Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.
-Энэ зун танай яам нэлээд завгүй ажиллаж байгаа харагдлаа. Хэдхэн хоногийн өмнө “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа. Том зургаараа уг арга хэмжээ манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улсын оюун санааны дархлаа, тусгаар тогтнолыг батжуулж байгаа зүйл бол соёлын биет бус өв. Энэ бол бидний бусдаас ялгарч байгаа өнгө. Үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд “Нүүдэлчин” дэлхийн фестиваль онцгой үүрэгтэй. Соёлын өвийн тухай хуульд энэхүү наадмыг гурван жилд нэг удаа хийх заалттай байдаг юм. Хүй долоон худагт анх 2018 онд зохион байгуулж байсан. Тиймээс энэ удаагийн фестивалийг цоо шинэ арга хэмжээ гэж ойлгож болохгүй. Бүр өмнө Бүх ард түмний урлагийн их наадам, Ардын урлагийн их наадам зэрэг нэрээр зохион байгуулагдаж байсан. Иймд бид наадмыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын агуулга, үзэл санаанд нийцүүлэн “Нүүдэлчин” сэдвийн хүрээнд цар хүрээг нь өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм. Фестивалийг зөвхөн соёлын биет бус өвийг тээгчдийн дунд зохион байгуулахаас илүүтэйгээр иргэдийн оролцоотой байлгая гэж зорьсон. Цаашлаад энэ нь Монгол Улсыг дэлхийд сурталчилсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох учиртай. Тэр утгаараа өнөө жил Соёлын яамнаас энэхүү наадмынхаа цар хүрээг өргөсгөөд “Нүүдэлчин” дэлхийн соёлын өвийн фестиваль болгож өөрчлөн зохион байгууллаа. Дэлхий дахинд 80 гаруй нүүдлийн соёл иргэншилтэй улс байдаг. Үүнийгээ нэгтгэсэн фестивалиудыг Унгар, Кыргыз зэрэг таван улс зохион байгуулдаг. Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв цэг болсон монголчууд маань соёлын өвөө сурталчлан таниулсан олон улсын фестивалийг эх орондоо яагаад хийж болохгүй юм гэсэн амбиц бидэнд байх ёстой.
Салбарын яам төлөвлөгөө гаргаад, 2030 он гэхэд нүүдлийн соёл иргэншлийн улбаатай улс орнуудыг Монголд төвлөрүүлж, дэлхийн хэмжээний фестиваль хийнэ гэсэн том зорилготойгоор энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалиа хийсэн.
-Та энэ наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэлээ. Гадны жуулчид нэлээд харагдсан. Саяын фестиваль манай эдийн засагт хэдий хэмжээний орлого оруулав?
-Фестивалийг зорьж ирсэн гадаадын жуулчид цөөнгүй байсан. Жишээлбэл, АНУ, Солонгос зэрэг улсаас ганцаараа болон группээрээ жуулчид ихээр ирсэн байв. Ер нь манай аялал жуулчлалын салбар сэргэж байна гэж харагдлаа. Жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр тэр орчмын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон дэлгүүр, кемпүүдийн орлого нэмэгдэнэ. “Нүүдэлчин” фестивальд 20 мянга гаруй хөдөлгөөн үүссэн гэсэн тоо миний өмнө байна. Мөн 13 мянган машин Тэрэлж рүү зорчжээ. Сошиал сувгийн үзэгчдийн тоо давтагдсан тоогоор олон зуун мянган хүнд хүрсэн байна. Фестивальд оролцсон 21 аймгийн иргэд маань өөрийн онцлог бүтээгдэхүүн, идээ ундаагаа дэлгэн танилцуулсан. Нэг талд нь жижиг, дунд үйлдвэрлэгчид маань өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг борлуулсан. Тэд орлого сайтай байлаа гээд тун их сэтгэл өндөр байсан. Тэр орчимд 230 гаруй жуулчны бааз байдаг юм билээ. Фестиваль болсон гурван өдөр тэдгээр кемпүүд бүгд үйлчлүүлэгчдээр дүүрсэн. Энэ утгаараа “Нүүдэлчин” наадам маань эдийн засагт хувь нэмрээ оруулсан болов уу.
-Салбарын сайдын хувьд өнөө жилийн “Нүүдэлчин” наадмын онцлогийг та юу гэж дүгнэх вэ?
-Монгол Улсад бүртгэлтэй 11 мянган өвлөн уламжлагч байдаг. Тэдний 102 нь үндэсний жагсаалтад бий. Нэг ёсондоо энэ хүмүүсийг төр хамгаалах үүрэгтэй. Зарим улсад төрийн бодлогоор хамгаалдаг л даа. Харин манайд хамгаална гэхээр жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх жишээний. Саяны наадамд аймаг болгоноос 2-94 насны 61 өвлөн уламжлагч ирсэн. Энэ хүмүүс бол мэргэжлийнх биш. Бүгд ээж, аав, эмээ өвөөгөөсөө биет бус өвийг уламжлан авсан байдаг. Фестивальд оролцогчид болон хүрэлцэн ирсэн иргэд маань тэр олон аймгийн өв соёлуудтай танилцаад явж байхдаа “Бид өв соёлоо мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй зүйл их байна” гэж байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл өв соёл маань өдөр өдрөөр гээгдсээр аюулын хэнгэрэг дэлдээд байгаа юм байна гэдэг мэдрэмж авахаар байгаа юм. Тэгэхээр фестивалиар дамжуулж, монгол соёл, монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг бий болгох том зорилготой. Үнэхээр тэнд очсон хүүхдүүдэд ийм бахархал асч байсан. Нөгөөтэйгүүр орчин цагт хот, хөдөөгийн соёлын зааг үүсээд байгааг арилгах давуу талтай. Үүгээр дамжуулж Монгол бахархал, Үндэсний нэгдмэл үнэт зүйл бий болгох нь Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн есөн тулгуурт бодлогын хамгийн нэгдүгээрт байдаг юм. Тодруулбал, уг зорилтод бид нүүдлийн соёл иргэншлийн төв улс болно гээд заачихсан байгаа. Тэр утгаараа Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож болно.
-Цаашид соёлын биет бус өвийг дэлгэрүүлэх тал дээр салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Долоон ай савын хүрээнд 362 соёлын биет бус өв байдаг. Энэ өв болгоноо “Нүүдэлчин” фестивалиар нийтэд таницуулах гэж хичээлээ. Нийслэлчүүд маань үр хүүхэд, ээж аав, эмээ, өвөөтэйгөө бүгдээрээ ирээд 21 аймгийнхаа онцлог, өв соёлыг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн. Дээрээс нь ирсэн хүн бүрийн оролцоог хангахаар зохион байгуулсан. Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүртэл урьж авчран наадмын уур амьсгал, өв соёлоо таниулж мэдрүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн ирээдүй хойч болсон хүүхдүүд маань ноос савж, унага тамгалахад оролцож байх жишээтэй. Энэ мэтчилэн аймаг болгоноос ирсэн соёлын өв тээгчидтэй цагийг хөгжилдөн өнгөрүүлж, шагай тоглох, алаг мэлхий өрөх гээд өв соёлын онцлог болгоныг танин мэдэж авсан. Ер нь нүүдэлчдийн соёлын өвийг сурталчилж, цааш уламжлуулах ач холбогдолтой уг наадмыг жил бүр хийх шаардлагатай. Хэдийгээр хуульд гурван жил тутамд нэг удаа гэж заасан ч наадмыг тогтмол хийж хэвшвэл монголчууд маань өв соёлоо мэдээд зогсохгүй, биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлахад өндөр ач холбогдолтой л доо. Нөгөөтэйгүүр жуулчдын Монгол руу ирэх урсгалыг нэмсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадна. Цаашлаад бид тэмээний баяр, айрагны баяр, мөсний баяр зэргээ олон улсын стандарттай болгож, календарьчлаад тухайн аймаг болгонд зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна.
-“Нүүдэлчин” олон улсын фестивалийг яагаад Горхи Тэрэлжийн цогцолбор газарт зохион байгуулахаар болсон юм бэ?
-Соёлын биет бус өвийг нийслэлчүүдэд ойрхон, дэд бүтэцтэй газраас үзүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд манайхаас ажлын хэсэг гарсан. Олон газраар явж судалсны эцэст агуулга, бэлгэдлийн хувьд тэр газрыг сонгосон. Сайхны саравч, Чингис уулын бэлд, Туул голынхоо эхээр байгалийн үзэсгэлэн цогцолсон хамгийн тохиромжтой газар гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Фестивальд аймаг, аймгийн хүмүүс маань мал хунартайгаа зорьж ирэн оролцох зэргийг нь давхар бодолцсон. Хамгийн гол нь байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газарт Монголын соёлын өвийг дэлхийд таниулснаар жуулчдыг татах маркетинг болно.
-Танай салбарын бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн явагдаж байна вэ. Чингис хааны музей хэзээ олон нийтэд хаалгаа нээх бол?
-Графикийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа ч зарим хүндрэлтэй асуудал тулгарч байсан. Ковидын нөхцөл байдлаас болж зарим ажил хойшилсон тал бий. Дээрээс нь хил гаалийн асуудлаас улбаалж барилгын бараа материалын үнэ өсөлттэй байна. Бид Чингис хааны музейгээ есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Дэглэлт 8З орчим хувьтай явж байна. Энэ бол олон улсын стандартад нийцсэн том бүтээн байгуулалт. Хүннү гүрнээс эхлээд Богд хааныг хүртэл Монголын түүхэнд байсан бүх хаад язгууртнуудын үеийг таниулсан музей юм. Үүнээс гадна өнөө жил Өмнөговь аймагт хоёр бүтээн байгуулалт, Архангайд мэдээллийн төв ашиглалтад орууллаа. Энэ онд бүтээн байгуулалтуудаа эрчимжүүлэхээр ажиллаж байна. Шинэ бүтээн байгуулалт гэхээс илүү аль хэдийнэ ажил нь эхлээд талдаа орсон барилгууддаа түлхүү анхаарч байгаа.
-Түүхэн дурсгалт барилгуудаа авч үлдэх тал дээр ямар ажил өрнүүлж байна вэ?
-Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилгуудынхаа хүчитгэлийн зургуудыг авах хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан байгаа. Эрдэмтэн судлаачдынхаа хийсэн дүгнэлтийн хүрээнд аль барилгаас нь эхэлж засах талаар листтэй болохоор манай яам ажиллаж байна. Эхний ээлжинд Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Занабазарын музей, Төв номын сан, Чойжин ламын музей гэсэн барилгууддаа өнгөн засвар хийнэ. Үргэлжлүүлээд сэргээн засвар хийх зэргээр үе шаттай ажлуудыг төлөвлөөд явж байна. Одоогийн байдлаар Богдын музейн засвар хийгдэж байна. Чойжин ламын музейн зураг хийгдэж байгаа. Эдгээр ажлуудыг олон улсын зөвлөх багуудтай хамтарч гүйцэтгэж байна.
-Соёлын яамтай болсноор кино урлагийн салбар өөрийн гэсэн хуультай болсон. Хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сонирхмоор байна…
-Монгол Улсад кино урлагийн тухай хууль батлагдсан нь энэ салбарт бодлогын том дэмжлэг болж чадсан. Хуулийн гол агуулга нь монгол киноны уран бүтээлчдээ дэмжих, олон улсаас манайд кино уран бүтээл хийх сэдлийг дэмжихэд чиглэсэн. Гадаадын киночид Монголд ирснээр валютын урсгал нэмэгдэнэ. Мөн олон улсын томоохон продакшн, найруулагч, жүжигчдээс манайхан суралцах боломжтой тэр хөрс нь бүрдэж байгаа юм. Хамгий чухал нь кино үйлдвэрлэх олон улсын стандартыг нутагшуулна. Киноны хууль маань батлагдсанаар манайд Холливууд ирж байна. Ирэх есдүгээр сарын 15-наас зургаан том продюсер Монголд ирэх гэж байна. Энэ сарын 21-нд Солонгосын хамгийн том к-поп компанийн үүсгэн байгуулагч, найруулагч нь ирнэ. Энэ мэтчилэн Монголыг зорих гадаадын киночдын урсгал нэмэгдэж байна.
-С.Чулуун нарын хүмүүсийг соёлын өв дурсгалыг завшсан байж болзошгүй асуудал шүүх, цагдаагийн газар үүссэн шүү дээ. Тэгэхээр соёлын биет өвийг хамгаалах тал дээр сайдын хувьд ямар бодлого баримталж байна вэ?
-Аливаа нэг зүйлийг баримт нотолгоогүй хэлэхийг үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар нотлогдож, батлагдсан зүйл алга.