Categories
мэдээ соёл-урлаг

Монголын бүжигчид дэлхийд үнэлэгдлээ

Австри улсын Вена хотод энэ сарын 12-нд зохион байгуулагдсан Латин бүжгийн ДАШТ-д “Moon Dance” бүжгийн хамтлаг амжилттай оролцож, эх орондоо иржээ.

Тэмцээний эхний шатанд тус хамтлаг шилдэг 12 багийн нэгээр шалгаран хагас финалд үлдсэн байна. Ийнхүү хагас финалд дахин өрсөлдөж нийт авах ёстой 40 онооноос 32 оноо аван долдугаар байр эзлэжээ.

Энэхүү амжилтаараа тэд Монгол Улсын Латин бүжгийн дээд амжилтыг урагшлуулсан юм.

Уг тэмцээнд нийт 11 орны 20 хамтлаг оролцсоноос дэлхийн аваргаар Германы баг түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байранд Оросын багууд оржээ.

Мөн манай улсаас “Стардэнс” багийн бүжигчид оролцсон бөгөөд 15 дугаар байранд шалгарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоо сарнай-2015” наадмын шилдгүүд шалгарчээ

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “ГОО САРНАЙ-2015” арга хэмжээ XII сарын 23-нд зохион байгуулдав. Энэ удаагийн “Эмэгтэйчүүд ногоон дэлхийн төлөө хамтдаа” уриан дор зохиогдсон байна. Энэ зорилгоор ногоон ирээдүй, тогтвортой хөгжилд хамтран оролцох сүлжээг байгуулах санаачлагыг Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг наадамд оролцогчдод уриалсан байна. Мөн жил бүр шалгаруулдаг, аж үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан нийгэм, улс төр, бизнесийн болон экологийн салбарын төлөөлөгчдийг шилдгээрээ шалгаруулах арга хэмжээ болов. Хэдийгээр НАМЭХ нь МАН-ын харъяа ТББ хэдий ч тэдгээрийн санаачилж буй ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн төлөөх Эмэгтэйчүүдийн сүлжээ байгуулах санаачлага нь Монголд тулгамдаад байгаа экологийн асуудалд улс төрийн намууд болон ТББ-уудыг нэгтгэх зорилго агуулсанаараа далайцтай ажиллаж, бодлогын түвшинд сэтгэж буйн томоохон илрэл юм. Мөн шилдэгт шалгарсан есөн номинацийг анзаарахад намчирхаж туйлширсан шалгуур тавьдаггүй төдийгүй олон улсын түвшинд ажиллаж хөдөлмөрлөж буй гадаад дотоодын эмэгтэйчүүдийг сонгож буйгаараа онцлог арга хэмжээ болж чадсан хэмээн үнэлэгдэж байлаа.

“Гоо сарнай – 2015” арга хэмжээний шилдгүүдэд шалгарсан хүмүүст:

1. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭЛЧ

Баяртулгын Сэмжидмаа

“Титэм ордон” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, хувийн цэцэрлэгүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баяртулгын Сэмжидмаа нь 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан 2300 орчим төрийн албан хаагчдын хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй бүтэн жилийн турш хамрагдах боломжийг олгох ажлыг санаачлан, амжилттай зохион байгуулсан манлайлагч эмэгтэй ажээ.

2. УРЛАГИЙН ЭЛЧ

Чогжоогийн Амарбаясгалан (Хөсөгтөн хамтлаг)

Үндэсний давтагдашгүй өв соёлоо олон улсад бишрүүлж, дэлхийн алдарт Азийн” Got talent “шоуны шилдэг 2-т шалгарсан Хөсөгтөн хамтлагийн гишүүн Чогжоогийн Амарбаясгалан нь Монголын урлагийн тэнгэрт гэрэлтэж буй нэгэн од гэж тооцож болно.

3. БИЗНЕСИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙ

Дамдинсүрэнгийн Өнөрболор

1996 онд Сөүл компанийг үүсгэн байгуулалцсан бол өдгөө Сөүл группын ерөнхий захирлаар ажиллаж Дамдинсүрэнгийн Өнөрболор нь Сөүл спорт цогцолбор, Сөүл ирээдүй Соёлын сан, барилгын үйлдвэрлэл, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ зэрэг олон салбарт 500 гаруй ажилтныг удирдан манлайлж буй бизнесийн салбарын шилдэг эмэгтэйчүүдийн нэг.

4. ЭКО ЭЛЧ ЭМЭГТЭЙ

Мелони Линдберг

2009 оноос хойш Монгол Улсад Азийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж одоогоор манай улсад 4 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус хөтөлбөр нь орон нутагт Байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах , хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх болон олон талт хамтын ажиллагааг дэмжих механизм бүтцийг бий болгох зэргээр орон нутгийн удирдлагууд, ТББ, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.

5. БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙ”

Гансүхийн Майцэцэг

2002-2008 онд Польшийн ЭМА компаний захирал, 2009 оноос Үндэсний үйлдвэрлэгч “ЭКСКЛЮЗИВ” компаний ерөнхий захирлаар ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах төр засгийн бодлого нь хоосон тунхагийн шинжтэй бодит байдал дээрээ импортыг дэмжих байдалтай байгаа бодит үнэнийг олон нийтэд нотлон таниулж үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн эсрэг зоригтой дуугарсан түүчээ мэгтэй билээ. Гэсэн хэдий ч тэрээр 2016 онд бүтээгдэхүүнүүдээ Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Америкийн Нэгдсэн улс, Франц зэрэг улсуудад экспортлохоор бэлдэж байна.

6. ХҮНДЭТ ЭЛЧ

Дагвын Баярсайхан

Монгол Ардын нам төдийгүй Нийслэлийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд тэрээр нийслэл, дүүргийн шийдвэр гаргах түвшинд олон арван боловсон хүчнийг бэлдэн гаргаж, залуу үеээ түүчээлэн манлайлсан бидний бахархал болсон хүндэт эмэгтэй билээ.

7. ХЭВЛЭЛИЙН ЭЛЧ

Баярмагнайн Тэмүүлэн

1996 оноос хойш МУ-ын хэвлэлийн салбарт ажиллаж “Өдрийн сонин”-д албаны дарга, “Ардын эрх” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, мэдээллийн тэргүүлэгч сайт болох “Ньюс” агентлагийг үүсгэн байгуулж, 2004 оноос 2010 он хүртэл Монгол масс медиа группын, 2010 оноос хойш өнөөг хүртэл “Ньюс” агентлагийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

8. БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ

Шижирбаатарын Анхмаа

1998-2015 онд багш, судлаач, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох төслийн зохицуулагч, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилттай Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байсан.

Одоо Фючер групп компанийн Ерөнхий захирал, Монголын Эмнэсти Интернэшнл байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Санхүүчээр ажиллаж байна.

Хүний эрхийн боловсролын чиглэлээр олон арван сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монгол улсад гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулдаг төдийгүй жижиг дунд үйлдвэрлэгчидтэй ажиллаж нийт 1000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, зөвлөгөө өгөх байдлаар дэмжин ажиллаж ЖДҮ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

9. УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН

Дуламсүрэнгийн Оюунхорол

Боловсорлын шинжлэх ухааны доктор, МУ-ын гавьяат багш УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь хууль тогтоох байгууллагад 3 дах удаагаа сонгогдон ажиллаж буй Монголын нэр хүндтэй улс төрч эмэгтэйчүүдийн нэг юм. Нийгмийн олон асуудалд анхаарч хуулийн төсөл санаачлан ажилласнаас сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

10. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа

Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч Дамдины Сүхбаатарын гуч охин гэгддэг, Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа бөгөөд улсад болон олон улсын засгийн газрын байгууллагад 30 жил ажиллахдаа эх орны тухай мэдээллийг дэлхийд үнэн зөв хүргэх, өөрийн болон бусад орны хөгжлийн үйл явцад олон улсын тусламжийн хүч хөрөнгийг дайчлах ажилд бодитой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэн ажиллан иржээ.

Мөн тэд ажил үйлсээрээ манлайлсан холбооны шилдгүүддээ тодруулсан байна.

“ШИЛДЭГ ДҮҮРЭГ”

Санжаадоржийн Оюунбилэг даргатай Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо нь 16 салбар зөвлөл 3000 гаруй гишүүдтэй холбоо юм. Тэд 2015 онд

“Хан Уулын Түүчээ эмэгтэйчүүд”-ийг нийгэмд таниулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, болон экологид ээлтэй эрүүл Монгол эмэгтэйчүүдийг бэлдэх зорилгоор “Бямбын 11”, 152х1, Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөрийг үргэлжлүүлсэн төдийгүй Охид Монголын Ирээдүй ажлыг өөрсдийн бренд болгон 3 дахь жилдээ, Залуу эзэгтэй нарын сургалт, Нэг өрхөд нэг тус зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

“ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”

Авирмэдийн Өсөхжаргал даргатай Багануур дүүргийн салбар зөвлөлийн хамт олон нь 2015 онд дүүргийн эмэгтэйчүүдийн чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 10 орчим нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж бусад салбар

“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ”

Магалжавын Эрдэнэтуяа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1996 онд Сор кашемир ХХК-ыг үүсгэн байгуулж, одоогоор дотоодын зах зээлд 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг ээрмэл утсаар хангаж байна. Мөн тэрээр Чингэлтэй Дүүргийн 2009 оны УИХ-ын болон Орон нутгийн нөхөн сонгууль, дүүргийн 2012 оны УИХ, Нийслэл болон орон нутгийн сонгуулийн менежер, ерөнхий менежер, штабын даргаар ажиллаж 2012 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй Дүүрэгт Монгол Ардын Нам ялалт байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан манай шилдэг түүчээ болсон эмэгтэйчүүдийн нэг юм

Categories
мэдээ соёл-урлаг

Орос бүжигчид “Цөмөөхэй”-д бүжнэ

2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн “Цөмөөхэй” балет тоглолтын хаалтын тоглолт арванхоёрдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд УДБЭТ-т болно. МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” тоглолтын хаалтад МУГЖ Д.Алтанхуяг гоцлох ба УДБЭТ-ын уран бүтээлчид, авъяаслаг хүүхдүүд, мөн урилгаар ОХУ-ын “Большой” театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяатжүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтонд Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох боломжтой болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мартагдашгүй” тоглолт өнөөдөр дахин тоглогдоно

Өнөөдөр нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилна.

Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаа Монголд үүд хаалгаа нээх гэж буй “CASTLE” клубын нээлтэд зориулсан гэдгээрээ онцлогтой.

Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулжээ.

Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай тус клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагийн гайхалтай тоглолтыг үзэж мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой. Тус клубын такс 50 мянган төгрөг байх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар кино найруулна

“Маск” продакшны залуу уран бүтээлчид болох
Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар “Би ээж болмоор байна” уран сайхны кино найруулна.
Тэд энэхүү санаагаа 2002 онд оюутан байхдаа олсон ч продакшныхаа жүжиг болон
бусад уран сайхны кинонд тоглоод тун завгүй байсаар өдий хүрчээ. Киноны
зохиолыг ах дүү Г.Дарханбаяр, Г.Дарханбаатар нар бичсэн бол гол дүрд
Ш.Жавхлангаас гадна нэгэн дуучин бүсгүй тоглоно гэсэн. Гэхдээ одоогоор тэрхүү
дуучинг нууцалж байгаа юм билээ. Киноны агуулгад сүүлийн үед хүүхэд төрүүлэх
боломжгүй бүсгүйчүүд болон үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүд багтах аж. Зураг
авалт нийслэл хотод хийгдэх бөгөөд 100 орчим сая төгрөг төсөвлөөд байгаа юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Нийслэл хот хүүхдийн театртай болов

Нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Улаанбаатар хотын хүүхдийн театр өнөөдөр нээлтээ хийлээ. Театрын Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын хүүхдийн театр хүүхэд, залуучуудын дуртай жүжиг, ном үлгэрийн баатар зэрэг зүйлсээр нь үлгэрлэн дууриалуулж, түүгээр дамжуулан зөв хүмүүжил, төлөвшил олгох зорилготой ажиллаж байгаа аж.

Энэхүү театр нээлтийн тоглолтоо бага, дунд насны хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийн дуртай ”My little pony” хүүхэлдэйн зохиолыг албан ёсны эрхтэйгээр бүрэн хэмжээний жүжигчилсэн тоглолтыг шинэ жилд зориулан тоглох юм байна. Улаанбаатар хотын хүүхдийн театр ”Тусгаар тогтнолын ордон”-ы долдугаар давхарт байрлаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал ”Миний бяцхан одой морь” жүжигчилсэн тоглолтыг бяцхан үзэгчиддээ хүргэж юм байна. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг, жүжиг үзсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй гэсэн.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үргээлэг 2” киноны зураг авалт эхэлжээ

СУИС-ийн нэг ангийн залуус нийлж “Үргээлэг” хэмээх кино хийсэн нь амжилтад хүрч, үзэгчдийг байлдан дагуулсан. Тус киног бүтээсэн уран бүтээлчид нь “Үргээлэг”-ийг кино гэхээсээ илүү төсөл гэж яримаар байна. Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна” хэмээн мэдээллэж байсан.

Тэгвэл тэд дараагийн сэдвээ хөндөхөөр “Үргээлэг -2” киногоо хийхээр болж, өнөөдрөөс эхлэн зураг авалтандаа орлоо. Киноны найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, продюсераар Ж.Баясгалан нар ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатарыг ”Соёлын элч”-ээр өргөмжлөв

Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр хийсэн юм. “Монгол сонгодог-2” тоглолтондоо дэлхийн болон Монголын сонгодогуудыг дуулж, эх орондоо тайлангаа тавилаа. Уг тоглолтын үеэр МУГЖ Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээ гардуулав.

Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг зэрэг эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш Улаанбаатар хотын хүүхдийн театр нээлтээ хийнэ

Улаанбаатар хотын хүүхдийн театр “Сүлд модны наадмыг аварсан нь” шинэ жүжгээр маргааш нээлтээ хийхээр болсон байна.

Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд жүжиг мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээж байгаа юм. Хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгох хүрээнд урлагийн мэдрэмжтэй болгох, түүнээсээ үлгэр дуурайл авах зорилгоор уг театраа байгуулсан байна. Тус театр цаашид хүний сайхан чанар, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг сайн талаас нь харуулсан уран бүтээлүүдийг амилуулан хүүхэд залуучууддаа хүргэх зорилготой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ

Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Түүний “Монгол сонгодог-2” нэртэй тоглолт энэ үдэш 18.30 цагт Соёлын төв өргөөнд эхэлнэ.

Тоглолтод Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүд дуулагдах юм байна. МУГЖ Г.Ариунбаатар тоглолтынхоо талаар “Монголдоо ямар ч байсан бие даасан тоглолт хийх ёстой, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнах ёстой гэсээр ийнхүү зорин ирсэн. Нэрнээсээ эхлээд л Монгол сонгодгоо толилуулахаар зэхсэн учраас энэ сайхан дуунуудаа мэдээсэй сайхан дуулагдаасай. Монголын ард түмэн чинь сонгодогтой шүү гэдгийг харуулна” хэмээн ярьжээ.