Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Амарбаясгалан: Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна DNN.mn

“Эм энд Жи” компани буюу “Aqua garden” хорооллын захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.


-Та бүхний босгосон хорооллыг буулгах шийдвэр гарчихлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-“Aqua garden” хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua gar­den хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч маш олон удаа манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой.

-Таныг ингэж ярихаар том артай. Ард талд нь хэн нэгэн албан тушаалтан байгаа гэдэг яриа гараад байна. Та үүнд тайлбар өгөх үү?

-Манай компанийн ард нэг ч Улсын их хурлын гишүүн, нэг ч сайд, хотын дарга, хотын удирдлагууд, нэг яамны мэргэжилтэн удирдлага хэн ч байхгүй. Бидний ард хэн ч байхгүй учир зөв зүйлийг хийж байгаа ч гэсэн хийсэн ажлыг минь харлуулж байна. Миний ард би болоод манай компанийн хамтрагчид л байгаа. Дөрвөн үндсэн байгууллага бий.

Монголдоо хийсэн зүйлтэй, дандаа барилгын компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компаниуд улсаас нэг ч төгрөгийн тендер аваагүй. Нэг ч концесст оролцоогүй. Үр хүүхэд ах дүүс нь хэзээ Боловсролын сангийн зээлээс зээл авч сураагүй. ЖҮДС зэрэг нэг ч санг бид цөлмөөгүй. Бид үнэнч шударгаараа явж байгаа хүмүүс. Бидний барилгыг барьж байгаа 400 гаруй ажилчид өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрөөрөө амьдарч байгаа. Ажил хөдөлмөрийг шүтсэн хамт олон, баг ажиллаж байгаа юм шүү. Дахиж энэ компанийн ард хэн нэгэн байгаа мэтээр ойлгосондоо буруу мэдээлэл битгий хийгээч.

-Барилгыг нураах шийдвэр гарчихлаа. Одоо та ямар арга хэмжээ авах вэ?

-Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсацыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юмуу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

-Танай барилга үерийн усанд автсан зураг олон нийтийн сүлжээнд байдаг. Захиалагч хүмүүс байрандаа орлоо гэхэд үерт өртөхгүй гэх баталгаа бий юу?

-Өмнө нь манай барилга руу үерийн ус орсон асуудал байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр 2015 оноос Замын цагдаагийн призер дээр баригдсан Олимпын гүүр буюу шинэ гүүрний явагдсантай холбоотойгоор призерийг бүхэлд нь хаасан. Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадвар бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд “Эм энд Жи” констракшны хэрэгжүүлж буй төсөл болох “Усан парк” цогцолборын хэсэг дээгүүр соёмботой хөшөөнөөс нарны зам орох хэсгийг сэтэлж дундуур нь зам барьсан. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг саатуулах, хэвийн урсгалыг алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан. Халихдаа үерийн даланг нь дундуур нь сэтэлчихсэн учраас тэрхүү ус нь манай барилга руу орсон. Цаашдаа ийм асуудал огт гарахгүй. Усан парк болоод Aqua garden хорооллын хэрэгжүүлж байгаа төсөл үер усны аюулаас бүрэн хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, үерийн одоо баригдсан далангаас дээшээ тэг цэг нь гарч ирсэн. Доошоо огт ухаагүй, дээшээ баригдсан барилга юм.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Хүргээд өгье, наашаа суу” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Өнөөдөр өглөө сонссон хамгийн сайхан үг энэ байлаа. Хэдийгээр надад зориулагдсан үг биш боловч ингэж хэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлаж, өдөржингөө сэтгэл тэнэгэр явав. Учир юу гэвээс өглөө эрт автобусны буудал дээр ийм явдал болов. Унаа хүлээн жиндэн зогсох хүмүүсийн дунд саяхан төрсөн болов уу гэмээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож харагдлаа. Ажил, сургууль цуглах цаг давхацсан учир зам түгжрэл ихтэй, машины урсгал зайгүй хөвөрнө. Гэтэл нэг машины жолооч автобусны буудал тийш зориуд эргэн ирж зогсоод өнөө хүүхэд тэвэрсэн бүсгүйг дуудав. “Хүргээд өгье. Наашаа ирээд суучих” гэсэн үгэнд тэнд зогсоо хүмүүс дор бүртээ бүсгүйн өмнөөс баярласан харагдсан. Нэг нь бүсгүйг машин руу дөхүүлж, нөгөө нь гүйж очин хаалгыг нь нээж суулгаж өгөв. Үүнийг харсан хүмүүс бүгд л жолоочид талархаж байгаа нь илт. Жолоочийн гэргий саяхан төрсөн гэмээр толгойгоо цагаан алчуураар боосон харагдсан. Хэдийгээр унаа ирэхгүй бухимдаж, даарч зогссон ч сэтгэл нэг л баяртай болоод явчихсан. Дулаахан ч болчих шиг.

Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр явахад тийм ч их өртөг шаарддаггүй бололтой. Хүмүүс бид бие биедээ жаахан ч гэсэн сэтгэл гаргахад л бусдад халуун дулаан илч, баяр хөөр бэлэглэж байдаг юм байна гэдгийг тэрхүү бяцхан үйл явдал бэлхнээ батлаад өгөв.

Хорвоод ирээд хэдхэн хонож байгаа тэрхүү нялх үрийг өөрийн мэт санаж, сэтгэл төвдөхгүй хүргэж өгөхөөр зогссон жолооч залуугийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. Хэдийгээр машины дугаарыг тогтоож амжаагүй ч түүнийг энд зарлах нь илүүц биз ээ. Жолооч залуу ч үүнийг ач санаж, бусдад гайхуулах гэж хийгээгүй нь тодорхой юм.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монголын үнэртэй салхи DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………..


Монголын үнэртэй салхи гэж манай дуучид дуулдаг. Хээрийн салхинд үнэрсээд байх ч юув гэж эгдүүцэх нэгэн байхад Монголынхоо хилээр орж ирэхэд салхи нь хүртэл өөр шүү гэж нэг хэсэг нь зүтгэдэг. “Нээрэн Монголын салхи бусад орныхоос огт өөр байдаг” гэж нэг инженер залуу ярихыг сонслоо. Тэрбээр Салхитын хөндийд сүндэрлэсэн Салхин цахилгаан станцад ажилладаг бөгөөд “Монголын салхи хуурай хөнгөн байдаг болохоор том том салхин сэнсийг эргүүлэх хурд нь бага байдаг. Тэр хэрээрээ цахилгаан эрчим хүч төлөвлөснөөрөө гаргаж чаддаггүй” гэлээ. Тэгвэл Өмнөд Солонгост салхин сэнс яг стандартынхаа дагуу эргэж, төлөвлөсөн цахилгаанаа ч гаргаж авч чаддаг гэнэ. Учир нь өмнөдийн салхи чийгтэй хүнд байдаг бөгөөд түүгээр үлээгдсэн сэнс ёстой сэнсэртэл эргэдэг юм байх.

Тал нутгийн маань сэрүүн салхи бууж нисэх бор шувуу шигээ хөнгөн хөөргөн байдаг ажээ. Тиймдээ ч зуны аагим халуун өдөр исгэрэх төдийд сэвэлзтэл дэгдээд ирдэг байх нь.

“Халуун оронд салхиа л санаж явлаа” гэж манайхан ярьдаг. Аргагүй шүү дээ, тэндхийн хүнд залхуу салхинууд юу гэж л манайхныг исгэрэх төдийд сэрж өндийв гэж. Тийм газар оронд сэрүү таттал үлээдэг Монголынхоо салхийг саналгүй л яахав ээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хэрээс хэтэрсэн цамаан зан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………


“Эдийн засаг хэцүүдлээ. Улс орон мөнгө төгрөггүй боллоо. Бүгдээрээ бүсээ чангалах хэрэгтэй боллоо”. Ингэж орилолдох мөртлөө манайхан найгүй цамаархах юм аа. Хэрээс хэтэрсэн цамаан зан энэ улс орныг туйлдуулж сульдааж дуусах нь. Шинэ сайд ирээд албатай юм шиг унаагаа томсгон цоо шинийг худалдаж авдаг номтой. Мөнгө нь улсаас гарч байгаа юм чинь гээд хамгийн үнэтэй гоёыг нь авч тансаглана. Өрөөгөө томсгоно. Орон тоогоо нэмнэ гээд хэрэггүй зүйлд даанч их зарлага гаргах юм.

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг дөрвөн тэрбум төгрөгөөр шинээр хэвлэж байгаа талаар мэдээллээ. Өнөө жил дунд сургуульд нийт 140 гаруй төрлийн сурах бичиг ашиглахаас бага ангийн сурах бичгийг хэвлэж тараажээ. Дунд ахлах ангийн шинэчлэх шаардлагатай 45 нэр төрлийн сурах бичгийг есдүгээр сард хэвлэж тараах нь. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

Жилийн жилд л сурах бичиг хэвлэхэд төрөөс ийм хэмжээний мөнгө гардаг. Энэ бол бидний үрэлгэн цамаан зангийн нэг илрэл нь юм. Хавар хүүхдүүдээс хуучин сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг энгийн нэг журам тогтооход л овоо их мөнгө хэмнэнэ. Урагдаж элэгдсэнийг нь сэлбэлээ гэж бодоход бүх номын 10-20 хувийг л хэвлэнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд нэг их ажил өрнөж, явдал суудал болохгүй. Хавар багш нар нь ном авахдаа нарийн тэмдэглэл хөтөлнө. Хүүхдүүд заавал номоо хураалгах ёстой.

Намар бас өөрсдөө дээд ангийнхнаасаа ном авна. Ийм энгийн нэг тойрог үүсгэчихэд хэдэн тэрбумаар тоологддог сурах бичгийн хэвлэлтийн зардлыг хэмнэж болох юм. Нэг номыг 5-6 удаа дамжуулан хэрэглэх ёстой гээд тогтоосон ч болохгүй юмгүй. Бид бүү хэл дэлхийн хүмүүс жишээ болгон даган дуурайдаг Америкийн дунд сургуулиуд ч яг ингэж номоо дамжуулдаг. Тэнд номоо ариг гамтай сайхан хэрэглэсэн хүүхдүүдэд яг тийм цэвэрхэн сайхан номнууд өгдөг. Муухай ном хураалгасан хүүхдэд мөн л тийм ном ногддог. Тийм болохоор номоо хураалгах болохоор цэгцэлж наах, баллуурдах, хавтаслах их ажил хүүхдүүдийн дунд өрнөдөг байна. Хэн л ноорхой ном тэврэхийг хүсэх билээ дээ. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай, эмх цэгцтэй болгодог төдийгүй алив зүйлд өөриймсөг хандах хандлагыг суулгадаг. Цаашлаад нийгэмд өөрийгөө зөв авч явах хүмүүжлийн суурь болдог төдийгүй адаглаад л гудамжны сандлыг эвдэхгүй, ханан дээр эрээчихгүй амьдралын жирийн хэвшилд сургаж байдаг.

Манай зарим нэг сургууль хавар хичээл тарахад хүүхдүүдээсээ сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг сайхан уламжлал байдаг юм билээ. Үүнийг бүх сургуулиуд ягштал мөрддөг, бүр тодруулбал ийм журам гаргачихвал бидний цамаан зангаасаа болж үрдэг мөнгөний нэг хэсэг нь хэмнэгдэх учиртай.

Тайваньд сургуульд сурахаар очсон манай нэгэн танил бичсэн байсан. Азийн цахиурын хөндий гэгддэг Тайвань бол дэлхийн цахим орчин, компьютерийн эд ангийн ахиухан хувийг үйлдвэрлэж гаргадаг газар. Их сургуулийн номын санд нь ороод мэл гайхсан гэдэг.

Учир нь бид аль хэдийнэ хэрэглээнээсээ хассан Пентиум компьютерийн эхний загварууд өрөөстэй, ид ажиллаж байжээ. Гайхсан мань эр багшаасаа “Танайх ийм өндөр хөгжилтэй байж яагаад ийм компьютер ашигладаг юм бэ” гэхэд “Бид хэрэглээндээ тааруулж амьдардаг” гэжээ. Үнэндээ номын сангийн тэр компьютерүүд гацаж унтрахгүй, ямар ч асуудалгүй ажиллаж байсан бөгөөд түүнээс өндөр хүчин чадалтайг авах ямар ч шаардлага байсангүй. Тэгвэл манайхан яадаг билээ. Яам тамгын газрын дарга нар албатай юм шиг DELL, Ap­ple MACBook гээд хамгийн сүүлийн үед гарсан өндөр үзүүлэлттэйг нь өөрийнхөө ширээн дээр залдаг. Ойр зуур мэйл бичих, интернэт ашиглах зэрэгт түүнийгээ нээх төдий ашигладаг. Дараагийн дарга нь өндөр хүчин чадалтайг дахиад шинээр авдаг. Ийм л цамаан хүмүүс дээ, бид.

Ер нь дэлхий дахинаа энгийн хялбар амьдралыг чухалчилдаг болоод удаж байна. Гял цалыг биш бөх батыг, ганган хээнцрийг биш байгаль болоод хүний биед ээлтэйг, хэмжээ хязгааргүй ихийг биш өөртөө яг таарч тохирсныг сонгож хэрэглэдэг болсон. Ийм энгийн амьдралаас таашаал авч, аз жаргалтай амьдарч байна. Үүнтэй харьцуулахад бидний амьдрал хэтэрхий хэлбэр хөөсөн, хөнгөн хялбар, хэврэг гялгар бүхнээр хүрээлүүлжээ. Ялангуяа төрийн албанд энэ байдал хамгийн ихээр илэрдэг. Номыг сурагчдаас сурагчдад дамжуулан хэрэглэдэг болбол хэн нэгэн даргын хэвлэлийн бизнес дампуурах учраас хэн ч үүнийг ярьдаггүй. Харин ч номын хүртээмж бага байна, хүүхдүүд сурах бичиггүй боллоо хэмээн улиглан дуулсаар байгаад илүү ихийг хэвлэхээ бодно.

Хэмнэх, хэрэглээндээ тааруулах гэдэг үг бидний амьдралаас хасагдаа юу гэмээр. Юм болгоноос ашиг унагах, хонжоо харах сэтгэлгээтэй болж, тэрийг нь тойрсон бизнес цэцэглэж байдаг юм чинь, аргагүй биз ээ. Бидний хувийн амьдрал дээр ч энэ байдал ажиглагддаг. Бусдаас дутахгүй гээд лизингээр том жип авчихдаг. Хүнээс дор яваагаа харуулахгүй гээд нэг биендээ өмсөж зүүж барахгүй хувцас, гоёл авдаг. Хэзээ ч ид хавыг нь гаргахгүй том компьютер дээр тоглоом тоглож суудаг хүмүүс бол бид.

Юмгүй хэрнээ цамаан, цатгалан зантай бидний энэ байдал засагдаж гэмээнэ хаана хаанаа амьдрал дээрдэнэ. Сэтгэлгээний ийм гажуудал хэр удаан үргэлжилж, хичнээн хол замыг ингэж туулж байж засралыг олох юм бол.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Сошиал ертөнцийн нялуурал ба бодит байдал DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………….


Монголын нийгэм хоёр тийшээ айхтар тасарчээ. Энэ хоёр тасархай ертөнц хэзээ ч бие биеэ ойлгохгүйгээр улам холдсоор байгаагийн тод жишээ болсон үйл явдал өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөлөө. Энэ бол сошиал ертөнц бодит ертөнц хоёрын тухай юм л даа.

Өнгөрсөн долоо хоногт “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татварын дарамт, төрийн буруу тогтолцооноос болж компанийнх нь үйл ажиллагаа дампуурч байгааг зарлан 100 сая төгрөгийн барааг ард иргэдэд үнэгүй тараана гэж зарласан юм. Тэрбээр твитерт exclusive_maya гэсэн хаягтай бөгөөд чамгүй олон дагагчтай нэгэн.

Г.Майцэцэгийг хүмүүс ер нь мэддэг. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг наадмаар цэнгэлдэхэд очихдоо хуушуур идэж байгаа зураг нь хэсэг шуугиан тарьсныг уншигчид санаж байгаа байх. Үүний дараахан Г.Майцэцэг “хуушуурдах эрхийг нь өгөөч” хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсан нэгэн. Үүгээр нь ч хүмүүс мэддэг биз ээ. Мөн Монголд “Exclusive” нэртэй брэндийн хувцас үйлдвэрлэдэг компанийн захирал гэдгээрээ ч тодорхой хүрээнд алдартай болсон. Өнгө, загвар сайтай энэ брэндийг сайн муу хэлэх олон хүн бий. Гудамжинд тааралдах охид залуус ч тэдний хувцсаар гоёсон харагддагийг бодоход насны хязгаар гэлтгүй байнга үйлчлүүлдэг үнэнч фэнүүдтэй болчихсон компани.

Энэ бүсгүйг “үнэгүй хувцас тараана” гэсэн зарлалаа өөрийн твитер хуудаснаа тавьсантай зэрэгцээд түүний хэдэн мянган дагагч болон дагалдагчид цахим ертөнцөд нэгэн том давалгаа үүсгэлээ. Бүгд л эвий халаг болж, Мааяагаа дэмжээд хувцасных нь үнийг 50 хувь төлөөд авцгаах юм болж, төрийг, татварын дарамтыг шүүмжилж давалгааллаа. Цахим ертөнцийн энэ шуугианыг бизнесмэн бүсгүй бодит амьдрал дээр хүмүүс өөрийг нь яг ингэж дэмжиж, дуулиан домог болж байна хэмээн ойлгож хүлээн авсан харагдана лээ. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцийн тал засдаг хуурай занг бодит ертөнцийнх гэж хүлээн авснаар том алдаа гаргалаа. Түүний үнэгүй хувцасны зарлал бол амьдралаас хол тасархай байгаагийн тод илрэл юм.

Тэгвэл бодит амьдрал ямар байдгийг бямба гаригт хорооллын “Номин” их дэлгүүрийн үүдэнд цугласан хүмүүс харууллаа. Үнэгүй хувцас авахаар ирсэн иргэд “Номин”-гийн долоон давхар том байшинг бараг өргөөд хаячих шахав. Юун 50 хувь мөнгө өгөх вэ. “Зүгээр өгнө гээ биз дээ” гээд л дайраад байсан. Тэд сонины тасархай болон зурагтын оройн мэдээнээс л энэ тухай дуулсан байгаа. Юун твитер, фэйсбүүк. Тэр тухай мэдэх ч үгүй, тэнд гарсныг уншаа ч үгүй хүмүүс шүү дээ.

Ингээд үнэгүй хувцас тараах ажил бүтэлгүй болсон. Ядахад дэлгүүрийн дөрвөн давхарт үнэгүй хувцас байгаа болохоор тэр олон хүнийг оруулах ямар ч боломжгүй юм. Эвдэлж хэмхлэх, бусад бараа бүтээгдэхүүнээ бүрэн бүтэн байлгах гэдэг үүднээс “Номин” татгалзахаас ч аргагүй. Эхний 50 хүнийг арай гэж орууллаа гэсэн мэдээ сүүлд гарсан байна лээ. “Дараа өөр газар тараая” гэсхийгээд бултах шив дээ. Бодит амьдрал, сошиал ертөнц хоёрын ялгаа ердөө энэ юм.

Г.Майцэцэгийн удирддаг “Exclusive” брэнд үйлдвэрлэдэг компани нийтдээ 174 сая 659 мянган төгрөгийн татварын өртэй аж. Үүнээс үүдэн 2014 оны гуравдугаар сард тус компанийн дансыг холбогдох хуулийн дагуу хаажээ. Энэхүү татварын акттай холбоотой асуудлаар тус компанийн зүгээс АТГ болон шүүхэд хандсан ч өнгөрсөн зургадугаар сард татварын актыг хууль ёсны гэж шүүхээс үзжээ. Эдний компани мөн Чингис бондын мөнгөнөөс 750 сая төгрөг зээлсэн байна.

Компанийн данс хаасан нь зээл, татвараа төлөхөд хүндрэлтэй байгаагаас захирал нь дээрх зарлалыг гарган үйл явдал өрнөөд намжсан нь энэ. “Монголын маань брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг дампууруулах гэлээ” гэсэн сошиал ертөнцийнхний өмөөрөл “ингэж байгаад татвараа төдийгүй, зээлээ ч хөнгөлүүлээд авч болох юм биш үү” гэсэн гэнэн горьдлого тээж захиралд нь хүрсэн бололтой. Амьдрал өөр шүү дээ. Компани байгуулж үйл ажиллагаа явуулж л байгаа бол төрд татвар төлөх нь зайлшгүй. Зээл авсан л бол буцааж төлөх нь хууль. Бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтний мөрдлөг, стандарт, жам ёсны юм. Төр авсан татвараараа хөгшид, хүүхэд гээд өөр олон хүнийг тэтгэж тэжээж байдаг. Муу ч, сайн ч бид хуулийн дор л амьдарна. Ард түмэн үнэгүй хувцас авах гэж яаж бөөнөөрөө дайрч байгаа шиг хууль дүрэм яг л ингэж түрэмгийлж, авах ёстойгоо аваад салдаг.

Бүдүүлэгдүү хатуу, харгис юм шиг санагддаг ч хэнчиг гэсэн ийм ном журмаар нь явахаас өөр аргагүй. Манай тогтолцоо, төрийн хүнд суртлыг захирал эмэгтэй буруутгасан байна лээ. Энэ үнэн шүү дээ. Тэр бас хэтэрхий өндөр татвар авдаг гэж шүүмжилсэн. Энэ ч үнэн. Бүхий л компаниуд энэ өндөр татварыг төлөөд явж л байгаа. Шүүмжлээд байгаа бүхнийг сайжруулах ёстой. Харин сайжиртал нь одоогийн хуулиа мөрдөхөөс өөр замгүй. Зарим компанийг бодоход “Exclusive” Чингис бондын мөнгөнөөс 750 сая төгрөг зээлснийг харахад төр ажиллах боломж олгоогүй биш олгосон л байгаа юм.

Би энд Монголын брэнд бүтээгч бүсгүйг, түүний хувцсыг гоочлох гэсэнгүй. Үнэгүй хувцас тараахыг муулах гэсэнгүй. Бодит байдлаас тасархай үйлдэл, бодол санаа, бодит ба бодит бус амьдралын тухай бичлээ. Үнэгүй хувцас авахаар очсон хүмүүсийн оронд сошиал ертөнцийн жиргээчид очсон бол харин 50 хувь мөнгийг нь төлөөд, захирал бүсгүйд амжилт хүсч ерөөл хэлээд явах байсан биз. Захирал ч ингэж төсөөлөө байлгүй. Тэд юу гэж тэнд хонон өнжиж зогсох вэ. Очихгүй. Харин бодит ертөнцийнхөн дэлгүүрийн гадаа цуглаж сүйдлэх дөхлөө. Манайд ажилтай хүн цөөн. Ажилгүйчүүд нь мэдээллийг сонин, зурагтын мэдээ, хов живээр сайн сонсоно. Тиймдээ ч энд тэндхийн хямдрал, сугалаа зэргийг андахгүй бүгдийг нь мэддэг юм.

Мэдээллийн хэрэгслээр харж байхад “Үнэгүй хувцас авах гэлээ. Шуналтай, оюуны хоосролтой” энэ тэр гээд тэнд цугласан хүмүүсийг муулах маягтай сурвалжлагууд харагдана лээ. Зургийг нь татаж тавиад “Үнэгүй хувцас авах гэсэн хүмүүс чинь эд шүү дээ” ч гэх шиг. Энэ гайхах юм биш шүү дээ. Зүгээр юм авах хүсэл хүмүүн төрөлхтний төрөлх зан. Ядуу буурай манай Монголд байтугай баян тансгаараа гайхагддаг Америкт хүртэл 50 хувийн хямдралтай бараа авах гээд мешоктойгоо дэлгүүрийн гадаа дугаарлаад унтаж байдаг. “Хар баасан” гаригийн хямдралыг нь хүлээж, хаалгаа нээнгүүт нь түрүүлж олон бараа авах гэж үхэн хатан гүйлдэж байгаа хүмүүсийг, тэдний эвдэлсэн хаалга цонхыг зурагтаар харуулж л байдаг биз дээ.

Үнэгүй тараах хувцасны зарлал хараад ирсэн хүмүүс бол ямар ч буруугүй. Тэднийг шуналтайгаар нь дуудах эрх хэнд ч байхгүй. Харин тэнд очсон хүмүүсийн зургийг томоор тавьж муулаад байсан мэдээллийн хэрэгслүүд, сайтынхан уучлал гуйж, зургийг нь устгамаар юм.

Дээрх үйл явдалтай төстэй зүйл манай улстөрчдөд ч харагдаад байдаг. Твитерт хэдэн арван мянган дагагчтай. Нэг үг дуугарахад нөгөөдүүл нь шагшаан шуугиан болж, бие биедээ дамжуулаад л сүйд болно. Тэдэндээ таалагдсан үг биччихвэл тэндээ од болж мандаад л. Энэ мэт улстөрчид бүгд өөр өөрсдийн жиргээний ард түмэнтэй. Түүндээ хандаж, түүндээ тодорч, түүндээ танигдчихлаараа бүхий л ард түмэнд танигдчихсан гэж эндүү бодож алдаа хийгээд байна. Тэд бол хийсвэр ард түмэн. Бас тоо нь худал хийсвэр, яагаад гэвэл нэг хүн дор хаяж гурван хаягтай байдаг. Яаж шуугисан ч яаж сүйд боллоо ч бодит нөхдүүд шиг хүрч ирээд лангуу нураатлаа өдий. Сошиал ертөнцийн жиргээний ард түмний шуугианыг “Номин”-гийн үүдэнд цугласан жирийн ард түмэн сонсдоггүй бас уншдаггүй. Бодит хүч, бодит амьдрал, бодит хүмүүс бол үнэгүй бараанд дугаарлаж, сониноо уншиж, ховоо ярьж, зурагтаа үзэж, бодитоор амьдарцгаадаг тэдгээр нөхдүүд шүү дээ.

Ийм л төөрөгдөл, хөөсөн ертөнцөд амьдарч хөөрсөн хүмүүс хэт олшроод байх шиг. Одоо хэтэрхий өндөр хөөрөхөөсөө өмнө энгийн бодит амьдрал руугаа орохгүй бол хөрсөн дээрээ бууж чадахаа байчих вий.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батболд: Монголчуудын дунд II, IV бүлгийн цустай хүн ховор учир эдгээр бүлгийн цусны нөөц хангалтгүй байна DNN.mn

Сүүлийн үед сошиалаар Цусны төвд II, IV бүлгийн цус маш их дутагдалтай байна. Хүмүүсийг цусаа өгч донор болооч гэсэн уриалга маш их хандалтыг авч байгаа билээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдтой ярилцлаа


-Манай улсад цусны нөөцийн дутагдал хэр байна вэ?

Гадуур шуугиад байгаа шиг II, IV бүлгийн цус тасарчихсан үүнээс болоод хүний амь эрсдэх хэмжээнд бол тулаагүй. Харин эрсдэлээс сэргийлж нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа. II, IV бүлгийн цусны нөөц хомс байгаа нь Монголчуудын дунд II , IV бүлгийн цустай хүн бага хувийг эзэлдэгтэй холбоотой юм.

-Цусны нөөц хэвийн байгаа юу?

-Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүний нөөцөөр тогтоодог. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 42 хоног хадгалах боломжтой, 14-21 хоногийн нөөцтэй байвал тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүллээ гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 7-10 орчим хоногийн нөөцтэй байна. Сийвэнгийн бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байгаа. Дээр хэлсэн бүлгийн хамааралтай бүтээгдэхүүнийг нөөцийг хэвийн хэмжээнд авчрах төлөвлөгөөтэй, ачаалалтай ажиллаж байна. 2023 оны 3 сарын цус цуглуулалтыг 2021 оны 3 сар буюу ковидын үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. 2022 оны 3 сартай харьцуулахад тэр түвшиндээ байгаа цус цуглуулалт бол буураагүй. Харин хэрэглээ нь өндөр байна. Эмнэлгүүдийн захиалга их байна. Тиймээс “Дусал цус-Дүүрэн амьдрал 2” аяныг Улсын хэмжээний 18 томоохон их дээд сургуулиудын дунд дахин зохион байгуулахаар болж Этүгэн их сургуулиас эхлээд 3 хонож байна..

 

Тухайн улсын хүн амын хэдэн хувь нь донор байвал цус, цусан бүтээгдэхүүний эрсдэлгүй гэж үздэг бол?

-Улс орны хөгжлийн түвшнээс хамаарч энэ үзүүлэлт харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын 3 хувь, Монгол шиг хөгжиж буй орнуудад хүн амын 1.5 хувь нь донор байвал улс орныхоо цус, цусан бүтээгдэхүүний наад захын хэрэгцээг хангана гэж үздэг. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт өндөр байдаг.

-Монголд цусаа тогтмол өгдөг Хүндэт донор хэд байдаг вэ, тэдгээр хүмүүс ямар хөнгөлөлтүүд эдэлдэг юм бол?

-2022 оны байдлар Улсын хэмжээнд 2760 гаруй цусны хүндэт донор бүртгэлтэй бий. Үүний 1760 гаруй нь Улаанбаатар хотод байдаг. Идэвхтэй цусаа өгч байгаа 1000 орчим Хүндэт донор байдаг. Хүндэт донорууд магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах, сүүлийн 3 жил тогтомол хугацаанд цусаа өгч байгаа нийслэлийн оршин суугч хүндэт донор иргэн нийслэлийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих, зэрэг хөнгөлөлт эдлэх эрхтэй.


-Цус цуглуулах төвүүд хэр хангалттай байна вэ?

– Хангалтгүй байна. ДЭМБ-аас 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Манай улсын хувьд одоогоор СБД-ийн төвийн хуучин байр, БЗД-ийн шинэ байр, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд гээд нийт 3 суурин төв ажиллаж байна.

-Манай улс яагаад 8 цагаас 13 цагийн хооронд л цус авдаг юм вэ? Хүмүүс ажлынхаа цаг заваар хүссэн үедээ цусаа өгч болдоггүй юм уу?

-Манай улс эрс, тэс уур амьсгалтай. Бусад улс орнуудтай харьцуулахад махан хоол их хэрэглэдэг. Хүнд төрлийн хоол идчихээд цусаа өгөхөөр шаардлага хангадаггүй. Иймээс үдээс өмнө буюу махан төрлийн хоол идээгүй хөнгөн хооллолттой үед цус авахад тохиромжтой байдаг. 17-60 насны 45кг-с дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Бусдыг гэсэн сайхан сэтгэлээр цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Дашням: Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань сайхан болсон DNN.mn

“Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаас олон гайхалтай уран бүтээлийг өвөрмөц хоолойгоороо амилуулж, үзэгчдийн хайрыг татсан авьяаслаг уран бүтээлч Э.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн бөгөөд хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм.


-Анхны бие даасан тоглолтоо хийгээд удаагүй байна. Тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

– Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань гоё болсон. Аав, ээж, ах дүү нарыгаа уриад. Заал дүүрэн үзэгчдэдээ суулгаад сайхан тоглолт хийсэн. Сэтгэгдэл өндөр байна. Олон сайхан тоглолтод очиж дуулж байсан. Миний тоглолтыг үзэхээр зориод ирсэн. Намайг хайрладаг хүмүүсийнхээ өөдөөс хараад дуулах. Үнэхээрийн сайхан байдаг юм билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярласан.

 


-Тоглолтынхоо үеэр нулимс унаган зогсож байсан. Тэр үед яг ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр мэдрэмжийг би насан туршдаа хадгалж явах байх. Хүнд мартдаггүй дурсамж гэж байдаг шүү дээ. Хэзээ ч миний сэтгэл зүрхнээс гарахааргүй тийм гоё дурсамж болж үлдсэн.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Тиймээс аль ч төрлийн дууны үгийг, аяыг илүү мэдэрч дуулдаг болов уу?

-Бүх дуу нэг зүйлд зориулагдсан байдаг. Тэр зүйлийг л мэдэрч, ойлгож дуулахад хүний зүрх сэтгэлд хүрдэг. Ээжийн тухай дуу бол ээжийгээ, Эх орны тухай дуу бол эх орноо дотроо бодож дуулдаг.

-Танай гэр бүлд өвөөгөөс тань өөр урлагийн хүн бий юу?

-Би Хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Өөр урлагийн хүн бол байхгүй.

-Та өвөөгийнхөө талаар ярихгүй юу?

-Намайг төрөхөд өвөө маань бурхан болчихсон байсан. Тиймээс яг сайн мэдэхгүй байна. Аав, ээжээсээ л өвөөгийнхөө талаар сонсдог.

-“The Voice of Mongolia” шоуны дараа танд хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

– Хүмүүс таньж мэддэг болоод ирэхээр хамаатан садан ах, дүү, найзуудтайгаа харьцаж байгаа юм шиг дотно. Хэзээний нэгнээ таньдаг байсан юм шиг тийм гоё сэтгэгдэл төрдөг юм билээ.

-Олны танил болохын давуу тал нь юу байна ?

-Давуу тал гэх юм бол олон сайхан хүмүүстэй найз нөхөд, ах дүү болох л юм даа. Нэг газраар ороод гарсан ч гэсэн. Таниад мэндлээд өнгөрч байгаа нь хүртэл сайхан санагддаг.

-Дуулж байгаа өнгө аяс тань намуухан, “Voice”-ийн тайзнаа бүрдүүлсэн стиль имиж тань ч төлөв төвшин харагдсан учраас таныг их даруухан залуу юм гэж дүгнэх олон хүн бий.

-Би тийм онгироо хүн бол биш. Даруухан хүн гэж хэлж болно. Манай уртын дуу, ардын урлаг өөрөө их сайхан шүү дээ. Дуулж байгаа дуу, төрж өссөн орчин ч их нөлөөлсөн байх.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл хийнэ гэж бодож байна вэ?

-Уртын дуучин мэргэжилтэй болохоор олон жил өвлөгдөж ирсэн олон сайхан дуунуудыг л гаргаж ирэх зорилготой байгаа.

-Шинэ жилийн баяр болж байна. Та хамгийн гоё сэтгэлд үлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу ?

-Олон сайхан дурсамж байгаа одоо яг санаанд орж байгаа хамгийн ойрын дурсамж гэх юм бол миний төрсөн өдөр байна. Би арванхоёрдугаар сарын 24-нд төрсөн. Өнгөрсөн жил төрсөн өдрөө маш сайхан тэмдэглэсэн. Нэг газар дуулах гэж очоод санаандгүй төрсөн өдрөө тэмдэглэчихсэн.

 

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Осолд өртсөн охины ээж: Сайтуудаар худлаа мэдээлэл яваад байх юм DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хүүхэд дайрсан осол гарсан.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн. Одоогийн байдлаар охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Хааз, тоормос андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.

Уг ослыг гаргасан эмэгтэйн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд 29 настай Маралмаа, шүдний эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь энгийн л хүмүүс. Харин найз залуу болох н.Батсүх нь Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгойд ажиллаж байсан хэмээн мэдээлж буй юм.


Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан

Уг осолд орсон долоон машины хамгийн урд зогсож байсан машин дахь иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа. Тус иргэн уг ослын талаарх бичлэгийг хамгийн түрүүнд хийж сошиал орчинд тавьжээ.


-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Баянмонгол хорооллын хажууд, Эмралд хотхоны урд түгжрэлд зогсож байсан.

Машинууд таг түгжирчихсэн хөдлөх боломжгүй байлаа. Нөгөө талын урсгал нь арай сийрэг байсан. Тэгтэл юу болов гэмээр гэнэтхэн нөгөө урсгалаас улаан галзуу маш хурдтай орж ирсэн, тэр Ланд-200. Тэгээд манай машины ард талыг цөм хамаад, пид пад болоод л явчихсан.

-Таны машин ямар маркийнх вэ?

-Приус 41. Тэгээд манай машиныг мөргөчихөөд зогсоогүй цаашаа дахиад л пид пад гээд яваад л байсан.

-Тухайн үед цагдаа, эмнэлэг хэн дуудсан юм бол?

-Ослын ойр орчимд байсан хүмүүс бүгд л залгасан.

-Эмч, цагдаа хэр удаж байж ирсэн бэ?

-103 бол 10 минутын дотор ирсэн. Түүнээс түрүүлээд замын цагдаагийнхан ирсэн.

-Осол гаргасан хүнийг харж чадсан уу. Ямар хүн байсан бэ?

Чадсан. Нэг эмэгтэй байсан. Шоконд орчихсон гэж хэлэхэд ч хэцүү юм даа. Чив чимээгүй байж байснаа нөхөр рүүгээ залгаад “Би аваар хийчихлээ. Осол гаргачихлаа” гээд утасдаад байсан.

-Согтуу байсан зүйл ажиглагдаагүй юу?

-Ажиглагдаагүй. Эрүүл харагдсан.

-Тухайн үед дайруулсан хүүхдийг харсан уу. Биеийн байдал нь ямар байсан бэ?

-Ер нь бол харах нь харсан. Нүд хальтрам харагдсан. Олимпийн урд талд явсан хүмүүс хараад орилолдоод л бөөн юм болсон л доо.

-Тухайн осол гаргасан машины дугаарыг харж чадаагүй юу?

-Тэрийг бол харж чадаагүй. Харах ч сөхөө байгаагүй. Аймшигтай дүр зураг болсон. Тухайн үедээ би бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд анх тавьсан.

-Цагдаа ирэнгүүтээ ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэмжилт хийгээд байсан. Осолд орсон машинуудын жолооч нарыг бүртгэж авсан.

-Тэр хүүхдээс өөр явган зорчигч осолд өртсөн болов уу?

-Дахиад нэг охин байгаа гэж байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

-Танай машины эвдрэл хэр байна вэ. Хохирлыг хэрхэн барагдуулна гэж байна вэ?

-Хохирлыг нэн даруй яаралтай барагдуулна гэсэн. Одоо бараг барагдуулаад дуусч байгаа юм шиг байна лээ. Хүүхдэд болохоор эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Тухайн үед би аймшигтай хүнд доргилт авсан.

-Та өөрөө биеэ үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон уу?

-Тогтоолгоогүй байна. Барианд гурван удаа явсан. Булчин зангирсан байна гэсэн.

-Тухайн төлбөр мөнгийг хохироосон хүнээр гаргуулсан уу?

-Одоогоор гомдол гаргаагүй болохоор боломжгүй гэсэн. Ямар ч байсан машинуудын хохирлуудыг барагдуулна л гэсэн байна лээ.

-Зөвхөн танай машины хохирол хэдэн төгрөг болсон бэ?

Үнэлгээгээр ороход 3.8 сая төгрөг болсон. Бид одоогоор машинаа засварт өгчихсөн, өнөөдөр бараг гарах байх. Тэгэхгүй бол машин тэрэггүй олон хүүхэдтэй хүн хэцүү юм.

-Осол гаргасан эмэгтэйн сэтгэл санааны байдал нь ямар байх шиг байна. Ажиглаж чадсан уу?

-Тийм аймшигтай аваар хийчихээд тэр эмэгтэй ерөөсөө бодож байгаа ч зүйлгүй зогсож байсан. Ямар ч гэмшсэн, айсан шинжгүй. Тэгээд нөхөр нь ирж машинаа авахдаа шал согтуу ирсэн. Улаан галзуу хүнийг дарамталсан, даапаалсан хачин хүн байна лээ. Нөхөр нь цагдаагийн газар ирчихээд янз бүрээр орилж хашгирч загнаад, дарамтлаад байсан. Тэр эмэгтэй үхье л гэж бодсон байх. Эмэгтэй хүнтэй их муухай харьцаж байна лээ. Хамгийн аймшигтай нь тийм осол хийчихээд ерөөсөө айж сандарсан, гэмшсэн шинжгүй, гөлийсөн юм л зогсоод байсан. Зүгээр зам дээр зогсож байсан хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Замын цагдаа нь ч ийм хэргийн талаар хамаагүй ингэж ярьж болохгүй гээд ам таглаад байдаг юм билээ. Гомдлоо өөр газар очиж хэл гээд байсан.

-Хохирогчид нийлээд гомдол гаргах бодол бий юү?

-Цагаа тулахаар монголчууд чинь тэгэхгүй юм байна лээ. Машиныхаа хохирлыг төлүүлчихвэл тэгээд бушуухан салъя л гэж байх шиг байна лээ. Тэр хүүхэд л хэцүү байна. Бид ч яахав машинаа л янзлуулчихвал хөл гартайгаа бүтэн үлдсэн улс арга нь олдоно. Тэр хүүхдэд л санаа зовоод байна.


Хажууд нь цуг явсан найз нь шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйчихсэн


Тухайн осолд өртсөн охины талаар сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл явж байна. Энэ талаар охины анги удирдсан багш Мөнхбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Та охины биеийн байдлын талаар мэдээлэл байгаа юу. Ар гэр нь холбогдсон уу?

-Холбогдсон. Өчигдөр (уржигдар) очиж эргэсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй байсан. Саяхан нэг хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Гадуур Солонгос улс руу явж эмчлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. Охиныг эргэхээр очиход ээж, аав нь тийм зүйл ярьсан уу?

-Үгүй. Надад л лав эцэг эх нь тийм зүйл ер дурдаагүй. Ерөнхийдөө охиноо одоо азтай гэх үү дээ. Яс хугараагүй, судас шөрмөс тасраагүй гэсэн. Ямар ч байсан нэг хагалгаанд орсон. Мах нь ухагдчихсан байсныг нөхсөн гэсэн. Тийм гэмтэл авсан л гэж ээж нь надад хэлсэн.

-Цуг явсан охин нь бас танай анги уу?

-Тийм. Хичээлээ тараад цуг харьдаг юм. Яг тэр мөчид хамт мөргүүлээд эргэхдээ тэр замын хашлага руу унаагүй босоод гүйчихсэн юм билээ. Хажууд нь цуг явсан найз нь гэнэт тийм байдалд орохыг хараад шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйж очоод гэрийнхэндээ хэлээд, ангийнхантайгаа холбогдсон юм байна лээ.

-Тэр охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Жаахан сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Түүнээс ил харагдах шарх сорвигүй, эмнэлгээр аав, ээж нь аваад явж байна гээд хичээлдээ ойрд ирээгүй.


МИНИЙ БИЕ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ХАЧИН БАЙНА

Харин охины биеийн байдал ямар байгаа талаар ээжээс нь тодрууллаа.


-Охины тань биеийн байдал хэр байгаа бол?

-Охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Сайтуудаар дандаа худлаа мэдээлэл яваад байх юм. Миний бие тэр өдрөөс хойш их хачин байна. Үг ч эвлэхгүй байна.

-Осол гаргасан хүн тантай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан болов уу?

-Хоёр удаа ирж надтай уулзсан. Биеийн байдлыг нь асууж уучлалт гуйсан. Түүнээс айхавтар нарийн ширийн зүйл яриагүй л дээ. Би ч охиныхоо биеийн байдлыг харж байна. Үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ сайтууд илтэд худлаа мэдээллүүд тавиад байна. Ямар учиртай юм бол оо. Хөлөө тайруулсан гэнэ, Солонгос явах гэж байгаа гэнэ гээд дандаа худлаа мэдээлэл тавиад байх юм.

-Тэгэхээр та өөрөө бодитой үнэн мэдээлэл өгөөч?

-Яг одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Охиныхоо тухай яримааргүй байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Реппер KА: Амьд явах биш амьдрах хэрэгтэй DNN.mn

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Kа буюу О.Мөнхжаргалтай ярилцлаа.


Таныг олон хүн реппер KA гэдгээр тань андахгүй байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Нэг цаг үед хамт амьдарч байгаа залуус аа. Би хувь хүн талаасаа амьдралд маш их хайртай. Сайн, муу бүхий л мэдрэмж хүнд байдаг. Тэр бүгдийг давж гараад тэндээсээ сурах зүйлээ сураад, мэдрээд заримыг нь дурсамж болгоод л хэрэггүй зүйлсийг нь мартаад явдаг философи ч гэх юм уу. Нэг тийм амьдралын хэв маягтай гэж өөрийгөө боддог. Амьдралд маш их хайртай. Амьдрал ч надад хайртай. Баярлалаа амьдрал минь.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Гэмт хэрэг ба яруу найраг гээд албан ёсны цомог дээр ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай явж байна. Дундуур нь ганц, хоёр цомогт багтахааргүй синглэ реппэрүүд болон артистуудтай хамтарсан дуунууд хийж байгаа. Энэ жилдээ багтаад цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас өөрөө хөгжим хийх тал дээр суралцаж, дараагийн түвшин гэх юм уу өөрийгөө хөгжүүлэх зүйл рүү зорьсон тийм хандлагатай л ажиллаж байна даа.

-Таны “Mixtape” (Гадаадын уран бүтээлчийн ая нь дээр өөрийн “rep”-ийг хийх) маш олон хүнд хүрсэн. Яагаад зогсоох болсон бэ?

-Олон хүнд хүрсэн бол баяртай байна. “Mixtape” бол миний боддог, мэдэрдэг зүйлсээ нууж хаагаад байхгүйгээр шууд илэрхийлсэн үг, мэдрэмж юм. Ямарваа нэг зүйл эхэлсэн бол дуусдаг шүү дээ. Хэт их удах юм бол ялзрах, муудах гэдэг шиг хайрцагт ороогдож эхэлж байгаа юм шиг санагдаад одоо яг дуусах цаг нь болсон юм байна гээд “Mixtape 17″ хүргээд дууссан. 17 бол миний дуртай тоо.

-Дахиж “Мixtape” эхлүүлэх үү?

-Дахиж эхлүүлэх тал дээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө илэрхийлсэн дуу, хөгжим, зураг, ном иймэрхүү бүтээлүүдийг үхэн үхтэлээ л хийж бусадтайгаа мэдрэмжээ хуваалцаж, ярилцаж залуус дүү нартаа бас зарим зүйлийг товчлоход нь ч гэх юм уу. Юмыг харах өнцгийг нь хамтдаа засаж сайжруулах бүтээлүүдийг байнга хийнэ. Бид одоо ямар нийгэмд амьдарч байгаа нь бүх хүмүүсийн өмнө ил байна шүү дээ. Энэ бүхний төлөө өөрийн чадах бүхий л зүйлсийг байнга хийнэ.

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Дууныхаа үгэн дээр их ажилладаг, боддог. Худлаа өөрийнхөө мэддэггүй зүйлсийг шүлэглэхийг хүсдэггүй. Сэтгэлгээний гажуудал хэт их ууртай бухимдалтай, хэт их яарсан, амжилт , алдар нэр гэх мэтчилэн иймэрхүү сонин зүйлсийн төлөө бид нар өрсөлддөг болсон. Уг нь ингээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүн амьдарч байж. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж. Яг өөрөөрөө амьдрах ёстой гэж боддог. Тэрийгээ л хэлж байхыг хүсдэг. Бид бүгдээрээ нэг гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээний ч гэх юм уу муухай зүйл байхад тэрийг нь хараад тоодоггүй дасчихсан. Нэгнийгээ хуурах, худлаа ярих, араар тавилт, дүр исгэх гэх мэт зүйлс нийгэмд арай дэндүү хэтэрч байгаа. Энэ бүхний эсрэг явахыг хүсдэг.

Бид цаашдаа тайван, өөрсдөө сэтгэлийн амар амгалантай. Юу бидэнд хэрэгтэй. Өөрийн чинь мөн чанар юу вэ. Амьдралын чинь гол зорилго нь яг юу юм бэ? Цаг хугацааг яаж зөв ашиглах гэх мэт зүйлсийг өөрийнхөө өнцгөөс хэлж тайлбарлахыг хүсдэг. Мэдээж бүгд надтай санал нийлэх албагүй. Монголд байгаа ихэнх хүмүүс ямарваа нэгэн байдлаар сэтгэлгээний гажиг, өвчтэй болсон мэт санагддаг. Уучлаарай. Гэхдээ бид яг л нэг тийм хөгжихгүй гацаад нэг юман дотроо эргэлдээд тэрэндээ хоорондоо тэмцэлдээд байгаа юм шиг харагддаг. Бид утас, машин, хувцас гэх мэт зүйл дээр цензуртэй ханддаг хэрнээ тархи руугаа орж буй мэдээлэл, мэдлэгт шүүлтүүргүй ханддаг.

Өөрийнхөө тархийг ямар ч дархлаагүй хогийн сав шиг ашиглаж байгаа нь таалагддаггүй. Гэхдээ л өөрийнхөөрөө байцгаая.

-Реп Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх?

-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Реп, хип хоп хөгжим бодит амьдралаас үүсэж гарсан илэрхийлэл гэж хэлж болно. Баяр баясал, бухимдал гэх мэт эрх чөлөөний тэмцэл гэдэг зүйлээс гарсан болохоор хүн бүр өөрийн райм, шүлгээ холбох, хөгжмөө хийх чөлөөтэй. Зөвхөн өөрийнхөө зүйлийг хийдэг. Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалж яг түүндээ байдаг хүмүүс байхад бусдад мэдрэмжээ илүү ойлгуулж хүргэе, түгээе гэсэн хүмүүс ч байдаг байх.

Тийм болохоор алийг нь ч буруутгаад шүүгээд байх эрх надад байхгүй. Реппер хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүгд өөрийнхөөрөө боддог байх. Харин миний бодлоор бодит зүйл дээр бодит үнэнийг хэлдэг. Хэлсэн зүйлээрээ өөрөө яг амьдарч байдаг тийм хүн. Би яг л ингэж ойлгож явдаг. Гэхдээ н.Намдаг гуай энэ талаар хэлсэн байдаг юм аа. Хоёр үнэн зүйлийн дунд нэг худлааг хавчуулдаг гэж. Мэдээж энэ чинь урлаг болохоор бага зэргийн хачир орж байж илүү сонирхолтой, сахилгагүй гоё болох байх. Өөрийгөө илэрхийлмээр байгаа шүлэг, хөгжим хиймээр байгаа репперүүддээ амжилт хүсье.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

– Яг ийм тийм гэж сайн мэдэхгүй байна. Дууныхаа шүлгийг анхаарч бичихийг хичээдэг. Жоохон гүнзгий бичдэг гэх шүүмж болон зарим хүмүүст таалагдсан гэх санал, сэтгэгдлүүд ирдэг. Би багаасаа философи судалж олон газраар явсан. Юу юм бэ, яагаад, хэн юм бэ, юунаас болж гэх асуултуудыг бага байхдаа маш их асуудаг байсан. Реп хийхэд тэр чанар маань илэрч гардаг байж магадгүй. Мэдрэмжээ бусадтай чөлөөтэй илэрхийлж гаргахыг л хичээдэг дээ. Элдэв хачир нэмэхгүйгээр.

-Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ. Хэзээнээс тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна ?

-Сүртэй том тоглолт хийх төлөвлөгөө байдаггүй. Харин бяцхан эвент хийх сонирхолтой. Ярилцаад ч юм уу дундуур нь дуулдаг иймэрхүү маягаар хийнэ гэсэн бодолтой байдаг. Удахгүй “Гэмт хэрэг ба яруу найраг” гээд цомог маань гарчихвал эвент хийж магадгүй.

