Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Хөгжим бол тэр чигээрээ бясалгал

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Ирэх сард “Таван өнгө” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай Улаанбаатар чуулгын арван жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд маш олон тоглолт болж байгаагийн нэг нь манай хөгжимчдийн тоглолт. Би Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин гэж явдаг. Чуулгынхаа хүрээнд ятгачин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, СТА Н.Отгончимэг, эвэр бүрээчин СТА О.Чинбат нарын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийхээр болсон.Ардын хөгжмийн зэмсгийг хийл хөгжмийн сонгодог ая, цахилгаан хийлтэй хослуулах өвөрмөц хоршилтой тоглолт болох гэж байна.

-Тоглолтын санааг чуулгаас гаргасан уу. Яагаад заавал эдгээр уран бүтээлчидтэй хамтрахаар болсон юм бэ?

-Ер нь чуулгын тоглолтын төлөвлөгөөнд орсон байсан. Ялангуяа Х.Бархүү Б.Мягмарцэрэн хоёр маань “Авьяаслаг монголчууд” шоунд орсноосоо хойш маш их танигдаж, ардын хөгжмөөр ингэж тоглож болдог юм гэдгийг харуулж чадсан. Миний хувьд ч гэсэн хамтран тоглох цэвэр уран бүтээлийн сонирхол байна. Яагаад гэвэл үнэхээр гайхалтай авьяастай хөгжимчид. Уран бүтээлийн хувьд миний сонирхлыг татсан.

-Таны хувьд үндэсний хөгжмөөр оролцох уу, сонгодог хөгжмөөр оролцох уу. Хэчнээн уран бүтээлээ толилуулах вэ?

-Хийл хөгжмөөр сонгодгийг ч, рок попыг ч тоглож болдог. Ер нь аливаа хөгжмийн зэмсгээр бүх хөгжмийн төрлийг тоглож болдог гэдгийг харуулна. Ямар ч байсан өөр хэв маягийг эвдсэн найруулгатай тоглолт болно. Манай эвэр бүрээний О.Чинбат гээд авьяаслаг залуу дууны найруулгыг хийж байгаа.

-Сүүлийн үед дан хөгжмөөс бүрдсэн ч юм уу сонгодог тоглолтыг хүмүүс харьцангуй үздэг болсон юм шиг. Ийм тоглолтыг үзэгчид хэр сонирхож байна?

-Үнэнийг хэлэхэд нутаг бүрийн ард иргэдээс бүрдсэн хотод бид амьдарч байгаа. Ямарваа нэг зохиолын дууны тоглолт Бөхийн өргөөнд болоход үзэгчдийн суудал дүүрдэг. Тэр нь ерөнхий хүн амын хэдэн хувь нь хөдөөний хүмүүс амьдарч байна гэдгийг баталж байгаа юм. Дан хөгжмийн иймэрхүү тоглолтыг тийм ч их хүн үзэхгүй. Яагаад гэвэл хүмүүст хол санагддаг шиг байгаа юм. Улаанбаатар чуулга нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм л чуулга болохыг зорьж ажилладаг учраас урдаа барьдаг уран бүтээлчид нь энэ тоглолтыг хийж байгаа. Хотын гэж өөрийгөө бодож, өөрийгөө төсөөлж амьдардаг хүн болгонд манай тоглолт нээлттэй.

-Таны хувьд сүүлийн үед хөгжмийн сургуулийнхаа багшийн ажилд илүү анхаарал хандуулж байна уу, уран бүтээл дээрээ ажиллаж байна уу?

-Хөгжмийн сургуулиа нээгээд жилийнхээ ойг үзэх гэж байна. Энэ жилийн хугацаанд хөгжмийн сургуульдаа түлхүү анхаарч ажилласан. Уран бүтээлийн хувьд чуулгатайгаа салшгүй холбоотой ажилладаг. Мөн түрүү жил “Авьяаслаг Монголчууд” гээд маш том шоуны ард гарсан. Маш их цаг зарцуулсан ажил байлаа. Одоо хоёрдугаар ээлж нь эхлэх гээд шалгаруулалт явагдаж байгаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны тухайд асуухад оролцогчид нь өмнөх жилээс хэр өрсөлдөөнтэй, авьяастай байна?

-Энэ шоу маш том форматын дагуу явагддаг. Хэн дуртай нь “ингэе, тэгье” гээд өөрчилчихдөг юм биш. Дэлхийн 68 оронд зохиогдсон. Эдгээр бүх оронд яг нэг зарчмаар, өөрийн форматтай, лицензтэй явагддаг. Түүний бас нэг зарчим нь шүүгчдэд ямар ч мэдээлэл очих ёсгүй. Бид шүүгчийн сандал дээр, тайзан дээр очиж суухад л хамгийн анх тэр үзүүлбэрийг үздэг. Тэрнээс өмнө тийм оролцогч орж байгаа, тийм үзүүлбэр үзүүлнэ гэдгийг мэддэггүй. Орон нутгийн буюу нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулагчид маань шалгаруулж авдаг болохоор одоохондоо ямар хүмүүс орж байгааг мэдэхгүй байна.

-Өмнө нь таны мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал, сэтгэл хөдлөлийг хүмүүс янз бүрээр хэлж байсан. Энэ тухайд…

-Аливаа хүн яаж хүлээж авах нь тэдний хэрэг. Хэн дуртай нь хийж чадахгүй учраас тэгчихээсэй, ингэчихээсэй гэж боддоггүй. Миний тэр шоунд оролцож байгаа гол үүрэг, ажил бол өөрийн урлагаас олж авсан нарийн мэдрэмжээ гаргах, хэнээс ч санаа зоволгүйгээр үнэн зөв, өөрөөрөө байх. Би тэр л үүрэг даалгавраа биелүүлсэн.

-Биеэ барих, сэтгэл хөдлөлөө дарах үе гарч байв уу?

-Үүнийг та өөрөөсөө асуугаад үз дээ. 15 камер өөдөөс чинь харж байхад биеэ барих уу үгүй юу. Энэ тохиолдолд уран бүтээлч, шүүгч ч гэсэн адилхан л хүн. Сэтгэл хөдлөлөө дарах юм байхгүй. Тэгвэл ажлаа хийхгүй байгаатай адилхан болж байгаа.

-Сургууль нээгдсэнээс хойш жилийн хугацаанд хичнээн шавьтай болов. Хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд хэр их хандаж байна?

-Хандалгүй яахав. Эдийн засгийн хямралын үед хөгжмийн сургууль ажиллуулахад бэрхшээлтэй үе таарах нь бий. Урлагийн буянаар танигдсан учраас шавь нарын хувьд хандалт их байгаа. Манай нийгэмд тэр болгон урлагийн мэдрэмж өгдөг, хүүхдийг урлагт дуртай болгох юмсан гэдэг эсвэл урлагаар амьсгалуулах газар маш цөөхөн. Тийм газрыг нэг ч гэсэн тоогоор нэмэх юмсан гэж боддог. Манай сургуульд хүүхдүүд орж ирэхэд хүмүүжүүлэх орчныг нь бэлдээд, соёл гэдэг юмыг суулгах юмсан. Тайзны соёл, бусадтай харьцах соёл гээд урлагийн маш сайхан олон өгөгдөл байдаг. Тэр болгоныг хүүхдүүддээ суулгах юмсан гэдэг л хамгийн гол зорилго юм даа. Хөгжмийг нэг удаа ч гэсэн барьж үзсэн, нэг сар, жилийн хичээлд яваад үзчихсэн хүүхдэд тэр дурсамж, мэдрэмж насан туршид нь тогтчихдог. Түүгээрээ маш том сургууль л даа.

-Бас эцэг эхчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүд хөгжмийн боловсролтой болохыг маш их эрмэлздэг болж?

-Хүмүүс сайхан брэндийн цүнх үүрээд явахаар тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлүүлнэ гэдэг ойлголт хэврэг болчихсон байна. Хүн дотроо байдаг зүйлээр өөрийгөө гоёж болдог. Ялангуяа эмэгтэй хүнийг чимдэг гоё зүйл бол хөгжмийн боловсрол. Найзуудынхаа өмнө ч юм уу, гадны зочдын өмнө нэг ая сайхан тоглоод өгөхөд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгддөг билээ дээ. Хоёрдугаарт, тэр хүнд өөрт нь кайфтай байдаг. Хөгжим бол тэр чигээрээ бясалгал. Хөгжмийг сурах гээд оролдож байгаа момент хүнийг гадаад орчноос тасалж чаддаг. Хүмүүс тайвшралыг олмоор байна, өөр зүйл хиймээр байна гэдэг. Хөгжим тэр бололцоог олгодог.

-Ялангуяа хөгжимчин эмэгтэйчүүд цаанаасаа арай өөр, уянгалаг, ялдам, аядуухан гэмээр ч юм уу нэг онцлог шинж ажиглагддаг. Тэр юундаа байдаг юм бол?

-Тэр бол мэдрэмжиндээ байдаг байх. Хүмүүс мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь илүү гэж ярьдаг болчихсон үе. Хүн мэдээж мэдлэгтэй байх нь хэрэгтэй. Мэдрэмжтэй байвал бүр сайн. Эмэгтэй хүн цаанаасаа мэдрэмжээ дагадаг амьтан учраас хөгжим сурснаар илүү гүн гүнзгий ойлгож чаддаг. Ялангуяа хийл хөгжим маш их мэдрэмж шаарддаг. Яагаад гэвэл дарах нот байхгүй, таван мэдрэхүйгээ ажиллуулж тоглодог.

