ баярын өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдөр тэнгэрийн орноос биднийг харж байгаа С.Зориг, Д.Батсүх, С.Цогтсайхан бусад олон анхдагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе.
Монголын Ардчиллыг анхны өдрөөс нь эхлэн тууштай дэмжиж, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санаа, зохион байгуулалт, арга туршлага, хүний нөөц бүхий л талаар сэтгэл харамгүй тусалж ирсэн бүх донор орнууд, олон улсын институт байгууллагууд, тэдгээрийг төлөөлөн өнөөдөр энд ирсэн бүх хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсын ард иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.
Монголын ардчилал залуу хэдий ч, Монгол Улсын төрт ёсны түүх өөрөө агуу баялаг түүхтэй билээ. Саяхан бид үндэснийхээ их баяр наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойнуудтай хамтатган тэмдэглэлээ. Энэ их баяр цэнгэл нь монголын ард түмэн ардчилал, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үзэл санааны дор монголын ардчиллын, түүний дотор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойтой таширлан тохиож байгаагаараа онцлог болж байна.
1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм. Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг юуны өмнө харуулж чадсан юм.
Энэ нь үнэхээр ардчиллын хамгийн чухал үнэт зүйлийн нэг болох хүлээцтэй, нийцтэй шинж монголчууд бидэнд манай төрт ёсны баялаг уламжлалаас улбаалж ирсэнтэй холбоотой биз ээ. Улс орны байтугай хувь хүний амьдралыг 70 гаруй жил хянан зохицуулж ирсэн МАХН-ын тэр үеийн удирдлага нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч, хэлэлцээний ширээний ард сууж чадсан төдийгүй сайн дураар эрх мэдлээсээ татгалзаж чадсан юм. Залуу ардчилагчид ч чухам ардчиллын зарчмаар, түүний мөн чанарт нийцсэн аргаар буюу анхны чөлөөт ардчилсан сонгуулиар ард түмний мэдэлд эрх мэдлийг шилжүүлсэн нь тэдгээрийн мөнхийн гавьяа болно.
25 жил гэдэг улс үндэстний түүхийн хувьд байтугай тухайн хувь хүний амьдралын хувьд маш бага хугацаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсээс жишээ нь, 20-н хэдхэн жилийн өмнө хаагдмал хязгаарлагдмал Монгол Улсыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болно, Цахим эрх чөлөөний эвслийг удирдах болно гэвэл итгэх хүмүүс цөөхөн байх байсан. Гэтэл энэ нь боломжтой зүйл гэдгийг Монголчууд, Монголын ардчилсан хувьсгалын түүх батлаад байна. Ардчилал гэдэг ийм л хүчтэй зүйл. Ардчилал тухайн улсыг бусдын нүдэнд сайхан харагдуулдаг. Ардчилал тухайн улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт нэгэн гишүүн болгож чаддаг, ардчилал улс орны нэрийн хуудсыг, ID card-ийг өөрчилж чаддаг гэдгийг Монголчууд батлан харууллаа.
Монгол Улс түүхэн уламжлал, төрт ёсны арвин баян түүхтэй орон. Анхны парламентат ёс өдгөөгөөс 800 жилийн тэртээ Англи улсаас гаралтай гэж дэлхий нийтээр үздэг. Цаг хугацааны хувьд Англитай ижил тэртээ 1206 онд Монголчууд парламентат ёсны анхдагч хэлбэр болох Их хуралдайг анх үүсгэн байгуулсныг түүх гэрчилнэ. Дэлхийн бусад улсад ихэвчлэн мөрдөгддөг байсан хааны ууган хүүг угсаа залгамжлан шууд хаанд өргөмжилдөг байсан ёс Монголчуудын хувьд Хааны ууган хүүг бус хаан ширээнд тохирох төрийн хүнийг Их хуралдайгаас сонгож тохоон залахаас эхлэн, дайн, энхийн асуудал, төрийн гол хэргийг хамтаараа шийдэж байжээ.
Монголын Их гүрэн, эзэн хаадын их түүх, Монгол төрийн бие даасан бодлого, тусгаар тогтнол XVII зуунд Манжид дагаар орсноор дуусгавар болсон билээ.
1911 онд харийн дарлалыг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа энэ үеийн тэргүүлэх хэсгийн дотор зөвхөн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээс гадна орчин цагийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хуучин засаглалын бүтэц байгууллыг хувьсган өөрчилж, шинэ ёсонд зохицсон төрийн байгууллыг тогтоож, улс орноо хүчирхэг баян, соёлжиж боловсорсон түвшинд хүргэх үзэл санааг давхар дэвшүүлэн ажил хэрэг болгохыг оролдон тэмцсэн юм.
1921 оны ардын хувьсгалын дараа Хэмжээт эрхтэй Хаант төр тогтож, Ардын тодотголтой Засгийн газар байгуулагдаж, авч явуулсан анхны томоохон ажлуудын нэг нь Улсын Түр цагийн Хурал гэдэг зөвлөх эрхтэй хамтын удирдлагын дээд байгууллагыг бий болгожээ. Гэвч тухайн цаг үе, их гүрнүүдийн бодлого, нөлөөллийн цар хүрээ Монголчуудыг бие даасан төр улстай, бодлого үйл ажиллагаатай байх ямар ч боломжийг олгохооргүй байлаа.
Монголын төрийн тогтолцоо бүрэн эрхт, бүгд найрамдах, ардын, ардчилсан, социалист, бүх ард түмний гэсэн тодотголуудтай, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар зохицуулагдаж ирсэн хэдий ч хаалттай нийгэмд, манай нийгмийг удирдан чиглүүлэгч ганцхан намын удирдлага дор 100 хувийн ирцтэй, дээрээс нэр заасан ганцхан сонголттой нэр дэвшигчтэй буюу “Сонголтгүй сонгуулийн” тогтолцоотой, хэлбэрийн төдий ардчилалтай явсаар 1990 онтой золгосон билээ.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр та бидний 25 жилийнх нь ойг тэмдэглэж байгаа энэ баярын ач холбогдол нь Монголчууд сүүлийн 300 илүү жилд анх удаа өөрсдөө, бусад хэнээс ч хамааралгүйгээр өөрийн хөгжлийн замаа сонгох, өөрсдөө төр улсаа төвхнүүлэх бололцоотой болсонд, Монголын төр улсын бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын баталгаа бий болсонд оршиж байгаа юм.
Ийм ч учраас Анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар энэ ойн босгон дээр жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсын Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэлт өдрүүдэд оруулах шийдвэр гаргасныг та бүхэнд сонордуулахад таатай байна.
Монголын ардчиллын 25 жил бол монгол түмний гайхамшигтай ололт амжилтын буухиаг өртөөлсөн он жилүүд байсныг баярын хурлын энэ хүндэт индрээс бахархалтайгаар хэлэх нь зүйтэй.
Нэг. Монголын ардчилал, түүний ололт амжилт
Бид чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ тайван замаар шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүн, бүлэг хүмүүс, бусад улс орны шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа. Хэвлэл мэдээлэл төр засгийн цензурээс салж дөрөв дэх засаглалын хэлбэртээ орлоо. Гудамж, талбайд жагсах эрхээ эдэллээ. 25 жилийн өмнө Монголд Ардчилсан хувьсгал ялсан юмаа гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. Ардчилсан хувьсгалын баяр ганцхан намын баяр бус нийт ард түмний нийтлэг баяр болж чадлаа.
Монголчуудын ардчиллын 25 жилийн хугацаанд хүрсэн хамгийн том ололт бол улс төр, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын талаар бие даасан бодлого явуулж, улсын дайтай улс байх боломж анх удаа бүрэн утгаар хэрэгжих түүхэн боломж нөхцөл бүрэлдсэнд оршино. Аль нэг улс гүрнээс Монгол улсын төрийн бодлого, дотоод үйл ажиллагаанд хутгалдан оролцох, нөлөөлөх дарамт үгүй болов.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар баталгаажиж бодитой хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонин, радио, телевизийн нэг л суваг байсан бол одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 70 орчим, зурагтын монгол суваг хэдийн зуу давжээ.
Ардчиллын 25 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн иргэдэд малыг, хот суурин газрын иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилснаар Монголын ард түмэн өмчтэй болсон билээ. Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд хичнээн төлөвлөгөөгөөр шахаад ч 24 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр манай малчид 60 орчим саяд хүргэж малаа тоолуулаад байна. Эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх оролцоо байр суурь 70 хувь болтлоо нэмэгдэж, төрийн оролцоо хумигдсаар байна. 1940-1990 оны хоорондохь 50 жилд Монголын эдийн засаг 10 дахин өссөн бол ардчиллын хоёр дахин бага хугацаанд 20 дахин өсчээ.
Хүн амын тоо сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж бид саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо нялхсын эндэгдэл 1990 оны үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орж байна.
