“Монголын маркетинг менежментийн хүрээлэн”-гээс жил бүр үндэсний бизнесийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Grand expo” фестивалийг зохион байгуулдаг билээ. Өнөө жилийн Монголын шилдэг бизнесүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа уржигдар болж өндөрлөсөн. Шилдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулдаг тус фестивальд өдөр тутмын топ таван сонины нэгдүгээр байрт хүний эрхийг хөхиүлэн дэмжигч “Өдрийн сонин” шалгарч, цом хүртлээ.
Category: онцлох-нийтлэл
Изинис эйрвэйз” компани өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус компани нь “Ньюком” группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж байжээ. Анх Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэж байсан бол Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Баян-Өлгий 5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлдэж байсан юм. Харин дөнгөж сая үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа мэдэгдэл гарган мэдээлсэн байна. Мэдэгдэлдээ “Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье.
Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.
Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна-
БНХАУ-ын Шанхай хотноо болж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-ын дээд хэмжээний IV уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын талаар, мөн энэ үеэр хөрш хоёр орны төрийн тэргүүнтэй уулзсан уулзалтын талаар уг үйл явдлыг газар дээр нь сурвалжилж байгаа Монголын хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд ярилцлага өглөө.
-Энэ удаагийн уулзалтын онцлог юу байв?
-Дөрвөн жил тутам болдог уулзалт улам өргөжиж, бүс нутгийн улс орнуудыг хамарч байгаа нь харагдаж байна. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 47 орны төлөөлөл оролцож байна.
-АХАИББХ гэсэн энэ байгууллагад Монгол Улс ямар суурь эзэлж байна вэ?
-Уулзалтын төгсгөлд хамтарсан тунхаглал гарч байгаа. Энэ тунхаглалд Монгол Улсын санал санаачилгатай гурван чухал зүйл тусгагдсан нь Монгол Улсын байр суурийг илтгэх байх. Нэгдүгээрт, Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гишүүн орнууд дэмжин хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол бүс нутагт тулгарч байгаа шийдвэрлэх асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлэх механизм байх юм. Монгол Улс бүс нутагтаа бусад улс оронтой ямарваа нэг зөрчилдөөнт асуудалгүй, олон талт яриа хэлэлцээг санаачлан өрнүүлэх давуу талтай юм. Нэн ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс идэвхтэй ажиллах боломжтой. Энэ асуудлаар Монгол Улс ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо олон талын өргөн оролцоо бүхий уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын цөмийн зэсвгээс ангид байх санал санаачилга маш өргөн дэмжлэг хүлээсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд манай орны санаачилгыг дэмжиж, Монгол улсын цөмийн зувсэггүй бүс гэсэн статусыг баталгаажуулсаныг мэдэж байгаа байх. Монгол Улсын энэ санаачилгыг дэмжиж мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Гуравдугаарт, Монгол Улсын 2006 онд санаачилсан Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төв Улаанбаатар хотноо байгуулагдаад байна. Энэ төвийн үйл ажиллагаанд улс орнуудыг татан оролцуулах асуудлыг мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.
-Шанхайд Та хөрш хоёр орныхоо төрийн тэргүүнтэй уулзлаа. Уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголын гадаад харилцааны хамгийн гол чиглэл бол хөрш хоёр оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх явдал. Энэ бол харилцааны их чухал хэсэг. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хийсэн уулзалт маш элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Уулзалт албан ёсоор хагас цаг төлөвлөгдсөн ч уулзалт нийтдээ хоёр цаг 10 минут үргэлжилсэн олон зүйлийг өгүүлж байгаа байх. Бид маш олон зүйлийн талаар ярьсан. Хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт мөн амжилттай болсон. Тулгарч байгаа асуудлаа хамтарч шийдье гэдэг дээр санал нэгдлээ. Асуудлаа шийднэ гэдэг бол гэрээ хэлэлцээ хийнэ гэсэн үг. Бидэнд шийдэх асуудал олон бий. Энэ олон асуудлын нилээд нь зөьхөн хоёр талын биш, гурван талын, өөрөөр хэлбэл, хоёр хөрш болоод монголчууд бидний идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэдгийг ярилаа. Тиймээс зарим асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. Хоёр хөрш маань хэн хэн шинэ удирдлагатай болоод удаагүй байна. Шинэ удирдагчид тулгарч байгаа асуудлуудыг шийдэх эрмэлзэл дүүрэн байна. Шанхайн уулзалтыг залгаад Монгол Улсын Ерөнхий сайд мөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах гэж байна. Санкт Петербург хотноо зохиогддог уламжлалт эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцохыг урьсан. Ноён Путин сая Шанхайд нэг зүйлийг амалсан. Шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаар холөогдох хүмүүсийг Санкт Петербург хотноо Ерөнхий сайдыг уулзуулахаар боллоо. Төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс гол зангилаа газар гэдгийг ноён Путин хэлсэн. Энэ нь манай байр суурьтай ижил гэсэн үг. Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн үр ашигтай. Үүнээс гадна Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын дунд байрлаж байгаа нь маш ач холбогдолтой. Монгол аюулгүй гэдгийг ойлгож байгаа.
-Танд баярлалаа.
Манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдаж буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Эвлэл мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-аар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Хаалтын гэрээ”-ний тухай асуудал хүчтэй яригдаж, Монголын сэтгүүлзүй бүхэлдээ ийм асуудалд орооцолдсон мэт ойлголтыг нийгэмд төрүүлснийг буруушааж байна. МСЭ сэтгүүлчдийн ёсзүйн асуудалтай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор зарлаад хоёр жил гаруй болоход “Хаалтын” гэж томъёолсон гэрээтэй холбоотой гомдол санал нэг ч удаа ирээгүй болно. МСЭ, эсвэл хууль хяналтын байгууллагад хандаагүй атлаа ийм яриа цуу нийгэмд цацах нь сэтгүүлзүйн салбарыг бүхэлд нь харлуулж нэр хүндийг нь унагах, үнэн үгийг үнэгүйдүүлэх, саармагжуулах зорилготой үйлдэл, эсвэл хэн нэгэн өөрийгөө баатар болгож харуулах гэсэн тоглолт гэж үзэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээл нь ашиг багатай, эрсдэл ихтэй эмзэг салбар бөгөөд улс орон нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд энэ салбарын ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсээр ирсэн бөгөөд төрөөс тэднийг цогц бодлогоор дэмжиж чадахгүй байлаа гэхэд жам ёсны хөгжилд нь чөдөр тушаа болсон шийдвэр шийдлээр саад тээг тавихгүй байх нь чухлыг мөн сануулж байна.
Монголын сэтгүүлзүй бол сүүлийн хорин жилд хамгийн хурдтай хөгжсөн, эрчтэй тэлсэн салбарын нэг яалтгүй мөн. Ийм хөгжил хөдөлгөөнийг дагасан гэрэл сүүдрийн аль аль нь манайд бий. Тэгээд ч салбарын онцлогоос болоод сэтгүүлзүйн алдаа оноо нь нийгэмд үргэлж ил тод, нээлттэй байдаг. Энэ нээлттэй байдал нь хэн дуртай нь сэтгүүл зүй рүү нулимах шалтаг болох ёсгүй.
Манай салбарын онцлог нь нэг хэсэг асуудлыг хуулиар зохицуулдаг, нэг хэсэг асуудлыг ёсзүйгээр зохицуулдагт оршдог. Бид өөрсдийн алдаа оноог сайтар мэдэж байгаа бөгөөд сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтын оновчтой арга механизмыг сүүлийн үед идэвхтэй эрэлхийлж, зөв сайн эхлэлүүд нэгэнт тавигдаж байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Манай салбартай холбоотой аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргахдаа МСЭ болон сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажилтан ажиллагсдын байр суурь, санал бодлыг ямагт харгалзан үзэж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Бурууг бусад руу чихэхийн золиос нь Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүй болох ёсгүй бөгөөд ийм хандлагын эсрэг тууштай тэмцэж, мэргэжлийн болоод салбарын нэр хүндээ хамгаалах нь нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэм үүрэг болоод байгааг сануулж, эв нэгдэлд уриалан дуудаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
2014.05.22. Улаанбаатар хот
МАН буюу хуучин МАХН завсарлага авах, шинэчлэлийг улдан чангаахдаа алдартай. Энэ тэдний гэм биш зан л даа. Эд нар хуучин яаж завсарлага авч байсныг эргэн саная. Улсын бага хурлын дэд даргаар Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхэд одоогийн энэ МАН Н.Багабандийг сөргүүлж дэвшүүлээд гурван сар ажил хийлгээгүй. Тэрнээс болж хуульд өөрчлөлт оруулж байж бүлэг бүрээс дэд даргатай байхаар заалт оруулсан. Үндсэн хууль баталж байхад мал төрийн хамгаалалтад байна гэдгийг хэлэлцэхэд хэд хоног уяв. Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, иргэн бүр гадаад паспорттой болох асуудлыг хэлэлцэхэд мөн л гацааж байв.
1996-2000 онд АН эрх барьж байхад ер ажил хийлгээгүй. Бараг л санаачилсан хууль болгоныг нь гацаадаг байсан. Эсвэл өөрсдийн саналыг тулгаж барьцаалддаг. Одоогийн МАН тэр дөрвөн жилд дөрвөн удаа засаг унагаж, улс төр хийхээс өөр ажил хийгээгүй. АН-ынхныг ч ажил хийлгээгүй. УИХ-ын дэд даргад Р.Гончигдоржийг дэвшүүлэхэд мөн л завсарлага авсан. Ерөнхий сайдад Да.Ганболдыг дэвшүүлэхэд долоон удаа буцааж байлаа. Гурав, дөрвөн сар ажил уяж үүнийх нь үр дүнд төсөв цалингаа тавьж чадахаа байж, орлон гүйцэтгэгчтэй өчнөөн удаж, ард түмэн амаараа шороо үмхэж элгээрээ хэвтсэн. Энэ хэнд ашигтай байв. Зөвхөн энэ намд ашигтай байсан биз. Үүнийг Ц.Элбэгдорж “АН ялсан нэртэй боловч улс төрийн гянданд өнгөрүүлсэн дөрвөн жил” гэж хэлж байсан. Дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, завсарлагыг хүссэн хугацаагаараа авдаг байсан даа. Харин сүүлд энэ утгагүй байдалд бага ч болов хаалт хийх гэж ажлын таван өдөр л завсарлага авч болохоор хуульчилсан. МАН 1996-2000 онд эхэндээ завсарлага авч ажил хийлгэхгүй байсан бол сүүлдээ АН-ын урвагчид буюу Элсний 13-тай дөрөө харшуулж засаг унагах л тоглолт хийдэг болж билээ. Бусад нь тэдэнд үнэндээ ямар ч хамаагүй байв. Тэр тусмаа улс орон яах нь ямар ч хамаагүй, зөвхөн улс төр хийх нь чухал байсан юм. Энэ дөрвөн жилд АН эрх барьж байгаа нэртэй ямар ч асуудал шийдэж чадахгүй нь. Ер нь бол шийдүүлэхгүй нь л дээ, сөрөг хүчин нь. Тэртээх дөрвөн жил улс төрийн гянданд байлгаснаас болж дараагийн сонгуулиар АН цэвэр ялагдал амсч, Л.Гүндалай л парламентад намаасаа ганцаар суухдаа өөрийг нь хэн ч сонсохгүй болохоор цаасан дээр үгээ бичиж, УИХ-ын дэд дарга хойноос нь муур, хулгана болж байж, барьсан цаасыг нь урж хаяж байлаа.
АН-ын ялагдал дүүрч. Улс орон элгээрээ мөлхсөн. Энэ үед Н.Энхбаярын хаанчлалын үе эхлэв. Яг энэн шигээ эдийн засгийг эрчимжүүлэх зуу хоног гэж ярьж байгаад МАН-ынхан гэнэт арав хоног болгож оруулж ирж тулгаад захалчихлаа. Үүнээс болж төр засгийн үйл ажиллагаа арав хоногийн дараа зогсоно. Энэ МАН-ынхны улс төр. Хэний ч мэдээжийн юу гэж эдийн засаг арав хоногийн дотор өргөс авахын дайтай сайжрахав. Тиймээс энэ засаг унана. Эрхбиш орлон гүйцэтгэгчтэй хэсэг хугацааг авах биз. Үүнд МАН баярлана. Ард түмэн хохирно. Ирэх жилийн ес эхэлтэл дахиад засаг байгуулах нүсэр ажил өрнөнө. МАН-ын шаардлага дотор энэ засгийн хийж чадахгүй, боломжгүй зүйлийг тусгасан байна лээ. Ханшийг Засгийн газар биш УИХ л Монгол банкныхнаа дуудаад шийдэх асуудал. Удирдлагыг нь эндээс л сонгодог. МАН өнөөдөр УИХ-ын тэн хагасыг шахам бүрдүүлчихээд бурууг засагт өгөөд сууж байгаа нь хачин шүү. МАН-ынхан эдийн засаг муу, улс орон хэцүүдэж, улс амьтан уурлаж бухимдаж байвал баярлаад байх шинжтэй. Ардчилсан нам, эрх баригчид л муу гэж хэлбэл тэр улс орон хэцүүдэх ч МАН-д ёстой пад алга. Ингээд засаг унах нь тодорхой болох нь. МАН-ын шаардлагыг биелүүлэх гэж ямар ч шидтэй бирд гарч ирээд ч арав хоногт эдийн засаг сайжрахгүй. Н.Алтанхуяг яаж ч мяндсан ухаан гаргаад хүчрэхгүй. Долларын ханш энэ янзаараа 2000 давахад хөрөнгө оруулалт бүхэлдээ зогсоно. Үүний нэг дохио нь Ашигт малтмалын хуулийг унагасан явдал. Хөрөнгө оруулагчдын ганц найдвар тавьж байсан, хонгилын үзүүр дэх гэрэл энэ байлаа. Хөрөнгө оруулагчид Монголд дургүйдээ, сонирхохгүй байгаадаа нүүр буруулсан юм биш. Монголын засаг төр тогтворгүй, хууль нь хэзээ яаж ч өөрчлөгддөг учраас болгоомжилдог, нүүр буруулдаг. Яг энэ болгоомжлолыг улам баталж, хамгийн их сонирхож байгаа хуулийг нь унагаж, төрийг тогтворгүй болгож орхилоо. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахаар эдийн засаг өөдлөхгүй.
МАН-ынхны ийм улс төрийн шантаажаас болж энэ зуны бүх бүтээн байгуулалт зогсоно. Өнөөдрийг хүртэл хийсэн улс төр нь Засгийн газрыг ажиллуулах боломж олгосонгүй. МАН-ынхан юунаас болж гэдийж захлав. Гол нь АН МАХН-тай гэрээ байгуулснаас болж дургүйцэв. АН-ын МАХН-тай гэрээ байгуулахад дургүйцсэн АН-ын зарим хүчнүүд ч үүнд нэгдээ биз. Ингээд нөгөө зуу хоногийн мөрөөдөл өнгөрөх шиг болов.
Эх орноо ингэж хорлохоо боливол яасан юм. Ард түмэн та нарыг мэдэж байгаа шүү дээ, МАН-ынхаан. Эхний удаа Монголыг ядууруулж засаг барьсан. Одоо харин ард түмэн та нарыг уучлах уу. Өнгөрсөн нэгдүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах болоход ажлын тав хоног завсарлага авсан. Царцаасан барилгуудад хийсэн аудитын шалгалт хийх үеэр бас л олон хоногийн завсарлага аваад л алга болсон. Ердөө л ажил хийлгэхгүй арга сэдэж, ирэх сонгуульд АН юу ч хийгээгүй гэж хэлээд сууж байх гэж л ингэж байна. Сүүлдээ МАН-ынхан АН-ын гал тогоонд орж, дотоод асуудалд хутгалдах болов. Өөрсдөө болохоор УИХ-ын гишүүнийг сайдын албатай давхар хашиж болоод байдаг, Ардчилсан нам эрх барихаар болохоо байчихлаа гээд завсарлага авдаг. Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхэд ч завсарлага авлаа л гэсэн. Ингэж ажил гацаачихаад дараа нь эрх баригчид юу ч хийгээгүй, бүтээгээгүй гээд л сууна. Түүх давтагдахаараа эмгэнэл болдог. 1996-2000 давтагдах шинжиндээ орлоо. Яг л тэр түүхийг давтахаар МАН улайрч эхлэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг аж. Тухайлбал, Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, нийтэд тустай ажил хийлгэх нь 5.8 хувь, баривчлах ял 12.5 хувь, бусад ял 0.1 хувийг эзэлж байсан бол 2012 оны мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.6 хувь, нийтэд тустай ажил хийлгэх 5.7 хувь, баривчлах ял 11.6 хувь, бусад ял 5.1 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн хорих ял эдлээд суллагдсан иргэдийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд торгох ялыг оруулж, нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ногдуулахаар заажээ Ингэхдээ уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Түүнчлэн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцох юм байна.Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь хорино гэсэн ангилалтай байх нь. Тухайлбал, хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх юм байна. Хуулийн төсөлд өсвөр насны иргэнд ял оногдуулах талаар ч тусгасан байна. Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар зааж өгчээ. 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй гэсэн тайлбарыг яамнаас хийж байна. Хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх. Хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих зэргээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн аж. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд бэлтгэл шат 1-2 жил үргэлжилж, хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх боломж бүрдэх гэнэ.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын иргэний харьяаллаа сэргээх хүсэлтийг манай албаныхан хүлээж аваагүй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ мэдээлэлд албан ёсны тайлбар гаргажээ. Уг тайлбарт “Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байна. Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай Д.Мөнхбаярын гаргасан хүсэлт, баримт бичгийг манай байгууллага хүлээн авсан байна.
Хүсэлт, баримт бичгийг нь хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй юм. Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн байна. Д.Мөнхбаяр нь хуульд заасны дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой болно. Мөн ОХУ-ын иргэн Karuev Vladimir /Халимагийн дуучин Цагаанзам, 1957 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн/ нь тус байгууллагаас иргэний харьяаллын талаар зөвлөгөө авсан бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын харьяат болох хүсэлт, баримт бичгээ манай байгууллагад албан ёсоор ирүүлээгүй байгаа болно” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өнөөдөр (5 дугаар сарын 19) Шанхай хотноо уулзлаа. Албан ёсны уулзалтын дараа хамтдаа өглөөний цай уув.
Уулзалтаар хөрш хоёр орны улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд тодорхой асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Мөн энэ онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны Гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласантай холбогдуулан, түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байлаа.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг 40 минутаар төлөвлөсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилж, олон асуудлаар санал солилцсон нөхөрсөг яриа хэлэлцээр болж өнгөрлөө. Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзана. Тавдугаар сарын 21-нд Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцох юм.
МАН-ынхны хийж байгаа улс төрийн акцууд тааварлахын аргагүй болжээ. Үзмэрч, мэргэндээ таах гээд байгаа юм биш. Ерөөсөө энгийн ойлголт, логик дараалалгүй гэнэтийн шийдвэрүүд нь гайхаш төрүүлэх боллоо. Уг нь улс төрийн тулхтай хүчин, манайдаа институц болтлоо төлөвшсөн намын байгууллага гэж ойлгодог байлаа. Өөрсдөө тэгж сурталчлан, давуу талаа дөвийлгөдөг байсан. Гэвч тэдний гаргаж байгаа хийдэл, үзүүлж байгаа байдал нь нэг л биш ээ.
Эдийн засгийн байдал нэгэнт амаргүй болсныг тэнд суугаа 76, энд байгаа бүгд л ярьцгаах болсон. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын турш эдийн засгаа тогтворжуулна, идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж ирээд УИХ хуралдсан биш бил үү. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр сөрөг хүчин болох МАН өөрийн саналаа тусгамаар байна гэсэн. Үүнийг нь нөгөө хэд нь хүлээж аваад төсөлдөө багтааж байгаа харагдсан. Бүр хоёр талаас ажлын хэсэг хамтран байгуулж ирээд энэхүү төлөвлөгөөгөө баталсан шүү дээ. Нээрээ ч эдийн засгийн хямралтай үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль талаасаа нийлээд ингэж байгаа нь яамай даа гэж бодогдсон.
Энэхүү эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тал талаасаа санал нэгдэн батлаад хэдхэн хонож байтал МАН-ынхан тэс өөр юм яриад ороод ирлээ. Төслөө батлаад яг долоо л хонолоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр 100 хоногт юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулаад дөнгөж дуусаад гадны хүмүүстэй уулзалт хийж байхад нь сөрөг хүчний намын дарга М.Энхболд бараа бологчдоо баахан хэвлэлийнхэнтэй дагуулаад өрөөнд нь дайраад орлоо. Шаардлага гардуулна гээд байсан болохоор нь Ерөнхий сайд уулзалтаасаа аргагүй эрхэнд завсарлага авсан юм уу даа. Үнэндээ оруул гэсэн саналуудыг нь оруулж, хоёр талаасаа ажлын хэсэг байгуулж нэг шийдэлд хүрч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраараа “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нь сайн болсон” гэдэг урмын гэмээр үг хэлүүлээд байсан болохоор нь юун шаардлага гэж бодсон биз.
Гэтэл арав хоногийн дотор асуудал шийдэхгүй бол огцруулна шүү гэдэг шаардлага хүргүүлж байх юм. 100 хоногийн дараа л хариуцлага ярина гээд байсан хүмүүс чинь юун арав хоног яриад унав аа. Уг нь эрх баригчид нь ажлаа эзэнжүүлэх юм болоод, сөрөг хүчин нь ард түмний өмнөөс хяналт тавих юм болоод байсан. Хэд ч хонолгүй өмнөхөөсөө өөр юм бариад ороод ирэхийг нь харвал энэ МАН чинь яачихав аа гэж халагламаар. Хэлсэн ярьснаасаа буцаад л, ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг орон гаран амьтан гэдэгсэн. Намыг юу гэмээр ч юм бэ дээ.
МАН-ынхны сүүлийн үед гаргах болсон авир аашийг нь харвал орон гаран байтугай гаран, гаран болчихсон гэмээр байна. Гурван сар хэлэлцэж ард нь гарчихаад, үүнийгээ эхний шатанд ажил хэрэг болгож, эдийн засгаа идэвхжүүлнэ гэчихээд арван хоногийн дотор тэс хөндлөн юм яриад, шаардаад байгаа нь ганц энэ явдал ч бус сүүлийн үед МАН-ынхны үйлдлүүд нэг л биш ээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлын үед “АН-ынхан өөрийнхөө гишүүдийг оруулж ирж тангараг өргүүлэх гэж байна” гэцгээн МАН-ынхан буйдантай суулт гэдгийг түүхэнд анх удаа Төрийн ордонд хийсэн дээ. Тэгж сөрж байснаас нь харвал Өвөрхангайгаас энэ парламентад төлөөлөл орж ирэх ёсгүй, эсвэл МАН-ын хоёр л төлөөлж суухаар байсан юм шиг аашилж байлаа. Гэвч АН-ын хоёр нөхрийг тангаргаа өргөх үед МАН-ын гишүүд элгэндээ гараа наагаад л Төрийн дууллыг дагаад дуулж байсан шүү дээ. Нэг өдөр хэлж байснаа таг мартаад, маргааш нь өөрийг яриад зогсч байдаг нь энэ намынхны онцлог болжээ.
Одоо ам.долларын ханш өссөн гээд Засгийн газартай өглөө бүр хэрүүл хийж суух юм. Тэгж яривал долларын ханшийн өсөлтийг хариуцах газар нь Монголбанк. Монголбанкны удирдлагыг томилдог, эднийхийг мэдэх ганц газар гэвэл УИХ шүү дээ. Тэгвэл УИХ долларын өсөлтөд хариуцлага хүлээх газар юм байна. Харин УИХ-ын бараг тэн хагас нь МАН-ынхан. Тэгэхээр тэд олон түмнийг төөрөлдүүлж, зорилготойгоор шороо үмхүүлэх, чулуу хөөлгөх арга хэрэглээд байна уу даа. Яагаад МАН-ынхан ингэх болов.
Боловсон хүчин сайтай, улс төрийн тулхтай, нийт эрх ашиг, ард олныхоо төлөө шийдвэр гаргадаг ганц нам гэж сүүлийн хорин жил өөрсдийгөө тодорхойлсон доо. Эрх барихаа байж, хариуцлага хүлээхээ байчихаараа яасан ч хамаагүй гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байна уу. Уг нь өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөрийг яриад эхэлдэг тэр нь өмнөхөөсөө тэс өөр утгатай логик дараалалгүй байна. Нэг бол тэдний бүхий л бузар булхайг мэддэг ямар нэгэн хүчин цаана нь байна. Олон жил эрх барьсан МАН-д алдаа, оноо байлгүй яав гэж. Тэрийг нь мэддэг, бидний мэдэхгүй нэг хүчин цаана нь бий учраас өнөөх “хар гараа” дохих тоолонгоор ярьсан тохирсноо алга урвуулахын агшинд мартахаас өөр аргагүй болчихдог юм уу.
Эсвэл тэд өнөөгийн эрх баригчидтай ямар нэгэн тохироо хийхдээ ийм арга ашигладаг болсон юм байна. Тэднээр өөрсдөдөө ашигтай ямар нэг шийдвэр гаргуулах гэхээрээ шаардлага хүргүүлж, улс төрийн шалтаг гаргаж асуудал босгодог. Өнөөх хэд нь амыг нь таглахын тулд наймаалцдаг. Харин үүнийг нь ойлгохгүй ард иргэд учрыг нь олохгүй гайхаж хоцордог. Тэгээд эцсийн бүлэгт хоёр тал чухам л ард түмний төлөө бүгдийг хийх юм ярьж, завсарлага авч, шаардлага хүргүүлсэн болоод дуусдаг. Бас ард түмний төлөө тэр бүгдийг нь хүлээж авч биелүүлсэн болж жүжиглэдэг. Хэрэв тиймгүй бол ийм алхмууд хийх үү. МАН-ынхан хүнээр бол орон гаран бүр гаран гаран болж гүйцэж дээ.
Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго /хэмжээст/ оноог тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 байхаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарчээ.
Энэхүү босго оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгааг үндэслэсэн байна. Боловсролын үнэлгээний төв нь 2005 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа үнэлгээний олон улсын туршлагыг хэрэгжүүлж, хэмжээст онооны ойлголтыг оруулж ирсэн бөгөөд түүн дээр үндэслэн элсэгчдийн шалгалтын онооны жагсаалтыг гаргажээ. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 оноотой тэнцэж байгаа боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь элсэх боломжтой байхаар тооцож 400 гэсэн босго тоог гаргасан байна. Тодруулбал элсэгч та хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийсэн байхад л 400 оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх эрхээ олж авлаа гэсэн үг.
Өнөөдрийн практикаас харахад сургуулиуд хэдийгээр элсэлтийн журамдаа босго оноо тавьдагч түүнийгээ мөрддөггүй, чөлөөтэй элсүүлсээр ирсэн. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж эргээд нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх сөрөг тал үүсгээд байгаа юм. Тиймээс чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг чухал эх сурвалж нь элсэгчдийн чанар сайн байх явдал юм. Ийм нөхцөл байдлыг тооцож үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй гэж БШУЯ-наас үзжээ.
Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын материалыг харьцуулан судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.