-Яг тийм нарийн мэдрэмж шаардсан хөгжмийг дөрөв, таван настай хүүхэд сурахад хэр хүндрэлтэй байдаг вэ. Та өөрөө ч зургаа, долоохон настайгаасаа сурч эхэлсэн, танд хэр хүнд санагддаг байсан бол?

-Би өөрөө ямар байснаа мэдэхгүй юм даа. Гэхдээ хэцүү. Манай сургалт таван наснаас эхэлдэг юм. Хүүхэд яг порлон шиг байдаг. Бүх юмыг уусгаж авч чаддаг. Мэдээж би тэр хүүхдэд 10, 15 настай хүүхдийн юм заахгүй. Гэхдээ хүүхэд хүүхдээсээ болдог. Сая надтай хичээллэж байсан таван настай охин гэхэд маш хэрсүү, ухаантай, ес арван настай хүүхдийн хэмжээний байх жишээний. Ерөнхийдөө охид бага байхдаа илүү хөгжил сайтай байдаг юм шиг санагддаг.

-Хүүхдийг хэвлийд байхад нь болон төрсөн цагаас нь эхэлж сонгодог, уянгалаг ая их сонсговол IQ сайтай, уян зөөлөн зантай, ухаантай болдог гэдэг. Хэр ортой яриа вэ?

-Тэр бол яг үнэн. Ээж нь жирэмсэн байхдаа уурлаж уцаарлаад, машин бариад бухимдаад байхаар хүүхэд нь ууртай уцаартай хүн болдог. Бүр батлагдчихсан судалгаа байдаг юм билээ.

-Танай хүүхдэд тэр жишээ ажиглагдаж байна уу. Мэдээж хөгжимчин хүний хүүхэд учраас хэвлийд байхаасаа сонгодог хөгжмийн орчинд хүмүүжсэн байгаа?

-Би жирэмсний зургаан сартай байхдаа бие даасан тоглолтоо хийж байсан. Зургаан сараас нь хойш өөртөө амралт өгсөн. Хүү маань маш сонсгол сайтай, ямарваа нэг өнгийг алдалгүй барьж чаддаг. Магадгүй би байнга хөгжим тоглодог болоод ч тэр юм уу, эсвэл ген гэдэг зүйл удамшдаг ч байж мэдэх юм. Нөлөөлдөг гэдгийг бол хэзээ ч үгүйсгэхгүй.

-Сургуулийн гарын авлага дээр таныг албан ёсны сузуки сертификат эзэмшигч багш гэсэн байна. Энэ ямар учиртай сертификат юм бол?

-“American Suzuki assoc­cion” гээд маш том сургалтын онол байдаг. Сузуки гэдэг хүний өөрийнх нь нэрээр нэрлэчихсэн онол. Би анх Америкт очоод л тэр онолыг сонсч байсан. Тэр онолыг Америкт сурч байхдаа багш нар бэлдэх зуны сургалтад давхар сурсан. Анхны сузукигийн сертификаттай монгол багш гэж болно. Энд боловсруулсан тэр том онолыг хэрэгжүүлээд явж байгаа Монгол дахь цорын ганц гишүүн нь би. Орос манай хоёроос бусад бараг бүх оронд энэ школоор заадаг.

-Та гэртээ үр хүүхэд, ханьдаа зориулж хэр их хөгжим тоглодог вэ?

-Найз нөхөд ирчихсэн баяр ёслолын үеэр тоглолгүй яахав. Гэхдээ сургуультай болсноос хойш сургууль дээрээ хувийн бэлтгэлээ хийдэг болсон. Түүнээс хойш гэртээ тоглохоо больчихсон. Нэг тийм тогломоор санагддаг үе бас бий.

-Монгол эмэгтэйчүүд нөхрийн талын ёс заншлаа их дагадаг. Таны хувьд тийм хандлага байдаг уу?

-Би монгол хүн учраас монгол заншлаа хамгийн түрүүнд хүндэлж дээдэлнэ. Нөхрийн талыг мэдээж ойлгоно. Хоёр биенээ хайрлах гэж, ойлгох гэж, хүндлэх гэж суусан учраас. Гэхдээ нэг их сүртэй ёс заншилсаад байх юм байдаггүй л дээ. Манайх чинь бас их заншилсаг орон шүү дээ. Би хоёр, гурван жил Америкт сурсан учраас хэцүү асуудал байдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *