Categories
мэдээ соёл-урлаг

Нисванис хамтлагийн тоглолт маргааш болно

“Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгад “Unplugged” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох юм байна.

“Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Авъяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам зохион байгуулагдана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авъяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадмыг “Залуусаа дэмжье” уриан дор ирэх арваннэгдүгээр сарын 1-11-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг наадам нь дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд бүртгэл аравдугаар сарын 14-25-ныг дуустал үргэлжлэх юм.

“Авъяаслаг Хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг тэдний ур чадварыг дэмжиж, хөгжүүлсэн шагналаар шагнаж урамшуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг орон нутгийн эмнэлэгүүдэд хандив өгөв

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн ойдоо зориулан олон ажлыг хийсэн билээ. Өнгөрсөн жил хийсэн тоглолт, дуудлага худалдаагаар худалдсан “Алтан пянзны” орлогоо орон нутгийн эмнэлэгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандив болгож өгч байгаа юм байна. Өнөөдөр Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийн эмч нарын төлөөлөлд шинэ тоног төхөөрөмжүүдийг нь хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ш.Тэнгисболд: “Их хөлгөн туульс”-ынхаа санааг Ж.Бадраа гуайгаас олсон

Зураач Ш.Тэнгисболдтой ярилцлаа.

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдагИх хөлгөн туульсчинь ч үнэхээр сайхан бүтээл шүү. Та энэ зургаа бүтээсэн түүхээсээ хуучлаач?

-Үнэндээ бол наад бүтээлийн тухай сэдэв чинь хүмүүст нэг их шинэлэг сонстохгүй л байх аа даа. “Их хөлгөн туульс” чинь зотон, тосоор хийгдсэн зураг л даа. 1988 онд мөнгөний ханш чанга байхад найман мянган төгрөгөөр улсад зарагдсан бүтээл. Тухайн үедээ модерн маягаар зурагдсан, шинэлэг гэгдэж л байсан. Хамгийн өндөр үнэлэгдсэн зургийг л 4500 төгрөгөөр улсын сан хөмрөгт худалдаж авдаг байсан үе шүү дээ. Ер нь өмнө нь морин хуурын сэдэв бүхий “Өвгөн хуурч” зэрэг ганц нэг бүтээл байсан л даа. Би урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа гуайтай нэлээд ойр харьцаатай байсан хүн. Бадраа гуай хөгжмийн атлас бичиж, би зургийг нь зурах болсон юм. Тэр хүн надад морин хуурын талаар маш их ярьдаг байсан. Эндээс л гол санаа нь төрсөн дөө. Морин хуур бол нумнаас төрсөн хөгжим гэж надад ярьдаг байсан нь санаанд үлдэж. Харин “Их хөлгөн туульс”-ын хувьд үзсэн хүмүүс “Харах бүрт л аяндаа хуур эгшиглэж байгаа юм шиг болж” гэж урам хайрлаж байсан тохиол цөөнгүй.

ТаИх хөлгөн туульс“-аа адууны гавал толгойтой, чонон толгойтой гээд олон янзаар хувилж зуржээ?

-Хэдэн хувь, хэдэн янзаар зурах нь миний хэрэг юм. Клод Мане гэхэд нэг зургаа 300-400 удаа зурж л байсан шүү дээ.

Манжийн дарлалын эсрэг амь насаа ч хайрлалгүй тэмцсэн Монголын ард түмний зоригт хөвгүүн, Хотгойдын Чингүнжавын хөшөөг та хийсэн дээ?

-Ард түмэн, эх орон, эрх чөлөөний төлөө тууш-тай тэмцэгч Шадар ван Чингүнжавын хөшөөг Баянгол дүүргийн XIX хорооны Чингүнжавын өргөн чөлөөнд одоогоос хэдэн жилийн өмнө миний эх загварын дагуу “Монгол уран цутгуур” компани цутгаж бүтээсэн. Шадар ван хуяг дуулгаа асаан, дайн тулааны догшин хар тугаа зүүн гартаа атгаж, сэлэм, нум, сумаа агсан, хилэн хар морьтойгоо дүүлэн давхиж буйгаар дүрсэлсэн ухаантай. Суурьтайгаа арван метр өндөр хүрлээр цутгаж хийсэн хөшөө шүү дээ. Хатан зоригт Чингүнжав бол Чингис хааны алтан ураг Гэрсэнз Жалайр хунтайжийн арав дахь үеийн ач хөвүүн болон 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн нутагт Хотгойдын засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон мэндэлсэн эх оронч. Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн бослогыг удирдаж, 1756 онд Манжийн цэрэгтэй хийсэн хүч тэнцвэргүй тулаанд дийлдэж ухарсаар Орос, Монголын хилийн зааг дээр баригдаж, улмаар хэрцгийгээр тамлагдан амь насаа алдсан гунигт хувь тавилантай баатар. Энэ хүн хэдийгээр эх нутгийнхаа төлөө үр хүүхэд, эмгэн буурал ээжийнхээ хамт цаазлуулсан ч Монгол түмний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхөрсөн гайхамшигт гавьяатай. Тиймээс “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн алдарт үгийг нь хөшөөний сууринаа сийлж мөнхөлсөн дөө.

Таны баримлын урландҮндсэн хууль“-ийн загалмайлсан эцэг хэмээгддэг нэрт хуульч Б.Чимэд агсны хөшөөний загварууд харагдсан. Та хөшөөг нь хийж байгаа юм уу?

-Чимэд гуайг 1990 оноос мэдэх хүн. “Үндсэн хууль” батлах үед Их хурлын төсөлд ажиллаж байсан. Миний зурсан цагаан шонхор төрийн сүлдэнд өрсөлдөж байсан үе л дээ. Хүүхдүүдтэй нь ч ойр дотно явдаг. Алтан өлгийд оршуулах үед нь бунхны нь ч хийсэн. Тэгээд л тэр их хүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс хөшөөнийх нь эх загварыг гаргаад байна.

Өндөр гэгээн Занабазарын хөшөөний эх загвар байна. Энэ хөшөө хаана босох бол?

-Хөшөөний шавыг Гандантэгчинлэн хийдийн урд босгохоор аль эрт шавыг нь тавьчихсан байгаа ш дээ. Социализмын үеэс л төлөвлөгдсөөр өдий хүрсэн, үйл ажил л болохгүй байгаа болохоос. Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, Гандангийн хамба лам Д.Чойжамц, ардын зураач Цүлтэм, доктор Ишжамц, түвдэч Р.Отгонбаяр гуай бид нар сан байгуулах гэж нэвтрүүлэг хүртэл хийж байсан. Тэр үед ирсэн зургаан зуу гаруй захидал Д.Батбаяр гуайд одоо ч байх ёстой. Өндөр Богдын хөшөөг босгохыг зууны наян хувь нь дэмжиж байсан. Өндөр Богдыг би яагаад биширч шүтдэг вэ гэвэл тэр их хүний бүтээл туурвил бол ур хийцээрээ Монголд байтугай дэлхийд хосгүй зүйл байдаг. Тэрнээс гадна тэр их хүмүүний бүтээсэн соёмбо төрийн сүлдэнд мөнхөрсөн. “Дэлхийн туг сүлдийн түүх” хэмээх АНУ-аас хэвлүүлсэн атлас номонд “Хамгийн сонирхолтой сүлдтэй улс” гэж Монгол Улсыг онцолсон байдаг юм. Дөрвөн хуруу зузаан тэр том атласын хавтсыг эзэн Богд Чингэс хааны маань цагаан шонхор шувуун сүлдээр чимсэн байдаг юм.

Төрийн шагналт зураач Ойдов гуайн зурсан өнөөгийн төрийн сүлдийг модон морь энэ тэр гээд нэг хэсэг шүүмжилж байсан. Таны зурсан цагаан шонхор бүтээл шалгарсан бол энгэртээ шууд л төрийн шагналын тэмдэг зүүх байж гэж харамсдаг уу, та?

-Ойдовын бүтээлийн тухайд би шүүмжилж чадахгүй. Одоогийн сүлдийг шүүдэг хүн нь би биш. Надад тийм эрх ч байхгүй. Уран бүтээлийн өрсөлдөгчөө муулах муухай.

Монгол Улсын Ерөнхийлөгч шонхор шувуугТөрийн бахархалт шувуу“-гаар зарласан. цагаан шонхороор сүлдээ хийчихэж болдоггүй юм байх даа?

-Шонхорын тухай нэг баримтат киног нэг хүү хийсэн байгаа. “Монголын нууц товчоон”-д Хиад боржигоны сүлд, Дэй сэцний зүүд энэ тэр гээд цагаан шонхорын тухай арваад удаа дурдсан байдаг. Зурагт, энтертайнмент мэдээлэлгүй дундад зууны үед хээр гадаа явж байгаа хүнд тэнгэрт нисэж яваа шувуу шиг тийм гайхамшиг хэн ч бодвоос байхгүй шүү дээ. Шонхор шувуу тагтаа шиг жижигхэн шувуу мөртлөө ямар зоригтой, хурдан шаламгай, хоромхон зуурын дотор тэнгэрт цэг шиг шунган алга болж байгааг шүтэн биширч байсан нь лавтай. Тэрнээс эдэлж хэрэглэдэг адуу морио шүтээд байгаагүй л байхгүй юу. Шонхорыг эцэг дээдсийн сүнс сүлд гэж итгэж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Эзэн Чингэсийн шүтэж явсан сүлд юм чинь цагаан шонхорыг төрийн бахархалт шувуу болгохоос ч аргагүй юм.

Таны цагаан шонхор яаж яваад цагдаагийн байгууллагын сүлд болчихов?

-Пүрэв генералын үед болсон. Их хурал дээр төрийн сүлдээр батлагдахгүй болонгуут л надад санал тавьсан. Пүрэв генерал, хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай нар их дэмжиж байсан юм.

ТаИх хөлгөн туульс“-аасаа өөр ямар бүтээлийг боломжийн болсон гэж үнэлж явдаг бол?

-Миний анд, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсан “Хүний хийсэн болгон мундаг болно гэж байхгүй. Надад “Ламбугайн нулимс” дуурь, Бавуугийн Лхагвасүрэнд “Боржигоны бор тал” гэж нэг шүлэг, чамд нэг сохор өвгөн байна. Эдгээр чинь л бусад бүтээлээ тодорхойлж явна” гэдэг байсан.

Та сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна даа?

-Цагийн урлаг цагийнхаа л урсгалыг нэхнэ. Яахав, арван гурван бүлэг үзэсгэлэнгээ дэлгэнэ гэж бодоод л явж байна. Хойд туйл дээр мөсөн пирамид, урд туйл дээр цасан пирамид босгоно доо.

“Их хөлгөн туульс”. Зураачийн урлан дахь хувилбар

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны эхний шатны шалгаруулалт өндөрлөлөө

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдаант наадам үргэлжилж байна.
Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-10 –ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ удаагийн уралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд шагналтнуудын нэгдсэн “Гала тоглолт” Нийслэлийн өдрөөр /2014 оны 10 дугаар сарын 29 ний өдөр/ Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Сүүлчийн шөнө” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт 15:30 цагт болох гэж байна. Кино зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичжээ. Уг кинонд хүний амьдралын гурван үеийн хайр дурлал гарах аж. Анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдаг талаар өгүүлсэн кино юм байнаэ. Киноны голд дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай хүүхдүүдэд зориулан студи нээхээр болжээ

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хүүхдийн дуу бичлэгийн студи нээхээр төлөвлөжээ. Хулан охиндоо зориулж нээх тус студи нь “New Star” студиэс өрх тусгаарлан мэндлэх бөгөөд “Little Star” нэртэй байх гэнэ. Студи дэргэдээ найрал дууны дугуйлан ажиллуулах юм байна. Учир нь поп хатагтай “Гэгээн оддын эрэлд” хүүхдийн урлагийн тэмцээнийг шүүх үеэрээ тэдэнд зориулсан мэргэжлийн студи байхгүй, үнэ ханшийн хувьд ч өндөр үнэтэйгээс болоод тэр бүр мэргэжлийн студид хандаж чадахгүй байгааг олж харсан байна. Тиймээс хүүхдэд зориулсан энэхүү мэргэжлийн студийг нээхээр болжээ. Тэрээр студийнхээ дэргэд дугуйлан хичээллүүлж, бяцхан авьяастнууддаа мэргэжлийн зөвлөгөө өгөх гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар” олон улсын кино наадам маргааш эхэлнэ

“Улаанбаатар” олон улсын кино наадам маргааш эхлэх гэж байна. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармоний улирлын нээлт 30, 31-нд болно

Улсын филармони 43 дахь жилийн улирлын нээлтээ энэ сарын 30, 31-нд Соёлын төв өргөөнд хийх нь. Морин хуурын чуулгынхан дэлгэцийн сор болсон бүтээлүүд болох “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гладиатор” зэрэг киноны хөгжмийн зохиолыг үндэсний хөгжмөөр эгшиглүүдэг “Playing Love” цуврал тоглолт толилуулдаг бол симфони найрал хөгжмийнхөн мөн “Cinema night” зохион байгуулдаг юм.Тэгвэл энэ удаа Морин хуурын чуулга, Симфони найрал, “Баянмонгол чуулга” хамтран 30-нд киноны хөгжмийн үдэш зохион байгуулахаар болжээ. Харин 31-нд Улсын филармонийн бүх уран бүтээлчийн нэгдсэн тоглолт болох гэнэ. Тус филармонийнхон “Хөгжим бүх нийтийн боловсролд” зорилгот хөтөлбөр энэ жилээс хэрэгжүүлэхээр болсноо тохиолдуулан дээрх хоёр тоглолтыг нэг тасалбарын үнээр буюу 20 мянган төгрөгөөр үзэх боломж олгожээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны наадам болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан уралдааны удирдамжийг баталж, бэлтгэл зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
Хүүхдийн найрал дууны уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8, 9, 10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бол 2-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.