Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Д.Гансаруул: Дэлхийн яруу найргийн наадамд хэн ч, хэний ч шүлгийг шүүгээгүй, шүүдэггүй юм билээ DNN.mn

МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn сайтын орлогч захирал Давхардаваагийн Гансаруултай ярилцлаа.


-Дэлхийн яруу найргийн их наадамд ганзага дүүрэн оролцоод ирэв үү. Яруу найргийн наадам зохиогдсон хотын онцлогийн талаар ярилцлагаа эхэлье. Яагаад чухам тухайн хотод дэлхийн яруу найргийн наадмыг зохиодог юм бол?

-“Struga Poetry Evenings” буюу Дэлхийн яруу найргийн их наадам наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Хойд Македонийн Струга хотноо зохиогдлоо. 62 дахь удаагаа зохиогдож буй уг наадам нь Дэлхийн яруу найрагчдын хамгийн том цугларалт гэдэг утгаараа нэр хүндтэй юм байна. Македоничууд, тэр дундаа Охрид нуурын оршин суугчид буюу Струга хотынхон бүхэлдээ яруу тансаг үгэнд умбасан яруу найрагч ард түмэн юм. Охрид нуур, эргэн тойрны байгаль, уулс нуруу нь тэр чигээрээ яруу найраг. Шүлэг оролддоггүй, мөр холбодоггүй хүн ч тэнд очоод сэтгэл уярч, тайвшрал мэдэрч мөр холбож мэдэхээр эсхүл дуу аялмаар тийм сайхан жаргалтай газар байна билээ. Энэ наадам анх Македонийн хэмжээнд л зохиогддог байснаа хүрээгээ тэлсээр Дэлхийн яруу найргийн их наадам гэгдэх болж нийт 90 гаруй орны 4000 гаруй яруу найрагч Стругад ирж шүлгээ уншаад байгаа гэсэн тоо харсан шүү.

-Хичнээн улсын яруу найрагчид энэ удаад оролцов. Тэдний бичсэн шүлгүүдээс танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн ямар шүлэг байв?

-30 шахам орны 50 гаруй яруу найрагч Стругад цугласан. Македоничууд энэ наадмаа 62 дахь жилдээ зохиож байгаа арвин их туршлагатай учир зохион байгуулалтын тал дээр үнэхээр гайхалтай байсан. Наадмын туршид өдөр болгон, үдэш бүр яруу найргийн уншлага болсон бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар, музей, урлаг соёлын томоохон төвүүд, хуучин сүм, хуучин хот, нуурын эрэг, гүүрэн дээр хүртэл яруу найрагчид шүлгээ уншиж байлаа. Хаа ч очсон шүлэг шимтэн сонсох гэсэн үзэгчид, хүмүүс дүүрэн байсан нь их соньхон байсан шүү. Оролцогчид эх хэлээрээ шүлгээ унших үед ард нь дэлгэц дээр англи, македони хэлээр орчуулга нь давхар харагдана. Испани, Франц, Хорват, Унгарын яруу найрагчдын шүлгийг анзаарахад ахуй талдаа шүлэг их байна лээ.

Можно е да е слика од еден или повеќемина и толпа

…Галт тэрэг. Төмөр мангас намайг чиглэнэ
Удахгүй намайг залгиж
Би эндээс явна…

***
…Чамаас холдоод
Шүхэр дэлгэх төдийд л
Чамайг саначихдаг…

***
…Цагийн зөрүү бүсгүйг зовооно
Цаг, цагийн зүү түүнийг зовооно
Жаахан ч атугай унтчихаасай
Маргааш тэр дахиад л аялна

***
Байшиндаа тэр хайртай байв
Байшин нь байсаар байв
Түүнийг үхэл дагуулан одоход
Байшин нь байсаар л байна
Байшинд нь шинэ эзэд ирнэ… Яг энэ агшинд гадаад яруу найрагчдын уншсан эдгээр мөртүүд санаанд бууж байна. Харин Македонийн яруу найрагчдын шүлэг уянгын голдуу, аядуу зөөлөн дүрслэлтэй санагдсан.

-Та тухайн яруу найргийн наадамд ямар шүлгээ уншсан бэ?

-Биднийг Струга хотод буухад наадмын зохион байгуулагчид хэн, хэзээ, хаана, хэдэн цагаас ямар шүлгээ уншихыг нь нарийн төлөвлөөд бэлтгэчихсэн хавтас өгсөн л дөө. “Тэр буцаж байна” шүлгийг минь наадмын нээлтийн ёслол дээр мөн Македонийн нийслэл Скопье хотын Орчин үеийн урлагийн музейн задгай талбайд болох яруу найргийн уншлага дээр унших хуваарь гаргачихсан байсан.

Харин “Тариан талбайн дэргэдэх жижигхэн байшинд” шүлгийг Охрид нуурын эрэг, “Бисер” зочид буудлын задгай талбайд болсон “Circles” яруу найргийн уншлага дээр уншихыг заачихсан байж билээ (инээв). “Тэр буцаж байна” шүлгийг хоёронтаа уншуулсан нь учиртай биз ээ.

Можно е да е слика од 1 лице

Дэлхийн яруу найргийн их наадамд триллер, детектив чиглэлийн шүлгүүдээ уншаагүй. Шүлгийн сонголт дээр Монголын яруу найрагчидтайгаа зөвлөлдөж таван шүлгээ наадмын зохион байгуулагчид руу илгээсэн юм. Гансаруул гэж хувь хүн биш Монгол Улсаа төлөөлж оролцсон учир даруухан шүлгүүд сонгосон (инээв). Энэ наадамд оролцоход надад маш олон хүн тусалсан. Тэр бүх хүндээ талархсанаа илэрхийлж байна.

-Македоничуудын дахиулсан “Тэр буцаж байна” шүлгийг тань сонирхъё?

-Бололгүй яахав. 2019 оны 12 дугаар сард бичсэн шүлэг л дээ.

“Тэр буцаж байна”
Их хот үймэлдэнэ
Ижил тэрэг сүлжилдэнэ
Дуу шуугиан нь
Тэнгэрт хүрч
Тоос буртаг нь
Алсад савсана.
Бүгд ажилгүй хэрнээ
Завгүй
Бүгд жаргалтай хэрнээ
Инээмсэглэлгүй.
Тосгоны охин
Хормогч зүүж
Хоолны газарт зүтгэнэ
Хоёр сар болоод
Хөлсний өрөөнөөсөө хөөгдөнө.
Хот бараадаж
Хөлөө олж
Хүний дайтай амьдарна гэсэн ч
Их хотод тэр багтсангүй
Ижилсэх хань ч олдсонгүй.
Тэр буцаж явна.
Тэвэр дүүрэн гуниг
Амьсгалаад ч барахгүй
Уйтгар тээн
Шуудангийн тэрэгний цонхоор
Шувууд зэллэсэн дорныг чиглэн
Тэр буцаж байна.
Хөгшин ээж
Хөвөнтэй хүрмээ санана
Хүр хорхойн шүлс
Хүрэлзгэнэ, мэлхийтэй хөндийгөө
Хэдүүлхнээ ч аз жаргалтай байдаг
Жижиг тосгоноо санана
Тэр буцаж байна

-Таны бичсэн шүлгүүдийг уншихад уламжлалт яруу найргаас тэс өөр сэтгэлгээтэй бичигдсэн байдаг. Үүнийхээ талаар яривал?

-Сэтгэлгээний хувьд хайрцагт өсөөгүй л дээ. Оюутан ахуй цагаасаа триллер, детектив, акмейст чиглэлээр шүлэг бичиж эхэлсэн. Гэвч тэр шүлгүүдээ төдийлөн нийтэд дэлгэдэггүй, хав дардаг байлаа. Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан “Анхны номын уралдаан”-д шүлгүүд минь шалгарч ном болон хэвлэгдсэн юм, “Саранд гандсан хөшиг” нэртэйгээр. Тэр номд триллер, детектив шүлгүүд тодорхой хэмжээгээр багтсан ч мөнөөх жинхэнэ триллер шүлгүүдээ бас л аваад үлдчихсэн. Яагаад вэ гэвэл нийгэм хүлээж авах цаг нь болоогүй байсан мэт санагддаг байлаа. Нэг, хоёрдугаар курстээ голдуу триллер, детектив шүлгүүд бичсэн. Бичсэнээ хүнд уншуулдаггүй, бараг тийм шүлэг бичдэгтээ ч гайхаж “Яагаад бусдаас өөр шүлэг бичдэг юм бол” гэж хүртэл өөрөөсөө асуудаг байлаа (инээв). Нэгэн удаа ангийн найз, эрхэм яруу найрагч О.Элбэгтөгс миний шүлгүүдийг уншаад “Бичээд бай. Үнэхээр гайхалтай” гэж билээ. Ингээд л үргэлжлүүлээд бичээд байсан хэрэг.

Утга зохиолын ажилтны ангид хамт сурч байсан Э.Тунгалагтуяа “Саруулын шүлгүүдийг одоо хэн ч ойлгохгүй. 15-20 жилийн дараа л хүмүүс ойлгоно. Цаг хугацаанаасаа түрүүлж бичигдсэн шүлгүүд” гэдэг байсан юм.

2017 онд хэвлүүлсэн “Цоохор майлзын түүх” ном бол тэр чигээрээ триллер, детектив, акмейст чиглэлийн шүлгийнх. Гэвч тэр номд оролгүй үлдсэн шүлгүүд бас бий бий. Энэ чиглэлээр уран бүтээл туурвихад гарт минь үзэг атгуулж өгсөн хүн бол МУБИС-ийн С.Энхбаяр багш минь. Миний шүлгүүдийг эдгээр чиглэлд хамаарна гэдгийг тодорхойлж, оюутны ширээнээс туурвилзүйн номоо хэвлүүлэхэд “Өмнөх үг” бичиж, утга зохиол руу түлхсэн гол хүн л дээ.

-Таны өвөрмөц шүлгүүдийн нэг “Чамаар гоёно” гээд шүлэг байдаг. Энэ шүлгээ яагаад бичих болсон бэ. Уншигчид үүнийг өөр өөр сэтгэлгээгээр хүлээж авдаг?

-Лүйжингийн шүлэг үү (инээв). Бас Халловины ч шүлэг гэх болсон байна лээ. Дээр хэлсэнчлэн оюутан байхдаа бичсэн анхны триллер шүлгүүдийн нэг нь. Яагаад бичих болсныг мэдэхгүй, тухайн агшинд төрсөн мэдрэмжээс л гарсан мөртүүд. Түүнээс биш надтай, миний хувийн амьдралтай огт хамаагүй шүлэг шүү. Бичигдээд 15, 16 жил өнгөрсний дараа сошиалаар гэнэт нэг өглөө түгж, хүмүүс шуугилдахад “За даа, шүлгийг минь нийгэм зах зухаас нь мэдэрч эхэлж дээ” л гэж бодсон (инээв). Соёлын гавьяат зүтгэлтэн, нэр дипломатч Д.Цахилгаан гуай тэр үед “Ямар гоё хайрын шүлэг вэ. Яаж ийм их аугаа хайрлаж чадаж байна вэ” гэсэн шүү. Тэгэхээр хайрын шүлэг ч байж мэдэх юм.

-Та багадаа яруу найрагчдаас хэний шүлгийг илүү уншдаг байсан бэ?

-Илүү уншаад байсан найрагч байгаагүй ээ. Р.Чойномын шүлгүүдийг дунд ангид байхдаа сонирхдог байсан.

-Яруу найргийг та өөрийн үгээр илэрхийлбэл юу гэж хэлэх вэ?

-Юу ч гэмээр юм, шүлэг бичихгүй удахаар уйтгартай байдаг (инээв).

May be an image of 9 people

-Тус наадам Охрид нуурын эрэг дээр болсон. Нуурын салхины илбээнд ямар шүлэг төрөв. Шинэ шүлэг бичив үү?

-Нааш буцахын урьд өдөр Скопье хотын төвөөр Испанийн найрагч Чематай хамт алхаж, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орлоо. Тэгтэл хөшөөтэй, жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр торгомсог сайхан арьстай, үзэсгэлэнтэй, гоо бүсгүй суугаад шувуу хооллож байхтай нь таарсан. Талх эмтлээд л… шувуудад өгөөд л, шувуудтай яриад байх шиг нэг л…тийм дур булаам. Өөрийн мэдэлгүй би эргэж харж “Чема! энэ ямар сайхан бүсгүй вэ. Танилцацгаая” гээд эргэж очоод мэндэлтэл Амазоноос гаралтай, Бразил фото модель Суани байсан. Сонин шүү. Хаа байсан Монголоос, Испаниас ирсэн яруу найрагчид Балканы хойг дахь Хойд Македонийн нийслэлийн хаана ч байдаг юм нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Амазон бүсгүйтэй тааралдана гэдэг. Ингээд бид танилцаад инстаграм хаягаа солилцоод зураг даруулсан. Орой нь Суани Скопье хотын Орчин үеийн урлагийн музейн задгай талбайд болсон яруу найргийн уншлага дээр хүрээд ирсэн. Үнэхээр гайхалтай. Бид хэл, соёл өөр ч нэг л төрөлтөн, нэг дэлхийн гэр бүл юм даа гэж бодогдсон. Биднийг шүлэг, яруу найраг ингэж учруулж найзлуулсан. Суанид “Тэр буцаж байна” шүлгээ уншиж өгөөд номоо дурсгасан юм. Яг энэ үед надад энэ сайхан учралыг шүлэглэмээр санагдсан. Суанид “Би очоод чамд зориулж шүлэг бичээд, англиар орчуулаад илгээнэ ээ” гэж амласан. Эр хүн байтугай эмэгтэй хүнийг ч бишрүүлмээр тийм гоо үзэсгэлэнг Скопьед харсан. Хэн нэгнээс гоо сайхныг олж харна гэдэг өөрөө гоо үзэсгэлэн шүү.

Можно е да е слика од еден или повеќемина и толпа

-Тэгвэл хамгийн сүүлд ямар шүлэг бичсэн бэ?

-Хойд Македони руу явахын урдхан “Мөчир” гэж шүлэг бичсэн.

“Мөчир”
Цасанд бөхийсөн мөчир урь ороход
Тамираа тасартал тэмцэн өндийнө
Түүн шиг бөгтөр мөчирс
Өлгийг нь задалсан хүүхэд шиг
Тэнд ч, энд ч тэнийж суниана
Өвлийн хахир урт цаг тэдэнд
Үлгэр шиг өнө удаан байжээ.
Талын шувууд хэл дуулган шулганаж
Цонхны гадаа, хэцэн дээр зэрэгцэнэ
Тэгш гоо хусан ойн зүгээс
Хангинуур цуурайтаж, хөрөө ч бас чимээлнэ
Нэг нь өндийх гэж бүтэн өвлийг тэвчихэд
Нөгөө нь сүхний далайлтаар амь тасарна.

-Тухайн наадмын шүүлт, зохион байгуулалт танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Зохион байгуулалтын баг бол асар их туршлагатай, хөтлөгч, менежерүүд нь 3-5 хэлтэй. Ямар ч орны хүнтэй харилцах өндөр чадвартай, бүх юм хөтөлбөрийн дагуу нарийн явагдаж байсан. Таван минут ч хоцордоггүй, ягштал бүгдийг бэлтгэчихсэн байдаг нь авууштай санагдсан. Дэлхийн яруу найргийн их наадамд хэн ч, хэний ч шүлгийг шүүгээгүй, шүүдэггүй юм билээ (инээв). Угтаа яруу найргийг шүүнэ, шүлгийг уралдуулна гэдэг нь яруу найргийн эсрэг хийж буй гэмт хэрэг юм байна гэж бодсон. Уралдаан, өрсөлдөөн, тэмцээн биш яруу найрагчдын цугларалт, уулзалт, орон орны яруу найрагчид ойртон танилцах, уран бүтээлээ ярих, нөхөрлөх боломжийг өргөн хүрээнд олгодог баяр гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр Хойд Македонид уригдаж энэ том наадамд эх орноо төлөөлнө гэдэг нь яруу найрагч хүнд нэр төрийн хэрэг. Охрид нуур, Струга хот, Хойд Македони бол тэр чигээрээ яруу найраг, найргийн өлгий нутаг юм билээ.

 

А.Доржханд

Categories
нийтлэл

Улаан бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ утга-зоxиол

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч оролцоно DNN.mn

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Номын баяр зохион байгуулна.

Номын баяраар нийтдээ 300 гаруй асар баригдаж, 200 гаруй хэвлэн нийтлэгч болон 300 гаруй зохиолч оролцдог байна. Харин 30,000 гаруй хүн идэвхтэйгээр оролцож, номын баярын үеэр номыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцдог.

Мөн дэлхийн 10 гаруй улсаас төлөөлөгчид номын баярт оролцохоор хүрэлцэн ирдэг байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Д.Урианхай: Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмгэнэлтэй үхлийн үргэлжилсэн цаг хугацаа байх болно DNN.mn

Азийн тэргүүн найрагч “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгийн Урианхайтай философийн ярилцлага өрнүүллээ.


-Дэлхийг тохинуулж, даяарыг залуурдаж байсан монголчууд бид өдгөө бусдын, харийн бодлогын хавханд, эрх мэдэлд нь атгуулаастай, оршихуйн хүсэл хяслын хявцаатай ангалд дутуугийн, зүдүүгийн зовлонд нэрвэгдэж явна л даа. Өнөөгийн техник технологийн хөгжлийг би л лав хүний оршихуйн жинхэнэ хөгжил гэж үзэхгүй. Чухамдаа байгаллаг, урсгал ахуй гэгдэх мал аж ахуйтны амьдралын хэмнэлээр бид оршин буй нь нэг бодлын “хөгжлийн” хоцрогдол ч нөгөө талаар ирээдүйд цойлон гарах давуу тал ч болж мэднэ гэж санах юм?

-Өнөөдөр хүн төрөлхтөнд хэрэгтэй юм гэвэл, хөгжлөөсөө илүү аврал хэрэгтэй цаг, түүх тулсан байх аа! Орчлонгийн “Оршихуй”-н зүй тогтолд урагшлах үйл явцтайгаа зэрэгцээ “эгэх” үйл явц нэгдэж орчилддог нь шинжлэх ухааны судалгаанд ер баригдаагүй, танин мэдэгдээгүй юм шиг санагдаад байна. Одоо хүн төрөлхтний хөгжилд байгаль руугаа эргэх, бурхан руу эргэх, ардчилал руу бус амьдралын хариуцлага руу эргэх сэтгэлгээнд л тулгуурлах ганц зөв зам үлдсэн. Монголчуудын амьдралын уламжлалт ухаант арга-амьтан бүгдийн амьдралын иш үндэс болсон агаар огторгуй, газар ус, эх байгальтайгаа шүтэн барилдаж, зүй тогтолд нь харшлах бусармаг үйлд гар сарвайхгүйгээр зохицож, айж, хайрлаж, харилцан тустай нэгдэн амьдрах сэтгэлээр түүхэн цаг хугацаагаа туулсан гайхамшигт туршлага хүн төрөлхтний хамгийн ухаалаг зөв амьдралын хэв загвар байсан нь ойрын ирээдүйд ойлгогдоно.

-Хүн гүрний хаан Модун Шаньюй “Газар бол улсын үндэс” гэж тунхагласан. Европ дахинаа улс төр, чөлөөт эдийн засгийн суурь бүхий төрийн маркетингийн хичээл заасан Хүннүгийн Аттила хаан, Их эзэн Чингис хааны мөнх тэнгэрийн үзэл зэрэг нь өнөөгийн бидний төдийгүй барууны гүрнүүдийн анхаарлыг өгүүлшгүй ихээр соронзон мэт татаж урьд байгаагүйгээр судлах болов. Чухамдаа оршин тогтнохуйн лут философийн системтэй байжээ гэж боддог. Эндээс бид ирээдүйгээ бүтээх жигүүрээ олж болох бус уу?

-Чи бол түүхийн мэргэжилтэн, жүжгийн зохиолч хүн. Мэргэжлээрээ бол миний багш! Энэ тал дээр бид хоёрын багш шавийн байр солигддог. Миний түүхийн мэдлэг даанч харамсалтай нь нимгэн, шувууны өндөгний зуламнаас ч нимгэн байх! Модун Шаньюйгийн намтраас “Газар бол улсын үндэс!” гэж хэлсэн үгийг нь л мэдэхээс өөр мэдэх юм байхгүй! Харин тэр үгнийх нь цаадахыг их боддог. Энэ дөрвөн үгэнд “Газар нутаг бүхэл бүтэн байваас улс орон тусгаар тогтнохын үндэс!” гэсэн утга санаа гүн агуулагдаж байгаа болохоос өнөөдрийнх шиг “лиценз” гэдэг тамгатай бичгээр хэсэглэн хувааж хувьд ашиглуулж буй өртөө өртөө газрыг ч юм уу, эсвэл хүн хүнд, өрх өрхөд “өмч” нэрээр тасар татаж өгсөн алаг цоог, адсага ширдэг шиг газрыг хэлж буй утга санаа бус юм. “Улсын үндэс”-газар нутгийг хүмүүст хуваан өмчлүүлж яавч болохгүй! “Газрыг хувьд өмчлүүлэх нь зөв, энэ хувьчлах арга бол хөгжлийн үндэс гэж үзсэн сэтгэлгээ бол хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том алдаа, анхдагч алдаа, хүн төрөлхтний амьдралыг хамгийн их эмгэнэл, гай гамшигт хүргэсэн аюултай алдаа байсан. Дэлхийн түүхийн ихэнх дайн байлдаанууд, үндсэндээ, хүний өөрсдийнх нь бүтээл бус газрыг өмчлөх, эрдэс баялгийг нь ашиглан баяжих сэтгэлгээнээс үүссэн гамшиг хөнөөл юм. Газрыг хүн төрөлхтөн хувь хувьдаа өмчлөх өөрсдийн дур, шуналаар эзэмшин ухваргүй ашигласнаар газар өнөөдөр анхны бүтэц бүрдэлээ ч, газар чанараа ч алдан газар биш болсон. Бурханы бүтээл газар устсан, үржил шимээ бараад ихэнхдээ органик бус хиймэл биет болсон. Газар дэлхий өнөөдөр хүн төрөлхтөнд эх дэлхий бус харин дайсан, өдөр бүр аюул, айдас төрүүлэх хөл доорхи “цөмийн бөмбөг” болж хувирсан. Энэ эмгэнэлт үйл явцын бодит шалтгаан нь газрыг хувьчлах, өмчлөх тэнэг сэтгэлгээ л юм. Өнөө ч, хойшид ч хүн төрөлхтний зөв амьдралын философи бол, юуны өмнө, газар дэлхийгээ бүрэлгэх “хөгжил”-өөс татгалзах, эсрэгээр, аргадах, ариглан хайрлах, хамтдаа өнө удаан оршин тогтнох сэтгэлгээний систем байх ёстой.

-Өрнө, дорнын философичид орчлонгийн язгуур бол матери, эсвэл оюун санаа хэмээн маргалдсаар ирсэн. Дэлхийн том сэтгэгчид (Буддагаас Хегель хүртэлх) “Хоосон чанар”, “Бурхан”, “Монада”, “Субстанц” гэх мэтээр оноосон хэдий ч Та “юм”, “юм бус”-ын нэгдэл буюу “үр эх” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, та өөрийгөө үр-эхийн үзэлтэн гэж тунхагласан билээ. Үүнийг тань энгийнээр юу гэж ойлговол дөхөм болох вэ?

-Орчлонг би дан бүтэцтэй биш гэж боддог. Нүдэнд харагдах, гарт баригдах дүр дүрстэй орчлон ертөнцтэй маань нэгдмэл хэрнээ хахь өөр дүр дүрстэй, төлөв байдалтай, хахь өөр шинж чанар, хууль зүйтэй орчлон ертөнц давхар зэрэгцэн, хосолмол бүтэц үүсгэн оршдог юм байна! гэж элдэв уншсан юмнаасаа боддог болсон. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнц дан материйн бодит үүдэлтэй ч бус, хоосон чанарын үүдэлтэй ч бус, дан хийсвэр, оюун санааны үүдэлтэй ч бус, нэг нь нөгөөгөө үүсгэдэг үйлчлэлтэй “хам чанар”-аар нөхцөлддөг хосолмол бүтэц бүхий үүтгэлтэй гэж бясалган сэтгээд тэр үүтгэлийг “Үр-эх” гэж нэрлэсэн.

“Үр юм” хийгээд “юм бус” нь “Эх юм”-аа хийгээд “юм бус”-аа үүтгэнэ. Эргээд урвуу үйл явцад шилжиж орчино. Энэ орчил бол орчлон ертөнц оршин тогтнох, хувьсах, хөгжих үйл явцын диалектик зүй тогтол гэж бодсон. Уг зүй тогтлын нөхцөл шалтгаан нь аливааг хувьсгагч, хөгжүүлэгч бодитой бөгөөд хийсвэр хүч байх ёстой. Тэр хүч бол ямар нэг эх чанар байна, тэр эх чанар нь “хоосон чанар” бус “Үр-чанар” байна! гэх мэтээр бодол үргэлжилсэн хэрэг. “Үр-чанар” бүх чанарыг үүтгэнэ. Үр-чанар өөрөө хөдөлгөөн! Үр-чанар матери ч үүтгэнэ, материас ангид, зэрэгцээгээр “Үр-эх төлөвт “матери биш”-ийг ч үүдээнэ. Үр-чанар өөрөө хувьсал, өөрчлөлтийн эх сурвалж хөдөлгөөнтэй нэгдмэл гэж үзсэн. Алив юмс хийгээд “юмс биш”-ийн оршихуй бол “Байгаа”-“Байхгүй”, “Бодитой”-“Хийсвэр”, “Эерэг”-“Сөрөг”-ийн нэгдэл буюу бүхэллэг орчил юм.

-Хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг зөрчил гэж Хегель өөрийнхөө диалектик сэтгэлгээгээр тодорхойлж л дээ. Таныхаар бол энэ хөдөлгөгч хүчийг заавал зөрчил, тэмцэл, тэсрэлт байх албагүй. Чухамдаа “зөрчилгүй хөгжил” байж болно. Энэ нь хүний үнэмлэхүй дээд чанар болох төгс гэгээрэл, бурхны ариун ёс суртахуунд тулгуурлана гэсэн шүү дээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

-Миний залуу насандаа боддог байсан бодол юм л даа. “Зөрчилгүй хөгжил байж болно, яагаад гэвэл, нийгмийн болоод хувь хүний хөгжил бол хүний ухамсартай, зөв үйл ажиллагааны л үр дүн болохоор хүн бүр хүнлэг ёс суртахуунтай, иргэнлэг ухамсартай, тэгээд гэгээрсэн, үйл ажиллагааны нь зорилго ариун, бурханлаг, хэн нэгэн нь хэн нэгэндээ тусч энэрэнгүй мөн чанартай шударга хөдөлмөрч байвал нийгмийн харилцаанд зөрчил үүсэхгүй юм. Нийгэм ийм нөхцөлд зөвхөн цэвэр гэгээн ёс суртахуунаар л хүрэх ганц боломжтой. Өөр зам, ид шид байхгүй. Тэгэхээр, хүний хөгжлийн бурхан нь хажуугийнх нь сайн сайхан үзэл санаатай хүн л байна! гэж үздэг байсан. Гэтэл хүний үнэн миний бодож байснаас өөр юм байна. Дэлхийн хүмүүс хэзээ ч өмч хөрөнгөний шунал, сэтгэлийн цөв, амь амиа хичээх прагматик зан чанараасаа авсанд ортлоо ангижрахгүй хадаастай үхэх мунхагийн туйлд амьдрах үйлтэй юм шиг байна аа.

Ингээд, хүний амьдрал л нийгэмд зөрчил үүсгэж, нийгмийн харилцаа хямралд ороолдож байгаа болохоор нийгэм зөрчилгүй хөгжинө гэж бодох нь утопи бодол байж! Уг нь, нийгмийн хөгжил гэдгийг бодитойгоор харвал, хүний материаллаг амьдралын өдөр тутамд өсөн нэмэгддэг хэрэгцээг тасралтгүй хангахаас л үүсдэг ахуйлаг, амьтанлаг, газардмал доод түвшний асуудал, зөрчлүүдийг зөв шийдэх үйл явц юм. Энэ нь хүний ухамсарт, оюунлаг дээд үйл ажиллагааг хөрөнгө, мөнгөний хэрэгцээ дарангуйлж буй түүхэн цаг үед боломжгүй үлдсээр байгаа харагдана.

-Алив шашин, ямар ч сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асарт жаргал болоод зовлонгийн шалтгааны хариултыг дээд номлолоо болгодог. Энэ шалтгаанаас үүдэн Бурхан гэж яг юу вэ, хүний амьдралтай ямар харилцаатай байх вэ гэдгийн эрэлд мордсоор өдийг хүрчээ. Хүн бусадтайгаа шүтэн барилдаж амьдрах, “Би” үзлээсээ хагацах, “Сүнсний ертөнц”-ийн зүүд, ёр билгийн хам гадаргууг бор тархины гадаргуутай зэрэгцэн авч үзэх нь өнөөгийн хүний, өнөөгийн сэхээтний “үүрэг” болов уу гэж бодно. Та энэ талаар өгүүлээч?

-Хүн төрөлхтний сэтгэлгээнд оршсоор буй нэг үхжилт бол “Хүн нэг үхэхээс хоёр үхэхгүй!” гэж ойлгодог үхширмэл ойлголт юм. Үхэл гэдэг бол хүний биед “Бодисын солилцоо” явагдахаа, эд эсийн физиологи үйл ажиллагаа үргэлжлэхээ зогсч, хүн өөрийнхөө бие махбодиор л гадаад орчинтойгоо харилцаж чадахгүй болж буй үйл явц юм. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй “Сүнс судлалын институт” ажиллаж, зарим алдартай институт нь үхэж буй хүнээс гарч буй сүнснийх нь зургийг нэн орчин үеийн компьютерээр авч, бас, хүний сүнс шилжүүлэн суулгах “мэс засал” хийж туршсанаа мэдээлж байна. Ингэхээр, хүнд сүнс, намш гэдэг ямар нэг амьд юм байдаг, хүний бие махбод үхлээ ч сүнс нь үхдэггүй, биеэс нь гараад хүний амьдралыг үргэлжлүүлдэг нь дэлхийн шинжлэх ухаанд тодорхой болж батлагдсан үнэн юм. Нөгөө нэг бүдэг бүрхэг байгаа асуудал нь Бурхан! Бурхан байдаг, үгүй нь хүн төрөлхтөнд XXI зууны өнөөг хүртэл тодорхойгүй, хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, шинжлэх ухаан ойрын жаран, зуунууддаа Бурхан байгааг ч баттай нотолж чадахгүй, байхгүй гэж үгүйсгэж ч баттай нотолж чадахгүй болов уу! гэж бодож байна. Математикийн шинжлэх ухааны хаан гэгддэг, математикийн хэрэглээний онолуудаар 80 гаруй боть ном бичсэн Карл Гаусс тооцоолоод “Бурхан байхгүй юм байна!” гэсэн гэдэг.

-Мөхөс миний хувьд Бурхан байж л таарна гэж мунхаглана?

-За тэгэхээр, оюун ухааныг нь “Хүн төрөлхтний өмч”-өөр зарласан, “Орчлон ертөнц ба Бурханы томьёог тайлах анхны тоонуудын мөн чанар, тэг ба нэгийн тоонуудын жинхэнэ үүрэг, хамаарал”-ын талаарх цоо шинэ ойлголтоор дэлхийн математикийн шинжлэх ухааныг баяжуулсан гэж үнэлэгдэж байгаа М.Сидик Афган “Миний шинжлэх ухаан гурван зүйлийг баталдаг. Эхнийх нь Бурхан байдаг гэдгийг баталлаа. Хоёр дахь нь санамсаргүй зүйл байхгүй гэдгийг, гурав дахь нь бүх амьд амьтны амьдрал зүй тогтлын дагуу явагдсаныг баталсан! гэжээ. Харин дэлхийн бүх шашин Бурханы бодитой оршин байгааг нотолж Бурханы мөн чанарыг, үйл ажиллагааны нь үнэнийг, Бурхан, Хүн хоёрын харилцааны зүй тогтлыг олон талаас нь таниулан номлодог. Хүн бол маш нийлмэл нөхцөл, харилцааны нөлөөлөл дунд амьдардаг. Макро орчлонгийн ч юм уу, дэргэдийнхээ ахуй орчныг ч, эсвэл Бурханы нууцлаг үйл ажиллагааны ч юм уу эрчим, мэдээлэл, долгионы үйлчлэлээр Хүн гэгч амьтан бид бодитой физик биеийнхээ бүтцээс гадна маш нарийн аура, астро гэрлэн, эфир биетүүдээс бүтдэг бүтэцтэй, тэр орон зайд нь хүний амьдралын өвчин, өтлөлт, үхэл мэтийн ойлгомжтой үзэгдлүүд, зүүд, зөн совин, ёр тохиолын сэрэхүй, сүнс сүлдэр мэтийн учир битүүлэг ойлгомжгүй үзэгдлүүд сүлжилддэг юм байна.

“Библ” сударт өгүүлснээр, “Бурханы бэлэг бол мөнх амь” гэдэг. Би бодохдоо, тэр “мөнх амь” бол сүнс байх гэж боддог юм. Буддагийн айлдварт ч сүнсийг мөнх, маш хөнгөхөн, цагаан, маш эерэг чанартай гэдэг. Тэгээд би заримдаа цонхоор үүл хараад, энэ тэрийг бодож суухдаа “Сүнсний тэжээл” нь сансрын гэрэл, гэрлийн эрчим, сүнсийг мөнхөд амьдруулагч хөдөлгүүр нь хөдөлгөөн, сүнс “амьд юм” болохоор хүнтэй л адил жаргал, зовлонтой, харин жаргал, зовлонгийн нь шалтгааны үндэс нь сүнсний эзний амьддаа газар дээр хүний биеэр, хэлээр, сэтгэлээр үйлдсэн буян, нүглийн үйлийн үр гэж боддог. Зарим ном, товхимолоос уншиж байснаа санахад, сүнсний амьдралын цаг хугацаа ямар нэг хурдасгуурын үйлчлэлд ордог, тиймээс газрын физик цаг хугацаатай харьцуулахад квадрат, куб зэрэгт дэвшсэн мэт хурдалсан байдаг. Тэгэхээр сүнсний эзэн энэ ертөнцөд өнгөрүүлсэн цаг хугацаа нь хэмжээтэй харьцуулахад их сунана гэсэн үг юм. Сүнсний эзэн бие махбодиороо газар дэлхий дээр амьдрахдаа үйлдсэн буян, нүглийнхээ үйлийн үрээр эдэлсэн жаргал, зовлонгийн хугацаа тэндэх ертөнцөд квадрат, куб зэрэгт дэвшин уртасна. Сүнс тэр ертөнцөд эдлэх зовлон харьцангуй их хүнд гэдэг. Тэгээд хүн сүнснийхээ (сүнс гэдэг маань хүний “Би”-гийн насан туршийн бүх үйлдлийн мэдээллийг агуулж яваа квант чанарын бие шүү дээ) эдлэх зовлонг нимгэлэх, багасгах цор ганц нөхцөл бол газар дээр амьдрах хугацаандаа нүглийн үр тарихгүй байх нөхцөл л юм. Энэ бол хүн амьдралынхаа хугацаанд хичээх, заавал биелүүлэх ёстой нэг гол үүрэг болж ариун шударга амьдрахын чухлыг хүнд үргэлж сануулдаг хатуу жам ёс юм.

-Та “Хүн төрөлхтнийг ёс суртахуун л аварна” гэсэн. Бас бидний гунинга яваагийн нэг шалтгааныг та үндэсний ахуй, харьцаан дахь эв нэгдлийн “татах хүч”-ний усталт гэж үзсэн нь дээд үнэн гэж миний хувьд дуу алдахаар байна. Монголчууд эвлэрвээс эх дэлхийгээ гэрэлтүүлчихдэг. (эзэлчихдэг гэж хэлмээргүй байна). Хоорондоо тэрсэлдвэл хоймрын тахилаа ч нураачихдаг. Хэрвээ Чингис хааны тогтоосон “Их засаг” хууль дахь эв нэгдлийн чанд зохицуулалтыг хэлбэрэлтгүй баримталсан бол ч.. гэж боддог. Эв нэгдлийн “татах хүч”-ээ бид эдүгээгийн будантай өндөрлөгт хэрхэн хүчирхгээр бүрэлдүүлж болох вэ?

-Хүн бол байгалиас заяагдсан нөхцөлөөрөө өнчин амьтан шүү дээ. Төрөхдөө ганцаараа л төрнө, хэн ч хамт төрөхгүй, ихрүүд байлаа ч гэсэн урд, хойноо орон 5-8 минутын зайтай нэг нэгээрээ цуварч төрнө. Хүн үхэхдээ ч ганцаараа л үхнэ. Ганцаараа л нэг нүхэнд булагдаад үлдэнэ. Фашист, нацист харгислалын үе шиг бөөнөөрөө нэг тасалгаанд туугдаж ороод хорт хийгээр утуулан амьсгал хураадаг ч юм уу, эсвэл улс төрийн зохиомол хэргийн хэлмэгдүүлэлтийн үе шиг бөөнөөрөө нэг том нүхний амсар дээр буруу харан нугдайн сууж байгаад дагз руугаа буудуулж нэг нүхэнд булагдчихгүй л бол ганц ганцаараа л нэг уулын эзгүй энгэрт тусдаа тусдаа овоолоостой шороон доор бөртийгөөд л хоцорно. Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг.

Монголчууд бид энэ ил болоод далд учир зүйн шалтгаанд ул үндэстэй гүн нэвтэрсэн, танин мэдэж хуульчилсан үндэсний нэгдмэл философигүй натурал амьдралаар олон зуунд аж төрснөөс эв нэгдлийн “татах хүч”-ний үйлчлэлгүй оршин тогтносоор ирсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, бидний үзэл санаанд, сэтгэлд, сэтгэл зүйд маань бие биеэ энэрэн хайрлах, бие биедээ харилцан туслах, хамтдаа хөгжих “хайрын хүч”-гүй, хайраар нэгдэх “хайрын философи”-гүй, эсрэгээрээ бие биеэ хялайх, бие биедээ атаархах, өрсөлдөх, хоорондоо хагаралдан тэмцэлдэж бие биедээ дайсагнах үзэл санаанд идэгдэж байсан гэсэн үг. Улс үндэстний эв нэгдэл бол наанаа харагдахдаа ард иргэд нь цөмөөрөө тус тусдаа биеэ даасан эрх чөлөөтэй амьдралтай мэт харагдавч цаанаа цөм нэгдмэл нэг зорилготой систем! Бие биеийнхээ орших хэрэгцээг хангах нэгдмэл үйл ажиллагааны систем юм. Систем гэдэг бол доторхи бүгд нь бие биеэсээ хамаараад оршиж, нэг нь нөгөөгөөрөө дутагдаж, тэгмэгц бие биедээ тус дэмээрээ татагдаж бие биетэйгээ харилцан шүтэлцэх “татах хүч”-ийг үүсгэдэг нэгдэл бөгөөд нэг нь нөгөөгөөрөө дутагдах бүрд нь үл нөхөгдөх орон зайн хоосон үүсч, тэр хоосонд нь системийн үйл ажиллагаа, харилцаанд тасалдал, гажуудал эхэлж систем бүхэлдээ хямралд ордог.

Системд үйлчлэх ёстой нэгдлийн “татах хүч” бидэнд өнөө ч их дутагддаг. Энэ дутагдаж буй хоосон орон зай руу бид уначихаад дээшээ гарч чадахгүй тэлчигнээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хамтдаа дээшээ хүчтэй үсэрч, өөрсдийнхөө “үсрэлтийн эрчим”-ээр нийгмээ хөгжүүлж чадахгүй, дэмий л ийшээ ч тийшээ ч гараа сарвалзуулаад ам амандаа хашхиралдаад байгаа юм. Хэн маань ч хэнийгээ ойлгодоггүй, ойлгодоггүй байгаагаа ч ойлгодоггүй, ойлгодоггүйн шалтгаанаа ч ойлгодоггүй, тиймээс алив хөгжлийн ард хоцорч үлддэгийнхээ бурууг бие биеэсээ л эрээд өөрөө сугарч үлдээд, өөрийгөө буруугийн шалтгаанд оролцуулдаггүй юм.

Б.ЦОГНЭМЭХ
Үргэлжлэл бий.
Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно DNN.mn

МУИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. 30 дахь жилдээ болох гэж буй тус наадамд өмнө нь зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцдог байсан билээ. Тэгвэл энэ жилээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар болсон байна. Наадамд одоогоор 120 орчим найрагч бүтээлээ хүргээд байгаа аж.

Ташрамд дурдахад, тус наадмын хамгийн анхны тэргүүн найрагчаар Д.Галсансүх тодорч байсан бол удаах жилүүдэд яруу найрагч Д.Энхболдбаатар, Ш.Хатанбүүвэйбаатар, “Тагтаа паблишинг”-ийн Б.Баясгалан зэрэг эрхмүүд хүртэж байв.

Categories
мэдээ утга-зоxиол

Үндэсний бичиг үсгийн баяр маргааш болно DNN.mn

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэсээр 20 дахь жилтэйгээ золгож байна.

Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойн баярын ёслол энэ сарын 7-нд буюу маргааш 11:20 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд болно. Үндэсний бичиг үсгийн баярт АШУҮИС, Занабазар арт фестиваль хамтран ажиллаж байна. Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч иргэдээ баярт хүрэлцэн ирэхийг урьжээ. Ёслолыг МҮОНТ шууд дамжуулах аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Диана Актеон хоёр” DNN.mn


“Диана Актеон хоёр” 185х202 см. Зотон, тос

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


-ДЭЛХИЙН УРЛАГИЙН ШИЛДЭГ 50 БҮТЭЭЛЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА

Дахин сэргэлтийн үеийн Италийн урлагийн их мастер Тицианы суут бүтээлүүдийн дотор хамгийн алдартай нь “Диана Актеон хоёр”. Уг бү- тээлд Диана охин тэнгэр, Актеон хоёрын уулзаж буйг дүрслэн харуулжээ. 185х202 см-ийн хэмжээтэй энэ бүтээлээс гадна Тицианы “Диана Каллисто хоёр”, “Актеоны үхэл” гэхчилэн дэлхий дахинаа алдаршсан цуврал долоон зураг бий. 2008-2009 онд Шотландын үндэсний галерей, Лондон дахь үндэсний галерей хамтран энэ зургийг Бриджвотерын цуглуулгаас 50 сая паундаар худалдан авчээ. Ингээд энэ таван жилийн хугацаанд хоёр галерей уг бүтээлийг ээлжлэн дэлгэн үзүүлэхээр болоод байна. 1704 оныг хүртэл Испанийн хааны цуглуулгад хадгалагдаж байсан энэ бүтээлийг V Филипп хаан Францын Элчин сайдад бэлэглэсэн ажээ. Үүнээс хойш “Диана Актеон хоёр” Европын дээдсийн дунд гараас гар дамжсаар 1939 онд дэлхийн II дайн дэгдэх үес Шотландад иржээ. Улмаар 1945 оноос өнөөдрийг хүртэл “Диана Актеон хоёр”, “Диана Каллисто хоёр” хэмээх хос зураг Эдинбург дэх Шотландын Үндэсний галерейн хосгүй үнэт үзмэр болон нийтийн хүртээл болсоор байна. Тицианы цуврал бүтээлийн албан ёсны эзэмшигч өнгөрсөн онд цуглуулгынхаа зарим зургийг худалдана гэж зарласан билээ. Тэрбээр дээрх хоёр бүтээлийг Их Британийн үндэсний галерейд 100 сая паундаар худалдах үнийн санал тавьсан байна. Ингээд Шотландын үндэсний галерей, Их Британийн үндэсний галерей хамтран 2013 он гэхэд уг хос зурагт тус бүр тавин сая БАЙНАпаундыг төлөх шийдвэр гаргасан юм.

Тициан сүүлийн үеийн бүтээлүүд болох домгийн сэтгэлгээг дүрсэлсэн зургуудаа яруу найраг хэмээн нэрлэж байж. Тэрбээр байгалийн давагдашгүй сүр хүчийг илэрхийлэхдээ аймшигтай ч гэмээр машид биширч сүрдэм хэллэгийг бий болгосон байна.

Энэ их мөнгийг хаанаас хэрхэн босгохоо ч тодорхой болгосон ажээ. Тухайлбал, Шотландын Засгийн газар12.5 саяыг, 4.7 саяыг нь олон нийтийн хандиваар, 12.5 саяыг Их Британийн үндэсний галерей, 10 саяыг нь Үндэсний өв, соёлын дурсгалын сангаас, Шотландын Үндэсний галерейгаас 4.6 саяыг гэхчилэн төлөх юм байна. Тицианы хамгийн том шинэчлэл нь 1530-1550 оны хооронд хийгдсэн гэж үздэг. Энэ үес тэрбээр голдуу ордны ихэс, дээдсийн хөргийг зурсан. Тухайлбал, эзэн хаан V Чарльз, III пап лам Паул нарын хөргийг зуржээ. Улмаар ХХ зууныг гартал дэлхийн урлагт хөрөг зургийн мэргэжлийн чиг хандлагыг Тицианы дэг тодорхойлсоор ирэв. Мөн энэ үед Ромд зочилж Микеланжелотой анх уулзсан байна. Ромд зочилсон он жил үүдийн дараа Тициан Венецид эргэн ирлээ. Энэ үеэс суут зураачийн стиль дахин хүчтэй өөрчлөгдөв. Тэрбээр домгийн сэтгэлгээг дүрсэлсэн гайхамшигт цуврал бү- тээлүүдээ зурж эхэлжээ. Үеийн үед дэлхий дахиныг бишрүүлсээр буй энэхүү гайхамшигт бүтээлээ Испанийн хаан II Филиппэд зориулан зурж эхэлсэн нь нэн сонирхолтой. Энэ нь бидний харж буй “Диана Актеон хоёр” тэрг үүтэн долоон цуврал билээ. Тицианы домог үлгэрийн өгүүлэмжит бүтээлүүдэд өнгө арай бүүдгэр болж ирсэн боловч зураачийн арга барилын өрнүүн, омголон төрх байдал нь уран зурагт цоо шинэ формыг бий болгож, энэ нь ХХ зууныг хүртэл ноёрхлоо тогтоосон билээ. Тициан сүү- лийн үеийн бүтээлүүд болох домгийн сэтгэлгээг дүрсэлсэн зургуудаа яруу найраг хэмээн нэрлэж байж. Тэрбээр байгалийн давагдашгүй сүр хүчийг илэрхийлэхдээ аймшигтай ч гэмээр машид биширч сүрдэм хэллэгийг бий болгосон байна. Энэ гайхамшигт хүн 1576 оны наймдугаар сард Венецид насан эцэслэсэн. Эрт хийгээд эдү- гээх аль ч цаг үед нь авч үзэхэд “венец школ”-гүйгээр Европын урлаг үгүй юм. Энэ дэг сургуулийг манлайлагч их мастер Тицианы “Диана Актеон хоёр” хэмээх бүтээл дэлхийн урлагийн шилдэг 50 бүтээлд багтаж буй нь зүй ёсных билээ.


Н.ПАГМА

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна DNN.mn

ЮНЕСКО-гоос 1999 оноос дэлхийн яруу найргийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийлэл билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.

Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг. Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол цаг-үе

Нүүрс тээврийн машинуудыг хилээр бүртгэлгүй оруулсан алба хаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дах Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалын улсын ахлах байцаагч Э, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч А, баримт бичгийн шалгагч М.Д, Ж.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байна.

Тодруулбал, Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэлийн санд бүртгэлгүйгээр БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөн өөрсдийн компанийн нүүрс тээвэрлэсэн автомашинуудыг Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар нэвтрүүлсний хариуд дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн иргэн А , Э, М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Сар жилүүдийн чанадаас санагдах саарал дээлтэй миний аав DNN.mn

Буурлыгаа унаад зээ байз аа

Будруулсаар айсуй юм уу даа

Буурал аавын хэлсэн байз аа

Буцахын замд бодъё юу даа хэмээх “Хээрхэн халтар” хэмээх уртын дууг сонсох бүр санаа алдан зүрх шимширч, сар жилийн чанадаас аавыгаа нэхэн нэхэн үгүйлнэ. Энгэрт нь эрхлэж хайранд нь бялуурч явсан салаа гэзэгтэй хүүхэд нас минь санагдана. Адууны захад хурдан морины нуруун дээр дэрвэж өссөн балчир нас минь бодогдоно. Аавтайгаа үдсэн гэрэлт дурсамж сэтгэлд гэгээ татууланхан бодол цэлмээнэ. Хээр талд адуу үүрсч, гүү унагалж, төлийн дуу малчины хотонд цангинахад … Хэрлэн гол цөнгөө түрж хээр талд урин салхи наадсан энх улиралд илүүтэй их аавыгаа санана. Энх улирал гадаа ирж хүн бүхний сэтгэл сэргэх одоогоос 22 жилийн өмнөх хавар цагт би хайрт ааваасаа хагацаж байжээ. Гуравдугаар ангийн жаахан охин аавгүй болсондоо итгэж ядан тэнгэр лүү удаан гэгч харж зогссон сон. Гуниг бяцхан цээжинд минь зурж,нулимс эгшээсэн хатуу өдрүүд өнгөрсөн сөн. Аав минь цэл залуухан насандаа хорвоогоос буцсан ч амьдралын төлөө зүтгэж хурдан удмын адууны угшилыг үржүүлж байсан нь одоо ч үр шимээ өгч, улс бүсийн наадамууд нь айраг түрүү хүртэн хурдалсаар байдаг билээ. Аавынхаа тухай дурсах бүрт сэтгэл тийм гэхийн аргагүй жаргалд умбах аж. Алдуурч одсон дурсамж бүхэн сэтгэл хөвсөлзүүлнэ. Хээрийн салхи шиг аавын минь залуу насны тухай нутгийн хүмүүс дурсахдаа “гадаа хомоолон адуутай, гэртээ шагайн адуутай₮ хүүхэд байлаа . Багаасаа л зүүдэндээ хүртэл “адуу, адуу” гэж зүүдлэдэг сонин хүүхэд байсан тухай дурсдаг. Аав минь бага залуугаасаа адуунд дуртай хүүхэд байж. Эрийн цээнд хүрч Сулинхээрийн талд цэргийн алба хаахдаа хоёр жил агтны адуу малладаг байжээ. Ийнхүү цэргээс халагдаж ирэхдээ буюу 1982 онд адууны цус холдуулах, хурдан удмын адууг үржүүлэх их хүслийг тээн иржээ. Анхны цуглуулсан адуу нь Хардэл бэйс Пүрэвжавын удмын цуут “ Шилбэ хар”-ын удмын угшил өсгий цагаан хээр азарга авч түүндээ таван гүү авч хураалгаж байжээ. Үүнээс хойш адуу цуглуулахаар эрс шийдэж зуны халуун,өвлийн хүйтэний улиралд шантаралгүй явж нутаг нутгийн хурдан удмын адуу болгоны охин төлийг авч байсан байна. Үүний үрээр олон сайхан уяач найз нөхөдтэй болсон байна. Ингэж олон жил зүтгэсэний үрээр есөн азарга адуутай болжээ. Ингэж хөдөлмөрөөрөө адуугаа цуглуулж амьдралаа эхлүүлж ээжтэй минь ханилан анхны хүүхдээ өлгийдөн авсан нь би юм. Тийм ч учираас аав минь дөнгөж 33 насандаа буюу 1993 онд монгол улсын хэмжээнд хамгийн олон адууны төл бүрэн авсан ба 71 гүүнээс71 унага бойжуулж,монголын радиогийн нэрэмжит анхны“ Алтан унаганы эзэн”болж байв. Тухайн үед радиогийн сэтгүүлч СГЗүтгэлтэн Л.Мөнхтөр гуай очиж байсан бөгөөд адууных нь бэлчээрт ааваас минь ярилцлага авч байлаа. Тухайн ярилцлаганд аав минь өөрийнхөө нутаг нутгаас цуглуулсан есөн азарга адууны тухай ярьж буй нь үндэсний радиогийн архивт дуу хоолой нь хадгалагдан үлджээ. Үүний талаар үндэсний радиогоор “ Алтан унаганы эзэн Аръяандэвийнх есөн эрдэнэ болсон есөн азарга адуутай айл. Түүнийг нэрлэвэл Жигээ Дамбадаржаагийн адууны ягаан азарга. Донойн Цэгмидийн Бөгөн хул азарганы угшил цагаан азарга, Дундговийн Нарангэрэлийн зул хонгор азарганы угшил хонгор азарга, Хардэл бэйсийн “Шилбэ хар” азарганы угшил хээр алаг азарга, Даваанэрэн начины адууны хүрэн азарга, Донир адууны халиун азарга гэх зэрэг олон угшилын адууг цуглуулжээ. Эднийх уурга барих хүүтэй айл” хэмээжээ. Нударгатай дээл өмссөн гурван настайг намайг хүү хэмээн андуурчээ. Ингэж адууны төлөө зүтгэсэн аав минь монголын морин спорт уяачдын холбоог ч мөн байгуулалцаж байлаа. Энэ талаар адуу судлаач, ахмад угшилтай сэтгүүлч, түүхийн ухааны доктор СГЗүтгэлтэн А. Баярмагнай дурсахдаа “Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг өнөөдрийн энэ олон арван мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн улс орныг бүхэлд нь хамарсан нүсэр бүтэц бүхий, дотоодод үйл ажиллагаа нь жигдрэн цэцэглэн хөгжиж гадаадад нэр хүнд нь улам бүр өсч буй төрийн бус байгууллагыг анх үүсгэн байгуулахад монголын хөдөө нутгийн олон мянган уяачид сэтгэл зүрхнээсээ дэмжин ажилласаныг санахад сэтгэлд нэн таатай байдаг юм. Тэдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач Ц.Аръяандэв юм. Тэрбээр тухайн цагтаа монголын хамгийн олон адуутай хүмүүсийн нэгэн, Монголын радиогийн “ Алтан унаганы эзэн” төдийгүй монгол даяар нэрд гарсан хүн байлаа. Уяачдын холбоо байгуулах саналыг уухайлан дэмжиж,анхны их хуралд сууж, үг хэлж байсан юм. Би Ц.Аръяандэвтэй 1994 оны Хардэл бэйсийн нэрэмжит наадам дээр танилцаж билээ. Том сайхан хонгор гүү унасан, их мөнгө орсон эмээлтэй, ихээхэн яриасаг том алаг нүдтэй залуу байлаа” хэмээн дурсч байлаа. Харин хүүхэд нас минь миний яг л энэ шүлгийн мөртүүд шиг санагддаг.

Анхныхаа захидалыг

Аавдаа бичиж билээ

Ганцаардаж байна

Гуравдугаар ангийн охин чинь /Н.О/

Миний сэтгэлд тодоос тод үлдсэн нэгэн дурсамж бол аавтайгаа үзсэн анхны наадам юм. Тэр наадмыг дурсахад одоо ч сэтгэлд цоо шинэхэнээрээ дурсагдана. Он цагийг нэхэн санавал 26 жилийн өмнөх наадам. Тэгэхэд би зургаан настай байлаа. Гурван настай морь унаж сурсан би зургаан настайдаа ийнхүү хурдан морины нуруун дээр гарч, аавтайгаа хамт наадамд явахаар болов. Энэ бол надад юутай ч зүйрлэшгүй их баяр байлаа. Ээж минь надад зориулж наадмын цамц,овоодой урлав.Тэр жил аав минь олон насны морьд уяж, зэргэлдээх сумынхаа наадмыг зорьсон юм. Анх удаа хурдан морь унаж байгаа учир аав минь боржигон адууны угшилтай номхон зээрд азаргыг надад унуулав. Зээрд азарга минь дааган цагаасаа том наадамд уралдаад сурчихсан, буруу зөвгүй номхон, хөлийн хурд их сайтай, гараа их өндөртэй хурдан азарга байв. Тэр жил бороо хур ихтэй, байс хийгээд л бороо орно.Уяа нь эвлэсэн адуу бороо сөрж зогсдог гэж уяачид ярилцдаг. Зээрд азарга минь бороо орох тоолонд сөрж зогсоно. Тэр тоолонд “би зээрд азаргатайгаа түрүүлэх нь дээ” гэж дотроо хөөрнө. Наадам ч өдөр хоногоор ойртсоор, сумын наадмын өмнөх сунгаа дөхсөн тул бид уяа морьдоо аваад сумын наадмын зүг хөдөллөө. Сунгааны өдөр ч боллоо. Ойрхон сумдын хурдан хурц гэж дуулддаг бүх азарга иржээ. Олон азарга мордсон их л өргөн сунгаа болох нь тодорхой болов. Усан бороо азарга мордохтой зэрэгцээд л цутгав. Аав минь намайг байн байн үнсээд л, намайг мордуулахдаа санаа нь зовж буй нь илт байлаа. Бороонд уралдах учир надад том ногоон цув өмсгөж нэг уяанд хамт ирсэн том хүүхдэд намайг хөтлүүлэв. Ингээд л азарга уралдах замдаа гарлаа. Үүнтэй зэрэгцээд л бороо улам ширүүслээ. Азарга ч аажуухан цогисоор гарааны газар ирж азарга эргэлээ. Зээрд азарга бид хоёр өнгө өлгөөд л гарав. Өнгөнд уралдаж буй хонгор азаргатай зуузай холбоод л ирэв. Бороо ч тасралтгүй цутгасаар… Тэгтэл барианы газар азаргаа дурандаж суусан аав минь хажуу дахь хүндээ “Чи өнгөний азаргыг нэг сайн дурандаад надад хэлээрэй. Тод ногоон цувтай хүүхэдтэй манай азарга мөн шиг байх юм. Дурандах гэхээр миний нүдийг нулимс бүрхээд дурандаж чадахгүй нь ээ” гэсэн гэдэг. Энэ сунгаанд зээрд азарга бид хоёр саахалтын зайтай хол тасархай түрүүлж билээ. Харин сумын наадамд зээрд азаргатайгаа 11-т давхисан юм. Унаач нь нас бага болохоор азаргаа эрт гаргаж уралдсаар байгаад суулгачихсан хэрэг л дээ. Ийнхүү аавтайгаа хамт анхны наадам үзэж билээ. Цаг хугацаа нисэн нисэн өнгөрөвч саарал дээлтэй аав минь санаанаас гарах нь үгүй. Хүүхэд насанд минь уул шиг нөмөр үлдээсэн сайхан аавыгаа эргэн дурсахад цэл залуухан насыг нь сэтгэлийн гүнээс өрөвдөнө. Тэнгэрийн оронд хэрэв хэл хүрдэг бол энгэртээ тэврэх хоёр сайхан үртэй болсоноо дуулгахыг хүснэ.

Аръяа.Доржханд