Categories
мэдээ улс-төр

АН: Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа,  Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.


Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж2024 он сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан эрх баригч намын хоосон амлалтуудаас сануулж байна.

МАН өрийн дарамтгүй монгол байна гэж амлалт өгсөн бол өнөөдөр бид бүх шатандаа өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өр 31.1 их наяд хүрч нэг иргэн 35 сая төгрөгийн өртэй амьдарч байна. Эрх баригч намын хоосон амлалтуудаас болж ард түмэн өнөөдөр элгээрээ хэвтэж байна.
Хамгийн харамсалтай нь харийн дарамт Монгол Улсад нүүрлээд байна. Хойд хөрш өгдөг эрчим хүчээ 50 хүртэл хувиар хязгаарлахад тусгаар Монгол Улс шууд хараат байдалтай болж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нь хэд дахин нугарч байна.
Жилд дунджаар 1200-4000 иргэн утааны улмаас амь насаа алдаж байна. 2023 он Ардчилсан намын хувьд их эвлэрлийн жил байсан бол 2024 оныг их тэлэлтийн жил болгон зарлаж байна. Залуучууддаа итгэл хүлээлгэх, залуучуудын жилийг бид авчирлаа. Дэд дарга нар, шинэ нарийн бичгийн дарга нар гээд 1980, 1990-ээд оны залууст итгэл хүлээлгэж байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Монголын нийгэм маш бухимдалтай байна. Үүнийг иргэд өөрсдөө биеэрээ мэдрээд явж байна. Харин бид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ бодлого, хөтөлбөрийнхөө хүрээнд танилцуулах болно.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн: Ардчилсан нам улс төрийн институцын хувьд хүн төвтэй, хүмүүн капиталыг бий болгохын тулд залуусыг дэмжиж байна. Ардчилсан нам нээлттэй, олон тулгуурт гадаад харилцаатай намын хувьд дотоод хүний нөөцийг чадавхжуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд тэдний хүсэл зорилгыг төлөөлөх, манлайлах залуус шинээр томилогдсонд баяртай байна” хэмээн ярилаа.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв “Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд боловсролын асуудал хамааралтай. Бидний хувьд болохгүй, бүтэхгүй байгаа тэр болгон боловсролын чанарын асуудал, хүний хөгжилтэй шууд хамааралтай юм. Өнгөрсөн жилүүдэд гаднын олон хөтөлбөрийг туршсаар ирсэн боловч бид өөрсдөдөө таарсан боловсролын системийг бий болгож чадахгүй байна. Хөгжингүй улсуудтай хэрхэн эн тэнцүү суралцах, хөгжих боломжийг эрэлхийлсээр ирсэн. Монгол хүүхдүүдийн биеэ даасан, монгол хүний амьдрахуйд суурилсан чадварыг олгох нь монголын боловсролын салбарт хийх шинэчлэл юм. Бид боловсролын салбарын бодлогыг том зургаар нь харж байна” гэлээ.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх “Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг тэр дундаа иргэн өмчтэй байхыг нь хуулиар хамгаалдаг бизнес эрхлэгчдийг дэмждэг ийм нам юм. Ардчилсан нам залуучуудын нам болж шинэчлэгдэж байна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчилсан намд төр барих, бодлогоо хэрэгжүүлэх боломж хомс байлаа. Эдийн засгийн болон, хөгжлийн бодлогын баримт бичиг багадаагүй боловч хэрэгжилт, хяналт дээр үгүй болсон. Өнөөдөр ардчилсан хувьсгалтай чацуу залуучууд аль хэзээний 2, 3 хүүхдийн аав, ээж болчихсон явж байна.
Гэтэл бидний амьдрал, ахуй дээшилсэн, улс орон хөгжсөн зүйл алга. Нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар хүрэхгүй байна. Нийт бүртгэлтэй 210 гаруй мянган ААН-ийн 50 гаруй мянга нь л үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн ямар ч дэмжлэггүйгээр чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийг бий болгож өгөөч ээ гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр монгол хүн ажилтай, орлоготой байх шаардлагатай байна. Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид илүү нээлттэй нам болж бодлогоо хэрэгжүүлэх болно” гэв.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Batzaya Bulganbaatar: Өнөөдөр залуучууд ажил хийгээд олсон орлогоороо хангалттай амьдрах боломж алга. Нэг өрөө байрны түрээсийн зардал ажил хийгээд авч байгаа цалин нь хүрэлцэхгүй хэмжээнд байна. Манай улсын нийт хүн амын 30 хувь нь залуучууд байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судалгааны үр дүнгээс харахад залуучуудын хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл, авлигал болсон байна. Энэхүү судалгааны үр дүнг харахад 1 сая төгрөгийн цалингаар хэдэн төгрөгөөр нь байр түрээсэлж хэрэглээгээ хангах вэ, мөн үнийн өсөлт маш өндөр түшинд хүрсэн байна. Эдгээр асуудлууд нь залуучуудын амьдрах орчныг үгүй хийж байна. Залуучууд гадагшаа явахыг хүсэж байна. Залуучуудад тулгамдаж буй бодит асуудлууд бол боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлууд юм. Эдгээр нь залуусыг амьдрах, хөгжих боломжийг үгүй хийсээр байна.
Мөн парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааг бодитой, ил тод болгох юм.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: Би дуртай зүйлдээ шинэлэг, дайчин, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг Gen Z үеийн төлөөл юм. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн. Монгол Улс маш залуу нийгэм учраас энэ үе маань улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2024.01.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна DNN.mn

Монгол Улсын баатар, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны УИХ-ын сонгууль, нийслэлийн бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.


-Та улс төрийн болон төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх шийдвэрийг Л.Гантөмөр дарга гаргаад албан тушаалаа өгсөн. Тэтгэвэртээ гарсан, гэртээ ном бичиж байна.

-УИх-ын сонгууль энэ жил болно. Намын жагсаалт болон бүсчилсэн тойргоос 126 гишүүн сонгогдоно. Сонгуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэд, хэдэн зүйлийг онцолж, зааглаж, анализ хийж ярих ёстой. Юуны өмнө Үндсэн хуулийн зарчмын эсрэг жишиг тогтсон. Үүнийг манайхан тэр бүр анзаарахгүй, хайхрахгүй байгаа юм. Тэр нь сонгууль бүрийн өмнө хоёр том нам нийлж байгаад сонгуулийн хуулийг өөрчилдөг явдал. Сонгогчид яг хариуцлага тооцдогийн даваан дээр л өөрчилж, эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталдаг. Ийм жишиг тогтсон. Уг нь Үндсэн хуулиар ийм байх боломжгүй юм.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаад байна гэж ойлгож болох уу?

-Ард түмнээсээ асуулгүйгээр дураараа өөрчилж, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөд байна. Дэлхийн ямар ч ардчилсан улсад ийм жишиг байхгүй. Хэрэв бусад ардчилсан улсуудад ийм зүйл болох юм бол ард түмэн нь маш их сэжиглэж, эсэргүүцэн жагсана. Эрх баригчид өөртөө ашигтай тогтолцоо хайж, сонгогчдын эрхийг хулгайлаад байна. Ард иргэд маань тодорхой нэг сонгуулийн тогтолцоогоор саналаа өгч, ойлгож ядаж байтал сольчихдог нь зөв сонголт хийх явдлыг будилуулаад байгаа юм. Муугийн жишээ болдог Африкт ч ийм жишиг байхгүй.

-Эрх баригч намд ямар ашигтай болоод энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчилсөн юм бэ?

-Сонгогчдын саналыг будилуулж, хариуцлагаас л бултаж байгаа хэрэг. Яагаад гэвэл сүүлийн дөрвөн жилд МАН дэндүү урагшгүй, амжилтгүй засаглалаа.

Нөхцөл байдлыг үнэхээр хүндрүүллээ. Хүмүүсийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харахад яаж амьдарч чадаад байна гэмээр байдалд орлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараг 1990 оны өмнөх үе рүүгээ орох шахсан. Хамгийн гол нь төрийн хулгай энэ дөрвөн жилд ямар аймшигтай болсныг ард түмэн харлаа. Авлигал, төрийн хулгай солиорлын түвшинд очсон байна. Нийтийг хамарсан, тогтолцооны шинжтэй, системтэй болсон. Шударга ёс яриад л гарч ирсэн хүмүүс хулгайч болчихсон. Энэ гарсан хулгайнуудыг нийлүүлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлсэн бол бид өдийд Швейцарь шиг байх байлаа.

Том орнууд, Оросын авлигалтай харьцуулахад бага санагдаж магадгүй. Гэхдээ жижиг эдийн засаг, хүн амдаа бодоход нэг хүнд ногдох авлигалаараа дэлхийд бид нэгт орохоор байна. Манай ард ойртож ирэх орон ховор байх. Хулгайлж олсон мөнгөөрөө алтан морь хийж байна гэдэг бол эрүүл ухаан огт биш. Улстөрчдийн шунал галзуурлын түвшинд байна. Харин үүнийг мэдсэн ард түмэн дүнгээ тавих гэсэн чинь эрх баригчид бултуулчихлаа. Тиймээс энэ сонгуулиар хариуцлага тооцоход маш хэцүү боллоо. Яагаад гэхээр намуудыг сонгох болчихлоо. Хүмүүсийн сонголтыг явцуу хүрээ рүү шахаад, өөр сонголт хийх боломжгүй болгочихсон. Энэ бол цоо шинэ тогтолцоо учраас сонгогчид будилж дуусна.

-Өмнө нь бид 2012 онд бас намын жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоог ашиглаж байсан шүү дээ. Үүнээс юугаараа өөр юм бэ?

-Холимог тогтолцоо байсан ч тойргийн хэмжээ ийм том байгаагүй. Одоо болохоор бүс гэдэг зүйл гаргаж ирсэн. Бүс гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Өмнө нь бүсийн хөгжил гэж хий яриад л байсан болохоос ажил хийж байгаагүй. Тиймээс бүс гэдэг хийсвэр орон зай дээр тойрог зохион байгуулсан. Мөн энэ бүс гээчээ зохион байгуулахдаа МАН-ын хэн ялах магадлалтайг хүртэл бодолцсон. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нарын бүс дээр өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэтэл хамгийн сонин нь манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд орчихлоо. Хүний тоглоомын дүрмээр тоглож байгаа бол чи хэзээ ч амжилт олохгүй. Яагаад гэхээр тэд чинь бүгдийг нарийн тооцсон байгаа.

-Бүсчилсэн тойрогтой байх нь жалга довны үзлээс салж, улс орныг хөгжилд хүргэх томоохон бодлого шийдвэрүүд гардаг болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Шинэ сонгуулийн энэ тогтолцоо бол эдийн засаг, улс төрийн утгаараа социализм руугаа буцаж байгаа юм. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна.

-Та тэгвэл ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн хоёр хандлага дэлхийд ноёрхож ирсэн. Нэг нь Францын Людовик 14-өөс гаралтай, дээдсүүд өөрсдөдөө ордон бариад, түүнийгээ хөгжил гэж хардаг. Харин ард иргэд нь үгүйрэлд автчихсан. Одоогийнхоор бол жинхэнэ “улны” болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ “улны” гэж үздэг язгууртны үзлээс гаралтай хөгжлийн бодлого. Энэ нь явсаар Зөвлөлт хэлбэрийн болсон. Ингэхдээ язгууртнууд тансаглах бус иргэд нь ядуу байхад сансарт пуужин хөөргөж, зэвсэг үйлдвэрлэдэг. Үүнийгээ хөгжил гэж яриад байдаг. Японы нэг сэтгүүлч 1980-аад оны сүүлээр Сибир нээлттэй болоход явж, модон жорлонд бие засаад сууж байхдаа “Ийм байж яах гэж сансарт пуужин хөөргөдөг байна аа” гэж бодсоныгоо бичиж үлдээсэн байдаг юм. Ард иргэдийн амьдрал нь зуун жилээр хоцрогдсон, ядуу байсан.

-Тэгвэл нөгөө хандлага нь юу юм бэ?

-Францын хувьсгалтай зэрэгцээд уг санааг нь Францын ардчилсан үзэлтнүүд гаргасан юм. Үүнийг Швейцарь их амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөө жижиг орон учраас хөгжил гэдэг иргэнийхээ амьдрах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал гэж үзсэн. Иргэд, өрх орлоготой байвал зах зээл тогтвортой байна. Ийм байхад ямар ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ бол Швейцарийн загвар. Пуужин, зэвсэг хийгүй. Эхлээд иргэдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Иргэд нь ядуу байх юм бол тэр нийгэмд шударга ёс байхгүй, хулгай зогсохгүй, хоёр нүүртэй нийгэм бий болно. Иргэд нь ядуу, өрсөлдөх чадваргүй байвал тухайн улс сүйрлээ гэсэн үг. Ийм загвараар явсан тус улс хөгжлөөрөө дэлхийг бараг 150 жил манлайлж байна. Дэлхий хямарч, дайн байлдаан болж байхад ч тус улс яагаа ч үгүй. Тийм ч учраас 1924 онд ардын хувьсгалын анхдагчдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Бид Швейцарь шиг хөгжье” гэсэн. Тэгээд С.Данзан “Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн нь хөгжлийн энэ загвараар явъя л гэсэн үг. Жижиг орон өрсөлдөх чадвартай байхын тулд иргэд нь баян байх ёстой. Гэтэл манайх бүсийн хөгжил гэж иргэдээсээ тасарсан пуужин шиг юм яриад байна. Монгол Улсын иргэдийн амьдрах чадвар дээшлэхгүй л юм бол мянган бүс бариад яах юм. Гэр хорооллын айлуудад бохир, цэврийн шугам очоогүй байхад сансарт хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй юм уу. Өнөөдөр хүрээнд ямар байсан түүгээрээ л амьдарч байна. Иргэдийн хашааны газар үнэгүй, ямар ч эдийн засгийн чадавхгүй. Гэтэл Токиод А4 цаасны хэмжээтэй газар 3000 ам.доллар байдаг. Хөгжлийн сан байгуулаад бид алаад өгнө гэж яриад л байсан. Харин дарга нар идэж уугаад галзуурч, солиорлоо. Тэр үед ганцхан П.Цэнгүүн “Наад Хөгжлийн сан чинь асар том хулгайн сан болно” гэдгийг хэлж байсан. Ер нь үүнийг либертарууд үзмэрч шиг хэлсэн. Одоо гэтэл нүүрсний хулгайн асуудал дээр л гэхэд санаанд багтамгүй, гол харламаар их тоо яриад сууж байна. Энэ их мөнгөөр бид залуучуудаа баруунд сургасан бол, иргэдийнхээ орлогыг сайжруулсан бол гэж бодохоор үнэхээр харамсаж байна.

-Гаднаас цахилгаан импортлож, царайчлахгүй байх боломжтой байсан л санагддаг?

-Яг үнэнийг хэлэхэд оросуудын зүгээс удаа дараа тээг тавиагүй бол манайх эрчим хүчний экспортлогч орон байх байсан. Тавантолгойн цахилгаан станц гэхэд л эрчим хүчээ Хятад, Орост экспортлох тухай ярьж байсан юм шүү. Оросууд биднийг хавчихаас илүүтэй эрчим хүчний гол өрсөлдөгч болох гээд байсныг харчихсан юм. Хүн ам цөөтэй, хэрэглээ багатай мөртлөө тэрбум хүнийг хангах эрчим хүчний нөөцтэй. Нүүрсээ түүхийгээр нь гаргахын оронд цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох гэж байсныг тэд мэдчихсэн. Бид ийм зүйл рүү явж байсан байхгүй юу. Нүүрсээ зөөж үйлээ үзэж байхаар Хятад руу цахилгаанаа секундын хурдаар шиднэ. Тэр олон цахилгаан станцын төлөвлөгөө чинь энэ байсан юм. Яагаад гэвэл бид 10-аад жилийн өмнө дэлхий нийтээрээ цахилгаан авто машин руу шилжиж байгааг олж харсан. Ингээд зогсохгүй дэлхийн мөнгө биткойнд шилжихээр асар их цахилгаан нэхнэ. Тэгээд бид стратеги гаргасан. Оросууд үүн дээр цус харвах шахсан. Тэднээс Хятадын зах зээлийг булаах гээд байсан юм. НҮБ-аас хятадууд хэрвээ ган төмрөөр халбага, сэрээ хийж хэрэглэвэл дэлхийн бүх төмрийн ордны нөөц дуусна гэсэн тооцоо гаргасан байдаг. Үүн шиг ийм хэрэглээтэй том зах зээл чинь төдий хэмжээний эрчим хүч хэрэглэнэ. Үүнийг л тооцоолж эрчим хүчний экспортлогч орон болохыг бид зорьсон.

-Энэ зорилтыг зөвхөн хойд хөрш гэхээсээ илүү хоёр том намын нөхөд гар бие оролцож унагаасан, удаасан байх, тийм үү?

-Тэгсэн, тэгсэн. Улстөрчид ийм үед маш хариуцлагатай байх ёстой байдаг юм. Яагаад гэвэл гадна, дотноос ил, далд лобби их явна. Идэж уух дуртай нөхдийг уруу татна. Ийм луйварчид дэлхийгээр нэг бий. Тийм учраас л төр шударга байх гэдэг чинь зарчмын том асуудал. Яг үнэндээ авлигач улстөрч гэдэг гаднын түрэмгийлэгчээс илүү аймшигтай хүмүүс. Эд нар чинь жинхэнэ үндэсний урвагчид. Авлигач хүн чинь л урвагч байдаг юм.

-Төр засгаас авлигатай дайн зарлаад л байдаг. Гэтэл олигтой үр дүнд хүрэхгүй л байх шиг санагдах юм?

-Авлигатай тэмцэх аргаа олохгүй байна. Толгой л цавчаад байгаа юм. Хятад л гэхэд зөндөө хүн цаазалсан ч одоо болтол дийлэхгүй байна. Цаазаар авлигалыг устгасан орон нэг ч байхгүй.

-Тэгвэл үүнийг яаж багасгах, устгах ёстой юм бэ?

-Би хотын дарга байхдаа нэг арга хэрэгжүүлсэн. Гүржүүд энэ аргыг анх хэрэглэсэн юм. Дарга нарын авлигалаар борлуулдаг шийдвэр, гарын үсгийг нь тодорхой үнэлээд ширээн дээр ил тодоор тавьсан. Төрийн үйлчилгээний супермаркет байгуулж, ил гаргаж тавиад газрыг авлигагүй болгоход хотын төсөвт тухайн үедээ 191 тэрбум төгрөг орж байлаа. Засгийн газрын ордны зүүн талын газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөг хүрсэн. Энэ 191 тэрбум төгрөгөөр бид гэр хорооллын дундах замууд, зуслангийн зам гээд зөндөө зам барьсан. Харин манайхан Чингис бондын мөнгөөр зам барьсан гэж андуураад байдаг юм. Чингис бондын мөнгөөр чинь “Уулзвар” төслийг хэрэгжүүлж, уулзваруудыг л өргөтгөсөн. Харин 2016 онд МАН гарч ирээд Төрийн үйлчилгээний супермаркетад байрлуулсан бүх зүйлийг зогсоосон. Уг нь авлигалд өгөх байсан мөнгийг төсөвт ороод ирэхэд нь ажилчдынхаа цалинг нэмж, бүтээн байгуулалтдаа зарцуулж эхэлсэн. Компаниудын мөнгийг бид хоцроож үзээгүй. Авлигагүй болохын тулд авлигал өгч гаргуулаад байгаа шийдвэрүүдийг үнэлээд ил тодоор байршуулах хэрэгтэй. Би тухайн үедээ Морингийн даваанд байгуулах 15 мянган айлын орон сууцны хороолол барих газрын анхны үнийг таван тэрбум байхаар тооцож байсан. Ингэсэн бол компаниуд булаацалдаад авах байсан юм. Учир нь газрынх нь дуудлага худалдаагаар орж ирсэн мөнгөөр нийслэлээс дэд бүтцийг нь тавьж өгөх байлаа. Тиймээс л ширээн доор гаргадаг шийдвэрийг үнэлээд ил болгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Дэлхий нийтийн хамгийн шударга зарчим ердөө л энэ.

-Шийдвэрийг ингэж ил тод болголоо ч дунд шатныхан авлигыг гааруулдаг гэх юм билээ?

-Аливаа зүйл хоёр талтай. Манай төрийн албан хаагчдын цалин хангамж асар муу. Швейцарийн төрийн албаныхантай уулзахдаа манайхан 300-400 ам.долларын цалинтай гэж хэлэхэд дуу алдаад манайд ийм байвал хавтгай авлигалд орно гэж байсан юм. Улс орнууд авлигаас ангижирахдаа төрийн албан хаагчдынхаа амьдралд хүрэлцээтэй цалин олгосон байдаг. Уг нь монголчууд нэр төрөө эрхэмлэдэг, нэрэлхүү ард түмэн. Амьдрал нь боломжтой байвал авлигал авах гээд яваад байх нь их цөөхөн шүү. Харин яг өвчилсөн, донтсон хүмүүс нь л авлига авна. Ийм нөхдийг бол тохирсон ял зэмийг нь үүрүүлдэг байх хэрэгтэй. Ер нь та төрд ажиллаад өөрийн гэсэн хаустай, үр хүүхэд чинь сургалтын төлбөртөө санаа зовдоггүй байх юм бол авлига авч яах юм. Авлига авбал харин ч эсрэгээрээ энэ бүтээн босгосон бүхнээ алдаж, шоронд хоригдож, төрд ажиллах эрхгүй болох учраас ингэх гэж зүтгэх хүн их цөөхөн гарна л гэж хэлээд байгаа юм. Энэ ертөнцөд хүн бүр баяжихын өвчтэй төрдөггүй. Зарим нь эрдэмтэн болох, нөгөө нь эрвээхэй цуглуулаад гүйж явдаг. Азаар хүн бүрийг өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой болгож төрүүлдэг. Хүний муу нэр өвлөгддөг юм шүү дээ.

-Авлигаар сайхан амьдарч болоод байна гэсэн бодит жишээнүүд байгаа учраас л төрд ажиллах хүмүүсийн сонирхол нэмэгдэж, төрийн бүтэц данхайгаад байна уу. Таныг Засаг даргаар ажиллаж байхад нийслэлийн бүтэц, орон тоо хэр байсан бэ?

-Хүмүүс улам л улс төрд орох гэж, нам руу шуурч байна. Гэтэл би 1990-ээд оны эхээр намаасаа нэр дэвших хүн олох гээд үйлээ үздэг байсан. Зах зээл дээр дампуурсан, амьдрах чадваргүй болсон нөхөд намд маш ихээр орж байгаа. Ингэж нам үнэ цэнэтэй болохын хэрээр төр улам данхайсан. Янз бүрийн сан, агентлаг байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт эдийн засаг хэрэггүй юм байна гэсэн ойлголт руу явж байна. Хөлс хүчээ гаргаж бизнес хийгээд, зүтгээд байхад л нэг хурган дарга гарын үсэг зурсныхаа төлөө хэд дахин илүү орлого олоод байх шударга бус шүү дээ. Дээрээс нь элдэв янзаар төр нь дарамталдаг. Ингээд сүүлдээ хүмүүс тэр гарын үсгийн эрхийг авахын тулд улс төрд орж байна. Төр нь хамгийн том худалдан авагч, хамгийн хямдаар орлого олдог зах зээл болчихсон. Нүүрсний хулгайн нэг сайн тал нь манай капиталистууд сэтгэлээр унаж үхэх шахлаа. Үнэндээ одоо чөлөөт зах зээл, ардчилал нурж байна. Хүмүүс ардчилал байгаа гэж эндүүрээд байгаа. Үгүй, МАН улс төрийн үйлчилгээг худалдаж авдаг том төв болсон. Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд худалдаж авч болох бүхнийг эрх баригч нам авч байна. Энэ том эрх мэдэл, баялгийг авч явж байгаа хүн чинь сүүлдээ хүссэн хүсээгүй дарангуйлагч болно. Энэ хэвээрээ яваад байвал Монгол Улс удахгүй сүйрнэ гэсэн үг.

-Тэгэхээр чөлөөт зах зээл, ардчиллыг буцаан сэргээхийн тулд энэ сонгуулиар танай нам ард түмэнд юу санал болгож чадах юм бэ?

-Харамсалтай нь манай нам авлигалын том супермаркет руу орох хүсэлдээ хөтлөгдөөд болохгүй юм. Манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд ороод явж байна. Би нэг зүйлийг баттай хэлье. Манай нам энэ удаагийн сонгуулиар нам тавиулна. Ард түмэн маш их бухимдалтай байна гэж манай намын зарим гэнэн нөхөр яриад байгаа юм. Бухимдал байгаа, гэхдээ шингэн бухимдал хэзээ ч хүч болдоггүй. Боож үхэх гэж байна, байж ядаж байна. Гэхдээ тэр нь шингэн байна, урсаад л, ууршаад л алга болно. МАН очоод саналыг нь худалдаад л авчихна. Гэтэл сөрөг хүчний гол зүйл чинь энэ шингэн бухимдлыг нь чулуу болгох ёстой. Ингэх юм бол иргэд сонгуулийн үеэр бухимдлаа худалдахгүй. Магадгүй МАН-аас мөнгийг нь авах байх. Гэхдээ саналаа эсрэг өгнө.

-Танай намын УИХ дахь бүлгийн байдлыг харахаар эрх баригч намын хөгжөөн дэмжигч шиг л байх юм байна шүү дээ?

-Би МАН-ынхан улс төрийн үйлчилгээг худалдаж аваад байна гэж хэлсэн. Ийм л сэжиг, хардлага төрөөд байгаа юм. Бидний үед ийм юм огт байгаагүй. Залуу байхдаа эрэлхэг ч гэж жигтэйхэн, үнэт зүйлийнхээ төлөө явдаг байж. Одоо ч тийм зүрх

зориг манай залуучуудад байхгүй болжээ. Бид гараад тэмцье гэхээр хүлээж авахгүй байна. Хүлээж авах юм бол би ч гараад тэмцэнэ л дээ. Жагсмаар, тэмцмээр байна. Даанч өвгөчүүл зайл гээд салж өгөхгүй юм. Тэгээд зайгаа тавьж өгөхөөр залуучуудад нь зориг байхгүй. Улс төрийн супермаркетад өөрсдийгөө зарж, биеэ үнэлэгчид болчихоод байна. Уг нь манай нам 1990 оны сонголт маань сүйрч байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс даяар авлигалын хорт хавдар үсэрхийлчихлээ. Энэ чинь ардчилал, чөлөөт зах зээлийг устгана.

-Танай нам улс төрийн тавцанд эргэн сэргэж, засгийн эрх барихад хэчнээн жилийн хугацаа шаардлагатай вэ?

-МАН-ын тоглоомоор тоглохоо больсон цагт л тийм зүйл болно. Өөрсдийнхөө тоглоомын дүрмийг бий болгож, жинхнээсээ, сэтгэлээсээ улс төр хийх ёстой. Тооцоо судалгаатай, тууштай байх хэрэгтэй. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүл гэдэг чинь нийгмийн бухимдлыг чулуу болго л гэсэн үг. Ингэх юм бол МАН яаж ч мөнгөөр зодоод дийлэхгүй.

-Нийслэлд сүүлийн найман жилд МАН засаглаж байна. Энэ хугацааг базаад дүгнэвэл юу хэлэх вэ?

-Ямар их цаг хугацаа алдаж байна аа л гэж харамсаж сууна. Ардчилсан намын хийж байсан ажил гэж улстөржөөд бүх ажлыг 2016 онд зогсоосон. Харин сүүлдээ метро барихаас, гэр хорооллоо дахин төлөвлөхөөс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байх шиг байна л даа. Гэхдээ энэ алдсан хугацаа чинь хайран шүү дээ. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард метро ашиглалтад орох байсан. Амгаланд байгаа Анагаах ухааны дээд сургууль чинь метроны эцсийн буудал байхгүй юу. Эцсийн буудал нь бэлэн болчихоод байхад метро нь байхгүй. Төлөвлөгөө ёсоор өдийд 20-иод мянган өрх орон сууцанд орчихсон байх ёстой хугацаа алдчихлаа.

-Сүүлийн хоёр ч Засаг даргыг хууль зөрчин томилогдсон гэсэн шүүмжлэл байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хууль зөрчсөн гэдэг дээр арай л дэндсэн. Нийслэл гэдэг орон нутгийн өөрөө удирдах институц маань байхгүй болсон. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боллоо. Үндсэн хууль зөрчөөд шууд томилж байна. Ийм юм яриахаар үүний цаана ямар гүнзгий агуулга байдгийг манайхан ойлгодоггүй. Би нэг зүйлийг одоо их гайхаад байгаа юм. Энэ жил болох орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох юм уу, Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай хариуцлага тооцох уу. Би бол Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох сонгууль байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь жинхэнэ хотын дарга болчихоод байна. Хүмүүс Х.Нямбаатар гэж эндүүрээд байгаа юм. Тэр чинь хэрэгжүүлэгч агентлагийн л дарга. Х.Нямбаатарыг томилсноороо нийслэлд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийн хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ үүрэхээр болсон. Энэ үнэнийг нийслэлчүүд маань ойлгоосой.

-“Ногоон автобус”-ны хэрэг гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ далимд ард иргэддээ нэг зүйлийг сануулмаар байна. Намайг анх ажил авч байхад түгжрэл тэг зогссон байсан. Замуудаа өргөтгөж, уулзвар, гарцыг сайжруулж байж үүнээс гарсан. Мөн бидний үед автобус ингэж хүлээдэггүй, чихдэггүй байлаа. Автобусны соёл гэдэг чинь бидний үед бий болсон. Урдуур нь сууж, хойгуур нь бууж сурцгаасан. Гэхдээ автобус нь гурав дахин цөөн байсан. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээг мөн л нураачихлаа. Менежментээ огт ойлгохгүй байна. Бие биедээ ажил, бизнес бий болгож өгөхийн тулд автобус баазыг гурав хуваачихаад байгаа юм. уг нь Улаанбаатарын автобус бааз гэж ганц л байх ёстой. Гурав хуваачихаар менежмент, өндөр ачааллын цагийн зохицуулалт хийх боломжгүй болчихоод байгаа юм. Автобус баазын цаана маш өндөр бэлэн орлого байдаг учраас түүнийг хэн нэгэндээ гаргаж өгөхийн тулд ийм байдалд оруулсан.

-“Ногоон автобус”-ны хэрэг дээр хоёр хувийн компанийн захирлыг хорьсон. Гэтэл шийдвэр гаргагч дарга нарыг шалгаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өдий хүрлээ. Тэд өөрсдөө дур мэдээд хуучин автобус оруулж ирж чадах уу?

-Л.Оюун-Эрдэнэ өөрийн нам гэлтгүй авлигалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол МАН-ын түүхэнд гараагүй явдал. Уг нь дарга нар нь ийм зүйлээ тас нуудаг байсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг ил болгосон нь үнэхээр сайн. Гэхдээ сүүлийн үед улс төрийн өнгө аястай тэмцэж ялгавартай хандаад байна уу даа гэж би жаахан сэжиглээд байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ц.Хулан нарыг бариад хорьчихсон. Гэтэл тэдний дэргэд жинхэнэ авлигын мангасууд МАН-ынх учраас яах ч үгүй л явж байна. Яагаад ингэж тэгш биш хандаад байгаа юм. Н.Өнөрцэцэгийн хувьд бол нэг сэтгүүлчийг алж мянган сэтгүүлчийн зүрхийг үхүүлдэг ажиллагаа л явж байна гэж харж байгаа. Түүний цаана чөлөөт хэвлэлийг айлгах, амыг нь барих гэсэн илүү том улс төр явж байна. Харамсалтай нь манай чөлөөт хэвлэлийнхэн үнэт зүйлээ бус хувийн эмоцио барих юм. Мөн түүнийг нүүрсний бизнест орооцолдсон гээд байгаа. Тэр ямар төрийн албан хаагч юм уу. Сэтгүүлч ч гэсэн жирийн иргэн шүү дээ. Баруунд бол сэтгүүлчид нь бизнест хөрөнгө оруулдаг. Д.Мөнх-Эрдэнийн хувьд л гэхэд урьд хожидын хэрэг дээр л яллачихлаа. Урьд яллаж байхгүй, төрийн муу муухайг илчлээд эхлэхээр нь л хорьчихсон. Тийм учраас би МАН-тай үхэн үхтлээ алалцана. Энэ нам намайг 30 жил гүжирдсэн. Би хоёр баганын бодлого гэж том юм яриад тэвчиж, үнэт зүйлээ бариад явсан. Намайг дуртай цагтаа гүжирдэж, барьж хорьдог.

-“Чиний үг хэлэх эрхийн тань төлөө насаараа тэмцэнэ” гэж та хэлсэн. Гэтэл таны авсан жишээнүүдээс харахад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Энэ эрх манайд хадгалагдаж байна уу?

-Интернэтийн буянаар л энэ эрх жаахан хадгалагдаж байна. Чөлөөт хэвлэл үндсэндээ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь улс төрийн худалдан авалтад орсон. Харин М.Батбилэг нарын цөөхөн сэтгүүлч, Өдрийн сонин мэтийн ганц нэгэн хэвлэл л үзэж байна. Энэ бол Путины арга байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөхөн зоригтнуудыг айлгаж, нийгмийг тэр чигт нь айдаст автуулдаг энэ аргыг Путин хэрэглэсэн. Ер нь зоригтнууд нийгэмд маш цөөхүүлээ байдаг юм. Д.Мөнх-Эрдэнийг барьж хорьсноор маш их айдаст автсан. Ардчиллыг амьд байлгахын тулд энэ эр зоригийг л алж болохгүй. Зоригтой цөөхөн хүн байхгүй болчихвол ардчилал байхгүй болно. Үндсэндээ олон нийтийн өмнө тэднийг цовдолж харуулж байна.

-Хотын хаалган дээр өлгөдөг байсан шиг үү?

-Дундад зуунд шонгоос өлгөдөг байсан шиг Н.Өнөрцэцэгийг дүүжилж харуулж байна. Д.Мөнх-Эрдэнийг дүүжлээд, зоригийг нь мохоосон. Ардчиллын төлөө хэзээ ч нийгэм бүхлээрээ зоригтой байгаагүй. Цөөхөн хүн байсан. Орост ийм аргыг хэрэглэсэн учраас одоо тэнд нийгмээрээ айдаст автчихсан, матаасанд живж байна. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэнийг ч цовдолж магадгүй. Ийм болохоор МАН-тай өршөөлгүй тэмцэх ёстой. Би энэ намд өршөөнгүй явж ирсэн байна. Одоо над шиг хүнийг айлгахад хэцүү. Хүүхдүүд нялх, 30-тай байхдаа айж яваагүй хүн одоо насны нар хэвийж явахад юунаас айх юм. Намайг мянгантаа шоронд хийгээд ч Путины заавраар намайг яаж ч устгах гээд нэмэргүй. Би одоо золих юмаа золих газарт нь өгөөд гарна. Харин одоохондоо залуучуудаа зориглохыг бас давхар хүлээж байна. Нийгэм чинь эхлээд цөөхөн зоригтноо хардаг юм. Тэд нь болоод явчих юм бол дараа нь бүгдээрээ дэмждэг. Байгаль өөрөө биднийг ингэж бүтээсэн юм. Нүүдлийн шувууг хүртэл нэг нь манлайлж явдаг биз дээ. Ард түмэн хүчээ мэдрэх хэрэгтэй. Хүмүүсээс маш бага хүч гарах юм шүү дээ, уг нь. Баасан гаригт талбай дүүргээд л болно. Ерөөсөө очоод ирэх л асуудал. Хэрэв ингээд талбай дүүрэн жагсахад л улстөрчид бүгд чацга алдана. Түүнээс биш интернэтийн араас мянга орилоод түүнийг чинь огт хүлээж авахгүй. Ард түмний бухимдал чулуу болсон цагт ямар ч дарангуйлагч дийлдэггүй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны анхны хуралдаан өнөөдрийн /2024.01.03/ 12 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын  зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сары 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Хуралдаан Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, “2023 оны зургадугаар сард Байнгын хорооноос Отрын бүс нутаг болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн оны аравдугаар сард Байнгын хорооноос дээрх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох асуудлыг ирэх долоо хоногийн хуралдааны хуваарьт оруулах саналтай байна” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийн явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл сонсох асуудлыг цаглаварт тусгах нь чухал” гэсэн санал хэлэв.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл бэлтгэх тухай албан бичгийг Засгийн газарт хүргүүлээд мэдээлэл сонсох нь зүйтэй. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий мэдээлэл авсан. Газрын багц хуулийн төсөлтэй хамт энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Ирэх долоо хоногт Байнгын хорооны гишүүд эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хоёр яамныхантай уулзана. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалтай газар нутгийн талаар болон Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн явцтай холбоотой мэдээлэл авах тул энэ сарын хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах шаардлагагүй” хэмээн хариулж байлаа.

Ингээд Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь  дэмжсэнээр тогтоол батлагдав. Уг тогтоолын төсөлд Байнгын хороо нэгдүгээр сард Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, хяналт шалгалтын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгажээ.

Дараа нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын бодисын хэрэглээний талаар нухацтай хэлэлцэх шаардлагатайг дурдаад  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Аливаа асуудал хэлэлцэхэд санал тэнцэхгүй байх зарчмыг хангах үүднээс Ажлын хэсгийн гишүүдийг сондгой тоогоор бүрдүүлдэг. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Идэрбат нарыг нэмж Ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналтай байна гэж байлаа.

Ингээд Ажлын хэсэгт дээрх хоёр гишүүнийг нэмж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– “Худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

– Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын холбогдох байгууллага хооронд байгуулсан санамж бичгүүдийн талаар,

– Оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Сурталчилгааны 14 хоногт танигдах гэж санал гуйж явдаг хүнийг улстөрч гэдэггүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ оны сонгууль тойрог болон намын жагсаалтаар явагдана. Тэр дундаа тойрог нь бүсчилсэн хэлбэрээр явахаар боллоо. Үүний давуу болон сул талыг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гээд шийдчихсэн. Намын жагсаалтаар 48 хүн, үлдсэн 78 нь тойргийн тогтолцоогоор явахаар Үндсэн хуульд нэмэлт оруулсан. Харин тойргийн систем дээр өмнө нь туршиж үзээгүй буюу илүү олон мандаттай, бүсчилсэн хэлбэрээр явуулахаар боллоо. Улаанбаатар хотын хувьд бүсчлэл нэг их явагдсангүй. Баянзүрх, Сонгинохайрхан хоёрыг жаахан томруулаад Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүргийг нэгтгэлээ. Улс орны хувьд бүсчилсэн сонгуулийн тогтолцоо цаашдаа тогтвортой хадгалагдаж чадвал гурван зүйл сайжрах байх гэсэн хүлээлт байна.

-Ямар гурван зүйл билээ?

Нэгдүгээрт, жалга довны гэж ярьдаг, тодорхой нэг аймаг, сумыг хувьчилж авах шахам болчихоод түүндээ таарсан популизм хийгээд суугаад байдаг. Эсвэл худалдан авалт хийж өөрийгөө жижиг тойргоос байнга тогтвортойгоор эрх мэдэлтэй байлгадаг явдал багасах байх. Улс төрийн хувьд жалга довоос хальсан арай том сэдвүүд яригдана. Улстөрчид чинь олон нийтийн санаа бодлыг дагаж хөдөлж байдаг жижигхэн амьтад шүү дээ. Бүсийнхээ хэмжээний асуудлыг ярихгүй бол том тогоонд живнэ гэсэн айдас нь ноёлоод эхэлбэл Монгол Улсын хэмжээнд 3-4 аймгийг нэгтгэсэн төсвийн хуваарилалт, нийтлэг асуудал, ашиг сонирхлыг уясан улс төрийн бодлого гарч ирэх байх гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт, хуучин сонгуулиар хувь хүмүүсийг хувь хүн төлөөлдөг байлаа. Тухайн хүний ааш аягаас хамаарч төлөөллийн зарчим хэрэгждэг. Ууртай, атгаг, эсхүл шуналтай байх юм бол тэр хүний л бодлого болж хувирдаг байсан. Харин бүсчлээд томруулчихаар нэг зүйл өөрчлөгдөнө. Тэр нь хувь хүмүүсээс давсан бүлэг, зохион байгуулалтын зарчим руу орох байх. Нэг тойрогт 10 мандаттай гэхээр ганцаараа мундаг байх боломжгүй болж эхэлнэ гэсэн үг. Ядаж дөрөв нь нийлж байж бүс нутгийнхаа хэмжээнд ажил хийх бололцоотой болно. Тэгэхээр ямар ч байсан багаараа, зохион байгуулалттай гэдэг үгийн ард сонгууль тогтвортой явах юм бол 1-2 сонгуулийн дараа институцээрээ гэдэг ойлголт явж эхэлнэ. Тиймээс ялалт, амжилт нь хувь хүнд хувьчлагддаг байсан улстөрчдийн ааш аяг багасаад хэн илүү зохион байгуулалттай, багаар ажиллаж чадсан, тогтвортой санах ойтой байгаа нь интитуцчлэгдэж, намууд төлөвших байх гэж харж байна. Намууд сахилга баттай, зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй болох болов уу.

Гуравдугаарт, манайх засаг захиргааны нэгжээрээ жижгэрч, бүх юм хаа гуяа раа хуваагдсан, бутархай хагархай цонх шиг болчихсон бодлого засаглал бүсийн хөгжил дээрээ тулгуурлан улс орны хэмжээний зав сар дундын бодлогууд гарч ца вууны үүрэг гүйцэтгэснээр нэгдмэл улсын шинж рүүгээ ойртох биз. Тэртээ 1996, 1998 оны үед бүсчилсэн хөгжлийн яриа их гарч байсан. Зөвлөлт маягийн хагархай цонхны бодлоготой, хэт жижгэрсэн нэгжтэй түүхий эдийн бааз байх уу. Эсвэл онцлогуудаа харсан бүсийн хөгжлийн бодлогыг гаргах уу гэдэг асуултад бодитой хариу, шийдэл ярина.

-Энэ сонгуулийн тойргийг бүсчлээд томсгосон. Гэтэл сурталчилгааны хоног нь 14. Мөн цаасан хэвлэл, сурталчилгааны материалынх нь хувь хэмжээг багасгасан. Энэ нь сонгогчдодоо өөрийгөө бүрэн таниулж, сурталчилгаагаа хийж чадахгүй байдал бий болно гэж үзэх хэсэг байна?

Тийм зүйл болох л байх. Гэхдээ нэг зарчим байгаа. Хэрэв урт хугацаандаа, цаад уг үндэстээ юу чухал вэ гэдгээ бодвол улс төр гэдэг чинь 14 хоногийн зүйл биш. Улс төр бол бодлогын болон үзэл санааны асуудал. Энэ улс орны одоогийн нөхцөл байдал чинь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу. Болоогүй гэж үзэж байгаа бол яаж өөрчлөх юм, юунд хүрэх юм. Ингэхийн тулд ямар зам, зарчмаар өөрчлөлт хийх вэ гэдгийг ярина. Энэ яриаг асуудлаа мэдэрсэн мэдсэн тэр цаг үе бүрдээ ярьж байх ёстой. Бодлого, үзэл санааг 14 хоногт таниулж угаасаа амжихгүй. Тийм болохоор улс төр гэдэг 14 хоногт танигдах гэж, санал гуйж яваа хүний яриа огт биш. Улстөрч асуудал байгаа, болохгүй байгаа тэр цэг, тэр цагаас эхлээд асуудлыг ингэж шийдэж, өөрчлөх хэрэгтэй гээд дуу хоолойгоо гаргаж, тэмцэж яваа процессыг хэлж байгаа. Энэ процесс өдөр бүр, жил, жилээр явагддаг. Зарим бодлого зөвхөн дөрвөн жилээр хэмжигдэхгүй. Гурван сар, эсвэл 12 жилийн дараа бодлогын үр дүн, нөлөө гарч болно. Тиймээс энэ бүхнээ тооцож улстөрчид улс төрөө хийж, бодлогоо амь оруулж байх ёстой. Харин манай улстөрчид, бодлого тодорхойлогч, үзэл санааны түүчээ, өөрчлөлт хийгч гэхээсээ илүү сонгуулийн хугацаанд сонгогчдоо худалдаж авдаг, өөрийгөө магтдаг, санал гуйдаг нөхөд байгаад байна. Сурталчилгааны 14 хоногоос бусад үед дарга байдаг, сонгогчдоосоо алс бай даг, асуудлаас хол байдаг улс төр бол зөв биш. Үүнийг өөрчлөх ёстой. Сонгуулийн үе гэдэг чинь иргэд саналаа өгч, сонголтоо хийхэд зориулсан техник ажиллагааны л өдөр. Харин сонголт бол жилийн өмнө, сарын өмнө хийгддэг. Өөрийнх нь итгэл үнэмшлийг нухчин дарж, шоронд хориод л байх юм бол тэр нь хэзээ болсон, тэр өдрөөс л сонголт хийгдчихсэн байдаг. Иргэд сонгуулийн өдөр ирж сонголтоо баталгаажуулдаг.

Б.ЭНХБАЯР УИХ-ЫН НЭРЭЭР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДААЛГАВАР ӨГӨХ БОЛЧИХООД БАЙНА

-Өнгөрсөн оны төгсгөлд Нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийлээ. Тэгвэл цаашдаа яах ёстой юм бэ. Чи хулгайч, би хулгайч гээд өнгөрөх юм уу. Эсвэл яригдсан мэдээллүүд дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явагдах уу?

Нээлттэй сонсгол хийсэн нь нэг том дэвшил. Өмнө нь үнэн, худлаа нь мэдэгдэхгүй, хувь хүмүүсийн хооронд ам дамжсан ярианууд явдаг байсан. Гэтэл ийм ярианууд албан ёсоор УИХ дээр, сонсголын хэлбэрээр гарч ирлээ. Шинжээчид, зарим албан тушаалтан, гэрчийн мэдүүлэг, баримт бичгүүдээр энэ бүхэн илэрлээ. Тэгэхээр одоо хов живийн байдлаар ярихгүй. Энэ бол албан ёсоор гарч ирсэн мэдээллүүд. Гэхдээ эрх баригчид хэдэн зүйлийг дутуу хийгээд байна. Парламентын нээлттэй сонсгол гэдэг бол мэдээлэл авахад зориулагдсан хэсэг. Авсан мэдээлэл дээрээ тулгуурлан дүн шинжилгээ хийж, бодлого гаргах ёстой. УИХ нь Монгол Улсын төрийн дээд эрх мэдлийг атгадаг, хууль тогтоодог, шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр энэ институц чинь өөрөө ажлаа хийх ёстой. Хөгжлийн банкны сонсгол хийсэн. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гарсан уу. Ёстой нөгөө найз нөхөд буу халаад сууж байгаа юм шиг болоод дуусчихдаг бол энэ ажил ерөөсөө биш. Сонсголын ар дээр бодлого нь юу байсан. Алдаатай байсан бол зассан уу. Хууль, эрх зүйн орчин нь болхи байсан бол сайжруулсан уу. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд алдаа завхрал байсан бол түүнийг залруулах алхмууд хийсэн юм уу. Ядаж улс төрийн, захиргааны хариуцлага буруутай этгээдүүдэд тооцсон уу зэрэг бүх асуудлыг УИХ шийдэх, хянах, үүрэг даалгавар өгөх эрх мэдэлтэй байгууллага байхгүй юу. Ийм байгууллагын хувьд Хөгжлийн банкны болон Нүүрсний сонсголын дараа ямар шийдвэрүүд гарах юм бэ. Хууль зүйн байнгын хороо нь хуралдах уу, Засгийн газарт үүрэг чиглэл өгөх үү. Хуулийн орчин өөрчлөх үү. Нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй асуудал хөндөгдөж байгаа бол хуулийн байгууллагуудад шилжүүлэх үү гэсэн асуултууд одоо хүлээгдэж байна. Хөгжлийн банкны асуудал дээр дээрх зүйлс яригдсангүй. Сонссон, тэгээд л дуусчихсан. Дараа нь эрх мэдэл бүхий байгууллагууд нь ямар шийдвэр гаргасан. Ямар үйл ажиллагаа явуулсан гээд үзэхээр юу ч байхгүй. Мөн нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа бол сонсголын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг чинь Засгийн газарт өөрт байгаа шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, үйлдэл, тэр тусмаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хангалттай их мэдээлэл ил боллоо. Яг үүний араас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд ажил хийсэн үү. Түүнээс биш нээлттэй сонсгол боллоо гээд бүгд эрх мэдэлгүй иргэд шигээ хүлээгээд, хараад суудаг байж болохгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хувьд яллах буюу прокурорын чиг үүргээс бусад нь Засгийн газарт бий. Дэлхийн улс орнуудад прокурорын чиг үүрэг нь ч гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн нэг хэсэг байдаг.

-Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд ахалсан нь зөрчил үүсгэж байгаа гэсэн яриа байсан?

Үүн дээр зөрчил гарч байгаа. Ер нь парламентын хяналт, шалгалтыг Засгийн газрыг төлөөлдөг хүн хийж болохгүй. Ард нь сонирхлын зөрчил үүсдэг. Парламент хяналт, шалгалтаа хийгээд Засгийн газарт үүрэг даалгавар өгөх ёстой. Гэтэл одоо ХЗДХ-ийн сайд нь өөрөө өөртөө даалгавар өгөх юм уу. Ийм асуудал үүснэ. Эрх мэдлийн хуваари лалтын чинь тэнцвэр энд алдагдаж байна. Засгийн газар манлайлаад УИХ-ын нээлттэй сонсголыг хийж, хулгайтай тэмцье гэж байгааг улс төрийн хувьд хүсэл эрмэлзэлтэй байна гэж харж болно. Гэхдээ яг үнэндээ Б.Энхбаяр гэдэг хүн УИХ-ын нэрээр өөрөө өөртөө даалгавар өгөх хэмжээний юм болох гээд байгаа юм. Үүнийхээ сонирхлын зөрчлийг яаж шийдэх вэ гэдэг хууль зүйн шийдэл олох л байх. Гэвч Монгол Улсад парламент гэж байгаа л юм бол Засгийн газартаа үүрэг чиглэл өгөхөөс өөр аргагүй. Өгөөд зогсохгүй ажлаа яаж хийж байгаад нь хяналт тавьж л таарна. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газарт өгөх гэж байгаа үүрэг даалгавраа Хууль зүйн байнгын хороогоор хэрхэн гаргах вэ гэдгээ бодох ёстой. Энэ зургаахан сарын дотор эд нар энэ бүхнийг хийж чадахгүй байх л даа. Ядаж Хөгжлийн банкны асуудалд энэ бүхэн хийгдсэн бол өдийд ийм даалгавар өгөгдсөн, ингэж ажилласан гэдэг тайланг нь шаардаж, дахин сонсгол явуулж байх ёстой байсан юм. Түүнээс биш пиар маягаар олон нийтийн дунд пүү, паа болгочихоод хэн ч ажил хийдэггүй, мартчихдаг, хов ярианы сэдэв төдий болоод өнгөрчихдөг байж болохгүй. Ийм байвал гудамжинд иргэд хов ярих, Төрийн ордонд сонсгол нэрээр хов ярих хоёр ямар ч ялгаагүй.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шүүх дээр асуудлыг шийдэх дээр юу хэлэх вэ?

Ганцхан зүйлд нь үүрэг даалгавар өгч чадахгүй, бас болохгүй. Тэр нь шүүх эрх мэдэл. Түүнээс биш авлигатай тэмцэхийн тулд Хууль зүйн сайд дээрээ эрх мэдлийг яаж төвлөрүүлнэ үү. Авлигал, нүүрсний асуудалд зориулсан мөрдөн шалгах хэдэн ажлын хэсэг гаргах, тусгайлсан агентлаг байгуулах эсэх нь гүйцэтгэх эрх мэдлийн л асуудал. Харин шүүх дээр ирэхэд хүн бүр эрх тэгш. Тусгай шүүх байгуулахгүй. Авлигын хэрэг байна уу, хулгайн хэрэг байна уу гэдгээс үл хамааран нэг хуулийн зарчмаар шүүн таслах ажиллагаа явна. Ингэхийн тулд л эрх мэдлийг хуваарилж, шүүхийг бие даалгаж байгаа юм. Хууль тогтоох эрх мэдэл нь сонсголоо хийлээ, мэдээллийг ил болгож байна, асуудалгүй. Гүйцэтгэх эрх мэдэл нь гэмт хэрэгтэйгээ тэмцэж байна, асуудлыг мухарлах гэж оролдож байна. Шүүх эрх мэдэл нь аль нэг талд орохгүй, хөндлөнгийн бие даасан байдлаар гэм бурууг шийднэ. Энэ зарчмаа л бид мөрдүүлнэ. Түүнээс биш гэмт хэрэгтэй тэмцэж байгаа учраас бидэнд шүүх эрх мэдлийг өг. Бидний хүслээр шүүх эрх мэдэл ажиллаж байх ёстой. Бидний боогоод тавьсан хэргийг нүдээ аниад алхаа тогшоод яллаж бай гэж бодож байгаа бол эрх мэдэл хуваарилах зарчим, Үндсэн хуулийн гол үзэл санааг зөрчих хэмжээний санаачилга.

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛДАГГҮЙ БОЛЪЁ ГЭДЭГ ХУУЛИЙГ Д.ДОРЛИГЖАВ ӨРГӨН БАРЬСАН

-Эрх баригчид авлигын бие даасан шүүх байгуулах тухай ярьж байсан шүү дээ?

Хоёр зүйлийг бид ялгаж, зааглаж харах ёстой. Нэгдүгээрт, авлигын дагнасан шүүх байгуулсан улс орнууд ямар улс байгааг харах хэрэгтэй. Ийм дагнасан шүүх байгуулсан улсуудыг харахад манайх жишиг болгоод, үлгэр дуурайл авах хэмжээний улсууд огт биш байна. Харин ч хөгжлөөрөө манай хойно явж байгаа, дээрээс нь нөгөө манай улстөрчид иргэдээ “улны” гэдэг шиг улсаа улны болгочихсон, өөрсдөдөө дүн тавьж авлигын дагнасан шүүх байгуулж, асуудлыг шийдэх гэж оролдсон зүйл анзаарагдаж байна. Гэвч харамсалтай нь бараг бүгд үр дүнд хүрээгүй байна. Харин ч эсрэгээрээ энэ нь авлигач улстөрчдийнх нь эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй хэсэг нь түүнийгээ илүү удаан хадгалахын тулд өрсөлдөгчөө намнадаг зүйл болж. Тэгэхээр бид хууль засагладаг, хүний эрхийг хамгаалдаг улс болох гэж зорьж байгаа бол ийм сонголт хийж болохгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Авлигын шүүх байгуулъя гэдэг санаачилга гаргаж байгаа хүмүүс бол улс орноо бодит байдал дээр ийм хэмжээнд аваачлаа гэж өөрсдөдөө дүн тавьж байгаа хэрэг. Харин авлигатай тэмцэх гэж оролдож байгаа, хүний эрхийг хамгаалдаг, хуулийн засаглалыг тогтоох гэж хичээдэг улс орнууд авлигын дагнасан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулж, мэргэшүүлээд, шүүхийг тусгайлан байгуулж болохгүй гэсэн зарчим барьж байна. Шүүх бол нийтлэг байх ёстой. Манай шүүгчид жирийн хулгайн хэрэг, авлигын хэрэг гээд алийг нь ч шийдэх ур чадвартай. Иргэдийг муу, дарга нарыг сайн шүүгч шүүнэ гэсэн тэнэг дүрэм зохиож болохгүй. Тусгай шүүхийн асуудал ярих бус шүүхийн процесс нь ямар ч хэргийг хүн хэлмэгдүүлэхгүй, хуулиас гадуур шийдэхгүй, хүний эрхийг хохироохгүй, нотлох баримтыг гээгдүүлэхгүй, ял завшуулахгүй, эрүүл саруул дүрмээр улс орнууд асуудлаа шийдэж байна. Түүнээс бус Засгийн газрын үгээр шийдвэр гаргаж байх ёстой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэдхэн шүүгч, тодорхой зорилготой шүүх байх хэрэгтэй гэж ярихгүй байна. Харин мөрдөн шалгах чиг үүргээ яаж л бол яаж зохион байгуулаад үр ашигтай ажиллах нь гүйцэтгэх эрх мэдлийн эрх хэмжээний асуудал. Гол нь мөрдөн шалгах ажиллагаа нь хуулийн шаардлага л хангасан байх ёстой. Шүүх хуулийнхаа шаардлагыг л барина. Та нарын хэчнээн их төсөв мөнгө зарж, хэдэн хүнийг мэргэшүүлж, тусгай эрх өгөх чинь гол биш. Шүүх наадуулаас чинь ангид, бие даасан, хөндлөнгийн байж шударга ажиллана. Гэтэл манайхан эсрэгээр нь яваад байна. Мөрдөн шалгах байгууллага нь хүний эрхийг зөрчиж байна. Аль болох хорьж цагдах гэж оролдож, нотлогдоогүй зүйлийг хэвлэлээр сэвж байгаад нотолсон юм шиг олон нийтэд ойлгуулж, харлуулна. Өөрийг нь хорьж байгаад гэр бүлээр нь оролдож, нотлуулах гэж оролдоно. Голчлон вишинскийн арга гэх өөрөөр нь нотлуулж, өөрийг нь яллах аргаар шийдэх гэж зүтгэнэ. Ийм аргаар шийдэх гэж оролдохоор шүүх дээр очоод унана. Муу ч сайн ч шүүх нь ардчилсан хууль барьж ажиллаж байгаа шүү дээ. Хэчнээн муу шүүгч байсан ч гэсэн цагаан дээр хараар биччихсэн хуулийн заалтыг зөрчсөн байвал нүдээ аниад алхаа цохиж чадахгүй. Ийм байж дараа нь шүүх бидний хүслээр гэмт хэрэгтнүүдийг шийдэж өгөхгүй байна гэж яриад шүүхээ өөрийн болгож авах гэж оролдвол шударга ёс ерөөсөө биш. Энэ өнцгийг нь бид харах ёстой. Тэгэхээр Засгийн газар шүүх рүү дайрч байгаа гол цэг нь юу вэ гэхээр өөрсдийнхөө алдааг алдаа гэж үзэхгүй байна. Өөрсдийнхөө мөрдөн шалгах арга ажиллагааг хоцрогдсон гэж хүлээн зөвшөөрдөггүй. Цагдаа, мөрдөгчийн арга барилаа өөрчлөөгүйд л байна.

-Хуулийн сайд байх үедээ та салбартаа шинэчлэл хийх гэж нэлээд оролдсон. Одоо тэгвэл энэ салбар яг ямар байна вэ. Таны хүсч, зорьж байсан шинэчлэлүүд ер нь хийгдсэн үү?

Нэг нь ч хийгдээгүй шүү дээ. Хуулийн салбар тэр дундаа прокурор, мөрдөн шалгах байгууллага нь соц үеэрээ байгаа гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Салбарт өөрчлөлт хийх гэж оролдсон 2012-2015 оны хоорондын үйл явц бол яг бодитойгоор 10 хувь нь л үлдсэнээс 90 хувь нь бүрэн нурсан. Нураах ажлыг манай намынхан ч, МАН-ынхан ч хийсэн. Д.Дорлигжав гэдэг хүн Хууль зүйн сайд болсныхоо дараа хамгийн эхэнд Тахарын албыг татан буулгая гэдэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ чинь Тахарын албандаа биш юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоондоо байсан. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалдаггүй болъё гэдэг хуулийг л өргөн барьсан хүн шүү дээ. Ийм санаачилга гэмт хэрэгтнүүдээс л гардаг юм. Цаад гэмт хэрэгтнүүд чинь өөрийнх нь хууль бус үйлдлийг гэрчлэх, өөрөөс нь болж хохирсон хүмүүсийн дуу хоолойг хорьчих юм бол хэн ч өөрийг нь гэмт хэрэгтэн гэж хэлэхгүй гэж харанхуйгаар итгэдэг байхгүй юу.

-Хуулийн салбарт хамгийн том шинэчлэл хаана хийгдэх ёстой вэ?

Хэдхэн шүүгчийг солиод юу ч өөрчлөгдөхгүй. Ядаж иргэдтэйгээ өдөр тутам уулзаж, эрх мэдлээрээ иргэдийнхээ эрх, эрх чөлөө рүү орж ирдэг тэр хэсгийнхээ зохицуулалтыг сайжруулж, засах ёстой. Цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч бүгд цогцоороо өөрчлөгдөж байж сайжирна. Дээр нь эдгээр хүмүүсийн хэрэглэж байгаа хуулиудыг дахиад сайжруулах хэрэгтэй. Хуулийг сайжруулна гэдэг чинь хууль тогтоогчдынхаа чанарыг дээшлүүл гэсэн үг. Чанаргүй хууль тогтоох үйл явц явагдаад л байх юм бол хэчнээн сайн хүмүүс байсан ч хууль буруу учраас буруу л хэрэглэгдэнэ. Нөгөө талаасаа ямар ч сайн хууль байгаад хүн нь буруу бол буруу л хэрэглэнэ. Тэгэхээр өгөгдлүүд нь талбар дээрээ томоороо байж л байгаа. Мөн энэ салбарт байшин барилгаас эхлээд зөндөө асуудал бий. Шүүх хурал хийж байгаа танхимаа аваад үз. Шүүхийн байшингийн барилга 2013 онд эхэлсэн ч гэсэн одоо хүртэл дуусаагүй, 2015 оноос хойш хөрөнгө оруулалт огт нэмж тавиагүй сууж л байна. Тэгэхээр хуулийн салбарын шинэтгэл гэдэг хууль тогтоомж, арга барил, боловсрол мэдлэг, хувь хүн, дэд бүтцийг өөрчлөх гээд 10аад зүйлээс бүрдсэн цогц зүйл. Нэг, хоёрхон зүйлийг нь өөрчилсөн болж харагдаад үр дүн гарахгүй. Яг цаг шиг, бүх араа, эрэг шураг нь таарч байж зөв заана. Түүнээс биш ганц том арааг нь алтаар хийгээд ч нэмэргүй.

-Байцаалт авч болохгүй хүмүүсийн жагсаалт байдаг гэсэн. Үүн дээр аливаа гэмт хэргийг эрэн сурвалжилж, шүгэл үлээсэн сэтгүүлчийг энэ жагсаалтад нэмж оруулж болохгүй юу?

Сэтгүүлчдэд тусдаа тийм зүйл байхгүй. Харин Үндсэн хуулийн зарчим байгаа. Хүн өөрийнхөө эсрэг болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн том зарчим бий. Харин Зөвлөлт маягийн аргаар бол гэмт хэргийг нотлох хамгийн чухал нотлох баримт нь гэмт хэрэгтэн өөрөө гэж үздэг. Ингэж үздэг учраас тухайн хүнээр өөрөөр нь гэмт хэргийг нотлуулахын тулд зоддог, эрүүддэг, айлган сүрдүүлдэг, залилдаг юм. Тэгвэл соёлт хүн төрөлхтний нөгөө явсан арга зам нь болохоор хүнийг өөрөө өөрөөр нь гэмт хэргийг нь нотлуулна гэдэг хамгийн бүдүүлэг, зэрлэг, дундад зууны арга байна. Тийм учраас хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ёстой гэсэн зарчим барьдаг. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй ээ гэж байхад заавал авах гээд цагдан хориод байх шаардлага байхгүй. Өөр нотлох баримт, гэрчүүдээр гэмт хэргийг нь нотлох ёстой юм. Мөн хүний хамгийн чухал, амин сүнс болсон зүйл нь гэр бүл. Тийм болохоор хүүхдээр нь, эхнэр нөхрөөр нь, ээж ааваар нь буруутгуулж болохгүй. Гэр бүлийнхээ, хайртай дотнын хүнээ өмгөөлснийх нь төлөө тэр хүмүүсийг яллаж болохгүй гэдэг зарчим үйлчилдэг. Эрүүгийн хуульд ч гэсэн энэ зарчим байгаа. Оросууд бол тэгдэг байсан. Үлгэр, домог шиг пропаганда хийдэг байлаа. Охин нь аавыгаа илчилж, улсын удирдагч, төр засагтаа үнэнч байгаагаа харуулсан домгийг хүртэл гаргаж ирж байсан. Харин ардчилсан улс оронд ийм зүйл байж огт болохгүй. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Өөрийгөө өмгөөлөх эрх гэдэг бол шүүгчийн өмнө очоод би буруугүй гэх зүйл биш. Тухайн хүнийг хаана буруутгаж байна, тэнд өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Хэвлэлээр өөрийг нь буруутгаж байвал хэвлэлээр өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Ажлын байран дээр нь буруутгаж байвал тэр ажлын байран дээрээ өөрийгөө өмгөөлөх ёстой. Гэтэл өөрийгөө хэвлэлээр өмгөөлөхөөр хэргийн нууц задрууллаа гэдэг. Өөрсдөө болохоор хэвлэлээр дуртайгаа гүтгэж, доромжилчихоод өөрийгөө өмгөөлөөд ярилцлага өгөхөөр мөрдөн байцаах үйл ажиллагааны нууц задрууллаа гээд ялладаг байж болохгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө өмгөөлөх гэдэг бол хамаагүй өргөн ойлголт.

-Хууль зүйн туслалцаа авах эрх ч бий байх аа?

-Хүн мэдлэггүй, туршлагагүй байж болно. Хуулийн системд ороод явахад мөрдөгч, шинжээч, прокурор нь хамаагүй өндөр боловсролтой хүмүүс тэр хүнийг залилж, айлган сүрдүүлэх гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгтэн болгож магадгүй. Тийм учраас тэр хэмжээний мэдлэг, туршлагатай мэргэжилтнээс мэргэжлийн туслалцаа авах эрхтэй. Хууль зүйн туслалцаа авах гэж үүнийг хэлж байгаа юм. Хууль зүйн туслалцаа авахаар өширхдөг, туслалцаа үзүүллээ гэж хуульчийг нь буруутгадаг, өмгөөлөгчийг нь өмгөөлүүлэгчийнх нь эсрэг яллах гэрч болгож ашиглах гэж оролддог, зальддаг байж болохгүй. Энэ бол хамгийн чухал зарчим. Харин манайд хүнээ өмгөөлснийхөө төлөө тэр өмгөөлөгч ялтан болчих гээд байна шүү дээ. Өмгөөлөгч дээр нь гүйцэтгэх ажил явуулдаг, татварын хэрэг үүсгэдэг, худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задалсан гэж яллах гэж оролддог байдал ажиглагдаж байна. Соёлт хүн төрөлхтөн бол өмгөөлөгчийн энэ эрхийг хамгийн чухалд тооцож, хувийн хуульчийг хамгаалдаг.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн байцаалтынхаа нууцыг хэвлэлээр гаргадаг. Өмгөөлөгч нь хүнээ өмгөөлөөд ярихаар болдоггүй. Өмгөөлж байгаа хүнийг нь харлуулж, гутаагаад байгаа бол тухайн өмгөөлөгч олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүрэгтэй шүү дээ. Мөрдөгч, прокурор нь хэвлэлээр ажлаа хийгээд байвал өмгөөлөгч нь зөрүүлээд хэвлэлээр ажлаа хийхээс өөр аргагүй. Мөн гэм нүглээ наминчилсан шашны санваартныг гэрчээр байцааж болохгүй гэсэн зарчим зарим улсуудад үйлчилдэг. Хүмүүс хийсэн гэм нүглээ бурханд хэлэх гэж оролдож, санваартанд ханддаг. Энэ гурваас өөрөөр бол байхгүй. Харин сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрх байгаа шүү. Эх сурвалжаа нууцална гэдэг чинь шүгэл үлээгчийг, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалж байгаа хэлбэр. Сэтгүүлчтэй холбоотой маргаан гарахад бусад улс орнууд танай улс гэрчээ хамгаалдаг уу гэсэн асуултыг л асуудаг. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс, төр засаг, хамгийн хүчирхэг хүчний эсрэг мэдүүлэг өгөх гэж байгаа хүний тухай энд ярьж байна. Ийм механизм байгаа юм уу. Одоо хүчтэй байгаа Ерөнхийлөгчийн эсрэг мэдүүлэг өгөх хүнээ хамгаалж чаддаг тогтолцооны тухай яриад байгаа юм. Түүнээс биш даргын хамгаал гэснийг хамгаалж, алаад өг гэснийг нь алдаг бууны нохдын тухай яриагүй. Ийм системээ тавьж чадаагүй байж гэмт хэргээ нуун далдлах, гэрчийг устгах, нотлох баримтыг үгүй хийх гэж байгаа тогтолцооны үзүүрт гүйж, эх сурвалжийг ил болгох гэж байгаа юм биш биз дээ, мөрдөгч өө, прокурор оо. Ийм асуулт л тавьдаг.

ТАКТИКЫН НУУЦАА НЭГ СЭТГҮҮЛЧИД АЛДСАН БОЛ ТЭР БАЙГУУЛЛАГЫН Л ХОХЬ

-Манай улсын хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө хоёр хүчин зүйлээс болоод маш эмзэг байгаа. Нэгдүгээрт, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс төсвийн мөнгөөр хэвлэлийг худалдаж авч байна. Бид хаалтын гэрээ гэж хэлдэг. Яг хаалтын гэрээ гэсэн нэр томьёо байхгүй боловч бурууг нь амаа хамхиад, бусдад гоё харагдах зүйл дээр нь пиар хийгээд өгөөрэй л гэж байгаа хэрэг. Ингэхээр нөгөө чөлөөт хэвлэл маань улстөрчийн, эрх мэдэлтний пиарын хэрэгсэл болоод хувирчихдаг. Энэ чинь пропаганда. Социализм яг л ийм байсан. Нөгөө талаасаа мэргэжлийн үйл ажиллагаагаа зарж болдог гэдэг захиалгат сэтгүүл зүй байх юм бол энэ чинь ардчиллын хүчилтөрөгч болсон чөлөөт хэвлэл мэдээлэл огт биш. Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоточ бус бууны нохой болгох гэж оролддог, сэтгүүлчид нь хэвлэлийн эрх чөлөөг өөрсдийн хөлжих, орлого олох хэрэгсэл болгодог байдлаасаа салах хэрэгтэй.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн сэтгүүлчийг буруутгаж байгаа олон л зүйл гарч байх шиг байна. Яг социализмын үеийн хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг аргаар хандаж байна уу даа гэж харж байгаа. Сэтгүүлчид маань ч гэсэн сүүлдээ айдастай боллоо. Бид ийм хуучинсаг арга барилаасаа салах ёстой. Юу нь буруу, юу нь зөв гэдгийг ялгаж салгахгүйгээр урагшлахгүй. Би бол шуугианы араас шуугиан болж гүйх гэхээсээ илүү үйл явдлын цаана юу байна. Алдааг нь засах боломж, гажуудсан бодлогыг яаж өөрчлөх үү, шийдэл нь юу байж болох вэ гэдгийг харахыг эрмэлздэг хүн. Нэг талаасаа судлаач, нөгөө талаасаа бодлого тодорхойлогчын уураг тархиар асуудлыг харах гэж оролдож байна. Н.Өнөрцэцэгийг олон зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Найман ишигний хэрэг буюу Хэнтийн анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан гэнэ. Тэгвэл шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл, үзэгдэл нь юу вэ. Эрүүгийн хууль дээр үүнийг яаж бичлээ. Олон улсад энэ төрлийн гэмт хэргийг ямар шинж, үйлдлүүдээр тодорхойлдог билээ гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Шүүхэд нөлөөлөх гэдгийг дэлхий нийтээрээ маш олйгомжтойгоор тодорхойлсон нэг зүйл байна. Тэр нь тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа шүүгчтэй ямар нэгэн аргаар харилцаанд орсон эсэх. Утсаар ярих, и-мэйл бичих гэх мэт ямар нэг замаар харилцаанд орж айлгасан, нөлөөлсөн, дарамталсан, гуйсан байна уу гэдгийг хардаг. Гэтэл ийм зүйлийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг хийсэн үү, тэр нь баримттай юу гэдэг бол эхний асуулт. Харин ийм зүйл болоогүй зөвхөн нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, бичсэн бол үүнийг шүүгчид нөлөөлсөн гэж ерөөсөө үздэггүй. Бид олон улсын жишгээс огт холдохгүй шүү дээ. Хоёрдугаарт, шүүхийн байр, танхимд хашгирах, лоозон барьж зогсох, бичлэг хийх зэрэг үйлдэл хийсэн үү. Барууны улс орнуудад шүүхийн гадаа лоозонгоо бариад жагсана уу, олуулаа ирж цуглана уу, цагаан хоолойгоор орилно уу ямар ч хамаагүй. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэхгүй. Шүүхийн байшин дотор энэ үйлдлээ хийвэл харин шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Ялгаа байгаа биз. Гуравдугаарт, шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан албаны байр суурин дээрээс мэдэгдэл гаргахыг шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Төрийн бүх албан тушаалтан биш, шүүхэд нөлөөлөхүйц гэж тодорхой заасан. Сумын Засаг дарга, төрийн дундаж албан тушаалтан шүүхийн талаар ярихад нөлөөлсөн гэж үздэггүй. Харин шүүгч өөрт нь нөлөөлсөн гэж гомдол гаргасан тохиолдолд та ийм хэмжээний албан тушаалтны нөлөөнд үл автах этгээд. Яагаад тэр дунд шатны албан тушаалтны яриа танд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Таны хараат бус, бие даасан байдал, мэргэжлийн ур чадварт эргэлзэж байна гээд эсрэгээрээ тухайн шүүгчээс асуудаг. Нэг сэтгүүлчийн хэвлэлээр ярьж, сошиалд явж байгаа зүйлийг уншаад өөрөө яагаад нөлөөнд орсон юм. Ийм нөлөөллөөс ангид байх мэргэжилтэн, шүүгч байх хэмжээний хүн мөн үү гэдэг асуудлыг хөнддөг. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд, Их хурлын гишүүд албаны байр суурин дээрээсээ мэдээлэл хийвэл шүүхэд нөлөөлнө гэж үздэг. Яагаад гэхээр тэд хуулийг нь баталдаг, шүүгчийг томилдог. Цагдаа, тагнуулын даргыг ч гэсэн нөлөөлж болзошгүй этгээд гэж үзнэ. Магадгүй шүүгчийн хүүхэд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нөлөөлж магадгүй. Ингээд харахаар Н.Өнөрцэцэг энэ гурван үйлдэлд хамаатаж байна уу.

-Сэтгүүлч энэ бүхнийг хийх албан тушаалтан, хүн мөн юм уу?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлч бол ямар ч байсан шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан биш. Шүүгчтэй харилцаа үүсгэсэнгүй, шүүхийн байранд элдэв асуудал гаргасан уу гээд хэмжихэд маш ойлгомжтой зүйл. Тухайн шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг бичиж, гомдол гаргасан уу гэдэг бас нэг асуудал. Эсвэл ийм зүйл байхгүйгээр хэн нэгэн хөндлөнгөөс харж байгаад асуудлыг явуулчихсан уу гэдэг дахиад процессын маягтай зүйл. Мөн мөрдөн байцаалтын нууцыг задалсан гэдэг ойлголтын тухай яриад байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын нууц гэж юу вэ, аль хүртэл хадгалагдах вэ. Түүнийг задлах субъект нь хэн бэ гэдгийг ярих ёстой. Анх 2015 онд Эрүүгийн хуулийг бичиж байхдаа энэ гурвыг яг барууны улсуудын стандартаар бичсэн юм. Харамсалтай нь үүнийг тэр Д.Дорлигжав гэдэг хүн эвдсэн. Сүүлд нь 2017 онд хуулийг батлахдаа МАН хэтэрхий ерөнхий утгатай тавьсан. Бусад улс орнуудад мөрдөн байцаалтын нууцад мөрдөн байцаалтын явцын бүх зүйлийг хамааруулдаггүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын өөрийнх нь нууцлах зүйл гэж бий. Тэр байгууллага нууцлах үүргээ өөрсдөө хүлээдэг болохоос иргэдийн нуруунд үүрүүлдэггүй. Харин хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт нэгдүгээр, нууцлагдсан гэрчийг хамруулдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл гэрч нууцлагдана. Яагаад шүүх хуралдааныг амаар явуулна гэж үг байдаг юм. Гэрч, хохирогч шүүх хуралд биеэр оролцдог. Түүнээс биш гэрчээ нуучихаад шүүх дээр Б гэдэг гэрч ингэж хэлсэн гэдэг дам байдлаар хүнийг буруутгаж болдоггүй. Мөн хүн мөрдөн байцаалтын бүхий л шатанд юунд, яагаад буруутгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Түүнээс биш шүүх хурал дээр “Гэнэтийн бэлэг” барьж болохгүй. Хоёрдугаарт, манайхны ярьдагаар гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан нотлох баримт болон олж авсан арга зам нууцлагдана. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл л нууцална. Хууль зөрчиж авсан эсэхийг тухайн буруутгагдаж байгаа хүн мэдэх эрхтэй. Харин арга ажиллагаа бол байгууллагын тактикын нууц байдаг. Энэ нууцаа алдсан бол тэр байгууллагын л хохь. Харин нууцлагдсан гэрчийг сэтгүүлч олж мэдсэн ч ил гаргаж мэдээлж болохгүй гэдэг зарчим байгаа. Түүнээс биш мөрдөн байцаалтын нууц гэж бүгдийг хамруулаад, чи хэлж болохгүй гэдэг. Эргээд өөрийнх нь шалгагдаж байгаа хэрэгт ашиглах гэж оролдох юм бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг соёлт хүн төрөлхтний нүдээр харах хэрэгтэй. Ингээд дотор нь задлаад үзвэл хууль юуг нь буруутгаж байгааг ялгаж, салгаж харах боломжтой болно. Асуудалд бодитой хандаж чадвал шударга ёсны үүднээс буруутгаж байна уу, эсвэл улс төрийн өшөө хонзон, захиа даалгавар, хэн нэгэн эрх мэдэлтний дургүйг хүргэсэн учраас энэ хүн цоожлогдож байна уу гэдгийг мэдэх боломжтой.

Л.ГАНТӨМӨР ГЭДЭГ ХҮН ЦАВУУНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

-АН-ын дотоод асуудал хэр байгаа вэ. Нэг тугийн доор зангилагдаад сонгуульд ороход бэлэн болсон уу?-Нам дотор байгаа бүлэг, фракц, хувь хүмүүсийн хоорондын жижиг зөрчлийг хүч өгч дөвийлгөөд, сэдэв болгож ярилцаад л байх юм бол улам томроод л байна. Шаардлагагүй, ач холбогдолгүй мөртлөө хэт томорсон сэдэв чинь хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг шахаад олон нийтийн анхаарал, бодлогын гол талбараас гаргачихдаг. Ер нь жижиг хов жив бол намд зөв байгаагүй. Бидний өнгөрсөн үеийн хамгийн том алдаа энэ. Намын дарга нь хэн бэ гэдгээ мэдэхгүй, тамга тэмдэг нь хаана байгаагаа ойлгохгүй болтлоо хэрэлдэж, зөрчилдсөний гол шалтгаан нь жижиг асуудлыг амь оруулсан явдал. Тийм болохоор нүүр тулж уулзаагүй хэрнээ биесээ өрсөлдөгч намынхаа лидерүүдээс илүү үзэн яддаг, жийрхдэг, үл тоодог болтлоо галзуурцгаасан. Одоо бид АН-д олон нийтийн зүгээс ямар үүрэг даалгавар ирсэн бэ гэдгээ л харах ёстой. Үндсэндээ гурван даалгавар ирсэн. Нэгдүгээрт, гэдсэндээ хөлөө жийлцээд хэрэлдээд байдгаа болиоч ээ. Эвтэй байгаад, дарга цэргээ ойлгомжтой болгоод хаанаас нь ч харсан нэг нам, АН шиг болоодхооч гэж байгаа юм. Энэ даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд Л.Гантөмөр гэдэг хүнд итгээд явж байна. Үндсэндээ намын дарга одоо цавууны үүрэг гүйцэтгэж байна. Биднийг нэг бүхэл болоод өгөөч гэсэн олон нийтийн хүлээлтэд хариу өгөхийн тулд эвлүүлэх гэж зүтгэж байгаа. Дотор нь мэдээж жижиг, сажиг зөрчил байх байлгүй. Энэ даалгавраа ямар ч байсан манай хүн сайн гүйцэтгээд явж байна. Хоёрдугаарт, олон нийт биднийг сөрөг хүчнийхээ ажлыг хий гэж байна. Энэ улс орон чинь зөв явж байна уу. Эрх баригчид улс орныг авч явж чадаж байгаа юу зэрэг олон асуулт асууж байна. Буруу явж байгааг нь зогсоох хүч чадал, бурууг нь буруу гээд хэлэх зориг та нарт байна уу. Энэ бүхэнд хариулах гээд харахаар манай намд сөрөг хүчнийхээ ажлыг хийж байгаа нь цөөдөөд байна. Нөгөө намтайгаа ноцолддог бядтай хэсэг энэ намд бараг алга. Гуравдугаарт, буруу эргэчихсэн цаг үеийг зогсоож, эрх баригчдын галзуурал, тэнэглэлд цэг тавих ёстой. Гэхдээ оронд нь танай намд ямар бодлого байна вэ гэж асууж байгаа. Болохгүй байна гээд чанга хашгирахыг хэн ч хийж чадна. Харин ингэж хийдэг юм гэж харуулахыг мэргэжилтнүүд, бодлоготой нам, үзэл санаатай хэсэг хийдэг. Эдгээр асуултад бид хариу өгөх ёстой. Чадна, чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд оройтоод байгаа юм биш үү гэдэг шүүмжлэлтэй би санал нэг байгаа.

-Танай намын удирдлагад гарсан хэнийг нь ч гэсэн өмнөх хоёр Ерөнхийлөгчтэй холбож, тэрний, энэний хүн гэж их ярих юм. Сүүлдээ эрх баригч намын хүн ч гэдэг боллоо. Үнэхээр энэ хоёр хүн өөрийн хүмүүсээрээ танай намыг талцуулаад, хагалан бутаргаад байдаг юм уу?

-Улс төрд яваа хүмүүсийг гурав хувааж харж болно. Зарим нь асуудлыг өөрийнхөө оюун ухаанаар бодож, эргэцүүлэхээсээ илүү хүн дагаж гүйдэг. Тэгэхээр тухайн хүнээрээ баримжаа хийдэг. Ингэж байгаа хүмүүс баримжаа хийж байгаа хүмүүс нь эвтэй байвал нийлж, салж байвал хоорондоо хэрэлддэг. Тэгвэл зарим хэсэг нь намын олонхоороо баримжаа хийдэг. Манай намын олонх, намын бүтэц хаана байна гэдгээр асуудалд ханддаг, сонголтоо гаргадаг. Гуравт нь үзэл санаагаар баримжаагаа гаргадаг төрлийн хүмүүс байна. Манай нам ийм үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалтай. Тийм болохоор энэ бодлогын төлөө явах ёстой гэдэг. Ийм гурван төрлийн хүмүүс улс төрд бужигнаж байна. Зарчмын хувьд нам гэдэг чинь үзэл санаан дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тийм учраас тэр намын олонх нь үзэл санаагаараа баримжаагаа гаргаж явах юм бол хүнээс болж хуваагдах ямар ч шаардлага байхгүй. Хоёр Ерөнхийлөгчийг даган хуваагдаж хүнээр баримжаа хийдэг хүмүүсийн хоорондын толхилцоон байж магадгүй. Гэхдээ энэ бол намын жижиг хэсэг. Түүнд ач холбогдол өгөөд, ярианы сэдэв болгоод байх хэрэггүй. Бидний санаа зовох зүйл бол манай нам өөрийн үзэл санаа, үнэт зүйл дээр байна уу. Баруун төвийн нам чинь хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг. Хувийн өмчийг хамгаалдаг, бизнесийн орчныг сайжруулдаг, төрийн оролцоог багасгах гэж оролддог. Иргэд нь илүү чинээлэг байх зарчмыг баримталдаг. Бидний гол харах зүйл чинь л энэ. МАН яагаад дарга шүтээд байдаг юм. Манай нам тэгвэл дундаж анги, иргэнээ л шүтэх ёстой. МАН даргадаа эрх мэдэл өгөх гэж оролддог бол манай нам иргэддээ бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэх, мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Эрх баригчид даргаа л хамгаалах гээд байдаг. Тэгвэл АН иргэнээ хамгаалах нь л чухал. МАН Тахарын албыг татан буулгаж, дотоодын цэрэг байгуулаад даргыг хамгаалах тогтолцоогоо бэхжүүлж байхад манай нам дотоодын цэргийг татан буулгаж, Тахарын албыг байгуулан гэрч, хохирогчоо хамгаалж, иргэнээ хамгаалах тогтолцоогоо л сайжруулдаг шүү дээ. Ерөөсөө гол ялгаа нь энэ. Энэ ялгаагаа мэдэж байгаа бол тэнд Х.Баттулга, Ц.Элбэгдоржийг дагаж гүйх сонирхолтой биш. Эрх баригчдаас ялгаатай байр суурин дээрээ хүчээ нэгтгэх нь илүү чухал. Нам байгаагийн утга учир чинь ердөө л энэ шүү дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улс даяар хэрэгжиж эхэлсэн хуулийн заалтуудыг танилцуулж байна.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө

60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө

Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болох заалт тусгасан.

Багш нарыг орон сууцжуулахад төрөөс дэмжинэ

Боловсролын багц хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна

Сонгуультай холбоотой намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.

Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:

Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

Хотын татварууд нэмэгдэнэ

Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл, Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,Нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Энэ хууль нэгдүгээр сарын 8-ны өдөр буюу даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Намуудын санхүүжилт ил тод болно

Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ хэрэгжиж эхэлнэ.

Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна шинэ хуульд заасан. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан.

Хуулийн заалтыг багцлан хүргэж байна

 

1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль -https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148379551

2. БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148379551
3. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759959041191
4. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759959012931
5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай-https://dnn.mn/news/279343
6. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351
7. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532027552761
8. АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758218141361
9. ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760240449761

10. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760298587161

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2024.01.02/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх

·      Бусад

16.00

 

“Жанжин Д.Сүхбаатар”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол 14.00

 

“Жанжин
Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намд төрийн санхүүжилт олгоно DNN.mn

Долоон бүлэг, 45 зүйлтэй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

– намууд гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй байх, цомхон гишүүнтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс намын гишүүдээс дэмжигч (татвар төлдөггүй)-ийг салгасан бөгөөд нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх;

– Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах;

– намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх;

– намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох;

– нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх;

– нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах;

– Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах;

– төрөөс намд жил бүр төрийн санхүүжилтийг олгох;

– Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж улсын төсвөөс намуудад санхүүжилт олгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы ирэх долоо хоногийн /2024.01.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар

10.0