Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар–Уран баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл, Монголын урчуудын эвлэл, Монголын хүүхдийн ордон, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус наадамд оролцоно. Чөлөөт уран бүтээлчдийн дунд уран барималын загварын уралдаан зарлаж шалгарсан 15 бүтээлийг уран барималчид урлаж, нийслэлийн гудамж талбайд байршуулах юм. Аль байршилд ямар сэдвээр баримал барихыг зохион байгуулагч байгууллагууд хамтран шийдвэрлэж уралдааныг зарлах бөгөөд уралдаанд түрүүлсэн бүтээлд 1 дүгээр байр 5 сая төгрөг, 2 дугаар байр 4 сая, 3 дугаар байр 3 сая төгрөгийн шагналтай
Category: соёл-урлаг
Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.
“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.
-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?
-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.
“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.
-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?
-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.
-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?
-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.
-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?
-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.
-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?
-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.
-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?
-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.
-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?
-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.
-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?
-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.
-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?
-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.
-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?
-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.
-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?
-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.ЯНЖМАА
И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан тоглох гэж байна.
“Ариун хаврын тахилга” балет нь 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулсан бүтээл бөгөөд энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох гэж байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулж буй хэрэг юм. Хөгжмийг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулахаар болов.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-ны өдөр 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох юм гэж нийслэлийн “Улаанбаатар” чуулгаас мэдээллээ.
“МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам энэ сарын 18-нд МУБИС-ийн А зааланд болох юм байна. Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг өндөр шагнал хүлээж байгаа гэж зохион байгуулагчид нь онцолж байна.
Мөрөөдлийн театрынхан өнөөдрөөс “Мөрөөдлийн баг Дэлхийг аварна” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.
Уг тоглолтод уран бүтээлээсээ түр чөлөө авсан жүжигчин О.Дөлгөөнөө болон жүжигчин Батушка нар оролцож байгаа юм.
Ингэснээр тус хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, ирэх тавдугаар сарын эхээр Чингис хааны талбайд “Улаанбаатар, Венийн бүжгийн баяр”-ыг зохион байгуулах аж.
Энэхүү арга хэмжээгээр хамгийн шилдэг бүжгийн болон хөгжмийн хөтөлбөрийг задгай талбайд хийж, бүжиглэх хүсэлтэй, сонирхолтой хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцож болох аж.
Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжиг 2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас, 11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.
“Үнсгэлжин” балет нь Монголд 1972 онд Дуурь Бүжгийн Театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавигдаж байжээ. Тухайн үед уг бүтээл цөөн тоглогдож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглогдоогүй өдий хүрчээ.
“Үнсгэлжин” балет нь АНУ-ын Нью Йорк балет, Бостон балет компани, Чикагогийн Броадвэй театр, Лос Анжелес Хотын Театр, Канадын Торонто хотын театр, ОХУ-ын Москва хотын Большой театр зэрэг дэлхийн олон орны тайзнаа сонгодог, орчин үеийн ба хошин хэлбэрийн тавилттайгаар тоглогддог байна.
Энэхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, “UB Ballet” балетын сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллеж хамтран Ариг Банк, Төгөлдөр сангийн санхүүжилтээр ажиллаж байна.
Төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Драмын эрдмийн театрынхан хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолтоо 2002 оноос эхлэн хийж эхэлсэн. Тэгвэл тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт энэ сарын 23-наас ирэх сарын 3-н хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ базаажээ. .
Тэдний аяны богцод театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвт шилдэг уран бүтээлүүд багтсан байна. Үүнд, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, Ардын жүжигчин А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, зохиолч С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг, ОХУ-ын алдарт зохиолч С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг, К.Драгунскаягын “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн уран бүтээл оржээ.
Эдгээр бүтээлийг орон нутгийн иргэдэд 50 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, орон нутгийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох юм байна.
“Театрын өдрүүд” аялан тоглолтын хуваарийг хүргэе.
4-р сарын 23,24,25,26-нд
Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд,
Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт.
4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д
4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт
5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга-д
5-р сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа “Мөнгөн хараа” чуулгад тус тус тоглох нь ээ.
“Содура”-гийн өдөрлөг болно
“Содура” уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр “HUNNU MALL”-ын зааланд болно.
Өдөрлөгийн үеэр тус киноны гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулахаас гадна киноны дууг Ч.Очгэрэлийн дуулснаар сонсч, охидын “Солонго” хамтлагтай цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мөн сугалаа, хөгжөөнт тоглоом, “Содура” киноны дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн, “Содурагийн эргэн тойронд” асуулт хариултын тэмцээн зэрэг болох ажээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөнхдоржийн “Хөхөө намжил” дуурийг шинэчлэн тавьж байгаа юм. Тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17:00 цагаас амилах нь ээ. Энэхүү дуурь нь дуурийн театрын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй нас, үндэс, угсаа харгалзалгүй ямар ч үзэгч үзэх боломжтой уг бүтээлийг дуурийн театрын хамт олон дахин тоглох нь ээ. Хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар анх “Хөхөө намжил домог”-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичиж байсан бөгөөд 1961 онд тавьж, 1998 онд сэргээж байсан юм байна. “Хөхөө намжил” дуурийн найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн хэсгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хариуцан ажиллах бол Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд удирдана.
Шинэчилсэн тавилтын гол дүрүүдэд залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Соёлын тэргүүний ажилтан дуучин Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин зэрэг уран бүтээлчид гоцлох юм байна.