УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 он хүртэл сунгах тухай хэлэлцэж байгаа юм.
2012-2013 онд 27- 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Харин энэ удаагийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр 20-25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг үзүүлнэ гэдэг тооцоо гарчээ. Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад 88 хувийн саналаар дэмжсэн байна.
Category: онцлох-нийтлэл
Бид өмнө нь “Монголын шүүх шударга байхаас ухаалаг байсан нь дээр” гэж бичиж байлаа.Үүгээрээ ямар санаа дэвшүүлсэн бэ гэвэл шүүх шударга царайлж, бусдын хувь заяанд хатуу хандаж байснаас амьдралд ойр, хүн ёсонд нийцсэн шийдвэр гаргах нь зөв. Үнэхээр хүн буруу зүйл хийсэн, алдаа дутагдал гаргасан бол бусдад учруулсан хохирлыг нь төлүүлээд асуудлыг дуусга. Эсвэл олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх байдлаар өгөөмөр хандах тухай хэлж байв. Монгол Улсад боловсролтой хүн тоотой, мэргэжлийн боловсон хүчин цөөнтэй энэ цаг үеийг шүүх бодолцдог байгаач. Шүүх бодит хөрсөн дээрээ бууж ирээч гэдгийг сануулсан хэрэг. Энэ санаа үнэн зөв гэдэг нь амьдрал дээр өдөр ирэх тусам батлагдсаар байна. Одоо УИХ-аар яригдаж байгаа Эрүүгийн тухай хуульд энэ санаанууд тусгалаа олж. Энэ чигээрээ ч батлагдах шинжтэй байна. Тэгвэл шүүхийг ухаалаг байлгах хэтдээ хүсэл биелэх байх.
Харин одоо Монголын шүүх хэтэрхий гөжүүд байна. Тиймээс гөжүүд байхаас ухаалаг байсан нь дээр гэж хэлэх гэсэн юм. Монголын шүүх өөрсдийгөө ард түмнээс тусдаа улс гэж боддог бололтой. Уйлдаггүй, инээдэггүй, хүний зовлонд шаналдаггүй төмөр мэт имиж бүрдүүлж жүжиглэдэг. Үүндээ үнэмшээд хатуу харгис хэрцгий дүрээр ажиллаад байгаа нь ардчилсан нийгэмд та бүхнийг муухай харагдуулж байна. Үүний тод жишээ нь сая талийгаач Д.Амарсайханыг шүүх хурал дээр илэрлээ. Талийгаачийн ар гэрийнхэн манай сонинд ярилцлага өгсөн. Тэд “Төр ядахдаа уучлал гуйгаасай. Бидэн рүү муухай харж шүүх хурлаа эхлүүлэх нь аймшигтай байна” гэж ярьж байна.
Харамсалтай нь манай шүүх юун уучлалт гуйх, гөжүүд зан нь дэндсэн асуудал боллоо. Уучлал гэдэг үгийг мэддэггүй, бүр сонсоо ч үгүй байх гэмээр “төмөр зүрхтэнүүд” болжээ. Талийгаачийн цогцсыг хөрөөгүй байхад шүүх хурал явуулах гэж дайрдаг нь ямар учиртай юм. Үнэнийг шүүдэг, шударга үнэнийг мөрдүүлдэг байлаа гэхэд арай хэтийдсэн асуудал биш үү.
Бодвол та нар “Нөгөө улсууд нь бүх хэргээ талийгаач руу чихнэ. Тэр тохиолдолд хамаг ажил баларна. Шүүх шударга үнэнийг олдог гэдгээ харуулахаасаа өнгөрч, ичгэвтэр нэр зүүнэ” гэж айсан уу.Тийм учраас талийгаачийн цогцсыг хөрөөгүй байхад шүүх хурал явуулж, ар гэрийнхнийх нь нулимсыг барж, үр хүүхдийнх нь нүдийг бүлтэлзүүлсэн байж таарна. Ийм хүмүүн бус үйлдлийг өнөөдөр Монголын шүүхээс өөр газар гаргахгүй. Учир нь хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахинаа нас барсан хүнийг шүүж байсан түүх байхгүй. Хүмүүн заяаг олж төрсөн хэний ч ой ухаанд ийм харгис, бусармаг зүйл орохгүй. Гэтэл та нар оюун ухаант хүмүүс биз дээ. Адилхан эхийн хэвлийгээс төрж, цагаан сүү залгилж өссөн, өрөвдөж, энэрэх сэтгэлтэй хүн биш гэж үү. Яагаад ийм араатан лугаа авираар ажлаа явуулаад байгаа юм гэж асуумаар байна.
Одоо Д.Амарсайханы хэргийг шүүх ямар ч аргагүй. Тухайн хэргийн холбогдогч, гол субьект нь байхгүй болчихлоо. Тэгэхээр шүүхийн процедурын гол субьект үүсэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хэрэг чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болчихлоо. Тэр ямар хамаатай юм гэж үү.
Аль ч шүүх хурал дээр тухайн хэргээр шинэчилсэн мөрдөн байцаалт явуулдаг. Олон хоног цуглуулсан мэдүүлэг, баримтаа шүүх дээр эхнээс нь ярьдаг. Хэрэгт холбоотой бүх хүнийг шүүх хурал дээр шинээр байцаадаг гэсэн үг. “Та өмнө нь байцаагдаж байхдаа ингэж хэлсэн байна. Энэ чинь үнэн үү” гэх мэтээр олон түмний нүдэн дээр асуудаг. Тэд хариуд нь “Тиймээ” гээд л хэргээ хүлээдэг. Жинхэнэ үнэн шударгаар олон түмний өмнө хэргийг шүүж байгаа процессоо шүүхийнхэн энэ гэдэг.
Шинэчилсэн мөрдөн байцаалтын үеэр тэс өөр зүйл яригддаг тохиолдол ч бий. Хүмүүс өмнө нь хэлснээсээ зөрүүтэй юм ярьж, хэргээ өөрөөр тайлбарладаг. Энэ нь нөхцөл байдлыг эргүүлэх тал бий. Ийм үед шинэчилсэн мөрдөн байцаалт явуулах аргагүй болдог. Тэгвэл талийгаач Д.Амарсайханы гэх хэрэг яг ийм нөхцөл байдалд орчихлоо. Яагаад гэвэл тэр одоо байхгүй болсон. Өмнө нь өгч байсан мэдүүлгээ баталж чадахгүй. Тэр юуг ч нотолж чадахааргүй болсон. Тэгэхээр шинэчилсэн мөрдөн байцаалт явуулах боломжгүй тул шүүх хурал ч болох үндэсгүй гэсэн үг.
Гэсэн ч шүүх хурал явуулах гээд байгаа нь ямар учиртай юм. “Талийгаач амьд байхдаа ингэж хэлж байсан. Одоо үүнийгээ баталж чадахгүй ч амьд байхдаа хэлж байснаар нь хэргийг шүүнэ” гэж дайрах юм уу. Шүүхийн шударга үнэн гэж үүнийг хэлдэг юм уу. Үнэхээр энэ хэргийн учгийг тайлж, шударга гэдгээ харуулах гэсэн юм бол түүнийг эмчлэхгүй яасан юм. Эмчлүүлэх эрхийг нь хязгаарлаж, бие нь дордсоныг далимдуулж “Ийм л байгаа дээр нь хэлүүлэх гэсэн үгээ хэлүүлнэ” гэж шуналтсаар байж үхүүллээ. Одоо хэнээс юу байцаах гэсэн юм. Байхгүй болчихсон хүний бурууг яаж олох гээд байгааг нь ойлгохгүй байна. Ийм зүйл хаана ч байхгүй тул хэргийг даруйхан хаа. Хамсаатан гэгдээд байгаа Х.Анхбаяр, Ц.Чандмань нарт ажил хийх бололцоог нь олго.
Талийгаач Д.Амарсайхан хамаатны дүү Ц.Чандманийнхаа нэрээр “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяраас авлигад үнэтэй байр авсан. Оронд нь Газрын тосны газраас зарласан тендер өгсөн гэдэг л асуудал байгаа. Гэвч авлига авч, оронд нь өгсөн гэх тэр тендерт нь ямар ч компани шалгараагүй, цуцлагдсан нь тогтоогдсон юм биш үү. Тийм юм бол энэ хүмүүсийг ингэж тарчлааж, ажил хийх хайран цагийг нь үрэн таран болгох хэрэг юу байна. Эсвэл нэгийг нь үхүүллээ, үлдсэнийг нь шоронд хатаана гэж занаад байгаа юм уу. Ялих шалихгүй зүйлийн төлөө бусдыг ажлын байраар хангаж, бүтээн байгуулж яваа бизнес эрхлэгчдийг хааж, боож, хорьж цагдах өвчин тусчихаагүй л байлтай, манай шүүх. Үгүй юм бол нэгэнт гол хүн нь хорвоод байхгүй болчихсон энэ хэргийг хаа. Шүүх улаан нүүрээ хамгаалж, хуулийн байгууллагын нэрийг авч гарна гэж мугуйдлах нь учир утгагүй харагдаж байна. Дахин хэлье талийгаачийг шүүсэн хурал энэ дэлхий дээр байдаггүй юм шүү.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Белорусс улсын нийслэл Минск хотноо зохиогдсон 78 дах удаагийн мөсөн хоккейн ДАШТ –д ОХУ-ын шигшээ баг Финлчндын багийг 5:2-ын харьцаагаар буулган авч энэ жилийн дэлхийн аваргын цолыг хүртлээ. Нийт 16 улсын шигшээ баг оролцож 5-рсарын 9 нөөс 26-н хүртэл үргэлжилсэн энэ тэмцээний мөнгөн медалийг Финлянд, хүрэл медалийг Шведийн хамт олон авлаа. Энэ тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Финляндын багийн хаалгач Пекка Ринне тодорч шинэхэн “Шкода”-гийн эзэн болов.
Д.Бат
Өчигдөр Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж өнгөрсөн билээ. Урьдчилсан дүнгээр шоколадны үйлдвэрийн эзэн, тэрбумтан Петр Порошенко 50-иас илүү хувийн санал авч тэргүүлж явна. Ийнхүү Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч эхний шатны санал хураалтаар П.Порошенко ялалт байгуулах нь гарцаагүй боллоо. Урьдчилсан дүн гарсан дараахан тэрбумтан П.Порошенко мэдэгдэл хийхдээ ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэдэгджээ
Ю.Дэлгэр
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд 40 гаруй орон, 11 улсын төрийн тэргүүн, лидерүүд уригдан оролцсон юм. Дээд хэмжээний хурлыг CICA-гийн гишүүн орнууд дөрвөн жил тутамд даргалдаг уламжлалтай. Турк улсаас БНХАУ-д шилжиж байгаа энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Шанхай хотод зохион байгуулсан нь олон онцлогтой. Хөгжлөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог эдийн засгийн чөлөөт бүс болох Шанхайд олон орны төлөөлөгчдийг нэг дор цуглуулахад хамгийн тохиромжтой хот байв. Учир нь тус хотод ихэнх орны Элчин сайдын яам, Консулын газар байдаг юм.
ТУНХАГ БИЧИГТ МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ГУРВАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ТУСГАВ
Эхнийх нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга юм. Энэ нь Зүүн хойд Азид аюулгүй байдлын асуудлаар ярилцдаг, уулздаг, эрдэмтэн мэргэжилтэн оролцдог механизм ажээ. Үүнийг CICA-гийн гишүүн орнууд хүлээн зөвшөөрч энэ тунхаглалд тусгасан нь манай улсын хувьд нэлээд ач холбогдолтой. Тунхаг бичигт тусгасан хоёр дахь асуудал нь Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа бататган бэхжүүлсэн явдал байгаа. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусыг 2012 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Нэг ёсондоо манай улсад аюулгүй байдлын баталгаа гаргасан гэж хэлж болохоор. Тиймээс энэ санал санаачилгыг CICA-гийн дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын баримт бичигт тусгалаа. Хурлын үр дүнгийн тунхаг бичигт оруулсан гурав дахь асуудал нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах санал байв. НҮБ-ын дэмжлэгтэйгээр манай улсад байгуулагдсан далайд гарцгүй орнуудын судалгааны төвтэй холбогдсон, үйл ажиллагаанд улс орнуудыг идэвхтэй оролцуулах юм. CICA-г өнгөрсөн дөрвөн жил даргалсан Турк улсын зүгээс Монголыг Азийн бүс орнуудаас идэвхтэй оролцсон гэж онцолж байлаа.
“МОНГОЛ УЛС БОЛ АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ГОЛ ЗАНГИЛАА ОРОН”
Шанхай хотод болсон CICA-гийн бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал давхцаж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзахдаа “Монгол бол Азийн бүс нутаг, Ази Европыг холбосон дэд бүтцийн гол зангилаа орон юм” гэж тодотгож хэллээ. “Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэж Төрийн тэргүүн хэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх асуудлаас гадна худалдаа эдийн засаг, хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр В.Путин “ОХУ Монголын худалдааны хоёр дахь том түнш” гэж дурдлаа. Бодит байдал дээр манайх тус улсаас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нефть бүтээгдэхүүн авч байгаа. Харин манай экспортын хэмжээ 250 сая ам.доллар. Оростой хийсэн худалдаа өнгөрсөн жил 2012 онд хийсэн худалдаанаас буурсан үзүүлэлттэй гарчээ.
Хятадаас Европ руу явж байгаа зам уг нь Монголоор дайрдаг байсан. Гэтэл өнөөдөр Оросыг алгасаад Казахстанаар дамжиж байгаа. Энэ нь оросуудын хувьд ихээхэн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа юм. Хятадуудын өргөмжлөх дуртай торгоны зам Казахстанаар явахад Монгол болон Оросын Сибирийн төмөр зам тэр чигтээ орхигдож байгаа хэрэг. Төмөр зам дээгүүр ачаа эргэлтгүй, орлогогүй бол дампуурна. Нөгөөтэйгүүр Оросын Сибирт байгаа таван сая хүн төмөр замаа дагаж амьдардаг. Гэтэл тэр төмөр зам дээгүүр нь ачаа эргэлтгүй болчихвол Сибирт хүнд байдал үүсэх нь ойлгомжтой. Тиймээс энэ тал дээр Монгол Оросын стратегийн зорилт нийлж байгаа. Монголоор дайруулаад Сибирийн төмөр замын ихэнхээр тээвэрлэх учраас ачаанаас авах орлого нь нэмэгдэнэ. Тиймээс В.Путин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монголоор дайрч өнгөрөх зам Орос Хятад хоёрын транзит тээврийн төв зам болох тал дээр бид сонирхолтой байна. Энэ тал дээр хамтарч ажиллая” гэж хэлсэн юм. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Манай төмөр зам бол ганцхан салаа бөгөөд хоёр галт тэрэг зөрж чадахааргүй. Тиймээс Улаанбаатар төмөр замыг хоёр салаа болгож, цахилгаанжуулах асуудал яригдаж байгаа юм. Ингэснээр Оросод ч ашигтай. Сибирийн төмөр замаар явах ачаа ч манайхаар явна. Одоо явах гэхээр дамжин өнгөрүүлэх чадавхи нь хангалтгүй. Тиймээс үүнийг сайжруулахын тулд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх цогц бодлого В.Путинтай уулзсан манай Ерөнхийлөгчийн гол сэдэв байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүний ярьсан өөр нэг асуудал нь Монгол-Росцветметийн асуудал байв. Эдийн засгийн хувьд ашиггүй, хүнд байдалд орсон энэ байгууллагын менежментийг хамтарч өөрчлөх эсэх асуудлыг тэд хөндсөн юм.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХООС ЭХЛЭЭД ОЛОН ЧУХАЛ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
БНХАУ-ын дарга Си Жиньпин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой найрсаг нөхөрсөг яриа өрнүүлж, хоёр цаг гаруй хуучилсан юм. Эндээс Си Жиньпин хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн анхны уулзалт Бишкек хотод болж байсан. Түүнээс хойш хоёр орны харилцаа эрс идэвхжиж, өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилсан. Он гарснаар манай Засгийн газрын найман гишүүн тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны гол гол асуудлуудаар эрчимтэй яриа хэлэлцээр хийгээд явж байгаа. Тиймээс Азид хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэ удаагийн хуралд Хятадын талаас манай Ерөнхийлөгчийг зориуд урьж оролцуулж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюул¬гүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэллээ. Си Жиньпин манай улсад ирэх наймдугаар сард айлчилна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний айлчлалаар манай улс томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн, хууль зүйн салбарын чиглэлийн нэлээд олон баримт бичгүүдийг түүний айлчлалын үеэр эцэслэхэд бэлэн болгожээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын тухайд Хятадын томоохон агентлагууд мэдээлэхдээ “Си Жиньпин дарга Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа” гэж онцолж байв. Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Бид Монгол Улстай харилцахдаа өөрийн эрх ашгийг бодохгүй. Монгол Улсын хөгжлийн шаардлагыг бодно. Бид тэрэнд нь зохицсон байдлаар хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Танайх зөвхөн түүхий эдээ экспортлох биш, Монгол Улсдаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргая гэсэн сонирхолтой байгааг бид маш сайн ойлгож байгаа. Энэ чиглэлээр бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Монгол Хятадын хооронд олон жил яригдаж байгаа асуудал бол эрчим хүч дамжуулах ажил юм. Өнөөдрийн байдлаар Оюу толгой Хятадаас жилдээ 100 сая ам.долларын цахилгаан худалдан авч байгаа. Мөн урд хөрштэй хил залгадаг бүх боомт Хятадаас эрчим хүчээ авдаг. Тэгвэл манай улсын ирээдүй рүүгээ харсан том ажил бол “Гобитек” буюу сэргээгдэх эрчим хүч гаргаж авах боломж юм. Эдийн засгаа ногоон болгох зорилттой Хятадын тал үүнийг сонирхох нь гарцаагүй. Манайх говийн нарны эрчим хүчээр урд хөршийг хангах бүрэн боломж бий. Тиймээс хоёр улсын хооронд нь цахилгааны шугам татах асуудал байна. Дээрээс нь Оросоос манайхаар дамжаад Хятад руу цахилгааны утас дамжуулах том ажил яригдаж байгаа. Үүнийг ярихаас өмнө ядаж Монгол Хятадын экспорт импортынхоо хууль эрх зүйн үндсийг нь тавиад явах нь чухал бөгөөд энэ мэт маш тодорхой асуудлуудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах үеэр хөндөгдсөн юм.
Манай улс АПЕК-д элсэх хүсэлтээ тавьсаар ирсэн. Харин АПЕК олон жилийн өмнөөс шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг тавиад байсан юм. Өнөө жил АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд БНХАУ даргална. Нэгэнт АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг 2013 онд дууссан бөгөөд Хятадын тал манайхыг зочноор урина гэдгээ Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дурдсан юм. Ийнхүү дэлхийн лидерүүд цугларч, эдийн засгаа ярьдаг энэ том арга хэмжээнд манай улс анх удаа зочноор оролцох боломж нээгдэж байна.
М.МӨНХЦЭЦЭГ
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1600 цагийн хооронд “ХҮҮХДИЙН
БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-нйи өдрийн 1000,1200 цагуудаас
Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
05 дугаар сарын 31-ний өдрийн 1100,1300 цагуудаас
Андерсаны “Лусын дагина” хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 1500,1700
цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000
цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг
өөрийн тайзнаа тоглоно.
АСА Цирк
05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн
тоглолт ажлын өдрүүдэд 1500, 1900 цагуудаас, амралтын
өдөр 1200, 1900 цагуудаас
06 дугаар сарын 01-нд 1200, 1500, 1900
цагуудаас тус тус тоглоно.
05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 1100 цагаас Ялалтын талбайгаас
хөдлөөд цирк рүү ирнэ.
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 1000 цагаас “Ice cream”
фестиваль АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын
аялал” тоглолт,
06 дугаар сарын 01- нд Тотал мюзик– тоглолт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон
05 дугаар сарын 31-нд 1100,1300 цагуудаас Маск пордакшны
“Мөсөн хатан”,
05 дугаар сарын 31-нд 1600 цагаас “Хөгжилтэй алиалагч”
тоглолт
Улаанбаатар палас
06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 1200,
1500 цагуудаас тоглоно.
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн
бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1200, 1400
цагуудаас Хүүхдийн баярт зориулсан урлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт гадна талбайдаа
Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 1100-1400 цагт Шатар, даамны
тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт Эко өдөрлөг зохион
байгуулна
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд 1000 цагаас Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын
арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын
парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
06 угаар сарын 01-нд 1100 цагаас Хүүхдийн баярын арга
хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ
/500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1700 цагийн хооронд Зорилтот
бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд
болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1500 цагийн хооронд Хүүхдийн
баярын арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1300-1700 цагт Хүүхэд багачуудад
зориулсан урлагийн тоглолт, 1900-2000 цагт Амьд
хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан
хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-1800 цагт Үлгэрийн
цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан
дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1000-1300 цагт ТВ-5 телевизийн
хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга
хэмжээ
06 дугаар сарын 01-нд 1200-2000 цагт “Бидний хүслэн-
ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, найз нөхдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг, цаас өгүүлэх гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ. Эхлээд “Уриа” сонин 1921 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 10-наас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав. “Монгол Америк хоёр улсын тухай” гэсэн гарчигтай том өгүүлэл нийтлэгдэв. Уг өгүүлэлд Бодоо сайд болбоос “хөрш” улсаасаа урваж хөрөнгөтний Америкийг санаархаж байна гээд гадаад бодлогын ийм алдаатай Ерөнхий сайдтай байж болохгүй” гэж зарлав. Бодоо АНУ-ын тагнуултай хоёроос гурван удаа уулзсан. Хөрөнгөтний улстай улс төрийн харилцаатай болж, худалдааны гэрээ хийж бүр Америк руу төлөөлөгч явуулах талаар ярилцсан байна. Хаалган Хүрээ хоёрын хооронд Америкийн худалдааны компанийн машиныг явуулах зөвшөөрөл өгсөн, алт олборлох эрхийг Америкт өгч эх нутгаа зарсан, Ерөнхий сайд Бодоог хэвлэлээр “ялт” хэмээн буруутгасан өгүүлэл гарчээ. Бодоо сайд хаалганд суух АНУ-ын Элчин сайд Сокобинтай олон удаа уулзсан нь ч үнэн, худалдааны гэрээ байгуулах санал тавьсан ч үнэн. АНУ-ыг Орос, Хятад, Япон болон дэлхийн бусад улстай дипломат харилцаа тогтооход зуучилж өгөх зэрэг олон асуудлыг ярилцаж байжээ.
Тун удалгүй МАН-ын “Уриа” сонинд Ардын засгийн Ерөнхий сайд “Богд хааны хишиг горилж явна” гэсэн доромжилсон өгүүлэл ч гарчээ. Уг өгүүлэлд “Ерөнхий сайд Бодоод Богд хаанаас хүрэн жинстэй малгай, эх дагинаас гайхамшигт хутга нэгийг шагнаж, Богдын багш Ёнзон хамба Бодоод баярын хадаг барьсан” гэж их л доромжлон шоолжээ.
Бодоо Ерөнхий сайдын тушаалд очсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал хөөцөлдөх нь битгий хэл Манжийн хааны шагнасан ноёдын хэргэм зэргийг хэрэглүүлэхгүй болгосон Засгийн газрын тогтоол гарсныг ч мэдэлгүй ийм гүтгэлэг бичиж байгааг үзвэл их л холын хүн аягүй бол хилийн цаадах буриад хүн бичсэн буюу бичүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгогдоно.
Ерөнхий сайд Бодоо бээр жинс үл хадвал элдэв хэргийг чинь орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг Хүрээнд олон хүн түрхрэн ярьж байна гэж уг сонинд шүүмжилжээ.
Тус сонин Монгол Улсын Ерөнхий сайдыг цааш нь бичихдээ “Бодоо сайд болчимгүй журамгүйн харгайгаар, хөнгөмсөг хөдөлж, зүй бус хэрэг өдүүлж, тангарагт нөхөр Данзанг гөрдөж гүтгэжээ. Бодоогийн өдүүлсэн энэ мэт хэрэг явдал, аливаа дэлхий дахины тангарагт нөхдийн дунд гарах байтугай, хээрийн хулгай ийм хэргийг өдүүлэхгүй юм” гэх зэргээр зад шүүмжилжээ. Энэ өгүүллийг бичүүлсэн хүн нь намын дарга Данзан биш нь хэнд ч ойлгомжтой. Данзан бичүүлсэн бол Данзантайгаа тангараг тасарсан гэж бичихгүй. Гэхдээ энэ үед Ерөнхий сайд Бодоо, Ардын намын дарга Данзантайгаа муудчихаад байсан нь бас үнэн. Ер нь Бодоо, МАН-ын дарга гэгдээд байгаа Данзанд бүр эхнээсээ л хувьсгалт нууц бүлгэмийг нийлүүлж коминтерний төлөөлөгчид анхны хурал хийлгэхэд л таагүй ханддаг байсан юм. Харин одоогийн Бодоог оролдоод байгаа хэргийн эзэд бол Данзангаас арай дээгүүр байлаа. Хамгийн доод тал нь Буриадын Ринчино юм. Ринчино Ерөнхий сайд Бодоогийн зөвлөхөөр сар гаруй ажиллаад хөөгдсөн. Бодоо Ринчиног битгий эргэж ирээрэй гэж Орос руу нь явуулсан. Харин Ринчино Эрхүү орчихоод эргэж ирэхдээ коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болоод томорчихсон байв. Тэгээд Ардын намын дарга Данзангийн зөвлөх, цэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна. Ерөнхий сайд Бодоо МАН-ын дарга Данзан, жанжин Сүхбаатар нарыг тоохгүй мөртлөө, Богд хаан, Богд хааны дотнын хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүдтэй намынхнаасаа илүү ойр ажиллаж байлаа. Тэгэхдээ “Уриа” сонин дээр бичээд байгаа шиг Богд хаанаас, малгайн жинс залаа ч гуйгаагүй Дондогдулам хатнаас бэлэг болон хутга аваагүй байжээ.
“Уриа” сонин “Намын суртлыг бузарлагч” гэсэн гарчигтай өгүүллээрээ Ерөнхий сайд Бодоогийн ажил хэргийн болон хувь хүний нэр хүндийг нэгмөсөн унагаж чадсан юм. Ажилчин тариачны улаан намын суртал нь шашны олон мяндагтан нарын суртлыг халан ардын эрхийг дээдлэх ёстой байтал Ерөнхий сайд Бодоо нь Дамбийжаа тэргүүтэй шарын шашны том лам нарт мөргөн гуйж намын суртлыг бузарлаж байна. Бодоо нь ардын намын суртлыг огоорч Америк зэрэг улсын намын сурталд дагаар орон намын суртлыг бузарлаж явна. Бодоо сайд нь хурлын лам шиг Богд хаан, хатан Дондогдулам нарын хормойд явж улаан баадантай зүйл барин уулзаж учирсан нь тоогүй гэх зэргээр гүтгэлгийн нийтлэлдээ өгүүлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөсөө халагдаж коминтерний онц бүрэн эрхт болсон Ринчино Ерөнхий сайдыг “Уриа” сониндоо бичиж өс хонзонгоо авав. Тэр үед коминтерний алан хядагчдын гол арга нь л тухайн намын большевик сонин дээр төрийн томчуудын тухай шүүмжлэлт өгүүлэл гаргадаг. Дараа нь коминтерн тэр буруу сурталд идэгдсэн төрийн ажилтнаа шалгадаг хянадаг улмаар баривчилдаг байв. Баривчилсан төрийн өндөр албан тушаалтнаа наад зах нь цөллөгт явуулж цаад тал нь цаазалдаг байсан аж. Оросын аюулаас хамгаалахын энэ бохир технологи Ардын намын анхны долоо, Ерөнхий сайд Бодоо дээр ийнхүү туршигдаж, “амжилттай” хэрэгжжээ.
“Уриа” сонин дээр гарсан Бодоогийн эсрэг нийтлэлүүд нь цаг хугацааны хувьд Бодоо Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах анхны өргөдөлтэй бараг ойролцоо гарсан байж магадгүй. Учир нь сонины нийтлэлд “жинс өгөхгүй бол албан тушаалыг чинь элдэв хэргийг чинь орхин одно гэж Бодоо сайд гурван настай хүүхэд шиг урваганаж байна” гэж шүүмжилсэн байдаг. Тэгэхээр сонины нийтлэлүүд Бодоог албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн үед юм уу, эсвэл тэр нийтлэлүүд хэвлэгдсэнээс хойш тун удалгүй Бодоо сайд төр намын албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн байх магадлал байна. Тухайн үед сонин хэвлэлээр ганц сайдыг ч гэлтгүй олны танил болоод улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг дээрх байдлаар “алдаг” байдал түүх өдгөө ч гэсэн уламжлал ч гэмээр хэрэгжиж байгаа нь харамсалтай.
Монгол Улсад хүний эрх үнэхээр баталгаагүй байгаа нь харагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байсан энэ хүн шоронд ямар өрөвдмөөр байдалд байсан нь өнөөдөр ил болж байна. Толгой нь өдөр шөнөгүй өвдөж, даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь байнга алдагдаж байхад түүнийг шоронгийн эмнэлгийн хаалгаар ч шагайлгасангүй. Хорих 461 дүгээр анги буюу шинэ “Ганц худаг” нь агааржуулагч муу гэдгийг хариуцсан дарга нь сая олны өмнө хэллээ. Ийм орчин нөхцөлд аргаа барсан Д.Амарсайхан жаахан ч гэсэн салхи амьсгалж байхын тулд төрсөн ахыгаа “Та өдөр бүхэн над руу ирж байгаач” гэж гуйжээ. Ах нь дүүгийнхээ төлөө очиж байсан байна. Үүнийг анзаарсан шоронгийн хуяг, удирдлагууд уулзалтыг хязгаарлах аястай болоод ирэхээр Д.Амарсайхан агсан өмгөөлөгчийгөө өдөр бүхэн ирж байхыг гуйж, өмгөөлөгч нь боломжоороо очиж байжээ. Тэр хүн агааргүй өрөөнөөсөө гарч хэдэн минут агаар амьсгалахын тулд ямар их чармайж байсныг эндээс харж болно. Энэ бол 1937 оны их аллагын үеийн залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр гэж хэлж болохоор шахуу зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монголд эргээд сэргэчихсэн юм биш үү.
Баривчилгаа үнэндээ зогсохгүй байна. Сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Яасан ч барьж дуусдаггүй юм. Даваа гаригийн өглөө ажилдаа ирээд тийм л мэдээ эхлээд сонсдог боллоо. Түрүүчийн долоо хоногт Дундговийн дарга нарыг барьжээ, энэ долоо хоногт нь Төмөр замынхныг, өчигдөр Гашуун сухайтын боомтын дарга нарыг ачсан байна шүү гэх яриа тасралтгүй цувах. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улсад тухайн үед байсан 13 аймгийн даргын 11-ийг нь буудан алж, үлдсэн хоёрыг нь 10 жил шоронд хатаасан юм. Баригдаагүй цэргийн дарга, сайд, бусад удирдах албаны хүмүүс байгаагүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар албан бус тоогоор төрд алба хашиж байсан, бизнес эрхэлж байсан нийт 1400 орчим хүн Монголын шоронгуудад муугаа үзэж байна. Өнөөдөртөө бол МАН-ын 461 дүгээр үүр гэж нэрлэж болно. Цаашид салхи яаж ч эргэж болно. Ардын хувьсгал хүүхдүүдээ “идэж” эхэллээ гэсэн үг “Нүүдэл суудал” дээр байдаг юм. Ардчилсан хувьсгал арай хүүхдүүдээ “идэх”-гүй байлгүй дээ гэж.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр Лу.Болд гишүүн юу хэлчихэв, харцгаая “… өнөөдөр Монгол Улсад цаазаар авахаас жаахан цааргалчихсан байгаа ч шоронд нь хүний амь нас эрсэдсээр байна. Дээхнэ үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй шоронд орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ нь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яаж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХЯам дуртай хүндээ дуртай хэрэг тулгадаг байсан. НАХЯамтай ижил байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан юм.
Өнөөдөр яаж байна гэхээр хэн нэгнийг хэрэгт тулгахдаа эхлээд хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, хэн ч биш болгон нийгэмд муухай харагдуулсныхаа дараа баривчилж, байцааж шүүж байна. Нийгмийн сэтгэл зүйд тухайн хүнийг авлигач хэмээн хүчээр ойлгуулж байгаад дараа нь баривчилдаг аргатай болж. Шинэ НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар зохиогоод гаргадаг” гэж хэллээ. “… Эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайн хүнийхээ мэдээллийг өгч хар пиар хийлгэдэг, дараа нь барьдаг… УИХ-ын гишүүд бид та нараас айхгүй шүү… биднээс юу ч гарахгүй, гэхдээ та нар гаргадаг”. Эдгээр үгс ноцтой сонсогдож байгаа биз. Сэтгүүлч бид нар гар хөл нь болж, тэдэнд их дэм болж байгааг хэллээ. Сэтгүүлч бидний баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн яддаг байдал тэдэнд их дэм болж байгаа юм байна. Тэр муу дарга, энэ муу баян хэмээн бичдэг, нэвтрүүлдэг маань эргээд олон хүнийг шоронд хатаах өдөөлт болжээ. Социализмын үед сэтгүүлчид эрх баригчдад таалагдаагүй хүмүүсийг доош нь хийж бичихдээ гаргууд байж, 60, 70-аад оны сэхээтний төөрөгдөл нэртэй хэлмэгдүүлэлтийн гол гар хөл нь болцгоож байсан нь түүхэн үнэн юм. Хүнийг яаж үзэшгүй муухай дайсан болгож харагдуулах, хүний тооноос хасч, нийгмийн илүүдэл болгож, орох байх газаргүй болтол нь сониноор бичиж дарамтлан тухайн үеийн эрх баригчдын “бууны ноход” болж байсныг түүх гэрчилнэ. Зөвхөн Лоохуузын хэргээс харахад л алган дээр байгаа мэт харагддаг. Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын 200 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлэн ажлаас нь халж, хөхөө өвлийн хүйтнээр хөдөө буйд сумдад нутаг заан суулгасан.
Тэдний дийлэнх нь га¬даадад боловсрол эзэмшсэн, үндэсний сэхээтнүүд байсныг тэр үеийн сэтгүүлчдийн цөөнгүй нь “Муу эсэргүүнүүд” хэмээн цоллож, нэр төр дээр нь дэвслэн бичиж байлаа. Баримт нь тухайн үеийн сонин хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Яг үүн лүгээ өнөөдөр хэрэг хийсэн нь огтхон ч тогтоогдоогүй хэдэн зуун сэхээтнийг, баялаг бүтээж буй өчнөөн олон бизнесменүүдийг шоронд хоёр жилээр хорьж, байцаалт авсан нэрээр тамлаж байхад манай сэтгүүлчид юу ч бодохгүйгээр тэднийг авлигач, луйварчнаар дуудан дээрээс нь дэвслэн бичсээр байгаа нь эмгэнэлтэй.
Саяхан Германаас ирсэн нэгэн хөрөнгө оруулагч Монголд байгуулсан бүх гэрээгээ цуцлаад буцлаа. Яасан гэхээр манай улсад 20 саяас дээш гүйлгээг хууль хяналтынхан шалгадаг хуультай болсон. 60 нас хүртлээ бизнес хийж хөл дээрээ зогсохдоо, нэг ч удаа хуулийн байгууллагын хаалга татаж үзээгүй герман нөхөр Монголд хөрөнгө оруулах гэсэн биш хүчний байгууллагынханд дуудагдаж, байцаалт өгсөн нь нэр төрд нь бүдүүлгээр халдсан, байж болшгүй үйлдэл болжээ. Ийм дайсагнасан, хүмүүсийн ул шагайсан хуультай байж элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Монголчуудаасаа халиад хуулийн хүрээнд бизнесээ явуулах гэсэн гадныхныг хүртэл өнөө шорондоо хийх нь байна шүү дээ.
Лу.Болд гишүүний “УИХ-ын ги¬шүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар гаргадаг” гэсэн үгийн цаана юу агуулна вэ. Монгол хүмүүс чинь том жижиггүй, нийтээрээ айдас хүйдэст автчихсан байгаа юм биш үү. Энэ чинь 1937 оны аймшигт үзэгдэл биш үү.
Монголд өнөөдөр шо¬ронгоос их юм алга. Уламжилж ирсэн айхавтар “юм” монголчуудаас салахгүй байна. Манжийн үед ч манайх “Батцагаан” гэх мэт том шорон гяндантай байж иргэдээ дүүргэж байсан. Хаа байсан Манжийн үеэс ийнхүү эхтэй 200, 300 жилийн түүхтэй аймшигт харанхуй шоронгуудаас монголчууд бага ч болтугай салах боломж нь өнөөдөр ид яригдаж буй Гэмт хэргийн тухай хууль юм. Энэ хууль жаахан найдвар төрүүлж, гэрэл гэгээ болж мэдэх нь. Энэ хууль батлагдсанаар 3000 орчим хүн суллагдана гэж байгаа. Угаасаа хуучин Эрүүгийн тухай хууль нь мөн чанараараа социалист нийгэмд зориулагдсан хууль юм. Нийгэм нь өөрчлөгдчихөөд байхад хуулийн зарчим нь хуучин нийгмийнхээрээ явж ирсэн нь мөн ч их гай тарилаа. Дэлхийн ертөнц тэр чигээрээ хөгжил өөд явж байна. Манайх ч мөн адил. Ийм цаг үед ирээдүйд халагдаж үгүй болох дэлхийн 10 технологийн нэгд шорон гяндан орсон. Ийм байхад Монгол Улс шорон гяндан шинээр барьж, түүндээ тэрбумаар хөрөнгө зарцуулдаг.
Сүүлийн үеийн үйл явдлаас харж байхад шүүх засаглал байх шаардлага байгаа юм уу гэж бодогдохоор байна. Уг нь бол шүүхээр л гэмт хэрэгтэн гэж тогтоогддог, тэгээд ял аваад шоронд явдаг. Гэтэл өнөөдөр Монголд шүүхтэй, шүүхгүй сэжигтэн гэсэн нэрээр хоёр жил хорьчихдог хууль үйлчилж байна. Шүүхийн хэрэгцээ огтхон ч байхгүй байгаа биз дээ. Шүүхийн тогтоолгүйгээр хоёр жил шоронд суусан тэр хүн бүх бизнесээ дуусгаад, эрүүл мэндээрээ бүрэн хохирч, өвчний үүр уурхай болоод, нэр төрөө шороонд хутгаж, сэтгэл санаагаар бүрэн унадаг нь 20 жил шоронд суусан хүнтэй ав адилхан болж байгаа юм.
Шүүгч, прокурор, цагдаа гэсэн хүний адаг, шаарууд шавчихсан болоод ингэж байгаа юм гэхэд бас хаашаа ч юм. Ерөөсөө хууль нь ийм хөгийн, цаг үеэсээ хоцорсон, соц үеийн шинж чанараа хадгалсан хэвээр байгаад юм. Ард түмнээ шоронгоор дүүргэх зориулалт бүхий хуультай, хүний эрхийг асар их зөрчиж, уландаа гишгэсэн, соц нийгмийн үеийн хууль үйлчилж байхад ямарч хөгжил, шинэчлэл яриад хэрэггүй. Тийм болохоор энэ хуулийг солих цаг нь нэгэнт болжээ. Гэтэл бас энэ хуулийг хамгаалж, хуулийн шинэчлэлийг сөрж байгаа хүмүүс харагдаж байна. Энэ нь яах вэ, өөрийнх нь хийсэн ажил үр дүнгүй болохыг хараад дургүйцдэг нь хүн төрөлхтөнд байдаг ойрын зайн зан чанар мөн юм. Ямарч цаг үед байсан хүний богинохон бодол. Яваандаа гайгүй болчихно. Юуны өмнө социалист үеийн энэхүү аймшигтай хуулиасаа даруй салцгаая. Ингэж чадвал их л олон үйл хэрэг зөв голдиролоороо явна даа.
Монгол орны нийт нутгаар бороо хуртай байгаа энэ өдрүүдэд малчид ард иргэд үер усны аюулаас болгоомжлохыг цаг уурчид анхаарууллаа. Учир нь усархаг борооны улмаас гол мөрний усны төвшин нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Хойттамир, Хэнтэй нуруунаас усжих Туул, Хэрлэн голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Онги гол Арвайхээр, Орхон гол Хархорин сум мөн түүнчлэн Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-25 см даван тус тус үерлэж байна. Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Харин ирэх долоо хоногоос нийт нутгаас цаг агаар дулаарах төлөвтэй байна. Нийслэл Улаанбаатарт 22-23 градус хүртэл халах ажээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна.
Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах, шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.