Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Баяртогтох: Өмнөх хэрэгтээ биечлэн хорих ял эдлээгүй, тэнссэн, зорчих эрхээ хязгаарлуулсан этгээдүүд дахин мал хулгайлаад байна DNN.mn

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хоорондоо танилцаж, эхний хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлддэг-

Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Баяртогтохтой ярилцлаа.


– Төв аймагт малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ өдрүүдэд буюу айлууд өвлийн идшээ бэлтгэх үеэр малын хулгай ихэсдэг тал байна уу?

– Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 47.1 хувиар буурсан. Гэхдээ тайвширч болохгүй, урьдчилан сэргийлэхийг иргэд, малчдад анхааруулсаар байна.

Ихэвчлэн хатуу хучилттай зам дагуу нутаглаж байгаа айлуудын малыг шөнийн цагаар хулгайлсан байдаг. Харин өвөл, хаврын идшээ бэлтгэж байгаа энэ үеэр мал хулгайлах гэмт хэрэг хаана л бол хаана гарчих гээд байдаг юм. Тиймээс эргүүл, шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

– Мал хулгайлсан л бол хорих ял эдлүүлэх хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш Төв аймгийн хэмжээнд ямар өөрчлөлт гарав. Үр дүн гарав уу?

– Өмнөх хуулиар найман бод, 24 богоос дээш хэмжээний хохирол учруулсан бол ял шийтгэл хүндэрдэг байсныг өөрчилсөнд малчид баяртай байгаа. Хуулийн энэ өөрчлөлт гэмт этгээдүүдийн сэдэлд ч нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хорих ялын урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилгыг хангаж, үр нөлөөгөө өгч байна гэж ойлгож байна.

Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг манай аймагт тогтмол буурч байгаа. Үүнд хуулийн өөрчлөлтөөс гадна КОВИД-ын хөл хорио ч нөлөөлсөн байх. бид ч ажлаа цалгардуулаагүй. Сүүлийн таван жилээр харьцуулахад мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2019 оноос 66.9 хувь, мал хулгайлсан хэрэг 84.3 хувиар буурсан байна.

– Малын хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийг анзаарахад цөм нь давтан үйлдэлтэй байх юм. Үүнийг таны зүгээс яаж харж байна вэ?

– Ихэвчлэн өмнөх хэрэгтээ яг биечлэн хорих ял эдлээгүй, шүүхээс тэнссэн, сүүлийн жилүүдэд “зорчих эрх хязгаарлах” ялаар шийтгэгдсэн этгээдүүд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хоорондоо танилцаж, эхний хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлддэг.

– Тэд шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?

– Гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа тайлбарлахдаа “баригдахгүй байх гэж бодсон” гэж хэлдэг. Ямар ч хэрэг тухайн үедээ баригдаагүй ч хэзээ нэгэн өдөр илэрдэг.

– Малын хулгайчидтай жилийн дөрвөн улиралд хөөцөлддөг хэдхэн мөрдөгчийн ажлын үнэ цэнэ прокурор, шүүхийн шатанд замхраад байгаа тал байна уу?

– Цагдаа, прокурор, шүүх бүгд хуулийн хүрээнд ажиллана. Алдсан малыг нь олоод хулгайлсан этгээдийг бариад ирэхээр цагдаад баярладаг байх. Хохирол нь төлөгддөггүй, хэрэг нь шийдэгдэхгүй, хорих ял өгөхгүй болохоор прокурор, шүүхийг буруутгаж боддог байх. Хохирогчийн хүслээр бол хулгайч баригдсан цагаасаа л хоригдож, бүгд хорих ял авах учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ аваад явуулсан, шүүхээр орсон ч “зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэгдсэн гэдгийг тэр бүр ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Ер нь бол олон үйлдэлтэй, олон холбогдогчтой, өмнөх хэрэг нь прокурор, шүүх дээр байх хугацаанд холбогдогчид дахиад гэмт хэрэг үйлдчихсэн хэргийн хохирогч цөхөрч байгаа нь үнэн.

– Малын хулгайч үйлдэл дээрээ баригдахад тэр дор нь цагдан хорьж байна уу, эсвэл гадуур байцаадаг юм уу?

– Мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар, хээр тал газарт үйлдэгддэг. Жил ирэх тусам улам нарийн зохион байгуулалттай болж байна. Т ийм учраас үйлдэл дээр нь илрүүлэхэд төвөгтэй.  Гэхдээ малчдын хамтын ажиллагаа, алба хаагчдын хуульч, шуурхай ажиллагааны үр дүнд цөөнгүй хэргийг үйлдэл дээр нь илрүүлж байна. “Хувийн баталгаа гаргах” ч таслан сэргийлэх арга хэмжээ юм.

Хуульд зааснаар “Цагдан хорих” шийдвэрийг шүүх гаргана. “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчид авдаг юм. Үйлдэл дээрээ баригдсан бүхэн “яллагдагч” биш. Тэгэхээр цагдан хорихын тулд яллагдагчаар татах хэмжээний нотлох баримтыг маш богино хугацаанд бүрдүүлэх шаардлагатай болдог.

Зарим тохиолдолд хулгайч нь баригдсан ч хохирогч нь малаа алдсан гэдгээ мэдэхгүй, хохирогчоо олох гэж хугацаа алддаг. Хагас бүтэн сайн, баяр амралтын өдөр таарсан үед их хүндрэлтэй.

Мөн шүүхээс тэр бүр цагдан хорихгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагдан хорих үндэслэл байна уу гэдэг. Ингээд ихэнх холбогдогчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.

– Төв аймгийн малчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

– Малчдыг бүлэг болж ажиллахыг хурал цуглаан болгон дээр уриалж. хэрхэн ажиллах талаар зөвлөж байна. Хурал. зөвлөгөөнд ирэх малчид улам л ховор болж байна. Гэхдээ байнга мэдээлэл солилцож, өвөлжөө. хаваржаагаараа бүлэг болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа “малчдын бүлэг” олон байгаа.

– Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ямар ажил байна вэ?

– Хулгайн малын мах Улаанбаатар хот руу, ихэнхдээ ченж нарт очсон байдаг.

Гарал үүсэл тодорхойгүй мал, мах худалдаж авахгүй байхыг ченж гэх иргэдэд. малчид малаа хэн нэгэнд найдаж орхилгүй, хариулга маллагаатай, сонор сэрэмжтэй, айл саахалтаараа амь нэг байхыг уриалж байна.

Сүүлд нь онцлоход зөвхөн ял шийтгэл чангарснаар энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, цаашид малчдын оролцоотой урьдчилан сэргийлэх ажлыг илүү хийхээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *