Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна DNN.mn

Өнгөрсөн хавраас эхлээд Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна.

Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бөгөөд тэр дотроос “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх тухай асуудал юм.

УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг энэ өөрчлөлтийг хийхэд оролцохоор болж буй тухай мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.

Хэрэв Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа бус олон удаа сонгох өөрчлөлтийг хийвэл, энэ нь цаашлаад засаглалын хувьсгал руу хөтөлнө гэдгийг улстөрчид, хуульчид хэлж байна. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг л зүйл юм.

Энэ байдлаас харахад, мөн гарч буй мэдээллүүдээс үзэхэд Монголын улс төр, хууль эрх зүй, бизнесийнхэн парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гэсэн хоёр талд хуваагдчихжээ. Монголд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн агуулга болох парламентын засаглалтай хэвээр байж, үүнийгээ улам батжуулах нь хэрэгтэй юу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зохих уу. Ийм хуваагдал үүссэн гэсэн үг. Одоо толгойд нь байгаа хүмүүс тэрийгээ зарлах л үлдсэн байна.

Гэхдээ “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг өөрчлөхийн тулд таван хууль засах шаардлагатай.

Нэгт: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заажээ. Үүгээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянаж дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг зааж өгсөн.

Хоёрт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж заасан. Энэ мөн л Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусдыг л хянаж дүгнэлт гаргахыг зааж өгсөн байна.

Гуравт: Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт бий. Түүндээ “Дээрх үндэслэлийн дагуу баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайн үед энэ дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх хаагдаж байв.

Дөрөвт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно” гэж заасан.

Тавд: Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Гучдугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий.

Тэгэхээр энэхүү Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай дөрвөн хуулийн тодорхой заалтууд, Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээрийг засаж байж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-оос “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх болж байгаа юм.

Ажиглагч

А.Батболд

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тоогоо нэмсэн ч ажлын чанар тань дээшлэх юм уу, гишүүд ээ DNN.mn

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Улмаар ээлжит сонгуулиар бид анх удаагаа 126 гишүүнтэй парламентаа бүрдүүлж, өдгөө УИХ ээлжит бус анхдугаар чуулганаа хуралдуулж байгаа. Энэ ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны ажлын гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотгол, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсвийн төсөөлөл гээд маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөдөр чуулганы сүүлийн өдөр учраас бүх асуудлаа үүгээр шийдэж таарна байх. Үгүй бол дахин сунгаж хуралдуулах ёстой болно. Аль ч боллоо гэсэн эцсийн гарах үр дүн сайн, муу алин байх нь 126 гишүүний ур чадвар, ажилдаа хандах хандлага, хэр зарчимтай хүн бэ гэдгээс бүрэн хамаарна.

Гэвч өнгөрсөн өдрүүдийн чуулган болоод байнгын хорооны хурлын ирц, гишүүдийн хандлагыг харахад төдийлөн итгэл найдвар төрөхөөргүй л байна. Яах вэ, ихэнх нь шинээр сонгогдсон, асуудлаа ойлгохгүй, гүйцэд судалж танилцаагүй гээд зөвтгөж бодох шалтгаанууд мэдээж байгаа. Нэг үгээр бол энэ удаагийн ээлжит бус чуулган тэдний хувьд “бие халаалт” байж болно. Гэвч тамирчин хүн өдөр тутмын бэлтгэл, бие халаалтаа чин сэтгэлээсээ хийж байж амжилтад хүрдэг учиртай. Дээрээс нь улсын төсөв, ирэх жилүүдийн төлөвлөгөө гэдэг нийт монголчууд ирж буй он цагт хэрхэн амьдрахыг шийдэх маш чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Анх гишүүдийн тоог нэмэх асуудал гарахад улстөрчид төдийгүй олон нийтийн зүгээс чамгүй эсэргүүцэл гарсан. Гэвч хуралдааны ирцийг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг олон талаас нь мэтгэлцэж байж зөв замаар нь шийдэх, төлөөллийн зарчмыг нэмэгдүүлэх гээд олон талын ач тустай гэж ухуулсаар баталж байлаа. Үнэхээр ч өмнөх парламентуудын үед 15 гишүүнтэй байнгын хорооны хурал л гэхэд найман гишүүнтэйгээр явагдаж, асуудлыг таван гишүүний дэмжлэгээр шийддэг байв. Үүнээс болж улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, ард түмний амьдралд хэрэгтэй олон хууль унаж, эсрэгээрээ улстөрчид, дарга нарт ашигтайнууд нь батлагдаж байсан жишээ цөөн биш. Мөн хэт цөөн гишүүнтэй байх нь гадна, дотнын элдэв нөхдийн лоббид орох магадлалтай гэдгийг ч судлаачид дуу нэгтэй хэлдэг байв. Гэтэл энэ долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурал 14 гишүүнтэйгээр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар найм, зургаагийн харьцаагаар дэмжсэн. Уг нь бол Төсвийн байнгын хороо өдгөө 25 гишүүнийн бүрэлдэхүүнтэй.

Хэрэв бүгд хуралдаа суусан бол асуудал арай өөр байх байсан болов уу гэж санагдана. Дээрээс нь олуулаа суусан бол жинхэнэ бодлогын мэтгэлцээн өрнөж, алдаа дутагдал нь хаанаа байгааг олж тогтоог, засаж залруулах байсан байж мэднэ. Тэгээд ч тоогоо нэмсэн хамгийн том шалтгаан чинь энэ шүү дээ. Дээрх бол ердөө ганцхан байнгын хорооны бодит жишээ. УИХ яг одоо 11 байнгын хороотой гэвэл бусад нь иймэрхүү байдалтай л явсан болов уу. Ер нь төсөв хэлэлцэж байгаа үед Төсвийн байнгын хорооны хурлаас өөр ямар чухал хурал, уулзалт байх юм. Хэрэв хурлууд давхацсан бол түр хойшлуулаад ирцээ хангалттай болгож байж орж ирсэн асуудлаа хэлэлцэх ёстой байв. Олон удаа парламентад сууж, сайд дарга хийж явсан байнгын хорооных нь дарга ч гэсэн зарчмын ийм асуудлаа мэдэж л байх учиртай. Гэвч хүссэнгүй юу, ямартаа дөнгөж ирц бүрдүүлээд л хуралдаж орхино лээ.

Зөвхөн байнгын хороо гэлтгүй чуулганы ирц ч хангалттай бус байна. Ээлжит бус чуулганы сүүлийн өдөр учраас өнөөдөр ирц боломжийн хэмжээнд байх биз. Хуралд сууж байгаа нь өнөө л хэдэн шинэковууд. Тэд нар нь зөв, буруугаа ялгадаггүй юм уу. Эсвэл хууччуулаасаа эмээдэг юм уу, ямартай ч олигтой асуулт асууж чадахгүй л байгаа. Хэдийгээр эргүүлэн татахаар болсон ч асуудал дагуулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр цөөн хэдхэн гишүүн л дуугарсан. Тэд хүчтэй эсэргүүцэж, бусдыгаа сэнхрүүлж байж л эргүүлэн татахаар болсон. Түүнээс биш намуудын жагсаалтаар орсон, бусдынхаа сүрд хавчуулагдаад ороод ирсэн нөхдүүд ёстой л нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхөөр байв. Мөн ард түмэн ихийг хүлээж байгаа энэ удаагийн парламент “Мордохын хазгай” гээч болж мэдэхээр нэг зүйл болсон нь унасан асуудал дээр дахин санал хурааж дэмжүүлсэн тохиолдол болов.

Уг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд Засгийн газарт буцаахыг дэмжсэн.

Гэтэл энэ долоо хоногт төхөөрөмж болоогүй /яаж ч болдоггүй шалгарсан аргуудын нэг/ гэсэн шалтгаанаар дахин санал хурааж холбогдох байнгын хороодоор хэлэлцээд явахаар болж “авч” үлдсэн. Нэгэнт олонхоороо шийдчихсэн асуудлыг дахин оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Дээрээс нь чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаа гишүүдийг хэрхэх тухай цахим орчинд олон нийт ярьж эхлээд буй.

Тухайлбал, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга байнгын хороо, чуулганы хуралдаанд нэг ч удаа суугаагүй л байна. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч Төрийн ордонд тоотойхон үзэгдсэн. Ер нь чуулганы хуралдаанд сууж, хууль хэлэлцэх гэж л хэдхэн сарын өмнө эд чинь сонгогчдынхоо саналыг гуйж, худалдан авч янз бүрээр үзээ биз дээ. Тэгсэн мөртлөө тангаргаа өргөснөөсөө хойш үндсэн ажлаа хийхгүй байгаад л иргэд бухимдаад байгаа юм. Бас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг чуулганы хуралдаан тасалсан гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ард түмэн ялгавартай хандаж байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байна. УИХ-ын удирдлагууд ч гишүүдийн ирц оролцоон дээр хатуу анхаарах хэрэгтэй. Шинэ байна гээд улс орон, цаг хугацаа та нарыг хүлээхгүй. УИХ-ын гишүүд бас дарга ямбыг нь эдлэж эхлэсэн биз бодвол, одоо тэгвэл ялыг нь бас үүрч эхлэх хэрэгтэй байна.

Сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо учраас 126 дотор цаашдаа гайгүй сайн ажиллах болов уу гэсэн гишүүд ч бий. Энэ удаагийн ээлжит бус чуулган дээр хэлсэнчлэн “бие халаалт”. Гэхдээ л өдөр тутмын бэлтгэлээ сайтар базааж, чуулганы хуралдаандаа тогтмол сууж байх ёстойг УИХ-ын Тамгын газар нь ч, ард түмэн ч шаардаж, шахах хэрэгтэй. Тэгж байж элдэв хуудуутай хууль бага батлагдана. Хууль сайн байж гэмээнэ ард түмний амьдрал, амьжиргаанд л тустай. Мөн ард түмнээсээ ажил хүлээн авснаа гишүүд ухамсарлаж, үүрэгт ажлаа тогтмол, чанартай хийх үүрэгтэй. Түүнээс биш Их хурлын гишүүн сайхан нэртэй ч ажлаа хийхгүй юм бол дараагийн удаа ард түмэн “халж” л орхино гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй байна. Ер нь тэгээд “олдохоороо өлдөнө” гэж үг байдаг даа. Тэрэн шиг парламентаа “өлдүүлмээргүй” л байна шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд 6.9 их наяд төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д  өргөн мэдүүллээ.

2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэжээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буй аж. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.

Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзэж байна.

 

Categories
мэдээ улс-төр

Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны наймдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн  төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо.
Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа DNN.mn

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар эхэллээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэв.

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн  эцэслэн баталлаа.  Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр нь уншиж, бүхэлд нь батлах санал хураалт явуулснаар хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж Улсын Их Хуралд ирүүлсэн дүгнэлтээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлагыг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгийн ашигтай буюу эерэг үзүүлэлттэй байгааг баталгаажуулсан. Түүнчлэн, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөлт оруулж байгаад анхаарал хандуулахыг толилуулсан байна.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татвар төлөгчөөс татварыг үл маргах журмаар хураан авч бүрдүүлсэн төсвийн орлогыг нөгөө талдаа улсын төсвөөс үр ашигтай захиран зарцуулж байгаа эсэх, төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа эсэх, үр ашиггүй урсгал зардлыг үе шаттай бууруулах арга хэмжээний талаар, зогсонги байгаа төсөл хөтөлбөрийг дуусгах арга хэмжээний талаар, Монголбанкны болон төрийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тодорхой тусгах, хэрхэн оновчтой удирдах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хороодын санал, дүгнэлтэд тусгасан саналыг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн эсэх талаар, гадаад зээл, тусламжийн санхүүжилт 80 хувьтай байтал явц нь 40 хувьтай байгаа шалтгааны талаар, төсвийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын өр, авлага нэмэгдсэн шалтгааны талаар, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байтал өглөг нэмэгдсэн шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал уул уурхайн биржийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгаа эсэх, төсвийн байгууллагуудын чиг үүрэг оновчтой байгаа эсэх, төсвийн нийт зардлын өсөлт нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад илэрсэн зөрчлийн талаар, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар, ажлын байр нэмэгдүүлэх татварын бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах талаар баримталсан бодлогын талаар, аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад тооцсон хариуцлагын талаар, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Чингис хаан, Капитал банканд байршуулсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагын талаар; Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа аудитын байгууллагын гаргасан дүгнэлтээр төсвийн сахилга бат алдагдсан эсэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан асуудлын талаар, гадаадын зээл, тусламжийг ашигласан төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ тайлагнадаггүй талаар, концессын эргэн төлөлт, хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан албан бичгээр Монгол Улсын 2022 оны гүйцэтгэлтэй холбогдуулан сөрөг буюу хязгаарлалттай төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохих арга хэмжээ авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн захирагч нар дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан асуудлыг түргэн шийдвэрлэх, активын удирдлагын болон дотоод аудитын хуулийг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийг улсын төсөвтэй уялдуулан хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрэх үр дүн бодитой хэрэгжсэн эсэхэд анхаарч хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн болно. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, аудитын дүгнэлтээр томоохон төрийн өмчит компаниуд, их, дээд сургуулиудад “Хязгаарлалтай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Монголын их, дээд сургуулиудад менежментын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байгаа тухай сануулаад асуулт асуусан. Тэрбээр “Засгийн газрын тусгай сан буюу хамгийн их зөрчилтэй Боловсролын зээлийн сангийн 120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Гадаадад суралцахаар авсан зээлээ төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордоггүй, зөвхөн дотоодод суралцаад зээлээ төлөөгүй бол хар жагсаалтад ордог хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байна. Яагаад ийм шударга бус байна вэ” гэж асуусан.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сангийн зээлийн эргэн төлөлтийг хангах талаар нарийвчлан заагаагүй учраас  төлүүлэх арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй  502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага  байна. Цаашид Боловсролын сангийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна гэв. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Авлига” гэх хорооллын асуудал сүүлийн үед олны анхааралд орсоор удлаа. Энэ барилгыг нураахаар захиргааны эрх зүйн акт тавьсан боловч хэрэгжихгүй байна гэсэн тайлбар тавьж байна. Хууль бус техникийн нөхцөлтэй байсаар байтал яагаад хэрэгжихгүй байна вэ гэсэн асуусан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Дамдинням гишүүний асуултыг дэмжиж, энэхүү барилгын асуудлыг  холбогдох байгууллагууд шалгаад 14 хоногийн дараа эргэж мэдээлэх хэрэгтэй. Мөн УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулж ажиллаж болно гээд салбарын сайд, хотын удирдлага нар энэ хууль бус үйлдэлд анхаарал тавих үүрэг өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, энэ хорооллын зөвшөөрөл өгсөн нь албан тушаалын асуудал болж хувирч байна. АТГ-аас бас оролцох ёстой. Захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Гагцхүү хуулийн процессийн саатлаас болж, иргэд хууль ёс гэж хаана байна, шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байгаа хэрэг.  Захиргааны хэргийн шүүхэд ганц “Аква гарден” хороололтой холбоотой хэрэг шийдэгдэхгүй байгаа бус олон хэрэг гацсан байна. Энэ талд зохих судалгаа хийж ажиллаж байна. УИХ-ын даргын хэлснээр Ажлын хэсэг гаргаад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллая гэв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг нарын гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явагдлаа. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Энэ оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдрийн хуралдааны эхэнд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 81.7 хувь нь дэмжсэн юм.

Өмнөх парламент 2024 оны төсвийг батлахдаа зарлагыг түүхэн дээд хэмжээ буюу 27 их наяд төгрөгт хүргэсэн. Тодотголоор улсын төсөв гурван их наядаар нэмэгдэж байна. Тухайлбал, тэнцвэржүүлсэн орлогыг 12 хувиар нэмэгдүүлж 28.9 их наяд, зардлыг 11.3 хувь өсгөж 30.5 их наядад хүргэхээр тооцоолжээ. Ингэснээр төсвийн тэнцэл 1.6 их наядын алдагдалтай гарахаар байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх өөрчлөлтүүдийг хийсэн.
Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна DNN.mn

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын багцын нийт 112 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 918.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 849.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 69.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 42.0 хувь буюу 386.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 24.2 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Монгол улсын ерөнхий сайд, 19.7 хувь буюу 180.9 тэрбум төгрөгийг Монгол улсын шадар сайд, 12.5 хувь буюу 115.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 1.5 хувь буюу 14.0 тэрбум төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 41.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулжээ.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 414.3 сая төгрөгийн 27 зөрчил илэрснээс 5.6 сая төгрөгийн 6 төлбөрийн акт тогтоож, 22.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 6 албан шаардлага хүргүүлж, 385.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 15 зөвлөмж хүргүүлжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 186.4 сая төгрөгийн 8 зөрчил илэрснээс 12.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, 173.8 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн аж.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн тайланд 94 тайлан нэгтгэснээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 57 байгууллагыг түүвэрт хамруулсан байна.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд  “Өөрчлөлтгүй”, харьяа 31 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 76 зөрчил илэрснээс 21.5 сая төгрөгийн зөрчилд 4 төлбөрийн акт тогтоож, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлага хүргүүлж, 1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 56 зөвлөмж өгсөн байна.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс, 34.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 9 зөрчлийг арилгах зөвлөмж өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулан, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 66.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулав.

Аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудалд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах;
  • Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, орлогын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах;
  • Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн A/18/50 дугаар хамтарсан тушаалаар баталсан ‘’Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай‘’ журамд-байр түрээслэх, сургалтын төлбөр төлөх, суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулахтай холбоотой зохицуулалтуудыг тухайн орны онцлогт нийцүүлэн тодорхой болгох;
  •    Зэвсэгт хүчний харьяа ангиуд байрлаж байгаа болон эзэмшлийн нууц болон маш нууц шийдвэрээр олгосон газарт татварын хөнгөлөлт, чөлөөлт  олгох эсэх талаар судалж, шийдвэрлүүлэх;
  • Худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;
  • Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал бүрэн зарцуулагдаж байх учиртай. Байгууллагууд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтаа бүрэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж чадсан уу. Ямар байгууллагад хангалтгүй дүн гарсан бэ, яагаад ийм байдал үүсэв хэмээн тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яам төсөв батлагдсаны дараа төсвийн хуулийн хэрэгжилтийг хангахад, ялангуяа хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажилладаг. Улсын ирэх оны төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдангуут худалдан авалтыг зохион байгуулж, дараа оны 04 дүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалган ажиллаж байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 гаруй хувьтай гарч байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр үүсдэг хүндрэлтэй асуудал нь ажлын явц дунд валютын ханш болон зарим материалын үнийн өсөлтөөс үүдэн гардаг. Бид Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд ажлын гүйцэтгэл, явцтай нь уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 2023 оны гүйцэтгэлээр Шадар сайдын багц дээрх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувь, Эдийн засаг, хөгжлийн сайдынх 82,6 хувь, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 98 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 97 хувь, Батлан хамгаалахын сайдынх 100 хувь, Сангийн сайдынх 98 хувь, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 99 хувь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 95 хувь, Барилга, хот байгуулалтын сайдынх 97 хувь, Соёлын сайдынх 97 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 97 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 98 хувь, Эрчим хүчний сайдынх 99 хувь, Эрүүл мэндийн сайдынх 96 хувь, Цахим хөгжлийн сайдынх 98 хувь, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороон даргынх 99 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн кластер байгуулах төслийн гүйцэтгэл 50-60 орчим хувьтай харагдаж байна лээ. Гэтэл ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай гэж гарсан байх юм. Мөнгөө авчихаад ажлаа хийхгүй байна. Хяналтгүй, хариуцлага тооцдоггүй явдал газар авчээ. Үүнд тайлбар авья хэмээлээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн газар дээрх хяналтыг захиалагч нь тавьдаг. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төсөл, газар тариалангийн, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжиж байгаа. Нийт 10 тэрбумын төсөвт өртгөөс 4.2 тэрбумыг авсан. Захиалагч нь хяналтаа тавьж, гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дараад Сангийн яам руу илгээдэг. Сангийн яам түүн дээр нь үндэслээд санхүүжилтийг олгодог. Сангийн яам ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа асуудлыг онцгой анхаарч, тэдгээр компаниудад хариуцлага тооцож,  дахин тендерт оролцуулахгүй байх “саарал” жагсаалтад оруулан, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийнэ DNN.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, энэ сарын 13-27-ны өдрүүдэд УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар болсон.

Хэлэлцэх асуудал нэмэгдэж, өөрчлөгдсөн тул 3 хоногоор сунгаж, наймдугаар сарын 30-ныг хүртэл хуралдахаар болсон юм.

Маргаашийн хуралдаанаар:

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.