Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2015” тоглолт энэ сарын 28-нд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадмын нэгийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа болсон. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Нэгийн даваанд 93 бүтээл өрсөлдсөнөөс 25-ийг нь шалгаруулсан. Энэ даваанд хамгийн их оноо цуглуулсан бүтээлүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхны шүлэг “Аав л нутаг хоёр минь” дуу юм. Үүнийг БЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Б.Батбаатар хоолойныхоо “бяр”-ыг гайхуулж дуулсан. Мэргэжлийнхэн ч энэхүү дууг гала тоглолтоор тодруулах шилдэг таван дууны нэгээр нэрлэгдэх болов уу хэмээн таамаглаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д оролцох яруу найрагчдыг бүртгэж байна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом” яруу найргийн наадам ирэх сард болно.

Наадамд оролцох яруу найрагчдыг бүртгэж байна. Уламжлалын дагуу наадамд оролцох хүсэлтэй яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлэх ёстой. Харин наадамд тэргүүлж байсан яруу найрагчид урьдчилсан шалгаруулалтгүй оролцох аж. Энэ онд Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Сэнгээ нарын мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт зохиогдож байсан “Болор цом” наадам Улаанбаатар хотод зохиогдох гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүд

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүдийг цувралаар хүргэж байна.

Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар

БИ-ТАЛЫН ХӨХ ЧОНО

Би-талын хөх чоно!

Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж

Агт сайн морьдын туурайг сульдааж

Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж

Арван халтар нохойг замд нь цувуулан

Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин

Хурдан буутай эрс алах гэж занана

Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн

Араатан намайг зогсоо зайгүй мөрдөнө.

Байгаль намайг төрүүлж, байдал төрхийг минь урлаж

Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!

Гэвч хүн намайг үзэн ядна, хаа ч явсан

Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдөр бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би

Өртөө газар давхиад ч заримдаа хоосон.

Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна.

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ

Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино

Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг

Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ

Хорвоо дээр би чоно болж төрөөд

Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,

Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн

Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно

Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил

Төрөлхийн зэрлэг араншингаараа би

Төмөр хавхтай хөлөө ч тас хазаж явсан.

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний

Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон.

Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар

Цаашлаад зугтсан гурван хөлтэй намайг

Хүн-араатнууд тасралтгүй мөрдөж

Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн

Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч

Энэ л удаа эрлэг намайг өршөөж

Эрэг рүү тэд тэрэгтэйгээ уналаа…

Би-талын хөх чоно!

Биеэр минь салхи нэвт шуурч

Өл залгахын эрхэнд явсаар

Өрөөсөн хөлөө алдав.

Элчилгүй талын араатан намайг

Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг
Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ
Буруу хэрнээ буруутанг

Бурхан тэнгэр минь өршөө

Сайхан амьд явж чадахгүй бол

Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан
Би-чоно
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж

Бас яруу найрагч шиг ганцаарднам.

Намайг хэн ч үл өрөвдөнө

Нартаас үтэр тонилгохыг завдана

Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх

Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж

Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна.



Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн,

“Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч

ЭХИЙН СЭТГЭЛ

Хайрт ээж Цэвэгмидийнхээ гэгээн дурсгалд өргөвэй!

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд
Ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч

Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм.

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү

Араажаваар дуулж байна лээ

Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ

Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ
Их санах юм аа
Араг, савар хоёроо

Зөрүүлж байж би чамайг боддог

Аргал, чулуу хоёрыг

Андууран түүж би хүүгээ санадаг

Алга аа миний хүү.

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал би хүүгээ ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү шоронд орж гэнэ

Голыг минь гогодон хэлж байна

“Аа яадгийм ороо л биз”

Гадагшаа би хүүгээ өмөөрлөө

“Ам нь цангаж байгаа байх даа, муу хүү минь”

Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн
Ганц хүү минь юм сан

Алтан бэлзэг газраас олоод

Амандаа үмхтэл залгичихлаа гэж

Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү

Тэнэж яваад юү хийх вэ
Ижийдээ л хүрээд ир!
Ядарч байгаа юм бол
Тэнд байгаад яахав
Ижийдээн хүрээд ир!
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир!
Хөхөөрөө чамайг даллая
Yхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир!
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир,
Гуруй гуруй гуруй.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Л.Дэмидбаатар гэргийтэйгээ хамтран тоглолт хийнэ

Жүжигчин Л.Дэмидбаатар гэргийтэйгээ хамтран “Оршихуй” нэртэй уран бүтээлийн тоглолт хийхээр болжээ. Драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 шахам жил болж буй жүжигчин Л.Дэмидбаатар ихээхэн өвөрмөц тоглолт хийхээр бэлдэж буй бололтой. Тэрээр гэргийтэйгээ хамтран дуулж, мөн драмын жүжиг тоглох гэнэ. Энэ тухайгаа хэлэхдээ “Янз янзын гэнэтийн бэлгээр дүүрэн байна” гэв. “Дон Жуан” жүжгийг Монголд тавихад анхны Дон Жуанд, Отелло жүжгийн Ягогийн дүрд, “Буудлын эзэн авхай” жүжгийн гол дүрд, “Парисын дарь эхийн сүм”, “Амьгүй албат” жүжгийн гол дүрд тоглосон Л.Дэмидбаатар уртын дуу чамгүй сайхан дуулдгаа ярилцлагадаа өгүүлжээ.

Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрт болох уг тоглолтод нь драмынхан, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадам өнөөдөр эхэлнэ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдоно. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо бүртгэж дуусан өнөөдөр наадмаа эхлэх гэж байна.

Оны шилдэг дуу шалгаруулах тус наадам 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа агаад наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд өнөөдөр, маргааш хоёр өдөр болох юм. Харин хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадмын бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Уламжлал ёсоор наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлдэг.”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод болох юм. Энэ 2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас ийнхүү Улаанбаатарт хийхээр шийджээ. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна.

Наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урьдчилсан шалгаруулалтгүй наадамд өрсөлддөг.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын үндэсний урлагийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ойг угтаж чуулгын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их нүүдэл” үндэсний их найрал хөгжмийн концерыг цувралаар тоглосон билээ. Энэ үеэр “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилцгаая” урианд дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан юм. Уралдааны оролцогчдод зориулан өнгөрсөн онд “Монгол үндэсний бүжгийн баяр” зураг авалтын өдөрлөгийг “Хүннү молл” цогцолборт зохион байгуулсан. Уг уралдааны дүн маргааш гарах бөгөөд “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү молл” цогцолборт дэлгэхээр болжээ.

Гэрэл зургийн уралдаанд нийт 25 гэрэл зурагчин 70 бүтээлээр өрсөлдсөн аж. Уралдааныг зохион байгулсан ҮДБЭЧ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс 70 бүтээлийг каталог болгон хэвлүүлхээр бэлтгэж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Увертюра хамтлаг ”Надад үлдсэн найз” мюзиклээ удахгүй тоглоно

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

Тус мюзиклийн зохиолчоор “Милл” кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Зүрхэнд дуссан нулимс” киноны нээлт маргааш болно

“Моритон” энтертайнмент “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэн дуссан нулимс” уран сайхны киноны нээлт болно. Зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсероор А.Мөнхтулга нар ажилласан байна. Гол дүрд М. Золжаргал, Б.Энхчимэг, Ж.Цовоо нар тоголсон аж. Киноны агуулга нь Цэнгэл хэмээх бүсгүй нь Гийгүүлэн, Эгшиглэн хэмээх охинтой. Түүний өмнөх нөхөр ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэдэг залуутай танилцан хамт амьдарна. Тэрбээр өмнөд хөрш улс руу ганзгын наймаа хийж амьдралаа залгуулдаг. Нэгэн удаа ээлжит бараагаа татахаар явахдаа хилс хэрэгт ордог. Энэхүү хэрэг чухам яаж өрнөхийг үзэгч та тус киноноос үзээрэй. Киноны нээлт маргааш болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа Европын орнуудаар аялан тоглоно

МУГЖ, дуучин Б.Сарантуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд буюу “Монгол бахархлын өдөр”-өөр Герман улсын нийслэл Берлин хотод “Сэхүүн салхи” CD-ний баяраа тэмдэглэсэн. Мөн “Хөх толботон” нийгэмлэгийн урилгаар Польшийн Брадиславль хотод тоглолтоо хийгээд буй. Тэгвэл энэ удаад “Евро аялал” тоглолтоо үргэлжлүүлэн Европын орнуудаар аялан тоглохоор болжээ.

Энэ сарын 15-ны өдөр Швейцарийн Женев хотоос тоглолтоо эхлэхээр төлөвлөөд буй гэнэ. Түүний дараагаар Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вени, Белгийн Антверпен, Туркын Станбул зэрэг зургаан хотод тоглох юм байна. Түүний тоглолтод залуу дуучин, Гэрэл болон охин Хулан нар оролцох аж.

Б.Сарантуяа 30 жилийн турш тайзнаа дуулсан бөгөөд энэхүү баяраа тэмдэглэхээр хандив цуглуулж тоглолт хийж буй тухайгаа хэлж байсан. Мөн “Энэ удаагийн тоглолт харийн нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудад аз жаргал, эрч хүч бэлэглэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээсэн юм.