Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорих ангиудад хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэв

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр хорих ангид нас барсан нь хүний эрхийг ноцтой зөрсөн явдал гэж УИХ-ын гишүүн  Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар өчигдөр мэдэгдлээ. Тэд 2014 он гарсаар урьдчилан хорих 461 дүгээр төвд нийт таван хүн нас барсан тухай дуулгав. Талийгаач Д.Амарсайханаас өмнө тэнд ял эдэлж байсан дөрвөн иргэн амиа алджээ.  Нэг нь Малайз улсын иргэн байсан гэнэ. 

Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амиа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат ярихдаа “Талийгаач эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар энэ хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ. Мөн тэрбээр Хүний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгасан. 

 УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдсан сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. 

Д.Амарсайханы хэрэгтэй холбогдуулан хорих ангийн эмнэлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг дээрх гишүүд мэдэгдлээ.  

  Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амиа алдсан хүний тоо 210-т хүрчээ.  2005 онд 35 хүн амиа алдаж байсан бол 2012 онд 12 хүн нас барсан гэнэ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр хорвоог орхидог байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар онцолж байлаа. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн үйлчилгээнд төмөр замын автобус явж эхлэх нь

“Улаанбаатар төмөр зам”-аас хотын тээвэрт анх удаагаа РА-2 маркийн  төмөр замын автобус буюу “Railbus”-ийг оруулж ирэн нийтийн тээвэрт явуулахаар болсон билээ. Тус автобусны нээлтийн ажил өнөөдөр “Улаанбаатар” төмөр замын өртөөн дээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Зам тээврийн сайд А.Гансүх, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Албаныхны мэдээлснээр  “Railbus” төмөр замын автобус нь 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой ажээ. Тус автобусаар нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих боломжтой юм байна. Ийн түргэн шуурхай үйлчилснээр цаашид түгжрэл буурах, иргэдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой аж. Зам тээврийн сайд А.Гансүх “Railbus”-ын тоог цаашид ч нэмэгдүүлнэ гэж байлаа.

Харин Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнөөдөр их чухал өдөр болж байна. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэгэн шинэ дэвшлийг авч ирлээ. Энэхүү “Railbus “бол метроны эхлэл. Энэ автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хамгийн чухал нь нийслэлийг шинэ суурьшлын бүс болгож, цаашид шинэ төлөвлөлтийг хийхэд асар том бололцоо олгож байгаа гэдгээрээ онцлог” гэв. 

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга мэдэгдэл гаргажээ

ҮХАА-н сайд асан Х.Баттулга үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нийт ажиллагсад, үйлдвэрчид, малчид, тариаланчдад хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах хугацаандаа Хөдөө аж ахуйн бирж компанийг байгуулан ажиллуулж, Хөдөө орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулан “Шинэ сум” төсөл, “Малчдын орон сууц” төслийг тус тус санаачлан хэрэгжүүлсэн.

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж, Ноолуурын үйлдвэрүүдэд анх удаа ноолуурыг барьцаалан зээл олгох ажлыг эхлүүлж, “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн зэрэг томоохон ажлуудаас гадна “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан билээ.

Монгол Улс 45.1 сая малтай болж, эдийн засгийн өсөлтийн 33.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24.3 хувийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгж¬лийн төлөө үнэтэй санал бодлоо уралдуу¬лан, сэтгэл зүтгэлээ зориулж хамтран ажи묬ласан хамт олон, салбарын нийт ажил¬лаг¬сад, эрдэмтэд, үйлдвэрлэгчид, малчид, та¬риаланчиддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Миний бие цаашид Улсын Их Хурлын гишүүний хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжин ажиллах болно” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилэн дансны тухай хуулийг дахин өргөн барина

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Шилэн дансны тухай хуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэхүү хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагын хүрээнд боловсруулж, УИХ-д өргөн бариад байсан ч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дээрх хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнээр хууль санаачлагчид буцаасан юм.

Тэгвэл  зөвлөх Ч.Өнөрбаярийн хэлснээр Шилэн дансны тухай хуулийн нэрийг өөрчөхгүйгээр ирэх долоо хоногт УИХ-д дахин өргөн барихаар болсон байна. Харин дахин өргөн барих хуулинд гишүүдийн хэлсэн санал болон хэд хэдэн чухал заалтуудыг өөрчил байгаа аж. Жишээлбэл, иргэдийн аудит гэснийг байхгүй болгож, цахим сайтад байрласан төсвийн мэдээллийг сонирхохоор орж буй иргэн бүр хяналт авих боломжийг бүрдүүлж байгаа аж.

Шилэн дансны тухай хуулинд төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлангийн үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан.

Түүнчлэн төсөл санаачлагчид улс, орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлан болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа цогц байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхбаярыг Хархорин дахь хорих руу шилжүүлжээ

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын ярилцлага манай “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарсан билээ. Тэрбээр ярилцлагадаа хориход ямаршуу байгаагаа дурдаж, “Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна” хэмээн өгүүлсэн байсан. 

Төрийн ордны гадна тэсрэх бөмбөг тавьсан, галт зэвсэг авч явсан хэргээр хорих 461-р ангид хоригдоод долоон сар болсон, харин өнгөрсөн шөнө түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлжээ. Ц.Мөнхбаяр болон эл хэрэгт холбоотой зургаан хүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн шүүхэд болсон юм. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг өөр өөр хорих ангид хорьсон бололтой. 

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Роснефть” шатахууны үнээ дахиад буулгах нь

Өмнө нь манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг хойд хөршөөс, 70 гаруй хувийг нь “Роснефть” гэдэг ганцхан компаниас авч байсан бол өнөөдөр Оросоос бензин, дизель, түлшнийхээ 74 орчим хувийг, “Рос¬нефть”-ээс нийт хэрэглээнийхээ 35 орчим хувийг хангаж байна. Хойд хөршөөс шатахуунаараа хамаа­ралтай байдал илт багассан гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад “Роснефть”, “Дитэко”, “Газпром”, “Газпромсалават”, “Чайна ойл” зэрэг компани,  Орскнефтегеосинтез, Яиск, Мозырск, Новополоцк үйлдвэрүүд шатахуун нийлүүлж байна. Улсаар нь яривал ОХУ, Белорусь, Солонгос, Хятад, Коста Рика, Латви, Литва, Малайз, Польш, Сингапур зэрэг улсууд манай нийлүүлэгч болжээ. Сүүлийн үед “Роснефть” үнээ буулгах санал тавьжээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн нь үүнтэй холбоотой аж. 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас өмнө бид “Роснефть”-ийн үнийг хүлээдэг байв. Жишээ нь тавдугаар сард шатахууны үнэ ямар байхыг дөрөвдүгээр сарын 29, 30 юм уу, тавдугаар сарын эхний өдрүүдэд тэднээс авдаг байсан юм. Өмнөх сараасаа 200 ам.доллараар нэмсэн саналыг хүртэл Оросын талаас хэлж байж. 2013 оны гуравдугаар сард гэхэд л Аи-92 нэг тонн нь 1100 гаруй ам.доллар байснаа 1380 ам.доллар хүрч өсч байсан жишээг албаныхан дурдав. Ямар ч хугацаа өгөхгүйгээр ингэж огцом үнэ нэмэгдэхэд компаниуд үнээ нэмэхээс аргагүй болдог байж. Засгийн газраас татварын хөнгөлөлт энэ тэр гээд зохицуулалт хийх боломж ч гардаггүй байжээ.  Уул уурхайн яамнаас 2013 оны эхнээс шатахууны үнээ дэлхийн зах зээлийн жишгээр тохиръё гэсэн саналыг “Роснефть”-д хэд хэдэн удаа тавьсны эцэст гуравдугаар сараас нь олон улсын биржийн үнэ дээр суурилсан томьёогоор үнээ тооцохыг нийлүүлэгч талаас зөвшөөрсөн байна. Тодруулж хэлбэл Италийн Fob med Italy хөрөнгийн биржийн түүхий тосны үнэ дээр шатахууны төрөл тус бүрд нь ялгаатай үнэ нэмж авах, зарах ханшаа тогтоодог болж. Нэмж тооцох  ам.долларын хэмжээг 70-280-ын хооронд тогтоожээ. А-80 дээр  70 ам.доллар, дизель дээр зундаа 195, өвөлдөө 235 ам.доллар, Аи-92 дээр 280 ам.доллар нэмж өгч, авалцахаар тохироонд хүрсэн байна. Италийн хөрөнгийн бирж дээр энэ сард түүхий тосны үнэ 900 ам.доллар байлаа гэхэд нэг тонн Аи-92-ыг 1180 ам.доллараар худалдаж авна гэсэн үг. Ингэснээр “Роснефть” ямар үнэ санал болгох бол гэсэн эргэлзээ болгоомжлол арилжээ. Тухайн сард шатахуунаа ямар үнээр авахыг биржийн үнэ хараад мэдчих бололцоотой болсон нь энэ тохиролцооны олзуурхмаар тал болж. Дэлхийн зах зээлээс хамаарсан үнэ үйлчилж эхлэнгүүт шатахууны үнэ  төрөл бүрдээ 200-250 ам.доллараар буурчээ. 

Манай улс Сингапур, Япон, Солонгос, Беларус, Латви, Литва зэрэг улсуудаас Тянжинь боомтоор дамжуулан шатахуун авч байгаа аж. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөсөн учраас дотоодын нийт хэрэглээнийхээ 50-60 хувийг урд хөршөөр дамжуулан авах техникийн боломжтой болоод байгаа гэнэ. Өмнө нь хоёр вагон зэрэгцэж зогсоод шатахуун шилжүүлэн ачих боломжтой байсан бол одоо 8-10 вагон зогсч байгаад шилжүүлэн ачилт хийх боломж нээгджээ. Урьд  нь 6000 метр кубын багтаамжтай хадгалах сав байсан бол өдгөө 20 мянган метр кубын багтаамжтай шатахуун хадгалах сав Замын-Үүдэд байна. Урд хөршөөс нэг сард 50 мянган тонн шатахуун асуудалгүй оруулаад ирэх хүч бололцоо бүрдсэн гэсэн үг. 2012 онд Хятадаас зургаа, долоохон мянган тонн шатахуун импортолж байсан бол өнгөрсөн жил 170 мянган тонн шатахуун авчээ. 

Шатахуун нийлүүлэлт нь буураад ирэнгүүт үнэ буурах тохиролцоон дээр Оросууд нааштай хандаж эхэлсэн байна. “Роснефть”-ийн төлөөлөл манай улсад хоёр ч удаа ирснээс энэ сонирхлыг нь харж болно. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин хүртэл манайд ирээд буцсан билээ. 

Таатай мэдээ дуулгахад ирэх зунаас оросууд өнөөдрийнхөөс ч эерэг нөхцөлөөр шатахуун нийлүүлж эхлэх нь. Тун удахгүй Италийн биржийн биш Сингапурын биржийн үнэд түшиглэсэн ханш хойд хөршөөс орж ирэх шатахууны үнэд нөлөөлж эхлэх юм байна. Манай улсын оршин буй Азийн зах зээл гэдэг нь Сингапурын биржийн эхний давуу тал бол Италийнхаас хямд гэсэн өөр нэг эерэг тал бий аж. Сингапурын бирж дээрх түүхий тосны үнэ дээр тонн тутамд нь  өгөх нэмэгдэл ч өмнөхөө бодвол дажгүй хямдхан гарч. 40-70 ам.доллар гэж тохирчээ. Эхлээд оросууд 100 ам.доллараас дээш гэж байсан ч Ангарскийн үйлдвэрээс наашаа ирэх зардал тонн тутамд үүнээс бага байх ёстой гэсэн Уул уурхайн яамныхны байр суурь, санал хүсэлт тэдэнтэй ийм эерэг тохироо хийхэд нөлөөлжээ. 

Сингапурын биржийн түүхий тосны үнэ одоогийнхоос өсөхгүй бол бид зургадугаар сард өнөөдрийнхөөс ч хямд үнэтэй шатахуун хэрэглэх бололтой. Тонн нь 900 ам.доллар болж хямдарна гэсэн тоо ч яригдаж байна. 

1380 ам.доллар байсан шатахуун өнөөдөр 1000 орчим ам.доллар болж буусан ч бензин, дизелийн  жижиглэнгийн үнэ яагаад буухгүй байна вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Шалтгаан нь долларын ханшийн өсөлт аж. Уг нь 1385 байсан шатахууны үнэ 1000 орчим ам. доллар болно гэдэг нь шатахуун литр тутамдаа 400 орчим төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Гэтэл долларын ханш эсрэгээрээ мөн л энэ хавьцаа  төгрөгөөр өссөн. Шатахууны үнийг буулгах яриа хэлэлцээр өрнөж байхад 1380-тай байсан ам.долларын ханш  өнөөдөр 1800 гарчихсан. Шатахууны үнэ хөдлөхгүй байгаагийн шалтгаан нь энэ аж. 

Ирэх зургадугаар сараас Сингапурын биржийн үнэд суурилсан ханш үйлчлээд эхлэхээр шатахууны үнэд эерэг хандлага гарах нь бараг л тодорхой болжээ. Салбарын яамны зүгээс шатахууны хилийн үнэ одоогийнхоос буухад жижиглэнгийн үнэ дагаж буух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тонн тутмынх нь үнэ 50 ам.доллараар буулаа гэхэд 25 ам.долларыг нь татварт авъя, харин үлдсэнийг нь жижиглэнгийн үнийг бууруулахад зарцуулах хувилбар яригдаад эхэлжээ. Тэгэхээр Сингапу¬рын бирж дээр түүхий тосны үнэ өслөө гэхэд шатахууны үнэ өсч, буурлаа гэхэд шатахууны үнэ буудаг орчин тун удахгүй бүрдэх бололтой. Уул уурхайн яамны хувьд шатахууны хэрэг­лээнийхээ 60 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь гуравдагч эх үүсвэрээс  авна гэсэн бодлого барьж байгаа аж. 

“Нефть бүтээгдэхүүний нөөц ихэссэн нь  шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгсний нэг давуу тал” гэж Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн онцоллоо. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өмнө манай улсын шатахууны нийт нөөц 15 хоног байж. Зээл өгсний дараахан Засгийн газар доод тал нь 30 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн журам гаргажээ. Өчигдрийн байдлаар манай улс 44 хоногийн шатахууны нөөцтэй  байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг гэр бүлийг шалгаруулав


Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ өрнөлөө. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран  гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэлээ. Мөн улсын шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа.  Нийт 180 гэр бүлээс 2014 оны
“Шилдэг гэр бүл”-ээр есөн  гэр бүлийг  шалгарууллаа.
 “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл, “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл,
“Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл, “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл, “Хүмүүнлэг гэр
бүл”-ээр
Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл, “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл, “Спортлог гэр бүл”-ээр
Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл, “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл, “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д.Дэлгэрсайханы гэр бүл тус тус
шалгарав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга “давхар дээл”-ээ тайллаа

ÓÈÕ-ûí чуулганы өнөөдрийн õóðàëäààíààð õî¸ð ñàéäûí àñóóäëûã õýëýëöýõ áàéâ. Õàðèí Õ.Òýì¿¿æèí ñàéäààð ¿ëäýæ, Õ.Áàòòóëãà îãöîðëîî. ªºðèéí õ¿ñýëòýýð äàâõàð äýýëýý òàéëàõûã õ¿ññýí Õ.Áàòòóëãà ñàéäûí àñóóäàë ò¿¿íèé ñàíàñààð áîëîâ.
  Ò¿¿íèé гаргасан хүсэлтийг өчигдөр үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын хамсарсан хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.
 Ингээд байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 54 нь буюу 78.3 хувь нь дэмжèâ. ¯¿ãýýð Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай ÓÈÕ-ûí тогтоолыг батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охидыг хөнөөсөн гэх Б.Идэрзаяа гэмт хэрэгт холбогдож байжээ

Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон билээ. Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчлан саатуулаад байгаагаа нийтэд мэдээлсэн.
Хохирогч охид 19, 20 насныхан байсан. Хохирогч Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харьяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан аж. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан бол нөгөө хохирогч Х 1994 онд Ховдод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэнэ.
Хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэр өдөр хохирогч Б, Х нар Э.Золбоо гэх залуугаар дамжуулан Б.Идэрзаяатай танилцжээ. Тэд “Цайз” захын зүүн урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах “Анар” мини маркетаас юм худалдаж аваад хажуу талынх нь  “ABBA” гэх пабаар үйлчлүүлжээ.  Шөнийн 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах Э.Золбоогийн гэрт ирсэн байна. Тэднийд хоол унд болсны дараа Б.Идэрзаяа хохирогчдыг дагуулаад тэндээс гарчээ. Энэ үед Э.Золбоо унтах гээд гэртээ үлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Б.Идэрзаяа охидыг дагуулаад Хар хошуу уул руу явжээ. Ингээд архидаж согтуурсан залуус муудалцаж энэ аймшигт хэрэг болсон байна. Б.Идэрзаяа хэргээ хүлээсэн бөгөөд мэдүүлэг болон эд мөрийн баримтаас түүнийг энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоогоод байгаа аж.
Тэр хавийн иргэд “Цагдаагийнхан энэ хавиар олон хоног самналт хийсэн. Уулыг бүхэлд нь самнасан. Амиа алдсан нэг охины толгой, нөгөөгийнх нь хөл олдохгүй байгаа гэл үү дээ. Цагдаа нар эхний өдөр гартаа гавтай өндөр нуруутай, туранхай залуу авчраад ийш тийш дагуулаад газар заалгаад байх шиг байсан. Бодвол тэр хэрэгтэн нь байсан юм байлгүй” гэцгээлээ. “Хар хошууны тэнд нэг агуй байдаг. Залуучууд тэр агуй руу орж архидаж, хонож өнждөг. Тэр аймшигт хэрэг тэнд л болсон юм шиг байна лээ” гэж тэндхийн нэгэн оршин суугч ярилаа.

Зарим мэдээллийн хэрэгслээр залуус “Давсны булаг” гэх дэлгүүрээс архи худалдаж авсан гэж мэдээлээд байгаа. Тэр дэлгүүрт очлоо. Дэлгүүрийн худалдагч “Хүмүүс андуураад байх шиг байна. Цагдаа нар манайд орж ирээд камерын бичлэгийг шалгасан. Тийм хүмүүс орж ирээгүй гэдэг нь тогтоогдсон. Хүмүүс ойлгохдоо гэр хорооллын, хотоос захдуу газарт хууль үйлчилдэггүй гэж боддог бололтой. Харин ч бид хуулиа ягштал баримталдаг. Дэлгүүрээ заасан цагт нь хааж, 21 нас хүрээгүй хүнд архиар үйлчилдэггүй. Би цагдаагийнхнаас “Яг аль дэлгүүрээс тэр залуус архи худалдаж авсан юм бэ” гэж асуухад юу ч хариулаагүй” гэлээ. Цагдаагийнхан энэ дэлгүүрт орж ирээд Б.Идэрзаяа, Б, Х нарын уулан дээр очоод архи ууж суусан газраас олдсон зарим эд зүйл, хүнсний бүтээгдэхүүнийг эндээс худалдаж авсан эсэхийг нь шалгажээ. “Давсны булаг” дэлгүүрийн худалдагч “Цагдаа нар хувийн үйлдвэрийн цагаан гялгар ууттай, шар шошготой боов, хос сойз гаргаж ирээд манайд зарагддаг эсэхийг нь лавласан. Манайх ерөөсөө тийм ууттай боов зарж байгаагүй. Би амьдралдаа ганц ч удаа тийм хос сойз худалдаж үзээгүй юм шүү” гэлээ. (Бид буцах замдаа “Анар” мини маркетаар орж хос сойз зардаг эсэхийг нь лавласан юм. Энэ дэлгүүрт хос сойз 1800 төгрөгийн үнэтэй байлаа)
Эндхийн оршин суугч эмэгтэй энэ сарын 8-ны орой 20 цагийн үед малаа эргүүлэхээр явж байгаад хэрцгийгээр амиа алдсан охидын цогцсыг анх харсан байна. Тэрээр ийн ярьжээ. “Нар жаргах үед малаа харахаар хажуу уул руу гарсан юм. Гэтэл үс, цус харагдахаар нь  “Уул, овоон дээр хэн нь ийм юм хаядаг байна” гэж бодоод цааш алхсан. Гэтэл овооноос мухар хүзүүтэй, сонин улаан юм цухуйж байсан. Одоо байтлаа малын махаар овоогоо тахидаг болоо юу гэж бодтол юун мал манатай. Эмэгтэй хүний бие байсан юм билээ” гэжээ.
Цагдаагийнхныг хэргийн газар очиход уулын баруун энгэрийн орой дээр хад, чулуутай газарт, ар хэсгээс дээш өгсөж явахад хадны дунд цасан дээр эмэгтэй хүний ягаан бас бор өнгийн хоёр гар цүнх харагдсан гэнэ. Цүнхнүүд онгорхой байсан бөгөөд дотор нь уруулын будаг зэрэг гоо сайхны хэрэгслүүд нь байжээ.

Б.Идэрзаяа гэж хэн бэ?
Бямбасүрэнгийн Идэрзаяа 1991 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Айлын отгон хүү юм байна. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрбээр наймдугаар ангиа төгссөнөөс хойш сургуульд сураагүй. Ажил хийхээр нийслэлд ирсэн юм байна. Хотод Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Их наранд ах, эгчтэйгээ амьдардаг байжээ. Тэрбээр хотод ирээд машин угаалгын газарт анх ажилд орсон юм байна. Дараа нь барилга дээр хэсэг ажилласан гэнэ. Гэхдээ тэрбээр тогтсон ажил хийж үзээгүй. Хамгийн удаандаа нэг газар хоёр сар ажилладаг байж. Хар ажил хийж байхдаа танилцсан найзуудтайгаа байнга шахам архи уудаг байсан гэдгийг ойрын хүмүүс нь ярьсан. Түүний амьдран суугаа тоот хашаанд гурав, дөрвөн айлын гэр байдаг аж. Хорооныхон “Тэр хашаанд хөдөө гадаанаас ирсэн хүмүүс их орж гардаг. Хөдөөнөөс ирж энд сурдаг оюутнууд, ажил хийдэг залуус амьдардаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Б.Идэрзаяа 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цом” караокед үйлчлүүлж байгаад үл ялих зүйлээр шалтаглан шар айрагны шилээр Э гэх залуугийн толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан хэрэгт холбогдож байжээ. Тэрээр тухайн үед “Бие засах өрөө орчихоод эргээд ирсэн чинь манай найз охиныг Э хүзүүдчихсэн, сонин сонин юм яриад сууж байсан. Тэгэхээр нь надад найз охиноо хардах сэтгэгдэл бага зэрэг төрсөн. Гэхдээ би тэр үйлдэлд уурлаагүй. Дараагаар нь манай найз охин микрофон аваад дуулах гэхэд Э микрофоныг нь булааж аваад “Яасан муухай дуулдаг юм” гэх мэтчилэн сонин зүйл яриад байсан. Тэгсэн манай найз охин уурлаад караокегоос гараад явчихсан. Би найз охиныхоо араас гартал тэр яваад өгчихсөн. Э бид хоёр тооцооноос болж маргалдсан. Би Э-г бөгжтэй гараараа цохьсон. Түүнийг шилээр цохиогүй” гэж мэдүүлж байжээ. Түүний холбогдсон хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хянан хэлэлцээд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэг сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсэн байна.
Тухайн үед ах, эгч нь хохирогч Э-д 200 мянган төгрөг төлж, гомдолгүй гэх мэдүүлгийг өгүүлж байсан гэнэ.
Б.Идэрзаяа архи уухаараа тавьтаргүй, агсам, омогтой нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьсан. Ажлаасаа гарчихаад хамт ажиллаж байсан хүмүүсээсээ архины мөнгө нэхэж, бааранд орох санал гаргаж уруу татдаг байсан гэнэ. Үүнээс нь болж найз бүсгүй нь түүнээс салсан аж.
Ажил хийж олсон мөнгөө ах, эгчдээ өгдөггүй. Зугаа цэнгэлд зориулчихдаг учраас гэрийнхэн нь ажил хийлгэх сонирхолгүй байж. Тэрбээр өнгөрсөн намар барилгын ажил хийж байгаад гарчээ. Түүнээс хойш ажил хийгээгүй байна.

Д.САРУУЛ
Ц.ӨРНӨХ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын капиталыг шахан зайлуулсан Монгол туршлага

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


1920-иод оны дундаас Мон­голын удирдагчид бие даасан бодлого явуулж эхэлжээ. Тэр үед Зөвлөлт Хятадын харилцаа маш сайн байлаа. Манжуурыг эзэлсэн Жан Золин болон түүний араас дэмжигч япончуудыг даран сөнөөхөөр Бээжинд ирж суурьшсан Сун Ятсэний гоминданчууд Зөвлөлттэй үгссэн байв. Монголоор дамжуулж гоминданд зэвсэг нийлүүлэхээр туршиж байлаа. Сибирийн төмөр замыг Улаанбаатараар дайруулан Бээжинтэй холбох төлөвлөгөө гарчаад байв.
Энэ үед Монголын удирдагчид идэвхитэйгээр гурав дахь хөрш хайж байлаа. Монгол нь Швейцарь лугаа адил хөгжинө хэмээх гол үзэл сурталч Цэвээний Жамсран хэлсэн нь улс орны гадаад бодлого төвийг сахисан шинжтэй байна гэдгийг тодорхойлсон хэрэг. Хамгийн түрүүн гадаад ойрын түншээрээ Германыг сонгов. Дараахь онуудад нь Германы тусламжаар Монголд тоосгон завод, анхны жижиг цахилгаан станц, төмрийн завод зэрэг үйлдвэр байгуулан герман мэргэжилтэн урилгаар ирж ажиллах болсноос гадна Германы геологийн экспедици ирж хайгуул шинжилгээ хийх боллоо. Германы AEG пүүсээс худалдаж авсан 500 кВт чадалтай цахилгаан станц нь Монголдоо анхных байлаа. 1926 онд анхны 25 хүүхдийг Германд сургуульд явуулсан ба тэд Лайпциг, Берлин гэх мэт таван хотод таран сууж, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд сурах боллоо. Төлбөрийг нь Монголын Засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчийн монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдорж ажиллаж байв. Суралцагсдын тоо дараагийн элсэлтээр нэмэгдэн 50 хүрсэн ба 1928 онд Гэгээрлийн яамны сайд Эрдэнэ-Батхаан явуулсан хүүхдээ эргэн Герман, Франц орж байв. Тэрээр цаашлан Итали орсон байдаг.
Москва дахь Германы Элчин сайд Брокдорф-Ранцау гүнгийн санаачилгаар 1925 онд Монголын худалдааны төлөөлөгч Германд ирлээ. Тэднийг Монголын Засгийн газрын ажилтан Сампилон толгойлж байлаа. 1925-1926 онд Handel-delegation der Mongolei Берлинд байв. Европ дахь эдийн засгийн албан ёсны харилцаа нь бараг зөвхөн Германтай л тогтож байсан ба Франц, Шведтэй түр зуурын харилцаатай байсан юм. Энэхүү худалдааны төлөөлөгчөөр дамжиж л машин тоног төхөөрөмжийг Германаас авсан, мэргэжилтэн Германаас захиалсан байв. Германтай хийх худалдаа нь голдуу бараа солилцооны журмаар байсан ба энэ нь Монголын Европтой бараа солилцоогоор худалдаа хийх анхны оролдлого юм. Бүр цаашлаад Берлинд Монголын консулын газар байгуулах талаар хэлэлцээ эхэлсэн байтал төлөөлөгчид гэнэт гэдрэг татагджээ. Монголын Засгийн газрын урилгаар ажиллаж байсан герман инженер Фриц Вискэ 1928 онд Гадаад Монголын эдийн засгийн нөхцөлийн талаар их өндөр үнэлэгдсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг Германы ГЯЯ ихэд сонирхож байсан байх юм.
Монголын удирдагчид улс орноо гадаад гүрнүүдээр хүлээлгэн зөвшөөрүүлэх бололцоо хайж байсан аж. Герман, Англи, Америктай холбоо тогтоохыг Жадамба, Хятад, Японтой ойртохыг Дамбадорж шимтэн хөөцөлдөж байв. Харбин дахь Америкийн консул, Хятадад суух Английн худалдааны төлөөлөгч нарыг 1926 онд Баянтүмэнд ирэхэд Жадамбаа нууцаар уулзаж байсан гэх буюу Манжуурт сууж байсан Японы консул, Москвад сууж байсан Японы цэргийн аташег Дамбадорж Монголд ирүүлэхээр хөөцөлдсөн. Эдгээр ажиллагааныхаа хариуд Москвагаас хатуухан банга хүртсэн. 1928 оны ТХ-ны хурал дээр Жадамбаа, Дамбадорж нар “Хятад, Япон, Герман, Англи, Америктай ойртох нэгдэх гэсэн юм байхгүй, гагцхүү Монгол Улс бүрэн тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээлгэн зөвшөөрүүлэхийн тулд гадаад улстай хууль ёсны хүрээнд харилцаж ирсэн нь буруу болж байна уу?” гэж сөргүүлэн асууж байлаа. Сүүлд Цэвээн Жамсрано байцаагдаж байхдаа Цэрэндорж, Амар, Жадамба, Дамбадорж нарын зэрэг Монголын гол удирдагчид Монгол үндэстнээ гэсэн чиглэл бүхий бүхэл бүтэн бодлого явуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.  Үндэсний асуудал шийдэх таван гол бодлого гэдгээ Монголын газар нутаг, үндэс, ард түмэн, эрх чөлөө, тусгаар улс хэмээн томъёолжээ.
Монголын удирдагчдын бие даах гэсэн, үүндээ гурав дахь хөршийг оролцуулах гэсэн бодлого Москва болон Коминтерний хүчтэй шахалтанд ороод эхэлмэгц Монголын цаашдын хөгжлийн зам мөрийн тухай өөрийн хувилбарыг хийж ТХ-ны албан ёсны хариу тайлбар болгон Дугаржав, Гэлэгсэнгэ нараар 1927 оны тавдугаар сард Москвад хүргүүлжээ. Тэдний авч очсон бичигт “Тус нам болбоос жинхэнэ пролетари хэмээх үйлдвэрчний нам лугаа адил үгүй. Тус намын гишүүн болбоос мал өсгөх ажил бүхий жижиг өв хөрөнгө бүхий этгээд нар болой”… хэмээн өөрийгөө большевик биш харин жижиг буржуйн үзэлтэн гэдгээ улаан цагаангүй тайлбарлажээ.  Дургүй нь хүрсэн зөвлөлтүүд Коминтерний их хуралд ирсэн зөвлөх эрхтэй гишүүн Монголын төлөөлөгчдийг “зочны” суудалд суулган МАХН-ыг Коминтернээс хөөсөн сэтгэгдэл төрүүлэв.
Энэ үед Коминтерний Монголын комисс нэлээд том бүрэлдэхүүнтэй байв. Тэд Монголын зөрүүд удирдагчдыг “баруунтан” хэмээн нэрлэхээр аль урдаас төлөвлөсөн байв. Зөвлөлтүүд эдний эсрэг хүчнийг төрүүлэн бэлтгэх эрчимтэй ажиллагаа зохиох нь тэр. Энэ явуулгандаа МАХН-ны залуу гишүүд, МХЗЭ-ийн идэвхтэн, хөдөөнөөс дэвшин ирж буй хүмүүс болон Зөвлөлтөд сурч буй оюутныг гол түшиг тулгуур хүчнээ болгон ашиглажээ. Гэндэн, Жигжиджав, Бадрах, Шижээ, Элдэв-Очир, Лааган, Лхүмбэ зэрэг залуусыг “хөгшдийнх нь” эсрэг турхирч эхэллээ. Энэ залуусыг хөдөөнийхөн гэж нэрлэв. Энэхүү “хөдөөнийхөн”  дээрээс хүч хавсруулахаар
-КУТВ-ийнхэн хэмээн Москвад коммунист үзэл сурталд суралцаж буй залуус,
-Тверийнхэн хэмээн Тверь хотын цэргийн сургуульд сурч буй залуус,
-Намын сургуулийнхан хэмээн  Улаанбаатарт коммунист үзэл сурталд сурч буй залуус гэсэн дайрах отряд тус тус бэлджээ.
МАХН-ын долдугаар их хурлыг зарлан хуралдууллаа. Хурлын бүх нарийн ширийнийг Улаанбаатарт гэнэт десант маягаар орж ирсэн коминтерний төлөөлөгчид зохион байгуулсан ба мөнөөх учраа олоогүй хөөргөн залуучуудын амаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан байна. Тэд л чухам “худонец”, “кутвианец”, “ревсомолец” гэсэн нэр томъёо гаргаж өөрсдийнхөө ойлголт ба үзэмжээр Монголын удирдлагыг баруун, зүүн болгон хуваажээ. “Намын зүүн ангийн гишүүдийн эрмэлзэх санал” хэмээх зүйлийг бичиж мөнөөх залуучуудаар гарын үсэг зуруулан “баруун оппортунистуудын” эсрэг гол баримт бичиг, МАХН-ын цаашдын мөрдөх гол үзэл суртал болгожээ. 20 “зүүнтэн” гарын үсэг доор нь зурсан “Платформа оппозиции в МНРП по вопросам международного и внутреннего положения МНР” гэсэн орос гарчигтай энэ баримтыг зөвлөлтүүд боловсруулан зохиож, буриадууд орчуулж, мөнөөх хөөргөн залуучууд уншжээ. Их хурлын дундуур 1928 оны арваннэгдүгээр сарын 29-нд Москвад БХК(б)Н-ын УТТ хуралдаж Дамбадорж, Жадамбаа нарыг Монголын удирдлагаас үтэр түргэн хөөн зайлуулах эцсийн шийд гаргалаа. Энэхүү эцсийн шийд гаргахаас өмнөхөн нийслэл Улаанбаатарт ирсэн Коминтерний төлөөлөгчид хоорондоо удтал ярилцан маргаж, хэнийг яаж зайлуулах, хэнийг удирдлагад тавих, хэн хэнийг ТХ-ны гишүүн болгох, хэн ямар яамны сайд болох зэргийг нарийн хэлэлцсэн байна. Намын долдугаар их хурал 47 хоног хуралдан сунжирч эцэст нь Москвагаас зохион байгуулсан төрийн эргэлт амжилттай хэрэгжсэн юм.
Хурал дуусмагц Коминтерний тушаал ёсоор “гадаадын капиталыг шахан зайлуулах” бодлого хэрэгжиж эхэллээ. Энэ нь эдийн засгийн харилцаанд Зөвлөлтийн “капиталист бус” нөлөөг бүрэн монопол болгож, бусдыг нь шахан зайлуулна гэсэн үг юм. Энэ үед Монголын дотоод таваарын гүйлгээний 67 хувийг мөнөөх “гадаадын капиталист” капитал эзэгнэж байлаа. 1929 оны байдлаар импортод 9.8 хувь, экспортод 26 хувийг мөнөөх “капиталист” ганзагачин гүйцэтгэх аж. Монгол нь малын түүхий эдээс гадна ангийн үсний гайгүй экспортер байлаа. 1.1 сая тарвага, 7.4 мянган хэрэм, 32 мянган үнэг, гурван мянган чонын арьс зэргийг гадагш гаргадаг байсан нь нийт экспортын 15 гаруй хувийг эзэлдэг байв. Эдгээр болон бусад түүхий эдийг цуглуулахын тулд болж буй чөлөөт өрсөлдөөнд Зөвлөлтийн капитал Монголын зах дээр үргэлж хоёр гурав дугаар зэрэгт орж байв. Ингээд 1929 онд гарын үсэг зурсан “Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг тогтоосон гэрээнд”: Зөвлөлтүүд экспортын гол бүтээгдэхүүн болох түүхий эд, малын болон ангийн арьс үсийг гадагш гаргах “онц эрхийг” улсын мэдлийн болгож, гаргахыг нь хориглоод харин өөрийн Сибгосторг, Дальгосторг, Кожсиндикат, Центрсоюз зэрэг “социалист” пүүстээ түүхий эд чөлөөтэй цуглуулах, онц эрхийг олгуулжээ. Ингэснээр 1925 онд ноосны 86 хувь нь Хятад руу, 13 хувь нь ЗХУ руу экспортолдог байсан бол 1926 онд 76 хувь нь хойшоо, 22 хувь нь урагшаа гардаг болов. Мөн Хаалган, Мүгдэнд байсан Монголын харилцан туслалцах хоршооны салбаруудыг хаав. Хувиараа валют хил гаргахыг хориглов. Дэлгүүр нээх, түүхий эд цуглуулах, хилээр гаргаж оруулах дээр ийнхүү хавчин шахах бодлого явуулсны үр дүнд Монголын гадаад худалдаа эгшин зуур тэр чигээрээ зөвхөн зөвлөлтүүдийн мэдлийнх боллоо.
Гадныхныг бизнесийн хувьд төдийгүй иргэний хувьд шахах ажиллагааг зэрэгцүүлэн хүчтэй явуулав. 1926 оны бүртгэлээр Хятадын харьяат 2 800, төвдүүд 400 орчим, Герман, Их Британи, АНУ, Дани, Франц, Унгар, Польш, Итали зэрэг улсын иргэн 2700 орчим байжээ. Мөн 1925 онд тоолсноор Гандан, Богдын ордонг оруулалгүй тооцоход монголчуудын хашаа 2 368, орос, хятад, төвд, англи, америк, европчуудын хашаа 1 019 байв. Эднийг яс бүртгээд хөөж туун, явж өгөхгүйг нь хүчээр буцаажээ. 1929 онд зөвхөн Улаанбаатараас 4 000 илүү иргэнийг хөөж явуулсан байна. Дамбадоржийн олж ирсэн герман, швед, данийн мэргэжилтэн ийнхүү уригдаж ирээд хөөгдөж буцлаа. Энд Монголын зах зээлийг ямар ч өрсөлдөгчгүйгээр хүчээр дагнан эзэгнэх гэсэн зөвлөлтүүдийн эдийн засгийн сонирхлоос гадна Монголыг гадаад ертөнцөөс бүрэн таслах гэсэн улс төрийн асар том бодлого зэрэгцэн явсан юм. Чухам энэ бодлогын хүрээнд Дамбадоржийн Герман, Францад сургуульд явуулсан тавиад хүүхдийг 1930 он гэхэд яаралтай дуудаж буцаажээ. Мөн гадаадын сайн дурынхан, тусламжийнхан, сайн санааны элч нар ч хөөгдлөө. Хөвсгөл, Булганд фермийн аж ахуй байгуулж нутгийн ардуудад амьдралаа сайжруулах арга зааж өгч байсан Данийн мэргэжилтнүүд хөөгдөн гараад энэ ажлаа Өвөр Монголд үргэлжлүүлсэн болно.
Ийнхүү Монгол нь гаднаас бүхэн тусгаарлагдсан ба одоо энэ нутаг дээр ямар ч байгалийн болон нийгмийн гамшиг болоход хүн төрөлхтөн мэдэхгүй өнгөрөх бүрэн бололцоотой боллоо. Дараа нь коммуна байгуулж ардын малыг хуу хураасан. Хөрөнгө хураах их ажил өрнөсөн. Гадаадын капиталыг хөөсний дараа түүгээр баяжсан хүмүүсийн хөрөнгийг хураана гэжээ. Дууссаных нь дараа энд тэндгүй барьцсан асуудал гарсан тул Хөрөнгө хураах хоёрдугаар ажиллагаа давтан болсон байдаг. Явсаар 1932 онд иргэний дайн болсон доо. Шийдэм, бороохойгоор зэвсэглэсэн Монголын малчин ардын эсрэг танк онгоцоор зэвсэглэсэн Монголын байнгын арми тулалдаж зэрлэгээр даран сөнөөсөн.
Дэлхий ертөнцөөс дал шахам жил таслагдсан Монгол оронд гадаадын хөрөнгө оруулалтын тухай яриа дөнгөж 1990 оноос дахин амилсан. 1990-2004 оны хооронд Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын гадаад айлчлал болон хурал зөвлөгөөнд хэлсэн үгэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхийг уриалсан урилга 200 орчим удаа дурьдагдсаныг хэн нэг нь тоолж амжжээ. Гэвч энэ хооронд дорвитой гэж хэлэгдэхээр хэн ч орж ирээгүй юм.
2011.10.17