Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн DNN.mn

Ардчилсан Намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Намын дарга Л.Гантөмөр “АН сонгуульд ороход бэлэн байгаа. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан.

2016, 2020 оны сонгуульд АН ялагдсан. Энэ удаагийн сонгууль Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийднэ. Орон даяар “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” хөтөлбөр хийхээр бэлтгэж, улсаа бүрэн тойрсон. Үүгээр асуудлыг ойлгосон. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тэгэхээр авлигыг шийдэж чадах хүнийг сонгох ёстой. Үүний дараа үнийн өсөлт, ажилгүйдэл яригдана. Мөн монголчуудын хамгийн том асуудал бол өр болжээ. Өрийн эргүүлэгт орсон байна. Монголын ард түмнийг өрнөөс гаргаж чадах хүнийг сонгох ёстой.

Хоёр зүйл бий. Нэгт, тойрогт бол тойрогт өрсөлдөж чадах хүмүүсийг илгээсэн. Ингэхдээ дөрвөн удаагийн судалгаа явуулсан. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлж байна. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байгаа. Хуучин хүмүүсийн ихэнхийг хойш нь суулгасан. Шинэ залуу нэр дэвшигчдэд боломж олгосон гэдгийг хэлмээр байна.

Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.

Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа.

АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
4 Эдийн засгийн байнгын хороо Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
5 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна DNN.mn

Улс төр судлаач Б.Анхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Таны хувьд нэр дэвшигчид болон намын жагсаалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт зарласан нам, эвслүүдийг жагсаалтыг олон нийт анхааралтай ажиглаж, товч дүгнэж хэлбэл улс төрийн сайн маркетинг байлаа гэж хэлмээр байна. Энэ бүхэн хэлбэр тал руугаа хэтэрхий хэлбийх юм бол парламентын чадамжид сөргөөр нөлөөлөх учир болгоомжтой хандах нь чухал. Ер нь намын жагсаалтыг энгийн сонгогч хараад үнэлэлт дүгнэлт өгөхөд нэлээн хүндрэлтэй байна. МАН-ын жагсаалтыг өнгөц харж дүгнэвэл маш гоё харагдах ч нарийн харвал өнгөлөн далдлалт ч гэж хэлж болохоор. АН-ын жагсаалтын хувьд ямар зарчмаар намын жагсаалтаа зурсан нь тодорхойгүй фракцуудын өрсөлдөөний үр дүн байсан. Намын дүрэм, нэр дэвшүүлэх журам тодорхойгүй байсан нь нэлээд зөрчил маргаан дагуулж эв нэгдэлгүй харагдсан нь нууц биш. Энэ мэт олон асуудлыг ярьж болох ч намууд олон нийтийн хүлээлтэд нийцүүлэх гэж хамаг сайнаараа хичээлээ гэж харж байна.

Ер нь намууд нэр цэвэр, мэргэжлийн хүн гээд улс төрийн туршлагагүй, сонирхдоггүй хүнийг жагсаалтын эхэндээ бичиж улмаар УИХ-ын гишүүн болгох нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, чадамжид шууд нөлөөлнө. Энэ байдал удаан үргэлжилбэл аюултай. Мөн намын листээр сонгогдсон гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны бие даасан байдал маш чухал. Намын даргын нөлөөнөөс ангид хууль тогтоох үйл ажиллагаа явуулах боломжийг хуулиар олгох ёстой. Ингэж байж бид энэ сонгуулийн тогтолцооны намын листийн үнэ цэнийг хадгалж үлдэнэ.

Үгүй бол намын даргын даалгавраар кноп дардаг хүмүүсийн улс төрд орох үүд хаалга болох талтай.

-Намууд олон нийтийн дэмжлэгийг авах бүхий л боломжийг ашиглаж байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг дагаад төрд тэр тусмаа намд итгэх олон нийтийн итгэл сэргэх болов уу?

-2012 онд бид сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж намын жагсаалт гэх зүйлтэй анх танилцсан. Тэр үед жагсаалтаар ихэнхдээ намыг санхүүжүүлэгч хуучин ах нар орж ирсэн учраас олон нийт намын жагсаалтын талаар сөрөг төсөөлөлтэй үлдчихсэн. Тэр үеийг бодвол одоо олон нийтийн мэдлэг ойлголт харьцангуй дээшилж, оролцоо нэмэгдсэн учир намууд олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээсэн нь харагдаж байна. Гэхдээ улс төрийн намд итгэх итгэл нэг удаагийн сонгуулиар бүрэн сэргэх боломжгүй. Сонгуулийн бус үед ч явуулж буй улс төрийн тогтвортой үйл ажиллагаа, улс төрийн боловсрол олгох үр дүнтэй процессын дараа аажмаар сэргэх байх.

-Намын жагсаалт хүйсээр сөөлжлөх нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бодит боломж болж чадах уу?

-Өнгөрсөн 2023 оны УИХ-ын Хаврын чуулганаар гарсан өөрчлөлтүүдийн нэг амжилт бол энэ юм. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөхийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгсөн. Хэрэв энэ зохицуулалт байгаагүй бол сонгууль дахиад л эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болж өнгөрөхөөр байлаа. Улс төрийн тавцанд эмэгтэйчүүд орж ирж, тоглох боломжийг хүйсээр сөөлжилсөн намын жагсаалт, квот олгож байгаа нь мэдээж давуу талтай. ХҮН намын тухайд 50:50 бодлого дэвшүүлж энэ чиглэлд манлайлж ажиллахыг хичээсэн. Үүний үр дүнд ч бусад намуудыг бодвол эмэгтэйчүүдийг олноор нь нэр дэвшүүлж байна.

МАН, АН-ын тухайд 13 тойрогт 14 эмэгтэйг нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 24-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн харагдана. Ерөнхийдөө Сонгуулийн тухай хуульд тусгасан аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байна гэх заалтад шүргэх төдий нэр дэвшүүлж байна гэсэн үг. 30 хувийг нэр дэвшүүллээ гээд тэр чигээрээ сонгогдоно гэсэн үг биш. Одоо сонгогчдын мэдрэмжид л найдах үлдлээ.

Гэхдээ манай сонгогчдын хувьд харьцангуй мэдрэмжтэй гэж хэлж болохоор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тухайд нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бол сонгуулийн дүнгээр 17 хувь нь сонгогдоод парламентад төлөөлөл болж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай сонгогчид намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийг хангалттай хэмжээнд сонгочихсон гэсэн үг. Ингэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин намууд тэдэнд шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломжийг олгодоггүй буюу хангалттай нэр дэвшүүлдэггүй гэж дүгнэж болно. Жишээ нь одоо 10 мандаттай тойрогт нэг л эмэгтэйг нэр дэвшүүлж байна шүү дээ.

-Өнгөрсөн саруудад бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилтот контентууд цацагдаж, олон нийт ч энэ тал дээр нэлээн бухимдалтай байгаа нь харагдсан. Энэ бүхэн сонгуулийн үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үндэсний хэмжээний бүх телевизээр нэгэн ижил контент цацагдаж, үүнийгээ хамгийн олон дагагчтай нөлөөлөгчдөөр олон нийтэд хүргэх гээд маш өндөр зохион байгуулалттай сонгуулийн өмнөх хар пиар хөвөрлөө. Заримдаа ардчилсан улсын иргэн гэдэгтээ эргэлзэхэд ч хүргэсэн. Гэхдээ улс төрийн коммуникаци талаасаа энэ бол хуучирсан, үр нөлөө нь багатай арга л даа. Төдийлөн сонгуулийн үр дүнд нөлөөлдөггүй ч хамгийн хортой нь нийгмийг талцуулж, итгэлцлийг эвдэж байдаг.

Манай намууд нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөхгүй байгаад л гол асуудал байна. Нийгэм олон нийт нь улс төрийн өөр өрсөлдөөн, соёл хүсэж хүлээж байхад намууд хэн нэгэн дайсанг санаатай болон санамсаргүйгээр гаргаж ирээд хоорондоо “байлдаж” байгаа нь утгагүй. Бид олон жил энэ драмыг үзээд уйдаад залхчихсан шүү дээ.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламен-тын бүтцийг та хэрхэн харж байна вэ?

-Урьд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ удаагийн сонгуульд хамгийн олон нам эвсэл оролцохоор байна. Өрсөлдөөн арай өргөн хүрээнд өрнөнө гэсэн үг. Битүүхэн дүгнэхэд олон нам парламентад суудалтай болохоор байна. Сонгуулийн тогтолцоо мэдээж санал гээгдэхгүй, олон намын тогтолцоог дэмжсэн учраас ийм үр дүн гарах байх. Ернь том тойрогт эвтэй хамтарч ажилласан нам л амжилтад хүрнэ. Сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулагдах төсөөлөл байна.

Эцсийн дүндээ манай парламентад үгүйлэгдэж байгаа зүйл бол хяналт. Нэг улс төрийн хүчин хэт олонх болохоор заавал үүсдэг эффект л дээ. Сонгогчид энэ талыг харгалзаж сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байна.

-Улс төрийн нам, эвсэл, бие даагчид тус бүрдээ аль нам нь хэдэн суудал авах шинжтэй болоо. Энэ талаар нийгмийн өнөөгийн хандлагыг харж ойролцоо тооцоолол хийж болох уу. Тэр нам тэдэн суудал авна гэх мэтээр…?

-Сонгуулийн үр дүнг урьдчилж харсан судалгаанууд мэр сэр байгаа. Гэхдээ үүнийг сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэх нь хуулиар хориотой. Олон нийтийн улс төрийн боловсрол тааруу учраас нууцалдаг байх. Угтаа бид сонголтоо хийхдээ аль улс төрийн хүчин давамгай байхаар байна, алийг нь дэмжих шаардлага байна гэж хараад сонголтоороо хүчний тэнцвэрийг хангахад энэ судалгааны үр дүнгүүд туслах учиртай. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хараад дүгнэхэд улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, түүнийгээ олон нийтэд танилцуулж хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрийн хүчинд их боломж байна. Ер нь сонгогчид намыг дэмжихгүй, итгэхгүй гэх хандлагатай байна. Энэ орон зайд зөв тоглолт хийж чадвал сонгуулийн үр дүн төсөөлснөөс өөр ч байж магадгүй.

-Сонгуулийн зардал ч өндөр гарахаар байна. Бууруулах боломж бий юу?

-Сонгуулийн холимог тогтолцоо, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн гол концепц сонгуулийн зардлыг бууруулах байсан. Гэтэл сонгуулийн тойргийн бүтэц нь үүнийхээ эсрэг болж хувирсан. Одоо тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал зардлаа бага зэрэг хэмнэж чадах байх. Дараа дараагийн сонгуульдаа бид сонгуулийн зардлыг бууруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Харин сонгогчдын хувьд хийх ажил их байна. Нийгмийн сүлжээг ажиглахад сонгогчид буюу олон нэр дэвшигчдийн үйлдлийг харж шоолж, даапаалж байгаа дүр зураг их ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл тэд зөвхөн нэр дэвшигчдийн уралдааныг сонирхохоор ирсэн үзэгчдийн байр суурь дээрээ л үлдэж. Гэтэл сонгууль бол сонгогчдын хувьд сонгох эрхээ эдлэх нөгөө талд нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдлэх олон талт үйл ажиллагаа байдаг. Гэтэл манай сонгогчид сонгуулийг зөвхөн улс төрийн намд хамааралтай хэсэг бүлэг хүмүүсийн л “ажил” гэж үзээд, хэн надад хамгийн ойр ирж, танигдахыг харъя гэх хандлагаасаа салахгүй л байсаар байна. Энэ нь манай сонгуулийн улмаар улс төрийн гажуудлын нэг суурь болдог. Сонгуулийн өндөр зардал ч үүнтэй холбоотой. Ингээд харахаар сонгуулийн зардлыг бууруулах нь олон талт үйл ажиллагаанаас хамаарах зүйл болчихоод байна.

-Бие даагчдын хувьд яг ямар боломж байгаа гэж үзээд энэ сонгууль нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа юм бол. Олон бие даагчид хүсэлтээ өгсөн гэж байгаа шүү дээ. Бие даагчдад ер нь боломж хэдэн хувь байгаа вэ?

-Бие даагчдын хувьд том тойрогт, сонгуулийн зардал өндөр энэ үед боломж нэлээд хязгаарлагдмал болов уу даа. Манай улс төрийн намууд олон нийтийн улс төрийн эрхийг хангах, хүсэл сонирхлыг илэрхийлэх платформын үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас хувь хүн бие даан нэр дэвших сонголтыг хийдэг шүү дээ. Намын дотоод соёл хандлага нь хуучинсаг, тоглоомын дүрэм нь тодорхойгүй байдал манай намуудын нийтлэг дүр төрх л дөө. Энэ байдлаа засаж сайжруулахгүй л бол цаашид хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж, улс төрийн тавцнаас арчигдах нь гарцаагүй.

-Энэ сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Сонгуулийн ирц хүрдэг болов уу?

-Олон хүний санаа зовоож байгаа асуудал бол энэ. Олон нийт сонгуулийн тогтолцоо яаж өөрчлөгдсөн сонгууль ямар дүрмээр явагдах талаар мэдээлэл тааруу байна. Энэ удаагийн сонгогчийн саналын хуудас гэдэг асар нүсэр бүтэцтэй зүйл учир мэдээлэлгүй, судалгаагүй хүнд хэцүү даалгавар байх болно. Тийм учраас сонгогч түмэн минь саналын хуудсын загвартай урьдчилж танилцаж, санал өгөх байрт очихдоо сонголтоо хийчихээд очоорой л гэж хэлмээр байна.

Мөн энэ сонгуулийн санал өгөх өдөр нь баасан гараг. Урт амралтын өдрүүд тохиох учир хүмүүс хөдөө явахыг илүүд үзэж магадгүй. Хэрэв ийм шийдвэр гаргаж байгаа бол та сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байх, миний амьдрал болохгүй байна гэж гоншигнох ч эрх байхгүй.

-Улс төр, нийгмийн анхаарлыг татсан өөр нэг асуудал байна. Тэр нь ШХАБ. Энэ хавар билүү, зунаас ШХАБ-т Монгол Улс элсэнэ гэж Лавров хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол. Үнэхээр Лавровын хэлснээр манай улс ШХАБ-д элсэнэ гэж үү?

-Манай улсын хувьд ажиглагчийн байр суурь дээр олон жил явсан. Олон ч жил шахалтад байсан. Энэ удаагийн хурлаар ажиглагч орон гэх статусыг байхгүй болгох ч эрсдэл байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэсэн бид тусгаар улсын бодлогоор шийдвэр гаргах нь гарцаагүй. Хоёр том гүрний дунд орших “жижиг” улсын зовлон их. Гадаад харилцааны тухайд бол манай улс хамгийн боломжит зөв бодлогыг барьж ирсэн гэдэгт би эргэлздэггүй.

Олон нийт дотроо ШХАБ-т элсэх, элсэхгүй талаар олон байр суурь илэрхийлж болно. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ. Гэхдээ элсэх элсэхгүйн тухайд Монгол Улс нэг цонхны гадаад бодлогоороо шийдээд явах болов уу л гэж харж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ. Үүнд:

· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт

·Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

· Бусад

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар

Categories
мэдээ улс-төр цаг-үе

19 нам, хоёр эвслээс нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-д хүргүүлжээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.

Ажлын хэсэгт 19 нам, хоёр эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Categories
мэдээ улс-төр

35 бие даан нэр дэвшигч материалаа ирүүлжээ DNN.mn

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл болон бие даагчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгадаг байна.

Энэ дагуу тавдугаар сарын 14-20-ны хооронд нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулж дууссан бол 25-ны 00:00 цагаас өмнөс СЕХ-нд нэр дэвшигчтэй холбоотой материал, баримт бичиг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.

Одоогийн байдлаар  Үнэн ба зөв , Эх орончдын нэгдсэн нам , Иргэдийн оролцооны нэгдэл  гэсэн гурван нам,  35 бие даагч  нэр дэвшигчдийн материалаа өгчээ. СЕХ долоо хоногийн хугацаанд буюу зургадугаар сарын 1-ний дотор  нэр дэвшигчдийн бичиг баримт зөрчилтэй эсэхэд хяналт тавих юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2024.05.24) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуралдааныг нээж, ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 47 тоот албан бичгээр ирүүлсэн тул Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 7 дугаар сарын 4-ний 04 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчлөх, өөр саналтай гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчлийн шалтгааныг судлан дүгнэх, дүн шинжилгээ хийх, ёс зүйн зөрчлийн бүртгэл хөтөлж, нийтэд мэдээлэх, хяналт тавих зорилгоор цахим систем хөгжүүлэх, албан тушаалтны ёс зүйн талаарх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх зэрэг чиг, үүргийг Ёс зүйн хороо хариуцан ажилладаг. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг Засгийн газраас баталж, мөрдүүлж байгаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан бүх түвшний төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн санал, зөвлөмжийг тусган улмаар хөтөлбөрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа, сургалтыг 21 аймагт зохион байгуулж, 14 392 албан хаагчид зөвлөмж, сургалт явуулжээ. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн учраас ийнхүү  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна гэсэн юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, түүнд нийцүүлэн жил бүрийн төлөвлөгөө гаргаж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргахаас гадна бүрэн эрхээ хэрэгжүүлэх,  тогтоол, албан даалгавар, зөвлөмж гаргах зэрэг зохицуулалтыг нэмэх санал тусгажээ. Түүнчлэн Ёс зүйн хорооны гишүүдийн бие даан хараат бус ажиллах нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн асуудал гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэсэн байдлыг хянах, цахим мэдээллийн сан хөгжүүлэх, нийтэд мэдээлэх талаар дүрэмд нэмж тусгахыг төслийн саналд оруулсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийн хэлэлцээд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын хэл найруулгыг анхаарахыг сануулаад, Монгол Улсын Их Хурал “Ёс зүй” хэмээх мартагдсан үг, ойлголтыг анх удаа хуульчилж, гурван ч хууль, тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, сахилга хариуцлагын хуультай, үндэсний хөтөлбөртэй болсон. Цаашид соён гэгээрүүлэх бодлого, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолсноор тус Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.24) үдээс хойших хуралдаан 15 цаг 23 минутад эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэл Г.Тэмүүлэн гишүүн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Сандаг-Очир гишүүн тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хуулийн төслийн зорилго чиглэж байгааг тэрбээр танилцуулав. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангуулах, төсвийн холбогдох шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Улсын Их Хурлаас томилогдон ажиллаж байна. Одоогоор зөвлөлийн төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй учир Улсын Их Хурлаас томилогддог зөвлөл, хороо, ижил түвшний төрийн байгууллагатай адилтгаж төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн захиргааны адилтгах албан тушаалд хамааруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зөвлөлийн дарга, гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны болон нийгмийн баталгааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийвчлан тусгах бодит хэрэгцээ шаардлага бий болсон гэлээ. Ингэснээр зөвлөлийн үйл ажиллагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтад тусгасан “өнөөгийн үнэ цэнээр” гэснийг “нэрлэсэн үнээр” гэж өөрчилсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байх үед буюу 2010 онд Монгол Улс бага орлоготой орны тоонд багтаж Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй, урт хугацаатай зээл (хугацаа 20 хүртэл жил, хүү 2 ба түүнээс доош хувь) авдаг байсан үед өрийг өнөөгийн үнэ цэнээр буюу өгөөжөөр нь хорогдуулан тооцоход тохиромжтой байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улс дундажаас дээгүүр орлоготой орны тоонд багтах болж, арилжааны нөхцөлтэй зээл авдаг болсон тул өрийг өнөөгийн үнэ цэнээр хорогдуулан тооцох бус нэрлэсэн үнээр тооцохыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас удаа дараа зөвлөсний дагуу өөрчилж, нэрлэсэн үнээр бүртгэх хугацааг 2025 оноос хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой юм байна.

Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор явуулах санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэлээ.

Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид булаан  авч хурлыг хэлбэрийн төдий байна гэсэн үндэслэлээр энэ бүтцийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулсан. Ингэснээр өдөр тутмын тулгамдсан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнга хуралдуулах шаардлага гарч, тийм боломжгүйгээс орон нутагт зохицуулах шаардлагатай ажлууд цалгардах, хугацаа алдах нөхцөл үүсч байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу ажиллаж байгаа хэдий ч тодорхой шийдвэр гаргах эрх мэдэлгүй байгаа тул Зөвлөлд эрх шилжүүлдэг зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж уг хуулийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл” гэсэн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, байнгын ажиллагаатай байхаар, мөн зохих урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг дарга, түүнийг томилох гэсэн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалтад баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлага тавьж байгаа нь амьдралд нийцэхгүй байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт хүрэлцээгүй байгаа учир бүрэн дундаас доошгүй боловсролтой байхаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлээр цахим болон технологийн бусад хэлбэрээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцсоныг ирцэд оруулах, 2 дугаар зүйлээр аймгийн төвд 20 мянгаас дээш хүн ам бүхий хот суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас нэгээс доошгүй иргэн хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хуулийн төслийн 3 дугаар зүйлээр баг, хорооны иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 4 жилийн хугацаагаар сонгож, хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалт, бэлтгэлийг хангаж ажиллах бөгөөд хуралдаан даргалагчид, баг, хорооны Засаг даргын цалингийн 50 хувьтай тэнцэх урамшуулал олгох, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд зарим эрх олгож, хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэнийг сонгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан болохыг Г.Ганболд гишүүн танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэж, орон нутгийн чухал шийдвэрүүд гаргахад хугацаа алдахгүй байх мөн хурлын байгууллагын тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх аж.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн М.Оюунчимэг гишүүн танилцуулав. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгааг санал, дүгнэлтэд дурдсан.

Төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, хариулт авав. Тэрбээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд олгодог байсан урамшууллыг байхгүй болгосон, үүнийг дахин олгодог болох асуудлыг төсөлд тусгах боломжтой эсэхийг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тодорхой хувийг төрийн захиргааны алба хаах боломжийг хуулиар нээх боломж бий эсэхийг тодруулсан юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд олгох урамшууллын асуудлыг төсөлд тусгаагүй гэдгийг Г.Ганболд гишүүн хариулсан. Гэхдээ эл асуудлыг хуулиар хориглоогүй учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төсвийн онцгой, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг агуулгаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хурлаас гаргасан иргэдэд сурталчлах хэмжээний зардлыг шийдвэрлэх боломж бий гэдэг тайлбарыг хэлж байв. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тодорхой хувийг төрийн захиргааны алба хаах эсэхтэй холбоотой асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддагүй гэдэг хариултыг өгсөн.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар үг хэлэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлээд багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэнийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг томилдог байх асуудлыг дэмжиж байгаагаа хэлсэн. Төсөл дэх даргын дэргэдэх зөвлөлд эрх олгохтой холбоотой асуудалд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг хэлж, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Мөн хуралдааны ирцийг бүрдүүлэхэд цахимаар оролцуулах, технологийн дэвшлийг ашиглан хуралдаан явуулах боломжийг нээх, холбогдох дэгийг тодорхой болгох шаардлага бий гэдэг саналыг хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор явуулах санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.24) үдээс өмнөх хуралдаан 12 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төслийн холбогдох хэсэг, зүйл, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хороо төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тус санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс, орнууд татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их долоо”-гийн санаачилгаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг BEPS гэх олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар BEPS-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм журмыг боловсруулж танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байгаа аж.

Монгол Улсын хувьд Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-аас 2018 онд гарахдаа BEPS-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалт хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сард BEPS-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж, BEPS-ийн холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан байна. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн ч 1991-2003 оны хооронд бусад улс оронтой байгуулсан 26 хоёр талт, давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн 6, 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байгаа талаар Г.Сайханбаяр сайд танилцуулсан юм.

Иймд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн стандартуудад нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улстай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэлээ.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн юм.

Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаан Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Упсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэмээн өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба үдээс хойших хуралдаанаар явуулахаар болов.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Г.Тэмүүлэн гишүүн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Г.Тэмүүлэн гишүүний танилцуулсан нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан хууль тогтоомж хоорондын нийцлийг хангах зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Ийнхүү төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж буйгаа Г.Тэмүүлэн гишүүн хэлэв. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох, энэ хууль хүчингүй болсонтой холбогдуулан сүлжмэл нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт даалгах асуудлыг тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэхүү тогтоолын төслийг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр 18:00 цаг хүртэл олгоно DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд олгож байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 25-ны бямба гарагт хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр буюу бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байгаа юм.

Лавлагаа өгөх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэр дэвшигчид материалаа тулган ирүүлж байгаагаас их хэмжээний материал хуримтлагдан хүндрэл учирч байна. УДШ-ийн Тамгын газар нь аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын бүх шүүхүүдээс шүүлт хийлгэн дээрх байгууллагуудаас лавлагаа авч нэгтгэн гаргаж өгдөг болохыг Улсын дээд шүүхээс мэдээллээ.