Categories
редакцийн-нийтлэл

А.Туяа: “Playboy”-д нүцгэн зургаа дахиж авахуулахгүй ээ

“Х-Түц” продакшны жүжиг­­чин
А.Туяатай ярилцлаа.

-Таны тоглосон “Single ladies”
кино нээлтээ хий­гээд удаагүй ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа гэсэн. Энэ талаар
яриа эхлэх үү?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигч
та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ямартай ч бидний уран бүтээл үзэгч ихтэй
байгаад сэтгэл хангалуун байна. Зун­жин ажилласан олон хүний хамтын бүтээл шүү дээ.

-Та хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн
байсан. Өөрийн тань хувьд  хүүхэд­тэй болж
жүжиглэнэ гэдэг амаргүй байсан байх?

-Тэгэлгүй яахав. Өрх тол­гойл­­сон
30 гаруй настай хүү­хэд­­тэй, менежер бүсгүйн дүрийг амилуул­на гэдэг нэг талаараа
хэцүү, нөгөө талаа­раа амархан юм шиг санагд­сан.

-Яагаад?

-Миний хувьд бодит амьд­рал дээр
100 хувь ганц бие эмэгтэй хүн. Хүүхэд төрүүлж үзээгүй эх хүн болж жүжиг­лэнэ гэдэг
чамгүй хүнд бай­сан. Харин нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй хүнийг ямар­шуу­хан
амьдралтай байдгийг бага сага ойлгоно. Хүүхэдтэй мөртлөө нөх­рөө­сөө салчих­сан
найзууд бий. Тэгээд ч өнөөдөр бидний амьд­ра­лын эргэн тойронд гэр бүл салалт, нөхөргүй
хүүхэдтэй эмэгтэй гэхчлэн бодит дүр зураг олон болчихсон шүү дээ. Тиймээс ийм дүрд
ороход туршлага их байсан гэх үү дээ.

-Тэгэхээр тоглосон уран бүтээ­лээ
хараад үнэхээр надад иймэрхүү зүйл тохиолдвол яах бол гэсэн бодол төрж байсан уу?

-Үнэхээр тэгж бодогдсон шүү. Киноныхоо
дүрийг бүтээ­хийн төлөө өөрөөсөө шалт­гаа­лах бүх зүйлийг хийсэн. Заримдаа бүр хэт
дүрдээ орчих явдал байсан. Тэр үед бодит амьдрал дээр надад ийм явдал тохиолдвол
би яг л ийм шийдвэр гаргах байсан байх даа гэж бодогдсон. Кино­ны маань хүмүүст
хэлэх гээд байгаа санаа ч гэсэн ганц бие эмэгтэйчүүдийн амьдра­лыг л харуулах. Тийм
ч утгаа­раа 20, 30, 40 гэсэн гурван үеийн эмэгтэйчүүдийн дүрийг тус­га­сан. Хэдий
найзууд ч гэсэн насны ялгаатай өөр өөр зан араншинтай хүмүүс энэ­хүү уран бүтээлд
гардаг л даа. Ер нь энэ кино охид бүс­гүй­чүүд, эмэгтэйчүүдэд олон зүйлийг бодогдуулах
байх гэж найдаж байна. Ялангуяа залуухан охид юуны түрүүн гэр бүл зохиох гэж яаралгүй
ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг сайтар бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Амьд­ралын
эрээнтэй ба­раан­­­­тай зүйл байдгийг ч мэдэх­­гүй гэр бүл болох нь эцэстээ салалтад
хүргэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэг­тэй. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр
гэр бүл болох­­доо сайтар төлөвлөх ёстой л гэж хэлмээр байна. Харин найз залуу бол
өөр хэрэг шүү дээ.

-Таны хувьд найз залуу­тай юу,
хэзээ гэр бүлтэй болохоо төлөвлөсөн үү?

-Одоохондоо найз залуу байх­гүй. Найз
залуу, нөхөр гэдэг асар ялгаатай ойлгол­тууд санагддаг. Нөхөртэй болохоо төлөвлөнө
гэж утга­гүй зүйл байх. Заяаны хань зам дээр гэж ярьдаг шүү дээ. Гэтэл нөхөртэй
болно гээд хайгаад, хичээгээд байвал бүр л хясдаг хорвоо. Хүн бүхэнд өөрийн гэсэн
хувь тавилангийн зураг байдаг гэдэг шиг Туяа тэгж л амьдрах ёстой гэсэн төөргийн
дагуу л явах байх даа. Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй болох биз дээ.

-“Х-Түц” хамтлагийн тог­лол­­туу­даас
ч тэр, дэлгэ­цийн бүтээ­лээс харахад ч тэр та ихэвчлэн тачаангуй, секси дүрд тоглодог.
Амьд­рал дээрх А.Туяатай хэр ойр дүрүүд бол?

-Харин хүмүүс тэгж яриад бай­даг.
Эротик хүүхэн ч гэх шиг. Өмнө би ерөөсөө анзаа­раа­гүй явсан юм. Эргээд хар­сан
чинь тиймэрхүү стильтэй нэлээд хэдэн дүрд тогло­сон юм билээ. Амьдрал дээр эсрэ­гээ­рээ
ш дээ. Найзууд маань хэлэх байх. Даруухан талдаа. Гэхдээ хэлэх гэсэн үгээ хэнээс
ч айлгүй шууд хэлчихдэг. Дотроо хадгалаад шаналаад явдаг хүн би биш. Уран бүтээлч
хүн учраас шаардла­га­тай бол ямар ч дүрд хуви­рах чадвартай гэж би боддог. Тэрнээс
биш энэ дүр надад тохирохгүй юм байна, би чадахгүй гэж хэлэх эрх байх­гүй.

-Таныг хошин урлагт тохирох­гүй,
загвар өмсөгч болохгүй ч гэдэг юм уу шүүмжилж байсан удаа бий юу. Өөртөө тохирсон
зүйлээ хийхгүй гэсэн мэр сэр шүүмж­­лэл байдаг юм билээ?

-Тиймэрхүү яриа хааяа чих дэлсдэг
л дээ. Загвар өмс, хошин урлаг чиний хийх ёстой ажил биш гэдэг ч юм уу. Гэхдээ би
энэ мэргэ­жилд хайртай, дуртай учраас сон­голт хийсэн байж таараа шүү дээ. Тэрнээс
биш тэнэж яваад СУИС-д ороогүй нь тодорхой. Аль бага байхдаа “Х-Түц” хамтлагийн
Онон, Аглуу ах, Одончимэг эгч нарыг биширч ямар гоё жүжиглэдэг, авь­яас­тай хүмүүс
вэ гэж хүндэлж ирсэн. Тиймдээ ч их сургуу­лиа төгсөөд энэ продакшн­тай­гаа хувь
заяагаа холбо­сон­доо баяртай байдаг. Зарим танилууд загвар өмсөх­гүй юу гэж асууж
байдаг ч амьдралдаа би нэг ч удаа загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй.

-Үзэгчид “Шинэ үе” про­дакш­­ны
жүжигчин Алдар­маа та хоё­рыг их харьцуул­даг юм шиг санагддаг. Та хоёр чинь сайн
найзууд биз дээ?

-Тэгэлгүй яахав.”Шинэ үе” продакш­ны
Алдармаа, “Маск” про­дакшны Алдар, Драммын театрын Ганчимэг бид нар СУИС-ийн жү­жигч­ний
ангийг хамт төгссөн нэг ангийнхан. Тэр дундаа Алдар­маа бид хоёр сайн найзууд. Хааяа
уулзахаараа уран бүтээлийн талаар нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг. Харин  хүмүүс яагаад тал­цуулж бичээд байдгийг би ойлгодоггүй.
Адилхан л нэг хүсэл зорилготой ажлаа хийж яваа уран бүтээлч хүмүүс.

-Өөрийг тань “Playboy” сэт­гүүлд
нүцгэн зургаа таван сая төгрөгөөр зарсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

-Харин ийм яриа нэг хэсэг­тээ намайг
ороолоо. Ялангу­яа цахим мэдээллийн хэрэгс­лүү­дээр намайг тав сая төгрө­гөөр бараг
л биеэ үнэллээ гэсэн утгатай юм бичих бол­сон. Тус сэтгүүлтэй гэрээ бай­гуул­сан.
Гэрээний дагуу тодор­хой хэмжээний мөнгөөр зургаа ава­хуул­сан нь бол үнэн. Гэхдээ
хүмүү­сийн яриад байгаа шиг таван сая төгрө­гөөр тийм зураг авахуулна гэж юу байхав.

-Тэгвэл түүнээс ч их мөн­гө авсан
гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэхдээ энд хэлээд хэрэггүй
биз дээ. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь монгол эмэгтэй­чүү­дийн хувьд
зоригтой алхам болсон байх л даа. Тэгээд л хүмүүс гэгээтэй гэхээ­сээ илүүтэй­гээр
муу талаас нь харж шүүмжил­сэн байх.

-Гэрийнхэн чинь яаж хүлээж авсан
бэ. Дахиад нүцгэн зургаа авахуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Би эцэг, эхээсээ тусдаа амь­дар­даг.
Ганцаараа амь­дар­даг болохоор бид хэн хэнийхээ амьд­ралд хөнд­лөн­гөөс тэр болгон
ороод байдаг­гүй. Би бол биеэ даасан эмэг­тэй хүн. Харин “Play boy” сэтгүүлд нүцгэн
зургаа мөн­хөл­сөн маань миний эхний бөгөөд эцсийн алхам.

-Аав, ээжийгээ танил­цуу­лах­гүй
юу?

-Миний аав геологич мэр­гэ­жил­тэй.
Харин ээж маань багш. Би эхээс дөрвүүлээ. Эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Эгч сан­хүү­гийн
мэргэжил­тэй, нэг дүү хуульч, бага дүү маань оюутан.

-Гэр бүлийнхэн тань уран бүтээлийн
тал дээр хэр дэмждэг вэ?

-Ер нь бол нэг их тэг, ингэ гээд байдаггүй
шүү.

-Хэд хэдэн кинонд амжилт­тай тоглолоо.
Цаа­шид кино урлагт урвана гэсэн бодол бий юу. Киноны санал хэр ирж байна?

-Ганц, нэг санал ирж бай­гаа. Миний
дуртай салбар учраас хошин урлагийг би хэзээ ч орхих­гүй. Харин уран бүтээлч хүн
тайз, дэлгэцийн уран бүтээлд алинд нь ч хөрвөх чадвартай байх ёстой гэж би боддог.
Киноны хувьд нэг сайхан эмэгтэй хүний амьдралыг өгүүлсэн дүрд тоглох юмсан гэж боддог.
Бүх зүйлийг тэгээс эхлүүлээд сайхан цэцэглэж байтал байр сууриа ал­даж навс доошлоод
эргээд өөрийн­хөө хүчээр сэхдэг тийм л амьдрал­тай дүрд тоглож үзмээр байна.

-Жүжигчин эмэгтэйчүүд үзүүл­бэр
бүр маш олон хувцас сольдог шүү дээ. Энэ бүх хувцсыг өөрсдөө авдаг уу?

-Тэгнэ. Найзууд асуудаг л даа. Та
нар ямар гоё, гоё хувцас өмсдөг юм бэ цаанаас нь өгдөг үү, нүүр буддаг хүн тусдаа
байдаг уу гээд асуудаг. Үнэндээ бол өөрийнхөө дүрд ямар хувцас хэрэгтэйг өөрөө л
худалдаж авч зохицуулна. Нүүрээ хүртэл өөрсдөө будна ш дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Японы бизнесмэнүүд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг Ерөнхий сайдаас хүсэв

Монгол Улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй
ал­бан ёсны айлчлал үргэл­­­жилж байна. Ерөн­хий сайд энэ өдрийн айлч­лалаа арлын
орны биз­несмэнүүдтэй өглөө­ний цай ууснаар эхлэв. Дарханы газрын тосны үйлдвэрт
хөрөнгө оруу­лах гэж байгаа Марубе­ни, тавдугаар цахилгаан станцын төсөлд хамтарч
буй Сожиц, Францын Аре­ватай ураны төсөл дээр хамтрахаар гэрээ байгуулсан Мицүбиши
зэрэг Монголд хөрөнгө оруулах гэж бай­гаа том компаниудын төлөөлөл гүйцэтгэх засаглалын
тэр­гүүнтэй уулзсан юм. Тэд Ерөнхий сайдаас хөрөн­гө оруулалтын орчноо сайж­руулахыг
хүсч бай­лаа. Энэ үеэр Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр тэдэнд удах­гүй батлаг­дах
хөрөнгө оруулалтын шинэ хуу­лийн талаар тайлбарла­сан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Ашигт малт­малын хуулийн шинэч­лэлийг хойшлуулж бай­гаагаа энэ үеэр онцолж байлаа.
Ашигт малт­ма­лын одоогийн хуульд өөрч­лөлт оруулах мая­гаар асуудлыг шийдэх нь
хөрөнгө оруулалтын ор­чинд эерэг нөлөө үзүүлнэ гэж салбарын яам үзэж байгаа аж.

Гүйцэтгэх засаглалын тэргүү­нийг өчигдөр
Японы эрх баригч ЛАН төв байрандаа урьсан. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдвэр
гаргах түвшнийхэн болон хувийн хэвшлийнхэнд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал,
хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьж, лекц уншсан юм.

Энэ өдөр Ерөнхий сайдад ЖАЙКА-гийн  ерөнхийлөгч А.Тана­да бараалхав. Засгийн газрын
зээлийг хариуцдаг энэ байгуулла­гынхан манайд олгодог хөнгөлөлт­тэй таван төрлийн
зээлээ үргэлж­лүү­лэх бодолтой байна. Санал болгох төслүүд үр ашигтай бол хэдийг
ч авч болно гэсэн байр суурьтай байгаа аж. Одоогоор энэ байгууллагын зээлээр Хөшгийн
хөндийн олон улсын нисэх онгоц­ны буудлыг барьж эхэлсэн билээ. Японы талаас уул
уурхай, зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд зээл өгөх сонирхолтой байна.
Тэдний  хөрөнгө оруулах сонирхолтой өөр нэг
салбар нь нийгмийн дэд бүтэц. “Гудамж” төс­лийн хүрээнд Туул голыг дагасан хурдны
зам барих төсөлд Наран улсаас хөрөнгө орж ирэх юм бай­на. Энэ замыг дүүргүүдтэй
холбо­чихвол замын түгжрэлийг шийдэх том алхам болох юм. Мөн гэр хороол­лыг цэвэр,
бохир усны сүлжээнд холбох, метро барих, шинэ сумууд байгуулах ажлыг ч ЖАЙКА-гийн
хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэхээр ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой
хэрэгжих шахмал түлшний үйлдвэр байгуулах хөрөнгийг тус байгуул­лагын зээлээр шийдэх
асуудал яригдаж байна.

Японы Засгийн газрын хөнгө­лөлттэй
зээл нь 0,3-0,75 хувийн хүүтэй байдаг. Хамгийн ихдээ 1.7 хувийн хүүтэй зээл олгодог.
Дөчин жилийн хугацаатай энэ зээлийн эхний арван жилд нь манай Зас­гийн газар ямар
ч хүү төлөхгүй. Уг байгууллагын хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж Ботаникийн хүрээлэнгийн
хашаанд баригдах ЭМШУИС-ийн цогцолбор эмнэл­гээр дуусч байгаа ч хөдөө орон нутагт
дунд сургууль, цэцэрлэгүүд барих ажил үргэлжлэн хийгдэх гэнэ.

Ерөнхий сайд энэ  өдөр “Саму­рай” бондын чиглэлээр дэмжлэг үзүүлж
хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй Окүра зочид буудлын Аскот-1 танхимд
уулзалт зохион байгууллаа. “Саму­рай” бондын зөвшилцөл амжилт­тай болбол санамж
бичиг байгуу­лах юм. Дугаар шилжих мөчид тэдэнтэй хийх уулзалт дуусаагүй байлаа.

“САМУРАЙ” БОНДООС ЭНЭ ОНД БАГТАЖ
600 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ИЕН ОРЖ ИРНЭ

Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа
айлчлалын үеэр болж буй анхаарал татахаар үйл ажил­ла­гаа­ны нэг нь Монгол Улсын
Хөгжлийн банк, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд харилцан ойлголцлын
санамж бичигт гарын үсэг зурах ёслол байлаа. Энэ санамж бичиг нь Японы зах зээлээс
босгох “Саму­­рай” бондын эхний том алхам гэж албаныхан үзэж байна.

Засгийн газрын босгох гэж байгаа
“Самурай” бонд болон уг санамж бичгийн талаар Хөгж­лийн банкны гүйцэтгэх захирал
Н.Мөнхбатаас тодруул­лаа.

-Хөгжлийн банк Японы Олон улсын
хамтын ажиллагааны банкны хооронд харилцан ойл­голц­лын санамж бичиг байгуу­лагдлаа.
Санамж бичигт гарын үсэг зурсан нь “Самурай” бонд босгоход ямар ач холбогдолтой
вэ?

-Санамж бичигт гарын үсэг зурсан нь
хоёр том ач холбог­дол­той. Нэг ач холбогдол нь бонд. Олон улсын хамтын ажиллагааны
банк Япондоо бол маш том санхүүгийн байгууллага. Хөгжлийн банктай төстэй, 100 хувь
Засгийн газрын бодлогын хүрээнд үйл ажиллагаа­гаа явуулдаг. Гарын үсэг зурснаар
энэ банкны санал болгож байгаа санхүүгийн бүх үйлчилгээний цэсэн дээр хамтарч ажиллах
боломжтой болж байна. Тийм үүд хаалга нээгд­лээ. Энэ ажлын маань өгөөж хувийн хэвшлийнхэнд
хамгийн түрүүнд тусах байх.   Японоос ямар
нэг тоног төхөөрөмж худалдаж авах ч юмуу, эсвэл Японоос том худалдан авалт хийх
гэж байгаа тохиолдолд Хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хамтраад
аль болох хямд зардал өртөгтэй, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээр хангах боломжтой
болж байна гэсэн үг. Үүнээс гадна “Самурай” бондын хувьд эхний том алхмаа хийсэн.
Хоёр тал хөрөнгийн зах зээл, тэр дундаа иенийн зах зээл дээр хамтарч ажиллах тохиролцоонд
хүрсэн. Тодруулж хэлбэл Монгол Улсын Хөгжлийн банк Японы до­тоо­дын иенийн зах дээр
“Самурай” бонд гаргахаар ажиллаж байгаа. Энэ бол манай банкны хувьд иенээр үнэлэгдсэн
бонд гаргаж байгаа анхны туршлага болно. Гэхдээ манайх өмнө нь хоёр ч удаа томоохон
үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцоод явж байсан болохоор тодорхой хэмжээний
туршлагатай. Тийм учраас энэ ажил маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  Өнөөдрийн санамж бичиг энэ бондыг гаргахад их
түлхэц болно.

-Бонд хэзээ гарах бол?

-Энэ оны арванхоёрдугаар сардаа багтаагаад
гаргах зорилго­той ажиллаж байна. Мэдээж Япо­ны талын хамтрагчдаас нэлээд шалтгаална.
Ер нь бол ондоо амжаад гаргах боломж харагдаж байгаа.

-Хэдий хэмжээний доллар­тай тэнцэх
бонд гаргах гэж байгаа вэ?

-Мөнгөний хэмжээний хувьд боломжийн.
600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргах зах зээлийн боломж бий  гэж харагдаж байна.

-“Самурай” бонд валютын ханшид
эерэг нөлөө үзүүлэх үү?

-Бид энэ ажлыг шууд валютын ханштай
уяж харахгүй байгаа. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн өнгөрсөн гуравдугаар
сард Монголд хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж байгаа
айлч­лалын үр дүнд хоёр тал хэд хэдэн томоохон төслүүд дээр хамтран ажиллахаар тохиролцоонд
хүрч байна. Энэ том төслүүдэд маань санхүүжилт хэрэгтэй болно. Нэг талаасаа Япон
улсын олон улсын хамтын ажиллагааны банк энэ санхүүжилтийн  томоохон эрхийг зохицуулж хийх боломжтой. Нөгөө
талаас Монголын Засгийн газар тодорхой хэмжээгээр хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж энэ
төслүүдийг түлхэх шаардлагатай байгаа. Тэгэ­хээр бид “Самурай” бондын ач хол­богдлыг
энэ талаас нь харж байна. Тодорхой хэмжээгээр манай дотоо­дын системд нийлүүлэгдэх
юм бол ханшин дээр өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлэх байх.

-Иенийн зах дээр бонд гаргах нь
доллараар гаргахаас юугаа­раа ашигтай вэ?

-Дэлхийн хөрөнгийн зах зээл маш хөдөлгөөнтэй
л дөө. Олон улсын хувьд чөлөөт зах зээлийн зарчмаар явдаг. 2012 онд Чингис бондыг
гаргахад ам.долларын зах зээл таатай байсан. Яг одоо бол Америкийн төв банкны барьж
буй тодорхой бодлогоор долларын зах зээл арай илүү үнэтэй болж эхэлж байна. Японы
Засгийн газраас барьж буй тодорхой бодлогын үр дүнд иенийн хөрөнгийн зах зээлд нааштай
нөлөө үзүүлж байгаа. Бидний гол зорилго бол бол аль болох хямд зардал, сайн нөхцөлтэй
хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх. Тэр талаас нь харвал маш нааштай дүр
зураг  харагдаж байгаа. Ялангуяа хоёр орны
харилцаа дээд түвшиндээ ийм сайн байгаа нөхцөлд иенийн зах зээл Монголын хувьд их
сайн зах зээл.

-“Самурай” бондын хүү нь хэр байх
бол, хугацаагаа ярьсан уу?

-Хүүгийн хувь хэмжээг одоо­хондоо
хэлэх боломжгүй байна. Мэдээж бага хүүтэй боломжууд руу явж байгаа болохоор дотоодын
санхүүгийн зардлыг аль болох доош нь буулгах боломжтой доо­гуур түвшний хүү байх
болов уу. Хугацааны хувьд дунд, урт хугацааны байна.

-Японы олон улсын хамтын ажиллагааны
банк ямар зэрэг­лэл­тэй вэ. Бонд дээр илүү на­рийн тохироонууд хийгдсэн үү?

-Японы олон улсын хамтын ажиллагааны
банк ААА зэрэг­лэлтэй хамгийн найдвартай банк. Өнөөдөр санамж бичиг байгуулсан нь
зөвхөн эхлэл. Бондын илүү на­рийн юмнуудыг дараа нь тохирно.

-“Самурай” бондыг энгийнээр тайлбарлавал…?

-Зөвхөн Японы зах зээл дээр хөрөнгө
босгох хэлбэр юм. Япон өөрөө маш том эдийн засаг. Хөрөнгө хуримтлал нь асар их.
Японы эдийн засагт хуримтлагдсан нийт хадгаламж арван их наяд давсан гэсэн тоо гарч
байна. Энэ бол Америкийн эдийн засгаас том хэмжээ. Өөрийн тогтсон жаягаар ажилладаг
зах зээл л дээ. Энэ зах зээл дээр гадаад улсууд, тодорхой компаниуд иенээр эх үүсвэр
босго­дог. Иенийн эх үүсвэр босгоход хөгжиж буй Монгол шиг орнуудад Японы Олон улсын
хамтын ажил­лагааны банк баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг. Бид энэ тогтол­цооны
хүрээнд ажиллах юм бол манай улсаас гаргаж байгаа бондын хүү эрс буурч хугацаа нь
уртсах боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжлэгдсэн эд хөрөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын
асуудал өнөөдөр ч яригд­саар байна. Тухайн үед “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”,
“Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын
ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”,
“Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн
сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон.
Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг
нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо
тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа.

Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум
606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын
14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм.

Хоршоод дампуур­лын ирмэгт ирж, иргэд сандралдаж байх үед хоршоодын
эзэд, “Бид дампуураагүй. Ашигтай хөрөнгө оруулалтууд хийж одоо үйл ажиллагаа явуулж
бай­гаа үйлчил­гээ­ний газруу­даа ажиллуу­лаад бариг­даж байгаа барилгадаа хөрөнгө
оруу­лалт хийнэ. Тэгээд орон сууцаа за­раад ол­сон мөнгөөрөө хадга­ламж эзэм­шигчдээ
хохи­рол­гүй бол­го­но” хэ­мээн өөр өөрсдийн­хөө бизнес төлөвлөгөөгөө та­нил­­цуул­сан
ч бүгдийг нь хо­морголон шоронд хий­гээд бүх хөрөнгийг нь хүчээр битүүмжилсэн.

Энэ талаар “Баян-Өндөр” хадгаламж
зээ­лийн хор­шоо­ны эзэн асан, хори­ход ял эдэлж байгаа С.Сам­бал­хүндэв “Эзнийг
нь шоронд хориод эд хөрөнгийг нь хуваа­гаад авчихсан” хэ­мээн манай сонинд ярилцлага
өгсөн нь голыг нь олж хэлсэн үг болсон.

Гэтэл битүүмжилсэн гэх үйлдвэрүүд,
эд  хөрөнгө, байр сав, машин тэрэг, газар
гээд бүхий л зүйл нь зах зухаасаа гээгдэж, дун­даас нь алга бол­соор байгаа аж.
Битүүмжлэгд­сэн “Бенз” маркийн машин явсаар “Эксель” болон өөрч­лөг­дөж сүүл­дээ
“Экселийн нэг хаалга л битүүм­жилсэн” болж хуви­раад байгаа аж. Нэг бай­гуул­­ла­гаас
нөгөө байгуул­ла­гад энэ хэргийг шийдэхээр өгө­хөд эд хөрөнгө нь ингэж тоног­дож,
гээгдсээр одоо тоо­той хэдэн л юм үлдээд байгаа юм байна.

Үүнд хохирогчид ихэд са­наа зовниж,
хэзээ энэ асуу­дал шийдэг­дэх бол хэмээн горьдлого тээсээр байна. Засаг солигдож,
байдал жаа­хан наашилсан ч энэ асууд­лыг чуулганаар хэлэлцэж, ирэх оны төсөвт хохирол
барагдуулах мөн­гийг суулга­хаас нааш санаа нь амрах­гүйг тэд ярьсаар.

Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах
“Шударга төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг “1937 оны хэлмэгдүүлэлтийн
хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотнын
хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл
явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн
сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн
төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг
хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас
гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна” гэлээ.

Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд
судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохи­рогч­дын гэр бүлд сэтгэл санааны
хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 58 тохиолдол бүрт­гэгд­жээ.

Орон байргүй болсон 480, түрээ­сийн
байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ахан
дүүсийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө
хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ахан дүүсийнхээ мөнгө төгрөгийг
цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд
одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа
юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй
хувийг эзэлжээ.

Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд
боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа
юм.

Хүүхдүүдийнхээ мөнгийг хадга­ламж
зээлийн хор­шоонд хадгалуу­лаад алдсан хөгшчүүл гадаадаас хүүхэд нь залгахаар чих
нь хатуур­сан болж жүжиглэж “Миний хүү ээж нь сонсох оо байсаан. Мөнгө нь найдвартай
газарт байгаа” хэмээн ярьдаг гэнэ. Түүгээр ч барахгүй хүүхдүүд­тэй­гээ ярихаас эмээж,
чих­ний­хээ хэнгэргийг өөрөө цоолж дүлийрсэн настай хүмүүс ч бий гэсэн.

Хохирогчдын ярьж буй­гаар битүүмжилсэн
гэх олон мянган эд хөрөнгийг өнгөр­сөн хугацаанд зүй ёсоор нь зарж борлуулсан бол
өдийд бүгдийг нь өрнөөс гаргаад зогсохгүй цаана нь хангалт­тай хэмжээний хөрөнгө,
мөн­гө үлдэх байсан гэж байна.

Жишээ нь, “Бүтээн байгуу­лалт хөгжлийн
сан” хадга­ламж зээлийн хоршооны  7585Х дугаартай
зэс­ний ор­дын лицензийг л зарчихсан бол бүх хохирогчдын хохир­лыг барагдуулчих
хэмжээний хөрөнгө байж.

Өнгөрсөн жил “Шударга төв” ТББ-ынхан
хадгаламж эзэмшигч­дэд учирсан хохир­лыг төлүүлэхээр хураан авч битүүмжилсэн хөрөнгө­нөөс
үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчил­гээ, ашигт малтмалын тусгай
зөв­шөөр­лийн борлуу­лалтыг шалгуула­хаар хүсэлт гаргаж бай­сан.

Цагдаагийн байгуулла­гаас Шүү­х­ийн
шийдвэр гүй­цэт­гэх байгуул­ла­гад шилжих болон шийдвэр гүйцэт­гэлийн шатанд олон
эд хөрөнгө алга болжээ.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Сүх­баа­т­ар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр төрө­хийн
зүүн талд байрлах “Кукахау­зинг” ХХК-ийн нэр дээрх 0060543 тоот үл хөдлөх хөрөн­­гийн
гэрчил­гээ­тэй нэг га газрын асуудал олны анхаар­­­лыг татдаг. Энэ газрыг зарсан
борлуулсан ямар ч үйл ажиллагаа болоогүй бай­тал дээр нь 12 давхар орон сууцны барилга
баригдчих­сан байгаа нь хэний ч нүднээ ил. Мөн тус хоршоо­ноос хураагдсан Ховд айм­гийн
Алтай сумын нутаг “Эр­гийн ус” нэртэй газар байрлах 596 гектар талбай бүхий Х7729,
А1151 тусгай зөвшөө­рөл­тэй гялтгануурын уур­хай, тоног төхөөрөмжийнхөө хамт ор
мөргүй алга болжээ.

“Баян-Өндөр сан” хадга­ламж зээлийн
хоршооноос хураасан Төв аймгийн Заа­мар сумын нутаг Гал­тад байр­лах 6882 А ашигт
малт­ма­лын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Бөм­бө­гөр сумын нутаг “Гашуун
хар уул” нэртэй газар байрлах 10385 Х ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус тус алга
болсон.

“Бүтээн байгуулалт” хад­га­ламж зээлийн
хоршооноос хураагдсан Дорноговь айм­гийн Хөвсгөл, Улаан­бадрах сумдын нутагт байр­лах
“Баруун ширүүн”-ий 7585 Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Чингэлтэй
дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн-2210 тоотод байрлах битүү бетонон хашаа­тай
хоёр давхар тавил­га бүхий хувийн орон сууц, 240.3 м.квадрат газартайгаа үрэгдэж,
хэнд очсон нь тодор­хойгүй байгаа аж.

Харин Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх
шатанд дуудлага худалдаа бүрхэг, хэрхэн худалд­сан нь ил тод биш, борлуулсан гэх
үнэ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур худалдан борлуул­сан хөрөнгө бүр
ч олон бий.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан гурав­дугаар эмнэлгийн урьд байрлах 15х18 хэмжээтэй
дутуу баригдсан дөрвөн дав­хар барилгыг газрынх нь хамт 87.8 сая төгрөгөөр худалджээ.

Мөн тус хоршооноос хураагд­­сан Сүхбаатар
дүүр­гийн есдүгээр хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квад­рат газартай 150 сая
төгрөгөөр тогтоосон “Агч” агуула­хын барилгыг 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн
үнэтэй барилгын материал зэрэг хөрөнгө, газрынх нь хамт 85.8 сая төгрөгөөр худалдсан
байдаг.

Түүнчлэн Баянзүрх дүүр­гийн долдугаар
хороонд байр­лах 3614 ширхэг дагал­дах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй  “Россия” рестораныг
газрынх нь хамт хэдэн төгрөгөөр зар­сан нь өдий хүртэл тодорхой­гүй байгаа юм.

“Баян-Өндөр сан”-гаас хураагд­сан
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байр­лах дөрвөн давхар үйлчилгээ, оффисын зориулалттай
“Пилс­нер” төвийг Үнэлгээний комисс дахин үнэлгээ хийж 2.800.000.000 төгрөгөөр тогтоос­­ныг
1.682.428.733 төгрөгөөр худалд­сан юм бай­на. “Өрнөлт-Од” ХХК-ийн Баян­зүрх дүүргийн
зурга­ду­гаар хороонд байрлах хүнс­ний захыг Үнэлгээний комисс 1.700.000.000 төгрөгөөр
үнэл­сэн ч анхны үнэ болох 687.573.950 төгрө­гөөр худалджээ.

Энэ мэтээр уг жагсаалт цааш нь хөвөрнө.
Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг 200 саяар, зуун саяар үнэлэгдэх орон сууцыг тал үнээр
нь зарсан гэх үнэнээс дэндүү хол үйл явдал битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгөний эргэн
тойронд одоо ч үргэлжилсээр байна. Нийтлэлийн­хээ үргэлжлэлээр чухам ямар хүмүүс
эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар аргаар өөрийн болгос­ныг өгүүлэх болно.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батхүү: Урт нэртэй хуульд өөрчлөлт орвол алтны компаниудад боломж нээгдэнэ

Уул уурхайн яамны Бодлогын хэрэг­жил­тийг
зохицуулах газ­рын дарга Б.Батхүү­тэй ярилц­лаа.

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх
журмын тухай хуулинд ямар өөрч­лөлтүүд орж бай­гаа вэ?

-Урт нэртэй гэгддэг “Гол мөрний урсац
бүрэл­дэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт
малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аар
батлагдахад үүн­тэй хамт дагаж мөрдөх журмын тухай хууль гар­сан байдаг. Энэ хууль
гараад дөрвөн жил бол­сон хэдий ч хэрэг­жилтийн хувьд туйлын хангалтгүй байгаа.
Хэрэгжилт хан­галт­гүй бай­гаа нь хэд хэдэн шалтгаантай хол­боо­той. Нэгдүгээрт
гурван бү­сийн хилийн заагийг тогтоох ажлыг тухайн үед БОНХЯ хариуцаж бай­сан. Одоо
болтол хилийн заагийг тогтоогоогүй бай­на. Хуульд заас­наар ту­хайн тусгай зөвшөөрлийг
цуцлахдаа зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олго­вор өгснөөр цуцална гэсэн байгаа.

Хууль хэрэгжихгүй өдий хүрсэн шалтгаан
нь хууль нь ээдрээтэй гар­чихсантай холбоотой. Өмнө нь ийм хууль гара­хыг мэдээгүй
аж ахуй нэг­жүүд тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуу­лан ихээ­хэн хэмжээний
хөрөнгө оруулсан бай­сан. Иймэрхүү шалтгаа­ны ул­маас хэрэгжихгүй байсан юм билээ.

Одоо уг хуулинд нэ­мэлт өөрч­лөлт
оруулах­даа уг хууль нь зарч­мын хувьд байгаль орчноо хам­гаалах тухай тусгагд­сан
нь зөв гэж үзээд үнд­сэн хуулинд нь гар хүрээ­гүй. Харин хэрэгжүүлэх механизм нь
хүндрэлтэй байсан тул өөрчлөлт хийж байгаа хэрэг. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн
нэгдүгээр хэсэгт “Хуулийг дагаж мөрдө­хөөс өмнө олгогдсон тус­гай зөвшөөр­лийг хууль
батлагдсанаас хойш та­ван сарын хугацаанд цуц­ална” гээд заачихсан. Таван сарын
хуга­цаанд хилийн заагаа тогтоож цуц­алж чадаагүй тул уг заалтыг нь өөрчлөөд хууль
гарахаас өмнө хө­рөн­гө оруулсан, үйл ажил­лагаа явуулсан хилийн заагт хамрагдаж
байгаа 346 ашиглалтын лицензтэй байгууллагууд өргөдөл гаргаж болно гэсэн байгаа.

-Өргөдөл гаргах ком­паниудад шалгуур
тавьж байгаа юу?

-Мэдээж шалгуур үзүү­лэлтүүд бий.
Тухайн ордоо ашиглахдаа нөхөн сэргээх баталгаа гаргах, тэрхүү орд нь нөхөн сэргээлт
хийж хүрэхүйц хөрөнгө гаргах боломж­той юу гэсэн дүгнэлттэй байх ёстой. Мөн байгаль
орчныг нөхөн сэргээх баталгааг байршуула­хаас гадна дараа нь ахин мөнгө гаргах батал­гааг
нотлох ёстой. Уг шал­гууруудыг дааж байвал үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Эрх
олгохдоо гэрээ байгуулах юм.

-Гэрээний агуулгын тухай ярихгүй
юу?

-Гурван талт гэрээ байх юм. Нэг талаасаа
уул уурхайн асуулал эр­хэл­сэн төрийн захиргаа­ны бай­гууллага буюу Ашигт малтмалын
газар нөгөө талаас тухайн ком­па­ни, орон нутаг гурвал­сан гэрээ байгуулна. Гэ­рээ
хүчин төгөлдөр бо­лоод ирэх үед ийм үе шаттай­гаар ингэж ажил­лана, ийм ашигт малт­малыг
олборлоод төдий хэм­жээний ашиг олно. Ашгаасаа тэдэн төгрө­гөөр нь нөхөн сэргээлт
хийнэ гэсэн журмаар гэ­рээ байгуулаг­дана. Гэрээ байгуулаад үйл ажил­лагаа нь эхлэхээр
мэр­гэжлийн байгууллагууд, орон нутаг хяналт тавина. Тухайн газар нь ойтой байсан
бол Ойн тухай хуулийн дагуу нэг мод тайрвал 10 мод тарих зарчмаар үйл ажиллагаа
явагдах юм.

-Урт нэртэй хууль гарснаас болж
олон алт­ны компани хаал­гаа барьсан. Хуулинд өөрч­лөлт орсноор тэдэнд ямар нэгэн
да­вуу бо­ломж гарч байгаа болов уу?

-Уг хуулийн хүрээнд багтаж буй дийлэнх
ком­пани нь алтны ком­паниуд байгаа. Өнөөдөр алтны салбар нэлээд хүнд бай­далд орчих­­лоо.
Алт тушаалт өмнөх жилүүдэд 20 гаруй тонн байдаг байсан бол өнөө жил дөрөв, таван
тонн руу дөхөж байна. Өөрөөр хэлбэл алтны олборлолт огцом буураагүй ч Монгол банкинд
алт тушаадаг хэлбэр нь далд байдалд шилжчихсэн.

-Үүнд гэнэтийн аш­гийн 68 хувийн
татвар гээд нэлээдгүй зүйл нөлөөлсөн байх?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар,
урт нэртэй хууль гэх мэт нөлөөлсөн зүйлс их байгаа. Харин одоо өргөн барьсан хууль
эдгээр компаниудад бо­ломжуудыг нээж өгч бай­гаа хэрэг. Гэхдээ бага нөөцтэй газрын
алтыг авах гэж гол мөрний урсацыг бохирдуулж, ойг сүйтгэх хэрэггүй гэсэн зарчмыг
баримтлах юм.

-Тэгэхээр гол мөр­ний урсац бүрэлдэх
эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны компа­ниуд
эргэн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэх нь ээ?

-Тодорхой хэмжээнд нээгдэнэ.

Татвараа тө­лөөд,
олсон алтаа заавал Монгол банкинд тушаа­гаад, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж
чадах­гүй бол тусгай эрхийг цуц­лахаар нөхцөлд заасан байгаа.

-Алтны компаниу­дын
зүгээс ямар хүсэлт гаргасан бэ?

-Алтны компаниудын
зүгээс татвараа тогтвор­той, үйл ажилла­гаа явуу­лах процессыг ил тод байлгаад та
нар хяналтаа тавь. Бид үйл ажилла­гаагаа явуулъя гэсэн. Тэд Монгол банкинд алтаа
тушаая гэсэн байр суурь­тай байна. Төрийн зүгээс голын эх бүрэлдэх газар үйл ажиллагаа
явуулахыг харин хо­риг­лосон. Алтны компаниуд төр зас­гийн хувьд ойлголцол бий болсон.

-Өнөөдөр хичнээн
компани Монгол бан­кинд алтаа тушааж бай­на вэ?

-Сүүлийн тооцоогоор
30 орчим компани тав орчим тонн алт тушаасан мэдээ бий.

-Алтны худалдааг
нэмэгдүү­лэх хуулийн төслийн талаар танил­цуулахгүй юу?

-Монгол банкинд алт
тушааг­дахгүй байсан тул хуучин 68 хувийн татвар гэж байсныг цуцалсан ч үр дүн гараагүй.
Сүүлд нь өсөн нэмэг­дэх нөөц ашиг­ласны төлбөрийн хууль гарсан. Тэр нь нөөц ашиг­лас­ны
төлбөр дээр таван хувь нэмээд 10 хүртэлх хувийн татвар нэмэгдэж байсан нь нөлөөлсөн.
Алт төмрийн хүдэр, зэс шиг томоохон овор хэм­жээ­тэй биш тул хянахад төвөг­тэй байдаг.
Тийм учраас уг хуулийн төсөл дээр Монголбанкинд ту­шаа­­вал нөөц ашигласны төлбөрийг
бага болгож, өсөн нэмэгдэх буюу үнээс хамаарсан татвараас чө­лөө­­лөх тухай тусгагдсан.
Гол зорилго нь нууцаар яваад байгаа алтыг ил гаргах гэсэн явдал юм.

-Урт нэртэй хуульд
өөрчлөлт орсноор Мон­голын эдийн засагт нө­лөөлөх үү?

-Олон үр дүн гарна
гэж бодож байна. Нэгдү­гээрт урт нэртэй гэгдэх гацаанд орсон хууль бү­рэн хэрэг­жих
боломжтой. Хоёрдугаарт хоёр тийшээ хараад суучихсан алтны компани, иргэний нийгмийн
хөдөл­гөөнүүд хоорондоо хамтраад бие биенээ ойлгоод явах бо­ломжтой. Гуравдугаарт
төсөв дээр дээр ирэх ачаа­лал багасна. Өөрөө хэлбэл нөхөх олговор гээд компаниудын
нэхэж байгаа мөнгийг хуулийн­хаа дагуу улсын төсвөөс өгөхгүйгээр компаниуд нь өөрсдөө
үйл ажил­ла­гаа­гаа явуулаад нөхөн сэр­гээл­тээ хийгээд явна. Дө­рөвдүгээрт компаниуд
үйл ажиллагаа явуулс­наар татвар төлнө. Татвар төлж байгаа юм чинь мэ­дээж улсын
төсөвт нэмэр болно. Дөрөвдүгээрт хууль бусаар ажилладаг явдал үгүй болж эзэнгүй,
эвдэрч сүйдсэн газаргүй болох юм. Мөн хөрөнгө оруулах үгүйгээ шийдэж чадахгүй байсан
хүмүү­сийн эргэлзээ арил­на. Хуулийн хэрэгжилт то­дор­­хой болоод ирэхээр үйл ажиллагаа
нь сай­жирна гэх мэт олон сайн үр дүнд хүрнэ.

-Алтны салбарыг
ле­би­рал­чил­на гээд бай­гаа. Үүнийг хэрхэн хийх нь сонин байна?

-Үүнд олон санаанууд
бий. Эцсийн байдлаар шийдээгүй байна.

-Ямар санаанууд
явж байгаа бол?

-Хулгайгаар алтаа
гар­галгүй Монголбанкин­даа тушааж санхүү эдийн засгийн тогтвортой нөх­цөл байдлыг
хангах талын санаанууд бий.

-УИХ-ын ээлжит
бус чуулга­наар танай яам­тай холбоотой хуулиу­дыг хэлэлцэнэ. Үүн дээр яамнаас ямар
бод­лого барим­талж байна вэ?

-Уул уурхайн яамны
зүгээс гацаа үүсгээд буй хэд хэдэн зүй­лийн гарцыг олно. Судалгаанаас ха­ра­хад
уул уурхайн сал­барын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой
гэж гарсан. Тийм болохоор урт нэртэй хуулийг цаашид ойлгомжтой болгоно.

Яамны зүгээс урт хугацааны
бодлоготой, хуулиа ойр ойрхон өөрчилдөггүй байя гэсэн хамгийн гол зорилгыг дэвшүүлж
байгаа. Уул уурхайн хувьд өнөөдөр хөрөн­гө оруулалт хийгээд маргааш аш­гаа авч чаддаггүй.
Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодло­гын баримт бичгийг УИХ-д өргөн бариад
байгаа.

-Урт нэртэй хуулиудын
заал­тууд нь чанга байх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс бий. Гэтэл хуулийн чанга
заалтууд нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гээд байгаа?

-Бид харьяалагдах
газар, ТББ-уудтай уулзалт хийсэн. Өнөөдөр бид урт нэртэй хуулийн зарчим зөв гэдэг
дээр санал нэгдсэн. Иргэдийн хөдөлгөөнүүдийн зүгээс гацаанд орсон зүйлсийг ярилцан
ойлголцох нь зүйтэй гэдгийг дэмжсэн. Үндсэн хууль өөрчлөгдөхгүй дагаж мөрдөр журмын
тухай хууль буюу өмнө нь олгогдсон энэ тусгай зөвшөөр­лүүдэд боломж гаргаж өгөх
юм. 

-Дагаж мөрдөх журмынтухай
хуулинд нинжа нар буюу хувиа­раа ашигт малтмал олборлогч нарын тухай тусгагдсан
уу?

-Нинжа нар буюу хувиараа
ашигт малтмал олборлогч нарын хууль эрх зүйн орчин бий болсон. Тэднийг алтны баялаг
орд дээр бус үйлдвэрийн аргаар ашигласан хаягдлаас та нар ашиглаж болно гэсэн байдлаар
гаргаж байгаа. Том уурхайнууд байгуулаад ажиллах боломжгүй газар тэд ажиллаж болно.
Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэхээр уурхайнуудыг тас хориглочихоор өнөө газар
руу нь нинжа нар бүлэг болж дайрч орж байна. Зарим нөхцөлд тухайн лиценз эзэмшигч
компани хүрэл өөрөө нинжа маягаар олборлох сөрөг нөхцөлүүд гарч ирсэн. Тэгэ­хээр
энэ механизм буруу тул энэ хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.

-Хуулийн төсөл
хэрэгжээд эхэлбэл цаашид ямар эрсдлүүд гарч болох вэ?

-Алтны компани бага
хэмжээ­ний нөөцтэй газарт ажиллабал нөхөн сэргээлтэд хөрөнгө нь хүрэл­цэхгүй тул
нинжа нар орох асуудал гарч ирнэ. Тухайн компани цаашид энэ газрыг бид ашиглахгүй
гээд орхиод явах магадлалтай. Гэхдээ энэ бүхэн хуультай. Байгаль орчны тухай хуулиар
газрыг зөнд нь хаяж явахгүй, сэргээх хэрэгтэй гээд заасан. Тийм болохоор уг хүмүүст
нөхөн олговор өгөлгүй лицензийг цуцлана гэхээр хүндрэл, асуудал тулгарах болно.
Гэсэн ч бид тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд эргээд нөхөн сэргээлт хийх компаниуд байгаа
тул ингэж өөрчлөлт хийж байгаа юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сайхан намаржиж байна уу?

Та, сайхан намаржиж байна уу.

Орчин үеийн залуус мэндэлж мэддэггүй. Мэндлэх ёсон гэж ямар
нарийн зүйл байдгийг анзаардаггүй хэмээн ахмадууд залуус, хүүхдүүд, үр ач нараа
чамладаг. Монголчууд бол хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн. Гэтэл одоо үед “Юу
байна”-аар мэндчилгээ нь дуусдаг болсон нь хүн бүхэнд далдхан харамслыг төрүүлдэг
байх.

Ялангуяа энэ тал дээр залуус ихэд шүүмжлэлд өртдөг л дөө.
Аргагүй ч юм. Найзуудтайгаа таараалдаад “Хаая. Юу байна” гэж мэндчилнэ. Эсвэл “Юутай”
гэнэ. Мессенжерт ороод “Hello” гэхээсээ илүүтэй “Hi” гэцгээнэ. Залуусын мэндчилгээ
ерөнхийдөө ийм л хэдэн үгсэнд эргэлддэг.

Сүүлийн арав гаруй хоног уулзсан, утсаар ярьсан найзууд, танилтайгаа
“Сайхан намаржиж байна уу”, “Намаржаа тавлаг уу”, “Ургац арвин уу” гэж мэндэллээ.
Зарим хүмүүст эдгээр мэндчилгээ маань жаахан хуучинсаг ч юм уу, өвөө эмээтэйгээ
гуч хүртлээ хамт амьдраад уусчихсан юм болов уу даа гэж бодогдсон ч байх.

Тэгтэл тэгсэнгүй. Найзууд маань утасны цаанаас “Сайхан намаржиж
байна. Сайхан намаржиж байна уу. За, танай гэрээр сонин сайхан юутай” гэцгээж байна.
Харин танилууд маань “Сайхан намаржиж байна. Ажил төрөл чинь тавлаг уу. Налгар намар
болж байна шүү, Б.Зангад гуайн өнөө дуулдаг дуу шиг” гэж ирээд л мэндчилж байна.

Тэгэхээр ахмадуудын яриад байдаг шиг залуус маань яадгаа алдчихаад
байгаа ч юм алга. Хэрвээ та “Хаая” гэвэл таны өөдөөс хүмүүс “Хаая” гэж л мэндчилнэ.
“Сайхан намаржиж байна уу” гэвэл “Намаржаа тавлаг уу” гэсэн таатай хариу мэндчилгээний
үг сонсоно.

Ингэхээр манай ахмадууд хуучны сайхан мэндчилгээний алт шиг
сайхан мөртүүдийг өдөр бүр амнаасаа унагаж байвал залуус, хүүхдүүд тань тэрийг уламжлан
авах болно шүү дээ. Тийм болохоор та бүхэн минь сайхан мэндчилгээнүүдээ залуус,
дүүс нараасаа биш өөрсдөөсөө эхлээд хайвал, дараа нь бид та бүхэнтэйгээ өдөр бүр
сайхан мэндчилээд сурчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Бямбадорж: Мөрдөн байцаалтын арга нь хэвээрээ байна

Монгол Улсын хүний эрхийн
үндэсний комис­сын дарга Ж.Бямба­доржтой ярилцлаа.

-Танай байгууллагад он
гарснаас хойш хич­нээн өргөдөл гомдол ирэв. Хэрхэн шийдвэр­лэж байна?

-Ер нь өргөдөл гомд­лын  тоо эрс нэмэгдэж байгаа. Хүмүүс өөрс­дийн­­хөө
эрх, эрх чөлөөг мэдэрдэг болж. Жаахан ч гэсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд
холбогдох байгууллагад хандвал сэргэдэг гэдгийг мэддэг болжээ.

-Ямар төрлийн өргө­дөл гомдол
ирж байна вэ?

-Нийт гомдлын 70-80 хувийг ял шийтгүүлээд
хоригдож байгаа болон цагдан хоригдож байгаа 
хүмүүсээс ирүүлсэн бай­даг. Хэрэг нь шалгагдаж дуусаад шүүхээр шийд­вэр­лүүлж
байгаа хүмүү­сийн өргөдөл гомдол ч байна. Мөн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх
гом­дол нэлээд ирдэг боллоо. “Ажлаас халагдлаа, хө­дөл­мөрийн гэрээ бай­гуул­даггүй,
ажил дээр дарамт үзүүлж байна” гэх мэт гомдол ирж байгаа. Өнгөрсөн жил уул уур­хайн
асуудлаар нэлээд том хэмжээний хурал зо­хион байгуулсан. Тэр үеэр иргэд,
ялангуяа хө­дөө­гийн малчид их ирсэн. Уул уурхайн олборлол­тын үр нөлөөнөөс бо­лоод
эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс өргөдөл 
гомдол мэдүүлдэг.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх аргыг хэ­рэглэж, хүний эрх ноц­той зөрчигдөж
байгаа талаар та өнгөрсөн до­лоо хоногт хэвлэ­лийн­хэнд мэдээлсэн. Хэрэг нь
цагаадсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр танайд ханддаг уу?

-Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалт,
шүүхийн буруутай үйл ажиллагаа­наас болоод хохироод цагаадсан хүмүүс эрхээ
сэргээлгэхээр манайд ханд­даг. Ингэснээр тэд­ний зарим нь улсаас нө­хөн олговор
авсан то­хиолд­лууд бий. Жишээл­бэл, танай сонин дээр гарч байсан Орхон айм­гийн
иргэн Ням-Очир гэдэг залуугийн хэрэг байна. Хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр
мөрдөн байцаал­тын үед зодуулан хөгж­лийн бэрхшээлтэй бол­сон. Түүний хэрэг
шүүхээр ороод 42 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Сэт­гэцийн өвчтэй болсон
Ням-Очир насаараа ээжийн­хээ асаргаанд явах­гүй. Тэр 42 сая төг­рөгийг ямар
насаараа идэх юм биш. Түүн шиг хэлмэгдсэнээ мэдээд сал­сан нь их юм гээд явж
байгаа хүмүүс олон бий. Харин хэлмэгдсэнээ 
мэ­дэх­гүй хүмүүс байгаа нь харамсалтай. Тэдгээр хо­хир­сон иргэд болон
төрийн үйл ажиллагааг буруу явуулж байгаа албан хаагчдад сургамж болоосой
гэсэндээ зарим хэргийн талаар мэдээл­дэг. Хэрэв ингэж хохирсон иргэн байгаа бол
Мон­голын төр танаас уучлал хүсч, зохих хэмжээнийхээ нөхөн олговрыг олгодог.
Харин бид зуучилдаг юм.

-Тэгвэл хэрэг бүрт­гэгч,
мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн бу­руутай ажиллагаанаас  иргэн хохирсон бол эд­гээр хүмүүст арга хэм­жээ
авдаг хууль байна уу?

-Эдгээр  албан ту­шаалт­ны буруутай үйл ажиллагаанаас
хохирсон иргэнд нөхөн төлбөр ол­го­дог хууль байдаг. Нөхөн олговрыг төсвөөс
өгдөг. Би үүнийг хоёр талтай гэж үздэг. Буруутай албан тушаалтнуудад хариуц­лага
тооцох нь зөв л дөө. Гэхдээ буруутайгаа нот­луу­лахгүй, яаж ийгээд хүнийг
буруутан болгох гэсэн хандлага гарах гээд байдаг. Иймд иргэн бу­руугүй гэдгээ
тогтоол­гоход бэрхшээл учирч болзошгүй. Хэрэв буруу­тай албан тушаалтанд
хариуцлага тооцох бол­бол нэг ч иргэн хохирс­ноо тогтоолгож чадахгүй байж мэднэ
шүү дээ.

-Ийм тохиолдолд ту­хайн иргэнийг
хамгаа­лахын тулд ХЭҮК ажил­лах ёстой биз дээ?

-ХЭҮК аль аль талыг нь харж,
мэдрэмжтэй хан­дахгүй бол хэцүү.

-Яагаад?

-Тухайлбал, “Ажил дээр намайг
дарамталж байна, цалин хөлс бага өгч байна, үндэслэл­гүй­гээр ажлаас халчихлаа”
гэх гомдлоор жишээ татъя. Үүнийг бид шал­гаад тогтоогоод үзэхээр эргээд нөгөө
ажилтанд сайнаар биш муугаар нө­лөө­лөх талтай. Хохирогч эргээд удирдла­гуудын­хаа
хараанд өртдөг. Ин­гэс­нээрээ бид тэр хүнд тус болж байна уу, ус болж байна уу.
Тухайн үедээ тус болдог. “Хохирогчийн эрх нь зөрчигдсөн байна, хөдөлмөрийн
гэрээ бай­гуул, цалинг нь өг” гэж албан тушаалтнаас шаар­­дана. Харин мар­гааш
нь өө хайж дахиад л дарамталдаг. Манайд ирсэн өргөдөл гомдлууд дунд ийм
тохиолдол олон. Хүний эрхийн мэд­рэмжтэй байх гэдэг на­рийн. Тэр мэдрэмжээрээ
эрх нь зөрчигдсөн иргэ­ний асуудалд хандах хэ­рэгтэй. Тэгэхгүй бол дан хууль
яриад л явах юм бол нөгөө хохирогчоо хавчлагад оруулчих тал­тай.

-Цагдаа хүчний бай­гууллага
эрүүдэн шүүх ажиллагааг явуулж бай­на гэсэн таны мэдээл­лийн хариуд Цагдаа­гийн
ерөнхий газраас мэдэгдэл ирүүлсэн гэсэн үү?

-ЦЕГ-ын Хэвлэл мэ­дээллийн төвийн
дарга Т.Сайнжаргал хурандаа надад мэдэгдэл өгсөн тухай мэдээллийг би сай­таас
олж харсан. Одоо­гоор надад албан ёсоор мэдэгдэл ирсэн зүйл алга. ЦЕГ-аас
“Манайд нэг ч иргэний гомдол ирээгүй” гэсэнд би маш их гайхаж байна.

Өргөдөл гомдлуудыг нягтлан
бүлэглэж байгаа. Бидэнд тодорхой барим­тууд байна. Тэр дунд за­рим нь
прокурорын мөр­дөнд очоод эрүү үүсчих­сэн хэргүүд ч бий.  Тийм байтал яахаараа бид­нийг ЦЕГ-ыг гүтгэж
байна, манайд нэг ч өргөдөл гомдол ирээгүй гэж мэ­дээлсэн байгаа юм бол.
Магадгүй сайт ташаа мэ­дээлсэн байхыг үгүйсгэх­гүй. Хэрэв ЦЕГ-аас надад
мэдэгдэл ирвэл мэдэгд­лийн хариуг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр өгнө. Гэхдээ
тухайн албан тушаалтан, хохирсон ир­гэ­­ний тухай дурдагдахгүй. Тийм хэрэг
дахин бүү давтагдаасай гэдэг үүд­нээс мэдээлэх болно.

Хамгийн сүүлийн ганц жишээг танд
дуулгах уу. Өчигдөрхөн ХЭҮК Төв аймагт Хүний эрхийн өдөр­лөг арга хэмжээг зо­хион
байгуулсан юм. Энэ үеэр тус аймгийн Цаг­даагийн газрын үйл ажил­лагаатай
танилца­хад 2013 оны байдлаар 18 албан хаагчид холбог­дуулан хүний эрхийг зөрч­сөн,
эрүү шүүлт тул­гасан талаар Улсын Ерөн­хий прокурорын дэр­­гэдэх Мөрдөн бай­цаах
албанд гомдол гар­гасан байна. Тэдгээрээс дөрвөн албан хаагчид холбогдуулан
эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэн шал­гаж байгаа ба нэг хэргийг прокуророос яллах
дүг­нэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээд байна.

Цагдан хорих бай­ранд хийсэн
шалгалтаар нэг хүн хоригдох үедээ цагдаагийн албан хааг­чид резинэн болон ца­хил­гаан
бороохойгоор зодуулсан гэх мэдээлэл өгсөн ба түүний биед учир­сан гэмтлийн
гэрэл зургийг авч бэхжүүллээ.

-Эрүүдэн байцаах ажиллагааг
таслан зог­соохын тулд ХЭҮК ямар ажил хийж байна?

-ХЭҮК-оос УИХ-ын Хүний эрхийн дэд
хороо­ны дарга Д.Ганбаттай ярьж тохирсон юм байгаа. Энэ асуудлаар хэлэлцүү­лэг
зохион байгуулдаг ч юм уу. Тэгэхгүй бол бай­дал эвгүй болсон байна.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх ажилла­гаа­ны ямар хэлбэр зон­хилдог юм бол. Иргэ­дийн
ирүүлсэн өргөд­лөөс нэр дурдахгүйгээр хэлэхгүй юу?

-“Намайг бичиг үсэг мэдэхгүйг
далимдуулж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулдаг”, “Чамайг шоронд хатаана”,
“Эхнэ­тэй чинь шоронд хийнэ.” Хэргээ хүлээхгүй бол ча­майг цонхоор шидчихээд
өөрөө үсэрсэн гэж хэлнэ”, “Өвчтэй ээжийг чинь шо­ронд хийнэ шүү гэж тул­гадаг”
гэх зэрэг мэдээл­лүүд ирээд байна. Цаг­даа­гийн ажил хүндийн хувьд хүнд. Гарсан
хэргийг ил­рүүлэх үүрэг нь тэдэнд ногдож байгаа. Цагдаа нар нэг юмны сэжүүр ба­риад
авдаг. Тэрийгээ ба­талгаажуулахын тулд ил­рүүлдэг арга бий. Харин манайхны олон
арван жил хэрэгжүүлсэн хэлбэр бол өөрөөр нь хэрэг хү­лээлгэж, нотлохыг оролд­дог.
Эсвэл ах, дүү төрөл, төрөгсдөөс нь мэдүүлэг авдаг. Энэ бол Монгол Улсын Үндсэн
хуулийг зөрчсөн явдал юм. “… өөрийн болон гэр бүлийн ги­шүүд, эцэг, эх, үр
хүүх­дийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүү­лэг
өгөхийг шаардах, мэ­дүүлэг гаргуулахаар ша­халт үзүүлэх, хүч хэрэг­лэхийг
хориглоно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь
халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн асар том заалт Үнд­сэн хуулинд бий. Олон
арван жил манайд ор­шин тогтнож байсан эрүү­дэн шүүх ажиллагааг халахын тулд
орсон заалт юм шүү дээ.

Га­даа­дынхан бол хэрэг ил­рүү­лэхийн
тулд уг хэргийн эргэн тойр­ныг нь судалж, хөдөлшгүй нот­лох баримтыг үндэслэн
буруу­тныг олж тог­тоодог. Харин манайх­ны шил­­дэг арга бол хамгийн тү­рүүнд
өөрийг нь барьж аваад өөрөөр нь яриулах. Эсвэл бусдаар яриулдаг. Тиймээс эрүү
шүүлтээс ангид байх, эрүү шүүл­тийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн бай­гууллагууд
нэхээд, шаар­даад байгаа нь цаанаа учир холбог­дол­той. Энэ тал дээр их хатуу
байр суурьтай байж, хүн гэдэг талаас нь хандах ёстой. Гэтэл энд нэг мөрдөн бай­цаагч,
хэрэг бүртгэгчийн нэр гарахгүй. Харин Мон­гол Улсын Засгийн газар ийм үйл
ажиллагаа явуул­даг гээд олон улсад хардагд­даг. Эд­гээр нь үнэн гэж хүлээн зөв­шөө­рөх,
эсхүл худлаа гэж батлах зорилго алга. 
Ямар ч гэсэн ийм дохио энэ хүмүүс өгөөд байна.  Энэ үйл ажил­лагааг эрхэл­дэг төрийн албан
хаагчид дүгнэлт хийгээсэй л гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.

-Эрүү шүүлт хэрэг­лэсэн албан
тушаал­танд хүлээл­гэдэг ха­риуц­лага байна биз?

-Хамгийн хориотой зүйл. Гэмт
хэрэг.

-Мөрдөн байцаал­тын үед сэжигт­нийг
зо­дож, дарамталдаг юм байна уу?

-Хааяа тийм зүйл гар­даг юм шиг
байна лээ. 2011 оны дөрөвдүгээр сард би Дор­ноговь, Говь­сүмбэр аймгуу­дын
хорих ангид шал­гал­таар яв­сан. Тэгэхэд нэг хориг­дол гомдол мэдүүлсэн юм. “На­майг
барьж ширээн дороо гав­ласан” гэж байсан. Бид түү­ний гомдлын дагуу проку­рорын
мөрдөнд өгсөн. Үүн дээр эрүүгийн хэрэг үүссэн сураг байна лээ. Энэ мэт хэргүүд
гар­даг.

-Сэжигтнийг эрүү­дэн шүүх,
хэрэг хү­лээл­гэхийн тулд зодож нүдэх байдал хаана гол­дуу гарч байна?

-Орон нутагт зонхилж бай­гаа.
Малын хулгайч нар их сүлжээтэй болчих­сон. Эрүү шүүлтэд өртсөн хүмүүс хул­гай,
дээрмийн хэрэгт холбогд­сон байдаг. Тэд 
чинь олуу­лаа ч бай­даг юм байна. Хэрэг хий­сэн хүн мөн үү гэвэл мөн
байдаг. Тэгээд л мөрдөн бай­цаагч нар хуучин ар­гаа хэрэг­лээд буруудаад байдаг
юм уу гэдэг ойл­голт төрөөд байгаа юм. Энэ бол хүн хэлмэг­дүүлж байгаа юм биш.
Хэрэг хийсэн хүнд буруу арга хэрэглээд байгаа юм. Бу­руу юмтай бу­руу аргаар
битгий тэмцээч ээ. Буруу юмтай хуулийн дагуу зөв аргаар тэмцвэл ялна.
Тухайлбал, саяхан согтуу жолоочид зодуулсан цаг­даагийн албан хаагчийн хэ­рэг
байна. Нөгөө согтуу жо­лоо­чийг ардаа суулга­чихаад машиныг нь цаг­даа жолоо­доод
явсан бай­на лээ. Гэтэл согтуу жолооч цагдаагийн хоо­лойг нь боосон байсан. Тэр
цагдаа магад­гүй амиа алдсан бол яах вэ. Өөрий­гөө аюулд оруулаад ин­гэж ява­хын
оронд тэр дор нь нэмэлт хүч дуу­дах ёстой. Би бол цагдаагийн албан хаагчийг
өмөөрдөг. Гэхдээ хуулийн дагуу ажил­лах ёстой. Энэ мэт хуулийн дагуу ажиллах­гүй
байгаагаас алдаа гарч байна.

-Орон нутгийн цаг­даа хүчний
байгуулла­гуу­дад 400 ширхэг эрүү­дэн шүүх сандал тараа­сан байсныг танай бай­гууллага
ил­рүүлс­ний дараахан эргүү­лэн та­тах асуудал яригд­сан. Энэ та­лаар танай бай­гууллагад
ха­риу өгсөн үү. Ер нь тэр сандал дээр хүн эрүүд­сэн зүйл байгаа болов уу?

-Манай ХЭҮК-ийн ги­шүүн П.Оюун­чимэг
орон нутагт шал­­­гал­таар явж байгаад илрүүлсэн юм билээ. Тэгээд гишүүний­хээ
бүрэн эрхийн хү­рээнд шаардлага тавь­сан. Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг
байгуу­лагдаж, эрүүдэн шүүх санд­лыг эргүүлэн татах ажиллагаа явагдсан байх аа.

-Гадаадад эрх нь зөр­чигдсөн
иргэдийн­хээ та­лаар ХЭҮК хэр­хэн ажиллаж байна вэ. Эр­хүүд манай нэг иргэн
амиа алдсан байсан. Мөн Т.Аятунгаа бүсгүй хамт­ран амьдрагчдаа охи­ноо алдаад
одоо сураггүй байна?

-Эрхүүд амиа алдсан иргэ­ний
талаар манайд ямар нэгэн өргөдөл гом­дол ирээ­гүй. Одоогоор ажил­лаа­гүй байна.
Т.Аятун­гаагийн охины хувьд нөгөө Чарльз гэдэг нөхөр олдохоо байсан. Бид Филип­пиний
ХЭҮК-т албан бичиг явуул­сан. Тэгээд тэн­дээс Канадад суугаа ЭСЯ-нд явуулсан
албан бичгийн­хээ хуул­барыг ирүүлсэн байна лээ. “Энэ хүн манайд алга. Танайд
байгаа сураг­тай” гэ­сэн тийм бичиг өгсөн байсан.

ХЭҮК гадаадад бай­гаа иргэ­дийн­хээ
эрхийг хам­гаа­лахад ан­хаар­лаа хандуул­даг. Гэвч гадаад оронд ажил­лаж
амьдарч байгаа иргэ­дийн­хээ араас мянга хашги­раад амжилтад хүрэхгүй. Ма­лайзад
амиа алдсан Ш.Ал­тан­­туяагийн хэрэг гэхэд хэрэг­сэхгүй болчих­лоо. Бид энд
дуугараад байдаг. Бичиг цаас ши­дэл­цэхээс өөр ямар ч ам­жилт олсонгүй. Бус­дын
до­тоод хэрэгт орол­цож болдог­гүйн жишээ энэ. Бид тэнд очоод мөр­дөн байцаалт
явуулж, шүүх боломжгүй. Тийм учраас манай иргэд га­даад оронд явахдаа үүнийг
бодолцох ёстой.

-Танай байгууллага хур­дан
морины унаач хүүхдүү­дийн асуу­­далд анхаарлаа хандуул­даг. Үүнтэй хол­бог­дуулан
УИХ-аас баталсан тог­тоол бий. Тог­тоолын хэ­рэгжилт ямаршуу байна вэ?

-“Монгол Улс дахь Хү­ний эрх, эрх
чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийн дагуу авсан олон арга хэмжээ
байгаа. Өнгөрсөн жилийн дуулиантай Уул уурхай, шавилин суудаг хүүхдүүд, хөгж­лийн
бэрхшээлтэй хүү­хэд сурдаг сургуу­лиу­дын асуу­дал орсон бай­гаа. Олон улсын
байгуул­лагуудаас Мон­гол Улсын Засгийн газарт өгсөн зөв­лөмжийн биелэл­тийн
явцын асуудал байгаа. Маш олон асуудлаар УИХ-ын Хууль зүйн байн­гын хороо
нэлээд томхон тогтоол гарга­сан. Энэ тогтоолд нэг чухал заалт орсон. ХЭҮК-оос
гар­га­сан зөвлөмж шаардлагыг бие­лүү­лээгүй албан ту­шаал­тан, бай­гуул­лагын
талаарх мэдээллийг ээл­жит илтгэлд оруулахдаа УИХ-д танил­цуулж бай гэж. Энэ
бол тун чухал заалт. Тиймээс бид зөв­лөмжийнхөө биелэлтийг зо­хих хэмжээгээр
бай­гуул­ла­гуу­даас шаар­даж байна. Ма­найд иргэдийн гомдлоос гад­на мэдээлэл
ирдэг. Энэ жи­лийн наад­муудад олон хүү­хэд бэр­тэж гэмтсэн байна. Мөн хоёр
хүүхэд нас барсан. НҮБ-ын хүүхдийн бай­гуул­лагаас хүний эрхийн байгуул­лагуудад
хүргүүл­сэн санамж, зөвлөмжийн дагуу холбогдох байгуул­лагуудад хүр­гүүлж ажил­ла­сан.
Гэтэл маш олон хүүхэд мориноос унасан ту­хай мэдээлэл байгаа. Зарим нь насаа­раа
хөгжлийн бэрх­шээл­­тэй болсон мэдээлэл ч ирсэн. Энэ талаарх нарийн мэдээлэл
цагдаагийн бо­лон эмнэлгийн бай­гуул­лагад ч алга. Бид уг нь Хүүхдийн төлөө
газар энэ ажлыг хийдэг байх гэж бодоод албан бичиг хүргүүлээд байгаа юм. Тог­тоол
маань наад­маас өмнө гарсан. Тэгэхээр холбог­дох албан бай­гууллагууд чиглэ­лийн­хээ
дагуу ажилласан байх. Шаардлагатай бол хүнд бэртэж гэмтсэн хүүхдүү­дийн эцэг
эхтэй уулзъя гэж байгаа. Тийм эцэг эх­чүүд байвал ирээ­­рэй гэж танай со­ниноор
дам­жуулж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөдөө дэх шоронгийн засаглал буюу Монголын эмгэнэл

“Шоронгийн хулгар, нут­гийн овгор”
гэж хоч­логдох хүмүүс эцэстээ ямар уршиг балаг тарьд­гийг Говьсүмбэр аймгийн харьяат
Ж.Ганхуяг ха­руул­лаа. Ж.Ганхуяг шо­ронд байсан, хэний хэн­бу­гай­гаас ч айдаггүй,
хүн­тэй гар зөрүүлж байгаад хүчин мөхөсд­вөл хутгал­даг гэдгээ­рээ бусдыг айл­гасаар
нутаг­таа дураа­раа дургиж, дунд чөмгөө­рөө жиргэдэг болсон нэгэн. 

Даврах тусам нь дар­лаг­даж, далласан
газар нь ил гүйж, далайсан үед нь далд нуугдан, аргыг нь авах гэж аль л өнгөтэй
өөдтэй бүхнээ хөөр­хий Чойрынхон түүнд саймш­ран өгдөг, өргөдөг бай­сан. Түүний
энэ эзэрхий­лэн дарангуйлж, азарга­лан хар­гис­лах  нь эрээгээ алдаж, эцэстээ нийгмийг айдаст автуул­сан
эмгэ­нэлт хэрэг үйлдэгдэх уршиг дагуулж  байж.
“Аав”-ын үүд татаж, нарс­ны нааранд олон жил талхлагдсан хэн байлаа ч цаанаа л нэг
“шорон” санаа­тай болсон байдаг нь чонын үүрэнд өссөн хүний үр түүхий мах зул­гаадагтай
агаар нэгэн ажээ. Тэрээр найман жил шоронд суугаад бусдыг өрөв­дөж хайрлах, энэрэн
нигүүл­сэ­хийг умартсан чулуун зүрх­тэй, хүн дүрс­тэй нэгэн болж хувирсан байгаа
юм. Архи­наас хол байлгах гэсэн эхнэ­рээ төмөр царил, зээтүү, хүр­зээр зэвсэглэн
бүтэн яс үлдээл­гүй хэмхчин нүдэж, гавлыг нь няцалж хөнөө­сөн хэрэг үйлдэхээсээ
өмнө дэл­гүүрт чихэр ава­хаар зогсч байсан хүүх­дийн 300 төгрө­гийг бу­лааж авч
байсан нь жирийн л зүйл байжээ. Тэрч­лэн нутгийнхаа иргэ­дийн хөрөн­гөнд гар дүрж,
хүний юмаар хүүдэгнэж байсан нь түүний хувьд бол хүн ёсных юм байж. Ер нь хаа газарт
ингэж “шорон­гийн хулгар” хэмээн өөрийгөө цоллож хүний нийг­мээс өөрсдий­гөө тусгаарла­сан
нутгийн овгор, жалгын жаанууд хэзээ нэгэн цагт өөр­төө болон өрөөлд гай бол­соор
ирсэн. Овгордож бусдын юмыг өөрийн болгон булааж яваа хүмүүс бүхнийг азарга­лах
гэсэн авираа­саа болж хэн нэгний гарт өртөн бусдыг хэрэгтэн болгож эсвэл мөрөө­рөө,
амьдралын төлөө яваа нэгний цаг хугацааг дуусгавар болгох нь харамсмаар. Ж.Ганхуя­гийн
үйлдсэн хэр­гүүд, сая эхнэрээ балмадаар хөнөөсөн нь Монголын ний­гэмд байгаа зөвхөн
нэг эмгэнэл, нэг жишээ нь. Нутаг нутагт л шо­рон­­­гоор дамжсан Ж.Ганхуягийн ижлүүд
байна. Бүр хулгайн хэргээр хоёрхон жил нааран дээр хэвтсэн этгээдүүд наранд гарахаа­раа
хүний үнэрээ гээж нутаг нугынхаа иргэдийг айлгаж ичээж, эд хө­рөнгөд нь эзэн сууж
явдаг болжээ.

АТАМАН ТӨРӨӨГ АМЬСГАЛ ХУРАА­ХАД
УВСЫН ИРГЭД АЛГА ТАШИЖ БАЙЖЭЭ

Шоронгоос гарсан хули­гаа­нууд хөдөө
нутагт очоод хэрхэн авирлаж нутгийн удирдлагаас ч эрх мэдэл­тэй байдаг бас нэгэн
жишээг дур­дъя. 1990 оны эхэн үе шиг билээ. Увс аймгийг донсолго­сон нэг ата­ман
төрсөн нь Төрсайхан гэгч. Тэрээр хул­гай, хүчин, хүн зодсон хэргээр олон жил шоронд
суугаад нутагтаа очсон нь энэ. Очуу­таа л аймгийнхаа Засаг дар­гын маши­ныг булаан
унаж дэлгүүр хэсэн тооцоо төлбөр­гүйгээр архи, татаас авдаг болсон байгаа юм. Увсын
дэлгүүрүүдийн аль л өнгөтэй өөд­тэйг нь хаман авч айм­гийн­хаа Засаг даргын унааг
дөрөөлсөөр хэсэг хугацааг туулсан гэж байгаа. Энэ хооронд эр хүйстний чанараа гаргаж
нутгийн олон сайхан бүсгүйг доромжилж байсан байдаг. Увс аймагт түүний өөдөөс дуугарах
зоригтон гэж байсангүй. Хэрвээ түүнд сур­гаал айлдах болбол хулгана муурын сүүлээр
оролдоно гэгч болно. Тиймээс өг гэснийг нь өгч, далд ор гэсэн газарт нь зугтдаг
байжээ. Нутгийн буурьтай хөгшчүүл түүнд “хүн шиг бай” гэж хэлснийхээ төлөөсөнд зодуулаад
үлдсэн удаа ч олон тохиолдсон гэж байгаа. Ямар сайндаа айм­гийн дарга нь унаагаа
булаалгачихаад юу ч дууга­рал­гүй хэдэн жил болохов.

Түүний дарлал, дарамт­ыг Увсынхан
яс махаараа мэдэрч байсан цагт бас нэгэн атаман болох “хар” Тулгаа шоронгоос суллагджээ.
Төрсай­хан ч “хар” Тулгааг онгоцны буудал дээр тосч “Увсын дош минийх. Хол  бай” гэж хэлсэн аж. Тэгэхэд нь Тулгаа шинэхэн
атаман Төрсайханы амийг тэр дор нь тасалсан нь баярлууштай хэрэг болжээ. Энэ мэдээг
сонссон Увсын иргэд баяр­лах­даа уйлж, алга ташиж байсан байгаа юм. Хүмүүсийг ийм
болтол нь хашрааж бай­сан шоронгийн эрийн түүх төгсөхөд Тулгааг шүүн хэлэл­цэх болж.
Хуулиараа хүн хөнөө­сөн хүнийг цаазаар авах нь дамжиггүй. Ингээд Увсын шүүх нээлттэй
хурал­да­хад нутгийн иргэд нь Тул­гааг “хэрэгтэн биш. Гавьяатай хүн” гэж өмгөөлсөөр
бага ялтай мулталж байсан нь саяхан. 

Түүнчлэн Мөст сумын иргэ­дийг тэр
чигт нь чичрүүл­сэн хэрэг 1990 оны сүүлийн хагаст гарч байсан нь Ховд аймгийн Мөрдөнгийн
архивт хадгалаастай. Тухайн үед Ч.Эр­дэнэ­­сонины гурван хүүх­дийг хө­нөөж, зам
дээр хаясан хэрэг ман­дахад аав нь болох Ч.Эрдэнэсо­нинг сэжиг­лэн барив­чилсан
байдаг. Ер нь гэрчүүдийн мэдүүлэг, цаг хугацаа гээд бүх зүйл Ч.Эрдэнэ­сонин хэргийг
үйлд­сэн болохыг нотолж байж. Ингээд Ховдын шүүхээс цаазаар авах ял сонссон Ч.Эрдэнэсонин
Улаанбаатарт ирсэн ч хэргээ хүлээ­­гээгүй гэдэг. Ийн хэдэн жил болоход Ч.Эрдэнэ­сонин
хэргээ хүлээл­­гүй улмаар цайрсан байгаа юм. Хэргийг цай­руулахдаа эхнэр нь Ч.Эрдэнэсо­нины
дарамт­аас ангиж­рахын тулд гур­ван хүүгээ хөнөөгөөд нөх­рөө гүтгэсэн байж ч болох
гэдэг үндэслэлийг бий болгосон удаатай.

Энэ хугацаанд Ч.Эрдэнэ­сонин нутгийнхаа
захиргаа руу захидал бичиж “Мөст сумын иргэдийг бүг­дийг нь ална.  Би удахгүй” суллаг­да­на гэдэг зурвасыг илгээгээд
байж. Мэдээг сонссон Мөс­тийн иргэд ч тэр чигээрээ үймж, Ч.Эрдэнэ­сонинг ирэхээс
нь өмнө нутаг орноосоо дүрвэх тухай асуудал ч боссон байгаа юм. Учир нь нутгийн
иргэд түүнийг хэрэг­тэн мөн гэж шүүхийн өмнө гэрчилсэн нь түүнээс айхад хүргэжээ.
Харин нутгийн нэг хөгшин санал гаргасан нь дэмжиг­дэж нутгийн олон дага­сан байна.
Ингээд Ч.Эрдэнэ­сонинг суллагдаж ирэ­хэд Мөстийн иргэд хадаг барин угтаж, айл айлаас
өмч тасдан гэр барьж, нутаг чөлөөлөн өгчээ. Мөст сумын цаад биед байх хайрхан түүний
мэдэлд очиж төд удалгүй хэрэгтэн Эрдэнэ­сонин мянгат мал­чин болсон гэгддэг. Тэрээр
ийн мянгат малчин болсон нь мөнөөх шоронгийн атаман гэдэг хоч зүү­сэн­тэй нь холбоотой.
Тод­руулбал, Ч.Эрдэнэсонин өөрийн өмчилж авсан нутаг руу хүний мал орж ирвэл буцааж
өгдөггүй байсан аж. Адуу мал аа эрж, сурж ирсэн нэг­нийг “Хохь чинь. Энэ газар минийх.
Яах гэж малаа нааш нь явуулаад байгаа юм. Миний газрыг талхалс­ных нь төлөөсөнд
авлаа” хэмээ­гээд зодож, занчин буцаасаар мянгат Ч.Эрдэнэсонин гэх титэм зүүх болсон
удаатай.

Ийн шоронгоор дамжсан хүмүүс нутагтаа
хаан шиг амьдар­даг нь жам ёсных мэт болжээ. Өнөөдөр шоронд ордог, хүн алдаг, хуулиас
айдаггүй гэдгээрээ дарам­талдаг хүмүүс нутаг нутагт л байна. Монголын нийгэмд ийм
ил хэрнээ далд дарлал газар авсаар.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Дөлгөөний энгэрээс урагш хараа сунгахад
цэлийсэн  шаргал тал. Шим нь толгой руугаа
орсон өвс буцаж буй цагийн эрхээр тогоотой сүүний цөцгий шиг л шар­галтан намрын
хонгор салхинд найган ганхана. Тэртээ зүүн дороос ба­раан морьтой хүн айсуй. Гүүн
зэлнээс залуу хосууд гурван хувин дүүрэн 
саам дамжлан алхаж явна. Мөн шувууд хаашаа ч юм бэ зэллэн нисч байв. Ийм
л дүр зураг намаршин буй хөдөөнөөс  хараг­дана. 

Их үдийн алдад гэ­рийн эзэн Д.Цэрэндорж
гуайтай хамт хонинд морд­лоо. Уяан дээр нь зээрд, алаг зүсмийн хоёр морь байна.
Тарган бай­гаа дээр нь одоо хөнгө­рүүлж хүчийг нь тогтоож, хавар унах гэж барьж
авсан морьд гэнэ. Хө­дөө­нийхөн үүнийгээ морь шарлуулах хэмээн ярь­даг билээ. Ингээд
гэрийн зүүн хойд талын толгод руу явцгаалаа. Морины уяан дээрээс мордоход л агь,
таанын үнэр хамар цоргих.

Замдаа бид хоёр ам хуурайгүй яриад
л яваад байгаа.

Ноосны урамшуулал мөнгөө авч байгаа
юу гэхэд “Өө тэрийг манай эхнэр л авч байгаа байх, би сайн мэдэхгүй. Ер нь тэрийг
авсан аваагүй болоод л байдаг юм. Хотын хүмүүсийг хараад байхад махандаа л байдаг
цалингаа барьж байгаа улсууд юм. Ченжүүд бид­нээс мах хямд үнээр авчихаад цааш нь
өндөр үнэтэй өгөх юм. Махны бизнесийг ченжүү­дээс салгах төрийн бодлого дутаад байх
юм. Бид махаа мах зардаг хүмүүст шууд өгчихдөг, тэр нь багахан үнэ нэмээд худалдан
авч байгаа хүн­дээ шууд өгчихвөл болох юм. Ингэж чадвал хотын хүмүүс цалингаа маханд
биш өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах байх гэж бодогддог юм” гэв. Ийнхүү ярьж явсаар
толго­дынхоо орой дээр гараад ирлээ. Хаашаа л харна шаргал тал цэлийн хараа булаах
ажээ. Тал дунд адуу, үхэр, хонин сүрэг тайван гэгч нь налайх юм. Бандгай гуайн хонь
баруун энгэ­рийг барин идээ­шилж байна. Цаг агаарын мэдээ­гээр удахгүй цас орж,
бага зэрэг хүйтрэх гэж байгаа гэдгийг Д.Цэрэн­дорж гуай ярив. Түүний хэлж буйгаар
одоо бага зэрэг цас орох нь газарт нэн хэрэг­тэй зүйл гэж байна. Хатсан өвсөнд чийг
өгөхөөс гадна намрын хайлган цагаар мал усанд явж тарга тэвээр­гээ алдаад байхгүй.
Цаг агаар эрт хүйтрэхээр мал өвөл бээрэхгүй өлчир байдаг гэсэн. Тэдний амь­жиргааны
гол эх үүсвэр нь бог мал. Бог малдаа хонь олон. Тэдний хонь Баянцагааны илүү нугаламтай,
данхан сүүлтийн үүлдрийн хуц жил бүр тавьдаг гэсэн. Харин ямааг Увс аймгийн Өлгий
сумын хар ухна тавьсан. Ноолуур сайн гардаг том биетэй учир Увс аймгаас нүүж ирсэн
айлаас ухна худалдан авчээ.  

БУХИМДАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДРАЛ
Д.Цэрэндоржоос хөдөө дутаг­дах гачигдах
зүйл байна уу гэж асуулаа. Тэрээр хэсэг дуугүй суун бодож байснаа “Хөдөө дутагдах
гачигдах зүйл юу л байв гэж. Хэрэг­лээ бага шүү дээ. Сүүлийн үед залуус хот руу
дайжих болж. Хүн чадлаа мэдэж, боломжоо харж амьдрах орчноо сонгох учиртай юм. Үүнийг
л өнөөгийн залуус мэдэхгүй байна. Эртхэн эхнэр, хүүхэдтэй болоод амьдралын мөрөө
хөөсөн залуус бол хөдөөд сайхан амьдарч бололгүй яахав. Монголын хөдөө гэдэг чинь
цэвэр агаар, цэвэр хүнс, амгалан тайван орчин шүү дээ. Наад зах нь эрүүл мэндээ
боддог хүнд хот гэдэг чинь уурын зуух л болчихоод байна шүү” гэв. Үнэхээр түүний
хэлснээр хөдөө нутаг сайхан. Монголд хямрал болох гэж байна. Ам.долларын үнэ нэмэгдэж
байна гэх зэрэг зүйлс малчдад огт хамаагүй. Бас цалин бага, зарлага их байна. Автобус
унаа, ус цахилгааны мөнгө зэрэг  аар саар
зүйлээс бүр ангид. Дур­тай цагтаа хотноосоо хонь төхөөрч тарган мах идчихээд, үнэтэй
эд зүйлс хэрэглээд л явж байна. Цаг агаар тогтуун өвс, ногоо элбэг байвал жаргалтай,
дэлгэр байж чадна. Хөдөөд ямар ч бухимдал алга. Зөвхөн хөдөлмөрлөж түүний үр шимийг
хүртсэн хүмүүс. Харин хотод дээд сургууль төгсөж, мэргэж­лээрээ ажиллаж чадаагүй
барилга дээр туслахаар ажиллаж, бор хоногийг хүний эрхээр  өнгөрөөж буй 
залуус олон бий. Тэд барил­гын туслах хийгээд мөрөөдөөд байгаа сайхан амьдралдаа
хүрнэ гэдэг бүтэшгүй мэт. Харин мал маллаад түүнийг өсгөж чадвал хэнээс ч дутахааргүй
сайхан амьд­рах боломж энд байх шиг хэмээн ярив.

МАЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫГ
ТӨЛДӨГ АЖИЛ ОЛГОГЧ МАЛЧИН

Мал нь хоёр мянгаас дээш гарсан малчид
доороо 2-3 малчин айлтай болчихсон байна лээ. Тэднийгээ цалинжуулаад бас хоол ундыг
нь даачих аж. Хонь, үхрээ таслаад гэрийнхээ ойролцоо мал­чин айлуудаа буулгачихаад
өглөө болгон машинтай очиж заавар зөвлөгөө өгсөн шиг л амьдардаг юм байна. Д.Цэрэндорж
гуайнх мөн л гурван малчинтай юм билээ. Мал­чин айлуудынхаа гэрийн эзэн болоод эхнэрийг
нь цалинжуулаад бүр нийгмийн даатгалыг нь хүртэл төлдөг гэж байгаа. Үүнийгээ яваан­даа
нас өндөр болохоор өөрсдөд нь хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна лээ. Өнгөрсөн жил
гэхэд Төв аймгийн Баянцагаан суманд өвөл, хавар малыг нь харж өгдөг хоёр айлд цалингаас
нь гадна мал тасалж өгчихөөд иржээ. Д.Алтан­гэрэл, Дармаа гэх хоёр айлд нэгэнд нь
50 эм хонь, нөгөөд нь 30 хонь, ямаа өгсөн 
байна. Гэхдээ малыг хүн шиг л хайрладаг хүнд мал өгөхгүй бол сайн санаад
өгөхөөр маргааш нь хот руу мөнгө болгох гээд махлаад аваад явчихдаг хүн ч байдаг
хэмээн ярьж суув.

Ийнхүү хонины бэлчээр дээр хэсэг яриа
өрнүүллээ. Бандгай надтай элдвийн зүйл ярьж суухдаа ийш тийшээ дурандаад байх. Тэгс­нээ
“Өглөө хүүгийн олохгүй байсан хүрэн азаргатай адуу тэнд л байна. Пүрэв хэдэн хонио
хариулаад явж байна” гэх мэт малаа, байгаль, ойр орчмоо бүртгэнэ. Хонь тогтуун байгааг
харсан болохоор гэр рүүгээ явлаа. Тэр үеэр том хүү Батзаяа өглөө олоогүй адуундаа
явжээ. Тиймээс бид хоёр гүү татах ажилд томилогдлоо. 40 гаруй унага татав. Ихэнх
гүү нь сүү сайтай юм. Удалгүй хувин дүүрээд, том саванд юүлэх ажээ. Энэ үеэр хотоос
хүүх­дүүд нь ирцгээсэн юм. Тэд гэртээ орж, айраг уучихаад аав, ээжийнхээ түлээг
бэлдэж,  өгөхөөр явцгаалаа. Баруун талд байх
уулнаас бургас олж ирэх гэнэ. Мөн усны том цэн­хэр савуудыг нь дүүргэхээр хоёр нь
явлаа. Гэрийн эзэгтэй тогоо нэрж байлаа. Нэрмэлийн жалавчны ус халахаас өмнө үхрийн
зэлэн дээ­рээ очиж үхрийн баас дэлгэх юм. Намрын шар аргал бэлдээд авчих­сан байхад
мод шиг л асна. Намаржаан дээр байхад цас орлоо гэхэд түлшгүй гэж муухай царайлахгүй.
Мөн аймгийн төвд байх хамаатнууддаа намар, өв­лийн түлшийг бэлдэж өгнө хэмээн Пунцагдулам
эгч энэ тэрийг хийх  зуураа ярина.

Гэрийн эзэд удахгүй Баянца­гаан орж
өвөлжөөгөө янзалж өнгөр­сөн өвөл хураасан аргалаа хураах юм гэнэ. Амралтын өдрүү­дээр
хүүхдүүд нь ирсэн болохоор хадсан  өвсөө өвөлжөө
рүүгээ зөөх гээд мундахгүй олон ажилтай. Пунсалдулам эгч саяхан л зэлэн дээр үхрийн
баас дэлгээд зогсож байсан ч аль хэзээний гэрийнхээ үүдэнд ирээд ааруул тавьж байгаа
харагдав. Хэзээд нь амжуулдаг юм гэмээр дэлгэцтэй ааруул гэр дээр эрийтэл нь тавьчихсан
байх аж. Мөн тэднийх том гэртээ бяслаг шахаж байлаа. Ус, модонд явсан хүүхдүүд ч
удалгүй ирлээ. Ойрхон байх уулнаас цөөн хэдэн бургас олж иржээ. Том хүү Ц.Батзаяа
ч адуунаас ирлээ. Аавынхаа гэрт орж ирснээ нэг найз руугаа залгаж байгаа бололтой
суурин утсаар ярив. “Чиний алдсан гээд байгаа гурван адуу чинь ямар зүстэй билээ.
Аан цэгээн дэлтэй шарга үрээ байна лээ. Нөгөөх нь хүрэн адуу байсан бараг мөн юм
биш үү” гэв. Тэгснээ “За тэгвэл адуу гарга­хаар хүрээд ир. Хамт явж харах уу” гэж
нэг найзынхаа адууны сургийг гаргаж өглөө. Тэгснээ гэрээсээ хонины арьс гаргаж ирээд
гэрийн­хээ ард байх шүүтэй сав руу хийж байгаа харагдлаа. Өвөл өмсөх сэгсүүргэн
дээлнийхээ арьсыг шүүдэж байгаа нь энэ аж. 
Харин бусад нь гүү саах цаг арай болоогүй байгааг ашиг­лаж, хотоос ирсэн
хүүхдүүдтэй дэмбээдэх аж. “Дэмбээ манан даа тавын манан зургаа байна” гээд… үзэж
тарлаа, нөгөө­дүүл чинь. Би ч  юу дутахав
гэсэн шиг дунд нь суугаад л тэдэнтэй дэмбээдэв. Намрын өдий цагт хөдөөнийхөн их
ажлынхаа хажуу­гаар найрлаж, бас дэмбээднэ. Ийнхүү нэг өдрийг жирийн нэг малчин
айлд өнгөрөө­лөө. Ямартай ч бидний очсон айл амьдралд дарлуулалгүй, харин ч давж
гараад даацтай амьдарч болж байгаагийн жишээг тэднээс олж харлаа. Үүнийг гэрийн
эзэн “Хэрэвзээ бид хотод байсан бол цалингаас цалингийн хооронд царай алдаад сууцгааж
байх байсан биз” хэмээн ярьж байсан юм. Зарлагаа давсан орло­готой, гэрийн эздийн
яриагаар бол зарлагагүй орлоготой амьдарч байгаа эгэл өрх айлын амьдралын зах зухаас
сурвалжлахад ийм байна.

Нар баруун тийш  хэвийж, бүлээн элчээ түгээх ажээ. Тэртээд харагдах
өндөр уулс халиун бугын зоо шиг шаргалтан байна. Бүх зүйл нарны өнгөтэй болчихсон
мэт шаргал. Зүүн уулын энгэрээр хонин сүрэг тааваараа идээшлэх үед гэрийн эзэдтэй
дахин уулзах ерөөл тавин нийслэлийн зүг хөдөллөө. Ай даа, Монголын  налгар намар мөн ч сайхан юм аа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Жаргалсайхан: Манайх яаралтай үйлдвэрлэгч болж ам.долларын нөлөөнөөс гарах ёстой

Эдийн засагч Д.Жар­гал­сайхантай
ярилц­лаа.

-Сүүлийн хоёр са­рын хугацаанд
ам.дол­ларын ханш эрс өслөө. Үүн дээр та ямар дүг­нэлттэй байна вэ?

-Ам.долларын ханш хоёр шалтгаанаас
болж өссөн.  Нэгдүгээрт, гадаад худалдааны
алдагдал огцом өссөн буюу импорт нь экспортоосоо үргэлж их байдагт. Монгол  мах, махан бүтээгдэхүүнээс бусад бараг бүх бараагаа
импортолдог. Эхний ха­гас жилд 1.5 тэрбум, жи­лээр нь бодоход гурван тэрбум доллар
буюу эдийн засгийн 20-30 хувь­тай тэнцэх алдагдал. Бид үйлдвэрлэгч биш учраас байдал
ийм болж байна.

Хоёрдугаарт, гадаа­даас орж ирж байгаа
хө­рөнгө оруулалт, мөнгө­ний гуйвуулга эрс багас­сан учир дотоодод бай­гаа ам.долларын
хэмжээ буур­сан явдал. Мон­го­лын дотоодын гүйлгээнд ч ихэнх нь ам.долла­раар (юаниар)
авсан ба­раа эргэлдэх учир ам.дол­лар чухал үүрэг гүйцэт­гэдэг. Мөн Хятадын эдийн
зас­гийн өсөлт буурахаар, экспорт нь саарч, юань сулрах хандлагатай учир Монголд
юанийг чанга дээр нь ам.доллар авах гээд сонирхол яваандаа ихэсч болно. Тэр үед
юань сул­раад, доллар чангарах болно, одоо­гоор энэ хоёр хоёу­лаа Мон­голд чан­гарч
байна.

Манайхан экспортод бүтээгдэхүүн гаргахад л  анхаарах хэрэгтэй. Урьд нь алдагдал бага байсан
нь бид экспортод эрдсийн түүхий эд гаргаад мөнгө олоод байсан. Одоо нүүр­­­­сээ
гаргах нь ашиггүй болохоор валют орж ирэх­гүй байна.

-Сүүлийн үед Мон­голын эдийн засаг
хям­раад байна гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь энэ хямрал биш ээ түр зуурын
хүндрэл гэх юм. Өнөөдөр Монголд эдийн засгийн хямрал нүүр­лээд байна уу, хэсэг зуурын
хүнд­рэл гарчихав уу?

-Сонгомол тодорхой­лолт нь хоёр улирал
да­раалаад эдийн засаг хасах гарвал хямарлаа гэдэг. Манайх хасах биш, бүр хоёр оронтой
тоо­гоор өсч байгаа. Өндөр өсөлттэй хэрнээ өнөө­гийн хүндрэлтэй байдалд ороод байгаа
нь эдийн засгийн өсөлт бүр иргэ­дийн амьдралын түвшинг дээшлүүлдэггүйг хэлээд байгаа
юм.

Эрдсийн экспорт өсөх нь эдийн засгийн
чанар­тай өсөлт гэсэн үг биш. Эдийн засагт үнэ цэнэ (нэмүү өртөг) бий болго­сон
үйл ажиллагаа нь давамгай байх ёстой. Уул уурхайн өсөлт эдийн за­сагт хөөсөн өсөлт
бүр­дүүлснийг бид харж бай­на. Манай ашигт малт­малын гол хэрэглэгч Хята­дын хэрэгцээнээс
бүх зүйл хамаарна. Манай нүүрсний үнэ Австрали, Оростой өрсөлдөх чад­вар­гүй болоод
эхэллээ. Гол учир нь нүүрсээ авто машинаар шороон за­маар зөөж буй учир өртөг их.
Нүүрсийг дэлхий дээр усан болон төмөр замаар л зөөдөг.

Монголын төр засаг энэ асуудлыг шийдэж
ча­дах­гүй байна. Хувийн компани төмөр зам бари­хыг зогсоочихоод одоо заавал төрийн
буюу иргэ­дийн мөнгөөр төмөр зам тавиад эхэллээ. Ер нь бол 10-аас дээш хувиар өсч
буй эдийн засаг үргэлж хөөс дагуулдаг. Их мөнгө ороод ирэ­хээр үндсэн хөрөнгөний
үнэ нэмэг­дэнэ. Цалин нэмэхээр, өргөн хэрэг­лээ­ний бараа бүтээгдэхүү­ний үнэ нэ­мэгддэг.
Даанч бидний бүтээмж нэмэг­дэх­гүй бай­на. Энэ хоёрын зөрүү­нээс хөөс бий бол­сон.
Сүүлийн хэдэн жил үлээ­сэн бөмбөлөг хагарч эхэлж байна.

-Цаашид ам.долла­рын ханш 2000
төгрөгт хүрнэ гээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Доллар өснө гээд хэл­чихээр хүмүүсийн
хүлээлт өөр болоод улам өсгөөд байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид дол­ларын ханш
улирлын үйл ажиллагаанаас болоод хэлбэлзэнэ. Оны эцэст 1670 дээр зогсох байх, хэдийгээр
одоо 1680 хүр­сэн ч. Сургууль, соёлын ули­рал эхэлж байгаатай холбоотой өсөлт. Одоо­хон
долларын хэрэгцээ багасдаг үе рүүгээ орно.

Эдийн засагт орж буй мөнгө хувийн
хэрэглээн­дээ бус, юм бүтээхэд, бү­тээх чадварыг нэмэгдүү­лэхэд шилжиж байгаа л
бол эдийн засаг зөв яв­даг. Манай улс үүнд тууш­тай анхаарахгүй байна. Бид дэлхийд
хэрэгцээтэй бараа үйлчилгээ бүтээж экспорт гаргаж чадахгүй байна. Үүний нэг шалт­гаан
нь төр засаг нь төр өөрөө хийе, дэмжээд хөн­гөлөлттэй зээл өгье гээд бүх салбарт
ороод бай­гаа­тай холбоотой. Ингэс­нээр төр засаг өрсөл­дөө­нийг устгаж байна. Хямд­хан
зээл авсан компанийг өрсөлдөгч нь яаж дийлэх юм бэ. Өрсөлдөөн байх­гүй газар бүтээмж
нэмэг­дэх­гүй, тэгэх ч шаардла­гагүй, хамгийн сайн бо­ловсон хүчнийг авч ч чаддаггүй.
Зарлигаар цалин нэмээд байхаар боловсон хүч­нүүд нь онц­гой хичээх, шинийг бү­тээж
санаач­лах шаард­ла­га­­гүй бол­дог.

-Сүүлийн үеийн мэ­дэгдлүүдийг хараад
бай­хад монголчууд дол­лараар наймаа хий­дэггүй. Ихэвчлэн урд хөрштэйгээ харьцдаг
тул долларын үнийн савалгаа Монголд ямар ч нөлөөлөх зүйл байх­гүй гээд байна?

-Долларын ханш бид­ний амьдралд нөлөөлөх­гүй
гэж байгаа нь худлаа. Харин ч хамгийн их нө­лөөл­дөг. Манайхан юа­нийг авахын тулд
доллар авдаг. Юань, доллар хоёр Монголд чөлөөтэй эр­гэлд­дэг валют. Бид өөрс­дөө
юм бүтээхгүй гаднаас бараа бүтээгдэхүүн аваад байгаа цагт юань, доллар байсаар л
байна.

Ер нь бид маш яарал­тай үйлдвэрлэгч
болох хэрэгтэй. Импортоор авч байгаа зүйлсээ орлуу­лахыг хичээ. Бодлого­тойгоор,
Монголдоо хий­сэн бүтээгдэхүүнийг хэ­рэг­лэх нь зүйтэй. Солон­госчууд хямралаас
ээмэг, бөгжөө хандивлаж бай­гаад гарсан түүх бий. Ин­гээд импортоо орлуулах, эхний
ээлжинд чацарга­ны шүүс уугаад, нэрс­ний чанамал идээд эхэлье. Гадаадаас авчир­сан
мах, сүү биш Монгол малыхаа буяныг зөвхөн хэрэглэе. Гадаад худал­дааны алдаг­дал
багасна. Хүн бүрийн оролцоо чухал.

Эдийн засгийн хүнд­рэлийн өөр нэг
шалтгаан нь төрийн бүтэц дэндүү томорсонд байгаа юм. Төрийн бүтцийг томруу­лах нь
улс төрийнхөнд ашигтай болсон. Тэдний бизнес нь нэг гараараа төсвийг томруулах,
нөгөө гараараа холбоотой ком­па­ниуддаа төрийн үйл­чил­гээг өндөр үнээр хүр­гүүлэх,
зам барих, төрийн худалдан авалт, түүний санхүүжилтийн сүлжээнд оролцох бол­лоо.
Улс төр, бизнесийн холбоо улам далд, улам нарийн болж байна. Тэгэ­хээр манай төрийн
тогтол­цоо, төрийн бүтцийн далд холбоог сууриар нь өөрч­лөх шаардлагатай.

-Одоо бензинээс бу­сад бараа бүтээгдэ­хүү­ний
үнэ нэмэгдчихлээ. Цаашид бензиний үнийг төр барьж дий­лэх­гүй гээд байгаа. Үүн дээр
байр сууриа илэр­хий­лэх­гүй юу?

-Бензин нийлүүлж буй компаниудад хямд­рал­тай
үнээр, томоохон зээл өгөөд үнэ нэмж бо­лохгүй, нэмбэл торгодог бүтэц тогтов. Энэ
бол үнэ өөрчлөгдөхгүй явсаар зардал нь өссөөр нэг л өдөр бензингүй болчих магадлал
өндөр. Эзэд нь компаниа ашиггүй ч ха­маа­гүй үнээр зарчихдаг.

Өнөөдөр бид төрийн үүргийг буруу ойлгоод
байгаа юм. Төр том байх ёстой гэдэг социалист үзэл бодол. Бүгдээрээ адилхан ядуу
байх Кубын сонголт. Төр нь бага, бүх тогтолцоонд юуг, яаж хийх стандарт, журмыг
тогтоо­гоод түүнийг ний­тээр мөрдүүлэх ажлыг л төр хийх ёстой. Гашуун ч гэсэн үүнийг
эртхэн ойл­гож, төр засаг жижиг болж ажиллахгүй бол бид улам хүчтэй цохилт амсах
болно.

-Энэ сарын 16-ны өдөр ээлжит бус
чуул­ганаар Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийг хэлэлцсэнээр
ямар үр дүнд хүрэх бол. Бид энэ хуулиас юу хүлээх ёстой вэ?

-Эдийн засгийн хям­рал, хүндрэл бол
алдаа­гаа засах, бодлогоо то­дорхойлох боломж. Хуу­лийг яаж ч өөрчлөөд, маргааш
нь хөрөнгө оруу­лагчид ирэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийг өөрчлөхдөө яавал
өмнөх алдаануудаа гар­гах­гүй байхыг бодох хэ­рэг­тэй. Том хөрөнгө оруул­бал урт
хугацаа­гаар тогтвортой байлгах гэрээ байгуулна гээд бай­гаа. Тогтвортой байдлын
гэрээ байгуулна гэдэг нь хууль зүйн олон орчин бий болгож, тэгэх тусам эдийн засагт
тогтворгүй байдал бий болгоно гэсэн үг. Хариу тогтвортой байл­гах зүйл бол гэрээ
биш, харин бодлого нь өөрөө байх ёстой.

Бизнесийн тогтвор­той байдлыг урт
хуга­цаанд хангахын тулд үргэлж хүн нь солигдох ёстой төр өөрөө бизнест бага оролцох
явдал. Мон­голын бүх орд газар, Мон­голын иргэн хүн тус бүр шиг,  стратегийнх байтал ялгасан нэр томъёо өгөөд байгаа
нь өөрөө буруу. Тэртэй тэргүй газрын доорх баялаг зуун хувь ард түмнийх.  Тэнд ажил­лаж байгаа компаниас хувь эзэмшээд,
хөрөнгөө оруулна, оруулахгүй гээд маргалдах ч шаардла­гагүй.

Түүний оронд ашигт малтмал ашигласны
төл­бөр, бусад татвар хураам­жаа нэмж хасаад сууж байсан нь хамаагүй ашиг­тай. Зарим
үед бүсээ чангалж, суллах нь хэн хэндээ хэрэгтэй юм. Авст­рали болон бусад орнуу­дад
ийм зүйл байдаггүй.

Манайх шиг 200 ор­ноос 100-д жагссан
авли­гатай оронд төр нь хувь­цааг нь эзэмшээд, 
ашгийн нь шударга хуваагаад явах бол үлгэр. Норвеги шиг, ядаж эхний тавд
ор­вол өөр хэрэг. Тэр болтол цаг хугацаа хэрэгтэй.

Эдүгээ төр 34 хувийг байтугай,
100 хувь эзэмш­сэнээ ч  хянаж чадахгүй байна.
Төрийн өмчийн гэх улс төрчдийн компаниу­дад авьяас чадвар дээр суурилаагүй арын
хаал­ганы, улс төрийн намынх холбоотой, ах дүү, хамаа­тан садан нь бидний хөрөн­гийг
ээлж ээлжээр завшаад удаж байна.  Улс­төрчид
улс үндэстэн баян байх байхыг уриал­дагч, одоогоор бол зөв­хөн өөрсдөө л баяжсаар
байгаа.

Монголчууд төр засаг дотроо хулгай
луйвраа цэгцэлж чадаагүй цагт Монголын эдийн засаг хөгжихгүй шүү дээ. Хям­рал үргэлж
гарах бөгөөд төлбөрийг нь ард түмэн төлсөөр байна. Иргэд бидний худалдан авч буй
талх болон бусад бараа болгоны үнийн 10 хувийг төр засгийн тансаг зан, төрийн өмчийн
компаниу­дын алдагдлыг төлөхөд зарцуулж байгаа.

-Хөрөнгө оруулагчид нэгэнт дүрвэчихлээ.
Хэдэн жилийн дараа­наас хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-2014 онд манай хам­гийн том түнш
болох Хята­дын эдийн засаг саарсан хэвээрээ байна. Хятадын эдийн засгийн нэг хувийн
бууралт бидэнд хүндээр тусч, эдийн засагт нө­лөөлж байна. 2014 онд шууд хөрөнгө
оруулалт эргээд ирэхгүй байх.

Энэ хооронд гэр ор­ноо цэвэрлэж, бүх
зүйлээ байх ёстой газар нь тавьж чадвал эдийн засаг арай гайгүй болох юм. Нөгөө
нэг асуудал нь төмөр замын цариг болчихлоо. Урагшаа гарч байгаа бүх замаа нарийнаар,
хой­шоо өргөнөөр тавьчих хэрэгтэй. Ачаа шилжүүл­дэг бүх үйлчилгээг Мон­гол нутгийн
гүнд хий­вэл бид олон улсын тээв­рийн үйлчилгээний занги­лаа төв яваандаа болж,
том орлоготой болно. Энэ бол том ашиг, газраа ухах шаардлага бага бол­но. Ази, Европын
худал­даанд үйлчилсэн гүний боомтууд Монголд хэд хэдэн хотод байна гээд боддоо.
Гэтэл үүнийг хийх­гүй янз бүрийн шал­таг гаргахаа больчихоо­сой. Аль болох хоёр
хөр­шийн сонирхол хил дээр биш нутгийн гүнд уулзах нь стратегийн ашигтай.

-Монгол банк дол­ларын ханшийн
өсөл­төд анхаарал хандуу­лан ажиллаж байгаа гэ­сэн. Гэтэл УИХ-ын дарга интервенцийг
сул орхих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж бай­на. Зүгээр л зөнд нь ор­хи­чих
хэрэгтэй юм уу?

-Монгол банк төгрө­гийн уналтыг огцом
биш байлгах талаас нь ажил­лаж чадахаас бүрэн зог­соож чадахгүй. Тэгж ч болохгүй.
Ханшийн өөрч­лөл­тийг байгаа нөөцийн­хөө хэмжээнд тааруулан түр зуур барина.

-Баруун цанхийн ол­борлолт эхэлсэн.
Энэ нь Монголын эдийн за­сагт дэм болж чадах уу?

-Уг нь Зүүн Цанхийн мөнгө өдийд эдийн
зас­гийн эргэлтэд орчих бай­лаа. Борлуулалтын төл­бө­рөө түрүүлж зээлээр аваад хуваагаад
идчих­сэн учир Зүүн Цанхиас өрөө дарж байгаа. Өл­сөөд байгаа учир Баруун Цанхиасаа
нүүрс гаргаж буй хэрэг. Харин аль хэр мөнгө олох нь төмөр зам хэзээ барих, нүүрсээ
угааж чадах эсэхээс л хамаарна.

-Бондын ашиглал­тын талаар та ямар
бо­долтой байна. “Чингэс” бондын мөнгийг үр дүн­тэй зарцуулж чадав уу?

-Бид энэ бондыг яа­рал­тай авсан шалтгаан
бол өмнө нь тэр хэмжээ­ний шахуу хөрөнгийг 3-4 төрийн аж ахуйн нэгжээс зээлж аваад
хэрэглэ­чих­сэн явдал. Хэрэв тэгээ­гүйсэн бол бонд авахгүй­гээр, дэд бүтэц рүүгээ
уул уурхайгаас олсон мөнгөө хийх байсан. Үүний ха­риуц­лагыг хэн хүлээх юм. Хоёр
нам л хүлээнэ. Энэ хоёр эвсэж байхдаа би­дэнд хайртайдаа ч биш, сонгуулийн үеэр
хоосон амласандаа болоод тэр их мөнгийг хамтраад та­раа­гаад өгчихсөн. Тэгээд хэн
ч хариуцлага хүлээх­гүй яваад л байгаа.

Үндсэндээ тэр мөнгөө зээлээр буюу
бондоороо төлж байгаа хэрэг. Баруун Цанхийн нүүрсээ өнөө­гийн ханшаараа өгөх нь
ашиггүй. Мөн автомаши­наар зөөж байгаа нь эко­ло­гийн хувьд нэн хортой. Орон нутгийнхан
дургүй байгаа.

Монгол Улсын хөг­жилд дэд бүтэц хэрэгтэй.
Дэд бүтцэд мөнгө хэрэг­тэй. Түүнийгээ зээлээд л аваад байна. Яваандаа зээлээр биш
өөрсдийн орлогоосоо авах хатуу сахилга бат тогтоомоор санагддаг. Хувийн сек­торын
хийчих зүйлийг хийлгэх нь зүйтэй. Төрд байгаа авлига, олон тэр­бум төгрөгийн ашиггүй
ажлыг цэгцлээд бондын­хоо өрийг дарах хэрэгтэй. Ахиад бид бонд авах бо­лоо ч үгүй.
Яагаад гэвэл бид эдийн засагтайгаа тэнцүү шахуу өртэй бол­чихсон. Одоо бүсээ чан­галах
хэрэгтэй.

-Ахиж зээл авбал бон­дын хүү нэмэгдэнэ.
Иргэ­дийн нуруунд ачаа улам л нэмэгдэнэ биз?

-Бонд шинээр гарга­вал нэмэгдэнэ.
Манай эдийн засгийн төлж чадах хэмжээний бондыг бид авчихсан. Үүнээс цааш авч чадахгүй.
Хэрэв авбал улам өндөр хүү­тэй байх болно. Монгол Улс мөнгийг олох чадва­раа­саа
илүү зараад бай­на. Энэ нь ирээдүйг маш эрс­дэлтэй болж байгаа юм.

-Уул уурхайн гадаа­дын хөрөнгө
оруулалт зогссон болохоос бу­сад салбарын хөрөнгө оруулалт хэвийн хэм­жээн­дээ байна.
Тийм болохоор уул уурхайг дагаж хямрах шаардла­гагүй гэх юм?

-Манай экспортын 80 хувь нь уул уурхай.
Бусад салбарын хувьд эдийн засагт том нөлөө байхгүй. Бид мөнгөтэй болохоо­роо найр
наадам хийж гадаадын хөрөнгө оруу­лагчдаа нүд үзүүрлэн хөө­гөөд, мөнгөгүй болчих­сон
хойноо буцаад ирээ­ч гэх боллоо. Зөвхөн улс төрчдийн араншин. Үүний­хээ оронд соёл
ир­гэн­­шилтэй бусад орны адилаар хамтарсан, хө­рөн­гийг нь оруулсан хэл­бэрээр
гадаад ертөнц­тэй үргэлж цуг явах нь зөв. Харин хууль, дүрэм зөрч­сөн бол гадна,
дотны гэлт­гүй хэнбугайг ч ха­риуц­лага хүлээлгэх ёстой.

-“Дисковериа Мон­голиа” чуулга
уулзал­тад өмнөх жилүү­дийн­хийг бодоход цөөн тө­лөөлөгчид оролцож байна. Энэ юунаас
болж байна вэ?

-Уул уурхайн бизнес хумигдаад эхэллээ.
Одоо бол Монголд нэгэнт хө­рөн­гөө оруулчихсан нь үлдсэн. Тэд олон жи­лээр тооцоод
их хөрөнгө аваад ирчихсэн тул санд­раад л байж байна. Сан­хүүгийн хөрөнгө босгодог
компа­ниуд нь гарч яваад хө­рөнгөө оруулсан компа­ниуд нь бидэнтэй цуг эрс­дэлээ
хүлээж байгаа юм. Жишээ нь уул уурхайн өрөмдлөг хийдэг ч юм уу, лабо­раторийнхон
үлд­сэн. Ер нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байх­гүй бид хөрөнгийг бий болгох чад­­ва­раасаа
илүү зар­цуу­лаад байна.

-Гаднын хөрөнгө оруу­лагчдыг эргүүлэн
татах шилдэг арга гэвэл та юуг нэрлэхээр байна?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог
багас­гах, урьдчилан харж боло­хуйц, гэнэт огцом хөдөл­дөггүй бизнесийн орчин байлгах,
гадаадын хө­рөн­гө оруулагчидтай ха­рилцах уур амьсгал эн­гийн, гадаадын хүмүүсийг
ирээд амьдрахад найр­саг байх хэрэгтэй. Мон­голчууд гадаадын хүмүү­сийг хараад дургүйцэж
байгаа нь тэднийг бүүр ирэхгүй болгож байна. Гуравдагч хөршийнхөн явж байна. Гэтэл
хоёр хөрш өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалт татах гэж байгаа болохоор юун Монголтой
манатай. Ер нь бодох зүйл их байна даа.

-“Их 20” буюу “Жи 20”-ийн
уулзалт Санкт-Петрбург хотноо бол­сон. Энэ уулзалтын талаар ямар бодолтой байгаа
вэ?

-Үндэстэн дамжсан компаниудаас татвараа
авах талаар анх удаа хэлэлцэж байна. Давхар татварын асуудлыг хөн­дөж байна. Ер
нь үнэ цэнэ бий болгож буй улсдаа  татвараа
төлөх нь шударга зарчим. “Жи 20”-ийн уулзалтын шинэлэг зүйл нь энэ.

-“Жи 20”-ын уулзал­таас гаргасан
шийдвэр Монголд нөлөөлөх хэм­жээгээрээ хэр байх бол?

-Үргэлж нөлөөлдөг. Нөлөөлөхгүй гээд
байгаа хүмүүсээс, Монголд хий­сэн юуг хэрэглэж байгааг асуу. Гар утас, өмссөн хувцас,
унаж буй машин, бензинээ хар. Бүгдээрээ Монголд хийг­дээ­гүй.  Эд­гээр барааны үнэ өөрч­лөг­дөхөд би­дэнд нөлөөл­дөг.
Бидний сонголт бас гажигтай бол­чихсон. Бид шинэ, үнэтэй машин л аваад байдаг, зам
чинь хуучин, муу хэвээ­рээ л байгаа. Хот чинь маши­наа даахгүй болчихсон. Орчноо
засах нь хэнд ашигтайг ч ойлго­доггүй.  Сайхан
зам, сайн эмнэ­лэг, гар утастай болъё гэдэг. Гэр дотроо сайхан, гадаа гараад муу
хэвээ­рээ. Ухаалаг, даруухан байцгаая.  Бас  “адууны­хаа хирээр исгэр” гэдэг байх аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Н.Цэрэндоржийнх хоёр мянга хол давсан малтай. Хоёр мянга гаруй
хонь, ямаа, 400 гаруй адуу, 200 гаруй үхэр, сарлагтай аж төрж байна. Тус айлын гол
амьжиргаа нь мал. Тэднийх Төв айм­гийн Сэр­гэ­лэн сумын ну­таг Ав­дарын уул гэх
дүн­хийсэн хөх уулын хойхно Дөл­гөө­ний энгэр гэдэг газарт намаржиж байна лээ. Нутгийнхан
нь түү­нийг Бандгай хэмээн ав­гайлан дууддаг юм байна. Жаран насны босго алх­сан
тэр­бээр “Буянт ма­лын үр шим барагдахгүй. Хөдөө ну­тагт мал ха­риулж, өөрийн­хөөрөө
явсны үр шимээ ах нь үзэж байна. Хэдэн хүүх­дүүдээ хотод байр, орон сууцаар хангаж,
эрдэм номын мөр хөөл­гөлөө.

Бусдын хүүхдүүдийн уна­даг үнэтэй
машин хүртэл авч өглөө. Үүнээс илүү жаргал хаана байх вэ. Мал дагавал ам тосдоно
гэж үнэн үг шүү.  Хөдөлмөрлөж чадвал Мон­голын
хөдөөд сайхан амьд­рал байна шүү залуусаа. Ямар ч зарлага байхгүй, орлого ороод
байх тийм л амьдрал энд байна” хэмээн ярьж байсан юм.

Өвсний шим толгой руугаа орсон энэ
л цагт хөдөө нутаг үнэхээр сайхан байдаг. Бүх зүйлс тогоо дүүрэн сүү шиг л мэлтэлзээд
байх. Малын тарга тэвээрэг нэмэгдчихсэн. Сүү гэж будаг шиг л өтгөн. Хөхүүртэй айраг
чимчигнээд л, хөдөө нутгийн тэнүүн жар­гал гэдэг энэ. Шаргал намрын хайлган цагаар
хүн бүр зав­гүй хөдөлмөрлөж байна, Мон­голын хөдөөд. Тариа, ногооны хураалт эхэлчихсэн.
Малчид өвс, хадлангаа зэхээд өвөлжөө бууцаа янз­лах, малаа “язартал” тарга­луулж
өвлийг өнтэй давах гээд борви бохис хийх завгүй. Ийм л цагаар сайн сайхныг цогцлоон
буй  Цэрэн­дорж гэх санасан бод­сон зүйлээ
шууд хэлчихдэг зантай хөдөөний малчинтай нэг өдрийг хамт өнгөрөөж сурвалжлага хийсэн
юм. Тэд­нийх хөдөөний зочломтгой халуун дулаан зангаар сур­валжлага хийхээр ирсэн
биднийг угтсан юм.  

Бидний очсон айл маань өөдөө дэвшин
дээшилж буй нь илт. Гэрийнх нь гадаа очиход л амьжир­гааны түв­шин сайтай нь ха­раг­дах
аж. Хонины хашааны наана улаан “жийп”-ээ тавь­чихсан. “Аавын цээж” гэх ногоон УАЗ
машинаа баруун хамар дээ­рээ мануухайн оронд зогсоо­жээ. Ачааны “Бонго”-гоо гэрийнхээ
үүдэнд сойчихсон байх юм. Мөн бага хүүгийнх нь жийп байна. Таван хана­тай их гэр,
сүү цагаан идээний дөрвөн хана­тай гэр барьчих­сан байна. Үх­рийн зэлэн дээр нь
гуч гаруй тугал эгнүүлээд уячихсан. Гүүн зэлэн дээр нь багширсан олон адуу байх.
Н.Цэрэндорж гуайтай хууч хөөрөхөөс сур­валжлага маань эхэлсэн. Тэрбээр “Ах нь энэ
нутагт төрж өссөн хүн. Багаасаа л мал хариулж явсаар өдий хүрч байна. 1971 онд Төв
аймгийн дунд сургуулийг төгсөөд шууд цэрэгт явсан. Тэгээд нэгдэл дундын үйлдвэрийн
туслах аж ахуйчаар буюу малчин бол­сон юм. Тууврын мал туудаг байлаа. 1979-1982
он хүртэл туувар туусан. Тэгээд нэгд­лийн мал хариулж байгаад л 1992 онд хувьцаандаа
цөөн хэдэн мал авч өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод гарсан. Тухайн үед 200 гаруй мал
хувьцаандаа авч байлаа. Цаг ч сайхан байсныг хэлэх үү, манай мал хурдан өссөн шүү”
хэмээн тамхиа нэрэн суух ажээ. Гэрийн эзэгтэйг Пунсалдулам гэдэг юм байна. Сэргэлэн
сумын уугуул. Мэнд устай, цай цүй болсон хөгшин юм. Бидэнтэй “Манайх зур­гаан хүүхэдтэй
айл. Одоо том хүү манайхтай хамт намар­жиж байна. Дунд хүү, том охин хотод. Бага
охин Японд сура­хаар явсан. Отгон хүү маань энд ирчихсэн байгаа. Гүүн зэл хавиар
байгаа байх. Манайх гэдэг айл иймэрхүү байдалтай аж төрж байна даа” хэмээн гэр бүлээ
танил­цуулсан.

СЭРГЭЛЭН СУМЫН АНХНЫ МЯНГАТ МАЛЧНЫХ

Сэргэлэн сум олон мянгат малчинтай.
Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайгаас эхлээд Монголд олон адуутайгаараа алдартай
“Ханан” хочит Төмөр­­баатар ч бий. “Ханан” Төмөрбаатар өнөө жил 1500 гаруй адуу
тоолуулжээ. Тэгвэл бидний сурвалжлага хийхээр очсон айл маань Сэргэлэн сумын анхны
мянгат малчин болж байсан бахдам түүх сөхлөө. Үүнийгээ “Хэдэн малын буян биднийг
өдий зэрэгтэй сайн сайхан амьд­ралд хүргэсэн” гэж тайлбар­ласан юм. Цэрэндорж гуай
гурван жилийн өмнө “Айм­гийн сайн малчин” хэмээх цол тэмд­гээр шагнуулжээ. Том хүү
Батзаяа гаднаас орж ирлээ. Адуугаа хурааж ирээд, гүүгээ барьчихаад орж ирж байгаа
нь энэ. “Хүрэн азаргатай адуу алга. Долоо­ны тэр хавь руу өнгийхөөс. Өдөр хэрд тэнд
усанд орох байх даа” хэмээн аавтайгаа ярилцана. Дээрх ярианаас хурдан мори­ны яриа
руу орлоо. Тэднийх сүүлийн үед адууныхаа цусыг холдуулах, хурдан удмын адууны үр
удам тавих зэргээр цус сэлбэ­хэд их анхаарч бай­гаа аж. Сүхбаатар, Дорнод, Хэнтий
аймгаас адуу худал­дан авч адуундаа тавь­жээ. Бүр улсын баяр наадамд аман хүзүүдсэн
“Босоо дэлт” хүрэн азарганы төл, “Их хурд-4” уралдааны түрүү  магнай, халтар азарганы үр удам тэдний адуунд
байна. Дор­нодын бүсийн уралдаанд түрүүлж Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд
айрагдаж байсан буурал азарга хүртэл адуун дунд нь зогсож байх жишээтэй. Мөн Өмнөд
Монголын барга адуу­наас хүртэл худалдаж аваад азарга тавьсан болохоор адууныхаа
удам угсааг сайж­руулж чаджээ. Ирэх жилээс морь уях ажилдаа орох юм гэнэ.
1980-1990 оны үед аймгийнхаа наадамд олон морь айрагдуулж байсан юм билээ. Сүүлийн
хэдэн жил морь уях ажлаас жаахан хөндийрсөн гэв.

“АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ МАНАЙД ИРЭЭД
ЦАГААН ИДЭЭ ХУРААГААД АВ ГЭХЭЭР ИРДЭГГҮЙ”

Намрын шаргал нар ээсэн тогтуухан
өдөр болохоор гэрийнхээ хаалгыг дэлгэжээ. Урагш харахад цэлийсэн хөндий тал шаргалтан
үзэг­дэх ажээ. Гэрийн эзэгтэй хөхүүртэй айраг хэд бүлж байснаа ваарандаа дүүргэж
өмнө тавих. Бас болоогүй бага гэрт тогоо нэрэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд
ажил мундахгүй харагдлаа. Пунсалдулам эгчээс “Цагаан идээгээ худалдаж байгаа юу”
гэтэл “Юун худалдах. Цагаан идээгээ ах, дүүстээ тарааж өгөөд л таардаг. Ганцаараа
болохоор бүх үнээгээ сааж чадахгүй хэцүүдэх юм. Айм­гийн төвд ажилгүй байгаа айлыг
ирж үхэр, мал саагаад цагаан идээ хурааж аваад яв гэхээр ирэх хүн олдохгүй юм. Уг
нь аймгийн төвийн ажилгүй айл, өрхүүд зундаа манайх­тай хамт зусаад цагаан идээ
бэлдэж аваад буувал болох­гүй гэх газаргүй. Даанч залхуу нь дэндсэн хүмүүс юм. Хэрэв
манай хэдэн үнээ, ямааг саа­вал “Дэлэнт мал дээшээ” гэж бараг жилийнхээ хэрэгцээний
мөнгийг олчих боломжтой юм шүү. Гэвч тэгдэг хүн алга байна” гэв.

Цэрэндорж гуайнх гурван зуднаар өнчин
ишигний гарз­гүй давсан байна. Намар гэрийн эзэн цаг агаар ямар байхыг урьдчилан
таамаг­лаад отор, нүүдэл хийгээд явчихдаг байна. 1999, 2000 оны зуднаар гэхэд Сэлэнгэ
аймгийн Орхонтуул, Төв айм­гийн Заамар суманд отор хийж зудтай жилүүдийг малын гарзгүй
давжээ. Энэ жил ч гэсэн Баянцагаан сум руу нүүх юм байна. Сэргэлэн сум өнөө жил
өвс, ногоо сай­хан гарчээ. Сүүлийн 30 гаруй жил огт үзэгдээгүй байсан мангир энд
тэндгүй гарсан тухай хуучлав. Мангир идсэн бог мал тарга тэвээрэг сайн авч, өвлийг
өнтэй сайхан давдаг тухай өвгөдийн яриаг ч дуулгав. 

ХҮҮХДҮҮДДЭЭ ХОТОД ОРОН СУУЦ ХУДАЛДАН
АВЧ ӨГСӨН ГЭНЭ

 Цэрэндорж гуайнх намар малаа худалдаалдаг гэнэ.
Хонь, ямаа, үхэр, адуунаасаа харж байгаад өвөл онд ороход тааруу гэсэн хэдийгээ
зарж мөнгө болгодог аж. Баг­цаагаар 30 гаруй сая төгрө­гийн мал зарчихдаг гэсэн.
Том хүүдээ мал таслаад өгчихсөн. Энэ өвөл мянгат малчин бо­лох гэнэ. Харин хотод
байгаа хүүхдүүдээ орон сууцтай бол­гожээ. Бага хүү Баттөрдөө Төв цэнгэлдэхийн тэнд
зуу гаруй сая төгрөгөөр байр авч өгсөн байна. Мөн саяхан 40 гаруй сая төгрөгөөр
машин авч өгчээ. Удахгүй том хүү­гийнхээ машиныг томруула­хаар зэ­хэж байгаа гэсэн.
Мөн өөрс­дөө аймгийн төв дээр хашаа байшинтай юм байна. Түү­нийгээ ирэх хавраас
орчин үеийн хаус болгох төлөв­лөгөө гаргажээ. Хоёр хөгшин том хүү болон охины­хоо
хүүг малчин болгосон байна. Бусад хүүхдүүд нь хотод ажиллаж амьдардаг. Намар малаа
зарах, хавар ямааны­хаа ноолуур, хонины ноосоо тушаагаад л амьдра­лынхаа бүх хэрэгцээг
ханга­чихдаг байна. Нэг хонийг 120 мянган төгрөгөөр өгчихдөг гэж бай­гаа. Гэртээ
олон суваг гардаг антеннтай. Тэрүүгээ­рээ дур­тай сувгаа телевизээр үзээд гэрээсээ
“Жи мобайл”-ын утсаар ярих юм. Бүр интер­нэтэд хүртэл холбогдох бо­ломжтой ажээ.
Том хүү Бат­заяа аавынхаа улаан “жийп”-ийг унаад хойд уул руу гарч байгаа харагдана.
Машин­тай уулан дээр гараад хонио дурандаж байгаа нь энэ гэнэ. Төд удалгүй мото­цик­лио
асаа­гаад гүүгээ ху­раах. Ер нь машин, мотоцик­лиор ажлаа амжуулаад байх юм. Зэлэн
дээр багшралдах адуу нам­рын хонгор салхинд илбүү­лэн зүүрмэглэх ажээ. Гүүн зэлнээс
гурийлах дуу тодхон сонсогдоно.

Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР