Categories
мэдээ соёл-урлаг

Зүрхээр наадагчид “ТООЦООГҮЙ” тоглохоор зэхжээ

Дэлгэцийн гурав дахь уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо дахин уулзахаар сэтгэл догдлон яваа “Хувьсал” продакшины авьяаслаг жүжигчид ирэх тавдугаар сарын 08-нд бүх кинотеатрын дэлгэцнээ гаргахаар зэхсэн “Тооцоогүй тоглоом” уран сайхны шинэ киноныхоо нээлтийг тун ч өвөрмөц байдлаар хийхээр зэхжээ.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг хоёр ч киногоороо урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, үзэгч фэнүүдээ байлдан дагуулж чадсан “Хувьсал”-ынхан энэ удаад залуу уран бүтээлчдийнхээ авьяас чадварыг сорьж, жинхэнэ утгаараа “хувьсал” хийхээр зэхжээ. Адтай, авьяастай нь “дэндсэн” гэмээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүйчүүдийн итгэл сэтгэлийг хүлээж, өндөр хариуцлага үүрнэ гэдэг амаргүй даваа. Гэсэн хэдий ч өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх он цагийн хэлхээсээр хөвөрч буй хүмүүний амьдралд тэд “Өнгөрсөн үеэ дээдэлж, ирээдүйгээ хүндэтгэж байж одоо цагтаа та өөрийн “Би”-гээ бүтээн хүчирхэг оршино” гэх ухаалаг сонголтыг хийсэн нь энэ.

Тиймээс шинэ залуу уран бүтээлчдээ хөхүүлэн дэмжиж “Тооцоогүй тоглоом” киногоороо үзэгч олонд чухам хэн болохоо харуулах алтан боломжийг олгожээ. Залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл хийгээд үүрэг хариуцлага гэж юу болох, амьдралын олон даваа нугачаанд хэрхэн өөрийн мөн чанарыг авч үлдэх талаар өгүүлсэн сургамжтай, сонирхол татам үйл явдлаар дүүрэн уг киноны гол дүрд жүжигчин Г.Бямбасүрэн, О.Мөнхдалай, Н.Цэнгэлжаргал, Ч.Мөнхболд нар тогложээ. “Хувьсал” продакшины ирээдүй хойч үе хэмээгдэж буй авьяаслаг залуу жүжигчдийн шинэ өнгө төрх, гайхалтай ур чадвар, уйгагүй хөдөлмөр зүтгэлийг үзэгчид фэнүүд нь “Тооцоогүй тоглоом”-оос л харах үлдлээ.

Дашрамд дуулгахад, уран бүтээлчид маань “Тооцоогүй тоглоом” киноны нээлтийн үеэр шинэхэн байрныхаа нээлтийг хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. “Хувьсал оффис”, “Хувьсал энтертайнмент”, “Хувьсал танхим” зэргээс бүрдэх энэхүү байрандаа тэд СУИС-ийн чадварлаг, туршлагатай багш нарыг урьж тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг юм билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын анхны албан ёсны “Billboard”-ийг гаргана

Оюуны өмч, зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийг хамгаалах хүрээнд жишиг тогтоох зорилгоор Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн шилдэг дуу хөгжим, бүтээлийн жагсаалтыг Үндэсний Радио Телевизийн сувгуудаар олон нийтэд түгээх, мөн зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг хамгаалах чиглэлээр МҮОНРТ, МОСКАП, МДББҮТ, Hi-Fi Медиа групп хамтран ажиллахаар боллоо.

Энхүү хамтын ажиллагааны хүрээнд оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, 2015 оны тавдугаар сарын 20-оос МҮОНРТ-ийн сувгуудаар оргил цагуудаар үзэгчдэд хүргэнэ.

Шилдэг дууны албан ёсны жагсаалтыг гаргахдаа дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, youtube болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзана. Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих бөгөөд манай уран бүтээлчдийн дуу, хөгжмийн бүтээлийн борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байна.

Үүнээс гадна, хөгжмийн зохиолч, зохиолч, уран бүтээлчдийн дуу хөгжим, бүтээлийг хууль бусаар ашиглах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль бусаар түгээх явдлыг таслан зогсоож, цэгцлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан цуврал видео ролик, нэвтрүүлэг зэргийг Үндэсний Радио Телевизээр тогтмол цацаж байх талаар тохиролцоонд хүрчээ.

Энэхүү “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг гаргах болсонтой холбогдуулан маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагийн 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.

Энэхүү хурал нь Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах Өдрийг угтан болж байгаагаараа бас онцлогтой юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр дөрвөн талын төлөөлөл Харилцан Ойлголцолын Санамж Бичигт гарын үсэг зурах бөгөөд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.

Холбоо барих утас: 99884513

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Ариунаа Токиод тоглоно

МУГЖ дуучин Т.Ариунаа, “Guys” хамтлаг хамтран Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд тоглолтоо хийх аж. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Хаврын баяр- 2015” наадам болно. Уг наадмын үеэр тэд тоглолтоо хийх юм байна.

Наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлоор хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс хамтран зохион байгуулах юм.

Наадмын үеэр Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монгол гэр, майхан, асар барьж, Монгол орны түүх, соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбар, гэрэл зураг, уран зургуудыг дэлгэх аж. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах, шагай шүүрэх, морь уралдуулах гэх зэрэг монгол наадгай тоглуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” киноны найруулагчийг Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирнэ

Францын нэрт найруулагч Жан Жак Анног монголчууд жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киногоор нь сайн мэдэх билээ. Тэгвэл ирэх даваа гарагт тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа “Таны бүтээсэн “Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа.

Эрхэм найруулагч Таны Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам батжина хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Урлагийнхны нэгдсэн “Сэтгэлийн эгшиглэн” тоглолт болно

Дуу хуураар хөглөгдөж ирсэн монголчууддаа зориулж рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр болжээ. Тоглолт энэ сарын сүүлээр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Сэтгэлийн эгшиглэн” нэртэйгээр та бүхэнд хүрэх гэж байна.

Тоглолтонд: МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, МУСТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, Universe best songs-2010 нэвтрүүлгийн гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, Дуучин П.Баярцэнгэл, Ноён Бондгор, О.Анхбаяр, Дуучин Ж.Хишигсүрэн, дуучин Чингүүнжав, “Харш” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Lord” хамтлаг, “Madness” хамтлаг, “Мөрөөдлийн театр”, “Fire”, “Салхит хуур” морин хуурын хамтлаг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүсвэл дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ыг зориорой.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурчдын олон улсын уралдаан болно

Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болно.
Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I, II уралдаан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бол III уралдааныг олон улсын уралдаан болгон зарлаж, 2010 онд амжилттай зохион байгуулжээ. Уралдаанд оролцогчдыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 10-ныг дуустал бүртгэх ажээ.

Уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид болон бүх шатны сургалт явуулж буй сургуулиудын оюутнууд, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой юм байна. Мөн уралдааны программыг хангасан морин хуур суралцагч, тоглогч, гадаадын иргэд ч гэсэн оролцох бүрэн боломжтой ажээ.
Энэхүү уралдаан нь гурван үе шаттай бөгөөд заагдсан бүтээлүүдийг тоглох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар–Уран баримал” наадам болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар–Уран баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл, Монголын урчуудын эвлэл, Монголын хүүхдийн ордон, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус наадамд оролцоно. Чөлөөт уран бүтээлчдийн дунд уран барималын загварын уралдаан зарлаж шалгарсан 15 бүтээлийг уран барималчид урлаж, нийслэлийн гудамж талбайд байршуулах юм. Аль байршилд ямар сэдвээр баримал барихыг зохион байгуулагч байгууллагууд хамтран шийдвэрлэж уралдааныг зарлах бөгөөд уралдаанд түрүүлсэн бүтээлд 1 дүгээр байр 5 сая төгрөг, 2 дугаар байр 4 сая, 3 дугаар байр 3 сая төгрөгийн шагналтай

Categories
булангууд мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.

“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт “Ариун хаврын тахилга”-ыг “Улаанбаатар” чуулгад тоглоно

И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан тоглох гэж байна.

“Ариун хаврын тахилга” балет нь 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулсан бүтээл бөгөөд энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох гэж байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулж буй хэрэг юм. Хөгжмийг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулахаар болов.

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-ны өдөр 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох юм гэж нийслэлийн Улаанбаатар чуулгаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Янжинлхам” яруу найргийн наадам ирэх ням гаригт болно

“МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам энэ сарын 18-нд МУБИС-ийн А зааланд болох юм байна. Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг өндөр шагнал хүлээж байгаа гэж зохион байгуулагчид нь онцолж байна.