Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ш.Доржсүрэн: 24 жилийн дараа дүрдээ давтан тоглолт хийнэ гэдэг баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан DNN.mn

“DOZ” энтертаймент студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа “Тамгагүй төр” жүжгээр эхэлье. Таны бүтээж буй том хүү “Ачир”-ын дүр хүмүүсийн сэтгэлд нэлээд нийцэж буй нь сошиалаар шуугьж байгаагаас мэдрэгдэж байна. Дүрийнхээ судалгааг хэрхэн хийв, юуг харуулахыг зорьж байна вэ?

-Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжигт 1998 онд одоогоос 24 жилийн өмнө ардын жүжигчин Л.Жамсранжав гуайтай анх хамтран тоглож байлаа. Тухайн үед би дөнгөж 23 настай залуу байлаа. 24 жилийн дараа энэ жүжигт өөрийн өмнө оногдсон дүрээ бүтээж байна. Цаг хугацаа хэдийгээр өнгөрсөн ч зүрх сэтгэлд маань энэ жүжиг байж байсныг нээж харлаа. Тэр үед залуу, туршлага дутмаг байсан ч Л.Жамсранжав, П.Цэрэндагва гуай зэрэг аугаа жүжигчидтэй хамтарч тоглож байсан. Тэднийхээ хүчинд, тухайн үед маш өвөрмөц найруулгаар найруулсан Ч.Найдандорж найруулагчийн ач тусаар дөнгөж амьдралд хөл тавьж байх үедээ тоглосон юм байна. Одоо бол идэр насанд ирчихлээ. Тэр үеийн залуу байхдаа бүтээж байсан, одоо бүтээж буй хоёрын хооронд асар их ялгаа бий. Цаг хугацаа, насны хувьд өөр байгаа боловч энэ дүр сэтгэл санааны мухарт байж байна гэж бодон одоо цагийн туршлага, жүжгийг дахин шинээр найруулж буй физикл төрөл жанрт тохируулан тоглосноор дүр их онцлог болж үзэгчдэд хүрч байх шиг байна. Ер нь эерэг, эсрэг талын дүрийг бүтээхэд их бодож тооцоолох, тооцоолсноо зүрх сэтгэлээрээ дамжуулан гаргах зэрэг жүжигчин хүнд ур чадварын олон шалгуур, даваа байдаг. Тэр бүрийг Б.Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг “Тархиа базан, тархиараа идэж байж” тайзан дээр гаргаж байна. Мэдээж үзэгчдэд хүрнэ гэдэг нь бидний туйлын зорилго. Бид өөр өөрсдөдөө зориулж, магтаал хүртэхийн тулд тоглодоггүй. Шүүмжлэлийг сонсож илүү сайжруулахыг хүсдэг. Үзэгчдэдээ л зориулдаг учраас бүтээж буй дүр минь үзэгчдэд хүрч байгаад баяртай байна.

-“Тамгагүй төр” жүжгийг өмнө нь найруулагчид хамтран тавьж байсан. Энэ удаагийн жүжгийг “Херо энтертаймент”-ийн Б.Баатар найруулж байгаагаараа онцлог болж байна уу. Өмнө нь найруулж байсан хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ. Энэ удаагийн найруулга ер нь юугаараа ялгаатай вэ?

-Жүжгийг мөнгөний тоогоор бодож болдоггүй ч санхүүжилт сайтай байна гэдэг сайн жүжиг болж гарах үндсэн суурь нь болдог. Бидний өмсөх хувцас хэрэглэл тайз, микрофон, үзэгчдэд хүргэх гэж тэмүүлсэн техникийн шийдлүүд бол асар их үнэтэй. Тухайлбал, жүжигт гадаадын дөрвөн ч хүн ирж нислэгийн техникийг Франц, Германаас хүмүүс ирж, арын дэлгэцийг Австриас хүмүүс ирж бэлтгээд буцацгаасан. Хувцас хэрэглэлийг “Торго” салон судалгаан дээр үндэслэн детальчилж хийсэн байгааг үзэгчид харж байгаа байх. Хуучин театр маань санхүүжилт үгүй байхад даалимбан даавуугаар аргалах, хямд материалаар театрын хувцаснууд хийгддэг байлаа. Энэ хувцсыг музейд тавихад ямар гоё эдлэл хэрэглэлийг хийгээ вэ гэж харагдахаар бүтсэн. “Херо” энтертаймент тайзны хувцас хэрэглэлүүдэд их ач холбогдол өгч, тавьж буй тавилтад маш их хөрөнгө зарцуулсан. Хоёрдугаарт, Ардын дуу бүжгийн чуулга нэрээр Үндэсний урлагийн их театр, Драмын театр, Цирк, Цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг маш олон урлагийн байгууллагууд нийлэн нэг зүгт харж нэг ансамбль болж буй нь энэ жүжгийн давуу тал. Учир нь тус тусдаа үүрэг гүйцэтгэж чадаж байна гэсэн үг. Анх жүжгийг тавихад багт нь байсан хүний хувьд хэлэхэд тэр үед Л.Жамсранжав, П.Цэрэндагва гуай нар жүжгийг үгэн талаас нь хүргэж тоглолтоо хийж байсан. Одоогийн жүжиг хүн талаас нь харж хийж байгаа юм. Хаан гэдэг зөвхөн хаан байх биш, зовлон, жаргал, гансрал, өс, аргагүй байдалд орох зэрэг маш олон нюансуудыг жүжигчин Г.Эрдэнэбилэг маань гаргаж байгаа. Миний дүр эсрэг тал боловч айлын эрх хүүхэд, гэнэн томоогүй зантай зэрэг хүний зан чанарыг өмнөх тоглолтоос арай өөрөөр харуулахыг зорьсон. Нийтэд нь жүжгийг харахад олон зүйлс нийлж нэг өвөрмөц онцлогийг бий болгож байгаа. Энэ нь хөгжим, тайзны шийдэл зэрэг бөгөөд драмын жүжгийг өмнө босоо тайзан дээр тоглож байгаагүй. Анхны налуу тайз. Үзэгчдийн суудлаас үзэхэд алган дээрээ бүх зүйлийг харж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Жүжигт техникийн маш олон дэвшил бий. Эцэст нь хэлэхэд, энэ жүжиг Монголын театрын урлагийн нүүр царай, гадаадын хүмүүс ирэхэд үзүүлэх боломжтой чанартай бүтээл. Монголд драм гэдэг зүйлийг их хүчтэйгээр дэлгэн бахархаж тавьснаараа онцлогтой гэж бодож байна.

-Та “Тамгагүй төр” жүжгийн энэ хувилбарт хэрхэн сонгогдсон бэ?

-“Херо энтертаймент”-ийн найруулагч Б.Баатар намайг Солонгост байх үед холбогдсон. Би дуудагдаж ирсэн гэхэд болно. Б.Баатарын хэлсэн нэг л зүйл бий. “Бид нэг үе. Бид үзэгчдэд болоод цаг үедээ зайлшгүй үлдээх том хэмжээний бүтээл хийх хэрэгтэй. Тийм учраас шилдгүүдийг цуглуулж жүжигт тоглуулахыг хүсч байна. Тиймээс жүжигт таны оролцоо их. Та өмнө нь тоглож байсан дүрдээ тоглооч ээ” гэсэн. Би ч одоо нас явчихсан шүү дээ, хүүхдийн дүр бүтээж чадах уу. Миний ээжид О.Дөлгөөн жүжигчин тоглоно гэж сонссон л доо.

Бид хоёрын насны харьцаа юу билээ, миний охин шиг хүүхэд шүү дээ, би “Ээжээ” гээд тоглоход их асуудалтай гэхэд “Үүнийг таны ур чадвар шийднэ. Та өөрөө хүрч ирэн хариултдаа орох хэрэгтэй” гэсэн. Миний хувьд ч, О.Дөлгөөний хувьд ч санаа зовсон их олон асуулт байсан. Тиймээс үүнийг үзэгчдэд насны ялгааг яаж анзаарагдахгүй байдлаар хүргэх вэ гэх зэрэг их нарийн ажиллагаанууд жүжигт хийгдсэн. Тиймдээ ч үзэгчид маань хүүхэд нь, ээж нь байна гэх насны ялгаагүйгээр хүлээж авч байгааг бас нэг зорилго маань бүтлээ гэж харж байна. Том баг бүрэлдэхүүн намайг урьсан учраас би жүжигт оролцох болсон. Жүжигт оролцсондоо ч хувь заяа баярлахаар зүйл тохиосон. Яагаад гэвэл 24 жилийн дараа дүрдээ давтан тоглолт хийнэ гэдэг нь баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан гэж бодож байна.

