“Ханбогд кашмер” компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.
– Татварын байцаагч нар шүүхээс илүү эрх мэдэлтэй болж, өмч хөрөнгийг шууд хураадаг болсон –
-Манай улс үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьдаг ч бодит амьдрал дээрээ ажил хийж байгаа хүмүүс, үйлдвэрүүддээ хамгийн ээлгүй гэдэг шүүмжлэл ихээр өрнөж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Төрөөс гарч байгаа бодлого бол баялаг бүтээгчдээ, үндэсний үйлдвэрүүдээ, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжинэ л гэдэг. Яг л таны хэлдгээр амьдрал дээрээ олон төрлийн татвар, хүү, торгууль, алдангиар дарамталдаг нь нууц биш. Нэг ёсондоо Монголын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрүүд маш олон дарамт дунд үйл ажиллагаагаа явуулж байна.
Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, инноваци нэвтрүүлэхэд ямар ч дэмжлэг байхгүй байна шүү дээ. Нөгөө л татвар хураамж л хамгийн түрүүнд угтаж авдаг. Дээр нь сүүлийн үед Зөрчлийн хуулиар торгуулах явдал ч зах замбараагаа алдаж байна.
Уг нь бол баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчид олон болж байж улсад валют орж ирдэг. Тэд дотооддоо ажлын байрыг олноор бий болгодог, нийгмийн хамгийн өгөөжтэй үйлдвэр болсноор улс орны эдийн засаг цэцэглэдэг.
-Төр засгийн дэмжих бодлого бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Нэг жишээ дурдъя л даа. Герман улс жижиг дунд үйлдвэрлэлээ тултал нь дэмждэг орон. Тийм ч учраас энэ улсын эдийн засгийн 85 хувийг жижиг дунд үйлдвэрлэгчид нуруун дээрээ үүрч явдаг.
Гэтэл манайд бол дэмжинэ гэж дээрээ ярьдаг. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж оруулж ирэхэд болон татварын хөнгөлөлт гэж байдаггүй. Жижиг татвар төлөгчөөс том татвар төлөгч болох нь бүр ч дарамттай. Улс орны төсөв тасарлаа гээд Татварын ерөнхий газраас өндөр торгууль, хүү, алданги тооцож эхэлдэг болсон шүү дээ. Манайх өнгөрсөн жил гэхэд татварын хүү, торгууль, алдангид хэдэн зуун сая төгрөг тавьсан байх жишээтэй.
-Бараг үйлдвэрлэл эрхэлснээс эрхлээгүй нь дээр болтол нь хямраадаг гэсэн үг үү?
-Яг л тийм. Баялаг бүтээдэг хэсэг рүүгээ төр засаг, хууль шүүх, цагдаа, татвар гээд бүгд нийлээд дайрдаг болж. Үүнээс болж бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь байнгын ялтай юм шиг, стресс бухимдал дунд л амьдралаа өнгөрөөж байна. Магадгүй үүнээс болж Монголд бизнес эрхлэгчид эрүүл байж, урт наслах асуудал тулгамдаж байна гэж би ойлгож байгаа. Сүүлд гэхэд л Монголын томоохон хоёр бизнес эрхлэгч эмэгтэй хорвоог орхилоо. Маш харамсалтай. Их л хэл ам, дайралт дунд явсан хүмүүс шүү дээ. 50-хан сая төгрөгийн өртэй хүнийг хилээр гаргахгүй гадаадаас эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүргэж байна шүү дээ.
Нэг ёсондоо ажил хийж байгаа, бизнес эрхэлж байгаа хэсэгтээ төр хамгийн хатуу ханддаг гэж харж болохоор байгаа юм. Тийм болохоор л манай эдийн засаг хөгжихгүй, тэлэхгүй байна. Бизнес хийхгүй байх нь зөв юм гэсэн халамжийн бодлого хэрэгжиж байна.
-Үйлдвэр аж ахуйн нэгжийг хааж биш, ажиллуулж байж ашиг олно биз дээ?
-Саалийн ганц үнээгээ нэг удаа муулаад идчих нь ашигтай юу, 10 жил сүүг нь саах нь ашигтай
юу. Үүнийг л бодох хэрэгтэй.
-Татварын дарамт их байна гэлээ. Сүүлийн үед хууль шүүхээр далайлган, бизнес эрхлэгчдийн өмч хөрөнгийг хураахаас эхлээд дарамт улам л хүндэрсээр байгаа бололтой?
-Татварын байцаагч нар Шүүхээсээ илүү эрх мэдэлтэй болчихоод байгаа шүү. Татвараа төлөөгүй аж ахуйн нэгжийн захирлын унаж яваа машин бол шууд л Татварын ерөнхий газрын эзэмшилд шилждэг хууль хэрэгжиж эхэлсэн. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр татварын байцаагч шууд хураах эрхтэй болсон нь маш харамсалтай.
Ийм эрх мэдэлтэй болсон татварын байцаагч нар татвараар маш их айлгана. Дээр нь цагдаа, шүүх нь Зөрчлийн хуулиар далайлгана. Ийм нөхцөлд хэн баялаг бүтээж, улсад татвараа төлөх вэ дээ.
-Баялаг бүтээгчид дарамтгүй орчинд ажиллахыг хүсч байгаа юм байна гэж ойлголоо?
-Захын үйлдвэрээс дамжина
энэ тухай асуугаарай. Сүүлдээ бүр төр засгийн зүгээс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг хувьдаа л ашиг олж байгаа. Улс оронд ямар ч үр нөлөөгүй. Унасан машин, өмссөн хувцсаар нь ялгаварлаж, бүдүүлэг мэдэгдэл хийж эхэлж байна шүү дээ.
-Хөгжлийн банкны удирдлагуудын хэлсэн мэдэгдэл баялаг бүтээгчдийг ихээр цочирдуулжээ?
-Мэдээж шүү дээ. Ийм бүдүүлэг байж болохгүй шүү дээ. Манайх Хөгжлийн банкнаас зээл аваагүй л дээ. Зээл авсан компаниуд хуулиараа төлж л таарна. Төлөөгүй байна гээд тэр компани, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн нэр хүндэд бүдүүлгээр халдах эрх төр засагт байхгүй. Жаахан залуу гарч ирээд л ийм бүдүүлэг мэдэгдэл хийхээр энэ улс оронд хэн баялаг бүтээж, бизнес эрхэлж, ажлын байрыг бий болгох юм бэ.
Төрийн албан хаагч хуулиас давсан мэдэгдэл хийж, шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдаж байна. Ерөөсөө л манай төр засгийн өнөөдрийн дүр төрх энэ залуу шүү дээ.
-Ноолуур бол Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүний нэг. Хөдөө аж ахуйн экспортын гол бүтээгдэхүүн. Энэ салбарын хөгжил ямар байна. Үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байна?
-Ноолуурын тухай их л сүртэй ярьдаг. Гэтэл төрөөс яг ингэж хөгжүүлнэ гэсэн нэгдмэл бодлого өнөөдөр хүртэл алга. Ноос, ноолуурын салбарынханд гурван хувийн хүүтэй зээл олгох асуудал яригдаж байгаа. Мэдээж энэ бол манай салбарынханд том дэмжлэг. Гэвч нэг жилийн хугацаатай, зургаан сараас эхлээд эргэн төлөлт хийнэ гэсэн хатуу заалттай. Энэ нь үйлдвэрүүдэд том дараа болж байна. Ядаж 1-1.5 жилийн дараа эргэн төлөлтийг хийж эхэлдэг бол бодитой дэмжлэг болж чадна.
Ноолууран түүхий эдийн 85 хувь нь дөнгөж угаагаад экспортлогддог. Ноолуурын салбарыг хөгжүүлье, эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээж үр ашигтай хөгжүүлье гэвэл угаасан ноолуурыг экспортлохыг хориглох ёстой. Тэгсэн тохиолдолд дотоодын үйлдвэрүүд бэхжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил эхэлж, тогтвортой үйлдвэрлэл бий болно гэж үзэж байгаа.