Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.

“М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 мянга гаруй га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулжээ.

Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан “Primeat” бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.

Худалдаж авсан үхрээ өөрийн талбайд ургуулсан улаан буудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног бордож, үхрийн махыг гантиглуулах арга, технологи нутагшуулжээ.

“М-Си-Эс групп” өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ цогцолборыг байгуулсан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго танилцууллаа.

Цогцолборыг бүтээн байгуулахын тулд дотоод гадаадын 680 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. Мөн 200 гаруй хүн байнгын ажлын байртай болсны 60 гаруй нь орон нутгийн иргэд юм.

Гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа “М-Си-Эс групп”, “Мэтагро” ХХК-ийн хамт олон, орон нутгийн захиргаа, малчид болон бусад бүх аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч  талархал илэрхийллээ.

“М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборын үр шимийг малчид, хэрэглэгчид хүртэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр дагаж хөгжих бүрэн боломжтой” гэлээ. Цаашид монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө төр, хувийн хэвшил бүх талаар хамтран зүтгэхийг уриаллаа.

“Мэтагро” ХХК мөн 144 хүний багтаамжтай, иж бүрэн тохижилт бүхий ажилчдын хотхон байгуулсан байна. Тариалангийн талбайнхаа эргэн тойрон 80  км ойн зурвас байгуулж, 20 мянган улиас, нэг сая хайлаас, тус бүр 200 мянган бургас, шар хуайс тарьж ургуулахаар төлөвлөжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оржээ.

Categories
мэдээ улс-төр

Тойргийнхоо мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг даваа гаригт олгоно DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд өгч, нээлттэй ажиллах чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хорооны гишүүдэд өгөв. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт болон бүртгэлтэй холбоотой системийн талаарх  мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай хүргэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд,  сонгуультай холбоотой зөрчил, маргаан, хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд шуурхай мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт тус тус даалгав.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигчийг бүртгэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны дотор 104 хүн баримт бичгээ дахин иk бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн 2 иргэний асуудлыг хэлэлцээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийт 1399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 16 нам, 2 эвслээс 99 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 102 хүн зөрчлөө арилгасан талаарх холбогдох баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу дээр дурдсан 102 хүний баримт бичгийг нягтлан шалгаад хуульд заасан шаардлага хангасан 92 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн тул нэр дэвшигчийг бүртгэж шийдвэрлэв.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал,

-Баримт бичиг дутуу-3

-Татварын өртэй-3

-Өөр намын гишүүнчлэлтэй-3

-Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй-1 тул тус тус татгалзав.

Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1336 хүнийг нийтэд мэдээлнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлж чадаагүйгээ ил тодоор тайлагнадаг улс төрийн соёлд төлөвших хэрэгтэй байна DNN.mn

“Amlalt.mn” сайтын эрхлэгч Ц.Мөнхбаатартай улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярилцлаа.


-Танай сайтын нэр “Амлалт”. Тэр утгаараа анх үүсгэн байгуулагдахдаа улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг нэхэх, олон нийтэд сануулах зорилготой байсан болов уу. Яг өнөөгийн байдлаар танай сайтын редакцын бодлого, үйл ажиллагааны чиглэл яаж явж байна вэ?

-Бид энэ сайтаа 2022 оны наймдугаар сард нээж, сэтгүүл зүйн үүргээ эхлүүлсэн.

Мэдээж таны хэлдгээр улс төрийн нам, эрх баригчдаас олон түмний өмнөөс амлалтыг нь нэхэх, сануулах, иргэдийн дуу хоолой болж ажиллах нь манай сайтын гол зорилго. Манай сайт ажлын таван өдрийн өглөө болгон онцлох буюу гол мэдээллээ сольж, өдөр тутмын үйл явдлуудын мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжилгыг бэлтгэн уншигчдадаа хүргэдэг. Сайтын мэдээллийн голлох цэс гэвэл Намууд, тэдгээрийн амлалт, түүний биелэлт гэсэн УИХ-ын гишүүд, Засгийн гэзрын гишүүд зэрэг булан бий. Мөн “Айсуй сонгуулийн анир”, “Гишүүний шинж төлөв” гэж булан байдаг. Үндсэндээ 50 гаруй гишүүнийг нэг бүрчлэн бичсэн. Бид онцлох нийтлэлээ нэгээс гурван минутын видео болгож дүрсжүүлж, amlalt­news фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж ирсэн. Одоо ч хүргэж байгаа.

-Гол амлалтыг нь нэхэх улс төрийн хүчин бол өнөөгийн эрх баригч МАН. Сүүлийн найман жил засаглалаа. Тэгэхээр танай сайтын хувьд МАН-ын сүүлийн хоёр сонгуулиар өгсөн амлалтыг судалж, шинжилж мэдээ, нийтлэлээ хүргэдэг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. МАН-ын хувьд найман жил Монголын төрийг заслаа, засаглалаа. Яг одоо миний гарт эрх баригч намын 2016 оны амлалт бүрэн эхээрээ байна. 2020 оныхыг би бараг цээжлэхээс наагуур уншсан. 2024 оныхыг гурван хоногийн өмнө олж авлаа. Энэ бүх мөрийн хөтөлбөр, амлалтуудаас хэд нь биелсэн, хэд нь биелээгүй байна вэ гэдгийг гарган ирж, амлалтыг нэхэх нь манай редакцын гол бодлого гэж ойлгож болно.

-Таны хувьд Хотын хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр үед ч МАН засаглаж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, та МАН-д ажиллаж байсан гэсэн үг биз дээ. Гэтэл яагаад одоо намынхаа амлалтыг нэхсэн асуудлыг энэ сонгуулийн өмнө гарган ирж шаардаад байгаа юм бэ?

-Би хэн нэгэн хэзээ нэгэн цагт энийг асуух л ёстой гэж боддог. Тантай адилхан асуултыг зарим хүмүүс надаас асуудаг. “Та өөрөө МАН-ын үед хотын хэвлэлийн даргаар жил таван сар, ИТХ-ын тасгийн даргаар жил гурван сар, Шадар сайдын зөвлөхөөр нэг жил ажилласан. Тийм байж яагаад эргээд МАН руу дайраад байгаа юм шиг үйлдэл хийгээд байгаа юм бэ?” гэж асуудаг. Нэгдүгээрт, би сэтгүүлч хүн. Сэтгүүлчийн хувьд би ажлаа хийж байгаа. Төрд ажиллаж байсан хугацаандаа би ажлаа сайн хийхийг л хичээж ажилласан. Яагаад гэвэл төрөөс цалин авч, төрийн алба хашиж байсан учраас. Төрд ажиллаж байхдаа Төрийн албаны тусгай ерөнхий шалгалт өгч тэнцэн, тангараг өргөж төрийн албан хаагч болсон. Нэгэнт ажил хийж байгаа бол хариуцлагатай байх ёстой. Харин өнөөдөр би сэтгүүлчийн ажлаа хийж байна.

-Иргэдийн хувьд ч амлалт нэхэх, шаардах асуудал дээр оролцоо, идэвх султай байна уу?

-Хэрэв биелдэггүй, биелүүлдэггүй, зүгээр амлаад л, түүгээрээ иргэдийн саналыг татаад л орхичихдог юм бол хэн ч юуг ч амлаад, хаяад яваад байж чадна. Гэхдээ улс төрийн намын амлалт, мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгуулиар олонхын санал авсан тохиолдолд төрийн бодлого болж хэрэгждэг. Тиймээс хоосон амлалт, судалгаа, үндэслэлгүй мөрийн хөтөлбөр гаргаж болохгүй. Хоёрдугаарт, улс төрийн нам, улстөрч, ард иргэд гээд тал бүрдээ хариулцлагатай, хяналттай байх шаардлагатай. Гуравдугаарт, энэ нийгэмд амлалт хэрэгжихгүй яваад байх юм та бидний ирээдүй шалтгааныг нь биднээс нэхэх болно.

-Амлалт сайтаас санаачлан улс төрийн нам, эрх баригчдаас амлалтыг нь нэхэх, шаардах, олон нийтийг идэвхжүүлсэн төсөл боловсруулсан гэдэг мэдээлэл байна. Энэ төсөл яг ямар учиртай юм бэ?

-Хэвлэмэл хуудасаар дамжуулан олон нийтэд мэдээлэл өгөх, хүргэх төсөл гэж ойлгож болно. Нэг талаасаа үүнийг Амлалт.мн сайтаа танилцуулах, олон нийтэд хүргэх томоохон үйл хэрэг гэж бодож байгаа. Нөгөө талаараа сонгуулийн хууль зөрчихгүйгээр иргэд, сонгогчийн боловсролд хувь нэмэр өгөх зорилгоор энэ мэдээллийг өгье гэж байгаа юм.

-Яг ямар мэдээллийг хэвлэмэл хуудас дээр нийтлэн олон нийтэд хүргэх гээд байгаа юм бэ?

-МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрөөс гол гэсэн иргэний амьдралд хамгийн ойр амлалт юу байв. Нөгөөтэйгүүр амлалт болгон нь биелээгүй гэж бид үзэхгүй байгаа. Биелсэн амлалт цөөн ч гэсэн бас байна. Жишээлбэл, Чингис хааны музей барина гэсэн барьж. Харин биелээгүй амлалтууд ч түүнээс ч олон байгаа. Тэгэхээр бидний хувьд тэрхүү хэвлэмэл хуудас дээрээ МАН-ын 2020 оны амлалтуудыг бүгдийг нь бичиж багтааж чадахгүй тул хүний амьдралд ойр байх амлалтуудыг түн оруулж, улмаар аль нь биелсэн байна, аль нь биелээгүй байна гэдгийг иргэд уншиж, судлаад тэмдэглэнэ гэсэн үг. За энэ амлалт нь биелсэн бол зөв тэмдэг тавья, энэ биелээгүй, тэгэхээр чагт тэмдэг тавина гээд явах юм. Иргэдэд тараах энэхүү хэвлэмэл хуудсаа бид буцааж авахгүй. Хамгийн чухал нь иргэд удахгүй сонгууль өгөх гэж байна. Сонгууль бол улс төрийн нам, улстөрчдөд иргэд сонгогчид дүн тавьдаг механизм. Тиймээс өнгөрсөн сонгуулиар амлаж байсан амлалтууд өнөөдөр ямар хэмжээнд биелчихээд байгаа юм бэ. Өнгөрсөн сонгуулиар хэн юу амлаж байсан билээ гэдгийг сануулах, дүгнэлт хийх тэр боломжийг бид иргэдэд нээж өгч байгаа маань энэ төслийн гол зорилго гэж хэлж болно.

-МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь өнөөдөр биелчихсэн байна вэ?

-Мэдээж биелсэн юм байна. Гэхдээ аудитын газраас гаргасан дүгнэлтээр МАН-ын амлалт 70, 80 хувь нь биелчихсэн гэдгийг би хувьдаа урвуу хамаарлаар нь хэлнэ. Бараг л 10-20 хувь дотор л хэрэгжсэн байгааг бид судалж, шинжилж үзчихээд сууж байна. Бидний хийсэн судалгаа, тооцоолол хараат бус явагдсан гэдгийг баримттай, хариуцлагатай хэлж чадна. Аль нэг нам, улс төрчийн нөлөөллөөр бид ийм судалгаа, ийм санаачилга гаргаагүй шүү гэдгийг хатуу хэлмээр байна. Тэр дундаа хүний амьдралд хамгийн ойр амлалтууд биелсэн үү, түүгээр хөгжлийн индексээ боддог гээд үзвэл бүтээн үйлдвэрлэлтийн цөөн ажлууд биелсэн байна. Жишээ нь, шинэ сургуулиуд баригдсан, өргөтгөл хийгдсэн, Соёлын яамтай болж, Чингис хааны музей баригдсан гэх мэт ажлууд хийгдсэн байгаа. Гэхдээ арван сая малын арьс, шир боловсруулах үйлдвэр барина, малын махыг гадагшаа гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтууд биелээгүй байна. Амласан бол хэрэгжүүлдэг л байх ёстой. Хэрэгжүүлж чадаагүй бол тайлан тайлбараа ил тод нээлттэй тавьдаг л байх шаардлагатай. Энэ бол улс төрийн намын ёс зүй, хариуцлага.

-Хэвлэл мэдээллийн салбартай холбоотой яг ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг та нэг сануулаад хэлэхгүй юу?

-МАН-ын хөтөлбөрийн 3.4.8 дээр “Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэжлийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана” гэж заасан байгаа. Нийгмийг соён гэгээрүүлэх нь ганц нэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажил биш. Энэ бол нийт улс орны хэмжээний ажил. Тэгвэл энэ дээр МАН ямар дэмжлэг, ямар бодлого гарган ажилласан бэ. Нийгмийг гэгээрүүлэх хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгох чиглэлд яаж анхаарсан юм. Мэдээж МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх субьект бол Засгийн газар. Засгийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай, мэргэжлийн байгууллагуудтай, магадгүй МСНЭ-тэй, сайтын холбоотой хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх энэ ажлыг хийх ёстой байсан. Гэтэл тийм ажил хийгдсэн зүйл байна уу, байхгүй. Энэ ингээд цаасан дээр хараар бичигдээд, хаягдаад үлдэж байгаа юм. Ер нь МАН-ын дэвшүүлсэн олон амлалтууд хожим цаасан дээр хараар бичигдээд хаягддаг.

-Амлалт нэхэх, мөрийн хөтөлбөрийг нь сануулах нь иргэн хүний эрх л дээ. Гэхдээ яагаад энэ асуудлыг танай сайт тэр дундаа та яриад байна вэ?

-Нэгдүгээрт, бид агуулгаараа аль нэг нам, улс төрч тэр дундаа өнөөгийн эрх баригч намыг буруутгах, эсвэл АН-ын гэх үү бусад улс төрийн намын талд зогсох гээгүй. Манай сайтын болоод миний энэ санаачилга бол цэвэр сэтгүүлчийнхээ хувьд нийгмийн хариуцлагын үүднээс олон нийтийн өмнөөс дуу хоолой болох үүргээ биелүүлж, улс төрийн нам, эрх баригчдаас амлалтаа хэрэгжүүлдэг бай гэдгийг шаардаж байгаа юм. Ер нь нам ч бай, улстөрч ч бай, хувь иргэн хүн ч бай хэлсэн бол заавал хийдэг, амлалтаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

-Амлалтаараа нэг хэсэг өрсөлдөж олон нийтийн саналыг авдаг байдал одоо өөрчлөгдсөн үү. Ард түмний хувьд өнгөрсөн үеэ бодоход бага ч болтугай хэрсүүжсэн байлгүй дээ…?

-Би сонин жишээ хэлье. Ардын намын 2020 оны мөрийн хөтөлбөрт ийм заалт байгаа. 1.4.20-д “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэж хэлсэн. Гэтэл энэ мөрийн хөтөлбөр 2024 оны сонгууль болох гэж байхад 2024-2028 оны МАН-ын мөрийн хөтөлбөр дээр яг энэ нэрээрээ ганцхан үг өөрчлөгдөж орж ирсэн. Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай гэдэг үг. Дөрвөн жилийн өмнө “энийг бид хийнэ ээ, хийхээр болчихлоо, Засгийн газартаа баярлалаа” гэж байсан. Гэтэл хийгдээгүйгэр үл барам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ганц үг солигдоод дахин ороод ирж байна. Ингэж болох уу гэдгийг л бид асуугаад байгаа юм. Сэтгүүлчийн хувьд энийг ярихаас өөр арга алга. Хоёр жил ярилаа. Одоо сонгууль болох гэж байна. Тэгэхээр бид нар ийм үед сонгогчид боловсрол олгож, энэ мөрийн хөтөлбөр дээр ийм байна, өмнө нь ийм байсан байна шүү гэдгийг тайлбарлана. Өнөөг хүртэл хэдхэн сургуулиудаа камержуулчхаж чадахгүй найман жил явж байна даа бид. Ийм байж болохгүй ээ гэдгийг л сэтгүүлчийн хувьд хэлээд байгаа юм.

-Эрх баригч намаа иргэдийн хувьд гол шаарддаг зүйл бол ажлын байр бий болгох. Мэдээж сонгуулийн үеэр хэдэн мянган ажлын байр бий болгоно гэж амлаж л гарч ирсэн болов уу?

-2020-2024 онд Ардын нам 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Гэтэл Ч.Ундрам гишүүн ажлын тайландаа 41 мянган ажлын байр бий болгож, хадгалсан гээд биччихсэн байх шиг (инээв). МАН-ын 4 жилийн мөрийн хөтөлбөрийн амлалтын бараг 1/3 -ийг ганц гишүүн нь хийсэн байна гэж ойлгохоор. Өнөөдөр шинээр ажлын байр бий болсноос илүү өмнөх тоо нь цөөрсөн гэж хэлэх хүн олон байгаа байх бэ. Биелсэн биелээгүй юмнууд маш их байна. Цаашдаа бид энэ амлалтуудад яах ёстой вэ. Ерөөсөө л амлалт нь ямар түвшинд биелэв, аль нь биелээгүй байна гэдгээр нь тухайн улс төрийн нам, улс төрчийг дүгнэх хэрэгтэй. Яг энэ агуулгаар манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн амлалтуудыг нь шаардах ёстой. Бид ийм байдал руу шилжихгүй бол зүгээр л нэг тал нь амлаад л, мартуулаад дахиж гарч ирээд амладаг байдлаар явж болохгүй. Энэ нь өөрөө улс орны хөгжлийг хойш татсаар л байна. Магадгүй иргэд сонгогчид бид өөрсдөө энэ сонгогчийн боловсролдоо төдийлөн ач холбогдол өгөөгүй, анхаараагүй ийм байдлаасаа болоод ч амлалтуудад хууртагддаг, амлалтуудыг нь нэхэж улс төрийн тэмцэл өрнүүлж чаддаггүй байх. Тиймээс бидний хувьд амлалтыг нь нэхэх, асуух, тодруулах зарчмын асуудал үүсгэн тавьж байгаа гэсэн үг.

-Нэг талдаа амлалт гэдэг бол тухайн төлөөллөө болгож явуулсан хүний дахиж сонгох, сонгогдох хэмжүүр болгох ёстой гэдгийг та хэллээ. Тэгэхээр иргэдийн хувьд дөрвөн жилийн хугацаанд бас мартдаг. Ерөөсөө ганц нэг өөрт ашигтай юмаа л мэддэг. Тэгэхээр яг энийг Амлалт.мн энэ төслөөрөө иргэдийн ой санамжийг сэргээх, сэлбэх, сануулах. Цаашид үүгээр дамжуулан иргэдийн улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлтэй төсөл гэж ойлгоод байна, зөв үү?

-Яг тийм. Магадгүй зарим хүмүүс яагаад энэ цаг үед энийг яриад байна вэ гэж хардаж магадгүй. Бид өмнө нь байнга ярьж, байнга сануулж ирсэн. Амлалт.мн сайтын зорилго чиглэл ч үүнд оршдог. Гэхдээ яг сонгуулийн өмнө нэг талаасаа бид сайтаа танилцуулах, хүргэх. Нөгөө талаасаа иргэд өөрөө сонгогчийн боловсролынхоо хувьд хэн, хэн нь юу гэж ярьж байсныг нь эргэж санах, үнэлэлт дүгнэлт өгөх. Гэхдээ хувь хүн өөрөө гаднын ямар нэг нөлөөгүй тэр боломжийг нь олгож байгаа юм. Цаашдаа ч гэсэн бид нийслэлийн намын нийслэлд хэрэгжүүлсэн амлалтыг намар болох орон нутгийн сонгуулийн хүрээнд дахиад л асууж, тодруулна гэсэн зорилготой байна.

 

Categories
мэдээ улс-төр

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.06.05/ өнөөдрийн үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн хэмээлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Хууль болон тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжиж, эцэслэн батлав.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн илтгэв.

Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулахын сацуу хууль болон тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг нэгдсэн журмаар явуулна гэснээр хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

2001 оноос хойш хэрэгжихгүй байсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг төслийг баталсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэв.


Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших дөрөв дэх сонсгол юм. Нийтийн тээврийн автобус худалдан авах үйл ажиллагаанд хамаарах баримт бичиг, материалыг нийт 20 байгууллага албан газраас, нотлох баримтын 6729 хуудас баримт бүрдүүлсэн. Нөхцөл байдалтай танилцахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банк, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, “Тэнүүн-Огоо” ХХК-д очиж ажиллажээ. Нийт 8 хянан шалгагч, шинжээчийг томилж, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагын төлөөлөл, урилгаар Үндэсний аудитын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудыг оролцуулсан. Зургаан асуудал хөндсөн сонсголд 96 гэрч оролцохоос 66.7 хувь нь ирсэн. Нээлттэй сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, иргэний төрд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлж, томоохон өөрчлөлтийг авчрах үр дүнтэй хэмээн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга танилцуулаад, хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтийг илтгэв. Уг асуудал нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа тул хууль хяналтын байгууллагаар шалгах саналыг тусгаагүй бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд таван санал боловсруулсныг танилцууллаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор хангаж хуулийн дагуу зохион байгуулах, үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлаж, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Сонсголд гэрчээр дуудагдсан этгээд нь гишүүний бүрэх эрх, халдашгүй байдалд халдаж, зүй бус үг хэллэг хэрэглэн сонсголын дэг зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллагын шат, шатны үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, автотээврийн салбарт бодлогын түвшинд шийдвэр боловсруулах чадвартай хүний нөөц бэлтгэх асуудлыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын 2-т “Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойших 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай” заалтыг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох шаардлагатай гэсэн саналыг ирүүлжээ. Ийнхүү Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлан, санал, дүгнэлтээ танилцуулж, Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хянан шалгах түр хорооныхонд талархал илэрхийлээд, сонсгол явуулахад амаргүй байсан талаар өмнөх Түр хороод, Ажлын хэсгийн туршлагад тулгуурлан дурдлаа. “Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” гэсэн хуулийн заалттайг тэрбээр сануулсан. Түр хорооны саналын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан.

113 хуулийн төслийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, хуралдаан даргалагч үдээс өмнөх хуралдаан болон түрүүхэнд Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн хууль, тогтоолуудын төслүүдээр нэг бүрчлэн санал хурааж эхэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60,8 хувь нь дэмжсэнээр батлав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр жилийн турш томилолтоор явж, хэлэлцүүлсний эцэст Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх Булган уул дархан цаазат газрын нэг болж батлагдаж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул баталлаа. Мөн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг баталж, Хянан шалгах түр хороог татан буулгасанд тооцов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.  Энэ өдрийн хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулах тухай Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дугаар захирамжийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан гаргаж, танилцуулж байна гэсэн юм. Захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх мөрдөн хэмээв.

Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан хэмээн онцоллоо. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.

Тэрбээр, хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна…2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан.  Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна… Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СОНГУУЛЬ-2024: Нэгдсэн болон зурагт самбарын байршлыг тогтоосон сум, дүүргийн ИТХ-ын тогтоол DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах, байршлыг тогтоосон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

May be a graphic of 1 person, blueprint, floor plan and text

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • “Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаар
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар /Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний талаар/
  • “”Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.