Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би “Хонхны нулимс” дууг зохиогчоос нь “Ауди” машинаар авч байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……………

Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлын алба хашиж байгаа юм байна.


-Таныг гадаадад сурч байгаад ирсэн гэж сонссон. Ямар чиглэлээр сураад ирэв?

-Ирландад манлайлал, стратегийн чиглэлээр гурван жил сураад ирсэн. Тэнд би суралцахаасаа гадна дэлхийн соёл урлагийг судалж үзлээ. Түүнчлэн Монголын соёл урлагийн салбарыг хэрхэн дэлхийн тавцанд гаргаж ирэх талаар багагүй  судалгаа хийлээ.

-Таны бодлоор Монголын урлагийг хэрхэн дэлхийд таниулах боломж байна вэ?

-Өнөөгийн нийгэмд ганцхан нийтийн дуучид гэлтгүй соёл, урлагийн салбарт мэргэжлийн менежмент зайлшгүй хэрэгтэй болчихож. Уран бүтээлчид өмнөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх цаг үе ирсэн гэсэн үг. Манай соёл, урлагийн салбарынхан өнгөрсөн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягаар явж ирсэн. Одоо тийм арга барилаар хол явахгүй. Амжилтад хүрэхийн гол нууц бол сайн төлөвлөгөө. Тэрнээс биш ямар ч өмнөө тавьсан зорилгогүй өглөө босоод ээжийн тухай нэг дуу дуулчихаад өдөр болохоор эгчийн тухай дуу дуулаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн менежменттэй ажиллаж байж жинхэнэ амжилтыг бий болгож чадна.

-Таныг “Хонхны нулимс”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дуугаараа олонд танигдах үед нийтийн буюу зохиолын дуу ид моод болж байсан. Харин өнөөдөр нийтийн дуу бараг л ад үзэгдэх хандлагатай байгаа. Ийм цаг үед шинэ залуу уран бүтээлчид юунд анхаарах ёстой вэ?

-Шинэ залуу дуучдыг алдаа гаргахгүйгээр хурдан хугацаанд амжилтад хүрээсэй гэж би боддог. Заавал бидний, бидний өмнөх шиг зовлон туулах ёсгүй шүү дээ. Тийм учраас л сайн төлөвлө гээд байгаа юм. Ямар уран бүтээлийг хэнд зориулж хийх гэж байна вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Чиний хийсэн уран бүтээл хэнд хүрэх ёстойг бодолцож сайн судалгаа хийх ёстой. Ямар ч шалтгаангүйгээр уран бүтээл хийх хэрэггүй. Сонсогчдоо мэдэрч төлөвлөж байж сумаа тавь гэж хэлмээр байна.

-Та амжилтад хүрэх арга замыг харж байгаа хэрнээ өөрөө яагаад уран бүтээл хийхээ больчихов оо?

-Дуу дуулахаас илүү уран бүтээл хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Мөн он гараад 50 жилийн түүхтэй СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Тэр болгон уран бүтээл туурвиад байх зав зай муухан л явна.

-Таныг гавьяат болчихоод таг болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжлэх болж?

-Яахав, зарим хүмүүс тэгж харж болно л доо. Гэхдээ эх орноосоо хол явж байж дуугаа дуулмаар байна гээд яваад байлтай биш. Харин нутагтаа ирснээсээ хойш ганц нэг албан байгууллагын урилгаар дуулсан. Ер нь надад өмнөө тавьсан нэг зорилго бий. Нэг ёсондоо зохиогчийн эрх, түүнд хамаарагдах хуулийн хүрээнд голлон анхаарч ажиллаж байна. Би зохиогчийн эрх эзэмшигч баймаар байна. Уран бүтээл туурвих тал руугаа миний бүх оюун санаа төвлөрч байна гэхэд болно. Яг үнэндээ гавьяат хүн соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хийх хэрэгтэй юу байна түүнд манлайлан оролцох үүрэг хүлээдэг гэж бодож байгаа.  Дуулахгүй байгаа ч гэсэн уран бүтээлч найз нөхөд, дүү нар маань дуулж ард түмэнд хүргэсэн 17, 18 дууны ая тэрлээд байна.

-Тэгэхээр зохиолын дуучдад чиг өгч ерөнхийд нь арын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэсэн үг үү?

-Нэг их чиг өгөөд хөтлөөд байх юу байхав. Магадгүй би өнөөдөр дуулах нь хүмүүст сонин уу, эсвэл шинэ залуу уран бүтээлч дуулах нь сонин уу гэдэг талаас нь харах юм бол өөр ойлголт. Залуу уран бүтээлчид ирж зөвлөгөө авдаг. Ер нь продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа гэх үү дээ. Би Ирланд явахаасаа өмнө Удирдлагын академд магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед Намсрайноров, Идэржавхлан, Түмэн-Өлзий зэрэг залуучууд зөвлөгөө авдаг байсан. Одоо тэр хэд маань нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай, ард түмэнд хүндлэгдсэн дуучид болсон байна.

-Удахгүй Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиох гэж байна. Та өмнө нь оюуны өмчийн асуудлыг нэг бус удаа хөндөж байсан хүн. Тэр үеэс өнөөдөр хэр өөр болсон байна вэ? 

-Анх 2005 онд зохиолын дуучид хамтран Нийтийн дуучдын нэгдсэн холбоо байгуулж байлаа. Тухайн үед холбооны тэргүүнээр МУГЖ С.Жавхлан ажиллаж байгаад 2007 оноос би энэхүү албан тушаалд томилогдсон юм. Холбоо уран бүтээлчдийг зөв чигт залах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Учир нь монголын соёл урлагийн салбар тодорхой хэмжээгээр хөгжиж, нийгмийг соёлоор түүчээлэн гэрэлтүүлэхэд нийтийн дуучид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ. Бид зүгээр нэг дуулаад ирсэн юм биш. Тэгээд ч тэр үед урлагийнханд тулгарч байсан асуудал бол оюуны өмчийн хулгай. Шинэ цомог, CD-гээ борлуулах гэхээр л өнөөх оюуны өмчийн асуудал яригддаг байсан. Би өөрийн дуулж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ 100 гаруй бүтээлийнхээ хөгжмийн зохиолч яруу найрагчтай гэрээ хийж албан ёсоор дуулах эрхээ аван, бүтээлүүдээ оюуны өмчийнг газарт бүртгүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээг хамтран эзэмшихээр авч байсан. Анх “Хонхны нулимс”, “Хайрын хишиг”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авахаар орох үед тухайн үед Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн хэлтсийн дарга байсан Шинэбаяр, мөн тэдний хэлтсийн ажилтнууд маш сайхан хүлээж аваад уран бүтээлчид та бүхэн оюуны өмчийн асуудалд анхаарал хандуулаад эхэлж байгаа нь үнэхээр сайн хэрэг гэж байсан. Тухайн үед би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бус байгуулагатай уулзаж, санал бодлоо хуваалцдаг байсан юм. Тэр үед МУГЖ Т.Ариунаа эгч бас уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлчихсэн байсан. Тэр үед зохиогчийн эрхийн тухай хууль гэж байлаа. Сайн санаж байна. 2006 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсад зохион байгуулсан нэлээн томоохон хэмжээний форум дээр Ариунаа эгч бид хоёрт  “Оюуны өмчийг дээдлэгч уран бүтээлч” гэсэн гэрчилгээ гардуулсан. Тэр үед хамтын удирдлагын байгууллагууд болон мөн шинээр зохиогчийн эрх түүнд хамаарагдах эрхийн тухай хууль батлагдаж байлаа.

Бид ингэсний хүчинд өнөөдөр  зохиогчийн эрх түүнд хамаарагдах хууль гээд их тодорхой болчихлоо. Өнөөдөр оюуны өмчтэй холбоотой бүх асуудал гэрээгээр зохицуулагдаад явж байна.

-Нэг дууг яруу найрагч, ая зохиогч, дуучин хоорондоо булаацалддаг байсан үе өнгөрчээ. Гэрээгээр хэн хэдэн төгрөгийн ашиг хүртэх зэрэг нь өөрсдийн хоорондын зохицлын асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би анх “Хонхны нулимс” дууг эзэмших эрхийг авахдаа Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум орж шүлгийг нь бичсэн зохиолчтой нь хүртэл уулзаад “Ауди”  машин өгч байсан. Бүтээлээ учиргүй худалдаж борлуулаад байхдаа гол биш. Нэг нэгнийгээ хүндэтгэхэд учир байгаа юм. Хэн хэндээ амар шүү дээ. Гэхдээ гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдэг нь чухал. Анхнаасаа л гэрээгээ байгуулаад явчих нь зүйтэй. Тэрнээс биш нэг дуу төрөөд, олонд таалагдаад хит болоод ирэхээр энэ миний бүтээл гээд хоорондоо булаацалдаад уран бүтээлчид дотроо хагаралдаад байвал хөндлөнгөөс харахад ч муухай ш дээ. Үүнийг л зөв гольдролд нь оруулах гэж зорьсон хэрэг.

-Гэхдээ залуу дуучид бусдын уран бүтээлээр гарч ирэхэд хүмүүс ихэнхдээ таатай хүлээж авдаггүй шүү дээ? 

-Заавал тэгж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гол нь залуучууд маань тухайн дууны уран бүтээлийн зохиолч болон понаграмм бүтээгч, дуучдаас зохих ёсны зөвшөөрөл авч байх хэрэгтэй . Заавал хүний дуу дуулахгүй гэсэн юм байхгүй ш дээ. Харин ч тухайн дууг дараагийн үед дуулж авч явна гэдэг тэр дуу гайхамшигтай бүтээл болсоны илрэл. Тэр дууг дуулбал олонд хүрнэ гэдгийг харж чадаж байгаа уран бүтээлч бол үнэхээр менежмент сайтайн шинж шүү дээ. Чи өмнөх үеэ, өөрийгөө хүндэтгээд сурчихвал чиний дараах үе чамайг хүндэтгэнэ нь шүү дээ. Би ийм зарчмаар явж ирсэн. Хууль бол нэг хэрэг. Хуулийг өөртөө хэрхэн тусгаж авах нь бас нэг хэрэг. Би 10 жилийн өмнө зохиогчоо хүндлэн дуугаа зөвшөөрөлтэйгөө дуулж байсан бол өнөөдөр бидний дараагийн үе биднийг хүндэлж гхамтран эзэмшигчээр ажиллаж байгаад бахархалтай байна.

-Тантай адилхан ихэнх уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлсэн уран бүтээлч хэр олон байдаг бол?

-Би сайн мэдэхгүй. Надтай арай ойр уран бүтээл хийж яваа гэдгээр нь Д.Намсрайноровыг мэдэх юм байна. Саяхан  “Дуулан дуулан хайрламаар” дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Яагаав, нөгөө “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэдэг үгтэй дуу. Энэ дууны үгийг яруу найрагч Алтантүлхүүр тэрлэж, би аяыг нь бичсэн юм. Бид гэрээ байгуулаад Намсрайноров дуулаад болж л байна.

-Энэ дууг хүмүүс сайн, муугаар нэлээд шүүмжилж байгаа санагдсан?

-Хүмүүс янз бүр л хүлээж авч байна. Миний бодлоор үг нь их этгээд, хэрнээ сайхан болсон санагддаг. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг үгийг сонсоод хүн болгон буруугаар ойлгохгүй байх. Хүн аливаа юмыг сэрж мэдэрч байна гэдэг амьд байгаагийн илрэл шүү дээ. Танай сониноор дамжуулан Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг хүргээд бүх уран бүтээлч нартаа оюуны өмчөө дээдэлж зохиогчдоо хүндэлж ажиллахыг уриалж байна.

Д.ДАВААСҮРЭН

One reply on “Ч.Бат-Эрдэнэ: Би “Хонхны нулимс” дууг зохиогчоос нь “Ауди” машинаар авч байлаа DNN.mn”

Ч.БАТ-ЭРДЭНЭ БОЛ СУИС-ИЙН ЗАХИРАЛ ХИЙХ ЁСТОЙ, БҮХ ТАЛААР БЭЛТГЭГДСЭН ХҮН ДЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ ТҮҮНД АРЫН ХААЛГА АЛГА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *