Categories
мэдээ цаг-үе

Ч.Гантулга: Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг өнгөрсөн хоёр жил удирдаж чадаагүй

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Орон нутгийн сонгууль сар гаруйн дараа болох гэж байна. Нийслэлийн МАН нэр дэвшигчдэдээ тодрууллаа. Нэр дэвшигчдэдээ хэрхэн сонгосон бэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-2020 оны сонгуулийн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд намууд есдүгээр сарын 6-нд нэрээ дэвшүүллээ. Үүнтэй зэрэгцээд МАН өөрсдийн гишүүдийг нийслэлийн намын хорооны хурлаар батлуулаад 2020 оны сонгуульд өрсөлдөх нэрийг дэвшүүлсэн. Тухайн нэр дэвшүүлж байгаа нам нийгэм болоод нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлуудаа сайн мэддэг, түүнийг шийдвэрлэж чадах мөн иргэдийн төлөөлөл болж чадах хүнээ дэвшүүлэх нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа МАН намын дэргэдэх ТББ-ууд, залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас төлөөллүүдийг намын залгамж халаа боловсон хүчнийг бэлдэх байдлаар хүмүүсээ оруулсан байгаа. Аливаа сонгуульд нам бэлдэж ороход судалгааг үндэслэж байж нэр дэвшигчдээ сонгох ёстой. Судалгаа маш чухал. Тухайн дүүрэг, хороонд ямар асуудал байна, хэрхэн яаж шийдвэрлэх, хэн яаж ажилласан, хэн хэрхэн ажиллах боломжтой зэргийг судалж байж тодорхой хэмжээнд иргэдийн санал бодлыг тусгаж байж дэвшилтийг оруулах зарчимтай. Энэ бол нэр дэвшилтийн гол зарчим. Энэ зарчим манай намд сая алдагдчихлаа. Яагаад алдагдаж байна гэхээр 45 хүний нэрийг зарлахгүй, хайрцаглаж далд байлгаж байгаад есдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн намын хорооны хурал дээр нийслэлийн намын хорооны дарга гарч ирээд шууд уншаад танилцуулчихаж байгаа юм. Хаалттай зарчимаар явчихсан. Ямар нэгэн судалгаа үндэслэлгүйгээр тойрог дээр ганц, хоёр хүний үзэмжээр нэр дэвшигчдийг оруулж байна гэсэн үг. Энд хариуцлагын асуудал гарч ирж байна. Маш том хариуцлага яригдах ёстой. Судалгаа хийгээгүйгээс болж автоматаар 10 гаруй суудал алдах нөхцөлийг бүрдүүлчихлээ. Магадгүй НИТХ-д МАН-аас баталгаатай байсан суудлуудаа бүгдийг нь алдах эрсдэлд оруулчихаж байгаа юм. Намын дээд түвшинд удирдлагууд хэлэлцэж хариуцлагын асуудал яригдах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн нээлттэй зарчмаа барьж чадсангүй. Нийслэлийн намын хорооны дарга манлайлж сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчидтэйгөө уулзсангүй. Хоёр талын харилцааг үүсгэж, гарах шийдвэрт үндэслэл болох зүйлсийг ч авч үзсэнгүй. Ерөөсөө нэг, хоёр хүний үзэмжээр эрх мэдлийн хүрээнд нэр дэвшилт явагдаад нийслэлийн намын хорооны хурлаар орж батлагдсан л зүйл боллоо.

-Та нэр дэвшихээ илэрхийлсэн юм уу?

-Би дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороо НИТХ-ын МАН-ын бүлгийн даргад орон нутгийн сонгуульд дэвших хүсэлт, өргөдлөө хугацаанд нь өгсөн. Дөрвөн жил хийсэн ажлынхаа тайланг ч бэлдээд хамт өгсөн. Ажлын тайланг хараагүй байх. Өргөдлийг маань ч уншаагүй байх. Ийм байдлаар нам удирдахгүй, ялангуяа нийслэлд. Өнөөдөр шийдэх ёстой олон ажил байна, цааш нь хөдөлгөх ёстой төсөл хөтөлбөрүүд ч байна. Нийслэл хотод хүн ам ихээр суурьшиж байна. Машин тээврийн хэрэгсэл нийслэлдээ багтахаа больж байна шүү дээ. Хөрөнгө оруулалтуудыг нэмж, гадна дотны хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Энэ эгзэгтэй үед хэт нэг талыг барьж шийдвэр гаргана гэдэг ямар ч улстөрч хүний хувьд маш том алдаа. Нийслэлийн олон асуудлыг олон талын, олон салбарын, олон ургальч үзлээр шийднэ. Мэдээж хамгийн чухал нь туршлага. Угтаа өнгөрсөн жилүүдийн ажилласан байдлыг үндэслэж байж зөв шийдвэр хамтын шийдвэрүүд гаргах ёстой. Энэ боломжийг бүрдүүлж чадсангүй. Дараа дараагийн олон сонгууль болно, олон ч нам оролцоно. Бид шударга бус зарчимгүй байдлыг гаргах ёсгүй гэдэг дохио мессэжийг л хүргээд байгаа юм.

-Ямар ч судалгаа тооцоололгүй МАН нэр дэвшигчдээ тодруулж гэж ойлголоо?

-Миний ярьж байгаа зүйл бол хувийн л үзэл бодол. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьд, МАН-ын 2008 оны гишүүний хувьд, нийслэлийн уугуул иргэн гэдэг байдлаар шударга бус зарчимгүй байдлыг яриад байгаа юм. Цаашид шударга бус байдал намд байх ёсгүй. Судалгаа үндэслэлгүй зүйлсийг манай дарга нар зөвхөн өөрсдийн бүлэглэл фракцыг бий болгох замаар өөрсдийн эрх мэдлийг авч үлдэх гэсэн явуургүй үйлдлийнх нь эсрэг яриад байгаа юм. Намын дээд удирдлагууд ч энэ асуудлыг хэлэлцэх, тодорхой хэмжээний хариуцлага ярих цаг нь болсон. Олон жил ингэж явж ирлээ. Тэрнээс Гантулга нэр дэвшсэн, дэвшээгүй огт хамаагүй. Цаашдын манай намд явж байгаа залуучуудын шатлан дэвших буюу меррит зарчим, нээлттэй байх зарчим, хууль шударга ёсыг тогтоох зарчим, намын бодлого шийдвэр бус нийслэлийн иргэдийн эрх ашгийг нэг номерт тавьдаг байх тийм л зарчмуудын төлөө яриад байгаа юм.

ТББ-ууд, нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны олон жил намд зүтгэсэн, учраа мэддэг, ажил хэрэгч залуучууд нэр дэвшиж байгаа. Гэхдээ баланс байх ёстой. Өнөөдөр энэ баланс алдагдчихлаа. Яагаад өнөөдөр 10 гаруй суудлаа алдах эрсдэлд намын удирдлагууд өөрсдөө оруулчихлаа гэж хэлж байна гэхээр өнгөрсөн дөрвөн жил тойрог дээрээ хангалттай их ажил хийчихсэн төлөөлөгчид бий. Иргэд нь төлөөлөгчидтэйгөө бүх зүйлээ ярьдаг, ойлголцдог. НИТХ болсноор олон зүйлийг хийж болдог юм байна. Иргэдийнхээ төлөө дуугарч эрх ашгийг нь хамгаалж болдог юм байна. Тухайн хороо тойрогт хөрөнгө оруулалт дэд бүтцийн ажлуудыг хийж болдог юм байна.

Иргэд нь эргээд төлөөлөгчөө ирвэл дэмжинэ гээд сууж байхад хаа хамаагүй хүмүүс оруулаад ирж байгаа юм. Магадгүй нийслэлийн намын хорооны удирдлагууд нийслэлийг албаар алдчихъя гэсэн бодол байгаа юм биш гэсэн хардалт байна. Цаанаа ямар улс төр байгааг нь мэдэхгүй. Дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Би улс төр судлаач хүн. Аливаа зүйлийг тал талаас нь л тооцоолно. Ийм сохор нэр дэвшилтийг хийнэ гэдэг маш болчимгүй, тооцоололгүй гэнэн үйл явдал.

-Таны тойрог дээр ямар хүмүүс нэр дэвшиж байгаа юм бэ?

-Манай тойрогт ажиллаж байгаагүй дүүргийн хоёр төлөөлөгч залуу очиж байгаа. Есдүгээр сарын 6-ны орой хурал дээрээс л мэдсэн. Ийм гэнэтийн сюрприз барьж байгаа юм.

-Та Д.Сумъяабазар даргатай ямар харилцаатай юм?

-Хувь хүнийг нь сайн мэдэхгүй. Би орчны бохирдол бууруулах үндэсний хороонд хоёр жил ажилласан. Засгийн газраас гарсан бодлого шийдвэрүүд нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажил байсан. Хувь хүний өөрийн нэр хүнд болон хариуцлагын хүрээнд энэ ажлын ард ямар нэг байдлаар гарах ёстой гээд ханцуй шамлан орсон. Үр дүн ч гарсан. Засгийн газар хөрөнгө мөнгөө ч гаргасан. Хэрэгжүүлэх гүйцэтгэх шатанд нь бид хоёргүй сэтгэлээр ажиллаж үүний ард гарсан. Зохион байгуулалттай, нээлттэй, төсвийн хяналттай хариуцлагын тогтолцоотой, ёс зүйтэй байвал 20 жил хийж чадаагүй ажлыг хоёр жилийн дотор хийж болдгийг харуулсан. Миний хувьд нэр төрийн л хэрэг. Энэ ажлаар Д.Сумъяабазар даргатай ганц хоёр удаа уулзаж байсан. Тэгэхээр бид хоёрын хувьд зөрчилдөх янз бүрийн асуудал байгаагүй. Үзэмжээрээ дэвшилтээ шийдсэн.

-Өөртөө хамааралтай хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм уу?

-Үгэнд ордог хүмүүсээ л дэвшүүлсэн. Би иргэдийг төлөөлж дуугардаг хүн болохоос даргын үгэнд ордог хүн биш. Иргэд юу ярьж байгааг бид уламжлах ёстой. Өнгөрсөн дөрвөн жил би ингэж л ажилласан. Манай дөрвөн хорооны иргэд уг нь намайг хүлээж байсан. Над руу утсаар ярьж, мессэж бичиж байна. Би улайрсандаа бус шударга бус зүйл болж байгааг л хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Үүнтэй ч тэмцэнэ. Иргэдийг төлөөлж байгаа хүмүүс иргэдийн төлөөлөл байх ёстой болохоос аль нэг даргын хүслийг гүйцэлдүүлдэг байж таарахгүй.

-МАН-ыг дотроо хэд хэдэн бүлэг, фракцтай гэж ярьдаг. Таныг НИТХ-д нэр дэвшээгүйг хараад нийслэлийн намын даргын фракцын хүн биш юм уу л гэж бодлоо?

-Нэр дэвшилтээс тэгж харагдаж байгаа байх. Нам бол нийгмийн хүсэл эрмэлзэл чин зоригоор нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байх ёстой. Тухайн цаг үеэс шалтгаалж дотроо бүлэг фракцад хуваагддаг. МАН бол зүүн чигийн баримжаатай. Нэг л зарчимтай нам. Миний хувьд бүлэг, фракцад аль нэгэнд нь ордоггүй. Өнөөдөр зөв зүйл ярьж, ярьсан зүйлийнхээ араас тэмцэж хийж чаддаг дарга нарыг дэмждэг. Хэн нэгний бүлэглэлд орж бүлгийн толгойлогчийг дэмжих гэж би улс төрд ороогүй. Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалах л гэж орсон. Мэдээж намын бодлого шийдвэрүүд орж ирнэ. Үүнийг хүндэтгэнэ. Зөв бодлого шийдвэр хэрэгжүүлбэл дэмжиж ажиллан ард нь гарна. Буруу зүйлийг дэмжиж чадахгүй.

-Орон нутгийн сонгуулийг та хэрхэн харж байна?

-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь гурван нам эвсэж оролцохоор боллоо. Тэгэхээр энэ гурван нам бие биенээсээ санал чангаахгүй гэсэн үг. Арай өөр дүн гарч болох юм. Бидний томоохон дэд бүтцийн ажлууд, төслүүд цаашаа үргэлжлээсэй гэж бодож байна. Нийслэлд МАН гараад ирвэл өнгөрсөн дөрвөн жил зөв явж ирсэн бодлого шийдвэрүүдээ цааш нь үргэлжлүүлээд өшөө илүү эрчимжүүлээд ажиллаасай л гэж бодож байна даа.

Түүнчлэн нэр дэвшилтээс эхлээд өнөөдрийн намын удирдлага автоматаар нэлээд хэдэн суудал алдах эрсдэлд энэ намыг оруулчихлаа. Хоёрдугаарт, нийслэлийн намын хорооны гуравдугаар хурал дээр тэргүүлэгчдийг сольсон асуудал процессийн хувьд алдаатай байсан. Тухайн үед хоёр асуудал хэлэлцэх байсан ч гурав дахь асуудлаар нь тэргүүлэгчдийг солих асуудал оруулж ирээд нийслэлийн намын хорооны 10 тэргүүлэгчийг сольсон. Солих үндэслэл нь тэгүүлэгчид ёс зүйгүй, хариуцлагагүй байсан гэдэг шалтгаантай. Энэ бол ноцтой асуудал. Тухайн нийслэлийн намыг тэргүүлж байгаа хүн хуралдуулж цуглуулж эвлэлдэн нэгдүүлж бодлого шийдвэрээ энэ хүмүүсээр дамжуулж нийслэлийн дүүргүүд дээр хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн намыг тэгж л барих ёстой. Харамсалтай нь Д.Сумъяабазар дарга өөрөө нийслэлийн МАН дээрээ ажиллаагүй байж тэргүүлэгчид буруугаа өгсөн. Энэ бол маш том алдаа. Үүн дээр нийслэлийн МАН-ын хорооны гишүүд зэвүүцсэн. Хэн нь ч дуугараагүй. Өөрөө ажиллаагүй байж хүнд буруу өгч байна гэсэн үг. Д.Сумъяабазар дарга “Засгийн газарт 90 хувиа зарцуулсан. 10 хувийг нь намдаа зарцуулсан” гэж хэлсэн. Энэ хүн нийслэлийн МАН-д 10 хувийн л ажил хийсэн байна. Угтаа энэ хүн нийслэлийн МАН-ыг өнгөрсөн хоёр жил удирдаж чадаагүй. Удирдаж чадаагүй байж гэнэт асуудлыг базаж орж ирнэ гэдэг ёс зүйн хувьд хүлээн зөвшөөоөх боломжгүй асуудал. Ийм алдаа дутагдал гарчихаад байхад дуугай суувал иргэний үүрэг, нийслэлийн МАН-ын гишүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. Одоо л хэлэх ёстой. Одоо л дуугарах ёстой. Намайг ийм зүйл ярьж байгаад хариуцлага тооцож болно. Гэхдээ нийслэлийн нам биш, намын удирдлагын хэмжээнд. Би хариуцлага хүлээж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *