Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюу толгой дээр Төрийн бодлого, алсын хараа үгүйлэгдэж байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай Оюу толгойг тойрсон асуудлаар ярилцлаа.


-Оюу толгойн шалгалтын эргэн тойрны асуудал нэлээдгүй газар авлаа. Эдийн засгийн байнгын хороон дээр ч энэ асуудал яригдаж шуугиан дэгдээсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн өмчийн оролцоотой стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд УИХ хяналт тавих эрх нь нээлттэй байх. Гэвч УИХ дээр нэгдсэн байр суурь байхгүй гэж харагдаж байгаа. Ажлын хэсэг дотроо үл ойлголцол байна гэж харсан. Ажлын хэсгийн ахлагч нь гишүүд ирэхгүй байна гэдэг. Гишүүд нь ажлын хэсгийн ахлагч хурлаа зарлахгүй байсаар, сүүлд нь бараг хүчээр гарын үсэг зуруулах гээд байна гэдэг. Эндээс төрийн түшээд аливаа асуудалд яаж хандаж байгаа нь харагдаж байна л даа. Ажлын хэсэгт орсон зарим гишүүний ярьж байгааг хараад харамсал төрсөн. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайд зурагдсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөг уншаагүй, ойлгоогүй юм байна гэж харагдсан.

Оюу толгой хот байгуулах, цахилгаан станц барих үүрэг хүлээсэн гэж байх юм. Гэрээгээ хараагүй л хүний үг. Процессын алдаа л гэж байна. Яг хаана ямар процесс нь алдагдчихсан юм. Энэ төслийг босгож ирэхэд маш их хувь нэмэр оруулсан хүмүүс эргээд төслөө хэт үгүйсгээд байгаа нь сонин.

Бизнесээс болон төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлж болохоор хөрөнгө чинээтэй, бэлтэй улстөрчид нэг зүйлийг ердөө ойлгохгүй байгаа харагдах юм. Энэ төслийг зогсоогоод, хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихвал ажилгүйдэл өснө. Дагаад банкны сектор савлана. Зөвхөн дунд давхарга ч биш, ер нь эдийн засаг хямарвал хор хохирол нь хамгийн түрүүнд эмзэг бүлэгт очно. Доллар ч хомсодно.

Хор хохирлыг үл хайхраад хувиа хичээн, зөвхөн сонгуульд зориулж, мэдлэг дутмаг, мэдээлэл муу жижиг тойргийн сонгогчид руу чиглэсэн популизм л улам газар авах нь. Үндсэн хуулийн дараа орох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд баримт бичиг бий. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг аль болохоор тэнцвэртэй байлгаж, нэг улсаас хараат байлгаж болохгүй гэж заасан байдаг. Гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалтаа ад үзээд байгааг нь ойлгохгүй байна.

-Оюу толгойг ингэж ухаж төнхөж шалгаж байгаа нь зөв үү?

-Шалгах эрх бүхий байгууллагууд олон бий. Гэтэл УИХ-ын гишүүд шалгаад байгаа нь ерөөсөө маш том асуултын тэмдэг.Зарим гишүүд ус хулгайлаад аваад явчихсан юм шиг ярьж байна. Монгол Улс маань өөрөө Усны тухай хуультай. Байгаль орчны яам болон орон нутаг ОТ-д хатуу хяналт тавьдаг. Усныхаа төлөвлөгөөг батлуулдаг, шалгуулдаг. Усны ай сав газрынхан буюу төрийн эрх бүхий байгууллагынхан нэхэмжлэхээ өгөөд тэр дагуу Оюу толгойн арван тэрбум төгрөг жил бүр төлөөд ирсэн байсан. Тэр бүхэн вэб хуудсан дээр нь байна. Энэ чинь уг нь олоход их хялбар, маш энгийн зүйл шүү дээ. “Эрдэнэс Оюу толгой” гээд Оюу толгойн 34 хувийг хариуцдаг компани байна, дээр нь толгой компани болох Эрдэнэс Монгол гээд байна. Эд нар хяналт тавих ёстой. Эд нарыгаа ажиллуул л даа. Манай татвар, гааль ч гэсэн бүгд л маш сайн хянаж байгаа. Татварын маргаан гарвал маргаан таслах зөвлөл гэж бий. Тэрэн дээр шийдвэр гарчихсан байна. Бас манай улсын шүүхээр эвлэрлийн гэрээ байгуулж байсан юм билээ. Эхэлж монголчуудаасаа, засгийн газрын харьяа байгууллагуудаас бодитой мэдээлэл зөв авчих л даа. Цаад хөрөнгө оруулагч нар нь аргаа бараад мэдэгдэл энэ тэр гаргаад байгаа шүү дээ. Жишээ нь, Техник эдийн засгийн үндэслэлээр үр өгөөжийг тооцдог. Тогтсон жишгээр таван жил тутам тодотгож байх ёстой. 2010 онд эхний ТЭЗҮ-г хүлээж авсан байдаг. 2015 онд тодотгол орсон. 2020 он гараад дараагийн тодотгол орох хуулийн хугацаа нь болчихож байгаа юм. Хөндлөнгийн шинжээчдийг томилоод нөгөө талынхныг суулгаад ТЭЗҮ санхүү эдийн засгийнхаа тооцоолол дээр хамт суу л даа. Бэлэн ашиглачих тогтолцоо, механизм нь байна. Өөрөөр хэлбэл чиглэл, чиглэлээр хяналт тавьдаг төрийн байгууллагууд хангалттай байна. Тэдэнтэйгээ л эхэлж уулз л даа. Дотроо нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Гэтэл гишүүд дотроо бие биеэ гаднын тагнуул, урвагчаар дуудаад байгаа нь илүү зүйл шүү дээ. Энэ жил долларын ханш яах нь мэдэгдэхгүй, олон улсын харилцаа хүндэрчихсэн, хятад америкийн худалдааны дайн гүнзгийрэх шинжтэй болчихсон, зэс нүүрсний үнэ унах төлөвтэй болчихсон ийм хүнд үед яагаад Оюу толгойгоор улс төр хийгээд байгааг ойлгохгүй байна. Хэвлэлээр дайн хийж байхаар Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монголын захирлуудаа дуудаж авчраад тэндээ хаалттай ярь л даа. Дубай дээр очоод таван тэрбумын өрөнд оруулчихлаа гэх юм. Үгүй шүү дээ. Харин ногдол ашиг хойшлох эрсдэл бий юу гэвэл бий. Учир нь 2010-2012 онд зардал хэтэрсэн. Тэр хэтрэлт мэдээж ногдол ашигт нөлөөлнө. Дээр нь 2014-2015 онуудад зэсийн үнэ огцом унаж байсан. Зэсийн түүхэн дундаж үнэ ер нь л их бага байж ирсэн шүү дээ. Тэгэхээр үнэ унасан үед мэдээж аль, аль талын ногдол ашиг хойшилж таарна. Далд уурхай хойшилбол мөн л ногдол ашиг хойшилно. Байдал маш хүнд байх үеийн төсөөлөл, таамаглалыг сонсчоод Дубайн төлөвлөгөөтэй наагаад байгаа нь хоосон улс төр. Хөрөнгө оруулалтыг гадны санхүүжилтээр хийдэг нь бизнест байдаг л жишиг. ЖДҮ-ийн сангаас зээл авсан сайд, гишүүд олон байгаа. Тэд нар татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн сангаас гурван хувийн хүүтэй зээл авсан. Оюу толгой ч тэр хөрөнгө оруулагчтайгаа нийлээд,хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан механизмын дагуу л бага хүүтэй зээл аваад ирж байгаа юм. Тэгэхээр гишүүд сайд нар ЖДҮС-гаас зээл авахаар зөв, тэр мөнгөөрөө ард түмэнд мундаг бүтээн байгуулалт хийж харуулж болдог. Харин гадаадын хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн оролцоотой монгол компани гаднаас санхүүжилт татаад хөрөнгө оруулалт хийхээр Монгол Улс өрөнд орлоо гэх юм. Нэг юмыг хоёр янзаар хэлээд байгаа байхгүй юу.

-Оюу толгойг ингэж шалгаж байгаа нь манайх руу орж ирэх хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад энэ байдлыг юу гэж харж байгаа бол?

-Манай аж ахуйн нэгжүүдийн зээлдэх зэрэглэл буураад эхэллээ. Гол шалтгаан нь улстөржилт буюу сонгууль угтсан популизм гэж харж байна. Манай эрх баригчид 2011 онд эдийн засгийн өсөлтийг 12 хувь болгосон гэдэг. Одоо ч тэр эдийн засгийг сэргээж байна л гээд байдаг. Энэ бүхний цаана Оюу толгой л байгаа. Оюу толгойд итгэж байгаа учраас гадныхан бидэнтэй харьцдаг. Оюу толгойн орлогод найдаж ОУВС хөтөлбөр орж ирсэн, бас бус бондуудыг шинээр босголоо. Оюу толгой жилд 1.0-1.4 тэрбум орчим долларын экспортын орлогыг Монгол Улсад оруулж ирж байгаа. Энэ орлого байхгүй болно гэдэг манай эдийн засагт маш том шок үүсгэнэ. Рио Тинто ойролцоогоор 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа байх. Үүнээс долоон тэрбум доллар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт шингэсэн гэж би хөндлөнгөөс харж байна. Ашиглалтад орсноор сүүлийн хэдхэн жилийн нийт борлуулалтын орлого зургаан тэрбум доллар байгаа байх. Өөрөөр хэлбэл 10-ыг зараад 6-г олжээ гэж болно. Хөрөнгө оруулалтаа нөхөх болоогүй байна. Монгол Улсын Засгийн газар гэтэл татвар, роялти гээд аль хэдийнэ 2.2 тэрбум доллар авчихсан. Баялгаа үнэгүй алдаж байна гэдэг дэгс үг. Гааль маш сайн хяналт тавьдаг. Лондонгийн бирж дээр байгаа жишиг үнээр тооцоод тэрүүгээрээ АМНАТ буюу роялтигаа авчихаж байгаа. Дээр нь манай төр Эрдэнэтийн 51 хувийг эзэмшдэг. Олон улсын гэрээ конвенц, худалдааны эрх зүйгээр бол аливаа нэг улсад байгаа экспортлогч нар үгсэн хуйвалдахыг зөвшөөрдөггүй. Энэ бол ерөнхийдөө дэлхийн худалдааны нэг зарчим. Эрдэнэт, Оюу толгой хоёулаа Монголын компани ч гэсэн үнэ дээрээ хуйвалдах замаар гадаадын зах зээлд нөлөө тогтоох боломжтой. Ийм учир худалдан авагч нар аль алинд нь нууцлалын хатуу нөхцөл тавьдаг. Эрдэнэт бол мэдээж дундын зуучлагчаар дамжуулж байгаа. Үнийг нь бид мэдэхгүй. Оюу толгойн хувьд эрх бүхий гаалийн байцаагч нар нь мэдэж байх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд мэдэх шаардлагагүй. Тэд нар чинь хууль тогтоогч нар, мөн танхимд хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээхгүй тул байгууллагын бизнес нууцыг задлахдаа сийхгүй шүү дээ. Гол нь манай улс роялтигаа Лондонгийн биржийн үнээр тооцож авдаг учир гэрээний үнэ ач холбогдол багатай.

-Нууцын зэрэглэлтэй мэдээлэл Рио Тинто-д оччихсон байна гээд байгаа. Нууцын зэрэглэлтэй гэхээр ямар материалыг хэлээд байна?

-Монгол Улсад Төрийн нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд аливаа зүйлийг хоорондоо нууцалж явуулж болдог. Тэр шаардлагыг хангасан байх. Нууц гэдэг нэрийн дор улс төрийн асуудал явж байдаг зүйл дэлхийн түүхэнд олон гарсанбайдаг. Оюу толгой дээр нууцын материал очсон үгүйг хэлж мэдэхгүй. Оюу толгойгоос гаргасан мэдэгдлийг харахад нууцын зэрэглэлтэй материалтай танилцаагүй гэсэн байсан. Эдийн засгийн Байнгын хороо өөрсдөө хүргүүлээд тайлбар авсан байна гэж ойлгосон.

-Оюу толгойг шалгачихаад яагаад өөрсдөд нь шалгалтын дүнг үзүүлэхгүй байгаа юм бэ. Ийм хууль зүйн акт байдаг юм уу?

-Байхгүй. Энэ зүйлд УИХ-ын гишүүд хариулт өгөх байх. УИХ мөрдөн байцаах эсвэл шүүх байгууллага биш. Байнгын хороо нь ОТ-д 47 хуудас материал өгсөн. Тайлбарыг нь авсан гэж харсан. Нууц гээд байгаа нь гишүүд улстөржүүлээд байна уу гэж харж байгаа. Гишүүд явуулсан бичиг, ирүүлсэн тайлбараа ч ил болгочих л доо. Нүүрсний үнэ өссөн, Олон улсын валютын сангаас таван тэрбум доллар зээлээд авчихсан. Эндээ хэт найдаад байх шиг байна. Үнэндээ тэр ОУВС-гийн таван тэрбум өрнөөс бодитой үлдэж байгаа зүйл байдаггүй. Ингэхээр гишүүд ирэх оны сонгуулийг бодоод нэг сэдэв барьж аваад л нүдэх чиглэлээр хоорондоо уралдаад байна. ОТ мэдээж хамгийн амттай, мөлжүүртэй сэдэв. Энэний үр дүнд ард түмэн, эдийн засаг хохирно. Оюу толгой өрөнд оруулаад байна л гэнэ. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэмшинэ гээд манайхан өөрсдөө л хуульдаа заасан. Анх 2009 онд манай улс 770 сая долларыг оруулах байсан. Даанч тэр үед мөнгөгүй байсан бололтой юм билээ. Уг нь лицензээ үнэлж болох байсан. Гэтэл 2002-2003 онд Их өрийг дарна гэдэг нэрийн дор ашиглалтын лицензүүдээ өгчихсөн гэж дуулдсан. Мордохын хазгай тэгэхэд л эхэлсэн гэмээр харагддаг. Их өр дарахыг улс төрийн шоу болгосон. Энэ шоугаа Оюу толгойд өгсөн лицензээрээ санхүүжүүлчихсэн. Ингээд л Оюу толгой анхнаасаа улстөржөөд явчхаж байгаа юм. Нэгэнт ашиглалтын лиценз авчихсан хүн 30 жилийн өмчийн баталгаатай болчихдог. Тэгээд 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед жишээ нь нэгдүгээр босоо ам бараг дуусаж байсан гэдэг л юм билээ. Жирийн иргэн хүн бол эхэлж ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэлээ хийнэ, дараа нь тэр санхүүгийн тооцоололдоо үндэслэн гэрээгээ хийж, эцэст нь лицензээ хөрөнгө оруулагчдаа шилжүүлэх байх. Гэтэл манай улстөрчид эхлээд лицензээ өгчихсөн. Дараа нь гэрээгээ хийгээд эцэст ньТЭЗҮ-гээ хүлээн авсан. Энэ буруу голдрил бол үе үеийн улстөрчдийн хийсэн алдаа. Ер нь 2002 оны Засгийн газар туршлагагүйтэж суурийг нь буруу тавьчихсан нь эцэс төгсгөлгүй маргааны эх болсон гэж хардаг.

-Оюу толгойн асуудал манайх руу гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхэд хүндрэл үүсгэх үү?

-Маш том хүндрэл үүсгэнэ. Гаднынхан хараад, ажиглаад, гайхаад сууж байгаа. Тэдний хувьд Энхбаярын ЗГ, Баярын ЗГ, Сайханбилэгийн ЗГ, Хүрэлсүхийн ЗГ гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар гэж л бий. Гэтэл тэр Засгийн газруудад сайд дарга, за тэгээд олон жил парламентад суусан улс төрчид нь яагаад ингээд байгааг ойлгохгүй байх. Эдийн засаг, уул уурхайн анхан шатны мэдлэггүй гэдгээ ааш аяг, асуултаараа харуулаад байгаа гишүүд яаж ийм том төслийг мэдээд шүүмжлээд шалгаад байдагт нь гайхах байх. Оюу толгой байж болох тайлбарыг өгөөд байгаа. Гадны хүний нүдээр харвал ОТ-н тайлбар, Риогийн учирласан, сүрдүүлсэн, аргадсан гэмээр мэдэгдэл илүү бодитой үндэслэлтэй харагдаж байна. Монголд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж байж ажлын байр бий болно. Ядуурлаас гарна. Манай төгрөгийн ханш тогтворжино. Бид импортоос асар их хараат болсон тул ханш унавал амьжиргаа хэцүүднэ. Монголын төр ийм харалган байж болохгүй. Өнөөдөр үнэхээр аливаа асуудалд цогцоор нь хандаж, углуургаар нь нягталж, бодож сэтгэж, улмаар зангаргатай үг хэлээд бусдыгаа дагуулаад явчих төрийн зүтгэлтэн дутаад байна даа.

-Манай эдийн засгийн байдал ямархуу түвшинд байна вэ?

-Эдийн засгийн байдал тоо, статистсик сайхан байгаа. Гэхдээ цалингийн өсөлт үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Энэ чинь л бүгдийг хэлчхэж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгоод эхэллээ. Албан ёсоор ажилгүйдэл буурсан гээд байгаа. Үнэндээ далд ажилгүйдэл, дээр нь ядуурал ихсэхээр иргэд бухимдана.Энэ бухимдал дээр нь оноо авахын тулд нөгөө социализмын үед гаргаж ирдэг байсан хий үзэгдэл, хий дайсан гаргаж ирж байгаа юм. Уг нь Рио Тинто зүгээр л,байдаг л нэг хувьцаат компани шүү дээ. Хувьцааг нь хэн ч авч болно. Тэтгэврийн хөгшид, мөнгөтэй оюутнууд. Хөрөнгө босгоод тэрүүгээрээ төсөл санхүүжүүлээд явж байгаа улс. Гэтэл өнөө гадны хөрөнгөтнүүд Монголыг маань сорон мөлжих гээд байгаа мэт. Эсвэл Оюу толгойгоос Рио Тинтог хөөж гаргаад буцаад социализмруугаа орох хэрэгтэй. Рио Тинто санхүүжилтээ татвал Оюу толгойд оронд нь Хятадын төрийн өмчит компаниуд л орно. Хятад эрэлт,нийлүүлэлт дээрээ монополь үүсгэнэ. Хүссэн үедээ тоглолт хийнэ. Бид яаж ч чадахгүй. Ер нь Эрдэнэт Оюу толгойн татварын ачаалал 30 хувь байгаа. Дэлхий дээр дундаж нь 10 хувь байдаг. Маш өндөр татвар төлж байгаа. Гэтэл асар их улстөржиж байна. Монголыг тэжээж байгаа хоёр үйлдвэр маань үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Дээр нь хувиа хичээсэн улстөрчид наалдчихаж байгаа юм. Эдийн засгийн тусгаар тогтнолоо аварч үлдье гэж байгаа бол улстөрчид маань холын бодол, алсын хараатай баймаар байна.

Олон улсын биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн веб дээр байршсан мэдээнээс харвал 2025 оноос эхлээд Оюу толгойн мөнгөн урсгал эрс сайжрах юм билээ. Тэгэхээр өнөө “өр” гээд байгаа хойшлуулсан хөрөнгө оруулалтаа хэдхэн жилийн дотор дарах боломж харагдсан шүү. Одоо Эрдэнэс-Оюу толгой, Эрдэнэс-Монгол компаниуд ажлаа хиймээр байна. Тэд зардлаа хянаад ажиллах хэрэгтэй. Бас тэр ногдол ашгийн хуваарилалтад 34 хувийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа амлалтаа тодорхой үе шаттайгаар суутгуулаад явбал үнэхээр бодитой алхам болно. Энэ мэт ногдол ашгийг авах хугацааг наашлуулах бодит ажлын оронд хий хоосон улстөржүүлснээр бид бүр том алдагдалд хүрэх вий гэж болгоомжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *