Categories
мэдээ цаг-үе

Ч.Эрдэнэдалай: Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм.

-Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар ч шаардлагагүй. Татвар, рояалтигаа л авах хэрэгтэй. Мэдээж татварын орчин нь урт хугацаанд тогтвортой байвал зүгээр. Шахалт дарамтгүйгээр бизнес хийлгэх орчныг бүрдүүлээд өгчихвөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна.

-Төр “Эрдэнэт”-ийн хувийг авах ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг байна…?

-Төр өөрөө оролцоод янз бүрийн шаардлага тавиад, улстөржүүлээд явахаар уул уурхайн бизнес унадаг. Тод жишээ нь Оюу толгой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн эхлээд үргэлжлээд явж байтал улстөржүүлээд бараг гурван жил гацаачихсан. Төрийн оролцоо ийм эрсдэлтэй. Тэгэхээр миний тухайд хувьчлалыг зарчмын хувьд дэмждэг. Сая зарсан 49 хувь бол манай төрийнх биш. Гадаадын Засгийн газрын өмч байсан. Гадаадын Засгийн газрын эзэмшлийг Монголын хувийн хэвшил худалдаж авсан. Хувийн хэвшлийн тухайд мөнгөө зараад 49 хувийг худалдаж авч байгаа. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг аль болох зардлыг нь танаж, зах зээлийн зарчмаар нь үр ашигтай ажиллуулахыг бодно.

-Монголын компанид Эрдэнэт шиг том үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах чадамж байхгүй, тийм мөнгө нь хаана байна гэсэн шүүмжлэл хэлэх улстөрчид нэг биш байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Монголын хувийн хэвшил сүүлийн 25 жилийн хугацаанд хөгжиж чадсан. Өөрөөр хэлбэл, том наймаа хийх чадалтай болсон. Худалдаа хөгжлийн банк, “Мобиком” зэрэг олон компани дэлхийн түвшинд ажиллаж байна. Тэдний нэг нь “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсанд олзуурхаж байгаа. Зүгээр нэг залуухан захирал биш, дотоодын өндөр түвшинд хөгжсөн компанийн хөрөнгө оруулагч “Эрдэнэт”-д оролцоотой боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Монгол Улсын хуулийн дагуу хувьцаат компани биш учраас мэдээллээ ил болгож цацаад байх хууль ёсны шаардлага, үүрэг байхгүй. Үүнийг нь олон нийт буруугаар ойлгож, нууцаллаа гэх мэтээр хардаж сэрдэж байх шиг байна. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох ёстой. Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг, Монголын компани “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсан.

-Хувийн компани “Эрдэнэт”-д оролцоотой болсноор ямар давуу тал үүснэ гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийн стандартын дагуу ажиллана гэж найдаж байна. Би санхүүгийн зах зээлийн оролцогч. Тэр утгаараа дэмжиж байгаа. Зах зээлд компаниудыг худалдаж авах, нэгтгэх, салгах, хувийг нь зарах бол хэвийн процесс. Зах зээлийн л жаяг. Дэлгүүр, кофе шоп, ресторан зардагтай л ижил зүйл. Том хэмжээний л наймаа гэдгээрээ ялгарах байх. Эрдэнэт гэдэг утгаараа маш том сенсаци дэгдэж, сэтгүүлчид эрэн сурвалжилж өчнөөн юм болж байна л даа. Монголчуудад нэг муу зан бий. Сайн явж байгаа нэгнээ хардаж сэрдэж, унагах гэдэг. Тамын тогооны үлгэр гэж ярьдаг даа. Яг тийм хандлага “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр харагдаж байна. Хэн ийм их мөнгө өгөв, хаанаас хуйвалдаад худалдаад авчихав гэх мэтээр хардаж сэрдсэн улстөржилт хүчтэй ажиглагдаж байна. Иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн хандлага илэрхий анзаарагдаж байгааг нуух юм алга.

-”Эрдэнэт”-ийн хувьд улстөрчид сонирхохгүй байхаас аргагүй л дээ. Засгийн эрхэнд гарсан хэсэг нь “Эрдэнэт”-д шахааны наймаа хийж мөнгөждөг нь хэнд ч ил болсон зүйл. Хувийн компани энэ том үйлдвэрийн менежмэнтэд орсноор ядаж л шахааны бизнес зогсох болов уу гэсэн хүлээлт байна. Та юу гэж бодож байна?

-“Эрдэнэт” хамгийн засаглал муутай компани. Шүүмжлэхээс хэтрэхгүй явсаар өнөөг хүрсэн. 49 хувь бол өндөр оролцоо. Ийм хэмжээний хувийг нь хувийн компани худалдаж аваад менежмэнтэд нь оролцохоор шахааны бизнес алга болно. Хувийн байгууллага шахааны наймааг хүлээн зөвшөөрөхгүй. Аль болох зардлаа багасгаж ашгаа өсгөхийг л бодно. Зардлаа нэлээд танах болов уу. Хувийн компанийн төлөөлөл ТУЗ-д нь суудал авч таарна. Нийгмийн асуудал гэж бий. Үүн дээр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандаж ажиллах нь ойлгомжтой. Ер нь гадна дотнын уул уурхайн экспертүүд Эрдэнэтэд хэд хэдэн удаа очсон. 1500-2000 хүн ажиллахад л хангалттай гэж үздэг. Эрдэнэтийн зардал асар өндөр. Элэгдэж дуусч байгаа, нөөц нь өндөр эсэх нь эргэлзээтэй гэсэн сул талуудтай. Шуудхан хэлэхэд уул уурхай бол дурлаж гүйж ороод байх салбар биш.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үнэ өртөг таны хувьд хэр бодитой тоо вэ?

-“Эрдэнэт”-ийг ойролцоогоор нэг тэрбум дотор үнэлж байгаа. Өнөөгийн зах зээлтэй харьцуулаад харахаар харьцангуй боломжийн дүн. Өөдрөгөөр сэтгэж орж байх шиг харагдаж байна.

-Эрдэнэт үйлдвэр хэт нүсэр бүтэцтэй, тэрийгээ дагаад өндөр зардалтай нь бодит үнэн. Зардлаа багасгахын тулд бизнесийн шийдвэрүүд гарч таарна. 51 хувь нь төрд учраас тэр тоолонд улстөржсөн хандлагууд хүчтэй илрэх эрсдэл бий…?

-Ер нь компани хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг ихэсгэх л үүрэгтэй. Тэрнээс биш хэн нэгнийг тэжээгч биш. Нийгмийн хариуцлагыг нэгдүгээрт тавьчихаад өөрөө ямар ч ашиггүй ажиллаад байж таарахгүй. Угаасаа тийм зориулалттай байгууллага биш. Хатуухан хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр бол Эрдэнэт хот биш. Зүгээр л компани. Компани бол хувьцаа эзэмшигчдийн ашиг, өгөөжийг өсгөх үүрэгтэй байгууллага. Гэхдээ мэдээж хуулийн дагуу татваруудаа төлөх ёстой.

-Эрдэнэтийн 49 хувийг гадаад зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох боломж хэр бол?

-Зах зээлийн үнэлгээ, зэсийн ирээдүйн үнэ, компанийн өрсөлдөх чадвар гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Шууд ийм тийм гэж хэлэх боломж одоогоор алга. Одоогоор зэсийн зах зээлийн нөхцөл сайн биш хэвээр байна. Эрдэнэтийн хувьд Оюу толгойтой харьцуулахад хэцүү. Хүдрийн агууламж нь муудсаар байгаа. Эрдэнэтийн хувийг худалдаж авсан компанийн хувьд мэдээж тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргасан байж таарна.

-Та хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг хүмүүсийн нэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага ямархуу байна?

-Хөрөнгө оруулагчид нэг нам олонхи болсон учраас засаг тогтвортой ажиллах нь гэсэн хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд ойлголцоогүй хэд хэдэн асуудал байсан. Эргэлзээтэй байсан том төслүүд ирэх жилүүдэд хөдлөх байх гэсэн хүлээлт байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэнд сэтгэл хангалуун байгаа. Жижиг ч гэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг зүг рүү эргүүлэхээр төслүүд бий. Жишээ нь Гацуурт. Таван толгой хөдлөх байх гэсэн өндөр хүлээлт бий. Эрчим хүчний станцуудын бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. Хөрөнгө оруулагчидтай харилцдаг албан тушаалтнуудыг томилохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Наад зах нь англи хэлний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Мэдээж санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэг шаардлагатай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *