Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна DNN.mn

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын багцын нийт 112 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 918.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 849.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 69.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 42.0 хувь буюу 386.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 24.2 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Монгол улсын ерөнхий сайд, 19.7 хувь буюу 180.9 тэрбум төгрөгийг Монгол улсын шадар сайд, 12.5 хувь буюу 115.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 1.5 хувь буюу 14.0 тэрбум төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 41.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулжээ.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 414.3 сая төгрөгийн 27 зөрчил илэрснээс 5.6 сая төгрөгийн 6 төлбөрийн акт тогтоож, 22.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 6 албан шаардлага хүргүүлж, 385.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 15 зөвлөмж хүргүүлжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 186.4 сая төгрөгийн 8 зөрчил илэрснээс 12.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, 173.8 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн аж.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн тайланд 94 тайлан нэгтгэснээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 57 байгууллагыг түүвэрт хамруулсан байна.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд  “Өөрчлөлтгүй”, харьяа 31 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 76 зөрчил илэрснээс 21.5 сая төгрөгийн зөрчилд 4 төлбөрийн акт тогтоож, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлага хүргүүлж, 1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 56 зөвлөмж өгсөн байна.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс, 34.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 9 зөрчлийг арилгах зөвлөмж өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулан, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 66.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулав.

Аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудалд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах;
  • Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, орлогын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах;
  • Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн A/18/50 дугаар хамтарсан тушаалаар баталсан ‘’Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай‘’ журамд-байр түрээслэх, сургалтын төлбөр төлөх, суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулахтай холбоотой зохицуулалтуудыг тухайн орны онцлогт нийцүүлэн тодорхой болгох;
  •    Зэвсэгт хүчний харьяа ангиуд байрлаж байгаа болон эзэмшлийн нууц болон маш нууц шийдвэрээр олгосон газарт татварын хөнгөлөлт, чөлөөлт  олгох эсэх талаар судалж, шийдвэрлүүлэх;
  • Худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;
  • Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал бүрэн зарцуулагдаж байх учиртай. Байгууллагууд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтаа бүрэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж чадсан уу. Ямар байгууллагад хангалтгүй дүн гарсан бэ, яагаад ийм байдал үүсэв хэмээн тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яам төсөв батлагдсаны дараа төсвийн хуулийн хэрэгжилтийг хангахад, ялангуяа хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажилладаг. Улсын ирэх оны төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдангуут худалдан авалтыг зохион байгуулж, дараа оны 04 дүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалган ажиллаж байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 гаруй хувьтай гарч байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр үүсдэг хүндрэлтэй асуудал нь ажлын явц дунд валютын ханш болон зарим материалын үнийн өсөлтөөс үүдэн гардаг. Бид Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд ажлын гүйцэтгэл, явцтай нь уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 2023 оны гүйцэтгэлээр Шадар сайдын багц дээрх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувь, Эдийн засаг, хөгжлийн сайдынх 82,6 хувь, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 98 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 97 хувь, Батлан хамгаалахын сайдынх 100 хувь, Сангийн сайдынх 98 хувь, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 99 хувь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 95 хувь, Барилга, хот байгуулалтын сайдынх 97 хувь, Соёлын сайдынх 97 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 97 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 98 хувь, Эрчим хүчний сайдынх 99 хувь, Эрүүл мэндийн сайдынх 96 хувь, Цахим хөгжлийн сайдынх 98 хувь, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороон даргынх 99 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн кластер байгуулах төслийн гүйцэтгэл 50-60 орчим хувьтай харагдаж байна лээ. Гэтэл ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай гэж гарсан байх юм. Мөнгөө авчихаад ажлаа хийхгүй байна. Хяналтгүй, хариуцлага тооцдоггүй явдал газар авчээ. Үүнд тайлбар авья хэмээлээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн газар дээрх хяналтыг захиалагч нь тавьдаг. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төсөл, газар тариалангийн, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжиж байгаа. Нийт 10 тэрбумын төсөвт өртгөөс 4.2 тэрбумыг авсан. Захиалагч нь хяналтаа тавьж, гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дараад Сангийн яам руу илгээдэг. Сангийн яам түүн дээр нь үндэслээд санхүүжилтийг олгодог. Сангийн яам ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа асуудлыг онцгой анхаарч, тэдгээр компаниудад хариуцлага тооцож,  дахин тендерт оролцуулахгүй байх “саарал” жагсаалтад оруулан, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийнэ DNN.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, энэ сарын 13-27-ны өдрүүдэд УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар болсон.

Хэлэлцэх асуудал нэмэгдэж, өөрчлөгдсөн тул 3 хоногоор сунгаж, наймдугаар сарын 30-ныг хүртэл хуралдахаар болсон юм.

Маргаашийн хуралдаанаар:

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

Монголын улстөрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ! DNN.mn

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хуулийг баталж, парламентын засаглал тогтоод даруй 32 жилийг үдэв.

Түүнээс өмнө 1924 онд зөвлөлт загварын социалист үзэл баримтлалтай анхны Үндсэн хуулийг баталсан. Үүнээс хойшх 1940, 1960 оны Үндсэн хуулиудад мөнөөх социалист тогтолцооны суурь хадгалагдсан. Социалист Үндсэн хуулиудын гол онцлог нь төрийн эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэхэд оршдог.

Харин 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа герман суурьтай парламентын засаглалыг сонгож, түүгээр төрийн мэдлийн хуваарилалтыг хийсэн. Гэвч тэгэхдээ дэлхийн хаана ч байхгүй парламентын монгол загварыг бий болгосон байдаг. Өнгөн дээрээ парламентын засаглалтай гэх авч үндсэндээ хуйцай шиг засаглалын хэлбэрийг тогтоосон.

Үүний учир нь 70 жилийн турш “стан” хэлбэрийн, бусдын удирдлагад явж ирсэн Монголын улс төр цоо шинэ засаглалыг сонгож, түүгээрээ замнах бэлтгэл байгаагүй юм. Үнэн хэрэгтээ Монголын улстөрчид тэр чигтээ нуран унаж буй зөвлөлтийн системийнхэн байв. Хэдийгээр “Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бөгөөд бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой” гэдгээ ойлгож байсан ч “Засаглалын ямар хэлбэр Монгол Улсад тохирох, алийг нь сонговол хаана хүртэл явах вэ” гэдгээ сонгодог утгаар нь тогтоож чадаагүй. Тийм боломж ч байгаагүй. Чухам тийм шалтгаанаар парламентын засаглал нэртэй хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг юм. Ардчилсан хэмээх анхны Үндсэн хуулийн гол зохиогчид арга буюу Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэн нь ч атаман биш байх хувилбар бүхий Үндсэн хуулийг батлуулжээ. Түүнийг олонх судлаачид “Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх жинхэнэ Үндсэн хуулийн хоёр дахь шалгуурыг 1992 оны Үндсэн хууль давсан” гэдэг. Гэхдээ энэ нь бодит байдалтай яв цав нийцэхгүй. Үнэн хэрэгтээ анхны Ардчилсан Үндсэн хуулиас хойш Монголын төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хувааж эдэлсээр ирсэн. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалд гурвуулаа оролцоотой, тэдгээрт нөлөөлөх байдал нь давхцаж, ихэнх тохиолдолд Үндсэн хуулийн зарчмаас илт хол гажиг үүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр институц буюу төрийн гурван өндөрлөгийн хоорондын үүнээс улбаатай зөрчил улам хурцдах болсон. Явцын дунд Үндсэн хуулийн бус хуваарилалт үүсэж, эрх мэдэл нэг институц руу далдуур илэрхий шилжих процесс явагдсан. Энэ бол Үндсэн хуулиар эрх мэдлийн хуваарилсан ч парламетын засаглалыг монголчилсны үр дүн юм. Яг энэ нөхцөлийг Үндсэн хууль судлаачдын нэг хэсэг нь тойруу замаар, зарим нь шулуун хэлдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан 2015 онд МУИС-ийн ХЗС-ийн багш байхдаа “Бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч эсхүл хаан гэн нэг хүн хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг. Үүнийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх хангалттай нотолсон. Товчхондоо, төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн хэрэг. Энэ онолыг Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар нь анх тодорхойлж, АНУ-ын Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон” гэж бичиж байв. Гэсэн хэдий ч эцэст нь Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань Монголын төрийн хамаг эрх мэдэл болж хувирсан. Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллага биш, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх статусгүй боловч аль алийг нь харьяалдаг болчихсон. Тэр дундаа шүүх эрх мэдлийн хамгийн том хаан болсон. Түүгээрээ түрий барьж Монголын улс төрд, нийгэмд тэр чигт нь хяналтаа тогтоодог эзэн болж хувирсан. Үүнийг бүгд мэддэг. Гэхдээ хэн ч ярьж зүрхэлдэггүй. Ийм л болсон. Улмаар үүнд дулдуйдсан үе үеийн Ерөнхийлөгч “Монгол Улс парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой” гэсэн бодлогыг барих болсон. Монголын түүхэн дэх зургаан Ерөнхийлөгчийн Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бусад нь буюу тав нь ийм байр суурьтай байсан, байгааг энд онцлон хэлэх хэрэгтэй.

Ерөнхийдөө энэ хүсэл сонирхлоо нуудаггүй ч илэрхий дайран довтолж байгаагүй юм.Харин өнөөдөр энэ нь хүчтэй явагдаж эхэллээ. Парламентын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чиглэсэн ятгалга, сэнхрүүлэг эрчимтэй явагдаж байгаа талаар байнга яригдаж байна. Энэ нь уг үйл ажиллагаа парламент, эсхүл Үндсэн хуулийн цэц дээр хэрэгжих хувилбартайгаар төлөвлөгдсөнийг харуулж байна. Парламент уу, Үндсэн хуулийн цэц үү. Удахгүй тодорхой болно. Үүнд улс төр, хуулийн салбарын нөлөө бүхий зарим хүн хүчин зүтгэж буй юм. Бизнесийн нэр бүхий компанийн эзэд ч хөрөнгө санхүүгээ бариад дэмжихээр явж эхэлжээ.

Түүгээр зогсохгүй, сүүлийн үед Монголын улстөрчид парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гээд хоёр хуваагдаж байна. Одоо энэ хуваагдлаа ил тод зарлах л үлдлээ. Нэг үгээр хэлбэл энэ байдал нэлээд хурцдаж, далд үргэлжлэх аргагүй боллоо.

 

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаарх албан бичгийг тус зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсний дагуу холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа талаар Байнгын хороооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэсэн болохыг гишүүд сануулж байв. Тус зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилохдоо дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллахаар томилдог онцлогтой сануулж байв. Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаан болон үүнээс үүдэх үр дагаварын талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг 2021 оны 11 дүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдсон бөгөөд нэг жилийн өмнө чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан гэв. Тэрбээр салбартаа 26 жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Тус зөвлөлд ажиллах хугацаандаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсныг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд төвлөрч ажилласан бол үргэлжүүлэн шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хүрээнд эдийн засгийн хувьд бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн шүүхийн салбарын цахимжилтын чиглэлээр дэвшилт гаргахаар ажилласан болохоо дэлгэрэнгүй тайлбарлаад, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, Л.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний цөөнх буюу 41.7 хувь нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэлээ.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нийт 288 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 161 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 87 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 73.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвөөс 1 их наяд 129.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 21 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 229 тайлан нэгтгэснээс 140 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 89 байгууллагыг түүвэрт хамруулсан ба 134 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэлээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. 2 байгууллагын хувьд байгууллагыг түүвэрт хамруулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тухайн оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бол Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын ерөнхий прокурорын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар мөн “Өөрчлөлтгүй”,  Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж. Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн аж.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Тэрбээр манай хоёр улсын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа онцлоод, Монголын ард түмэн хүнд бэрх цаг үед Вьетнамын ард түмнийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа Элчин сайд онцлов.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл

-Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар

-Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар зэрэг 19 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Гэвч өчигдрийн чуулганы хуралдаанд ирц тааруу, сайд нар суухгүй байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын гишүүдэд нэлээд тулгаж өгсөн гэдэг шүүмжлэлийг гишүүд хэлж байна. Таны хувьд ч гэсэн чуулганы хуралдаан дээр хэд, хэдэн асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Яаралтай горимоор орж ирж байгаа хуулиудыг хурдтайгаар хэлэлцдэг

явдал нь УИХ-ын практикт байдаг л асуудал. Ийм тохиолдолд боломжит хэмжээндээ танилцаад л явдаг. Засгийн газрын төсөв, төлөвлөгөөг бид баталж өгдөг. Харин үүнийх нь хэрэгжилтийг бид ярих ёстой юм. Харамсалтай нь төсвөө батлуулах болохоороо сайд нар хуралдаа суучихаад төсвийнх нь гүйцэтгэлийг ярих гэхээр үзэгдэхгүй байна гэдэг буруу л асуудал шүү дээ. Ажлынхаа тайланг тавьж чадахгүй юм бол яах гэж сайд болсныг бас ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг нэхэх, шаардах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Үүнийгээ л нэхээд байгаа юм. Улаанбаатар хотын үер усны асуудал сүүлийн жилүүдэд хэцүү байгаа. Үүнтэй холбоотойгоор би өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдөр “Авлига хороолол” гэгдсэн нэг газрын асуудал байна. Энэ бол Монгол Улс хуульгүй, дүрэмгүй юм шиг даналзаж байгаа газар. Газрын наймаа, авлигын тод бэлгэ тэмдэг болчихсныг бүгд мэдэж байгаа.

Үүнийг Засгийн газар, Хотын дарга нь шийдвэр гаргаад зогсоох ёстой. Хэн техникийн нөхцөлийг нь өгчихсөн юм. Бүгдийнх нь нэр ил байгаа шүү дээ. Түүнийг нь ил болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) чуулган дээр энэ талаар асуухаар бие бие рүүгээ чихээд “мэдэхгүй” гээд сууж байна. Хотын даргынх нь гаргасан шийдвэр заавал шүүх дээр очиж унаж байх ямар хэрэгтэй юм. Унахгүйгээр Хотын даргын захирамж гаргаж болно шүү дээ.Хот байгуулалт, барилга, орон суужлуулалтын яам нь яагаад үүнийг явуулаад байгаа юм, яагаад дуугардаггүй юм. Бид авлига, шударга ёс яриад байгаа бол энэ ард түмнийг доромжлоод байгаа хорооллыг зогсоох ёстой. Хотын газрын наймаа төгсгөл болох нэг цэг нь үүнийг гэж би үзээд байгаа юм. Хоёр жил гаруй энэ асуудал дээр дуугарч байна.

-Одоо бараг барилгын ажил нь дуусч байгаа юм биш үү?

-Тийм юм шиг байна лээ. Ер нь хууль, дүрэмгүй юм шиг аашилсан л газар байгаа шүү дээ. Харин хуультай, эзэнтэй улс юм бол үүнийгээ харуулах цаг нь болсон. Үүн дээр Засгийн газар, Хотын зүгээс ажиллах ёстой. Би ч үүнийг нэхнэ, ярина. Хэн зөвшөөрөл өгч газрыг нь өгсөн юм. Хэн зөвшөөрч, тог, ус, дулааныг нь өгөх юм гээд ярих зүйл бий. Голын ай савд байгаа учраас хотод үерийн эрсдэл учруулсан. Хоёрдугаарт, төмөр замын дэргэд байгаа. Тийм болохоор яагаад ч барилга барьж болохгүй газар. Хуулиа хэрэв барьж ажиллах юм бол ийм л юм.

-Та чуулган дээр утааны асуудлыг хөндөж байсан?

-Удахгүй хүйтэрч Улаанбаатар хотын утааны асуудал дахиад л үүснэ. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд шахмал түлшний үйлдвэрийг байгуулсан. Уг нь гурван жил гаруй их аятайхан явж байснаа гэв гэнэтхэн эдийн засгийн үр ашиггүй байна гээд энэ төсөл зогсохоор боллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ чинь 40 гаруй тэрбум төгрөг зарцуулсан үйлдвэр шүү дээ. Одоо үүн дээр хэн хариуцлага хүлээх вэ. Утааныхаа асуудлыг хэн нь шийдэх юм гээд асуухаар Эрчим хүчний яам, Хотын захиргааны хэн нь ч хариулж чадахгүй л байна. Ийм байдлаар бид Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж болохгүй. Ямар ч боломжгүй. Тэгээд төсвөө тэлнэ. Төр өөрөө баахан бүтээн байгуулалт хийнэ гэж байдаг. Гэтэл төр өөрөө хийчихсэн байгаа наад захын эдгээр ажлаа хянаж, хариулж чадахгүй бол яах гэж төсөв батлаад, түүнийгээ хянаад сууж байх ёстой юм. Жүжиг тоглох хэрэггүй.

-Засгийн газрын сайд нар чуулганд суухгүй байгаа юм уу?

-Суухгүй л байна шүү дээ. Сайд нарыг нь дуудаад орж ирэхгүй байна. Сууж байгаа нь асуудлаа мэддэггүй. Мэддэг хүнтэй болмоор байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаан татна, татахгүй гэдэг асуудал яригдаж байгаад хэлэлцээд явахаар болчихлоо. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад ажил хийх гээд байгааг ойлгож байна. Том төслүүдээ хөдөлгөж, хийж болно. Гэхдээ зөв замаар оруулж ирэх ёстой байхгүй юу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв дагуулж оруулж ирээд өөрчилж болохгүй. Гол зөрчил эндээс л үүсээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг нь төсвийн шалгуурууд буюу Монгол Улс өөрөө дампуурахгүй байх. Ханш өсөхгүй байх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байхыг зохицуулах гол хэм хэмжээ нь тэнд явж байгаа юм. Тиймээс энэ хуулийг эхлээд өргөн барьж, хэлэлцэж, өөрчлөн батлаад дараа нь үүндээ таарсан төсөв өргөн барих ёстой. Бид нэг удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж байсан. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, онцгой нөхцөл байдлын үед өөрчилсөн. Одоо бол тийм онцгой нөхцөл байдал биш. Гэвч яалт ч үгүй намын бүлгийн шийдвэр гараад явахаар болж байна. Гэхдээ цаашдаа ийм маягаар оруулж ирж болохгүй. Төрийн эрх байгууллага төсөв дээр шийдвэр гаргахдаа өөрийнхөө томилдог хэдэн байгууллагын дүгнэлтийг харах ёстой. Үүнд Үндсэний аудитын газрын тайлан, дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газар, Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлт зэргийг харж байж бид шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ дөрвөн байгууллага дөрвүүлээ макро эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн дүгнэлт оруулж ирчихээд байхад яагаад ийм буруу байдлаар оруулж ирээд байгаа юм. Энэ бол асуудал. Ийм байхад бид дэмжиж санал өгөх хэцүү. Энэ чинь цаанаа долларын ханшийг өсгөнө. Ингэснээр юмны үнэ өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн логик л яваад байгаа юм. Ийм эрсдэл байх вий гээд л гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

-Та ер нь эсэргүүцэж байгаа юм байна. Гэвч танай намын бүлгийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дагах уу?

-Би энэ шүүмжлэлт байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ улс төрийн шийдвэр гарчихсан учраас бүлгийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй шүү дээ.

-Засгийн газрын эрх мэдэл их болсноор парламентын бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Саяын тэр Худалдан авах ажиллагааны тухай хууль бол буруу л байхгүй юу. УИХ төсвийг нь батлаагүй байхад тендер зарлаад гэрээ байгуулчихсан байх юм бол УИХ тэр төсвийг нь батлах ёстой гээд байсан шүү дээ. Энэ чинь УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Харин үүнийг нь ярьж байгаад ашгүй нэг юм буцааж байна.

-Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт олон гоё төсөл, хөтөлбөр багтсан байсан. Гэвч эдгээр төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэйгөөс нь эхлээд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зүйлийг хэлэх хүмүүс байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Яг л ийм байр суурийг шүүмжилж гишүүд яриад байгаа шүү дээ. Богд уулыг нүхэлж, урагш нь холбох төсөл нэн шаардлагатай. Бид шинэ суурьшлын бүсээ гаргах ёстой. Засгийн газраа нүүлгэнэ гэж байгаа нь зөв. Энэ төслүүд хэрэгжих ёстой юу гэвэл хэрэгжих ёстой.

-Дэд бүтцийн гэхээсээ эдийн засгийн үр өгөөжтэйг нь эхэлж хийе гээд байгаа шүү дээ?

-Үйлдвэр, аж ахуйн газрууд байгуулах том төслүүд л уг нь орж ирэх ёстой байгаа юм. Гэвч шинэ Засгийн газар өөрсдөө үүнийг зөв гээд оруулж ирж байгаа бол ажлыг нь гацаагаад яах вэ. Гэхдээ дараа дараагийн ажилдаа анхаараарай гэдэг үүднээс л бид шүүмжлээд байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.

Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хороод, улс төрийн намуудад арга зүйн сургалт зохион байгуулж байна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт өчигдрөөс томилолтоор, цахим сургалтыг өнөөдрөөс хуваарийн дагуу зохион байгуулж байна. Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороодын гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа. Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод маргааш цахим сургалтад оролцоно.

Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод чиглэл хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр (2024.08.27) эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.