Categories
редакцийн-нийтлэл

“БӨРТЭ ЧОНО-2022”-ИЙН ЭЗЭН ӨНӨӨДӨР ТОДОРНО DNN.MN

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол өнөөдөр Чингис хаан музейд болно.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох тус ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг билээ.

Өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа “Бөртэ чоно”-ын эзэн болсон юм.

Categories
редакцийн-нийтлэл

“ХУРД”-ЫН Д.ГАНБАЯР: “ААВДАА БИ ХАЙРТАЙ”-Г АНХ ЦОГОО ДУУЛАХЫГ СОНСООД БҮГДЭЭРЭЭ УЙЛЖ БИЛЭЭ DNN.MN

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хурд” хамтлагийн ахлагчбөмбөрчин Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-“Хурд” бол Монголын рок попын амьд домог болсон хамтлагуудын нэгТантай шинэ уран бүтээл хийгээд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудын тухай ярилцахыг хүслээ. “Цэргийн бодол”-оос эхлэх үү?

-“Хурд” хамтлаг байгуулагдаад 24 жил болжээ. Миний бие рок попын ертөнцтэй хувь заяагаа холбож, энэ том айл өрхийн хаалгыг татсанаар 40 дэх жилтэйгээ золгож байна. 1975 онд Төмөр замын хорьдугаар сургуулийн бага ангийн сурагч анх гитар барьж сургуулийн шинэ жилийн баярт оролцож байв. Түүнээс хойш 40 жилийн баярыг урлагийн гал тогоонд угтжээ. Манай хорьдугаар сургуулийн “Ган зам” хүүхдийн хамтлагийн багш Чүлтэмдорж гэж урлагийн төлөө төрсөн сайхан хүн байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд түрүүлсэн Дарханы багшийг хараад яалт ч үгүй Чүлтэм багшийгаа үгүйлэн санагалзсан. Чүлтэм багшийн шавь нараас Ардын дуу, бүжгийн чуулгын Зоригоо гавьяат, “Орь залуус” тэргүүт олон дууны эзэн Янжиндулам, “Харанга”-ын Энхманлай, Одсүрэн гээд авьяастнууд төрж гарсан. “Харанга”, “Хурд” амьд хөгжмийн хамтлагууд өнөөдрийн өндөрлөгт хүрэх хөрс суурийг багш маань бэлдсэн байна. Тиймийн учир ярианы эхэнд багшийнхаа гавьяаг хэлэх гэсэн юм. “Цэргийн бодол” дуу бид бүхнийг түүчээ тогоруу шиг замчилсан, булган сүүлтэй уран бүтээл. Бидний хамгийн том ах Ганболд энэ дууг цэрэгт байхдаа салааныхаа нөхөдтэй хамтарч шүлгийг нь бичин, аялгууг нь хийсэн. Хуучнаар морин тойруулгын тэнд Туулын хөвөөнд байсан хилийн багана, харуулын цамхаг босгох зориулалт бүхий цэргийн хуаранд 1977 онд төрсөн түүхтэй. Дунд ангийн сурагч байхдаа би ахынхаа дуудсан ёсоор цэргийн ангийнх нь шинэ жилийн баярт “Цэргийн бодол” дууны бөмбөрийг тоглоод зогсож байлаа.

Цэрэг би чинь ингэж бодохоор

Цээжин дотор минь гал дүрэлзэж

Цэвэр сэтгэлийн уяа алдуурч

Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ” гэх мөрүүд ахын сэтгэлд шууд ороод ирсэн гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд бичтэл салааных нь арван хэдэн цэрэг тал талаас санаа оноогоо хэлжээ. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон ийм гайхалтай уран бүтээл болно гэж яахин мэдэх билээ. Шүлгээ бичиж дуусаад ах маань өөрөө аялгуу хийж бужигналдаж байхыг нь ротын захирагч нь мэдсэн байдаг. “Цэргийн бодол” дууны 30 жилийн ойгоор бид баримтат нэвтрүүлэг бэлдэж, энэ уран бүтээл төрөхөд гэрч нь болж, сэтгэл зүрхээ, бодол оюунаа зориулсан ахынхаа онжавуудыг оролцуулж, дууны түүхийг яриулж олонд хүргэсэн. Бид хаана ч очсон үзэгч олон “Цэргийн бодол”-ыг сонсч байж сая нэг санаа нь амрах шиг болдог. Бидэнд ч ялгаагүй уг бүтээлээ сонсгоогүй бол үзэгч олноо нэг юмаар дутуу орхих юм шиг санагдах нь бий. Монголчууд картын бараанд оочерлож байсан, амьдрал тарчиг, нийгэм зэврүүн байх тэр цагт “Цэргийн бодол” дуу олны сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулдаг байсан болов уу.

-1995 онд Улсын циркт болсон “Хар салхи” концертыг хүмүүс одоо хэр нь ярьдагМонголын рок хөгжмийн түүхэн дэх тэсрэлт гэх нь ч бий?

-“Хурд” хамтлаг наян зургаан онд төмөр замын ажилчин залуус болох Батжаргал, Зоригоо, Тулгаа, Мөнхбат нарын дунд байгуулагдсан түүхийг манайхан мэднэ. Би бол анхны хэдээс үлдсэн бөмбөрчин шүү дээ. Сонирхуулахад, эхний бүрэлдэхүүнд драмын театрын жүжигчин Эрдэнэцэцэг, гавьяат Оюунтүлхүүр нар дуулдаг байсан. Оюунтүлхүүрийн аав Дамдинсүрэн гэж хүн даралтат хөгжимчин байлаа, дүү нь мөн дуулдаг байсан. Хамтлагийн нэрийг “Харанга”-ын Чука, Пүүжээ нарын ах нар өгсөн гэдэг. Гэхдээ бас эргэлзээтэй. Тухайн үед суудлын вагон депогийн дарга байсан Насанбат бил үү дээ, тэр хүн өгсөн ч дуулддаг. Ямар ч байсан “Улс төрийн дууны Хурд” гэсэн хамтлаг байсан. Ерэн хоёр онд миний бие Монголын рок попын амьд домог гэгдэх “Хурд”-ыг жинхэнэ утгаар нь бий болгож, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ хийх ирмүүн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн. Гадны рок хамтлагийн бичлэгүүдийг үзэж, ийм л хэмжээний концерт тоглох юмсан гэх мөрөөдөл надад байсан. Монголын урлаг хэтэрхий поп тал руугаа хазайсан байв. Нэгэн хэвийн тийм байдлыг өөрчилж, урлагт цоо шинэ стиль, хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж тэсрэлт хийхийг эрмэлзсэн. Түүний тод илэрхийлэл нь “Хар салхи” анхны тоглолт байлаа. Амьд хөгжимчид гэдэг чинь тайзан дээр нэг л тийм бадрангуй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дайчин эрэмгий байдгийг өнөө л гадны шилдгүүдээс харна шүү дээ. Хөгжимчид наад зах нь бүдүүн, хөдөлгөөн муутай хүмүүс байж болохгүйг хүртэл ойлгож байгаа юм. Эстрадын урлагийн хөдөлгөөнгүй байдлыг эвдэх гэж маш удаан хугацааны бэлтгэл хийсэн. Үндсэндээ амь амьдралаа зориулсан байхгүй юу. “Чоно”, “Хар дарсан зүүд”, “Харанхуй”, “Хар салхи”, “Алив бос”, “Миний Монгол” зэрэг дуу бидний тогтсон хэв маягийг эвдэх гэж шинийг эрэлхийлэн зүтгэсний хүчинд гарсан уран бүтээлүүд.

Нэгэн түүх сөхөхөд, “Хар салхи” концертоос өмнө буюу ерээд оны эхээр Спортын төв ордны “А” зааланд “Харанга”, “Айзам”, “Өргөө”, “Залуус” хамтлагуудын нэгдсэн тоглолт болж, шилдгийг нь тодруулахаар “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат, Зундарь нарын аваргууд шүүж байсныг би мартдаггүй. Тэр харин жинхэнэ тэсрэлт гэдэг чинь болсон юмдаг. Уран бүтээлийн ид оргил үе дээрээ байсан “Харанга”-ынхан түрүүлж, түүний араас эрч хүчтэй гарч ирсэн “Хурд” орж байлаа. Тэрхүү түүхэн дүрс бичлэгийг Төмөр замын “Сарны өртөө”-гийн Энхсайхан гэж хүн хальсанд буулгасан юм. Өнөөдөр тэр хүн бидний дунд алга. Сүүлд дүүтэй нь уулзахад тэрхүү бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна лээ. Гавьяат Б.Дашдондог туранхай бор хүү анх тайзан дээр дуулж байсан гээд бодохоор эртнийх байгаа биз.

-“Хурд” хамтлаг дүүлэн гарч ирэхэд “Харанга”-ын нөлөө их байсныг хэн хүнгүй хэлдэгТанай хоёр хамтлаг хамтарсан тоглолт ч хийж байлаа?

-“Харанга” хамтлагийн гишүүдээ би дотнын ах нар минь гэж хүндэтгэдэг. “Харанга” байгаагүй бол “Хурд” байх эсэх нь эргэлзээтэй гэж би нэгэнтээ хэлж байсан. Биднийг анх гарч ирэхэд Харангынхан “Бидэнтэй өрсөлдөх хэмжээний хамтлаг гарч ирлээ” гэж талархан хүлээж авсан нь хамгийн том гавьяа юм. “Харанга рок” гэсэн төв хамтлагийнхаа дэргэд байгуулж биднийг угтаж авсан даа. “Хурд”-ын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахад хоёр хүн маш их гавьяа байгуулсныг онцолж хэлэх гэсэн юм. “Өргөө”-гийн Волоож ах байна. Энэ хүн манай Отгонбаярыг хажуудаа авч бэлдсэн. Гитар хэрхэн тоглохыг заасан. Бөмбөрчнөөр ч бэлдсэн. Отгонбаяр, Нааяа хоёр чинь дөнгөж аравдугаар анги төгссөн банди нар байлаа шүү дээ. Тэднийг өдий зэрэгт хүрэхэд гавьяат Волоожийн дэг сургууль ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн “хоовон” Энхбаяр ах байна. Бид бол хөгжмийн мэргэжлийн сургууль дүүргээгүй, ямар ч дипломгүй хүмүүс. Хурдынханд хөгжмийн боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулж, чин зүрхнээсээ бидний төлөө байсаар ирсэн Энхбаяр гавьяат юм. Рок попын энэ л хүмүүсийн хүчинд “Хурд” өнөөдрийнхөө өндөрлөгийг авсан. Түүнээс бид арал дээрх “Робинзо Крузо” нар шиг байгаагүй юм. Харин Монголын рок хөгжмийн урлагт бидний гаргасан зам мөр, орон зай өнөөдөр үгүйлэгдэж байна. Авьяаслаг залуу уран бүтээлчид, дүү нар гарч ирж байна гэж тухайн цагт баярлаж байсан. Харамсалтай нь тэд ямар ч шинэ зүйл хийсэнгүй. Гадныхныг цэвэр дуурайж, хуулж байна. Үүнд сэтгэл дундуур, урамгүй байдаг.

-“Нисванис” тэргүүтэй рок хамтлагууд байгаа биз дээ?

-Рок хөгжимдөө үнэнч яваа “Нисванис”-аас нэрлэлгүй яахав. Уран бүтээлийн хувьд багагүй хугацаанд рок хөгжмийн нэр нүүр болж явсан. “Булсара”, “Лемонс”, “A Sound” гээд хамтлагууд гарч ирж байсан. Гэтэл сүүлийн арван жил рок хөгжмийн урсгалд тийм нэг зааг бий болчихсон юм. Одоо бүр том ангал болсон нь аймшигтай. Америк, Англи, Германд рок хөгжмийн шинэ урсгал чиглэлийн хамтлагууд төрөөд л, үндэснийхээ урлагийг баяжуулж цус сэлбэж байна. Харин Монголын хамтлагууд миний дээр хэлсэнчлэн гадныхны хуулбар болчихож. Монгол үндэсний онцлог алга. Манайхан монгол хамтлаг, монгол урлагийн онцлог, утга агуулга гэхээр морин хуур, хөөмийгөө хэлэх юм. Тэгээд л бүгд ижил түвшинд хуурдсан, хэхэрч орилсон хүмүүс боллоо. Одоо хар л даа, язгуур урлагийн хамтлагууд гээд бүгд л хуурдсан, хэхэрсэн хүмүүс байгаа биз дээ. Зүй нь бол хөгжмийн шинэ урсгал чиглэлийг монгол үндэснийхээ онцлог, сэтгэлгээнд тааруулж, үндсэндээ монгол хөрсөнд тарьж ургуулан шинэ бүтээгдэхүүн гаргахыг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Би тийм эрэлхийллийн төлөө 40 жил зүтгэсэн байна.

Хайдавын Чилаажавын шүлэг “Аавдаа би хайртай”, мөн “Ээждээ” зэрэг олон уярмаар сайхан дууны хөгжмийг бичсэн Ишхүү гэж авьяаслаг нэгэн байлааТанай хамтлагийнхны дурсахгүй өнгөрч боломгүй хүний нэг мөн гэж санана?

-Өвчин гэдэг хэцүү юм билээ. Ишхүү маань уушгины өвчнөөр өнгөрсөн юм. Галдны нөлөөнөөс болж уушигны бяцрал гэгч болсон. Уран бүтээлээ хийж байхдаа ам хамраас нь цус садраад ирдэг байсан. Хамгийн сүүлд би нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хүргэж өгсөн. Тэрхүү авьяас билигт сайхан залууг тэгээд явчихна чинээ огтхон ч бодоогүй. Монголын эстрад урлагийн том аялгуу, авьяасын шавхагдашгүй нөөц, үүр уурхай ингээд явчихлаа гэж үү дээ хэмээн бодоод үнэндээ маш их харамссан. Ишхүү анх Өвөрхангайгаас манай хамтлагт дуучин болъё гэж ирсэн хүн. Тэр чинь ерэн гурван он. Цогоо хамтлагт ороогүй байсан үе. Рок хөгжмийн дуучнаар нэг л болж өгдөггүй, яая гэж байтал мань хүн хөгжим бичдэгээ хэлж, “Ээждээ” хэмээх дуугаа дуулж өгч билээ.

Толгодыг даваад шувууд буцлааээж ээ

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг …” хэмээх дуу нь бид бүхэнд шууд л таалагдсан. Ингэж уран бүтээлээрээ танилцсан. Дараа нь Чилаажавын “Аавдаа би хайртай” хэмээх утга яруу сайхан шүлэгт Ишхүү ямар гоё аялгууг хийснийг ард түмэн мэднэ. Уг дууг Радиогийн фондод бичүүлэхээр очоод студийнх нь гадаа хүлээж суухдаа Цогоогийн дуулахыг сонсоод бүгд уйлж байж билээ. Ишхүүгийнхээ аялгууг нь хийсэн “Аавдаа би хайртай” дууг миний бие дуулах бүртээ, сэтгэлд үг аялгуу нь ороод ирэх бүрийд хамар шархираад явчихдаг. Ер нь би өөрөө гэлтгүй ижий аавын, эх орны тухай дуунуудыг хаана ч очиж дуулна, үзэгч олон хамт дуулж, харийн нутагт суугаа монголчууд минь эх орон, ижий аав, амраг ханиа санагалзан уйлж нэг л халуун дулаан орчин бүрдэж, хайр энхрийлэл, Монголоороо бахархсан бахдал төрөөд явчихдаг. Монгол туургатан олондоо уран бүтээлээ хүргэхэд бас л нулимстай сонсоно.

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…” гээд эхлэхээр хэн бүгдэд аав нь бодогдох нь мэдээж юм.

“…Ачаа тэнцүүлсэн нүүдэл нь

Амьдралтай минь дэндүү адилхан

Адууны чимээтэй тал минь

Жаргалтай минь дэндүү ижилхэн

Заяагаараа би нутагтайгаа адилхан

Дөрвөөр ээлжлэх улирал нь

Наслахтай минь даанч адилхан

Дөчин есөн бүрд нь хүртэл

Нулимстай минь ижилхэн

Зүрх сэтгэлээрээ би Монголтойгоо адилхан” гээд дуулахад хүний нутагт монголчууд минь мэлмэртэл уйлна. Монголоо санасан сэтгэл нь бага ч болов тайтгарах шиг болдог. Ингэж энэхэн дэлхий ертөнцийн хаана ч монгол хэлээр ярьж, монгол гэсэн зүрх сэтгэлтэй яваа элэг нэгтнүүдэд “Хурд” хамтлагийн уран бүтээл хүрсэн. Гэхдээ бид хэзээ ч онгирч, омойтож явсангүй. Аав ээжээс өгсөн суурь хүмүүжил гэж нэг том юм бидэнд байдаг. Бид энэ салбартаа шилдэг нь байж уран бүтээлээ брэнд түвшинд хийе. Бусад нь салбар салбартаа шинэ брэндүүдийг бий болгоно. Тэгж байж улс орон хөгжиж дэвшдэг байх.

-“Хурд”-ынхнаас өнөөдөр хоёр ч гавьяат төрөөд байгаа?

-Цогоогоо Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор гавьяат болоход нь ихэд бэлгэшээж байсан. Өнгөрөгч жил Отгонбаяр маань гавьяат боллоо. Монголын урлагт Цогоогийн, Отгонбаярын гавьяа их. Манай Цогоо эцэж цуцашгүй хоолойтой дуучин. Би Цогоогийн хоолойг бурханы өгөгдөл юм даа гэж боддог. Хичнээн ч цаг дуулна яг л эхлээд дуулсан шигээ тэр урт удаан тоглолтын туршид дуулдаг. Тийм цуцашгүй хоолой гэж байх уу. Отгонбаяр авьяаслаг хөгжимчнөөс гадна олон сайхан дууны аялгуу хийсэн уран бүтээлч. “Эх орон” дуу байна. Энэ дуунд нэг л юм дутаад байх шиг байна гэж надад хэлж билээ. Би түүнийг сайн ойлгохгүй, юу юм бол гэж эргэлзэж байтал манай Цогоо “Би дутсан зүйлээ олчихлоо” гэж хэлсэн. Тэр нь ардын жүжигчин Банзарын Дамчаа гуай байсан. “Шижир туяа цацруулан мишээсэн…” хэмээн Дамчаа гуай арааживаар дуулахыг Отгонбаяр сонсож л дээ. Тэгээд л Дамчаа гуайгаар дахилтыг нь дуулуулж байна. “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй…” гэх Эх орон дууны дахилтын бадаг миний хөгжим юм. Аль тэртээ ерээд онд тийм аялгуу биччихсэн байсан. Дамчаа гуай хоёрдугаар эмнэлгээс ирж “Эх орон” дууны бадгийг харж дуулчихаад “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дууг би яг ийм маягаар Москвад дуулж байлаа. Тэр түүх давтагдах шиг боллоо” гэж нэг их сэтгэл ханамжтайгаар хэлснийг би мартдаггүй юм. Дамчаа гуайн тэр өвөрмөц баргил хоолойг “Эх орон” дуундаа мөнхөлж чадсан нь Отгонбаярын гавьяа. “Номин талст”-ын “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…” гээд эхэлдэг “Зүүдэнд ирэх жаргал” зэрэг олон дууг Отгонбаяр аялгууг нь хийснийг хүмүүс мэднэ байх аа.

Сүүлд танайхан “Нарлаг диваажин” цомог дээр ажиллаж байна гэж та хэлж байсанХарин рок попын том төлөөллүүд маань сүүлд ямар уран бүтээл хийж байна вэЧимээ аниргүй байх шиг санагдах юм?

-Монголын рок попын уран бүтээлчид өнөөдөр зүүрмэглэн унтацгааж байна. Тэднийг би нойрноосоо сэрээч, нөхөд минь гэж хэлмээр байна. “Чингис хаан”-ы Жагаа, поп Сараа, Ариунаа энэ хэд бүгд бөөрөнхий хүмүүс шүү дээ. Тэд бусдынхаа хийж бүтээснийг ер нь ярьдаг болов уу. Зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс. Бусдыгаа уриалсан, уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн бий болгосон тийм зүйлийг хийнэ гэж байхгүй. Өнөөдөр ихэнх уран бүтээлч ямар нэг тэмцээний шүүгчээр л залрах болж. “Монголын урлаг бол ийм шүү дээ” гээд цээжээ дэлдэн ярьцгаана. Тэр мундаг шүүгчдийг харин өөрсдийг нь шүүмээр байна. Хоёрхон дуутай хүн “Монголын урлагийг би байлдан дагуулж байлаа” гээд ярихад нь миний инээд хүрдэг. Ингээд яривал олон зүйл байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

МОНГОЛ МОРИНЫ ТУХАЙ КИНО ОЛОН УЛСЫН НААДАМД ШАЛГАРЧЭЭ DNN.MN

Монгол болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 1-11-ний хооронд Ираны Тегеран хотноо зохион байгуулах 41 дэх удаагийн “Фажр” олон улсын кино наадмын “Зүүн Виста” уралдааны хэсэгт “Хархүү” кино албан ёсоор шалгарсан байна.

Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” монгол морины тухай уран сайхны кинонд Монголын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон.

Киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг гэх монгол уран бүтээлч ажилласан. Энэ кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар “Гран при” шагнал хүртсэн бөгөөд бас хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшиж байсан удаатай.

Categories
редакцийн-нийтлэл

“ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ” ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 27-28-НД БОЛНО DNN.MN

“Тал нутгийн мөсөн шоу” буюу “Grass land on Ice 2023″ уран гулгалтын анхны шоу тоглолтыг энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Шоунд МУ-ын уран гулгалтын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ, Япон улсын Хонго Рика Ростелеком Гранпри тэмцээн, Финляндия Трофи тэмцээний аварга, дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай мэргэжлийн уран гулгалтын тамирчин, УрамацуЧисато ОУ-ын Тэшүүрийн ХолбооныГранпри цуврал тэмцээнийн 5-р байрны тамирчин, Каракава Цунэхито, Хонда Хироки зэрэг японы мэргэжлийн уран гулгалтын тамирчид,АзүмаКанхоМУСТА, Алтан гадаст одонт Япон улсын Азүма урсгалын бүжигчин, Азүма Канъя, Хаяанаги Масакацү үндэсний өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр уран гулгалтын спорт урлагийг хослуулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.

Тайлбар байхгүй.

Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” ашгийн бус тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Төрийн банк, ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, БТСУ Хороо,Поларис Их дэлгүүр,IBIS STYLES Ulaanbaatar Hotel оролцож байна.

Тайлбар байхгүй.

Шоу тоглолт 1-р сарын 27-ны 19:30 цаг, 28-ны 15:00, 19:00 цагаас “Степпе Арена” мөсөн ордонд болно. Мөсөн ордны тасалбар түгээгүүр, Ticket.mn сайтаар тасалбарыг 25-55 мянган төгрөгөөр борлуулж байна.

Тайлбар байхгүй.

Уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдэнд зориулсан спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах, уран гулгалтыг нийтийн хүртээл болгон таниулах, олимпизмыг сурталчлахаар Японы Тэшүүрийн Холбоотой хамтран зохион байгуулж байна. Мөн Японы ЭСЯ дэмжин ажиллаж байна. Шоу тоглолтын найруулагчаар УДЭТ, Орфей театрын ерөнхий найруулагч М.Батболд, ДБЭТ-ын Ерөнхий зураач МУУГЗ Г.Ганбаатар, ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, “Буган” хамтлаг, Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун, дуучин МУГЖ Д. Оюунтүлхүүр, монгол бүжигчин МУСТА М. Мөнгөнцэцэг багш, Доктор (Ph.D), Б.Маралжингоо оролцох аж.

Тасалбар авах линк :

https://www.ticket.mn/event/1467/

https://ticket.steppearena.mn/events/63c7e4684d20d8450fce1d9d

Тайлбар байхгүй.

Categories
редакцийн-нийтлэл

ЛИОНЕЛ МЕССИ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, АРГЕНТИН ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА БОЛЛОО

 

[post-views]

Ням гаригийн орой Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын хооронд өрнөж, тус тэмцээний түүхэнд хоёрт орох олон гоолтой өндөрлөлөө.

Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм.

Аргентины од Лионел Месси ийнхүү мөрөөдлөө биелүүлж, үндэсний шигшээ багийнхаа гурав дахь дэлхийн аваргын цомыг өргөлөө.

Францын залуу од Килиан Мбаппе түүний замд саад болох гол хүн болж, ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд хэт трик (гурван гоол) хийсэн хоёр дахь тамирчин болсон ч Аргентины шигшээ багийг хожиж чадсангүй.

Lionel Messi has finally won the FIFA World Cup, and can claim to be the greatest male footballer of all time - ABC News

Өмнө нь зөвхөн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолт долоон гоолтой (Бразил:Швед 5:2) өндөрлөж байсан нь өчигдрийн тоглолтын дээр гарах үзүүлэлт байв.

Өөр гурван шигшээ тоглолт 1930, 1938, 2018 онуудад зургаан гоолтой өндөрлөж байсан ч 4:2 харьцаагаар дуусаж байжээ.

Харин өчигдрийн тоглолт нийт зургаан гоолоор 3:3 харьцаатай тэнцэж өндөрлөсөн ДАШТ-ий цорын ганц шигшээ тоглолт болж байна.

Килиан Мбаппегаас өмнө шигшээ тоглолтод хэт трик хийсэн ганцхан тохиолдол байсан нь 1966 оны ДАШТ-д гаргасан Жоф Харстын үзүүлэлт байжээ.

Үүнээс гадна өчигдрийн тоглолт ДАШТ-ий шигшээ тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн гурав дахь тохиолдол болж, түүхэнд бичигдэж байна.

Лионел Месси авсан цомынхоо цуглуулгад дутаж байсан хөл бөмбөгийн ДАШТ-ий цомыг ийнхүү нэмж авлаа.

Тэрбээр Ballon d’Or шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, Копа Америка тэмцээний цомыг нэг удаа, Испанийн Ла Лигагийн аваргын цомыг 10 удаа, Францын Ligue 1 лигийн цомыг нэг удаа тус тус өргөж байсан юм.

Аргентины шигшээ баг гурван удаа (1978, 1986, 2022) дэлхийн аварга болсон амжилтаар улс орнуудаас дөрөвдүгээрт бичигдэх боллоо.

Одоогоор ДАШТ-д Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа тус тус түрүүлсэн бол Аргентин 3 түрүүлээд байгаа юм.

Messi-led Argentina defeats France on penalties to cap thrilling men's World Cup final | CBC Sports

Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй удаалцгааж байна.

ДАШТ-ий цомыг нийт 8 улс өргөж байснаас шигшээ тоглолтод хоорондоо хамгийн олон удаа буюу гурван удаа таарсан багууд нь Аргентин, Герман хоёр юм.

Эдгээр шигшээ багууд 1986, 1990, 2014 онуудын ДАШТ-д аваргын цомын төлөө тоглоход зөвхөн 1986 онд Аргентины шигшээ хожиж байжээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Нарийн гудман дахь “ЗЫ ФЭЙ” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын сэт­гүүл­чид БНХАУын Сычуань мужид аялаад ирлээ. Энэхүү аяллыг Өвөр Монголын хэвлэл мэ­дээллийн албаны урил­гаар Монголын сэт­гүүлч­дийн эвлэлээс зо­хион байгуулж, аяллын багийг тус эвлэлийн Гүйцэтгэх хорооны ги­шүүн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахалж явсан юм. Ингээд БНХАУын Сычуань му­жаар аялсан тэмдэг­лэлийнхээ эхний хэс­гийг хүргье.


Сычуань нь БНХАУ-ын баруун бүсийн тул­гуур муж. Хөгжлөөрөө улсдаа наймдугаар байрт ордог бөгөөд эдийн зас­гаа­раа бүс нутгаа тэргүүл­дэг юм байна. Тус мужид 2008 оны тавдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь үрэгд­сэн нь Хятадын түүхэнд байгаагүй их гамшиг бол­сон юм. Гэсэн ч тус улс газар хөдлөлтийн урш­гийг гурван жилийн дотор арилгаж, Сычуаньд урь­дын байсан байшингуу­дын суурин дээр газар хөдлөлтөд тэсвэртэй сүр­лэг барилгууд барьж, зам тээвэр, дэд бүтцийн асууд­лыг бүрэн шийдэж чаджээ. Одоо энэ муж түмний хөлд дарагдсан жуулчлалын нутаг бол­сон байна.

Сычуань хойд талаа­раа Ганьсу, зүүн талаа­раа Чунцин, урдуураа Юньнань, баруун талаа­раа Түвдтэй хиллэдэг, 100 сая гаруй хүн амтай муж. Мужийн төв Чэндуд ойролцоогоор арван сая хүн амьдран суудаг. Тус мужийн газар нутаг манай Дорнод аймгийн газар нутгийг дөрөв да­хин нийлүүлсэн хэмжээ­тэй ойролцоо гэсэн.

Чэнду хот нь Хятадын үндэсний соёл, эртний ёс заншил, хятад ахуйг ор­чин үетэй сүлэлдүүлэн авч яваа өвөрмөц төрх­тэй газар. Хятадын цөм, эртний Хятадын уур амьс­­галыг хадгалж үлд­сэн түүхийн ач холбог­долтой муж гэгддэг. Мөн байга­лийн үзэсгэлэнт газ­рууд, хулсны баавгай­гаараа Хятадыг олон улсад сур­талчилдаг.

Чэнду хотод сүндэр­лэн буй өргөн сүрлэг ба­рилгуудын дунд эртний хийцтэй сүм, дуган, бай­шингууд энд тэнд таа­ралдана. Тухайн цаг үедээ сургууль, сүмийн үйл ажиллагаа явуулдаг байсан эдгээр байшин­гууд одоо чэндучууд, жуулч­дын амардаг, хоол­лодог, зугаалдаг гол га­зар болжээ.

Чэндуд олон алдар­тай гудам байдгийн нэг нь Чин гүрний үеийн гудам. Жуулчдын заавал ч үгүй ирдэг энэ гудмыг Нарийн, Өргөн гэж ангилна. Гуд­мууд өдөр шөнөгүй хүний хөлд дарагдана. Энд үз­вэр үйлчилгээ, худалдаа, үзэсгэлэн, зоогийн газар, шүдний эмнэлэг, гутал засвар, гар урлал, зочид буудал, хэрмэл жүжигчид, амьд хөшөө гээд ер нь бүхий л төрлийн үйлчил­гээ байрлана, зүсэн зүй­лийн хүн хөлхөлдөнө.

Нарийн гудманд олон нэр хүндтэй хоолны газ­рууд байд­гийн нэг нь “Зы Фэй”. Хотын хамгийн нэр хүндтэй, гад­ныхан ороод гардаггүй юмаа гэхэд хажуугаар нь өнгө­рөх ёстой хүндэтгэл­тэй хоол­ны газар юм байна. Хоолны газрын дарга гэх бүсгүй зоогийн газрын­хаа үүх түүхээс эхлүүлээд ширээнээ эргэл­дэх хоол тус бүр утга учиртайг хэл­нэ.

Эрт үед Жуан Зы гэдэг нэгэн цэцэн билэгтэй яруу найрагч, шүлэгч хүн бай­жээ. Нэгэн өдөр тэрээр найзтайгаа зугаалж яваад нуурын хажуугаар өнгөрчээ. Жуан Зы нуу­рын усанд сэлэх загас­нуудыг хараад “Энэ за­гас­нууд яасан их жаргал­тай байна вэ. Миний сэтгэл ч жаргалтай байна” хэмээн санаа алдтал ха­жууд явсан найз нь “Та загаснуудын жаргаж бай­гааг яаж мэдэж байгаа юм бэ. Яавч мэдэж боломгүй хачирхалтай зүйл. Та таагаа юу” гэвэл Жуан Зы “Чи бол би биш. Намайг жаргаж байна уу, зовж байна уу гэдгийг чи яаж мэдэх юм бэ. Тэр загаснуудыг жаргалтай байгааг би яаж мэдэж байгаа юм бэ гэвэл миний сэтгэл жаргалтай байгаа болохоор тэднийг жар­галтай байна гэж харж байна. Хүн сэтгэлдээ жар­галтай байх, загас нуу­рандаа жаргалтай байх нь ижил. Хүн зовлонгоо дандаа баяр хөөр, жарга­лаар даван туулдаг” хэ­мээн шүлэглэн хэлжээ. Жуан Зыгийн энэхүү шүл­гийг ханзанд буулгахад “Зы Фэй” гэж уншигддаг бөгөөд “Зы Фэй” хэмээн ярихад хүн бүр Жуан Зыгийн дээрх шүлгийг санадаг гэнэ.

Сычуань муж олон зүй­лээрээ Хятадын бусад газруудаас ялгагдана. Ялангуяа хоолны тал дээр. Маш халуун ногоо­той хоол идэцгээнэ. Энэ нь бүгчим, чийгтэй уур амьсгалтай байгальтай нь холбоотой. Ирсэн зочдыг халуун ногоотой хоолоо­роо дайлж нус нь сугарч, нулимс нь гоожтол дайлж чадахгүй бол өөрс­дийгөө эвгүй байдалд орсон мэ­тээр хүлээж ав­даг хачин заншилтай аж.

“Зы
Фэй”-гийн брэнд болсон нэг хоол байна. “Бурхан үсэрнэ” гэдэг нэр­тэй. Анхилуун үнэр­тэй, ховор мөөгөөр хий­сэн, ногоон сонгинотой шөл. Бурхан багш бясал­галаа хийгээд сууж байж л дээ. Бурхан багш бясалгаад суувал орчлонгоос та­сарч, ариусч эхэлдэг. Тэр үед нь түүнд юу ч саад хийж, бясалгалыг нь зог­соож чаддаггүй байлаа. Гэтэл нэг өдөр бурхан багш бясалгаж байтал ер бусын урьд хаана ч үнэр­тэж байгаагүй, тийм гэ­хийн аргагүй сайхан хоол­ны үнэр ханхийжээ. Бур­хан багш дотроо “Энэ чинь юусан билээ. Ямар сайхан үнэр вэ” гэж бодсоноо “Би юу болж байна аа. Бясалгаж байж хоолны тухай бодоод” гэж нүдээ анин өөрийгөө зэмлэжээ. Бурхан багш бясалгалаа цааш үргэлж­лүүлэх гэтэл өнөө сайхан үнэр сэтгэлийг нь самуу­руулаад сүүлдээ бурхан багшийн сэтгэл өөрийн эрхгүй өнөө хоол байгаа зүг рүү үсрээд байж. Түүнээс хойш тэр хоолыг “Бурхан үсэрнэ” гэж нэрлэсэн домогтой аж.

Зочид хооллох зуур шог гараа үзүүлэхээр жү­жигчид орж ирлээ. Ойрд үгэнд нь орохгүй гадуур тэнэж, найзуудтайгаа нийлж дуулгаваргүй бо­лоод байсан нөхөртөө эхнэр нь уурсаж шийт­гэнэ. Толгой дээр нь дэн асаагаад бандан сандал доогуур оруулна. Ингэх­дээ дэнгээ унтрааж бо­лох­гүй шүү гэнэ. Тэгснээ толгой дээрх дэнгээ гараа оролцуулалгүй унтраа гэнэ. Нөхөр нь эхнэрийн­хээ хатуу сорилтуудыг чадмаг давах ажээ. Энэ шог гараа нь эндхийнх­ний гийчдэдээ толилуул­даг алдартай тоглолт юм гэсэн. Сычуань муж, тэр дундаа Чэндуд гэр бүлийн дотор эхнэр нь нөхрөөсөө илүү эрх мэ­дэлтэй. Нөхөр нь хоол хийж, гэр орноо цэвэр­лэнэ. Сайн нөхрийг хоол хэр амттай хийж байгаа­гаар нь шинждэг аж. Чэн­дуд эмэг­тэй­чүүд голдуу машин барьж, нөхөр нь хажуух суудалд нь сууна. Дээрх шог гараа эндхийн эрэгтэй, эмэгтэй хүмүү­сийн харилцааг илтгэсэн үзүүлбэр гэж болно. Багтай бүжиг Чэндугийн урлаг, ёс заншлын хам­гийн дээд нь. Бүжигчин залуу цоглог хэмнэлтэй аянд бүжиглэж толгойгоо хүчтэй хөдөлгөх юм уу, тонгойх, гэдийх агшинд нь зүүсэн багийнх нь өнгө нь өөрчлөгдөнө. Сайн бү­жигчин нэг удаад 8-12 баг сольдог гэх.

Хоолны үеэр ирсэн зочдод ёочин, фифа хөгж­­мөөр бүс­гүйчүүд тэнгэрт салхи үүл­сийг хөөж, сарыг гаргаж ирж байгаа тухай өгүүл­дэг уянгалаг сайхан дуу тоглолоо. Иймэрхүү ур­ла­гийн үзүүлбэрүүдийг чэндучууд хүндтэй зоч­додоо хоолны үеэр сонирхуулна.

Эндхийнхэн гахай, галуу, тагтаа, хонь, үхэр, болжмор, загас гээд ер нь идэж болохоор махтай бүхий л төрлийн хоол хийнэ. Гэхдээ чухам юуны мах нь мэдэгдэхгүй бол­тол нь халуун ногоогоор амталчихна.

Нэг нөхөр нэлээд хэ­дэн жилийн өмнө хулсны баавгай буюу пандаг алаад махыг нь шараад идсэн нь хятад даяар шуугиан тарьж сүүлд нь өнөө “өлсгөлөн” эр цааз­луулсан гэх харамсмаар ч юм шиг, хачирхмаар ч юм шиг явдал болжээ. Чэнду нь төв газар учир ерөнхийдөө жуулчлал тал руугаа хөгжсөн, хоол нь халуун ногоотой ч илүү боловсон.

Харин Сычуань му­жаас зүүн урагш зүгийн газруудад өвөрмөц хэр­нээ харгис хоолнууд байдаг байна.

“Гурав
дуугардаг” гэж хоол байна. Гөлчгийг амь­даар нь зооглохыг ингэж хэлнэ. Цэлдийсэн улаан гөлчгийг савхаараа хав­чи­хад “Чив” гэж нэг дуу­гарна. Савхаараа хав­чаад соусанд дүрэхэд дахиж нэг дуугарна. Тэ­гээд яахав аман­даа хий­гээд зажлахад сүүлчийн удаа буюу гурав дахь удаагаа “Чив” хэмээн дуу гаргана. Ингэж гурав дуугаргаж идэхийгээ л “Гурав дуугардаг” хоол гэдэг байна. “Сармагчин­гийн тархи” гэдэг хэрцгий хоол бас байна. Торон дотор баахан сармаг­чингууд үймэлдэнэ. Сар­магчингийн тархи зооглох хүндэт зочноо дагуулаад ирэхэд торон дотор үй­мэлдэж байсан сармаг­чингууд хөдөлгөөнгүй болж бүгд л намайг бит­гий сонгоосой хэмээсэн өрөвдмөөр харцаар хар­на. Тэр үед зочин идэх сармагчингаа сонгоод гараараа заахад сонгогд­сон сармагчингаа бусад нь өргөөд шууд толгой дээрээ гаргаад ирдэг гэнэ. Сонгогдсон сармагчинг тогооч гаргаж ирээд хүзүүнд нь дөнгө хийж гар, хөлийг нь гинжлээд тэлнэ. Сармагчин ай­маар чангаар чарлаж, нүднээс нь нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрнө. Ин­гээд хоол хийх явц эхэлнэ. Сармагчингийн зулай хэс­гийнх нь хуйхыг хуу­лаад, толгойны ясыг нь цүүдэж гарна. Энэ үед сармагчингийн дуу тэн­гэрт хадмаар чангарч, шаналан хашгирна. Цүү­дэж дуусаад ясыг нь сөхөхөд сармагчингийн дуу гарахаа байж, харц нь өршөөл эрсэн ч юм шиг үзсэн ядсан ч юм шиг хөшиж орхино. Өнөө хүн­дэт зочин нь хөөрхий сар­магчингийн тархийг нь халбагадаж эхлэхэд сар­магчин тами­раа баран ёолж буй мэт сөөнгө дуу гаргаж, нүүр нь нулимс, цусандаа будаг­дана. Энэ хоол бол хам­гийн хүндтэй зочдод өгдөг хоол бөгөөд өндөр үнэтэй гэсэн.

Ийм хоолны дэргэд “Зы Фэй” хоолны газрын халуун ногоотой хоолыг боловсон гэсэн минь онож уу. Сычуань му­жийн­хны хамгийн хүнд­тэй зочдодоо барьдаг хоол­нуудын нэг нь харх­ны боодог. Биднийг харх­ны боодгоор дайлахдаа “Хулсны гахай, зурамны мах” гэж эерүүлж хэлсэн билээ. Манайхан хулсны гахайн мах гээд л савх­даад амталж харагдсан шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Килиманжарод авирсан тав хоногийн тэмдэглэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Африк тивийн ноён оргил Килиманжарод Монголын
эмэгтэй уулчдын баг амжилттай авирч, оргилд нь төрийнхөө алтан соём­бот далбааг мандуулаад ирсэн. Тус багийн гишүүн Л.Гантулгын хувьд анх удаа авиралт хийсэн нь энэ юм. Тэрээр хэрхэн
авирсан тухай­гаа сонирхуулж байна.

Африк тивийн ноён оргил Кили­манжаро нь далайн
түвшнээс дээш 5895 метрийн өндөртэй, Кенийн уулсын бүс Танзани
улсын нутагт оршдог хайрхан юм. Уугуул иргэд нь Килиманжарог “Кили” хэмээн дууддаг
аж.

Хоёрдугаар сарын 17

Оргил руу чиглэсэн Мочамо, Моронко зэрэг хэдэн
зам бий. Бид Моронкогоор өгсөхөөр шийдээд хоёрдугаар сарын 17-ны баасан гаригт зочид буудлаасаа гарч
Килиманжарог зорилоо. Бидний хөтчөөр Фильберт
гэх залуу хамт явлаа. Фильберт гэж дуудах нь түвэгтэй санагдсан
тул бид дуудахад амраар нь “Жордан” гэдэг нэр хайрлачихав. Түүнд шинэ нэр нь таалагдав бололтой. Бид хөтөчтэйгээ элдвийг хөөрөлдөн, улс орныхоо тухай бие биедээ чадлаараа л танилцуулахыг хичээнэ.
Бүгд л ярих, ярилцах сонирхолтой ч даанч хэл нэвтрэлцэхгүй. Мэддэг хэдэн англи үгээ хэлээд
гар, хөлөө оролцуулж өнөө “Та та тунга” гэдэг шиг л арай гэж ойлголцоно. Халуун орны цэцэгс,
өвс ургамал, модод нүд булаам сайхан, үзэсгэлэнтэй. Монголоос өвлийн дүн хүйтнээр гарсан маниуст тэнд очоод аагим зуны орчинд буусан нь сонир­холтой
байхаас яахав. Моддын сүүдэрт зогсч эсвэл цэцэгсийн дунд орж зураг татуулцгаана. Урьд өмнө харж байгаагүй өвс, ургамал, цэцэгсийг хараад бүгд алмайрч,
энэ тэрүүгээр гүйж цэцгийн дэлбээ үнэрлэцгээнэ. Уулчид биш ургамал судлаачид л явж
байна уу даа гэж харагдахаар байсан биз. Хөтөч маань “Цэцэг, навч таслахыг хориг­лодог. Хэрэв тасалбал торгодог
шүү” гэж анхааруулав. Авиралтын баазыг зорьсон эхний өдрийг бид инээд хөөрөөр дүүрэн, дуу­лалдан их л хөгжилтэй өнгөрөөсөн юм. Бүсгүйчүүд бүгд л сэтгэл өндөр, баясалтай. Зав л гарвал онигоо ярьж, инээлдэж хөхрөлдөнө. Энэ инээдэм наргианд хөтөч Жордан маань бас хүч нэмнэ.

Хоёрдугаар сарын 18

2ВС бааз буюу Хоромбо бааз. Далайн түвшнээс дээш 3720 м.

Авиралт хийхэд хамгийн тохи­ромжтой цагт нь бид
иржээ. Хоёр, гуравдугаар сарыг Килиманжаро­гийн улирал гэдэг бөгөөд Канад, Франц, Англи, Америк, Иран, Солонгос, Япон, Орос зэрэг орны
уулчид байрлаад байв. Бүгд бие биетэйгээ элгэмсэг дотно уулзаж, зураг татуу­лан халуун дотно
харил­цаа, уур амьсгалыг энэ бааз дээр бүр­дүүлжээ. Яг л нэг гэр бүлийн гишүүд шиг. Бүгд л бие биетэйгээ инээм­сэглэн мэндэлж зөрөх. “Hello, how are you?” гэж уулчид хоорондоо мэндлэх бол кени, танзани
хөтөч нар “Жамбо, мамбо” гэнэ. Энэ нь танзаниар “Сайн байна уу. Сайн уу”
гэсэн мэндчилгээний үгс.

Килиманжаро долоон сая жи­лийн настай, сөнөсөн галт уул. Түүний оргил руу авирахад өндөр нь метр метрээр, бүр алхам алх­маар
нэмэгдэхэд, биеэс гарах хүч энерги төдий хэрээр хүчлэн зарцуулагдсаар байлаа.

Хоёрдугаар сарын 19

3ВС буюу Кибо бааз. Далайн түвшнээс дээш 4750 м. 07:00-13:00 цаг.

Урьд шөнө 3750 метр дээр манай багийнхан бүгд унтаж
амарч чадсангүй. Нүд, нүүр, гар нь бэл­цийн хавагнасан байв. Хүчил төрөг­чийн сийрэгжилт буюу “Өндрийн өвчин” эхэлжээ.

Хоромбо баазаас Кибо руу авирахад заримдаа тэгш
тал таар­сан юм. Өгсүү биш тэгшхэн газар шүү дээ гэж
өөртөө хэлсэн ч 20-30-хан л алхам хийгээд сульдаж, амрахад хүрнэ. Биднийг ийн дээш оргил руу тэмүүлэн зүтгэж байхад өөр багийн хоёр ч уулчин хөтч­өөр дамнуулсаар зөрөн бууж байхтай
нь таарлаа. Өндрийн өвчин нь хүндэрч, дааж дийлэхгүй болоод л буцаж байгаа нь энэ.

Биднийг 4750 метрт ирэхэд цасан шуурга тавьж эхэллээ.
Цас нүүр нүдгүй шуурч, хүйтэн гэж жигтэйхэн. Майхнаас толгой цу­хуйл­­гамгүй тийм ширүүн шуурна. “Шөнө оргил руу дайралт хийнэ гэж байдаг. Цас ороод байдаг нь тоогүй дээ” хэмээн сэтгэл зовницгоож байлаа. Манай багийн гишүүн З.Батцэнгэл, Л.Наран бид гурвын толгой тэсэхүйеэ бэрх өвдөж, дотор муухайрч их л таагүй байв. Гэвч
бид зорьсондоо хүрэхийн тулд юуг ч даван туулахад сэтгэлзүйн хувьд бэлэн байсан юм шүү. Амжилт
гэдэг туйлын их тэсвэр, тэвчээр, асар их хичээл зүтгэлийн хариу
билээ.

Хоёрдугаар сарын 20

00:00 цагт оргилыг эзлэх дай­ралт эхэллээ. Жордан
“Оргил дээр их хүйтэн. Зургийн аппарат, зай, камер, цэвэр усаа биедээ дулаан авч явах
хэрэгтэй. Оргил дээр таван минутаас илүү удаан байж
болох­гүй шүү. Үүр шөнийн заагаар маш их хүйтэрч, ядрах
учир амралт багатай маш удаа­наар яаралгүй явцгаана
аа, бүсгүйчүүд ээ” хэмээ­лээ. Ингээд бид дайралтаа эхэллээ.

Жордан-Л.Гантулга-Л.Наран-Ч.Тэрбиш-З.Батцэнгэл-Б.Ган­гаа­маа
гэсэн дарааллаар цуваа хөдөл­лөө.

Цасан шуурга намсч, хүч нь суларчээ. Тэнгэрт түм буман одод
гялалзан анивалзана. Бидний урд түрүүлж гарсан өөр улсын багийнх­ны авч яваа гэрэл харанхуйн дунд сүүмэлзэн тээр дээр харагдана. Харин хоцорч хөдөлсөн багийнхны гар чийдэнгийн гэрэл өлмий дор
сүүтэгнэнэ.

…Анир чимээгүй уул биднийг
бүхэлд нь тэврэн оргил дээрээ яаралгүй авираад
гараад ирээрэй гэх шиг… анир чимээгүй, нам гүм, харанхуй.

Цаг явсаар бид ч урагшилсаар. “Поли, поли” гэх
Жорданы сулхан хэрнээ эрдүү дуу хааяахан гарна. “Поли, поли” гэдэг нь танзаниар “Удаан-удаан.
Аажим-аажим” гэсэн утгатай юм билээ.

З.Батцэнгэлийн маань бие нь базаахгүй л байлаа. 5000 метрийн өндөрт ирэхэд түүний бие улам муудаж арга буюу буцсан юм. Өндрийн өвчин түүний тэнхээг дуусгаж зорилгыг нь няцаалаа. Гэсэн ч З.Батцэнгэлийн маань
оргилд гарахсан гэсэн хүсэл нь хэвээрээ байсныг харцнаас нь бид мэдэрч билээ. Эх орноосоо бид
тавуулаа гарсан. Оргилд гарахын өмнөхөн нэгийгээ буцаах бидэнд эвгүй л байлаа.
Гэхдээ хүний алтан амь ямагт нэгдүгээрт шүү дээ.

Л.Наран бид хоёр бөөлжиж багийнхныгаа сандаргалаа. “Шийд­­­вэрээ одоо гарга. Эндээс дээ­шилбэл
буцах гарцгүй шүү” гэж багийн ахлагч Б.Гангаамаа анхаа­рууллаа. Багийн ахлагчийг ийн
хэлэхэд би дотроо “Оргилд гарна гэж эх орон, найз нөхөд, ахан дүүсээрээ үдүүлж гарсан боло­хоор очих газраа хүрэх л болно”
хэмээн шазуур зуун өндрийн өвчин­тэй тэмцэн оргилд гарна гэсэн ганцхан л бодол тархиндаа тээсээр
зүтгэлээ.

Авиралтаа үргэлжлүүллээ.

Оргил руу харвал урд яваа багуудын цувраа гэрэл
харанхуйд энүүхэнд, дэргэд мэт үзэгдэнэ.

Бүгд л их уулын
сүр хүчинд нухчуулан тэмүүлсээр дор бүрнээ хичээж,
эцсийн хүчээ шавхсаар…

Цас, мөс, харлаж
тааралдах хад чулуу, замын өгсүүр хөл, нуруу бүхий л биеийн булчин шөрмөсийг чичиртэл цуцааж, өндөр газрын агаар толгойн заадсыг салгах гэж буй мэт өвтгөж байсан ч бидний зорилгыг няцааж чадсангүй.

Зарим багийн хөтөч уулчдаа зоригжуулан дэм өгөн дуулна. Африк ардын дуугаа харанхуйн нам гүмийг эвдтэл хангинуулан дуулж, замаа ахиулна.

Ийнхүү зүтгэсээр бид 08:00 цагт зорьсон газраа буюу Африк тивийн ноён оргил,
дэлхийн долоон оргилын нэг Килиманжарогийн зулай дээр гишгэлээ.

Өөрийнхөө хүчийг мэдрэх, өөрөө­­рөө бахархах гайхалтай агшин.

Энэ оргилыг зорин ирсэн газар газрын уулчид хэдхэн
мөчийн өмнө алхам ч урагшилж чадахгүй болт­лоо
ядарч цуцаж байснаа мартан оргилын хүйтэн, хүчтэй салхийг үл ажран баярлалдаж оргил дээр гарсан ганц батламж болох сам­барын өмнө уралдах шахам зургаа татуулна. Олон жилийн турш мө­рөө­дөн, хоёр жилийн өмнөөс тө­лөв­лөсөн энэхүү авиралт минь ингэж амжилттай бүтсэн нь ямар
ч сайхан юм бэ дээ. Энэ мөч гай­халтай байсан. Үүнийг илэрхий­лэх
уран тансаг үг үгүй мэт.

08:15 цаг. Буцаж буух замдаа гарлаа. Цуцаж ядарсан
хөл минь эгээ л хүний хөл шиг гуйвж
дайван энд тэнд сул гишгэлэн уруудав.

Буух нь гарахаасаа илүү хариуц­­­лагатай. Хөл алдан эвгүй гишгэвэл нисчих аюултай.

12:00 цагт 3ВС буюу Кибо баа­зад ирлээ. Тэндээ
хоёр цаг гаруй хэртэй амраад цааш хөдлөн 2ВС бааз буюу Хоромбо баазад хөл тавьж хоноглосон
юм.

Хоёрдугаар сарын 21.

06:30 цагт Хоромбо баазаас хөдөллөө.

Буудал руу ирэх замд зөрөн өнгөрсөн гадны уулчид, хөтөч нар “Та
нар хаанахын бүсгүйчүүд вэ”, “Оргил дээр гарсан юм уу”, Яасан цоглог явцгааж байна вэ, тав
хоногт авиралтаа хийчихлээ гэж үү” хэ­мээн асууж бидэнд баяр хүргэн магтахад
өөрсдөөрөө омогшиж хөөрөн алхалж явлаа.

17:30 цагийн үед буудалласан
“Мошид” нэртэй зочид буудалдаа ирэв.

Өрөөндөө орж ирээд гутлаа арай л гэж тайлцгаав. Хөл битүү ха­­ваг­наад, цус хурчихаж. Хөлийн ху­рууны
хумс мултарч унахад бэлэн бол­жээ. Өсгий бүхэл­дээ цэврүүтсэн учир цэврүүг газар авахуулахгүйн тулд цэврүүндээ утас сүвлэн дөрөв хоног углааш төдийхөнтэй до­голлоо.

Ингэж л уулчин хүний жинхэнэ зориг хатуужлыг шалгадаг шалгуу­рыг давж гарсандаа өөртөө баяр­лаад, өөрөөрөө бахархах сэтгэл төрөөд байгаа
юм. Килиманжарод авиралт хийсэн энэ тав хоног
надад ууланд авирах, уулчин бай­хын жаргалын амтыг мэдрүүлсэн боло­хоор Африкаас ирээд аяны тоосоо ч гөвж амжаагүй байхдаа дараа­гийн оргилоо төлөвлөчихсөн шүү.

Анир чимээгүй, нам гүм
дундах Килиманжаро, Кили минь.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Халхчууд та нар хэзээнээсээ урвамтгай” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 2013 ОНД ШИЛИЙН ГОЛООС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГЫГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


-ШИЛИЙН ГОЛД ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА-

Өмнөд Монголын ну­тагт сайхан зун
болж бай­на. Нар, хур тэгшрээд таана, хөмүүл төө хэртэй ургажээ. Хавар эрт но­гоон­доо
цадсан мал сүрэг ногоон хөндийгөөр баг­ши­­ралдана. Мөн төв за­маас холгүйхэн уулын
энгэрт бөм­бийсөн цагаан гэрүүд ярайх ажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг руу томи­лолтоор явж байгаа нь энэ. Шилийн
голынхон зуны дэл­гэр цагийн яг өдийд наадмаа хийж бай­гаа гэх сураг дуу­лаад хи­лийн
дээс алхаж, тэнд амьдарч буй Өмнөд мон­гол­чуудын аж амьдрал хэрхэн өрнөж байгааг
сурвалжлах зорилготой яваа. Эрээн хотоос чанх зүүн тийш засмал замаар туу­шиндуулж
өглөө. Өглөө эрт гарсан болоод ч тэр үү замд тааралдах мөөгний хүрээ шиг цагаан
гэрүүдийн яндангаар цагаан утаа дээш олгойдох ажээ. Хилийн зурвас дундуур нь татчихсан
болохоос биш энд Монголын нэгэн үндэст­ний үр сад аж төрж байгаа. Шилийн гол руу
хамт яваа жолооч Өмнөд монгол гар­валтай. Сүүлийн үеийн зо­хиолын дуучдын дуунууд
бүхий хуурцаг хөгжимдөө тавьчихсан, түүнийгээ дагаж чанга чанга дуулаад л дав­хиад
байх. Зам гэж толь, 140-160 километр цагийн хурд­тайгаар давхив. Жолооч за­луу
“Энэ зун Монголдоо очиж наадам үзэх санаатай. Наад­мын гоё сайхныг тэнд очоод л
мэдрэх юм. Өнгөрсөн зун наадам үзсэн. Уяач нар нь морио үнэн сайхан уяна. Манайхан
тэгж уяж чадахгүй л байгаа юм” хэмээн яриа өдөх ажээ. Цаг гаруйхан дав­хиад Шилийн
гол аймгийн Сөнөт хошуун дээр очлоо. Энд хятад үндэстнүүд шавар дагзанд амьдарч
байсныг илтгэх хуучин суурин зурай­на. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг улаан шавраар
өн­гөл­сөн жижигхэн цонхтой жижиг байшингууд ярайна. Хажууханд нь цэлийсэн том цонхтой
сүүлийн үеийн заг­варын өндөр барилгууд Сө­нөт хошууны өнгө үзэмжийг чимэх ажээ.
Энд өмнөд монгол хүн олон бий. Үүнийг илтгэх
зүйл нь хаяг сам­ба­руудын ихэнх нь монгол бич­гээр зурайтал бичсэн байгаа­гаас
мэдэгдэх юм. Бүр Сүх­баатар, Дорнод аймгийн урд сумдаар явж байхад нутгийн иргэд
өмсчихсөн байдаг дээл өмссөн хөгшид гадаа нарлан сууж байх юм.

