Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам ирэх сарын 2-нд болно

Болор цом наадмын тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам ирэх сарын 2-нд зохиогдохоор болжээ.

Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож ирсэн уг наадам энэ жил Улаанбаатар хотод болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Зохиолчдод Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олголоо

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэл үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өдөр тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан БСШУ-ны сайд Л.Гантөмөр үгийн урлагийн их мастеруудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, найман зохиолчдод Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээлээ.

Тодруулбал, яруу найрагч Ш.Бадарч “Үд дундын уянга” яруу найргийн шилмэл бүтээлийн түүвэр, М.Эрдэнэбат “Хүйтэн бороо” түүвэр, Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” өгүүллэг, Д.Баянтунгалаг “Зэлүүд сарны галбир” яруу найргийн түүвэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ. Мөн Л.Мягмарсүрэн “Тэнгэрийн нутаг” яруу найргийн түүвэр, Б.Батрэгзэдмаа “Хаалганы өмнө”, “Их хаадын санаа” бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазар “Шанзны хавар”, “Уянгын үнэн”, Д.Сумъяа “Монгол ногоон дарь эхийн тууж” бүтээлээрээ тус тус шалгарч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд болов.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш утга зохиолын оны шилдэг бүтээл тодорно

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам маргааш болно. Монголын хүүхдийн ордонд зохиогдох энэхүү наадам нь Монголын зохиолчдын гал голомт бадарсан өдөр тохиож буйгаараа онцлог аж.

Уг наадамд жүжиг киноны, яруу найргийн, түүхэн роман зэрэг долоон төрөлд шалгаруулалт явагдах юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог. Түүнчлэн МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. “Алтан өд” наадамд 100 гаруй бүтээл өрсөлдөж буй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин С.Хишигжаргал анхны цомгоо гаргалаа

“Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогч С.Хишигжаргал өөрийн уран бүтээлийн анхны цомгоо гаргалаа.

Түүний “I’m… Hishigee” цомогт есөн дуу орсон бөгөөд нэмэлтээр “Хөлөрсөн цонх” дууныхаа аяыг дангаар нь нэмжээ.

Тэрбээр цомгийнхоо талаар “Миний сүүлийн гурван жилийн хөдөлмөр шингэсэн уран бүтээлүүд бий. Мөн багшийн маань дуулдаг байсан дуунуудаас багтсан” гэж байв.
Харин нэрнийх нь тухайд “Би бол Хишигээ гэсэн утгатай. Гэхдээ тэр гурван цэг нь би одооноос өөрийгөө бүтээж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ гурван цэг нөхөгдөх болов уу гэж бодсон үүднээс ингэж нэрлэсэн юм” гэлээ.

Түүнчлэн цомогт орсон есөн дуу бүгд дүрс бичлэгтэй гэдгээрээ онцлог болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний урлагийн зургаар үзэсгэлэн гаргана

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя” уриатай гэрэл зургийн уралдаан зарласан билээ. ҮДБЭЧ, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан урлагийн төв”- өөс хамтран зохион байгуулж буй, “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” сэдэвтэй уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдоос 295 бүтээл ирүүлсэн байна. Үүнээс 25 гэрэл зурагчны 70 бүтээлийг шигшиж, энэ сарын 16-нд “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргах нь. Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” ирэх сард болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ сарын 9-нд, “Болор цом” ирэх сарын 2-нд болох тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж буй “Алтан өд” наадмын бүртгэл эхлээд удаагүй ч одоогоор 100 зохиолч бутээлээ сойгоод буй гэнэ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Долоон түмэн настай довон хар бөх” туулийг хайлна

2009 онд ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан монгол туулийг сэргээж, язгуур зан үйлийн байдлаар нь уламжлуулахаар Богд хааны ордон музейд 2014 оны есдүгээр сард Хаан туульсын өргөө нээгдсэн билээ. Энд жилд хоёр удаа тууль хайлдгийн нэгийг ирэх бямба гаригт буюу билгийн тооллын өвлийн дунд сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, “Долоон түмэн настай довон хар бөх” догшин туулийг Жилкерийн удмын ес дэх үеийн туульч А.Балдандорж бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Өвөл мал хотолж, бүрэнхий болох үед хайлж эхэлдэг уг туулийг 11.00 цагт эхлүүлэх гэж буй учрыг А.Балдандорж тайлбарлахдаа “Хэл ам, үхэл зовлон, гай барцад өвчин гээд хар буруу бүхнийг засдаг бэлгэдэлтэй уг баатарлаг туульсыг тасралтгүй хайлбал 24 цаг үргэлжилдэг. Хэрвээ үдээс хойш хайлбал ирсэн зочид хоёр өдөр зарцуулах тул зан үйлийг бага зэрэг гажуудууллаа” гэжээ.

Туулийн завсарлагаа бүрийн дараа хайлсан хэсгийн тухай тайлбарлаж, баруун монгол ардын бий бийлгээ, морин хуур, икэлийн татлага, цуур, хөөмэй толилуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуур наадам болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын бүртгэл энэ сарын 15 хүртэл явагдаж байна. Харин тэмцээний шалгаруулалт сарын 16-28-ны өдрүүдэд болох юм. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны байранд бүртгэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта”-г үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан “Ромео, Жульетта” жүжгийг оны өмнөхөн Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин үеийн цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 6,8, 9,12,13, 29-31-нд нийт найман удаа дахин тавигдахаар болсон байна. Тус жүжгийн гол дүр болох Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байгаа бол ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нарын уран бүтээлчид ажиллажээ. Дашрамд дурдахад, сурагчдын амралтанд зориулан 15-30 мянган төгрөгөөр зарагддаг тасалбарыг сурагчид 8000 төгрөгөөр үзэх боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ээж ээ, сайн байна уу”

Өглөөний ургах наран дундаас хувинтай ус бариад ирж яваа ээжийнхээ өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхдийн зургийг хараагүй, мэдэхгүй хүн үгүй. Энэ бол ардын зураач, Төрийн соёрхолт Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг юм. Д.Амгалан гуай энэхүү бүтээлээ оюутан ахуй цагтаа буюу 1962 онд бүтээж, “Өлгий нутгийн минь өглөө” цувралаараа 1969 онд Төрийн шагнал хүртэж байжээ.

Эрвийсэн сормуус, бумбайсан хацар, сарвайсан бамбагар хөөрхөн гар, сэвлэг сөөсгөр үстэй, баацайсан хөлтэй, тонтгор хөөрхөн балчир хүүхдийн булбарайхан төрхийг харсан хэний ч хайр өөрийн эрхгүй төрмөөр. Хүн бүрийн сэтгэлд балчир бага насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг мэдрэмж төрүүлнэ. Энэ зурганд хорвоогийн гэрэлт нэгэн өглөө аз, жаргал баяр баясал өнгө бүхнийг хоёрхон өнгөөр дүрсэлжээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн эл зургаа цагаан дэвсгэр дээр улаан хар хоёрхон өнгийг ашиглан дүрсэлсэн. Нарны цацраг эхийн хувцас нүүр царай, хүүхдийн нүүрийг хараар дүрсэлсэн ч, хүүхдийн дотуур цамцыг час улаанаар дүрсэлсэн нь зургийг илүү тодруулж өгнө. Мөн яагаад ганцхан хүүхдийн цамцыг улаанаар зурсан юм бол гэдэг нь олон хүний сонирхлыг төрүүлдэг.

Хүүхдийг гол баатар болгон хэдийгээр цаашаа харуулж дүрсэлсэн ч нүүрэн дэх сэтгэл хөдлөл зэрэг нь түүний гараа сарвайлган гүйж байгаагаас тодорхой харагддаг. Харин эхийг нааш харуулан зурсан хэдий ч нүүр царайны ерөнхий дүрслэлийг бүдүүн тоймоор гаргажээ. Гэсэн ч эхийн жаргалтай инээмсэглэл, үрээ харж буй хайр энэрлийн уян зөөлөн харц мэдрэгдэнэ. Хурц нарны өөдөөс харж буй хүнд юмс үзэгдэл ингэж л харлаж харагддаг даа гэж бодогдохоор.

Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж зургаахан насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ. Хар бага наснаас зураг зурах дуртай байсан бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн, 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд оюутан болж очсон байна. Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх үеийн нэгэн амралтаараа тэрээр эхнэр хүүхдүүд дээрээ ирээд байхдаа энэхүү алдарт зургаа туурвижээ. Тэрбээр “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтсэн талаар дурсан ярьсан байдаг.

Д.Амгалан гуай 1959 онд Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд элсэн оржээ. Айлын хажуу өрөө түрээслэн эхнэр хүүхдээ байлгадаг байсан тарчигхан оюутан зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, зураг зурдаг байж. Тэгж олсон хэдэн төгрөгөөрөө ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэрлэнэ. Энэ л үедээ тэрбээр “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” уран бүтээлээ туурвижээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” зургийг зурсан байна.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж билээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр” хэмээн дурсан ярьсан нь үлджээ.Том охин Жаргалан, дунд охин Жавхлан хоёр нь багадаа “Энэ би, энэ би” гээд л хоорондоо булаацалддаг байж. Тэгэхэд нь “Та нар бүгдээрээ өөрийгөө гэж бод, өглөө босоод л ээж рүүгээ тэмүүлцгээдэг шүү дээ” гэж ярьдаг байсныг түүний шавь зураач С.Төгс-Оюун дурсан бичсэн нь бий.

Түүний “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар байдаг. “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч өглөөний нарны цацрагийг зургийн бүхий л хэсэгт тусгаж өгсөн. Алтан наран бүхий л ертөнцийг ариусган гэрэлтүүлж, хүн бүхэн амьтан бүхэн дээр ялгалгүй тусна гэдэг сэдлийг эрхгүй төрүүлнэ. “Ертөнцийн наран мандаж байна. Ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Мон­голдоо бол сонин хэвлэлд олон гарсан даа” хэмээн нэрт зураач Д.Амгалан дурсан ярьж байжээ.

Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргахдаа энэ зургаараа “анонс” хийж байжээ. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байна. Харин тэрхүү эх зургаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан юм.

Дөч гаруй насыг туулж яваа “Ээж ээ, сайн байна уу” зураг олон ч албан газар байгууллага, сургуулийн ханыг чимж, олон мянган хүүхдийн уран зургийн мэдлэгт хувь нэмэр оруулж буй бүтээл.

Социализмын үед л гэхэд 120 мянгатын нэгэн байшингийн хананд энэ зургийг бүтнээр нь зурж, бүхэлд нь дүүргэсэн нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг тэр хавиар амьдарч байсан хүмүүс дурсан ярих нь бий.

Энэхүү нэрт бүтээлийг өнгөрсөн онд Дорнод аймгийн төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон бүтээж, мөнхөлсөн юм. Энэ нь тус бүтээл хэр үнэ цэнтэй болохыг илтгэх бас нэгэн үнэлэмж болсон билээ.