Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэх дундаж өртөг 2,500 ам.доллар байхад манайд 4,500 байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Олон улсын математикчдын хурлын үеэр тавьсан илтгэлийн чинь сэдэв сонирхолтой санагдсан. Яагаад зэсийн экспортыг онцолсон бэ?

-МУИС ба Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хамтран “Олтимзаци, симуляци, контрол – 2019“ гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж дэлхийн олон орноос судлаачид ирж онолын болон практик асуудлуудаар оролцлоо.

Тэнд би “Монгол улсын зэсийн экспортыг загварчлах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Монголчууд бид дэлхийн эдийн засаг руу зэсээр дамжиж интеграцид орж байна гэж хэлж болно.

Эрдэнэт биднийг социалист ертөнцтэй холбож байсан бол одоо Оюу толгойгоор дамжиж бид капитализмтай танилцаж байна гэхэд хилсдэхгүй.

Зэсийн салбар маань яалт ч үгүй манай эдийн засгийн суурь салбар болж байна. Гэтэл зэсийн салбарыг эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс судалсан бүтээл их ховор санагдсан.

-Гэхдээ сая болж өнгөрдөг хурал чинь математикчдынх. Эдийн засгийн асуудал гэхээр…?

-Миний хувьд математикийн онол яриагүй. Математик аргачлалыг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаас нь ярьсан л даа. Орчин үед эдийн засгийн судалгааг математик загваргүйгээр хийх аргагүй болоод байна л даа.

-Эконометрикс гэдэг билүү?

-Тийм гэхдээ бас биш. Эконометрикс нь статистик дата ашиглаж эдийн засгийн үзэгдлийг онолд суурилан тайлбарладаг шинжлэх ухаан. Гэтэл зарим үед дата олдоггүй, эсвэл тоо олдсон ч нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байх нь бий. Ийм үед математик загварчлалын аргаар тооцоолол хийж болдог. Бас зарим нэг эдийн засгийн биш үзэгдлүүдийн нөлөөг загвар дээр туршиж үзэх боломжтой.

-Манай зэсийн салбар түүний экспорт гэхээр мэдээж Эрдэнэт, Оюу толгой хоёр байгаа байх. Энэ хоёр үйлдвэрийн экспортыг загварчилсан гэж ойлгож болох уу?

-Болно. Манай хоёр үйлдвэр дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөнийг хэрхэн загварчлах вэ гэсэн оролдлого төдий юм. Эдийн засгийн онолын хувьд суурь болгоод ашиглах боломжтой олон онол, урсгал, загвар аргачлал бий. Би хувьдаа тоглоомын онолыг сонгож авсан.

-Жаахан дэлгэрүүлээч, манай уншигчдад сонин байна байх. Олон улсын зах зээл дээр экспорт судалж байж тоглоомын онол гэхээр гайхаад байна л даа?

-Тоглоомын онолын суурийг анх Францын эрдэмтэн Курно тавьсан гэж үздэг. Тэрбээр 1838 онд “Баялгийн онолын математик зарчмыг шинжлэх нь” хэмээх бүтээлдээ цэвэр усны зах зээлд өрсөлдөж буй хоёр олигополь (дуополь) тоглогчийн хооронд үүсэж байсан өрсөлдөөнийг загварчилсан.

Хоёр өрсөлдөгч нэгэн зэрэг шийдвэр гаргах замаар тоо хэмжээгээр хоорондоо өрсөлддөг гэж үзсэн. Дараа нь Германы математикч Фон Нойманн 1928 онд “Нийгмийн тоглоомын онол” хэмээх бүтээлээ нийтлүүлсэн.

Түүнийхээр бол олон тоглогч оролцсон өрсөлдөөн зах зээлд өрнөдөг бөгөөд оролцогч тус бүр хөзөр, шатар гэх мэт тоглоомын адилаар хожлын төлөө “нүүдэг” гэж үзсэн. Мөн нацист Германы үед тэдний эдийн засагч Фон Стакелберг 1934 онд “Зах зээлийн хэлбэр ба тэнцвэр” хэмээх бүтээлээ нийтлүүлсэн байдаг.

Тоглогч бүр өөрсдийн ашгаа хамгийн их байхуйцаар тоо хэмжээгээ сонгоно. Лидер эхэлж “нүүх” бөгөөд дагагч нь тус шийдлийг харгалзан үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ сонгоно гэж үзсэн.

-Тэгвэл манай хоёр үйлдвэр зэсийн зах зээл дээр хожлын төлөө нүүж байх нь. Тоглоом л хойно нэг нь алдаж, нөгөө нь хожиж байдаг байх даа?

-Яах вэ шууд тэгж хэлэхэд хэцүү л дээ. Тоглоомын онол анхандаа хоёрхон тоглогчдын дунд явагддаг битүү загвар дээр суурилсан байсан. Ялсан нь бүгдийг авна. Ялагдсан нь бүхнээ алдана. Гэвч бодит амьдрал дээр тийм биш. Зах зээл дээр олон тоглогч нүүж байдаг.

Тэдний дунд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэмээр цэг тогтож байдаг гэж үздэг. Энэ цэгийг Нэш тэнцвэр гэдэг л дээ. Энгийнээр хялбарчилж хэлэхэд. Нэш гэхээр манай уншигчид санаж байж магадгүй. Нобелийн шагналт энэ математикчийн тухай “Beautiful mind” гээд кино хүртэл байдаг даа.

Адам Смитийн “амиа хичээх” үзлийг няцаасан загвар гаргаж, улмаар Нобелийн шагнал авсан хүн л дээ. Нэшийнхээр бол тоглогч бүрт сонголт хийх боломжууд бий.Тэгээд нөгөө талын хамгийн оптимал шийдлийг харгалзан үзсэн стратегийг сонгодог. Бусад оролцогчид ч мөн өөрсдөдөө хамгийн ашигтай стратегийг сонгодог.

-Манай үйлдвэрүүдийн стратеги тэгээд ямар байна?

-Шууд хэлэхэд төвөгтэй л дээ. Эрдэнэт, Оюутолгой хоёр маань хоорондоо их өөр үйлдвэрүүд. Түүх нь ч өөр.

Эрдэнэт бол мэдээж социализмын үед баригдсан үйлдвэр. Монгол маань Зөвлөлтийн түүхий эдийн колони байлаа шүү дээ. Яах вэ наанаа бол “коммунизмд хүргэх социалист материал техникийн бааз” ч билүү гоё нэртэй. Тэгээд ч эдийн засгийн амьтан биш. Яагаад гэвэл ашгийн төлөө явдаг эдийн засгийн агентууд бол үнэ буурахаар үйлдвэрлэлээ бууруулдаг эсвэл зогсоодог. Үүнийг эдийн засагчид нийлүүлэлтийн муруй гэдэг л дээ.

Гэтэл Эрдэнэтийн хувьд үнэ буурсан ч тэр өссөн ч тэр хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нийлүүлэлтийн онол л лав үйлчилдэггүй байсан юм билээ.

Оюу толгойн хувьд хэтэрхий залуу байна. Мөн бүтээн байгуулалт нь дуусаагүй тул тоон өгөгдөл нь ч хангалтгүй байна л даа.

-Таны загвар тэгвэл яг юуг хэлээд байна вэ?

-Сүүлийн жилүүдийг тасалж аваад, тэр хугацаанд болсон экспортын хэмжээг илэрхийлэх боломжтой хийсвэр загвар гаргаж авахыг оролдсон.

Ингэхдээ зарим хүчин зүйлийг загвартаа гаднаас шок хэлбэрээр өгнө гэсэн үг. Үйлдвэрлэгч бүрт бодит өгөгдөл бий.

Үүнд суурилагдсан хүчин чадал ба нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг ба зардал. Мөн тоглогч бүрийн өмнө нэг зах зээл бас нэг үнэ байна гэж үзсэн. Ингээд тоглогч бүр ашгаа хамгийн ахиуц байлгах сонголтыг хийнэ гэсэн нөхцөл тавина.

Ингээд тоглогч бүр нэгэн зэрэг сонголт хийх буюу максимумчлах цэгийг эрэлхийлнэ гэсэн үг. Ямартаа ч энэ загвар маань ажилласан.

-Манай үйлдвэрүүдийн давуу ба сул тал юу байв?

-Энэ асуултад хариулахын тулд нэг практик асуудлыг тайлбарлах хэрэгтэй болно. Өнөөдөр дэлхий дээр 350 орчим зэсийн уурхай болон баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаар нь ангилбал манай Оюутолгой эхний 20 орчимд, харин Эрдэнэт 30 орчимд жагсаж байна.

Дэлхийн нийт зэсийн уурхайнуудыг нэг зах зээл гэж үзвэл “төгс өрсөлдөөнт” гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Хэн нь ч үнэд нөлөөлж чадахгүй, бүгд үнэ хүлээн авагч гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл хэнд нь ч зах зээлд нөлөөлөх аливаа монополь юм уу, олигополь хүч байхгүй гэсэн үг. Гэтэл манай экспортын гол зах зээл Хятадыг аваад үзэхээр шал өөр орчин үүсэж байгаа юм.

Хятад бол зах зээл доторх зах юм. Хятадын импортын зах зээл бол олигополь маягийн хэв шинжид хамаарна. Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд төрийн оролцоо их. Тэгэхээр нэг худалдан авагч гэж үзэж болно.

Мөн Хятадын импортын үнэмлэхүй хувийг маш цөөхөн орны уурхайнууд эзэлдэг. Үүнд, Чили, Перу, Монгол, Австрали, Индонези гэж улсууд орно. Би загвартаа голлох 12 уурхайг сонгож авсан. Эдгээр 12 уурхайн дунд Хятадын төвлөрсөн зах зээлд олигополь маягийн өрсөлдөөн явагдаж байна гэдгийг харуулсан.

Эдгээр өрсөлдөгч компаниудтай харьцуулахад манай үйлдвэрүүдийн зардал хэт өндөр байна. Бас үнийн мэдрэмж их муу байна. Хэрэвзээ Хятад ямар нэг шалтгаанаар импортоо эрс хумилаа гэхэд манай өрсөлдөх чадвар хамгийн муу байгаа нь загварын үр дүнгээс харагдаж байна билээ.

-Их сонирхолтой юм. Нууц биш бол зарим тоо хэлж болох уу?

-Дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэх дундаж өртөг 2,500 орчим америк доллар байхад манайд 4,500 америк доллар байна. Манай өрсөлдөгч Перу, Чилид тэгвэл бүр 1,000-1,500 доллар байх жишээтэй.

Манайд татварын ачаалал харьцангуй өндөр байна. Тээвэр, цахилгаан, бензин, дизель гээд бүх зардал дээр улаан гэрэл асчихсан байна даа. Оюу толгойн хувьд мэдээж бүтээн байгуулалт гээд зардал өндөр байгаа байх. Эрдэнэтийн хувьд оптимизаци хийх орон зай их байна даа.

-Манай зарим улс төрчид Оюу толгой чинь Эрдэнэтээс дөрөв дахин том байж гурав дахин бага роялти төлдөг гээд байдаг ямар учиртай юм бэ?

-Нөөцөөр нь тэгж андуураад байдаг байх. Тэрнээс биш суурилагдсан хүчин чадал ба экспорт ойролцоо шүү дээ.

Цэвэр зэс рүү шилжүүлэх юм бол нэг нь 120 мянга орчим тн, нөгөө нь 140 мянга орчим тн зэс экспортолж байгаа.

Оюу толгойн хувьд роялти 5 хувь. Эрдэнэтийн хувьд ч мөн роялти таван хувь боловч зэсийн үнэ 6,000 гараад явахаар 11 пункт юм уу түүнээс дээш хувиар нэмэгддэг эд л дээ. Өөрөөр хэлбэл үнэ бага байхад Эрдэнэт, Оюу толгой хоёр адилхан хувь хэмжээгээр роялти төлнө.

Үнэ өсөхөөр нь Эрдэнэт гурав дахин их хувь хэмжээгээр төлөөд байгаа. Энэ нь Эрдэнэтэд их хортой нөлөө үзүүлдэг. Уг нь манайхан оросуудыг шахаж байгаад зэс хайлуулах үйлдвэр бариулах гэж өсөн нэмэгдэх роялтиг хэт өндөр тавьсан байх гэж харддаг.

Гэвч одоо нөхцөл байдал эрс өөрчлөгдөөд байхад нөгөө гэнэтийн мэхээ мартаад дасал болчихсон гэсэн үг.

-Тэгэхээр таныхаар өсөн нэмэгдэх роялтиг бууруулах ёстой гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Эрдэнэтийн бүтээмж буурч байна. Шаардлагагүй олон мянган хүн ажиллуулж байна. Нийгмийн талаасаа буруутгах аргагүй. Гэтэл олон улсын чөлөөт зах зээл бол хатуу ширүүн эд.

Эрдэнэтийн агуулга буурч байгаа, уул техникийн нөхцөл нь хүндэрч байгаа, нөөц нь рекламдаад байгаа шиг их биш шүү дээ. Одоо зөөлөн газардуулахад бэлдэх ёстой. Хүн нэмж ажилд авах хэрэггүй.

Техник, технологийн шинэчлэл хийх замаар зардлын оптимизаци хийх хэрэгтэй байна. Мөн ашигт малтмалын хуульд байгаа өсөн нэмэгдэх балай шатлалыг өөрчлөх хэрэгтэй. Эрдэнэтийг хангалттай л мөлжлөө. Одоо хаалтад нь зориулж жаахан орлого үлдээх хэрэгтэй.

-Та ярианы эхэнд Эрдэнэт бол социализмын үйлдвэр, Оюутолгой бол капиталист цаг үеийнх гэж хэлсэн. Жаахан тодруулаач?

-1960-аад онд Чехийн геологичид Эрдэнэтийн ордыг олж илрүүлсэн байдаг. Тухайн үед дэлхийн зэсийн зах зээлд АНУ, Замби ба Чили улсууд тэргүүлж байв.1960-1970 онд ЗХУ шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж эхэлсэн.

Мөн түүнчлэн дэлхийг капиталист ба социалист гэх хоёр ертөнцөд хуваасан “хүйтэн дайн” үргэлжилж байсан. 1970 онд Чилийн Марксист Алленде Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, АНУ-ын компаниудын мэдэлд байсан Чилийн томоохон зэсийн уурхайнуудыг нийгэмчлэх, төрийн мэдэлд авах ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тэгээд АНУ Чилийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

1972 онд инфляц 140 хувьд хүрч, эдийн засгийн гэнэтийн уналт гүнзгийрсэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан төдийгүй, гадагшилж эхэлсэн, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон. Иргэд банканд байсан хадгаламжаа татаж хатуу валют руу хөрвүүлэх замаар гадагшаа байршуулж эхэлсэн гэх зэрэг шалтгаантай.

Үр дүнд нь үйлдвэрүүд олноор дампуурч, ажилгүйдэл эрс өссөн. Засгийн газар инфляцтай тэмцэх зорилгоор будаа, гурил гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг хатуу тогтоож эхэлснээр сая онцолсон бараануудын хомсдол үүсэж, улмаар хар зах дээр дээрх бараануудын үнэ эрс өссөн.

1973 оны эхэн үед Чилийн инфляц 800 хувьд хүрч байсан тул сонгогчид, ард иргэд нь Аллендегийн засаг захиргаанд дургүйцлээ илэрхийлж ажил хаялт, жагсаал цуглааныг олноор нь зохион байгуулах болсон юм.

Эдийн засгийн тогтворгүй байдал нь улс төр, нийгмийн тогтворгүй байдал болон өргөжсөн тул Чилийн арми 1973 оны есдүгээр сард төрийн эргэлт хийснээр Пиночет хэмээх дарангуйлагчийн эрин үе эхэлсэн гэж түүхчид үздэг.

Ингэж зэсийн нийлүүлэлтэд ихээхэн чухал нөлөөтэй Чили улсад “капиталистуудыг дэмжигч” төрийн эрх барих болсон учир ЗХУ болон социалист нөхөрлөлийн орнуудад зэсийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох шаардлага тулгарч, Эрдэнэтэд хөрөнгө оруулах шийдвэр гарахад нөлөөлсөн байдаг юм.

Хоёрдугаарт Зөвлөлт, Хятадын хилийн мөргөлдөөн болж таарсан. За тэгээд Вьетнам-Хятадын тулаан байна.

Чехэд гарсан Прагын хавар хувьсгалыг нухчин дарахын тулд Оросууд танкаа оруулсан зэргээр Брежневийн номлол оргил үедээ хүрсэн үед Монголыг зөвхөн түүхий эдийн колони биш, мөн буффер бүс биш харин социалист амжилтын жишээ болгож дэлхийд харуулах гэсэн хэрэгцээ улам үнэд орсон байдаг. Оюутолгойн хувьд бүгд мэдэж байгаа. Дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулагч татаж хамтарсан үйлдвэр байгуулаад капитализмын зах зухтай танилцаад явж байна.

-Зэсийн зах зээлд ирээдүйд манай өрсөлдөгч хэн бэ?

-Перу улс. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт их татаж 28.3 тэрбум ам.доллар цуглуулсан тул хүчин чадал нь эрс өснө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *