Categories
мэдээ улс-төр цаг-үе

ТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийх саналтай гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал дэмжигдсэн тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан зарчмын зөрүүтэй саналыг  хууль тогтоолын төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн бүтэц, төрийн албан хаагч, төрийн өмчит компаниудын данхгар бүтцийн асуудалд нарийвчилсан судалгаа, тооцоо хийхэд Засгийн газарт чиглэл өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал боловсролын салбарын санхүүжилтийн босгыг заасантай холбогдуулан Сангийн яамны байр суурийг тодруулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн хэмээн заасны дагуу санал хураалт явуулсан.

Энэ тухайд  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувиар хязгаарлалт хийсэн атлаа нэг салбарын хөгжлийн асуудлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хүргэхээр шийдэх нь бусад салбар хоорондын хөгжлийн тэнцвэр алдагдах үр дагавартай, мөн хөрөнгө оруулалтын арга хэмжээг үр дүнтэй урагшлуулах саналд дахин аудит хийх санал оруулах нь ажлын хэсгийн үзэл баримтлалтайгаа зөрөлдөж байна гээд горимын санал гаргалаа.

Ингээд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Үүрийнтуяа нарын дэмжигдсэн саналаар дахин санал хураалт явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь тус тус дэмжсэн.

Иймд “Боловсролын салбарт зарцуулах төсвийг нэмэгдүүлэх, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжпийн зорилго 2030, Боловсрол 2030, Инчоны тунхаглалын зорилтыг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгамжийг сайжруулах, багш, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг тооцох шинэ аргачлал нэвтрүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор 2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас багагүй эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар тооцон боловсруулж, өргөн барих, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зардлыг холбогдох хуулийн дагуу дараа жилийн төсөвт суулгаж өгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах” Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн санал болон “2025 оны улсын төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, төсөвт өртгийг тооцож, магадлал хийх эрх бүхий этгээдүүдийн үйл ажиллагаа холбогдох хуулийн хүрээнд шударга явж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах ажлыг зохион байгуулж, үр дүнг 2025 оны эхний хагас жилд багтааж Улсын Их Хуралд танилцуулах” гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн саналаар дахин санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ DNN.mn

Монгол Улсын Их хурлын /2024.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнх-Соёл танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав. Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.

“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж болно, тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнийг үндэсний аудиттай адилтгаад олон улсын аудитын байгууллагаар хийлгэх заалтыг давхцаж байна гээд хассан байна. Төрийн өмчит компаниудын реформыг хийхэд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар хийлгэх нь чухал ач холбогдолтой. Мөн Тиймээс энэ заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Түүний дараа 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.  Эхлээд Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал бүрийг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайныг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө гэсэн найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс  “Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэснийг хасах гэсэн саналыг дэмжихгүй байр суурийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Тэрбээр, 122 төрийн өмчийн компани ажиллаж байна. Олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлэх заалтыг хасаж байгааг дэмжихгүй байна. Нэн ялангуяа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад олон улсын аудит оруулж, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн анхны төслөөр нь буюу олон улсын аудитын байгууллагаар аудит оруулж болно гэсэн заалтыг хэвээр үлдээхийг хүсэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, дээрх заалт хуульд байсан эсэхээс үл хамааран олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар аудит хийлгэдэг. Олон улсын аудит өндөр үнэлгээтэй, үндэсний аудитын байгууллага шиг төсвийн дотоод асуудалд аудит хийдэггүй. Тиймээс олон улсын ямар аудитын байгууллагаар аль төрийн өмчит компанийг шалгуулах гэж байгаагаа тодорхойлж, төсөвт хөрөнгөө оруулж ирэх ёстой учраас заавал хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн, дэмжээгүй байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхсайхан, С.Зулпхар нар хууль болон тогтоолын төслүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ийнхүү хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулийн төслүүдийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан байна. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан талаар Төсвийн байнгын хорооны дарга танилцууллаа.

Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээн авсан бөгөөд цаг хугацаа тулсан энэ өдрүүдэд төсвийн хэлэлцүүлгийг аль болох үр дүнтэй явуулахад бүхий л талаар анхааран ажиллаж байна. Гэвч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байсаар байгааг дурдахаас аргагүй байна гээд, 2025 оны төсвийн төсөлд нийт зардлыг анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгөөр бууруулан, тэнцлийг алдагдалгүй болгож өргөн барьсан хэдий ч төсөв хэт өндөр зардалтай, учраас түүнийг дагаад төр үрэлгэн, нүсэр бүтэцтэй хэвээр байна гэдгийг онцолж байв.

Түүний дараа Төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.

Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.

Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.

Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг  тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийвТөсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу  явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд  Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.

Нэг кластерт арван өрхийг хамруулан, өөрийн гэсэн газартай, өдөр бүр орлого олж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Тухайлбал, Б.Оргилынх 2024 оноос фермерийн аж ахуй эрхэлж байна. Энэ өрх 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү сааж, борлуулж байна. Мөн төрийн бодлогоор сүүний урамшуулал олгож байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болж байгааг энэ үеэр хэллээ.

Одоогоор гурван фермийн 30 өрхийн 100 орчим иргэн байнгын ажлын байртай болж, дотоодын сүүний үйлдвэрүүдийг есөн сая литр сүүгээр хангаад байна.

Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг бүтэн жилийн турш олговол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, малчид хорших томоохон хөшүүрэг болохыг “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс ярилаа.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татварын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн кластерын фермийг хөгжүүлэхэд шаардлагатай 1,000 толгой сүү, махны хосолмол цэвэр үүлдрийн үнээг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлбэл 2030 он гэхэд цөм сүрэгтэй болох боломжтойг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судаан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн тухай “Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Н.Болдбаатар нар танилцууллаа.

Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчдыг, цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмснээр бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.

Тус сургуульд суралцагч 1,800 хүүхдэд өдөрт тус бүр 200 гр цэвэр сүү нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулж байна.

“Харүмафүжи сүүний ферм” нь Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй, нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү авдаг, хог хаягдал гаргадаггүй, эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг “Пастерийн арга” нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төвд 1,700 орчим хүн ажиллаж байна.

Шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна.

Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд  өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг хэлж байлаа.

Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна.

Тухайлбал: 2020-2021 онд 4 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул)-ийн 8 үйлдвэр, 2021-2022 онд 5 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон)-ийн  12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд сүү нийлүүлж, урамшуулалд хамрагджээ.

Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ.

2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна. 

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны арванхоёрдугаар сары 11-ний өдөр хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 ·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ улс-төр

БСШУСБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр (2024.12.10) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Улсын Их Хурлаас Засгийн газарт өгсөн алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэлийн дагуу зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг дурдсан юм. Үүний хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулахгүй байх зарчмыг баримталсан хэмээн танилцуулав. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн зарим байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна. Харин зардлыг бууруулах хүрээнд төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан гэв. Тодруулбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг бууруулсан байна. Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг хассан байна. Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.

Эдгээрээс гадна  байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаар төсөл санаачлагч шийдвэрлэжээ. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулах юм байна. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж байгаа аж.

Түүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаарх танилцуулгыг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав хийлээ. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч анхаарах асуудлыг танилцуулсан байна.

Хуулийн төсөл санаачлагчдаас Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, О.Батнайрамдал нар Боловсролын зээлийн сангийн зардал хэрхэн хасагдсан талаар, УИХ-ын гишүүн Б.Найдалаа боловсролын салбар, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих зардлыг бууруулж, соёл, спортын салбарын зардлыг танасан нь ямар эрсдэл дагуулж болох талаар асуув. Боловсролын сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг барихад 580 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч 26 тэрбумыг хассан. Өөрөөр хэлбэл, энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар тендэр нь зарлагдаагүй 14 төсөл, хөтөлбөрийг хассан. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөс 17,5 тэрбум төгрөг хасагдсан. Цаашид зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, тус сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Үүний тулд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана гэсэн хариулт өгсөн. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, соёл, спортын салбарын хөтөлбөр арга хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт 12,7 хувиар буурч байна. Өөрөөр хэлбэл, манай салбарын урсгал зардал 75 тэрбумаар багассан. Тэр дундаа үндэсний шигшээ багуудын бэлтгэлийг хангах зардал 60 хувиар буурсан учир дараа, дараагийн олимп зэрэг тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд тамирчдын оролцох асуудал бэрхшээлтэй болсон гэв.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсрол тэргүүлэх салбар учраас Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөлд багтааж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн шийдвэрлэх боломж буй эсэх талаар лавлахад, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхний 3 нь буюу нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлээд байна. Бусад төслүүдийг олон талт эх үүсвэрүүдээр санхүүжүүлэн хэрэгжүүлэхэр  төлөвлөсөн. Мега төсөл гэдэгт эдийн засгийг дэмжих арилжааны бүтээн байгуулалтыг оруулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтийг шууд дэмжих бүтээн байгуулалт багтаж байгаа. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, төсөв тэлнэ. Тэр хэрээр хөрөнгө оруулалт нийгмийн, тэр дундаа боловсролын салбарт түлхүү чиглэдэг. Тэгэхээр нийгмийн салбарын хөрөнгө оруулалт нь энэхүү  мега төслүүдээс ялгаатай гэдгийг ойлгохыг хүсье хэмээн харулсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хүүхдийн хоолны зардлыг хэрхэн нэмэгдүүлж буй талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын төсвөөс нийт хичнээн төгрөг хасагдсан талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир боловсролын хувьсах зардлыг хэрхэн танасныг тус тус тодруулахыг хүслээ. Боловсролын сайд П.Наранбаяр, хоол, хүнсний зардал 2024 онд 130 тэрбум 336 сая төгрөг байсан бол 178 тэрбум 121 сая төгрөг буюу  48 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх, ерөнхий, насан туршийн боловсрол, мэргэжлийн болон техникийн сургуулийн хувьсах зардал өмнө нь батлагдаж Ерөнхийлөгч хориг тавьсан төсвөөс буурсан. Гэхдээ 2024 оны төсөвтэй харьцуулахад өссөн байна. Алдагдалгүй төсөв батлах зорилгоор боловсролын салбараас анх 400 гаруй тэрбум танахаар төлөвлөж байсан боловч эцсийн дүндээ 152 тэрбум буюу 3,6 хувиар бууруулсан. Боловсролын салбарт 189 төсөвт өртөгт  арга хэмжээг 1,3 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөв өргөн барьсан. Үүнээс 2025 онд 472 тэрбум 667 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 85 сургууль, 20 дотуур байр барина хэмээн онцолсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан ийнхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.  Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Бум-Очир, Д.Үүрийнтуяа нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонхын саналаар шийдвэрлэв.

Мөн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдөд Хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардуулав DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан санаачилж, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгууллаа. Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн төгсөгчдөд өнөөдөр (2024.12.10) хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардууллаа.

Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Д.Бумдарь чиглүүлэгчээр ажиллав. Тэрбээр оюутан залууст Олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргээд, хөтөлбөрийн зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хөтөлбөрийн оролцогчид энэхүү онцгой өдрөөр хүний эрхийн сургагч багш болж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид..” хэмээн эхэлдэг нь монгол төр иргэнийхээ төлөө оршиж байгааг илэрхийлнэ. Хүний эрхийг хамгаалахад эрхээ мэддэг иргэнтэй байх нь чухал. Өнөөдөр та бүхэн эрхээ мэдлээ, цаашлаад олон хүнд түгээнэ. Үүгээрээ энэ хөтөлбөр чухал ач холбогдолтой. Улсын Их Хурал үүнд анхаарал хандуулж, хүний эрхийн сургагч багшийг сургах хөтөлбөрийг эхлүүлж байна. Эрх эдэлдэггүй хүн гэж байхгүй. Тиймээс хэн бүхний мэдэх ёстой мэдлэгийг та нар түгээх болно. Эрх, эрх чөлөөгөө мэддэг үнэ цэнтэй иргэн нь ардчилсан Монгол Улсын үнэт зүйл, улсын хөгжлийн үндэс. “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрөөс сурсан мэдсэн бүхнээ та бүхэн баяжуулж, мэдлэг, чадвараа хөгжүүлж, бусдын төлөө дуугардаг хүний эрхиийг хамгаалагч болох боломжтой хэмээгээд оюутан залууст амжилт хүсэв.

Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан залуус хөтөлбөрийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх ойлголтыг авч,  хичээл сонсож суралцсан юм. Мөн Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагаатай танилцсан.

“Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн оролцогчид төгсөлтийн арга хэмжээний үеэр зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан талаараа илтгэл танилцуулсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид төгсөгчдөд баяр хүргэлээ. Тэрбээр “Хөтөлбөрийн явцыг харахад ирээдүй гэрэлтэй харагдаж байлаа. Хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд нэн тэргүүнд дүрэм, журам хуулийн үндэслэл хэрэгтэй гэдгийг суралцсан. Хоёрдугаарт, механизм хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, мэдлэгийнхээ хүрээнд үнэлгээ хийсэн байна. Гуравдугаарт, хүн хамгийн чухал бөгөөд эрхээ мэддэг хүн бусдын эрхийг зөрчихгүй, цаашилбал эрх нь зөрчигдөж байгаа нэгнийг хамгаалах мэдлэгтэй болж байгаа юм. Та бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд оролцдог, хувь нэмрээ оруулдаг иргэн болж байгаа нь үнэхээр чухал. Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, шударга байдлыг дэмждэг иргэн бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Та бүхэн нийгмийнхээ үнэт зүйл болж байна” гэв. Оюутан, залуус хөтөлбөрийн хугацаанд сурсан онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулсан, бусдад заах явцдаа бүр ихийг суралцана хэмээгээд тэрбээр амжилт хүсэв.

Хүний эрхийн дэд хорооны дарга, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд арга хэмжээний төгсгөлд технологи нийгмийн амьдралд нөлөөлж буй түүх, баримтуудыг хуваалцаад “Цаг үеийн өөрчлөлт буюу технологийн хөгжил нь хүний эрхийн шинэ тутам зохицуулалт шаардаж, шинэ тутам философийн асуулт үүсгэж байдаг. Хүний эрхийн өнөөдрийн төлөв байдал ирэх 10, 20 жилд өөр түвшинд хүрнэ. Өнөөдөр бид чадах хэрээрээ хичээж, сайн сайханд хүрэхээр эрмэлзэж байна. Та нарын үед шинэ түвшинд хүрнэ, асуудлын зохицуулалт ч өөр байх нь лавтай. Та бүхэн эндээс сурсан мэдлэгтээ тулгуурлаад  асуудлаа шийдэхийн тулд үргэлжлүүлэн эрэл хайгуул хийх болж байна” хэмээгээд хөтөлбөрийн нийт оролцогч, зохион байгуулагчид, хүний эрхийн талаарх мэдлэг, үйл ажиллагааг түгээхэд дэмжин ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Ийнхүү их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн төгсөгчдийн батламжийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан.

Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь иргэндээ ээлтэй байхаас эхлэх ёстой.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасан юм.

Мөн манай улс хүний эрхийг хангахад залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан дээрх аянд нэгдэж,  үйл ажиллагаагаа “Бидний эрх, бидний ирээдүй сургагч багш”-ийн хөтөлбөрөөр эхлүүлэн их, дээд сургуулийн 100 оюутан залуусыг хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэж байна. Залуучууд маань хүний эрхийн талаар сурсан мэдлэгээ бусдад түгээх нөлөөллийн аян өрнүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II төслийг орон даяар хэлэлцүүлэн, иргэдийн санал бодлыг бодитоор тусгасан хөтөлбөр болгох юм.

Хүний эрх, эрх чөлөөний талаар цаасан дээр тунхаг, уриа лоозон төдий биш, бодит үйл хэрэг болгох, эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг  иргэдтэй  улс болоход хүний эрхийг хамгаалагч залуусын  оролцоо, хувь нэмэр, санаачилга маш чухал юм. Иймд хүн бүрийг, тэр дундаа залуусыг эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө яг одооноос үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын шийдэлд оролцоогоо нэмэгдүүлэн нийгэмд тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж байна.

Монгол Улсын иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр дараах байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2024.12.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
ХОЁР. БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

09.00 “Их засаг”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·  Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Тусгай хяналтын дэд хороо ·      Бусад /хаалттай/ 11.00 “Их засаг”
4 Төсвийн байнгын хороо ·   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ улс-төр

С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүний хувьд би Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Уг хороонд зургаан Ажлын хэсэг байгаагийн нэг нь Олон нийттэй харилцах ажлын алба. Энэ хүрээнд салбарын нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулахаар 103 УИХ-ын гишүүний гарын үсгийг цуглуулж, дэмжих бүлэг байгуулж, ажлаа амжилттай зохион байгуулж байгаа. Эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг олон тэрбум төгрөгийг хэвлэлд тараасан гэж гүтгэж байна. Энэ бол улстөржилт гэж бодоод, хувь хүний зүгээс ач холбогдолгүй өгөхгүй, орхиж байлаа. Гэтэл өчигдөр Ажлын хэсгийн хуралдаанаар Эрчим хүчний үндэсний хороо 2025 оны төсөвт найман тэрбумыг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж тусгасан гэдэг мэдээллийг мэдээд үнэхээр цочирдлоо. Эрчим хүчний үндэсний хорооны төсөвт ийм зардал тавигдаж байгааг гишүүдэд хэлээгүй, танилцуулаагүй. Ийм учраас ийм байдлаар би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж харж байна. Хэвлэлд ийм өндөр зарцуулахаар төсөвлөж байгаа нь сэжигтэй, хариуцлагагүй асуудал. Ажлын хэсгийн ахлагчтай зөвшилцөхгүй байна гэдэг нь болчимгүй үйлдэл. Иймээс би энэ ажлын хэсэгт цаашид ажиллах боломжгүй болж байна. Миний нэрийг ашиглаад, улсын төсвөөс ийм их мөнгө гаргуулахыг би зөвшөөрөхгүй. Бид төсвөө танах ёстой гэж ярьдаг. Гэтэл хариуцаж байгаа ажлын хэсэгт нь ийм их төсөв зарцуулахаар тусгаж байгаа гайхаж байна. Ажлын хэсгийнхэн надад яагаад мэдээллээ танилцуулаагүй юм бэ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.12.09) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авч алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 онд төсвийн төслийг шинэчлэн боловсруулсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдаад, зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг нэрлэсэн юм. Юуны өмнө, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хуул зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүх, прокурорын байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг хэвээр үлдээсэн байна. Бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардал, мөн соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардал, төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь, байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгах, харин гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулах, гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын болон бусад төслийн зээлийн ашиглалтыг мөн хойшлуулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Харин хөрөнгө оруулалтын “Хавдар судлалын Үндэсний төв-II” төслийг нэмжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, зарлагыг бууруулсантай холбогдуулан нийт орлогыг 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай болохоор гарсан байна.

Хэлэлцэж буй Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцууллаа. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хамаарах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын төсвийг 424.2 тэрбум төгрөг буюу суурь тэнцлээс 70.1 тэрбум төгрөгөөр бууруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийг 412.8 тэрбум буюу 342.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Зам тээврийн сайдын төсвийг 110,7 тэрбум төгрөгөөр буюу 1535.5 тэрбум төгрөгөөр бууруулж, Эрчим хүчний сайдын төсвийг 7.9 тэрбум төгрөгөөр бууруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийг 49.4 тэрбум төгрөгөөр бууруулж 2025 оны төсвийн төсөлд тус тус тусгасныг тэрбээр дурдаад, юуны өмнө гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл, уулын уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэл байгааг тооцох, цаашид төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг тогтвортой мөрдөж, төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулахгүй байх, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг дээшлүүлэх шаардлагтайг болон цахим систем болон ТЭЗҮ боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлгүй тооцож үр ашигтай төсөвлөхөд сөргөөр нөлөөлж буйг онцолсон юм.

Төсвийн урсгал зарлагыг хумьж зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 оны төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай гэж Ерөнхий аудиторын орлогч дүгнэлтдээ тэмдэглэж, төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэлээ.

Сангийн сайдын хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Хөвсгөл аймгийн сумдад байгуулагдах бяслагны үйлдвэрүүдийн талаар болон Засгийн газрын агентлаг Ургамал хамгааллын газрыг шинээр байгуулах талаар асуув. Мөн тэрбээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд улсын төсвийн хөрөнгөөс урамшуулал олгосоор байгаа боловч сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байгаа нь эдгээр урамшуулал үр дүнгүй байгааг илэрхийлж байгаа эсэх талаар асууж хариулт авсан юм. Хөвсгөл аймгийн сумдад баригдах бяслагны үйлдвэрүүдийн төсөл 2025 онд төсвөөс санхүүжүүлснээр хэрэгжилт нь дуусах бөгөөд аймаг, сумдыг нэрийн бүтээгдэхүүнтэй болгох бодлогын хүрээнд явуулж буй ажил гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурлаас баталсан Хүнсний хувьсгал, Атрын IV аян, Цагаан алт, Шинэ хоршоо гэсэн дөрвөн том хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкуудаас авч буй зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төсвөөс олгож буй бөгөөд эдгээр хөтөлбөр бодитой, тодорхой үр дүнтэй явж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут уул уурхайн компаниудын үндсэн бүтээгдэхүүний зэрэгцээ “эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элемент”-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тавьж, ихээхэн дарамт үүсгэж байгаагийн учрыг асууж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй татварын маргааныг шүүхээс тус үйлдвэрийн талд шийдвэрлэсэн тул шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй гэсэн юм. Энэхүү дагалдах элементийн асуудал бүх аж ахуйн нэгж дээр үүсэж байгаа учир хуульд зохих өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар мэдээлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан АМНАТ бол татвар бус төлбөр бөгөөд уг төлбөрийг тухайн аж ахуйн нэгж ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалан авдаг гэсэн юм. Хэрэв дагалдах элементүүдийг АМНАТ-өөс чөлөөлнө гэсэн заалтыг хуульд оруулчихвал уг асуудал шийдэгдэх боломжтой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн чанаргүй зээлийн хэмжээ ямар байгааг болон Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр, хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн ажилд тавих хяналтын талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгохоор тусгасан талаар асууж, хуулийн зохицуулалттай энэ асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар явуулахаар хуулийн төсөл оруулж ирж байгаа нь ямар учиртай болохыг лавласан юм. Мөн тэрбээр Евро-Азийн эдийн засаг, худалдааны гэрээ байгуулах асуудал яригдаж, үүгээр манай улс дотооддоо үйлдвэрлэдэг өргөн хэрэглээний хүнсний барааг импортын татваргүй болгохоор байгааг эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг гэрээнээс хасах талаар Засгийн газар ажиллах хэрэгтэй гэлээ. Түүний асуултад хариулахдаа Сангийн сайд Б.Жавхлан Евро-Азийн эдийн засаг, худалдааны гэрээ байгуулах асуудлыг үе үеийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил эрчимтэй хөөцөлдөж ажилласнаар одоо эцэслэх шатандаа орсон гээд, импортын татварыг тэглэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний цохилт ирэх тул үүнийг сайтар тооцоолж ажиллах шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний чанар муугаас утаа ихсэж, хортой байдал нь нэмэгдэж байгааг ард иргэд эсэргүүцэн төв талбайд жагсаал хийж байна гээд, энэ компани нийслэл Улаанбаатар хотын мэдэлд шилжсэнээс хойш хотын удирдлагууд хийн түлшинд шилжих тухай ярих болсонд Засгийн газар ямар байр суурьтай байгааг асуув. Мөн, байгалийн хийн орд, нөөцийн илрүүлэх талаар хийж байгаа судалгаа, хайгуулын ажил, төсвийн төсөлд тусгагдсан ач холбогдол багатай төслийн санхүүжилтийг ач холбогдол бүхий төслүүд рүү шилжүүлэн ашиглаж болох эсэх болон Засгийн газраас гаргах баталгааны талаар асууж хариулт авав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Өмнөговь аймгийн Тавантолгойн бүлэг орд, мөн Төвийн бүсэд Налайх, Бөөрөлжүүдийн орчимд метан хийн хайгуул, судалгаа хийж байгааг мэдээлсэн юм. 2025 онд Засгийн газарт 1.0 тэрбум ам.доллар хүртэлх баталгаа гаргах эрх олгож байгааг Сангийн сайд Б.Жавхлан дурдаад, гэхдээ яг баталгаа гаргах шийдвэрийг Улсын Их Хурлаас тухай тухайн үед гаргаад явдаг бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслүүдэд улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт болон Засгийн газрын баталгаа гаргах асуудал одоогоор тусгагдаагүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төсвийн төсөл, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн бодлогуудтай уялдуулан, байршил, газар нутгаар нь тодорхой төлөвлөх шаардлагатай гээд, төсөл, арга хэмжээний хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц, боломжоор хийж болох ажлуудыг цаашид улсын төсөвт тусгахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга энэ оны санхүүжилтээр Хөвсгөл аймгийн бяслагны үйлдвэрүүдийн төсөл дуусна гэдгийг магадалж, Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхэлсэн Арьс, ширний үйлдвэрлэл, технологийн паркын цэвэрлэх байгууламж барих ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар төсвийн төслийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн, аж ахуй эрхлэгчид болон ард түмэнд төсвийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг ямар хэмжээнд өгсөн талаар асуув. Мөн тэрбээр хөнгөн үйлдвэрийн болон хүнд үйлдвэрийн хуулийн төслүүдийг хэзээ өргөн барихыг холбогдох сайд нараас асууж, хариулт авлаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуульд заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа гаргав. Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоогдуулан гаргаж байгаа хуулиудыг тухайн төсөв хэрэгжиж эхлэх цаг хугацаатай уялдуулан дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн 21 хувь буюу 300 мянга гаруй ажлын байрыг шингээж буй хөдөө аж ахуйн салбарын төсөл боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх гэсэн заалт нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, 10 хувиар бууруулах зардлуудын дотроос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоолны зардлыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа гаргав. Эдгээр саналыг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир илэрхийлсэн юм. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналууд болон хууль, тогтоолын төслүүдийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Энхтүвшин нарын гаргасан саналын дагуу Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэт Тавантолгой” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Байнгын хорооны тогтоолоор, ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, биелэлтийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатарт үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.