Сөнөт хошууныхан гялт­га­насан сортой
хар адуугаа­раа алдартай. Хар адууны үр удам энэ хавьдаа зартай хурдан байдаг юм
гэсэн. Сө­нөт хошуунд амьдарч буй барга үндэстэн монголчуу­дын ихэнх нь малчин.
Хошуу­ныхаа засаг захиргаа, сургуу­ль цэцэрлэгт нэг хэсэг нь ажиллаж амьдарч байна.
Мөн Эрээнд таксинд явж амьдралаа болгодог залуус ч олон бий.

Сөнөт хошуунд амсхий­гээд цааш давхилаа.
Энэ хошуутай залгаа Авга хошуу бий. Тус хошууныхан саяхан том тахилга хийсэн сураг
дуулдана. Авга хошууныхан Бэлгүтэйн тахилга гэж нөсөр том тахилга хийж, морь урал­дуулж,
бөх барилдуулсан гэнэ. Түрүүлсэн адуунд арван бог, гурван бодоор байлсан гэнэ. Мөн
түрүүлсэн бөхөд хэдэн түмэн зоос өгсөн гэх мэдээлэл байна. Авга хошуу­ныхан Алтан
ургынхан хэ­мээн өөрсдийгөө ярьдаг юм билээ. Бүр Чингис хааны дүү Бэлгүтэйн үр удам
хэмээн түүх ярина. Бас энэ хошуунаас олон бөх төрсөн байдаг юм билээ. Ойр хавийн
наадмуу­даа Авга хошууны бөхчүүд хуваагаад авчихдаг гэсэн. Сүүлийн үед Заяа гэх
бөх сайн барилдаж байгаа гэсэн. Тус хошууныхан Төв аймгийн Баянцагааны илүү нугаламт
хонь шиг данхан сүүлтэй хо­нин сүрэгтэй аж. Өвс нь шимтэй байдаг учир намар эндээс
хонь худалдаж авах юм бол цавцайсан цагаан өөхтэй мах иднэ гэсэн үг. Хангай газраас
ирсэн хүн энд ирээд хонины мах идвэл хурцддаг тухай нутгийнхан ярьж байв.

Ийн өглөө эрт гарсан бид Шилийн гол
аймгийн Шилийн хотод бага үдийн алдад оч­лоо. Тэртээ харагдах талд өндөр барилгууд
сүндэрлэн харагдах ажээ. Шилийн хот руу ойртох тусам зам нь өр­гөсч дөрвөн эгнээ
болох аж. Замын тэмдэглэл тод шар өнгөтэй машинууд нь хурд­лан давхих нь сүртэй.
Хотын баруун захаас орох ажээ. Замд тааралдах арав гаруй давхар өндөр барилга Ши­лийн
гол хотын Булган сумын Засаг захиргааны барилга гэнэ. Өмнөд монголчууд ажилладаг
газар. Хотын төв хүрэлгүй хойш эргэсэн за­маар давхисаар Булган сумын малчдын амьдарч
буй Булган хороололд ирлээ. Том хашаанд зургаан давхар орон сууц олныг босгожээ.
Энэ орон сууцны хороолол мөн л өмнөд монголчууд амь­дардаг газар гэнэ. Хүүхдийн
цэцэрлэгт хүрээлэнд хүүх­дүүд тоглоод, хөгшчүүл хэд хэдээрээ нарлан сууж ажээ. Эндээс
баруун тийш давхи­саар Баяннуурын гацаа орно. Хотын төвөөс 30 гаруй кило­метрийн
зайд Дунгарынх гэх айл зусч байгаа юм. Тэнд шууд очих ёстой. Ингээд Шилийн хот оролгүй
баруун тийш салсан замаар давхи­саар Баяннуурын гацаа ор­лоо. Тэртээ урд харагдах
уулыг Баянцогт хэмээн нэрлэ­дэг юм байна. Баянцогт уулын хойд хөндийд мэл­тэлзэх
нуурыг Баяннуур гэдэг ажээ. Энэ нуурын хойд энгэр дээр Дунгар гуайнх олон жил болж
байгаа. Түүний эхнэр Ринчмаа энд мэдээ орсон цагаасаа нутаглаж ирсэн. Дунгар гуайн
гэрийн ойрол­цоо ирэхэд хоёр хар нохой араа шүдээ арзалзуулан ирж машин боргоод
явуулахгүй хорих аж. Гэрийн гадаа мори­ны уяан дээр наадамд уяж байгаа бололтой
гэдсээ татаж хөнгөрсөн морьд уяатай бай­гаа харагдана. Хашаан дотор зээглэсэн эсгийтэй
гурван гэр байх. Мөн эхээс төрөөд удаагүй бололтой улаан хээр унага хүний бараанаар
тосч ирээд л гар даган шогших ажээ. Гэрийн хойд талын энгэрээр хонин сүрэг таран
идээшилж, морьтой залуу хонины хошууг эргүүлэн залж явна. Нас тогтсон махлаг бор
эмэгтэй гарч ирэн нохой хорьж өгсөн нь гэрийн эзэгтэй Ринчмаа байв. Гэрт оруут идээ,
цай болж “Дээшээ суу” хэмээн зочлох ажээ. Тэд “Танай нутгаар бороо хэр орсон. Зуншлага
сайхан бай­на уу. Наадам болох гээд айлууд морио уяж байгаа биз дээ” гээд мэнд мэдэлцлээ.
Сумынхаа хөдөөний айлд сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх юм. Биднийг ирэхэд тосч
ирээд байсан хээр унага гэрт орж ирээд гэрийн эзэд “хаая, хүүе” болоод гэрээс гаргалаа.
Хавар адуунаасаа сарничихсан гэрийнх нь ойролцоо гүйж явсан гэнэ. Эзнийг нь хайсан
боловч олдоогүй учир угж хөхүүлж, мал болгох гээд нэлээд эрх­лүүлж байгаа нь энэ
аж.

Гэрийн эзэгтэй улаан хүрэн цай өтгөн
аягалаж өгөв. Тэд цай чанахдаа идээг нь их хийгээд богширтол нь буцал­гаж, дээрээс
нь сүлсэн ч улаан хүрэн байх бөгөөд үүнийгээ уухгүй л бол цай уусан болох­гүй толгой
нь өвддөг гэнэ. Ар монголчуудынхаар бол сүү амтагдсан сайхан цай нь юмдаг уу даа.
Мөн шуудайтай борц байшингаасаа оруулж ирэн алхаар түншиж, сал­байл­гаад “Борцтой
хоол хийж өгнө өө. Өвгөн маргааш шинэ шөл уулгах юм гэсэн” хэмээн ярьсаар хоолоо
бэлдэх ажээ. Гэрийн хойморт хуучны бор авдар байх. Мөн боронзоор эрээлсэн улаан
хүрэн модон ор, гэрийн баруун хатавчинд эмээл тавьчихсан хазаар, ногт, чөдөр ханын
толгойноос өлгөөтэй юм. Бүх л зүйлс хөдөөний малчин айл шиг. Хажууханд өнгөрөх цахил­гаан
шонгоос цахилгаан татчихжээ. Телевизээр нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн
суваг гарч байв. Хоёр нүдний ду­ран, хулсан хусуур зэрэг зүйлс унинд өлгөөтэй. Гэрийн
эзэн хоймортоо суучихаад хятад янжуур татаад суугаад байх тэгснээ “Би хэдэн морь
уяж байгаа. Олигтой давхихгүй юм. Нөгөөдөр Хамар усны их наадам болно. Түүнд давхиу­лах
санаа байна. Манай хүү, бэр хоёр унаж байгаа” хэ­мээн яриа өдөх ажээ. Гэрийн эзэн­тэй
хамт хоол болохоос өмнө уяан дээр очлоо.
Дунгар гуайн хүргэн Арслангийнх энэ зун айл зусч байгаа юм бай­на. Залуухан хосууд
дөрвөн ханатай гэрт аж төрдөг юм байна. Уяан дээр байгаа морьд бүгд хурдан шинж
агуулсан, цэвэрхэн хийцтэй юм. Монголын уяач нар эн­дээс сүүлийн үед адуу авчир­даг
болоод байгаа учир нь эндхийн барга адуу гүйцэг­дэхгүй хурдан байдагтай холбоотой
тухай бид ярьж явав.

Очсон айлынх 600 гаруй богтой, 40 гаруй үхэртэй, 400 гаруй адуутай юм байна.
Энэ жил төл алдалгүй авсан тул 20 гаруй үнээ сааж, зуу гаруй гүү унагалжээ. Долоон
сарын дунд үеэс гүүгээ барих юм байх. Тэр үед айраг гарч нутгийнхан цуглардаг байна.
Тэд айргийг цэгээ хэмээн нэрлэх аж. “Намрын цэгээ ч хар тос унаад мөн ч сайхан шүү”
гээд л ярих. Мөн үнээгээ саагаад, сүүгээ хөөрүүлж, өрөм загсааж, тараг бүрээд тогоо
нэрж, шимийн архи гаргаж, аарцаар нь ааруул тавиад л цагаан идээгээ худалдаалдаг
байна.

Гэрийн эзэгтэй бидэнд хоол цай бэлдэж
өгөөд үнээн­дээ гарсан юм. Нар баруун уулын шилээр орж амжаагүй байхад дэлэнгээ
дааж явсан үнээнүүд эхнээсээ ирсэн юм. Хуванцар хувингаар дүүрэн сүү сааж зэлэн
дээрээ тавь­сан том саванд юүлэх юм. Таана, хөмүүл, шувуун хөл зэрэг шимтэй өвс
ургадаг болохоор үнээний сүү их өтгөн аж. Гэрийн эзэгтэй “Сүүлийн жилүүдэд үхэр
сааж өгөх хүнгүй болчихоод үнээ­нүүдээ олигтой ч сааж хүч­рэхгүй дэлэнг нь султгаад
л тугалд нь өгч байна. Тугал нь гэж бяруу шиг том болчихоод хүчирч дийлэхгүй хэцүүдэж
байна өө” хэмээн ярив. Сүү­лийн жилүүдэд Өмнөд мон­голын залуус сургуулийн мөр хөөгөөд
малчид гэж хэ­дэн хөгшчүүл үлдээд байгаа гэнэ. Үүнээс үүдэн мал ха­риулдаг хүн цөөрөөд
байгаа аж. Ийн­хүү орой болж мал хотлов. Одод ярайтал түгсэн тэнгэрт бүртийх ч үүлгүй
цэл­мэг. Тэнгэрийн заадас тодоос тод. Ногоондоо цадаж махал­сан хонь, ямаа тэрий­гээд
хэвтчихсэн яраглаад, үхэр зэлнээс холдуухан хэвт­чих­сэн хэвэх нь тодхон. Мөн нохой чимээ авсан бололтой
“хөв хөв” хуцах, Монголын хөдөө гэдэг энэ. Гэвч энүүхэн хойгуур хятадын хил зурайн
байгаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… “Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар байна” хэмээх нийтлэлийг хүргэж байна.


Хүдэн татсан сарьдаг байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа

Хүслэн татсан амраг тэр минь ээ хө

Хүрэн зүрхний уяа юу даа

Миний өвөө, миний аав, тэгээд би энэ дууны сонсогч. Намайг ухаан ороход энэ дууг томчуул дагаж дуулдаг байлаа. Аавыг минь балчир хүү байхад л энэ дуу радио­гоор цангинадаг байсан юм билээ. Энэ дууг амьдруулсан дуучин, ардын жүжигчин Б.Зангад гуай Монголд радио анх дэлгэрэхэд дуулж л байсан, одоо ч дуулсаар. Монголын урлагт, алтан тайзнаа үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор дуулсан жаран жилийн бахдам ой нь энэ жил тохиож буй.

1951 онд Б.Зангад гуай арван дөрвөн настайдаа Ховдоос урлаг уран сайхнаар шалгарч ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын концертод дуулахаар Улаанбаа­тарт анх иржээ. Анх удаа нийслэл хотдоо хөл тавиад наадмын тал­байд “Гурван баатар” хэмээх дууг дуулж, олон зуун хүний алга ташилтыг сонсчээ. Тэрээр энэ мөчөөс өөрийгөө урлагт орсон хэмээн үзэж, энэ үеэс дуучны замналынхаа хуанлийн хуудсыг эргүүлжээ.

Ховдод сурагч Зангадыг мэдэх­гүй, дуулаагүй хүн үгүй. Түүний цээл сайхан хоолой, хүний сэтгэлд нэгийг бодогдуулж дуулдаг эрдмийг нутгийнхан нь шагшин магтдаг байлаа.

Мөнгөн давалгаа халилсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулын чанадаасаа

Хээтэн урссан Буянт минь

Б.Зангад гуай энэ дууг 16 нас­тай­даа дуулжээ. Ховд аймгийн соёлын өдрүүд нийслэлд зохиог­дох болж тус аймгийн авьяастнууд нутаг усаа магтсан, байгалийг биширсэн дуунууд дуулах ёстой боллоо.

Тэгтэл соёлын өдрүүдийг зо­хион байгуулах хүмүүс “Зангадын хоолойд яг тохирно” гээд Д.Лхашидийн үг, Ч.Балдангийн ая “Тунгалаг Буянт” гэсэн шинэхэн дууг Б.Зангадад өгөв. Сурагч хүү өндөр хариуцлагатай том концер­тод шинэ дуу эгшиг­лүүлнэ гэхээс дотроо жаахан айдас­тай байсан ч соёлын өдрүүдээр “Тунгалаг Буянт”-ыг олон дахиулж нийслэ­лийнхнийг бишрүүлжээ. Ингээд “Ховдын Зангад” гэх дуучин хөвүүний нэр алдар, авьяасын цуурай Ховдоос нийслэл рүү, нийслэлээс бусад аймгууд руу буухиаллаа. Ингээд Б.Зангад “Тун­га­лаг Буянт”-ыг Улаанбаатараар зогссонгүй, Варшав, Москвагийн тайзан дээр дуулав. Түүнийг энэ дуугаа дуулахад цугласан олон амьсгал даран сонсч, уярна. Дуу­лаад дуусахад удтал алга нижиг­нүүлэн баяр хүргэж дахиулдаг байлаа. 16 настай хүүд ийм их хүндэтгэл, нэр алдар ирнэ чинээ хэн ч санасангүй.

Сурагчаас ардын жүжигчин болтлоо дуулсан энэ дуу бол түүний намтрын салшгүй нэгэн хэсэг. Тэрээр энэ дуугаа том жижиг, гадаад, дотоодын олон тайзан дээр ойролцоогоор таван мянга гаруй удаа дуулсан гэх.

Б.Зангад гуай өнчин өрөөсөн өссөн ч хүүхэд ахуйн жаргалтай мөчүүд, сурагчийн дүрэмт хувцас­тай эгэл хэрнээ алдар суугийн эхлэл дор өнгөрүүлсэн арван жилээ юунаас ч илүү эрхэмлэн нандигнана. Харин түүний урлаг, амьдралын их далайд завь залан орсон идэр залуу насны замыг урлаг судлаачид “Дардан. Нэр алдар нь тогтвортой өссөөр ирсэн уран бүтээлч” хэмээн дүгнэдэг. Энэ ч утгаараа тэрээр тухайн үед Москвагийн Хөгжмийн их сургуульд элсэн орж уран бүтээлчийн ган­хашгүй, гэгээлэг амьдралаа улам батжуулжээ.

Б.Зангад хорин хэдхэн настай хонгор зүстэй байхдаа өөрийгөө алдаршуулах, зуун дамнан дуулаг­даж буй жинхэнэ “ХИТ” дуунуудаа амилуулсан юм. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу”, “Чиний минь хайр”, “Намрын шөнө”, “Хар ус нуурын шагшуурга”, “Мөрөө­сөл”, “Гоёхон ч чимэг юм уу даа”, “Өссөн нутаг”, “Учир бий”, “Чамдаа дуулъя”, “Ятгын эгшиг”.

Олонд түгж, тухайн үед радиогоор хамгийн их захиалга, хүсэлт авдаг байсан эдгээр дуунуудаа Б.Зангад 1962-1964 оны үед дуулсан байдаг. Тэгэхээр энэ үеийг түүний уран бүтээлийн ид үе гэж нэрлэж болох ч Б.Зангад гуайн хувьд жаран жил дуулж байгааг нь бид харж байгаа болохоор түүний уран бүтээлийг үечлэх нь утгагүй ч юм шиг.

Б.Зангад гуай бүтэн жаран жил дуулж байна. Зуун дамнан алдар суугаа цацруулж буй энэ эрхмийг ийнхүү уран бүтээлээ туурвин, дуулсаар яваа нь түүний хувь хүний мөн чанар, эцэг эхээс өвлөсөн их авьяастай од сар мэт холбоотой ч өөр нэг зүйл байна. Тэр бол түүний дуунууд.

1960-1970 он бол Монголын нийтийн дууны алтан үе. Эдгээр онд Монголын урлаг, утга зохиолд цоо шинэ, соргог мэдрэм­жээр хөг­лөгдсөн бүтээлүүд ихээр төрөн гарсан байдаг. Энэ бүхэн Б.Зангадын уран бүтээлд нөлөөлж түүнийг Москвагийн хөгжмийн их сургуулийг төгсөөд ирэхэд тэр цаг мөч давхцаж, тухайн үеийн Мон­голын суу билэгтнүүд болох Л.Мөр­дорж, С.Гончигсумлаа, Ц.Намс­райжав, Э.Оюун, Г.Бирваа, Ж.Бадраа, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Ц.Пүрэвдорж, Л.Ванган, Э.Чойдог нарын бүтээлийг амьд­руулсан билээ.

Б.Зангадын урын санд буй 400 гаруй дууны дийлэнх нь Монголын нэрт хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл байдаг. Ийм болохоор түүний дуунууд өнөөдөр ч эгшиглэсээр, дуулагдсаар байна.

Одоо бол нийтийн дууны гэх нэг дуучин дууныхаа үг, аяыг зохио­гоод тэгээд өөрөө дуулаад бүтэн тоглолт тавьчихдаг. Бүх дуу нь нэг ая, үгтэй. Тэндээс юуных нь мэд­рэмж, уярлыг олж авах вэ гэмээр. Тэгээд иймхэн ядмаг залуус нэг тоглолт тавиад л гавьяат жүжигчин болчихож байгаа юм. Гэтэл Б.Зангад гуай бүтэн жаран жил дуулж байна. Тэрээр маш их алдар хүнд, цэцэг, баярын бичиг, магтаал сайшаал дунд хорин жил явж 1973 онд гавьяат жүжигчин болж түүнээс хойш дахин хорь гаруй жилийн дараа ардын жүжигчин цол хүртсэн юм билээ. Хэрэвзээ Б.Зангад гуай өнөөдөр, одоогийн энэ зохиолын дуучидтай мөр зэрэгцэн дуулсан бол юун хорин жил хүлээх, нэг дуу дуулаад л гавьяат жүжигчин болчихоор байсан шүү.

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй

Алтан намар он жил улиравч дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

Б.Зангад гуайг жил бүрийн “Алтан намар” наадмыг Н.Жанцан­норовын хөгжим, Д.Цэдэвийн шүлгээр бүтсэн энэ дуугаараа эхлүүлэхийг олонтаа харсансан. Одоогоос хэдэн жилийн өмнө уг наадмын нээлтэд очоод анх удаа түүнийг үзэгчийн суудлаас дуулахыг нь сонсч билээ. “Алтан намар” наадмын цар хүрээ хумиг­даж, үзэгчгүй болсон гэгдэж байсан тэр үед Б.Зангад гуайн дуулахыг сонсчихоод л нүдэндээ уярлын нулимс цийлэгнүүлээд гараад явсан олон хүнийг харсан. Тэгэхээр уг хөгжмийн наадмын амин сүнс нь энэ дуунд, Б.Зангад гуайд орших шиг. Энэ хоёргүйгээр “Алтан намар” наадам төсөөлөгддөггүй юм.

Улсын Драмын эрдмийн теат­рын тайзнаа болсон тэр нээлтийн тоглолтод залуу уран бүтээлчид гарч ирээд дуу хуураа өргөхдөө микрофоноос огтхон ч салахгүй, дуугаа дуусан дуустлаа зуурсаар. Тэгтэл бидний сэтгэлд хоногшсон өнөө л ёслолын хувцас, эрвээхэй зангиатай Б.Зангад гуай тайзнаа гарч ирээд микрофон гээчээс тээр хол зогсчихоод ер нь тийм зүйл байдаг юм уу гэлтэй цээлхэн хоо­лой­­гоороо цангинуулж гарсан. Хүмүүс “Энэ Зангад гуай ер хөгш­рөхгүй юм. Дуу хоолой нь яг хэвээ­рээ шүү” хэмээн бахархацгаасан билээ.

1960-1980 оны үед нийтийн дуунд гялалзаж, олны хайр хүндлэлийг хүлээсэн олон дуучин байсан. Тэдэнд дундаас Б.Зангад гуай элгэмсэг зангаараа ялгагд­даг байжээ. Ямар нэгэн концертын үеэр үзэгчид дууг нь дахиж сон­сохын тулд дахиулна. Зарим дуу­чин үзэгчдийн үргэлжилсэн алга ташилтыг үл ойшоон гарч ирчихээд толгойгоо бөхийлгөж уучлал гуйсан болчи­хоод хөшиг­ний араар орчихдог байж. Харин Б.Зангадыг хэд ч дахиулсан дүр­гүйцдэггүй, үзэгч, ирсэн олныг ихэд хүндэтгэдэг байсан хэмээн тэр үеийнхэн ам сайтай байдаг юм.

Монголын урлагт арван хэдхэн настай хүү байхаас зүтгэж Монгол Улсын ардын жүжигчин болтлоо явж буй Баартуугийн Зангадын урлагийн тайзнаа өөрийн давтаг­дашгүй дуу хоолойг хүргэсний жаран жилийн ойн өдрүүд үргэл­жилсээр. Ж.Бадраагийн шүлэг, С.Гончигсумлаагийн хөгжим “Жар­гаах зүрхэн” дуу бол Б.Зангадын уран бүтээлийн оргилуудынх нь нэг.

Алтлан дуртсан наран гийсээр хө

Ашдын заяат нутаг билээ хө

Алслан холдсон уран гоо минь хө

Алаг зүрхний янаг билээ хө

Миний өвөө, миний аав, тэгээд би энэ дууны сонсогч. Миний үр хүүхдүүд ч сонсох болно. Жаран жил дуулсан Зангад гуай минь жаргаах зүрхийг минь уяраасаар л байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Д.Базаргүр: С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс намайг хассан хүн “Миний алдаа байсан” гэж дараа нь хэлж билээ DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС Хурандаа Д.Ба­зар­гүртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-МИНИЙ БҮРДҮҮЛСЭН ЗАЛУУС МОНГОЛЫН ЦАГДААГИЙН
СОРУУД БОЛЖ ЧАДСАН-


Цагдаагийн ерөн­хий газрын дэд дар­га асан, хурандаа Д.Ба­зар­гүртэй
ярилц­­лаа. Түүнийг Монголын цагдаагийн байгууллагын шилдэг мөрдөгчдийн нэг
гэдгээр нь олон хүн мэдэх биз ээ. Бид хоёрын яриа ийн өрнөлөө.


-Тантай уулзах гэ­хээр завгүй яваад бай­на гэх юм. Ямар ажил амжуулаад
завгүй байна вэ?

-Амжуулах ажил мун­дахгүй байна шүү. Ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгч,
авахаас эхлээд завгүй их ажилтай. Харин энэ долоо хоногоос хүүхдүүдийн амралт
эхлээд байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо­ны хэдэн залуус хууль, журамдаа
өөрчлөлт оруу­лах гээд түүнд нь заавар, зөвлөгөө өгөөд л явж байна. Өнгөрсөн
амралтын өдрүүдэд ахмадуудын дунд жил бүр болдог сагсан бөм­бөгийн тэмцээнд
оролцлоо. Манай баг анх удаа мөнгөн медаль хүртлээ. Жил бүр алтыг нь авдаг
байсан юм. Ирэх жил хүрэл медалийг нь авах юм байна гэж манай багийнхан
хошигноцгоож байна лээ. Уг нь олон жил алт авсан юм. Эрийг нас гэдэг нь болж
байх шиг байна даа. Хүүхэд байхаасаа л сагс, гар бөмбөг тоглох дуртай байлаа.
Одоо ч сонирхол буураагүй л байна шүү.

-Та Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг байх аа?

-Тиймээ. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, өссөн хүүхэд. Сумандаа бага
сургууль төгсөөд аймгийн төвд сургуулиа төгсөж байлаа. Манай аав төрийн
хариуцлагатай ажил хийж явсан хүн. Аавыгаа дагаад Архангай, Говь-Алтай,
нийслэлийн Дөчин мянгатад амьдарч явлаа. Аав маань атар эзэмших намын
илгээл­тээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн анхны шанг татаж явсан хүн. Харин миний
хувьд 1971 онд дунд сургуулиа төгсөөд, Цэргийн ерөнхий сур­гуульд элсэн
суралцсан. Сургуулиа төгсөөд, Дорнод аймагт Өмчийн төлөөлөгчөөр ажлын гараагаа
эхэлж байсан. Аймгийн үйлдвэрүүдийг хариуцсан өмчийн төлөө­лөгч байсан. Тэр үед
эрүүгийн гэмт хэрэг мөрдөх чиглэлд илүү сонирхолтой бай­сан шиг байгаа юм.
Тэгээд Халхгол сумын цагдаагийн группын даргаар томилогдсон. Халхгол сум шинээр
бай­гуулагдсан болохоор болж бүтэхгүй хүмүүс олон байсан. Гэмт хэрэг гарахгүй
байна гэж байх­гүй. Увс аймгаас таван айл шилжиж ирлээ гэхэд гэрийн эзэд нь
бүгд малын хулгайгаар шийтгүүлж байсан байх жишээний. Халхгол суманд дөрвөн жил
ажиллаад эргээд аймаг­таа Гүйцэтгэх алба­ны тасгийн даргаар томилогдсон.

-Тэр үед 80 гаруй үйл­дэлтэй хэрэг илрүүлсэн гэгддэг?

-Миний цагдаа болоод хамгийн анх илрүүлсэн хэрэг пивоны хэрэг. Тэр үед пиво их
ховор байсан юм. Наадам болох гэж байсан үе. Таван поошиг пиво байснаас хоёр нь
алга болчихдог юм байна. Аймгийн Мах бэлтгэлийн газрын хөргөлтөд байсан юм.
Хэргийн араас яваад дор нь илрүүлсэн. Дараа нь “Онгорхой” хочит
Чулуунбаатараар ахлуулсан 80 гаруй үйл­дэл­тэй хэргийг илрүүлсэн. Орос
айлын гэрт хулгай дээрэм хийдэг, олон тооны мал хулгайлсан, бусдыг зодож
танхайрсан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн гээд Дорнод аймгийг тухайн үед
донсолгож байсан хүмүүс. Мөн хүн амины нэг хэрэг санаанд тод байна. 60 гаруй
настай хүн үхэртээ яваад, ор сураггүй алга бол­чихсон. Намайг хотод ажлаар
яваад ирэх үед гарсан байсан. Өвөл гарсан хэрэг. Манайхан нөгөө хүний цогцсыг
хайгаад байгаа. Огт олдохгүй байсан. Тэгэхээр нь би алга болсон үхрийнх
нь араас явсаар нэг айлд очлоо. Гэрийн эзэн манайд энэ үхэр ирээд олон хонож
байна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. Сэжиглэх зүйл огт байхгүй. Тэгээд нөгөө
айлаасаа хөдлөх гэж байх үед нуруулдсан их өвс цасгүй байхыг ажиглаад ухаж
үзлээ. Тэгсэн их өвс байгаа газар огт хөлддөггүй юм билээ. Тэнд нөгөө хүнийг
хөнөөгөөд булчихсан бай­сан. Халхгол сум болон Дорнод аймагт ажиллаж байхдаа
миний суурь их сайн тавигдсан гэж одоо боддог шүү.

Б.ПҮРЭВ ГЕНЕРАЛААР УДИРДУУЛСАН НЬ ЦАГДААГИЙН ХУВЬ ЗАЯА

-Хот руу хэдэн онд томилогдов. Орон нутагт гайгүй сайн ажиллаж байгаа
цагдаагийнхан хот руу шилжихийг л боддог гэх юм билээ. Та ч бас тэгж байв уу?

-Би хотод ажиллах хүсэлтэй байсан. Гэвч томилогдож чадахгүй л яваад байсан.
Тэгсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Жамъянсүрэн генерал Дорнод аймагт
хэд хоног ажилласан. Буцахдаа “Чамайг хот руу татаж авна” гэж
хэлчихээд яв­сан. Удалгүй 1988 онд Улсын цагдан сэргийлэх ерөн­хий газрын Эрүү­гийн
хэргийн ахлах төлөө­лөг­чөөр томилогдож ирсэн. Жамъянсүрэн генерал ажлаа
өгөхийн өмнөхөн хамгийн сүүл­чийн томилгоогоо надаар хийсэн юм билээ. Тэгээд
намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд “Би ажлынхаа хамгийн сүүлчийн
томилгоог чамаар хийсэн шүү. Илтгэл алдахгүй сайн ажиллаарай” гэсэн. Би
тэр хүний итгэлийг алдаагүй л гэж боддог.

-Таныг ирэх үед жагсаал, цуглаан эхэлж байсан байх. Цагдаагийн ерөнхий
газрын даргыг та нар дотроосоо томилж байсан гэдэг юм билээ?

-Нийгэм бужигнаад, Нийгмийг аюулаас хамгаалах яам задрах нь тодорхой болоод
байгаа нь бидэнд мэдрэгдээд байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргаар нийгмийн
аюулаас хамгаалах мэргэжлийн хүн ирнэ гэх мэдээлэл ирээд байв. Тэгэхээр нь
гуравдугаар тасгийн дарга Ц.Уугангэрэл бид нар хурал зохион байгуулж, Б.Пүрэв
генералыг дар­гаар томилох санал гаргасан. Тэгж л Цаг­даагийн ерөнхий газрын
даргыг дундаасаа тавьж бай­сан түүхтэй юм. Цагдааг Б.Пүрэв генерал удирдаж байж
л тэр эгзэгтэй хүнд хэцүү үеийг даван туулсан юм шүү дээ. 1990 оноос хойш
нийгэм задрах үед ганц ажлаа хийж байсан газар бол цагдаагийн байгууллага шүү
дээ. Хийлгэдэг хүн нь Б.Пүрэв генерал. Тэр үед цагдааг юм болгонд дууддаг
байлаа. Бүр “Та нараас өөр ажил хийж байгаа газар байхгүй байхад дуудахгүй
яах юм бэ” гэдэг байсан. 1990 онд цагдаа ард түмний нөхөр нь байсан. Тэр
хүнд хэцүү үед сайн хүнээр удирдуулна гэдэг тэр үеийн цагдаагийн хувь
тавилан байсан гэж боддог.

ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮС ДУНД ГАРАВСҮРЭН, ГАРАМЖИЛ ХУРАНДАА НАР
ЗОГСОЖ БАЙДАГ БАЙСАН

-Жагсаал болох үед цагдаагийнхан хэрхэн ажиллаж байсан бэ?

-Манай улсад жагсаал, цуглаан гарахаас өмнө урд хөршид болон өөр орнуудад
жагсаал гарч эхэлсэн. Үүнээс үүдэн манайд жагсаал, цуглаан гарвал яах вэ гэж
ярьдаг болсон. Намайг хойд хөршид туршлага судлуулахаар явуулж байлаа. Маш олон
ном байсан. Тэр болгоныг уншиж, жагсаалын үед цагдаа хэрхэн ажиллах талаар
мэдлэгтэй бол­сон гэхэд болно. Эрүүгийн алба хэрхэн ажиллах, жагсагчид ямар
үйлдэл хийхийг хүртэл мэдэж байх хэрэгтэй. Эмх замбараагүй бай­дал гарлаа гэхэд
хэнээр таслан зогсоох, жагсаал удирдаж байгаа хүмүүсийн хэн нь хань болж чадах
вэ гээд олон зүйл судалсан. Удал­гүй жагсаал ч гарсан. Мон­голд анх удаа
жагсаал болж байгаа юм. Бидэнд жагсаал удирдаж байгаа хүмүүс хаана байгааг
мэдэх үүрэг өгсөн. Бид ч С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг
хаана байгааг мэддэг байсан. Хэд хэдэн удаа Төрийн ордон руу дайрсан. Байдал
эвгүй болоод ирэх үед С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг
дуудаж олон удаа зогсоож байлаа. Тэр үед жагсаж байсан залуусын сэтгэл
эвдрээгүй байж. Жагсаал дунд Гаравсүрэн, Гарамжил хурандаа нар зогсож байна.
Тэр хоёр жагсагчид дундаас их содон харагдана. Өндөр болохоор тэднийг хаанаас л
бол хаанаас харж болдог байлаа. Байдал эвгүйдээд эхлэхээр нөгөө хоёр
зохицуулалт хийнэ. “Та нар ингэж болохгүй наадах чинь хэтэрч байна”
гэж эвгүй үйлдлүүдийг дотроос нь зогсооно. Иймэрхүү маягаар жагсаалыг давж гарсан
даа. Жагсаал удирдаж байсан хүмүүстэй бид ойр ажилласан юм.

БИДНИЙ БЭЛТГЭСЭН ХҮҮХДҮҮД ОДОО ЦАГДААГ УДИРДАЖ ЯВНА

-Цагдаагийн тусгай тасаг, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тас­гийг
байгуулснаар хэр­гүүдийг сайн илрүүлж байсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй
юу?

-Б.Пүрэв генерал цагдаагийн байгууллагад тулгамдаад байгаа асуудлыг судалж
үзсэн юм билээ. Тэгсэн дуу­лиант онц ноцтой хэр­гүүд илрэхгүй байгаад
байсан. Мөн цагдаа нар танхай нөхдүүдээс айж зугтаадаг. Хэн нэгэн танхайраад,
дийлдэхгүй үед нь зогсоож чадахгүй байх тохиолдол гардаг л байсан. Тэгээд хоёр
тасаг байгуулсан. Тусгай тасаг байгуулагдаж, даргаар нь одоо Гаалийн ерөнхий
газрын дэд даргын албыг хашиж байгаа Уугангэрэл томилогдсон. Харин
би онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болсон юм. Бид хоёрт Б.Пүрэв
дарга давуу эрх өгч байсан. Уугангэрэлд бие хаа сайтай, надаас өндөр залуусыг
сонгож ав. Надад болохоор хэрэг илрүүлж чаддаг л бол ямар ч хамаагүй хүний
ажилд ав. Тэгээд л багаа бүрдүүл гэсэн. Бид ч багаа бүрдүүлсэн. Цагдаагийн
ерөнхий газрын дарга асан Д.Мөрөн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан,
бригадын генерал А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэн­найрамдах нарыг олж
ирсэн. Миний дарга бай­сан З.Төрмандах чиглэ­лийн ахлахаар ажиллаж байлаа.
Ёстой л гар нийл­сэн залуус мөн ч олон хэргийн араас орж илрүүлж байлаа.
Онгирсон болох байхдаа миний татаж авчирсан залуус Монголын цагдаа­гийн
шилдгүүд болж чад­сан. Өөр нэг зүйл хэлэхэд Цагдаагийн академийн сурлага сайтай
сонсогч нарыг сонгож аваад дараа­гийнхаа үеийг бэлт­гэсэн. Бидний бэлтгэсэн
хүүхдүүд өнөөдөр цагдаа­гийн дарга нар болчихсон байна. Бүгд л сайн мөрдөгч
болжээ.

-Гар нийлсэн шижиг­нэсэн залуус олон хэрэг илрүүлж байсан байх. Онц
ноцтой хэргүүдээс дурдвал?

-Тэр үед нийгэм бужиг­наантай байсан үе. Ядуурлаас болж ноцтой хэрэг олон гарч
байлаа. Дээрэм хийхийн тулд хүний аминд хүрдэг байв. Зүүнхараагийн банк
дээрэмдсэн хэрэг байна. Тэр хэрэг гараад манайхан очсон. Би ахалж очлоо. Хэрэг
гарсан газар руу ороод л банк хамгаалж байсан цагдааг цагдаа хөнөөсөн гэдгийг
мэдэж байгаа юм. Тэгээд л Зүүнхараагийн бүх цагдааг жагсааж байгаад шууд
хэлсэн. Алуурчин та нарын дунд байна гэж. Тэгсэн дарга нь цагдаа нараа өмөөрч
уурлаад бөөн маргаан үүсэж байлаа. Бид сарын дотор энэ хэргийг илрүүлсэн. Банк
хамгаалж байгаа цагдаа дээр энгийн иргэн орж чадахгүй. Цагдаа хамгаалж байгаа
газарт цагдаа л орж чадна гэсэн өнцөг гаргаад илэрсэн хэрэг. Бас урд хөршөөс
бараа дарж ирдэг хятадуу­дыг дээрэмдсэн хэрэг олон гарсан. Хэргийн араас судалж
үзтэл бүлэглэл бүхий залуус өдөр нь вокзал дээр хэн их бараатай ирж байгааг
судалж, араас нь дагаад гэрийн хаягийг нь мэдээд, шөнө нь дээрэмдэг
байсан. Мөн гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гаригтай холбоо барьсан тухай,
Алтан цөгцний зэрэг хэргүүдийг шалгаж үзээд, худал болохыг нь тогтоож байлаа.
Мөн Авдрантын хорих ангид гардаг аймшигтай хэрэг байна. Дорнодын онгорхой хочит
Ч.Чулуунбаатар нар хорих ангийн хянагч нараас эхлээд олон хүнийг онц
хэрцгийгээр хөнөөгөөд оргодог гээд олон хэрэг бий. Яриад байвал дуусахгүй.

-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг дээр танай баг яагаад
ажиллаагүй юм бэ. Таныг ажлын хэсгээс хасч байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй
юу?

-Миний бие С.Зоригийн хэрэг дээр мөчидхөн хоёр удаа л орсон. Дорнодод явж
байтал дуудаад С.Зоригийн хэрэг дээр ажиллуулахаар боллоо гэсэн. Жамъянсэнгээ
хуран­даа бид хоёр ажил­лаж эхэлсэн. Долоо хоног ажиллаад хэд хэдэн зүйл гаргаж
ирээд байсан. Гэтэл болиулах шийдвэр гаргасан. Бүр ажлаас чөлөөлж
эхэлсэн. Тухайн үед уур хүрсэн. Бид нарыг ажлаас халсанд эсэргүүцэж байсан.
“Би эргээд ирнэ шүү” гэж хэлээд гарч байсан. Ажлын хэсгээс хасах шийд­вэр
гаргасан хүнтэй дараа нь уулзахад “Тэр миний алдаа байна лээ” гэж
байсан. С.Зоригийн хэрэг дээр миний бэлтгэ­сэн мөрдөгчдийн цөөхөн нь л
ажилласан байдаг.

-Хэргийг илрүүлэх чадал, туршлага, мэд­лэг­тэй шилдэг мөр­дөгчдийн
багийг хэргийг шал­гах ажил­лагаанд оруу­лаа­гүйд гайхах хүн олон байгаа байх.
Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Бидний хэдэн залуус тэр хэрэг дээр орсон бол яах байсан бол гэж боддог л юм.
Ямар ч байсан манай хамт олныг тараагаагүй бол будилаантай зүйлс лав үүсэхгүй
байсан. Тухайн үед нам нь солиг­дож, дарга, цэрэг болох сонир­холтой зарим
хүмүүст бид саад болж байсан байх. Тэгээд л бүгдийг ажлаас нь чөлөөлсөн гэж
боддог юм. Цагдаагийн дарга болох гэсэн хүмүүсийн хийсэн ажил байх. Сүүлд
Цагдаагийн ерөнхий газ­рын дэд даргаар ажиллаж байх­даа хэргийг бага зэрэг
цэгцэлж өгсөн. Үдэг­дээгүй олон баримтыг нэмж, үдэж өгсөн. Тэр үед Э.Бат-Үүлийг
хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ
хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр
болсон шүү дээ.

Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР


-НӨХЦӨЛ
НЬ БҮРДСЭН БОЛ ОДОО ЦАГДААД ХИЙЖ БАЙГАА ШИНЭЧЛЭЛИЙГ 2000 ОНД ХИЙЧИХ
БАЙСАН. ОДОО ЦАГ НЬ БОЛСОН-


Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа
Д.Базаргүртэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна.


-Танаас хоёр зүйлийг асуумаар санагдаад байх юм. Олон жилийн хугацаа
өнгөрсөн болохоор нуугаад байх зүйлгүй байх. “Центрпойнт”-ын
гэх хэрэг, 17 чингэлэг спиртний хэрэгт таны нэр холбогдож байсан. Энэ талаараа
хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагүй. Хүмүүсээс сонсоод байхад та дээрх
хоёр хэрэгтэй холбоогүй юм биш үү?

-Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ талаар ярилгүй олон жил чимээгүй явлаа.
Ямар учраас “Центрпойнт”-ын болон спиртний хэрэгт нэр холбогдох
болсон талаараа ярьж болж байна. Үнэндээ бол огт холбоогүй юм шүү дээ. Зарим
нэр бүхий хүмүүсийн миний нэр хүндэд халдсан явуулга байсан. Спиртний хэргийн
талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн үед тийм хэрэг мандсан. Манай
албаныхан хэрэг мөрдөж яваад айлын хашаанаас цэнхэр поошигтой спирт машины
тэвшин дээр ачаатай байгааг илрүүлсэн юм билээ. Тэгээд нөгөө машины жолоочийг
саатуулаад хэргийг шалгах ажил эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн Ховд аймгийн
хоёр цагдаа манайхантай ирж уулзсан байдаг. Хамаг зовлонгоо яриад, банкнаас
зээл авчихсан чинь төлөх хугацаа нь болоод, төлж чадахгүй байна. Тавиад
явуулчих гээд гуйсан байдаг. Тэр үед үнэхээр л цагдаа нарын амьдрал хүнд байсан
үе. Цагдаа цагдаадаа амьдралаа яриад ороод ирсэн юм билээ. Тэгээд л тавиад
явуулчихсан. Хүн чанараасаа болоод л явуулсан. Үүнийг хүмүүс мушгиад надтай
холбож ярьсан байдаг. Нөгөө спирт авч явсан хоёр цагдаа сайхан л явж байна.
Хоёулаа хурандаа цолтой болчихсон байна лээ. Хэрэв тэр үед манайхан хүн
чанартай зан гаргаагүй байсан бол нөгөө хоёр яах байсан бол. Тасгийнхаа залууст
тухайн үед та нар тэр хоёр нөхрийг яагаад тавьж явуулж байгаа юм гэж загнахгүй.
Бас хүн чанартай зан гаргалаа гэж магтахгүй гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ.
“Центрпойнт”-ын гэх хэрэгт намайг холбогдсон гэж өдөр тутмын нэг
сонин дээр гарсан байдаг. Тэр хэрэг гарах үед би гэртээ л байсан байхгүй юу.
Намайг гүтгэж бичсэн сонин удалгүй “Д.Базаргүр хурандаа
“Центрпойнт”-ын хэрэгт холбоогүй юм байна” гэсэн залруулга
гаргасан.Тухайн үед дээрх хэрэгтэй намайг холбож бичүүлэх болсон шалтгаан нь
том эрх ашиг байсан юм билээ. Чи асуусан болохоор нууж хаалгүй ярилаа шүү.

-Б.Пүрэв генерал танай тасгийн залуусыг дэмждэг байсан гэдэг. Тэр ч утгаараа
хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг байсан байх?

-Доороо бат суурьтай дээрээ түшигтэй байхаар ажилд ахиц гарч ирдэг юм
билээ. Б.Пүрэв генерал манайхантай уулзаад “Та нар бол цагдаагийн
ассууд буюу шилдгүүд юм шүү. Монголын цагдаагийн нүүр царай” гэж хэлж
байсан. Мөн “Хэрэг мөрдөөд хөдөө, орон нутагт байнга явна. Мэдэхгүй
газрынхаа өвс ургамал, рашаан усыг хамаагүй идэж, ууж болохгүй шүү”
гэж захидаг байсан. Генерал бидэнд үнэн үг хэлж байсныг удалгүй мэдсэн. Манай
нэг ажилтан Завхан аймагт явж байгаад рашаан ууснаас болж амиа алдаж байсан.
З.Төрмандахыг Эрүүгийн цагдаагийн даргаар томилох болсон шалтгааныг хүн бүр
гайхдаг байсан. 24-хөн настай мөрдөгчийг шууд томилж байгаа юм. Б.Пүрэв генерал
цаг үеэ мэдэрч байсан байгаа биз. Тэр үед “Морин жилтэй залуус улс орныг
удирдахаар гарч ирж байна. Тиймээс эдгээр залуустай хөл нийлэх залуу хүн
хэрэгтэй. Цагдааг удирдах хүнийг одооноос бэлтгэх хэрэгтэй” гээд томилж
байсан. Энэ юуг хэлж байна гэхээр маш алсыг харж байсан байгаа юм. Одоо
Монголын цагдаагийн байгууллагад Б.Пүрэв генерал шиг алсын бодолтой хүн
хэрэгтэй байна. 1990 оны жагсаалын үед Монголын цагдаа жагсагч нарын
өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Хэрэв байдал эвгүйдсэн бол
цагдаа нарыг хөдөлгөх боломж байсан. Б.Пүрэв генерал ардчиллыг дэмжиж
байсан хүн байгаа юм. Намайг анх Дорнодоос хот руу шилжүүлж байсан Цагдаагийн
ерөнхий газрын дарга Дамдинсүрэн генералын итгэлийг алдаагүй ажилласан.

-Цагдаа нар хэргийн үнэнийг олохын тулд л мөрддөг. Хэргийн нарийн
учгийг тайлж чадаагүйгээс болж гэм буруугүй хүн хохирох тохиолдол гардаг.
Завханд гарсан хүн амины хэргийг та үнэн зөв илрүүлж олон жилийн ял авах гэж
байсан залууг суллаж байсан гэдэг?

-Завханд нэг залуу амиа алдсан хэрэг гардаг юм. Дамбий гэх өвгөн хоёр хүүтэй.
Хэрэг гардаг өглөө эрт том хүү нь зүүн тийшээ адуундаа мордсон байгаа юм. Харин
нөгөө хүү нь баруун тийшээ үхэртээ явсан байдаг. Гэтэл үхэрт явсан хүү нь
хутгалуулсан байдалтай амиа алдсан байдаг. Дамбий гэх айлын ойролцоо хоёр айл
байдаг. Нэг хөгшин охинтойгоо амьдардаг. Хажууханд нь бас нэг айл. Тэр айлд
хэрэг гардаг өглөө идшээ авах гээд Эрдэнэ-Очир гэх залуу ирсэн. Тэгсэн
гэрийн эзэн танай хоёр хонь эргүүтсэн байгаа. Энүүхэнд бий, Чи мордоод олоод
ир. Тэрийг идшиндээ хэрэглэ гээд явуулсан байгаа юм. Эрдэнэ-Очир ч малаа
тавьсан айлаасаа мордож яваад дурандаж байгаад нэг хүн хээр хэвтэж байхыг
харсан. Тэгээд яваад очтол талийгаач амиа алдсан байдаг. Ингээд гэрийнхэнд нь
дуулгасан юм. Талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэ-Очирыг буруутгаад байгаа. Жил
гаруйн өмнө гутлынхаа түрийнд тонгорго хутгатай явсан. Тэр хутгаараа хүүг
минь хутгалсан гэж аав нь мэдүүлээд байгаа. Ингээд Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт
шалгагдаж эхэллээ. Миний олж тогтоосноор Дамбийгийн ойролцоо байсан айлын охин
нь урд энгэр рүү адуугаа тууж явсан хоёр хүнийг харсан байдаг юм. Тэд жалга руу
орсноос хойш удалгүй цулбуураа чирсэн морь үргээд гараад ирсэн гэдэг. Араас нь
явган хүн гарч ирсэн. Тэгээд нутгийнхан цулбуураа чирсэн морийг барьж авах үед
жолоогоо эмээлийнхээ бүүргэнд сойчихсон байсан байдаг юм. Явган гарч ирсэн хүн
талийгаач залуугийн ах нь. Морио үргээгээд алдчихлаа гэж хэлсэн юм билээ.
Улмаар ах нь энэ хэргийг үйлдсэн болох нь цаг хугацааны хувьд таардаг. Тэр үед
Эрдэнэ-Очир хутгаа айлд үлдээгээд явсан байсан. Энэ мэт зүйлээс Эрдэнэ-Очир гэх
залуу хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоосон. Улсын дээд шүүхийн дарга Ганбат,
шүүгч Батсайхан нар зөв хүлээж авсан. Тэгээд хуралдаад Эрдэнэ-Очирыг хэргээс
чөлөөлж байсан.

-Таны илрүүлж чадаагүй хэрэг гэж бий юү?

-Байлгүй яахав. Илрүүлж чадахгүй хэрэг байна шүү дээ. Би хөдөө, малтай ойр
өсөөгүй болохоор тэгдэг юм уу малын хулгайн хэргийг тааруу илрүүлдэг байсан.
Малын зүс, тамга надаас хол санагддаг байсан. Халаасны хулгайн хэрэг дээр ч
гэсэн сайн ажиллаж чадахгүй байдаг байсан. Илрүүлэх тал дээрээ тааруу гэж хэлж
болно.

-Авдрантад гарсан аймшигт хэргийн талаар асуух зүйл байна. Хоригдлууд болон
хорих ангийн хянагч нарыг амийг хөнөөсөн Ч.Чулуунбаатар нарыг тусгайгийнхан
болон цагдаа нар эсэргүүцэл үзүүлэлгүй буудсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Онгорхой хочит Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох гэх хоригдлууд олон хүнийг онц
хэрцгийгээр хөнөөгөөд оргосон. Нийгмийг айдаст автуулсан хэрэг юм. Бид
хэрэгтнүүдийн араас нэхэн хөөж Хүүлэйхан уулын энгэрт байгааг тогтоосон.
Тэгээд баривчлах ажиллагаа эхлэх гэж байхад тэд гал нээсэн. Унаж явсан машиныг
хэд хэдэн удаа оносон байсан. Тэгээд л буудалцаан гарсан. Гэхдээ Ч.Чулуунбаатар
нар амьд байсан. Замдаа шархаа даалгүй амиа алдсан. Үнэхээр тэд
яахаас ч буцахгүй байдалтай байсан.

-Цагдаагийн байгуул­лагад шинэчлэл хийгдэж байна. Энэ талаар юу гэж
бодож байна вэ?

-Энэ тогтолцоо руу орох ёстой гэж бодож байна. Бид 1990 оны дундаас 2000 онд
миний бие Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед энэ
талаар яригдаж байсан. Тэр үед энэ тогтолцоо руу орчихвол яах бол
гэж ярьдаг, судалдаг байсан. Бүр ийм тогтолцоо руу орно гэж байсан.
Хэрэг илрүүлэх алба тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг судалсан. Гэвч
шинэчлэлийг хараахан хийж чадаагүй юм. Тухайлбал, сумдад нэмж ажилтан тавих
гэхээр боловсон хүчний хувьд дутмаг байсан. Улс, орны эдийн засгийн чадавхи сул
байсан. Тиймээс одоогийн яригдаж байгаа тогтолцоог тэр үед хийж чадаагүй юм.
Харин энэ талаар хэлчихмээр зүйл ганц нэг харагдаад байгаа. Шинэ тогтолцоонд
орно гэдэг шинэ горимоор ажиллана гэсэн үг. Тиймээс албан хаагч нараа сургалтад
хамруулах хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар сургалтыг зохион байгуулах хэрэгтэй юм.
Цагдаа нарын дунд яригдаж байгаа гол зүйл нь цолны асуудал. Одоогийн яригдаж
байгаа хуулиар хурандаа цолтой хүн дэд хурандаа болж буух. Хошууч байсан хүн
хурандаа болж дэвших болж байх шиг байна. Би Эрүүгийн албаны хүн. Гэмт хэрэг
илрүүлэх албанд байсан. Бага цолтой албан тушаал дээр олон жил ажиллаж байсан
мөртлөө өндөр цол авч байсан. Хурандааг тасгийн даргаар ажиллуулах гэхээр дэд
хурандаа болоод буучихна. Тиймээс хурандаа нарыг өөр газар дарга болох ажилд
явуулах хэрэгтэй болно. Ингээд ирэхээр мөрдөх алба чинь сулраад ирнэ шүү
дээ. Миний удирдаж байсан тасгийн мундаг залуусыг тогтоохын тулд бид
чиглэлийн ахлах гэх албан тушаалыг гаргаж байсан. Тэгсний хүчинд
З.Төрмандах, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэннай­рам­дах гэсэн ааг
нь багтаж ядсан мундаг залуусыг найман жил тогтоосон байхгүй юу. Ингэж л гэмт
хэрэг илрүүлэх алба тогтвортой ажиллаж байсан. Харин одоо ахлах ажилтан гэсэн
хамгаалалт байхгүй болчихлоо. Дарга бол олдоно. Гэмт хэрэг илрүүлэх ажлыг
хүссэн хүн бүхэн хийдэггүй юм. Гэмт хэрэгтнээс илүү ухаан гаргаж, давж бодож байж
л гэмт хэргийг илрүүлнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь цагдаагийн томилгоонд нөлөөлж
боло­хуйц улстөрчид өөрсдөө нуруутай байх хэрэгтэй. Нэг улстөрч гарч ирээд
цагдаагийн удирдлага бүрэлдэхүүнд дураараа өөрчлөлт хийдэг. Тэгээд ирэхээр
замбараагаа алдана. Тиймээс шинэчлэл, тогтолцоонд орж байгаа энэ
үед улс төрчид шинэ ухамсар, төлөвшил хэрэгтэй байна. Ингээд хэлээд
байвал олон зүйл бий. Гэхдээ гол санаа нь энэ.

-Мөрдөх албаны тухай таны бодол?

-Мөрдөх алба гэдэг маань ерөөсөө глобалчилсон хэргүүд буюу гадаадын улс,
орнуудтай харилцах, хамтарч ажиллахаас өөр арга замгүй хэргүүдийг илрүүлэх алба
шүү дээ. Монгол Улсад ман­сууруулах бодис, хүний наймаа, эд эрхтний
наймаа, улс дамнасан мөнгө угаах, зэвсгийн наймааны хэргүүд харанга
дэлдэж байна. Саяхан гарсан “Цахлай нисэх гэж төрдөг” гэсэн кинон
дээр яг харагдаж байна лээ. Хар тамхины хувьд манай улс бүүр идэвхтэй
тээвэрлэгч хэмжээнд хүрсэн байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй
дорвитойхон тэмцэхээс өөр арга замгүй. “Ингээд байгаад байж болохгүй
ээ” гэж гарч буй хэргүүд хэлээд байна. Уг нь энэ хэргүүдийг хуулиар
тагнуулын байгууллага илрүүлэх ёстой. Харамсалтай нь тагнуул одоохондоо энэ
үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрүүгийн шинжтэй хэргүүдийг илрүүлэх чадамж муу
байна. Үүнээс болж хэргүүдийг гараасаа алдчихаад байна. Нөхцөл байдал ийм
байхад Мөрдөх алба байгуулах ёстой. Харин байгуулахаасаа өмнө одооноос боловсон
хүчнээ бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Хэд хэдэн хэлтэй, хэрэг илрүүлэх
чадвартай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах мэдлэгтэй, техник тоног
төхөөрөмжөө бүрэн ашиглах хэмжээний бүх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх
хэрэгтэй. Одоо байгаа техник, технологио бүрэн шинэчлэх хэрэгтэй. Тагнуулын
газар тааралдсан болгоноо авах юм бол мөрдөх алба ажиллаж чадахгүй. Өндөр
шаардлага бол цагдаагийн байгууллагын гол зарчим байх ёстой.

-Өөр нэг зүйл нь гаднын орнуудын тагнуул болон холбогдох байгууллагатай шинэ
түвшинд нягт ажиллах хэрэгтэй байх?

-Ер нь гаднын орнуудын тагнуулын байгууллага бусад улсын тагнуултай харилцах
сонирхол өндөр биш байдаг. Аль ч орны тагнуулын байгууллага нягт ажилладаггүй
гэхэд болно. Харин Олон улсын цагдаа буюу интерполын салбаруудтай хамтарч, нягт
ажиллах боломж бүрэн бий. Юуны төлөө вэ гэхээр мэдээлэлтэй байхын тулд.
Ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг
гэмт хэрэг ихээр гарч байна. Иймээс тус бүсийн Олон улсын цагдаатай хамтын
ажиллагааг даруй идэвхжүүлж, хамтрах хэрэгтэй. Бидэнд мэдээлэл л хамгийн чухал.
Жишээ нь, Монгол Улсын нэг иргэн хар тамхины хэргээр баривчлагдах эсвэл хэн нэг
бүсгүй хүний наймааны золиос боллоо гэхэд бидэнд тэр талаарх мэдээлэл байх
хэрэгтэй. Тухайлбал, тус бүс нутагт хар тамхи, хүний наймаатай холбоотой ямар
ямар гэмт бүлэглэлүүд байдаг. Тэдний алинтай нь манай улсын хэн гэгч холбоотой
байдаг вэ гэдэг талаарх мэдээллийг бид мэдэж байх ёстой. Одоогоор манайд тийм
мэдээлэл хомс байна. Бид одоогоор хэнтэй ч нягт холбоотой ажиллаж чадахгүй
байгаа. Энэ мэтээр л сургалтад бэлтгэж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргах
замаар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой.

-Энэ бүхний эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?

-Хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. Гэхдээ
хамгийн гол нь энэ хуулийг батлуулахгүй байх лобби гадуур явагдаад байна.
Лоббиг зөв ашиглавал улс, оронд хэрэгтэй, буруу ашиглавал хохиролтой. Тиймээс
бид маш зөв, цэгцтэйгээр алхмаа эхлүүлэх хэрэгтэй.

Э.ХҮРЭЛБААТАР