1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны дөнгөж 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатар дэлхийн түгжрэл ихтэй хотуудын тоонд орохоор болжээ. Харин гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоор дөрвөн саяд хүрчээ. Бүх өрх телевизортой, хүн амын дийлэнх хэсэг нь цахим технологи ашиглан ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Энэ бол хэн бүхний олоод харчих боломжтой бодит өсөлт, ардчиллын маргашгүй ололт мөн.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр Ардчилал Монгол хүнд, монгол айл өрхөд юу өгснийг “Ардчиллын 10 цагаан буян” гэж нэрлэж дурдсаныг энд эргэн санахад илүүдэхгүй болов уу.
Ардчиллын 10 цагаан буян:
Гаднаа тоолох малтай
Гартаа барих утастай
Гараашдаа тавих машинтай
Га-гаар хэмжигдэх газартай
Гэртээ асаах гэрэлтэй
Гэр бүлээрээ хувьцаатай
Гуундаа тахих бурхантай
Гадаадад зорчих паспорттой
Гараад золгох цагаан сартай
Гавьяаг нь дуурсах Чингис хаантай” улс орон болжээ гэсэн байдаг.
Энэ мэтчилэнгээр Монголын ардчилал Монгол хүнд, Монгол айлд юу өгөв, ямар боломж олгов гээд яривал үнэхээр бахархам сайхан үр дүн харагдаж байна.
Монгол Улс гадаад бодлогын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчлэн боловсрууллаа. Мөнхийн хоёр их хөрштэйгөө стратегийн болон стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцааны түвшингээ хүргэснээс гадна “Гуравдагч орнууд”-ын бодит ашиг сонирхлыг Монголд тусгах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилго бүхий Гуравдагч хөршийн бодлогоо тунхаглан тогтвортой хэрэгжүүлж байна.
Монгол Улс Ардчиллыг шинээр болон Сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 2012 онд эх орондоо амжилттай зохион байгуулж дэлхийн 106 орны зочид төлөөлөгчид ирж асуудлаа ярилцаж шийдвэрлэсэн нь манай улсын ардчиллын замналын бодит үр дүн, хүрсэн түвшнийг илэрхийлэн харуулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болж өнгөрсөн билээ. Мөн манай улс ирэх 2016 онд Ази-Европын Дээд хэмжээний уулзалтыг Ази-Европын 57 орныг оролцуулан зохион байгуулах гэж байна. Энэ бүхэн нь Монголын ардчилал эрийн цээнд хүрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөн бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон болсныг нотлон харуулав.
Хоёр. Монголын ардчилал, түүний онцлог
Монголын ардчилал хөгжсөн түүх, ардчилсан хувьсгал болж өрнөсөн үйл явц өөрөө монголчуудын оюуны ертөнцийг баяжуулж чадсан юм. Аливаа асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, маргаан, мухардлыг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал ололт мөн. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх, улс төрийн хүлээцтэй, нийцтэй байх чадвар шаардагддаг. Бид энэ бүхнийг хийж чадсан.
Энэ үйл явц нь Монголын ардчиллын төдийгүй бүс нутаг, дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэхүйц энхийн замаар хэрэгжүүлсэн ололт болж үлдсэн билээ.
Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, төрт ёсныхоо уламжлалын үнэ цэнэтэй бүхнийг шигшин шингээсэн жинхэнэ өөрөөс нь төрсөн ардчилал юм. Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Бид ардчилалгүй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон юм.
Монголын ардчилал бол улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны ертөнцийг цогц хамарсан иж бүрэн ардчилал байсанд нь бид бахархах ёстой. Монголд харьцангуй богино хугацаанд дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ цогц өөрчлөлт, шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт.
Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж, жинхэнэ монгол ухаан, шүтэн барилдахуйн ухаалаг зарчим дээр суурилан хэрэгжүүлж чадсанаараа гайхамшигтай байсан юм. Тийм ч учраас ардчиллын 25 жилд үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёл маань сэргэн мандаж, монголоо дэлхийд өөрөөр таниулж чадсан юм.
Монголын ардчилал монгол хүн бүрийн сэтгэл оюунд хүрч, тэдний итгэл зүтгэлийг цогцлоож өгснөөрөө тусгаар тогтнол, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болсон юм. “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад Монголчууд байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт. Монголчууд эдийн засаг нь харьцангуй сайн байх үед ч, хямралтай байх үед ч ардчиллыг хөгжлийн замаа гэж эргэлт буцалтгүйгээр үзсээр байгаа нь ардчилсан хувьсгалын гол баталгаа нь болж байна.
Гурав. Анхны ардчилсан сонгууль, түүний түүхэн ач холбогдол
1990 оны анхны ардчилсан сонгууль бол монголын ард түмний түүхэнд улс төр, эрх зүйн хувьд асар их үнэ цэнтэй, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал байсан юм. Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон тооны судалгаанд 1990 оны ардчилсан сонгуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс хийсэн ”Монгол Улс дахь сонгууль, сонгуулийн шинэ тогтолцоо” судалгаанд манай оронд сонгуулийн тогтолцоо үүсч төлөвшсөн түүхэн үйл явцыг тодорхой үе шатуудад хуваан ангилж судлахдаа 1990 оны ардчилсан сонгуулийг сонгуулийн тогтолцооны цогц шинэчлэлийн гарааны үе хэмээн онцолжээ.
Чухам энэ үед сонгуулийн үйл явц дахь уламжлал шинэчлэлийн залгамж холбоо хадгалахын зэрэгцээ хуучнаас шинэд шилжих амаргүй үйл явц хэрэгжсэн байдаг. Монгол Улсад өрнөсөн улс төрийн томоохон өөрчлөлтүүд, ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хангахын төлөө хийгдсэн бодит алхмууд үндсэндээ анхны ардчилсан сонгуулийн угтвар нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийг шударга зохион байгуулах, сонгуулийн үр дүнгээр төрийн байгууламжийг өөрчлөх гэсэн логик дараалал бүхий цогц үйл явц байсан билээ.
1990 онд АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн ҮIII чуулганаар БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийг баталж, түүнд орчин үеийн ардчилсан сонгуулийн түгээмэл зарчмуудыг тусгасан нь түүхэн том дэвшил байлаа.
АИХ-ын сонгуулийн тойргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр байгуулсан бөгөөд тойргуудад нэр дэвшүүлэх субъектийн хүрээг ихээхэн өргөтгөснөөрөө өмнөх үеийн сонгуулийн тогтолцоог үндсэнд нь халсан гэж үзэж болно. Энэ журмын дагуу нутаг дэвсгэр, үйлдвэрийн газар, байгууллага, түүний салбар нэгж, хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллага, цэргийн албан хаагчдын хурал дангаараа буюу хамтран АИХ-ын депутатад нэр дэвшүүлэх эрхтэйн дээр хувь хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхээр хангагджээ.
Энэхүү сонгуулийг АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар байгуулагдсан 25 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс зохион байгуулж явуулсан нь өнөөгийн СЕХ-ны түүхийн эхлэл байлаа. Түүнчлэн тойрог, хэсгийн 9963 комисс сонгуулийг зохион байгуулж явуулсан бөгөөд эдгээр сонгуулийн комиссын бүрэлдэхүүнд 43.4 мянган хүн ажиллажээ.
1990 оны сонгууль хоёр үе шаттай болсон бөгөөд сонгуулийн 430 тойрогт 2413 нэр дэвшигч өрсөлджээ. 1990 оны долдугаар сарын 22-ны өдөр гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тойргуудад эхний шатны санал хураалт явагдаж, санал хураалтад нийт сонгогчдын 98.0 хувь оролцсон нь чөлөөт ардчилсан сонгуулийн хувьд ихээхэн өндөр ирцэд тооцогдох билээ. Долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-ний өдөр хоёр дахь шатны санал хураалт 426 тойрогт явагдаж, сонгуулийн дүнгээр 422 депутат сонгогдсон байна. Сонгуулийн үр дүнг үндэслэн АИХ-ын суудлын 84.4 хувийг МАХН, 15.6 хувийг улс төрийн бусад намууд, Улсын бага хурлын суудлын 60.4 хувийг МАХН, 39.6 хувийг шинэ намууд эзэлсэн байна.
1990 оны анхны ардчилсан сонгуулийн үр дүн, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрэлдэн бий болсон хоёр шаттай, парламент бүхий төрийн байгууллагын тогтолцоог судлаачид шилжилтийн маягийн улс төрийн тогтолцоо хэмээн нэрлэдэг. Улс төрийн анхны энэ тогтолцоо нь Монгол Улс засаглалын хэлбэрийн хувьд шинэ сонголт хийж парламентын бүгд найрамдах улс болсны бодит илэрхийлэл байлаа. Анхны ардчилсан сонгуулийн үр дүн, түүнийг үндэслэн бүрдүүлсэн төрийн байгууллагын тогтолцоо нь бүрдэлтийн процессын хувьд нэлээд өвөрмөц онцлогтой байв. Энэхүү сонгууль нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхим бүхий Парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатуудыг нэг мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай Парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгөх буюу пропорциональ тогтолцоогоор, Парламентаа сонгохдоо хосолмол тогтолцоог анх удаа хэрэглэсэн байна.
Ийм нөхцөлд парламентад олонхийн суудал авсан МАХН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой байлаа. Гэтэл цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эвслийн Засгийн газрыг байгуулсан юм. Энэ бол онолын хувьд болон олон улсын жишиг талаасаа ч ихээхэн өвөрмөц үзэгдэл байсан гэж судлаачид үздэг.
Энэхүү чөлөөт сонгуулийн үр дүн болсон БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сарын 12-ноос хуралдаж түүгээр Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг баталж, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан байна.
Ийнхүү 1990 оны эрчимтэй өөрчлөлтийн оргил үед болсон анхны ардчилсан сонгуулийн үр дүнгээр Монгол оронд 70-аад жил ноёрхож ирсэн улс төрийн тоталитар дэглэм бүрэн нурж, ардчилсан шинэ зарчимд тайван замаар шилжих шилжилтийн үндсэн асуудал буюу төрийн байгууламжийн хэлбэр үндсэндээ шийдэгдсэн юм.
1990 оны сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурал 1992 оны нэгдүгээр сарын 1З-нд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар Монголд шинэ нийгмийн байгуулал төлөвшин тогтох хууль, эрх зүйн суурь баталгаа бүрдсэн байна. Улмаар шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хууль тус тусдаа төрөлжсөн байдлаар батлагдан гарсан байна.
Дүгнэж хэлбэл, 1990 оны сонгууль нь: нэгд, Монголын анхны ардчилсан чөлөөт сонгууль байснаараа, хоёрт, чөлөөт сонгууль, ардчилалд монголчуудыг сургах анхны том сургууль болсноороо, гуравт, нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн үйл явц дахь улс төр, ардчиллын чиг шугамыг тууштай хамгаалан хөгжүүлэх үндсэн арга байснаараа, дөрөвт, сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин улс төрийн тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснээрээ, тавд, Монгол Улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих бодит боломжийг олгосноороо, зургаад, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулж чадсанаараа, долоод, сонгуулийн хууль тогтоомжийг олон улсын нийтлэг жишгийн дагуу боловсруулах анхны эхлэл байснаараа, наймд, ардчилсан тогтолцооны үеийн сонгуулийн байгууллагууд хэрхэн ажиллах анхны туршлагыг хуримтлуулснаараа, есд, ардчилал жинхэнэ утгаараа нийгмийн амьдралд бодит зүйл болж, улсынхаа бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан зэрэг олон учир шалтгаанаар Монголын улс төр, ардчиллын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байсан юм.
Анхны ардчилсан сонгуулиас хойш бид сонгуулиас сонгуульд улам бүр туршлагаа арвижуулсаар байна. Монгол Улсад 2010 онд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх үйл ажиллагааг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад хуулиар шилжүүлсэн. Нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлснээр сонгогчдын нэрсийн жагсаалт бодитой гарч, түүнтэй холбоотой гардаг маргааныг эцэслэх боломжтой болгосон юм. Түүнчлэн санал тоолох, дүн гаргах ажиллагааны үеэр ил тод байдлыг хангах, санал тооллогын үеэр ажиглагчдад саналын хуудсан дахь тэмдэглэгээг тодорхой харуулах, ажиглуулах үүднээс Улаанбаатар хотын бүх хэсгийн хороод, аймгуудын төвийн сумын бүх хэсгийн хороод хяналтын дүрс бичлэгийн камер ашиглах болсон байна.
Сонгуулийн үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь хүний буруу үйлдлээс хамаарах сөрөг үр дагавруудыг арилгаж, сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус субъектив нөлөөг бүрэн зогсоож сонгуулийг шударга явуулах боломж бүрдүүлсэн.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 2011 онд батлагдаж, сонгуулийг зохион байгуулахад сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах үндэс суурь нь тавигдаж, амжилттай хэрэгжүүлснийг бусад олон орон сонирхон судалж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа 2012 оноос эхлэн гадаад оронд сурч, амьдарч байгаа монгол иргэдийнхээ санал өгөх эрхийг бодитой хэрэгжүүлж эхэлсэн билээ. Сонгуулийг мажоритар, пропорциональ системийг хослуулан явуулснаар гадаад улсад байгаа Монгол Улсынхаа иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломж бүрдсэн юм. Энэ талаар багагүй туршлага хуримтлууллаа. Бусдад үлгэр загвар болохуйц орчин үеийн дэвшилтэт техник, технологийг богино хугацаанд нэвтрүүллээ.
Хамгийн сүүлд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн байгууллагын болон бусад орны 400 гаруй гадаадын ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг ажиглаж сонгуулийн үйл явц, зохион байгуулалтад өндөр үнэлгээ өгсөн юм. Лондонд төвтэй Олон Улсын Парламентын судалгааны төвөөс жил бүр олгодог Олон улсын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” 2013 оны шагналыг манай улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүртээжээ. Энэхүү шагналыг Монгол Улс сонгуулийн үйл явцыг богино хугацаанд боловсронгуй болгож, сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлж олгосон юм.
Дөрөв. Монголын ардчиллын гол сургамж
Ардчилал бол улс орнуудын онцлог байдалтай уусан шингэлцэж, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тогтсон универсал жоргүй, бүрэн гүйцэд тодорхойлолтгүй, хөгжлийн амьд процесс билээ. Энэхүү үйл явцад саар илүүц зүйл нь гээгдэн хоцроход түүнийг нь баяжуулан нөхвөрлөх шинэ шинэ давуу талууд ч гарч ирсээр байдаг. Товчхондоо бол эрсдэл, боломжийг зэрэгцүүлэн олгодгоороо онцлог билээ. Их усан эргэн буцаж урсдаггүйн адилаар та бид энэ голдиролдоо бүрэн зохицож цааш замнах нь гарцаагүй үнэн болно.
Бид 25 жилийн хугацаанд Ардчилсан зургаан сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Хамгийн сонирхолтой нь Монголын ард түмэн Монголын нялх Ардчиллыг төрөл бүрээр туршсан үнэхээр өвөрмөц сонголтуудыг энэ богинохон хугацаанд хийсэн юм. Бид гурван ч удаа төрийн бүх эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд сонгуулийн үр дүнгээр, тайван замаар шилжихийг харсан, нэг улс төрийн хүчин 90 хувийн санал авч бараг сөрөг хүчингүй, нэг үгээр хяналтгүй байхын зовлонг амссан, олонхийг бүрдүүлсэн ч ирцийн бүрдэлд ганц суудал дутахын хясланг туулсан, аль ч нам сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадалгүй, Эвслийн засгийн газар байгуулахын хэцүүг мэдэрсэн, улс үндэстнийхээ төлөө хүндрэл бэрхшээлээс гарахын тулд парламент дахь бүх улс төрийн хүчин хамтран өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ Их эвсэл-Хамтарсан засгийг байгуулж ажиллахын ч гэрч бас болсон.
25-хан жилд Ардчилсан сонгуулийн байж болох бараг бүх хувилбарыг угсруулан үзнэ гэдэг ховорхон завшаан. Бас хэцүүхэн сорилт байсан. 25-хан жилд бусад улсуудын ардчиллын 200 илүү жилийн түүхийг туулна, бас товчилно гэдэг Холливудын кино найруулагчид ч атаархмаар монтаж байх биз ээ.
•Монгол Улс нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийг зарчмаа болгосон шинэ нийгмийг байгуулах 25 жилийн хугацаанд улс төрийн болон эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг явуулж үүгээрээ бүс нутгийнхаа болон бусад улс оронд үлгэр жишээ үзүүлж байна.
•Азийн ихэнх орон тухайн цаг үеийнхээ онцлог, түүх, уламжлалаасаа шалтгаалан эдийн засгаа либералчлахдаа улс төрийн хувьд нэлээд хатуу дэглэмээр удирдан явуулсан онцлогтой байдаг. Монголчууд бид хамгийн хүнд зам болох улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг хамт явуулах бартаат замыг сонгон авсан юм. Өнөөдөр хамгийн чухал шийдвэрүүд Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын ойлголцлоор, Парламентад суудалтай улс төрийн намуудын хоорондох зөвшилцөөнөөр гарч байна. Энэ нь шийдвэр гаргагчдын хувьд үзэн ядмаар хэцүү зовлонтой ажил, гэхдээ Монголын Ардчиллын хувьд амь тариа, агаар ус нь болж байна.
•Ардчиллын үнэт зүйлс, зарчим, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн нийгмийг бидний өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болгох, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчид тооцдог болох, иргэний нийгмийн институцууд бий болж нийгэмд өөрсдийн байр сууриа эзлэх процесс нь цаг хугацаа шаардсан удаан ажиллагаа юм. Энэ нь өөрөө Монголын ардчиллын 25 жилийн түүх билээ.
•Ардчилал амьд үйл явц болохынхоо хувьд тогтолцооны төлөвшил, үйлчлэл, механизмтай холбоо бүхий бэрхшээл, сорилтууд гарч тэр бүрийг цаг тухайд нь зөв оношлон шийдэх шаардлагатай бид тулгарч байв. Бидний өмнө тулгарч байсан бэрхшээл сорилтыг шийдвэрлэж ирсэн туршлагаас дараахь бодитой сургамж урган гарсан юм.
•Үндсэн хуулиас эхлээд зарим хууль тогтоомжид эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг бүрэн гүйцэд суулгах шаардлага оршсоор байна. Өнгөрсөн 25 жилд хуримтлуулсан туршлага, алдаа оноондоо тулгуурлан Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт хийх ажил цаг хугацааныхаа хувьд ч тэр, агуулга асуудлынхаа хувьд ч тэр нэгэнт хойшлуулшгүй болжээ. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллах болноо гэдгээ энэ дашрамд илэрхийлж байна.
•Хууль тогтоох эрх мэдлийн институцийн төлөвшлийг манайх шиг бага оврын парламентын онцлогт нийцүүлэх, улмаар хууль боловсруулах, батлах явцын төлөвлөлт хангалтгүй, хууль тогтоогчдод судалгааны мэдээлэл ашиглах, судалгаанд түшиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ төлөвшөөгүй, чадвар дадал эзэмшээгүй байдал нь хуулийн чанар, хэрэгжих боломжид сөргөөр нөлөөлдгийг бидний өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.
•Иргэд сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тогтолцоо, хуулийн хүчин зүйлсээс гадна улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой бэрхшээл, хүндрэлүүд сонгууль бүрийн үеэр гарч байлаа. Сонгогчдын бүртгэл, сонгуулийн үеийн сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой будлиан, саналын хуудасны зөрчил, санал давхардалт, популизм хийж бие биенээсээ давах уралдаан, биелэгдэж хэрэгжихгүй амлалт, сонгогчдын санал худалдаж авах оролдлого зэрэг нь сонгуулийн дүн бодитой гарахад сөргөөр нөлөөлж, сонгуулийн ардчилалд ноцтой бэрхшээл учруулдаг нь бидний туршлагаас харагдаж буй гол сургамжуудын нэг мөн.
•Олон намын тогтолцооны төлөвшил удааширч, ухралт гарсан гэхээр байдал бий боллоо. Намууд улс төрийн институцийн хувьд шинэчлэгдэн төлөвших үйл явц удааширч зогсонги байдалд орсноор, баруун зүүн төвийн сонгодог зарчим дээр суурилсан намуудын үзэл баримтлал үнэт зүйлс эцэслэн ялгарч бий болоогүй байгаа зэргээс шалтгаалан улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл сулардгийг манай ардчиллын 25 жилийн туршлага харуулж байна.
•Иргэдийн улс төрийн боловсрол, соёлын хэмжээ доогуур, ардчиллын үнэт зүйлс, идеал буюу чин эрмэлзэл нь хэт ерөнхий байгаа учраас ардчилсан институт, ардчиллын механизмууд амьд бүтээлчээр үйлчилж чадахгүй байна. Иргэдийн улс төрийн боловсрол, ардчиллын талаарх мэдлэгийг дээшлүүлэхгүйгээр ардчиллын хамгийн гол баталгаа болсон шударга ёс, хариуцлагын дархлаа олигтой бүрддэггүй гэдэг нь бидний туршлагаас тодорхой харагдлаа.
•Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх талаар тодорхой алхам хийж, төрийн албаны хуулийг дорвитой шинэчлэхгүй бол төрийн албаны чадавхи сул, үйл ажиллагаа нь олигтой зүгшрэхгүй байна. Төрийн мэргэшсэн чадварлаг, хараат бус албыг буй болгох нь ардчиллын чухал хүчин зүйл гэдгийг манай ардчиллын туршлага харуулж байна.
•Мэдээлэл олж авах иргэдийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл хүртэх эрхийн үзүүлэлтүүдээр иргэд, нийгмийн бүлгүүдийн хооронд харилцан адилгүй байдал байсаар байна. Орчин үеийн ардчилалд иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах эрх чөлөөний баталгаа нэн чухал гэдгийг бид туршлагаасаа олж мэдлээ.
•Шүүхийн шинэчлэлийн эрчийг удаашруулахгүй, шүүх эрх мэдлийн байгууллагуудын нэр хүндийг олон түмний дунд өндөр байлгах нь ардчиллын хамгийн чухал баталгаа гэдгийг бидний туршлага нотоллоо.
•Ардчилсан сонгуулийн үр дүнгээр үүсдэг төлөөллийн ардчиллын байгууллагууд нь шийдвэр гаргахдаа иргэний нийгмийн болон иргэдийнхээ санаа бодлыг хэрхэн сонсож, тусгаж байх, тэдний оролцоог журамласан эрх зүйн зохицуулалт нэн чухал гэдэг нь ардчиллын хөгжлийн өнөөгийн түвшнээс их тод харагдаж байна.
•Иргэний нийгмийн байгууллагууд ардчиллын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч иргэний нийгмийн уламжлал багатай улс оронд өрнөж буй эрчимтэй өөрчлөлтийн үед тэдгээр байгууллагын төлөвшил хөгжил өөрчлөлтийн хурдцаас хоцрох хандлагатай байдаг нь бидний туршлагаас бас харагдаж байна.
Ийнхүү Монголын ардчиллын туршлагаас төрсөн сургамжууд нь ардчиллын цаашдын хөгжилд алдаа эндэгдэл бага гарах, илүү үр нөлөөтэй байхын нэг үндэс болж, ардчиллын чанарыг сайжруулах чухал сурвалж болсоор байна. Монголын залуу ардчилалд алдаа гарахыг үгүйсгэх аргагүй ч гарсан алдаагаа хүлээн зөвшөөрөх, хурдан хугацаанд засч залруулах чадвартай байх зарчим хангагдсан байх ёстой. Учир нь Ардчилал бол үргэлжийн арчилгаа шаардсан өглөө бүр тордон усалж байдаг мод зүлэгтэй адил гэмтэж үрэгдэх эмзэг тогтолцоо гэдгийг бид мартах учиргүй.
Ардчилсан хувьсгалын Монгол загвар бүс нутгийн болон бусад улсуудад ч үлгэр жишээ болж байна. “Мориныхоо нуруунаас буулгүй дэлхийн талыг эзлэх амархаан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлнэ гэдэг амаргүй” хэмээсэн Их эзэн хааны хэлсэн үгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу. Үнэхээр гартаа мод чулуу, зэр зэвсэг бариад хувьсгал хийх харьцангуй амархан, харин гартаа хүрз зээтүү, багаж бариад шинэ амьдрал бүтээн бий болгоно гэдэг хамаагүй төвөгтэй.
Дэлхий ертөнц даяаршин хөгжиж буй шинэ нөхцөлд ардчиллын агуулга хэлбэр, механизмыг боловсронгуй болгож, түүнийг онол, үзэл баримтлал, арга зүйн хувьд хөгжүүлэх явдал чухал. Үндсэн хуулиа улс орныхоо хөгжлийн асуудалтай нийцүүлж шинэчлэн өөрчлөх, улс төрийн намуудыг 21-р зууны хөгжлийн шинэ шаардлагад нийцүүлэх, тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг зохистой шийдвэрлэх, орон нутагт жинхэнэ эрх мэдэл, эдийн засгийн бололцоог олгох бодит шаардлага бий болоод байна.
Эрхэм зочид оо,
Хатагтай ноёд оо,
•Хүний эрх, эрх чөлөөгөө тунхагласан, шинэ ардчилсан Үндсэн хуультай, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө эдэлсэн Монгол оронд Монгол хүн гэдгээрээ бид өнөөдөр нэгэнт бахархах болжээ. Өнгөрсөн 25 жил бид иргэний болон улс төрийн эрхээ бодитой хэрэгжүүлж чадсан гэдгээ дэлхий нийтэд нэгэнт харууллаа.
“Би Монголд төрсөн юм” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо, Бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг маань биднийг бас хүлээж байна. Ардчиллын дархлаа нь хүчирхэг эдийн засаг байдаг. Сул дорой эдийн засагтай оронд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй. 2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлооё. Энэхүү нийгмийг цогцлооход ажил хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юу юунаас чухал.Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 25 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж ухрах бус, туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна.
Монголын ардчилал 25 дөнгөж гарсан цэл залуугаараа байна. Монгол Улсын хөгжлийн хөтөч нь Ардчилал юм. Харин ардчиллын хөтөч нь та бид өөрсдөө билээ. Та бидний хичээл зүтгэлээс, хийхээр төлөвлөсөн хөгжлийн бодлогоос ардчилал эрийн цээнд хүрэх эсэх нь, Монгол Улс маань бүрэн ардчилсан улс болж бусдыг манлайлах эсэх нь шууд шалтгаална.
•Ардчилсан үйл явц үргэлжилсээр… Ардчилсан хувьсгалын түүхийг бид бүтээсээр байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.