Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Элбэгдорж: “Хонхны дуу” мөнхийн бүтээл

25 жилийн тэртээ Монголын ард түмнийг ардчилсан нийгэм рүү уриалан дуудсан С.Цогтсайхан агсны “амьдруулсан” “Хонхны дуу” бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээлээ.

Түүх сөхвөл 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, тэр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна.

Уг бүтээлд Төрийн соёрхол хүртээж байгаагийн ач холбогдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч “ХХ зууны үед хүйтэн дайн гэж байх үед нийгмийг өөрчлөхийг хүссэн маш олон дуу зохиогдож байсан. Гэхдээ “Хонхны дуу” шиг өөрчлөлт рүү уриалсан, татсан, ардчиллыг бүрэн утгаар нь гаргаж чадсан, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй. Өнөөдөр ч хүмүүс “Хонхны дуу”-г дуулмаар санагдах юм гэж ярьдаг. “Хонхны дуу “ирээдүйд ч ач холбогдлоо алдахгүй, хэдэн үеийг нийгмийг шинэ зүйлд дуудсан мөнхийн бүтээл байна. Энэ агуулгаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээж байна. Төрийн соёрхолыг бүтээлд олгодог юм шүү” гэлээ.

Төрийн соёрхолыг С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, хүү Ц.Түшиг, нарт гардууллаа. Дээрх арга хэмжээнд С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр, мөн “Хонхны дуу”-г хамтран дуулсан дуучин Н.Энхбаяр нар оролцлоо. Энэ үеэр Н.Наташа, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нараас сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа:- Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна.

“Хонхны дуу”-нд нь Төрийн шагнал хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж Ерөнхийлөгч маань хэллээ. Энэ сайхан билиг дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулаад сэтгэлийнхээ үгийг хэлье. Талийгаач нөхрийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх энэ хувьсгалд оролцсон үеэс ойлгож, мэдэрч тусалж явсныг би их сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил өнгөрсөн ч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлд Цогоо маань байгаа юм шиг тусалж ирлээ. Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань боловсролд анхаарал тавьж, анхны амьдралынхаа алхмыг гишгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалж, үр хүүхдийг маань тохьтой нөхцөлд амьдраасай гэж бодож Ерөхийлөгчид өгсөн хоёр өрөө байрыг бэлэглэсэнд бид билигшээж явдаг.

Хамт тэмцэж явсан журмын нөхөр нь энэ хорвоод байхгүй ч гэсэн хүнлэг сайхан сэтгэлээр ар гэрийнхэнд нь хандаж, бүтээлийг нь мөнхлөхийн төлөө сэтгэл гаргаж байгаад гэр бүлийнхнийхээ өмнөөс чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж, гэр бүлийнхэнд урт наслахыг хүсэн ерөөе.

“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр:-Би энэ дууг хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэж бодож байсан. Үүнийгээ би хаана ч хэлдэг. Энэ дуу бол үнэхээр ардчиллын сүлд дуу гэдэгтэй маргах хүн байхгүй. Энэ дууг бүтээлцэхэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Цолмон, даралтат хөгжимчин Батболд, даралтат гитарчин агсан Дамдинсүрэн нар өөрийн чадах бүхнээ зориулж байлаа. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин агсан Баяраа, хөгжимчин агсан Галсанбат нар биднийг бичлэг хийж байх үеэр дэм өгч байлаа. Нөхөддөө би их баярлаж байна. Баярлаж, талархаж явдгаа дахин дахин илэрхийлье гэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ice top” хамтлагийнхан хар тамхины хэргээр саатуулагдлаа

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Говьсүмбэр аймагт нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Жигүүр гранд” группийн Ерөнхий захирал Д.Баттөрийн төрсөн дүү Хааны элч хэмээх Д.Дашдаваа “Гранд” нэртэй ресторанаа нээсэн байна. Ингээд нээлтийн үйл ажиллагаандаа хамтлаг, дуучдыг урьж оруулсан аж. Харин энэ үед ЗБГХТА-ныхан гүйцэтгэх ажиллагаа явуулахад “Айс Топ” хамтлагийн зарим гишүүд, “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар хочит Ш.Батбаяр болон тус хамтлагийн нэр бүхий зарим гишүүд, Д.Дашдаваа нарын 6 хүнийг хар тамхины төрлийн зүйл хэрэглэж байхад нь барьж, саатуулжээ. Тэдний нэгийг гадуур шалгаж байгаа бол бусдыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Дашрамд дурьдахад, “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр өнгөрсөн 2013 онд хар тамхины хэрэгт холбогдон, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа түлэгдэж байв. Тухайн үед хамгаалалтад гарч байсан хорихын ажилтнууд Бааварыг “Эмнэлгийн зориулалттай хорих өрөөний нийлэг дулаалгыг хуулан авч толгойгоо бүтээгээд өөрийгөө шатаахыг оролдсон гэж мэдээлсэн ч тэр өөрөө “Надад өөрийгөө шатаах шалтгаан байхгүй, миний өрөөнд хэн нэг нь санаатайгаар гал тавьсан” хэмээн мэдүүлж байгаад батлан даалтад гарсан юм. Ингээд Ш.Батбаярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 3.5 жилийн хорих ял оноосон бол Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээгээд хэрэгсэхгүй болгосон байдаг.

Үүнээс өмнө буюу 2006-2007 онд тэрээр мөн л хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч тухайн үед хамсаатнуудаа илчилснээр өөрөө ялаас мултарч, түүнтэй хамт шалгагдаж байсан 13 залуу 6 сараас 11 жилийн хорих ял авч байсан. Хар тамхи хил дамнуулан худалдаалсан, тээвэрлэсэн хэргээр ял сонссон тэдний дунд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, “Айс топ” хамтлагийн дуучин Манлай, Коби болон дижи Өөжий зэрэг Монголын рок попын шинэ залуу “од”-ууд байлаа. Харин хэсэг хугацааны дараа Өршөөлийн хууль батлагдсанаар тэд эрх чөлөөтэй болсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хонхны дуу”-д Төрийн шагнал хүртээнэ

25 жилийн өмнө энэ өдөр “Хонх” хамтлаг одоогийн Улаанбаатар чуулгын гадна талбайд Ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-гаа цуурайтуулж байжээ.

Тиймээс энэ өдрийг тохиолдуулан Хонх хамтлагын дуунуудыг шинэ залуу үеийн амьд хөгжмийн хамтлаг дуучид яг одоо 11.00 цагт Улаанбаатар чуулгын гадна талбайд олон нийтэд нээлттэй тоглолт хийж байна.

Тоглолтын үеэр энэ дуунд Төрийн шагнал хүртээж буйг зарлах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг тавигдана

ҮДБЭЧуулга 2014 оны 12 сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.

Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон YIII-р Богд Жавзандамба нар нь “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийн түүхэн гол дүрүүд болон тодорно.

Энэ өдрүүдэд хязгааргүй их хүсэн хүлээж байсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсоноор монголчуудын магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд нэг хүн мэт нэгдэн нягтарч, бүх хүн баяр баясгалангаар бялхаж байхыг урьд өмнө нь хэзээ ч харж байсангүй хэмээн тухайн үеийн гадны судлаачид, аялагчид түүхийн шаргал хуудсанаа тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 6 үзэгдэл бөгөөд урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанарыг агуулсан дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл юм.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажиллаж байна гэж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн оржээ

Уран бүтээлээсээ завсарлан тус тусын амьдралаа хөөж сураг алдарсан “Guys” хамтлагийн залуус өчигдөр “Central tower”-ийн 17 давхарт жиргээчдэд зориулан нэгэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд “Урлагийн үдэш” хэмээх энэхүү арга хэмжээний урилгаа зөвхөн 100 жиргээчин илгээсэн гэнэ.

Ямартаа ч “Guys” хамтлаг уран бүтээлдээ эргэн орж, шинэ жилийн захиалгад дарагдаад завгүй байх болсон гэнэ шүү. Тус хамтлагийнхан цоо шинэхэн “Good luck” дуугаа өчигдөр үзэгч, сонсогчдын хүртээл болгосон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөрөөдлийн шинэ жил”цирк шоу болно

“Аса” цирк, “Гэрэлт медиа” групп, “Гэр” монголын маркетингийн агентлаг, “Circus Mongolia” хамтран хүүхэд багачуудад зориулсан “Мөрөөдлийн шинэ жил” цирк шоуг энэ сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хүүхдүүдэд зориулсан хамгийн том “Мөрөөдлийн шинэ жил”-д дуучин Ану болон өвлийн өвгөн, цасан охид оролцох юм байна. Тоглолт Аса циркэд болох аж. Тоглолтод ирсэн хүүхэд бүр бэлэгтэй гэж зохион байгуулагчид нь ярьж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн миссийн онлайн санал асуулга өнөөдөр дуусна

Лондон хотноо эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Т.Батцэцэг өрсөлдөж байгаа юм. Тэрээр шалгаруулалтын явцад дэмжигчдийнхээ тоогоор нэлээн дээгүүрт эрэмбэлэгдэж эхний аравд багтаж байна. Уг тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өнөөдөр албан ёсоор хаагдах гэнэ. Тиймээс манай улсыг төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан саналаа амжиж өгөхийг уриалжээ. Энэхүү санал асуулгад “Miss World Mongolia” пейж болон “Miss World” апплейкшнээр өгсөн санал тооцогдох юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй гоо бүсгүйгээс эцсийн шалгаруултад Унгар, Энэтхэг, Монгол, Гайти Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мехсик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд тунаж үлдээд байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан үзэг” наадам болно

“Чингис” зочид буудлын хурлын танхимд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг бүх их дээд сургуулийн оюутны дунд зохион байгууллагддаг “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслол болох юм байна. Ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дээлтэй монгол” өдөрлөг болов

Турк дахь “Монголын соёл, найрамдлын нийгэмлэг”-ийн санаачлагаар Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Эзэн Чингис хааны төрсөн өдөрт зориулсан “Дээлтэй монгол” өдөрлөгийг Анкара хотод саяхан зохион байгуулав. Өдөрлөгт Монгол, Туркийн 100 гаруй оюутан залуус, иргэд оролцов.

“Дээлтэй монгол” өдөрлөгийн үеэр монгол ардын дуу, бүжиг сонирхуулан, бөх барилдаж үзүүлснээс гадна туркийн хамтлаг хөөмийлсөн нь олны сонирхлыг татав.

Ийм өдөрлөгийг жил болгон зохион байгуулдаг бөгөөд Монголчууд үндэсний дээл, малгайгаараа гоёж оролцдог юм.

Өдөрлөгт ЭСЯ-ны консул Л.Энхцолмон, БНТУ-ын Сангийн сайд, Соёл, аялал жуулчлалын сайд асан др. Октай Гүнэр нар уригдан оролцож, Монгол-Туркийн өнөөгийн болон түүхэн харилцааны талаар үг хэлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бидний авьяас-2014” урлагийн их наадмын шилдэгүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмыг Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд дөчин таван сургууль, цэцэрлэгийн 1200 сурагчид, 300 багш ажилчид, 200 эцэг эхийн төлөөлөл оролцож урлагийн 6 төрлөөр өрсөлдлөө.

Наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажилласан юм.

Наадмын нийлбэр оноогоор тэргүүн байрт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, хоёрдугаар байрт 4 дүгээр сургууль, тусгай байрт 6 дугаар сургууль, 1 дүгээр сургууль тус тус орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, 25 дугаар цэцэрлэг тэргүүн байр шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, 160 дугаар цэцэрлэг хоёрдугаар байрт, 17, 75 дугаар цэцэрлэг тус тус тусгай байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж, шагналыг Сүхбаатар дүүргийн ИТХ-н дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, дүүргийн Нийгмийн хөгжилийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д. Адъяасүрэн нар гардууллаа.

Тусгай номинациудаар шагнагдах сургууль, цэцэрлэгүүд

Номинаци

1-р байр

2-р байр

3-р байр

Гоцлол дуу

25-р цэцэрлэг Д.Тэмүүжин “Тайжийн хурд”

42-р цэцэрлэг Г.Анунгоо “Нарны бүжиг”

1-р цэцэрлэг Амин-Эрдэнэ “Гандий мод”

3-р сургууль 11а Алтанзаяа монгол ардын дуу “Алсын газрын зэрэглээ”

71-р сургууль Х.Батхангай 9в “Смулянка”

6-р сургууль Ч.Оюунбилэг 6б “Let it go “

Шилдгийн шилдэг найрал дуу

Шинэ үе сургууль Япон ардын дуу “ФҮРҮСАТО” Охидын найрал

Шилдгийн шилдэг хамтлаг

МОХС-ийн бүжгийн хамтлаг ” Стиляга”

Бүжиг

135-р цэцэрлэг хөгжмийн багш Мөнхбатын дэглэлт “Ажнайн шарга”

75-р цэцэрлэг Б.Отгонгүнж “Тайгын охин”

51-р цэцэрлэг “Эгшиглэн”

6-р сургууль Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог бүжиг” 11-р ангийн сурагчид

1-р сургууль Баярбаатарын дэглэлт “Жороон жороо”

16-р сургууль Урианхай биелгээ

Хөгжим

42-р цэцэрлэг О.Нандин С. Майкапар Детский танец төгөлдөр хуур

25-р цэцэрлэг Б.Хулан

51-р цэцэрлэг Точтой хүүхдүүд

Өсвөр зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль Энхсор 9г “Хэнтийн өндөр ууланд”

2-р сургууль Сүхбаатарын хөгжим цөөхүүл “Үүлэнбор”

71-р сургууль Сугаррагчаа “Хэнтийн өндөр ууланд” хуурын гоцлол

Уран уншлага

42-р цэцэрлэг О.Нандин Д.Гармаагийн “Аав гэж яршигтай амьтан”

160-р цэцэрлэг арга зүйч Б.Гантөгс П.Бадарч “Эхийн сэтгэл”

17-р цэцэрлэг Есөн эрдэнийн орон

6-р сургууль 10а Мөнхтуяа О.Цэрэндаш “Махны үр”

3-р сургууль 4в Эрхдарь “Ээжийн минь үнэр шингэсэн дээл”

11-р сургууль А.Саранжил 6а Цоодолын “Тэнэг”

Жүжигчилсэн тоглолт

143-р цэцэрлэг Гүрж ардын үлгэр “Царцаа шоргоолж”

130-р цэцэрлэг “Мөрөөдлийн цэцэрлэг” Хошин жүжиг

14-р цэцэрлэг Айболит доктор

1-р сургууль Виктор Гюго “Парисийн дарь эхийн сүм”

45-р сургууль “Би чамд хайртай 1.5 “

35-р сургууль “Ноён бадарчин хоёр” багш сурагчид

Эцэг эх, багш нарын оролцоог үнэлэх

160-р цэцэрлэг хөгжмийн багш Б.Алтанжаргал В.Сапаров “Алла танго”ёочин гоцлол

17-р цэцэрлэг Ариунбаатар, Эрхсаран

75-р цэцэрлэг Эцэг эхийн оролцоо

Шинэ үе сургууль Quiz & Larossi “Изабел” мэдээлэл зүйн багш Л.Батгэрэл, математикийн багш Батбаяр, дуу хөгжмийн багш Эрдэнэбаатар, Монгол хэл уран зохиолын багш Ж.Пүрэвдорж

58-р сургууль эцэг эхийн оролцоо

4-р сургууль Энхзаяа дуу хөгжмийн багш