Цагаан сарын утга учир, мөн чанар болон хэрхэн ширээ засах, ууц тавих ёсны тухай ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн судлаач Ч.Мөнхтөртэй ярилцлаа
-Цагаан сарыг монголчууд хэзээнээс тэмдэглэх болсон бэ?
-Цагаан сар бол төрт ёсны уламжлалт баяр ёслол юм. Өнөө үед иргэд зөвхөн ахмадуудад зориулагдсан баяр гэх буруу ташаа ойлголттой байх боллоо. Хүннүчүүдийн үеэс тэмдэглэж ирсэн баяр. “Хүннүгийн шастир” хэмээх түүхэн тэмдэглэлээс уншвал Шаньюйгийн үеэс Цагаан сар тэмдэглэдэг байсан. Их Монгол Улсын үед мөн тэмдэглэдэг байсан юм. Тухайлбал Хубилай хааны ордонд Цагаан сарын ёслолыг маш өргөн хүрээнд хийдэг байжээ. Ёслолыг хамгийн ахмад настай хүн удирддаг байлаа. Тухайн цаг үедээ засаглалаа бэхжүүлж байгаа хэлбэр юм.
-Цагаан сарыг яагаад заавал тэмдэглэх ёстой вэ?
-Цагаан сарын өргөн тэмдэглэхийг зогсоох оролдлого Социализмын үед гарсан. ЗХУ-ын зүгээс хэрэгжүүлж байсан зүйл юм. 1940 оны сүүлчээс 1950 оны эхэн хүртэл эрчимтэй оролдлогууд хийдэг байсан. Тухайлбал Маршал Чойбалсангийн шарилыг нь яг Цагаан сарын шинийн нэгний өдөр авч ирсэн байдаг. Тиймээс Монгол Улс даяараа Цагаан сар тэмдэглээгүй юм. Цагаан сарын үнэ цэнийг бууруулах энэ мэт оролдлогууд байсан. Тиймээс тусгаар улс гэдэг нэгэн илэрхийлэл нь өөрөө үндэсний хэмжээний энэхүү баяр юм.
-Цагаан сарын утга учир, үнэт зүйл нь юу вэ?
-Цагаан сар бол бид тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийн илэрхийлэл. Бид өөрсдийн гэсэн соёл, уламжлалтай гэдгийг сэргээж, идэвхжүүлж өгч байдаг юм. Энэхүү баяр бүх зүйлийн шинэ эхлэл. Цагаан сар зөвхөн хүн баярладаг баяр биш. Таван хошуу мал, нохой, уулс ус, хангай дэлхийгээ хүртэл монголчууд баярлуулж байгаа юм. Тухайлбал битүүнд нохойны идүүр буюу хишгийн хүрээг дүүрэн байлгаж баярлуулж байна. Зарим монголчууд гэртээ ууган хургаа оруулж ирээд ууган хурганы дөрвөн туурай, магнайг сүүгээр, шар тосоор мялаадаг. Говь нутгийнхан шинийн нэгний өглөө буураа мялаадаг. Буурныхаа горьхноос улаан цацаг уядаг жишээтэй. Тэр орчинд байгаа бүх зүйлс баярлаж байгаа юм. Зарим аймагт шинийн хоёронд айл хэсдэггүй.
-Монголчууд баярын ширээгээ яаж засах нь зөв зохистой вэ?
-Монголчууд энэ тухай сүүлийн үед их талцах болсон. Үндэс, угсааны ялгаа үүн дээр харагдаж байгаа юм. Түүхэндээ Цагаан сараар айл өрх бүр том ууц, өвчүүгээр ширээгээ чимэглэдэг байгаагүй. Мэдээж зарим өрх айлууд ууцаар ширээ чимдэг байсан. Гэхдээ өнгөрсөн зун бид Завхан аймгийн Яруу суманд хээрийн судалгаа хийлээ. 7093 насны ахмадууд хэлэхдээ “Бидний бага насанд Цагаан сараар ууц, өвчүү ширээндээ тавьдаг байгаагүй. Гэхдээ Бурханы өмнө хонины толгой, хонгодой, шаант зэргээр идээ засдаг байсан” гэсэн юм. Өмнөговьд хийсэн судалгаанд эсрэгээрээ бүгд ууцаар ширээгээ засдаг байх жишээтэй. Юу байна, түүгээрээ л дайлдаг байсан юм. Америкийн талархлын баярын ширээний онцлог нь цацагт хяруул байдаг шиг. Бидний баярын ширээний гол онцлогийг тодотгох зүйл яах аргагүй ууц, өвчүү мөн юм.
-Цагаан сараар бэлэн мөнгө өгдөг, авдаг соёл хэзээ дэлгэрсэн бэ?
-Монголчуудад эртнээс зочин хүний гарыг дээш нь харуулах, гар цайлгах гэдэг уламжлал байсан. Гэхдээ зуун жилийн өмнө учиргүй бэлэн мөнгө өгдөг байгаагүй. Монголчууд Цагаан сарын бэлгэнд дугуй боов, ёотон өгдөг байсан. Бэлэг гэдэг бол хүний сэтгэлийн зүйл байдаг. Татвар шиг тоо хэмжээ заадаггүй. Түүхэндээ монголчууд Цагаан сараар бэлэг өгдөг байсан, өгөх ёсгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй.
-Монголчуудын буруу хийх болсон ёс байдаг уу?
-Хэвийн боов хаях ёс зүйгүй үйлдэл байна. Зарим иргэд хог дээр хаядаг зүйлд мөнгө зарах шаардлагагүй гэх мэт бүдүүлэг хандлагатай. Цагаан сарын идээг ахмад настай хүмүүс үр хүүхэд, ахан дүүстээ хувь болгож тараадаг уламжлал байдаг. Тэр уламжлал мартагдах хандлагатай байгаа нь харамсалтай.
-Зарим иргэд Цагаан сар санхүүгийн дарамт үүсгэдэг тул тэмдэглэхгүй гэдэг. Энэ талаарх таны бодол?
-Цагаан сар тийм ч их өртөгтэй баяр биш. Хүн нэг дээлээ хоёр жил өмсөх нь нүгэл биш. “Хурын хувцас олддоггүй, хуримын хувцас олддог” гэдэг ардын үг байдаг. Монголчууд нэгэн бодлын нэрэлхүү ард түмэн. “Та өнгөрсөн жил өмссөн дээлээ энэ жил ахиад өмсчихжээ” гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Өөрсдөө тэгж ургуулж бодоод байдаг. Зээлээр баяр тэмдэглэх шаардлагагүй. Хэн ч дүн тавихгүй. Гэр бүлтэйгээ, төрөл садантайгаа цагийг хамтдаа өнгөрөөх нь хамгийн чухал юм.