-Анх Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр орж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-Тэр үед социалист нийгмийн журам байсан. Тухайн жил төгссөн 50-60 төгсөгчдөөс хоёр хүүхдийг сонгон шалгаруулалтаар театрт урьдаг. Би дөрөвдүгээр курсээ төгсөөгүй оюутан байх үедээ “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио Гуерцио гэх эсрэг талын баатарлаг дүрд тоглолоо. Тэр үедээ шүүмжлэл болон сайшаалыг хамтад нь амссан. Учир нь Драмын театрт олон сайн залуу жүжигчид байхад яагаад оюутан тоглуулж байгаа вэ гэж их сенсаци болсон л доо. Гэхдээ ур чадвараараа тэр бүхнийг хийж чадсан гэж бодон бахархдаг, амьдралын минь сайхан мөчүүдийн минь нэг. Драмын театрт төгсөж ирээд олон гол дүрүүдэд тоглож байлаа. Б.Мөнхдорж, О.Жамбалжамц, Б.Баатар найруулагчдын жүжиг зэрэгт тоглож явлаа. Миний ажиллаж үзээгүй найруулагч ховор. Г.Доржсамбуу найруулагчийг амьд сэрүүн байхад хамгийн сүүлийн “Өрлөг жанжны өчил” жүжигт нь тоглосон. Мөн өөрийн сонирхлынхоо дагуу хоёр мэргэжлээр хос диплом хамгаалж байлаа. Нэг ангид нэг л оюутан суралцах хэрэгтэй байдаг. Түүнээс биш би жүжигчин мэргэжлээр төгсөн найруулагч хийж буй хүн биш. Найруулагчийн мэргэжил нь кино, жүжиг найруулснаар найруулагч гэж цол өгөх зүйл биш. Тусдаа маш их мэдрэмж, олон төрлийн мэдлэгийг шаарддаг, торгон мэдрэмжид ажилладаг тусгай мэргэжил. Тэгэхээр уран зураг, хөгжим зэргийг мэдрэх бүх зүйлийн олон талын суурь мэдлэгтэй, мэргэжлийн онол сайтай байх зүйлд туршлагажих ёстой. Би ХБНГУ-д тодорхой хэмжээгээр мэргэжил дээшлүүлж сурч байгаад ирсэн. Найруулагч болоход хүндэтгэх, их суралцах ёстой мэргэжил. Тэдний дутууг зураглаачид нөхдөг учраас их хямдхан мэргэжил болж хувирч байгаад гол харлаж, харамсдаг. Үүнийг эсэргүүцэхгүй ч найруулагч гэж өөрийгөө хэлж буй бол маш их суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Түүний дараа найруулагч гэх эрхэм нэрийг та өөрөө биш үзэгчид танд өгөх ёстой гэж боддог.

-Таны хувьд тайз болон дэлгэцийн дүр бүтээх юугаараа ялгаатай вэ?

-Би ч өөрийгөө илүү сурч боловсрох хэрэгтэй гэж чамлаж байдаг. Эхнэрийнхээ зан араншинг авсан гэх юмуу даа. Манай эхнэр үргэлж урагшлахыг хүсдэг, одоо ч АНУ-д жүжигчин, продюсерын мэргэжлээр суралцан тархиа цэнэглэж байгаа. Би ч мөн удахгүй араас нь очиж дахин суралцана. Кинонд тоглох гэдэг нь жүжигчнийг богино хугацаанд тухайн үйл явдалд маш хурдан шилжиж орохыг шаарддаг. Дэлгэц гэдэг хөндий, хүйтэн зүйл. Үзэгчид техникээр дамжуулж үзэж буй учраас маш үнэн байж, дотоод мэдрэмжийн тоглолтууд хүчтэй ил байж дэлгэцээс жүжигчний тоглолт нэвтэрч гарч чадахгүй л бол киноны тоглолтыг хийж чадахгүй байна гэсэн үг. Хурдан ситуацид шилжих гэдэг нь зохиолыг жүжиг шиг ар араас нь залгуулж явдаггүй. Энд тэндээс нь сугалж аван, олон үйл явдлыг өөр өөр ситуациудыг тоглодог учраас маш хурдан итгэж, үнэмшиж дүрдээ орж бодон хийх шаардлага киноны жүжигчинд гарч ирдэг. Театрын жүжиг бол өөр. Энд амьд харилцаа оршиж байдаг. Хүмүүсийн телепати гэж байдаг. Хүмүүст хүчтэй эмоци, телепатиг цацаж байж үзэгчдийг өөртөө байлдан дагуулж татаж авч чадах ёстой. Үүний тулд илүү их хүч бяр, хүчтэй эмоци, тоглолтууд театрт хэрэг болдог. Ар араасаа залгуулсан олон эгнээ суудлын бүх хүмүүст өөрийн бодож буй эмоци телепати үзэл бодлыг тулгаж өгөх учраас илүү хүч шаарддаг гэж хэлж болно. Амьд урлагийн нэг зүйл нь амьд харилцаанд суурилдаг. Хүний биологи худлаа зүйлийг огт хүлээж авч чаддаггүй. Худлаа тоглож эхэлбэл үзэгчид халгаад, хойшлоод утсаа оролдож эхэлдэг. Үнэн тоглож буй зүйлд бодсон бодоогүй автсан автаагүй тархиараа ярилцан хүлээж авдаг. Тиймээс театр хэтэрхий үнэнийг шаарддаг, дэлгэц маш торгон үнэнийг шаарддаг гэсэн ялгаатай.

-Одоогоор “DOZ” энтертайментийн уран бүтээлийг үзэгчид их хүлээж байх шиг. Уран бүтээлдээ хэзээнээс эхэлж орох вэ. Хамт олноороо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Би хийсэн уран бүтээл, ажилдаа сэтгэл ханан, хөөрч баярлан онгирсон байр сууринд байдаггүй. Бид дахиад шинийг эрэлхийлж байна. Таван жил гаруй хугацаанд завсарлалаа. Суралцах зүйл их байна гэж л бодож байсан. Бид хийж буй зүйлээрээ залуучуудад урагшлуулах зам жимийг гаргаж өгөх юмсан гэж боддог.Түүний нэг хэлбэр нь бид гадаадын зах зээлд гарахын тулд 15, 16 жил ажиллалаа. Түүнээс хойш олон залуус гадаад оронд зураг авч байна. Манай энтертаймент хүний явсан замаар биш, өөрсдийн явсан замыг гаргах гэж замгүй газраар явдаг гэж хэлж болно. Харин тэр замаар залуучууд үргэлжлүүлэн гарч, болдог юм аа гэх боломжийг нээж өгөх ёстой юм. Бидний үе азгүй хэрнээ нэг талаасаа азтай. 1990-ээд оны үе ямар хэцүү байв. Энэ бүрийг дахин эхлүүлж дахин хүмүүсийг татан үзүүлж, алдаж онон Монголд ийм урлаг бий гэдгийг манай үе нуруун дээрээ үүрч босч ирсэн. Одоо энэ замаар залуучууд урагшилна биз. Залуучууд цаг үеийг ийм л байсан юм шиг санадаг байх. Бидний үе та нарын маань хийж бүтээх суурь нь болж сөхөрч, унаж бүдэрч босон үүнийг бүтээлцэж өгсөн гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл хүмүүс энэ чигээр нь л байсан юм шиг бүх зүйлийг мартдаг, орхидог. Тухайн цаг үеийг мэдрэхгүй учир үл тоосон хандлагаар ханддаг. Гэтэл яг үнэндээ бидний суурь дэвсгэрийг алтан үеийн жүжигчид бэлдэж өгсөн. Бид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт бие биенийгээ хүндлэн хайрлаж, зөвийг нь авч урагшлах ёстой. “DOZ энтертаймент” энэ жил алдсан алдаа, оносон оноонуудаа бататган хүмүүс үзэхэд олон улсын стандартад нийцжээ гэж хэлэгдэхүйц стандартын кинонуудыг хийх эрмэлзэлтэй зохиол, төсөл зэрэг бүх зүйл бэлэн болгохоор ажиллаж байна.

-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн ямар дүр байдаг вэ?

-Энэ нь олон нийтлэг талтай. Миний хийж буй зүйлийг үзэгчид үзээд инээгээсэй гэж боддог. Бидний амьдралын хэв маяг их стресстэй байна. Тиймээс үзэгчдийг инээлгэж байгаад төгсгөлд нь нулимс гаргах дуртай. Миний хүүхэд байхдаа тоглосон ээрүү, гацаа хүүгийн дүр бий. Энэхүү дүр нь гэгээтэй, хүмүүст туслах гэж хичээж буй гэмгүй жирийн дүр. Тэр дүрээ их хайрлаж, бодож явдаг даа. Миний тоглосон дүрүүд ихэнх нь эерэг дүр байдаг. Сүүлийн үед нас яваад тэр юмуу эсрэг дүр бүтээж байна. Эсрэг дүр ч гэсэн эерэг дүрээ гаргахын тулд илүү ажилладаг ажиллагаатай учраас хийхэд урамтай, хийц их шаарддаг. Хар өнгө байж байж цагаан өнгө ямар байдаг вэ гэдэг нь хүмүүст ялгарч харагддаг шиг цагаан өнгийг тодруулахын тулд хар өнгө болж буйдаа баяртай байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ч.Ган-Инж: Стилиэ зөв тодорхойлсноор өөрт тухтай, хэрхэн үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно DNN.mn

“Шинэ ээж” дэлгүүр, “Snog Froyo” брэнд, “Inj Studio”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ган-Инжтэй ярилцлаа.


-Шинэ студиэ нээсэн танд баяр хүргэе. Студийн тань үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа, намайг Чадраабалын Ган-Инж гэдэг. Бизнесийн удирдлагаар төгссөн, мэргэжлээрээ ажилладаг. Багаасаа хувцас, загварт сонирхолтой байсан. Хувийн сонирхлоороо Испани улсын Мадрид хотын “Elle” загварын сургуульд хувийн худалдан авагч, стилистээр суралцсан. Хүмүүсийн зөвхөн гадаад төрх биш, дотоод гоо үзэсгэлэнг тодотгохын тулд олон улсын амьдралын дасгалжуулагчаар мэргэшсэн. Энэ хоёр мэргэжлийнхээ үндсэн дээр “Inj studio”-оо байгууллаа. Студийн маань үйл ажиллагаанд Монголд анхдагч, шинэлэг зүйл олон бий. Хувийн стилинг үйлчилгээ олон улсад бүх хүнд нээлттэй байдаг. Харин Монголд олны танил хүмүүс, эсвэл чинээлэг хүмүүст л үйлчилдэг. Өөртөө юу зохихыг мэдэхгүй хүмүүс олон байдаг л даа. Үүнийг нь зааж өгөх хүн байдаггүй, ойр дотныхноо, эсвэл сошиалаас хараад дуурайж хувцасладаг. Ямар өнгө, ямар загвар өөрт нь зохихыг мэдэх хэрэгцээ байдаг ч, заах хүн байдаггүй. Энэ орон зайг олж хараад, өөрөө ч энэ талд сонирхолтой учраас студиэ нээсэн. “Inj Studio” нь хувийн стиль имидж тодорхойлох, хувцас сонголтод туслах үйлчилгээг үзүүлдэг.

-Студиэ нээхийн тулд удаан хугацаанд төлөвлөж, бэлтгэсэн үү?

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд дотоод засал, түүхий эдээс авахуулаад бэлтгэл ажил их шаарддаг. Студийнхээ дотоод засал, дизайныг өөрөө гаргасан. Загварын дизайнаас гадна дотоод засал чимэглэлд дуртай болоод тэрүү гэрийнхээ дизайныг ч өөрөө гаргаж байсан. Студийнхээ дизайныг гаргаж, тохижуулахын тулд хугацаа орсон. Гэхдээ үүнээс илүү хүмүүст чанартай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхийн тулд өөрийгөө илүү их бэлтгэсэн, энэ нь хийж байсан бусад бизнесүүдээс ялгаатай байлаа. Хувь хүний мэдрэмж гэж байдаг, гэхдээ ганцхан мэдрэмждээ суурилна гэдэг учир дутагдалтай. Стилистийн сургууль, амьдралын дасгалжуулагчийн олон улсын зэргийг студидээ зориулж суралцсан. Тэгэхээр хувь хүний хөгжилдөө л илүү их цаг зарцуулж, бэлтгэжээ.

-Студи хэдэн төрлийн үйлчилгээтэй вэ?

-Манай студийн үйлчилгээ “Үндсэн багц”, “Бүтэн өдрийн багц”, “Тусгай багц” гэсэн гурван төрлийн багцтай. “Үндсэн багц” нь та оффист ирж гурван цагийн үйлчилгээ авна. Энэ хугацаанд өнгөний тест явуулж танд зохидог өнгийг тодорхойлж, биеийн хэлбэрт зохицох хувцаслалт, нүүрний хэлбэрт таарсан үс засалт, үсний өнгө, уруулын будагны өнгө, хөмсөгнөөс авахуулаад таны имиджийг бүхэлд нь тодорхойлно. Мөн амьдралын дасгалжуулалтын үйлчилгээг нэгтгэж өгснөөр тантай найз мэт дотно ярилцаж гадаад төрхөөр дамжуулан өөртөө итгэх итгэл, сэтгэл хангалуун байдлыг өсгөх зорилготой. Хорвоо дээр 300-400 төрлийн өнгө байдаг, тэр дундаас танд зохих 31 өнгийг тодорхойлж өгнө. Өнгөний тест хийснээр зохихгүй өнгөө мэдэж, дахин буруу сонголт хийхгүй. Нөгөө талаас тэр хүн хэзээд гоё харагдана гэсэн үг. Хүний биеийг таван төрлийн хэлбэртэй гэж ангилдаг. Тэр дундаас та аль нь вэ гэдгээ мэдсэнээр давуу талаа яаж тодотгох, сул талаа хэрхэн ухаалгаар нуух арга барилыг эзэмшинэ. Таны биед ямар төрлийн хувцас өмсвөл хичээгээгүй мөртлөө таатай харагдах вэ, хүнд цаанаасаа зохидог 13 төрлийн хувцас гэж байдаг. Жишээлбэл, надад хэзээ ч дэрвэгэр, өхөөрдөм хувцас зохидоггүй. Хэрвээ тийм хувцас өмсвөл хэт хичээсэн мэт харагддаг. Харин миний биеийн галбирт ажил хэрэгч, загварлаг хувцас зохидог. Стилиэ тодорхойлсноор яавал хичээгээгүй хэрнээ өөрт тухтай, үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно.

-“Бүтэн өдрийн багц”-ын талаар тодруулбал?

-Зургаагаас долоон цаг үргэлжлэх бүтэн өдрийн багцад үндсэн багцын гурван үйлчилгээг оффист авахаас гадна үйлчлүүлэгчийн сонгосон дэлгүүрээс хэрэгцээт хувцас худалдан авалт хийх, тохируулж сонгоход туслах үйлчилгээ эсвэл үйлчлүүлэгчийн гэрт зочилж, шүүгээн дэх хувцаснуудыг зөв тохируулж өмсөх зөвлөгөө өгнө. Энэ нь нэг сая төгрөгийн үнэтэй. Харин гурав дахь буюу “Тусгай багц” нь хурим, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт арга хэмжээний стилинг, зураг авалтын look/concept гаргах үйлчилгээ юм.

-Одоогоор хэд орчим хүн үйлчилгээ авсан бэ?

-Студи маань нээгдээд 10 гаруй хонож байна. Зургадугаар сар хүртэл үйлчилгээний цаг дүүрсэн. Одоогоор 10-15 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тасралтгүй гурван цаг ярих, гадуур явах зэрэг ачаалалтай учир өдөрт нэгээс илүү хүнд үйлчилдэггүй, ихдээ хоёр хүнтэй л ажилладаг. Үйлчлүүлэгчид маань “Inj studio” гэсэн фэйсбүүкээр холбогдон цагаа захиалах боломжтой.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Энэ бол тодорхой хэмжээний бизнес ч гэлээ миний зүгээс үйлчлүүлэгчдээ өөрчлөлт, өөртөө итгэх итгэлийг өгөх нь хамгийн чухал зорилго. Тэр хүн өөрийгөө хараад аз жаргалтай болох ёстой. Би тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд хичээж байгаагийн үр дүнд юм уу, үйлчлүүлэгчид маань 100-1000 хувь сэтгэл ханамжтай байгаа (инээв). “Сэтгэл, хайр мэдрэгдэж байна. Маш их баярлалаа” гэдэг үгсийг сонсох үнэхээр гоё, би үүнийг л хүссэн.

-Хүн өөрт тохирох стилиэ олсноор ямар давуу талтай вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ загвар (Fashion), стиль хоёрын ялгааг ойлгуулахыг чухалчилж байгаа. Загвар гэдэг бол урсаад өнгөрдөг зүйл. Энд яригдаж байгаа зүйл загвар, модатай ямар ч хамаагүй. Зөвхөн стилийн тухай ярина. Стиль гэдэг нь мода, загвар яаж ч өөрчлөгдөж байсан та дотроо ямар хүн бэ, дотоод ертөнцийг чинь бусад хүмүүст маш амархан илэрхийлдэг хүчтэй зэвсэг. Стилиэ тодорхойлохдоо дотроо би маш сонирхолтой хүн, тэрийгээ илэрхийлнэ гэж сонгох ёстой. Хэрвээ та уйтгартай хувцаслаад л байвал тантай харилцаж байгаа хүмүүст та хүсээгүй байсан ч “Уйтгартай хүн” гэдэг бодол суучихдаг. Гурван секундэд хүний анхны сэтгэгдэл бий болж, бараг өөрчлөгддөггүй. Энэ нь таныг ажилд орох уу, үгүй юү, хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа үүсэх үү, үгүй юү, нөхөрлөл дараагийн түвшинд гарах уу, үгүй юү гэх мэт олон шийдвэрт нөлөөлдөг. Хүмүүс дутуу үнэлээд байдаг болохоос хүний гадаад төрх бидний мэдэхгүй олон чухал үүрэгтэй. Стилийг өөрийгөө илэрхийлэх боломж гэж харах хэрэгтэй. Та өөрийгөө зөв илэрхийлснээр, зөв ажилдаа орж, зөв хүмүүстэй уулзаж, зөв хүрээлэл үүсгэнэ, өөртөө итгэлтэй аз жаргалтай хүн болно.

-Хувцас худалдаж авдаггүй, өмсдөггүй хүн гэж байхгүй. Бид худалдан авалт хийхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нь өнгө, хүмүүс өнгөний ач холбогдлыг хангалттай мэддэггүй. Өнгийг хүйтэн, дулаан гэж ангилдаг. Хүйтэн дундаа өвөл, зуны өнгө, дулаан дундаа хавар, намрын өнгө гэж байдаг. Энэ дундаас өөрийнхөө өнгийг мэдчихвэл сонголтоо зөв хийнэ. Зарим өнгийг өмсөхөөр халтар, нойр дутуу, хөгшин харагддаг. Харин зохидог өнгө тэр хүнийг амьд, гэрэлтсэн, нүдний доод талын харласан хэсэг хүртэл бүдгэрч харагддаг. Өнгө бол таны хөгшин харагдах уу, залуухан харагдах уу, нойр дутуу харагдах уу гэдгийг хүртэл шийддэг чухал зүйл. Өөрт зохидог өнгө, биеийн галбирын онцлогоо мэддэг байх нь хамгийн чухал. Биеийн галбирын хувьд мөргүй хүн байвал яаж мөртэй харагдах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Өнгөө тодорхойлоход насны хувьд ялгаа байдаг уу?

-Насны ялгаа огт байхгүй. Өөрт зохих өнгийг арьсны цаад талын пигментээр тодорхойлдог. Төрснөөс үхэх хүртэл танд зохидог 31 өнгө хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Хувцаслалтын тал дээр монголчуудын мэдлэг, мэдрэмж ямар түвшинд байна вэ?

-Миний бодлоор энэ тал дээр монголчууд үндсэн, гүн ойлголт багатай. Стиль, имиджээ олохын хамгийн наад захын биеэ зөв хуваах ойлголт бусад орны иргэдэд энгийн л зүйл. Харин манай монголчууд мэдэхгүй, алдаа гаргадаг. Сошиал дээр байгаа хүмүүсийг дуурайж хувцасладаг. Инстаграмд зургаа оруулсан охин өөрөөс чинь тэс өөр хүн, өөр өнгө зохидог, биеийн өөр галбиртай учраас танд зохихгүй. Өөртөө зохих өнгө, загвараа мэдэхгүйн улмаас хэдэн саяар нь мөнгөө алдаж байна. Юу өмсвөл зохихоо, өөрийгөө мэддэг хүн зөв сонголт хийнэ шүү дээ.

-Энэ чиглэлээр өөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Студиэ нээхдээ тухайн хүний стилийг тодорхойлоод, дэлгүүрээр явахад хайсан хувцас олдохгүй тохиолдол олон гардаг. Шүүгээнд байх ёстой зүйл гэж байдаг. Тэр хэрэгцээний зүйлс нэг дор байдаг дэлгүүр нээхээр зорьж байна. Дөрвөн улирлын өнгөөрөө дагнасан, хүний үндсэн хэрэгцээний зүйлстэй цогц дэлгүүр. Энэ нь манай студийн ажилтай уялдаатай, мөн “Инжээтэй дэлгүүр хэсье” гэдэг нэртэй влог эхлүүлж байгаа. Дэлгүүр хэсэх завгүй хүмүүст зориулж энэ хувцсыг үүнтэй зохицуулж өмсвөл тохиромжтой гээд өмсөж үзүүлээд, материал, үнийг нь харуулна. Влог үзсэн хүн дэлгүүрт ороод сонголтоо хийхэд амар, мөн тэрхүү дэлгүүрт очих эсэхээ шийдчихнэ. Эхний влогоо сошиалд цацсан. Дараагийн влог хийх дэлгүүрүүдийн захиалга ч баталгаажсан, хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Паяцы” эмгэнэлт дуурийг анх удаа толилуулна DNN.mn

Италийн хөгжмийн зохиолч Руджеро Леонкаваллогийн бүтээл, хоёр үзэгдэлт “Паяцы” (Pagliacci) эмгэнэлт дуурийг С.Баттулгын найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаагаа тоглох гэж байна. “Паяцы” дуурь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр дурлалаас гадна хардалт, хүчирхийлэл, мэхлэлт, хорсол, өшөө авалт, нийгмийн гадуурхалт, даган дууриалт гээд өнөөгийн нийгэмд бидний дунд өдөр тутамд өрнөж байдаг амьдралыг харуулах юм. “Паяцы” дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд толилуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн олон улсын уралдааны ТЭРГҮҮН байрт Д.Дагвадорж шалгарлаа DNN.mn

ЗХУ-ын ардын жүжигчин, К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Улаан-Үүд хотноо гурав хоногийн турш үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа.

Зургаа дахь удаагаа болж буй тус уралдаанд эрэгтэй хоолой төрөлд 34 хүн авьяас билгээ сорьж өрсөлдсөн юм.

ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлооч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж нэгдүгээр байрт шалгарчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Алунгоо: Анагаахын хичээл болон уран бүтээлийн ажлаа тэнцвэртэй авч явахыг хичээдэг DNN.mn

“B production”-ы дуучин Б.Алунгоотой ярилцлаа.


-Анхны цомгийнхоо талаар ярихгүй юу, ямар мэдрэмж төрсөн бэ?

-Цомгоо хүлээж авах үгээр хэлэмгүй гоё мэдрэмж байсан. Д.Болд ах бүгдэд нь “Хуралтай шүү” гээд цаг товлосон. Тэгээд орж ирэхдээ бэлэг шиг уутан дотор цомог, зурагтай хамт хийчихсэн, нэг нэгээр нь нэр дуудаад өгч байсан. Саяхан л арван жилийн хүүхэд цомог байтугай мэргэжлээ яаж сонгох вэ гээд явж байсан. Гэтэл олон хүний дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлээрээ цомогтой болчихсон. Сэтгэлд багтамгүй гайхалтай мэдрэмж, цомогт багтсан уран бүтээлүүдийн бичлэг ойрхон зайтай цацагдаж эхэлж байгаа. Хамгийн сүүлд “Чамтай хамт” дуу маань цацагдсан.

-“Тоонот” продакшны хоёр уран бүтээлчтэй хамтарч гаргасан дуунууд хит болсон. Хэрхэн хамтрах болсон бэ?

-Дуучин Б.Өлзий-Учрал (ThunderZ) ах хамтарч уран бүтээл хийх санал тавихад би “Монгол HD” телевизтэй ажлын гэрээтэй, “B production”-нд арай ороогүй байсан үе. Харин одоо миний харьяалагдаж буй “B production”-нд “Тоонот” продакшны Э.Золбоо (O.Z) ах ирдэг, өөрийн уран бүтээлээ хийдэг. Миний цомгийн ажилд ч хамтарсан. Тэгээд уран бүтээлийн гэрээтэйгээр хамтарч ажиллахаар болж Д.Болд ах зөвшөөрөн хамт дуу гаргасан.

-Өөр ямар уран бүтээлчтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ?

-Сүүлийн үед дуучин O.Z ахтай хамтарч байгаа учир соло дуундаа түлхүү анхаарч байна. Миний хамтарч ажиллах уран бүтээлчид гэнэт л эгзэг нь таараад гараад ирдэг юм. Тэр үеийг л хүлээе дээ (инээв).

-“B production”-тай хэдэн жилийн гэрээтэй вэ?

-2020 онд гурван жилийн гэрээ байгуулсан. Одоо нэг жил үлдсэн.

-Б.Алунгоод дуулахаас өөр ямар авьяас байдаг вэ?

-Бараг байхгүй дээ (инээв). Авьяас гэхээсээ илүү спортод дуртай, тэр тусмаа волейболд. Сурагч байхдаа Дархан-Уул аймгийн спортын ордонд волейболын бэлтгэлд явдаг байсан. Гэр бүлийн асуудлаас болоод үргэлжлүүлж хичээллэхээ больсон.

-Шүдний эмч мэргэжлээр сурдаг гэсэн үү, цаашид уран бүтээл болон үндсэн мэргэжлээрээ хэрхэн ажиллах гэж байна?

-Нэгэнт энэхүү мэргэжлээр суралцаад явж байгаа учраас амжилттай төгсөнө. Одоохондоо хоёулангаар нь амжилттай ажиллана гэж хэлж чадахгүй ч оролдож үзнэ л гэж боддог.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү, урлагт хөл тавихад хэн нөлөөлсөн бэ?

-Намайг тултал нь дэмждэг хүмүүс бол миний гэр бүл. Аав, ээжийн хамаатнууд хүртэл маш сайн дэмждэгт баяртай байдаг.

Гэр бүл дунд урлагийн хүн байхгүй, ээж минь багш мэргэжилтэй, аав маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би айлын том охин, нэг дүүтэй.

-Саяхан л “The Voice of Mongo­lia” шоунд оролцож байсан Б.Алунгоо дуучин болоод цомгоо гаргажээ. Мэдрэмжээсээ хуваалцаач?

-Бүх зүйл маш хурдан болж өнгөрлөө. Шоундаа сарын өмнө л оролцсон юм шиг санагддаг (инээв). Багаасаа сонсож өссөн хүнийхээ тусламжтайгаар, хамтарч ажиллаад цомог гаргана гэдэг маш том аз жаргал.

-Өөрийнхөө дууг сонсоход ямар санагддаг вэ?

-Эхэндээ маш их ичдэг байсан. Хүн болгоны үздэг телевиз, сошиалаар дуу гарах нь гоё байгаа ч ичээд л байдаг. Би ер нь их ичимхий л дээ, одоог хүртэл ичээд дуугаа сошиалаас хайж сонсож байгаагүй (инээв).

-“B production” олон эмэгтэй уран бүтээлчтэй. Тэднээс их зүйл суралцдаг уу?

-Манай охид ихэнх нь бие дааж дуугаа зохиодог, харин надад тийм туршлага байхгүй. Тэр тал дээр мэдлэг дутдаг. Гэсэн хэдий ч миний юу хүсч байгааг мэддэг учир тэд тусалдаг. Тэднээс өөрийнхөө ертөнцийг бүрэн гаргахыг суралцаж байгаа.

-“The Voice of Mon­golia” шоунд хоёр дахь удаагаа оролцохдоо ямар хүлээлттэй байсан бэ, шилдэг арван оролцогчийн нэг болж чадна гэж төсөөлж байв уу?

-“The Voice of Mongolia” яг ялна гэж ороогүй л дээ, өмнөхөөсөө дээрдсэн байх ёстой гэсэн зорилготой л оролцсон.

Эхний жилдээ нэг шүүгч эргэж харуулж байсан. Харин хоёр дахь жилдээ оролцохдоо доод тал нь хоёр шүүгч эргүүлэх ёстой гэж бодоод гурван сарын турш өрөөндөө өдөр бүр бэлтгэсэн.

-Шоунд яагаад хоёр дахь удаагаа оролцох болсон бэ?

-Эхний жил шоунаас хасагдсан өдрөө бэлтгэлийн өрөөнд авахуулсан зурган дээрээ “Буцаад заавал ирнэ” гэж тайлбар бичсэн байсныг инстаграмын түүх сануулсан. Бас “The Voice of Mongolia” шоуны продюсер эгч дахиад орох уу, юу гэж бодож байна гээд залгахад нь “Би дахиж ирнэ” гэж хэлж байснаа, бүх шүүгчдийн “Дараа заавал ирээрэй” гэж хэлснийг санаад маш сайн бэлтгэж байгаад хоёр дахь удаагаа зориглосон.

-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Сурахын хажуугаар уран бүтээлээ чанартай хийж, сургуулиа амжилттай төгсөхийг чухалчилж байна. Эргээд харахад сэтгэл хангалуун байхын тулд өөрийгөө бүрэн дайчилж ажиллана. Хичээл болон уран бүтээлийн ажлаа тэнцвэртэй авч явахыг хичээж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх DNN.mn

Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа.


-Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ?

-“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад яагаад намайг сонгов гэж бодоод “тэгье, явуулчих” гэж хэлсэн. Ингээд зохиолоо унштал нэгдүгээр ангиасаа эхлээд л надад таалагдсан, кино маань нийт арван ангитай. Шууд л зохиол дээрээ ажилласан, уг нь намайг сонгоогүй, зүгээр л унших уу л гэж асуусан шүү дээ (инээв). Гэхдээ би яг л сонгогдчихсон юм шиг зохиол дээрээ ажилласан. Түүнийгээ явуултал Амараа ах “Ариана надад ийм ухаалаг жүжигчин хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монголд жүжигчид зохиолоо байгаагаар нь л авдаг. Чиний дүр дээрээ ажилласан байдал их таалагдаж байна” гэж хэлсэн. Тэгээд найруулагч Б.Баярсайхан ах бид гурав ярилцаад хэн хэндээ таалагдаж, хамтран ажиллахаар болсон.

-Зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Зураг авалт хоёр сар үргэлжилж, Монголдоо хоёр сар гаруйн хугацаанд амьдарсан. Одоо бодоход би 10 настайгаасаа хойш анх удаа Монголд ийм удаан хугацаанд амьдарч үзлээ. Хоёр сар тийм ч удаан хугацаа биш л дээ, гэхдээ миний хувьд урт хугацаа байлаа (инээв). Урьд нь Монголынхоо тухай, монголчуудын амьдралын талаар өнгөцхөн мэддэг байжээ. Ялангуяа хүмүүс яаж уран бүтээлээ хийдэг, хэр их хөрөнгө зарцуулдаг, арын албаны ажил гэх мэт олон зүйлийг мэдэж, сурч авлаа.

-Хүүхэд наснаасаа Германд амьдарсан хүний хувьд, Монголд суурьшиж амьдрах ямар санагдсан бэ. Ялгаатай зүйл олон байв уу?

-Би амьдралынхаа талаас илүү хугацааг Германд өнгөрүүлсэн. Монголд ихэнхдээ амрах гэж л очдог. “Дурлалын гэмт хэрэг” УСК-оос хойш монгол уран бүтээлд ажиллаагүй. Маш жижиг үйлдэл, хандлагаас том ялгаанууд бий болдог юм байна. Хүн гэдэг чинь байгаа газраа дасаад, өдөр тутмын үйлдлүүдээ яг л байх ёстой юм шиг бодчихдог юм байна. Гэтэл Германы өдөр тутмын асуудал Монголын хувьд том, эсвэл жижиг. Монгол, Германд ажиллахын ялгааг ойлгосон. Би германд хүсдэг үйлчилгээгээ монголд хүсч болохгүй юм билээ. Мөн ах дүү нараа ч сайн танихгүй, мэддэггүй байсан. Үүнийг ойлгож, таних нь надад хэцүү бас том сургаал боллоо. Кинонд тоглох явцад Монголын нийгэм, улс төрийн байдал гээд эмзэглэмээр асуудал олон байсан. Материаллаг зүйлээр бол ямар ч ялгаагүй, амьдралын хэв маяг, мөн чанараараа л ялгаатай юм байна.

-Герман баг, монгол багтай ажиллах хэр ялгаатай вэ?

-Кино урлаг бол Герман улсын хамгийн том бизнес, автомашиныхаа орлогоос илүү мөнгийг эргэлдүүлдэг салбар. Германд уран бүтээлийн ажил бизнес гэдэг талаасаа явагддаг, жүжигчин ирж тоглолоо, явлаа. Маш олон жүжигчинтэй учир ихэнхдээ танихгүй хүмүүстэй ажилладаг, тэгэхээр дотно харилцаа үүсдэггүй. Харин Монголд жүжигчид нэгнийгээ таньдаг, дотно харилцаатай байдгийг анзаарсан. Олон удаа хамтарсан баг, жүжигчин цөөнгүй юм билээ. Кино хийх явц бизнесийн талаас биш найрсаг, нөхөрсөг, гэр бүлийн харилцаа үүсгэдгээрээ ялгаатай.

-Гэрлээгийн дүрээр харуулахыг хүссэн хамгийн гол санаа юу вэ?

-Хүн маш олон дүрд хувирч амьдардаг. Бид ганцаараа байхдаа л яг өөрөөрөө байдаг. Бид хүүхдийнхээ өмнө сайн ээж, нөхрийнхөө өмнө сайн эхнэр, аав ээжийнхээ өмнө сайн хүүхэд байх гэж хичээсээр л байдаг. Зүгээр л өдөр тутмын амьдрал дээрээ л маш олон дүртэй. Гэрлээ хэдийгээр том компанийн эзэн байлаа ч хүүхэд шиг айдаг, ээж болох боломжгүй эмэгтэйд хүүхэд гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг бусдад харуулж чадахгүй ч ганцаараа байхдаа л гаргадаг. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй, маш олон дүртэй, хүн бүрийн ард ямар нэг асуудал байж л байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Хэн нэгнийг гаднаас нь хараад юу туулж явааг нь мэдэхгүй шүү дээ. Мөн эмэгтэй хүн гэхээрээ л цайлган цагаан байдаггүй, харанхуй хар зүйлийг ч агуулж явдаг. Гэрлээ бол сайн ч эмэгтэй биш, муу ч эмэгтэй биш, байдаг л нэг эмэгтэй.

1 хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-“Хохирогч” ОАК-ны үзэгчдээс олон сэтгэгдэл ирж байна уу?

-Эерэг сэтгэгдэл олон ирж байгаа, голчлон эмэгтэйчүүдээс. Эмэгтэйчүүдийн харагдахгүй байсан орон зайг гаргасан юм шиг санагдаж байна. Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх.

-Дахин монгол кинонд ажиллах бодол бий юү?

-Байгаа, “Хохирогч” бол нийтэд хандсан уран бүтээл. Олонд хандаагүй, хүмүүсийн ярьдаггүй нуух дуртай асуудлыг гаргаж уран бүтээл хийх сонирхол, зорилготой. Монгол найруулагчтай холбогдчихсон байгаа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би зохиол бичдэг, анхны уран сайхны киноны зохиол дээрээ ажиллаж байна. Мөн улсаасаа тэтгэмж авсан. Хажуугаар нь Герман, Албани улсын хамтарсан “Co” продакшны уран сайхны киноны гол дүрд тоглохоор дүр дээрээ ажиллаж байгаа.

-Өөрийн бичсэн зохиол таны юуны тухай вэ, сонирхуулж болох уу?

-Болно оо, уран бүтээлч хүн үнэмшилтэй байвал хүмүүст хүрдэг гэж боддог. Үнэмшилтэй байхын тулд өөртэйгөө хамгийн ойр сэдвийг ярих нь зөв юм болов уу. Иймээс би бүх зохиолоо өөрийнхөө амьдралаас сэдэвлэж бичдэг. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийг зүрх сэтгэлээсээ бичиж байгаа учраас өөр хүний сэтгэлд ойр хүрнэ гэж итгэдэг. Ерөнхийдөө маш амжилттай яваа зохиолч эмэгтэй аав нь осолд орсноор карьераа орхиж аавыгаа асарч, дараа нь бүх зүйлээ алдаж өмнөх амьдралаа эргүүлэн авч байгаа тухай кино, би өөрөө тоглоно гэж бодож монгол гаралтай эмэгтэй хэмээн бичсэн.

Ariana Gansuh - FullProfile von Schauspielervideos

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-Миний төрсөн ээж намайг гурван настай байхад өнгөрсөн, ээж маань жүжигчин мэргэжилтэй байсан. Би яагаад ч юм жүжигчин болох, тэр хүний чадаагүйг гүйцээх даалгаврыг багаасаа авсан. Гэхдээ би өөрөө урлагт дуртай, цаанаасаа л надаас нэхдэг. Хүн мэргэжлийг сонгодоггүй, хүнийг мэргэжил сонгодог гэдэгт итгэдэг. Бүх юм цаанаасаа л нэг дуудлагатай байдаг гэж боддог.

-Та хэзээнээс кино зохиол бичиж эхэлсэн бэ?

-Цаг хугацааны хувьд нэг их удаагүй. Классик жүжиг унших дуртай. Түүнээсээ шалтгаалж монологи уншиж эхэлсэн. Тэгээд санаанаасаа зохиогоод монологи бичиж эхэлсэн. Бага багаар бичсээр кино зохиол руу орсон доо (инээв).

-17 настайдаа Германд Азийн миссийн тэмцээнд түрүүлж байсан гэсэн үү, энэ чиглэлээр ажилладаг уу?

-Үгүй, загварын ертөнцөөс зай аваад удаж байна. Тухайн үед юу ч бодолгүй, маш гэнэн санаандгүй байдлаар тэр тэмцээнд орсон. Монгол охидтой найзалдаг байлаа, тэдний нэг нь маш гоё дуулдаг. Германд энд тэнд шоунд очиж дуулна, бусад найзууд нь дагалдан баясдаг байсан юм (инээв). Нэг удаа найз маань өөр хот руу миссийн тэмцээнд очиж дуулахаар болов. Найз охид бүгд хамт явахаар болсон, харин надад мөнгө байдаггүй. Дөнгөж 17-той, явахгүй л бол юмнаас хоцрох гээд байгаа юм шиг санагдаад байж ядаж байсан. Манай найз “Чи миссийн тэмцээнд нь орчих, үнэгүй авч явах юм байна” гэж хэлсэн. Тэгээд хэдэн найзаасаа хувцас цуглуулаад л очсон. Би тэр тэмцээнд өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй, зүгээр л найзуудтайгаа л хамт байх зорилготой явсан. Тэмцээнд түрүүлээд үнэхээр гайхсан, би тухайн үед бондгор биетэй, өөртөө итгэлгүй охин байлаа. Тэмцээнээс хойш надад эмэгтэйчүүдийн эвгүй хандлага, атаархал их мэдрэгдсэн. Тэгээд 25 настай байхдаа тэмцээнтэй холбоотой бүх юмаа хаячихсан. Түүнээс хойш чөлөөлөгдчихсөн юм шиг санагддаг, надад “Чи бусдаас гоё эмэгтэй” гэсэн өргөмжлөл, титэм хэрэггүй гэж боддог.

-Одоо ч бас тан руу үзэгчид сэтгэгдлээ илэрхийлдэг үү?

-“Дурлалын гэмт хэрэг” УСК-д тоглож байх үед “Та үнэхээр гоё эмэгтэй юм аа, үзэсгэлэн гоо” гээд л тэнгэрийн амьтан шиг бодсон сэтгэгдлүүд их ирдэг байсан, одоо ч хэвээр. Ер нь олон нийтийн өмнө байдаг эмэгтэй хүн маш зөв, бодит үлгэр дуурайлыг түгээх ёстойг ойлгосон. Учир нь төлөвшөөгүй, өсвөр насны охид биднийг үзэж байгаа, тэдэнд худлаа үлгэр дуурайл болоод яах юм бэ. Өөрийн сошиал хуудаст филтер ашиглахаа больсон. Германд инстаграм үздэг охид сэтгэцийн гүн дарамтад орж, хэт их жин хасдаг өвчин тусч байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүсийн хиймэл төгс зүйлийг харсаар байгаад бодит амьдралаа мэдэхээ больж байна. Энэ бол асар буруу, хортой үзэл. Тиймээс энэ тал дээр маш их анхаарах ёстой.

-Та саяхан сошиал хаягтаа “Хүмүүсийн төгс хувилбартай өөрийнхөө бодит байдлыг битгий жиш” гэсэн утгатай бичлэг оруулсан. Өөрөө өсвөр насандаа ямар охин байв?

-Өөртөө итгэлгүй, тийм ч царайлаг охин байгаагүй. Давхраагүй нүдтэй байж байгаад 11-15 насанд нэг нүдэнд давхраа орсон. 16 настайд нөгөө нүдэнд давхраа ороод том нүдтэй болсон, би аавыгаа дуурайсан юм билээ. Давхраатай болоод л өөртөө арай итгэлтэй болсон. Миний өсвөр насны өөртөө итгэлгүй байдал одоо ч надад нөлөөлдөг юм шиг санагдаг. Тийм болохоор энэ тал дээр их эмзэг ханддаг. Өсвөр насны охидод хүч өгөхийг, мэддэг зүйлээ түгээхийг хүсдэг.

-Эмэгтэйчүүд 30 нас гарахаар сэтгэл зүй, үзэл бодол, ажил амьдрал нь ч тогтворждог юм шиг ээ. Та өөрийнхөө халдашгүй дархан байдлыг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Миний бодлоор хүмүүжилтэй холбоотой байх. Би нэг эгчтэй, манай эгч ч бас үзэл бодлоо зөв хадгалж өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Манай аав хоёр охиноо ээжийг нь орлож чадахгүйгээс хойш хүчирхэг болгож өсгөе гэж бодсон байх. Бид хоёрыг аль болгох биеийг нь даалгах, 16 нас хүрэнгүүт “Гар, яв, өөрөө ажил олж хий” гэж хэлж байсан. Өөрөө хайж ажил хийхээр мөнгөний үнэ цэнийг ойлгоно, хүмүүстэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурна. 16 нас хүрээд хичээлийнхээ хажуугаар ажиллаж бүх хэрэглээгээ хангадаг болсон. Хүүхдээ хэрсүү өсгөх юм бол биеэ дааж, яахын аргагүй л өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ бат зогсдог болдог юм билээ. Хүүхдэдээ ямар нэг зүйл хийж өгөхгүй ч “Чи чадна” гэдэг итгэл, зориг өгөх хэрэгтэй.

Ariana Gansuh, actress, Berlin | Crew United

-Таныг дагаж, үлгэр авдаг өсвөр насныханд юуг зөвлөх вэ?

-Хүсээгүй зүйлдээ “Үгүй” гэж хэлээд, дараа нь яагаад үгүй гэж хэлснээ зөв илэрхийлж, өөртөө үнэнч байж сураарай. Монголын нийгэм эмэгтэйчүүдийг дарсхийсэн, суух босохыг нь хүртэл заадаг юм шиг санагдсан.

-Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Жүжигчин мэргэжлээр оюутан байхаасаа эхлээд 11 жил ажиллаж байна. Энэ хүртэл нэлээд хүнд замыг туулсан, одоо ч туулсаар л байна. Хүрье гэсэн газраа очоогүй тэмцсээр л явна, тэмцэж дуусдаггүй юм болов уу.

-Таны мөрөөдлийн дүр?

-Оросын классик зохиолыг их уншдаг гэж сая хэлсэн дээ. Тэдгээр зохиолд ихэвчлэн зовсон, зовлонтой эмэгтэйчүүд гардаг. Тийм дүрийг бүтээх юмсан, нийгэмд дуугарч чаддаггүй эмэгтэйчүүдийн дуу хоолой болохыг хүсдэг.

Ariana Gansuh - FullProfile von Schauspielervideos

-Энэ талаараа Монголд уран бүтээл хийх зорилго бий юү?

-Холын зорилго байдаг, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.

-Таны гэр бүлийн хүн урлагийн хүн үү?

-Тийм ээ, нэг салбарын хүмүүс болохоор бидний амьдрал тогтвортой, сайн явдаг гэж боддог. Гэр бүлийн хүн маань зохиол бичдэг, найруулагч мэргэжилтэй. Миний ажлыг зөвөөр ойлгож, хүлээн зөвшөөрдөг. Тэр нь надад тааламжтай, бид хоёрын харилцааг илүү ойр дотно, бат бөх болгодог. Биенийхээ бичсэн зохиолд зөвлөх, дүгнэх гэх мэт олон төрлөөр хамтарч ажилладаг.


Categories
мэдээ соёл-урлаг

Уилл Смитийн Оскарын наадамд оролцох эрхийг 10 жилээр хаслаа DNN.mn

Америкийн кино академи Уилл Смитийг Оскарын шагнал гардуулах ёслол болон академийн зохион байгуулдаг үйл ажиллагаанд 10 жилийн турш оролцох эрхгүй болголоо. Түүнийг өнгөрсөн сард болсон академийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Крис Рокийг алгадаж, бухимдлаа илэрхийлсний төлөө ийм шийтгэл оногдуулжээ. Уг шийдвэрийг академийн цахим хурлын үеэр гаргасан байна.

Смит өөрийн үйлдлийн төлөө уучлалт гуйсан боловч энэ нь хангалтгүй гэж үзэв. Кино академиас гаргасан мэдэгдэлд “энэ жилийн ёслолын үйл ажиллагааг Смитийн тайзан дээрх аюултай, байж боломгүй үйлдэл харлууллаа” гэжээ. Тус байгууллагын шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Өмнө нь Смит академийн гишүүнчлэлээс сайн дураар татгалзаж буйгаа зарласан. Ингэснээр тэрээр Оскарын наадамд нэр дэвших уран бүтээлчдэд санал өгөх боломжгүй болсон билээ. Тэрээр кино академийн итгэлийг алдаж, өөрийн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлээд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Асардарь: Урлагийн хүн биш бол хүмүүст тусалдаг хүн болно гэж боддог байсан DNN.mn

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Асардарьтай ярилцлаа.


-“Анна Каренина” жүжигт Сорокин вангийн гүнжийн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ тухай ярихгүй юу?

-Сорокин вангийн гүнж бол гарал угсаа өндөр, баян айлын хүмүүжил сайтай, үзэсгэлэнтэй, тухайн хүрээлэлдээ үнэ цэнэтэй дүр. Насны хувьд Китигийн дүртэй ойролцоо залуухан, хүнтэй гэрлээгүй бүсгүй. Вронский хайр сэтгэлээсээ урваад айлын эрх танхил охины амьдралыг үгүй хийж байгаа болов уу гэсэн санааг үзэгчдэд хүргэсэн.

-Саяхан “Нийслэл хүүхэн”-2 УСК-нд Халиуны дүрийг бүтээсэн. Та Халиунтай хэр адилхан бэ?

-Хувь хүнийхээ хувьд Халиуны дайчин зан чанартай төстэй. Гэхдээ Халиун буруу юм байна гэдгээ ухаараад больж байгаа бол би анхнаасаа буруу зүйлийн хойноос хөөцөлдөөд байдаггүй. Харин нэг зорьсон зүйлийнхээ эцсийг үзтэл зүтгэдэг зан чанартай.

-Хөдөөний амьдралтай хэр ойр вэ?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Манайх аймгийнхаа төвд амьдардаг байсан ч зун бүр амралтаараа өвөө, эмээгийндээ очдог байсан. Хөдөө зусдаг, хөдөөний амьдралтай ойр өссөн шүү.

1 хүн, зогсож байгаа, адуу болон гадаа гэх мэтийн зураг байж болно

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би ээжээс гурвуулаа. Нэг ах, нэг охин дүүтэй. Ах, дүү хоёр минь АНУ-д амьдардаг. Би Монголд аав, ээжтэйгээ амьдарч байна.

-Тайз болон дэлгэцийн уран бүтээлд тоглоход юугаараа ялгаатай вэ, таны хувьд?

-Тайзны уран бүтээл далайцтай, үйлдэл нь тодорхой байх хэрэгтэй. Тэгж байж тод дуу хоолой хамгийн арын суудлын хүнд ч сонсогдоно. Киноны хувьд маш энгийн байх ёстой. Бидний амьдралд энгийн харилцаа яаж өрнөдөг түүн шиг л байх хэрэгтэй.

-Хэдэн дэлгэцийн уран бүтээлд ажилласан бэ?

-Одоогоор долоон дэлгэцийн уран бүтээлд ажиллажээ, хамгийн анх Үндэсний олон нийтийн телевизийн “Хавар” кинонд тоглосон.

-Уран бүтээлд ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Дэлгэцийн ч бай, театрын ч бай уран бүтээл дээр дүрээ сайн л гаргахыг хичээдэг. Найруулагчаасаа зохиол авахад өөрөөсөө өөр, давтагдашгүй дүрүүдийг гаргахыг хүсдэг. Жүжигчин хүний туйлын зорилго бол бүтээх л байдаг. Бүх уран бүтээл маань маш чанартай байх ёстой. Чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориулан ажиллаж чаддаг, хоёрын хооронд халтуурдах дургүй. Яагаад гэвэл энэ бүхэн миний амьдралын салшгүй түүхийн хуудас болж байгаа учраас.

-Танд жүжиглэхээс өөр авьяас байдаг уу?

-Байлгүй яах вэ (инээв). Би анх зөвхөн Соёл урлагийн их сургуульд л конкурс өгч байсан юм. Аав, ээж минь СУИС гээд л зүтгээд байдаг, ядаж өөр мэргэжлээр давхар бэлтгээд үз гэж хэлж байхад нь би СУИС-д л орно, өөр ямар ч сургуульд орохгүй гээд бүртгүүлээгүй. Эстрад дуулаачийн анги болон жүжигчний ангид бүртгүүлж байсан юм. Дуулаачийн ангидаа тэнцээд СУИС-д орох нь тодорхой болсон. Жүжигчний ангидаа ч бас тэнцээд, жүжигчин хүнд ч дуулах боломж байгаа. Би мюзикл жүжигт тогловол дуулах боломж ирэх байх гээд энэ мэргэжлийг сонгосон. СУИС-ийн гуравдугаар курст зохион байгуулагддаг “Хүслийн тайз” уралдаанд “Шилдэг техниктэй оюутан” мөн “Шилдэг пластик” төрлөөр шагнал хүртэж байсан. Пластик төрөл гэдэг нь циркийн үзүүлбэр юм. Тэгэхээр дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, нугардаг.

-Анх урлагт хэрхэн хөл тавьсан бэ, их сургуулиа төгсөөд шууд уран бүтээлдээ орсон уу?

-Багаасаа жүжигчин болно гэж бодож байгаагүй, есдүгээр анги хүртлээ их ичимхий хүүхэд байсан. Кино болон сонгодог, уран зохиолын номнуудад маш их дуртай, түүнийгээ төсөөлөн бодож өөрийнхөө оронд тавьж дотор нь орчихдог байсан. Хамгийн анх “Хэцүү анги” кинонд проб өгч байсан. Тэгээд анх кино бүтэж байгааг хөндлөнгөөс хараад, нүүр хагарч, урлаг гэдэг ийм сайхан зүйл байдаг гэдгийг мэдэрч, хайгаад байсан зүйл минь мөн юм байна гэдгийг ойлгоод аравдугаар ангиасаа жүжигчний мэргэжлийг сонгоод бэлдсээр байгаад л СУИС-д орсон доо.

-Дэлгэцийн анхны уран бүтээл тань “Хавар” ОАУСК. Тэгвэл тайзны анхны уран бүтээл юу вэ?

-Театрт орохын тулд эхлээд маш том шалгалт өгдөг. Түүнд тэнцсэний дараа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилладаг. Дахин шалгалтын ард гарч шигшигдэж үлдсэн хүмүүс нь Улсын драмын эрдмийн театрын жинхэнэ жүжигчин болдог. Миний хувьд жинхэнэ жүжигчин болоод хамгийн анх 2019 онд найруулагч Б.Чингүүний “Надтай үлдээч” жүжгийн гол дүрд ажилласан, энэ бол миний хайртай дүр. Магадгүй би үүнээс хойш олон сонгодог гоё дүрүүдийг авах байх. Гэхдээ хэзээ ч мартагдахгүй дүр минь “Надтай үлдээч” жүжгийн Нандин гэдэг охины дүр юм. Өмнө минь драмын театрт дагалдан жүжигчин байхдаа бүх жүжгүүдэд туслах дүр бүтээдэг ч гол дүрийг нуруун дээрээ авч явна гэдэг жүжигчин хүний хувьд маш том үүрэг хариуцлага байдаг юм билээ. “Надтай үлдээч” жүжгийн үед шантрах мөч олон байсан. Энэ том шалгалт, давааг давж гарч чадах л юм бол өөрийгөө өндрөөр үнэлэх юм шиг санагдаж хичээсэн. Хамгийн гайхалтай амжилттайгаар давж чадсан, үзэгчид болон уран бүтээлчдийн маань сэтгэгдэл өндөр байсан нь эрч хүч, туршлага болсон.

-Шантрах үедээ хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?

-Ажлаас болж шантрахдаа эхлээд хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрөхийг бодно. Ууланд алхах, дуртай зүйлээ хийнгээ тархиа сэргээнэ. Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө уулзаж сайхан энергийг авдаг. Бодлоо цэгцэлсний дараа эргээд ажилдаа илүү их төвлөрдөг. Тэгэхгүй бол болгож бүтээнэ гээд зууралдаад байх тусам төөрөөд, илүү стресстээд байгаа юм шиг санагддаг.

-Цаашид ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Манай нутгийнхан Ану хатнаар бахархаж явдаг. Хэрвээ энэ кино дахин хийгдвэл Ану хатны дүрд тоглох юмсан гэж мөрөөддөг. Зан чанарын хувьд дайчин байдал нь надтай төстэй. Хүссэн, хайртай зүйлийнхээ төлөө өөрийгөө золиосолж чадах баатарлаг эмэгтэй, гайхалтай хатан учраас энэ дүрийг бүтээхийг хүсдэг дээ.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал ирж байна уу?

-Санал ирж байгаа. Би уран бүтээлийн зохиолыг маш сайн уншдаг, зохиол сайтай байх ёстой. Хамгийн гол нь тэр дүр надаас маш их чадварыг шаардаасай гэж хүсдэг. Тэгж байж би өөрийн хүсээд байгаа дүр гэдэг зүйлийг бүтээнэ. Дүр маань намайг илүү чадваржуулдаг байгаасай л гэж боддог. “Нийслэл хүүхэн”-2 кинонд Халиун нээлттэй, галзуу дүр байсан болоод ч тэр юмуу ганц хоёр эротик киноны санал ирсэн. Одоогоор надад ирсэн хоёр киноны саналын зохиол таалагдаагүй, эрэмгий дайчин бүсгүйн дүрийн зохиол ирээсэй гэж би хүсч байгаа учраас татгалзсан.

-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Тайз, дэлгэцийн чанартай олон уран бүтээлд тоглохоор төлөвлөж байна. Урлагийн хүн биш ч хүмүүст тусалдаг хүн болно доо гэж боддог байсан. Урлагийн хүн гэдэг үлгэр дуурайл авах ёстой хүмүүсийн нэг шүү дээ. Хүүхдүүд төдийлөн драмын театрт ирж жүжиг үзэж чаддаггүй. Тиймээс нийгмийн халамжид байдаг хүүхдүүдэд зориулсан сургалт, эсвэл хүүхдийн жүжиг зэргийг хийхийг зорьдог. Энэ нь урлагийн хүн болсны нэг том зорилго. Тэр хүүхдүүдтэй тулж ажиллаж, багаас нь урлагт хайртай хүмүүс болговол зөв юм болов уу гэж боддог. Тийм учраас карьераа гайгүй тогтоогоод боломжтой болчихвол өөрийн компани, студи нээж нийгмийн халамжид байдаг хүүхдүүдэд урлагийг таниулах үйл ажиллагаа явуулахсан гэж бодож мөрөөддөг. Мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелнэ ээ (инээв).

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн Муза” олон улсын театрын наадам Гран При шагналдаа төрөл нэмлээ DNN.mn

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.

Энэ наадмаас эхлэн театрын судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, залуу судлаачдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Урлагийг хүртээх – урлаг” төслийг санаачлан хэрэгжүүлж наадмын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

Тус наадмаар “Гэгээн Муза-16” наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д зохион байгуулагдах аж.

Наадамд Монгол, ОХ-ны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.

Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаран уран бүтээл бүртгэгдэж, 20 бүтээл шалгарч хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн таван төрөлд нэр дэвшиж буй.

Энэ удаагийн наадмын зочин шүүгчээр ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Их Британы театр, киноны жүжигчин, Люксембургийн Fundmentals Monodrama наадмын уран сайхны удирдагч Стив Кариер нар урилгаар ирж ажиллана.

Наадмын хүрээнд “Орчин үеийн драмын урлагийн чиг хандлага, Театрын судлал шүүмж” сэдэвт сургалт явагдах бөгөөд наадмын зочин шүүгчээр ажиллах Саввас Патсалидис уг сургалтыг удирдан явуулах болно.6. Шалгаруулалтын тоглолт 2022.06.03-10-ны өдрүүдэд болно.

Наадамд өрсөлдөх бүтээлүүд:

Драмын жүжгийн төрөлд

  • “Анна Каренина” /УДЭТеатр/
  • “Гэм зэм” /Орфей театр /
  • “Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/
  • Хөгжимт жүжгийн төрөлд
  • “Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн ХДТеатр/
  • “Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/
  • “Хөх нар” /Өмнөговь аймгийн ХЖТеатр/
  • “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
  • Хүүхдийн жүжгийн төрөлд
  • “Жангар” /Завхан аймгийн ХЖТеатр/
  • “Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТеатр/
  • “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/
  • Нэг хүний
    жүжгийн төрөлд
  • “5+1=7” /Монгол/
  • “Өглөөний цайны өмнө” /Монгол/
  • “Би Толгонай” /ОХ-ны Буриад/
  • “Хурандаа бичиж байна” /ОХ-ны Буриад/
  • “Нижинский” /Румын/
  • “Knots” /Итали/
  • “Untouched” /Шри Ланка/
  • “Fall again fly better” /Энэтхэг/
  • “Дарвин” /Энэтхэг/
  • Хоёр хүний жүжгийн төрөлд
  • “Хүн гөрөөс” /Монгол/
  • “Сэтгэлд харвасан туяа” /Монгол/
  • “Is God a Taoist” /Энэтхэг/
  • “Flushed” /Гүрж/
Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Д.Ганбат гишүүн нэг сарын цалингаа Украин руу шилжүүлжээ DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Украины иргэдэд хандивын мөнгө өгөхөө мэдэгдэж байсан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад зориулан хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх хэрэгтэй хэмээсэн.

Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна” гэж байв.

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Украины иргэдэд зориулж нэг сарын цалин болох 2.8 сая төгрөгийг шилжүүлсэн байна.