нэг буюу түүнээс олон хүн ба гадаа нарын зураг байж магад

-Үнэндээ залуу уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мөнгө дуулж болно. Эд хөрөнгө дуулж болно. Эмэгтэй хүний талаар, нийгмийн талаар дуулж болно. Залуу, хөгшин шинэ реппэрүүд юу ч дуулж болно. Харин агуулгатай байвал илүү зүгээр санагддаг. Мөнгө дууллаа гэж бодоход ямар ч мөнгөгүй байж би баян гээд дуулах чинь сонин. Үүний оронд би одоохондоо залуу байна. Бага зэрэг өөрийн гэсэн зарцуулах мөнгөгүй байна. Гэхдээ би олох болно. Надад мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж зэвүүн болно гэдэг ч юм уу. Яг тэр хүнийхээ мөн чанар сүнсээрээ ингэж илэрхийлбэл надад буруутгаад байх зүйл байдаггүй. Харин байхгүй байж худлаагаасаа хийсвэр дүр бүтээж дуулах гэдэг бол миний хувьд гоц гойд санагддаггүй. Нийгмийн болохгүй зүйлийг шүүмжилж дуулахдаа өөрөө яг зөв хүн биш байж. Бусдыг шүүмжлэх, мэдэхгүй байж тэр сэдвийг харааж дуулах бол утгагүй. Хараалаар юмсыг илэрхийлэх амархан. Хараал хэлэхгүйгээр юмыг онож хэлнэ гэдэг бас тийм амар биш.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Одоо цагтаа гоё байгаад өдөр өдрийнхөө ажлыг сайн хийгээд, бусдыг хайрлаад, уучлаад, талархаад, хэлмээр байгаа зүйлээ нуулгүй шууд хэлээд үзэн ядах, гомдох гэх мэт зүйлийг дотроо хадгалаад байхыг хүсдэггүй. Шууд хэлчихдэг. Мэдээж амьдралын жанжин шугам ч гэх юм уу том зорилго маань сайхан аз жаргалтай, баяр баясалтай, сэтгэлийн амар амгалантай бусдаас хайр, хүндлэлийг мэдэрч өөрөө бас тэр зүйлсийг өгч. Туслах хүнд нь тусалсан шиг тусалж хариу нэхэхгүйгээр явахыг л хүсдэг дээ. Уран бүтээл тал дээр дотроо төлөвлөж явдаг зүйл гэх юм бол ном байна. Богино хэмжээний кино, хөгжим хийе гэж бодож байна.

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юу?

-Бүтнээр нь зориулсан дуу байдаггүй. Харин ганц, хоёр мөр бол байдаг. Энэ нь зүгээр анзаарч байдаг зүйл. Энэ хүн ийм хүн юм байна. Энэ зүйл дээр ийм мэдрэмж төрүүлдэг юм байна гэж ерөнхийдөө анзаараад, анхаараад явж байтал тэр нь заримдаа шүлэг болох тал байдаг. Тэр бодлоо баяжуулаад дуу болгодог. Өөртөө зориулсан. Өөрийнхөө мэдрэмжийг хадгалсан дуунууд гэх юм бол “Mixtape” тэр чигээрээ .

-Амьдралдаа баримталж байгаа зарчим?

– Хэнийг ч ийм тийм гэж ялгаварлаж харьцдаггүй. Баярласан бол баярлалаа гэж гоё хэлэх, алдаа хийсэн бол тэрийгээ ойлгоод олигтойхон шиг уучлалт гуйж сурах. Ямар ч хүнтэй нийлж. Яаж ч явсан өөрийнхөө дархлаагаа хадгалах. Хүмүүсийн сайн чанаруудаас суралцах. Муу чанар байх юм бол алдаанаас нь суралцах. Сэтгэл гэдэг зүйлээ л амар тайван байлгахыг хүсдэг. Ингэж байж л дараагийн зүйлүүд тод томруун харагддаг

-Таныг шивээс хийдэг гэж сонсож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Шивээс хийдэг. Гэхдээ байнга хийдэггүй. Шивээс хийлгэнэ гэсэн хүмүүстэйгээ ярилцаад үнэ хөлсөө тохироод. Цаг заваа тааруулаад аятайхан шивээс хийхийг хичээдэг. Өөр хэд хэдэн зүйл хийдэг болохоор байнга хийж чаддаггүй. Шивээс миний хувьд амьтай зүйл.

-Шивээс хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

– Шивээс бол бүтээл бас урлагийн нэг төрөл. Хүмүүсийн арьсан дээр өөрийнхөө шивж зурсан бүтээлээ харахаар үзэсгэлэн ч юм уу галерей маягийн юмыг хүмүүс дээр гаргаад, тэд бусдад танилцуулаад явж байгаа юм шиг гоё мэдрэмж шиг санагдаг. Хуучны шивээсчин надад шивээс гэдэг бол хөлс, цус, мөнгө, бэлгэдэл, гоо сайхан гэдэг зүйлсийн цогц нийлбэр гэж хэлж байсан. Энэ надад үнэн санагддаг.

-Та өөрөө хэдэн шивээстэй вэ. Дурсамж үлдээсэн утга учир бүхий шивээс байгаа юу ?

– Олон шивээс байгаа. Учир утгагүй шивээс гэж надад бараг байхгүй дээ. Сайн сайхан зүйлийг дуудсан. Муу муухай зүйлсээс хаасан. Амьдралын бас нэг бодож явдаг хэзээ ч мартаж болохгүй зүйлээ үлдээх гэх мэтээр бүгдээрээ утга учиртай.

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Таны бодлоор энэхүү урлаг ямар хэмжээнд явж байна бэ ?

– Маш сайн явж байгаа. Хуучны ах нар ч ажлаа хийсээр байж байна.Миний үеийхэн ч хийдэг зүйлээ хийж байна. Шинэ залуу репперүүд гарч ирж байна. Хөгжмөө өөрөө хийж байна. Шүлгүүд нь гоё байна. Монголд бүх төрлийн реппэрүүд байна. Бүх артистууддаа гэж хэлэхэд ямарваа нэг юмны хар, цагаан сайн, муу балансыг хадгалаад юмны хайрыг даана гэдэг шиг зөв авч явах хэрэгтэй болов уу. Урлагт ч гэсэн мөн чанар гэдэг зүйл байдаг. Тийм ч учраас хадгалсан зүйлсээ санаж яв л гэж зөвлөх байна даа.

Тайлбар байхгүй.

-Таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Элдэв дүр битгий эсгээрэй. Өөрийгөө олоод би хэн бэ гэдгээ мэдрээд дараа нь өөрийгөө ямар байлгамаар байна түүнийгээ бүтээгээд. Өөрийнхөө мөн чанар сүнсээ хайрлаад, хамгаалаад бусадтай сонин зүйлийн төлөө өрсөлдөж битгий зов оо. Чи заавал мундаг, шилдэг байх албатай биш. Гол нь чи амьд явах биш амьдрах хэрэгтэй. Тэр нь сайн ч байсан, муу ч байсан чиний амьдрал, чиний сонголт, чиний мэдрэмж чиний бүх зүйл. Тэгээд Respect your Soul…

Сэтгүүлч Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Чаргайтын усан цахилгаан станц нь Тайшир, Дөргөний УЦС-ыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэнэ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт нийт 26 га талбайд, 24.6 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Чаргайтын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Чаргайтын УЦС нь 35м өндөр далантай, 570м өргөн усан сантай байх ба жилд 110 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх юм. УЦС нь 110кВ-ын 30км урт цахилгаан дамжуулах шугамаар Мөрөн-Эрдэнэтийн шугамд холбогдох бол ТЭХС-д 150км урт, 220кВ шугамаар холбогдох боломжтой.

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

УЦС ашиглалтад орсноор орон нутгийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, загасны аж ахуй эрхлэх боломж бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор бүрэн хангах ач холбогдолтой юм.

Хүн төрлөхтөн өөрсдийн амьдрах таатай орчиныг бүрдүүлэхийн тулд өдөр тутамдаа асар их хэмжээний энерги , дулааныг ашиглан эргээд асар их хэмжээний хорт хийг ялгаруулж байдаг. Эдгээр хий нь хуримтлагдсаар агаар мандал нүдэнд үл үзэгдэх нэгэн давхарга үүсгэж байгаа нь дэлхийг яг л хүлэмжтэй адил болгож байгаа тул тус хийн нэгдлийг хүлэмжийн хий гэж олон улсад нэрлэж байгаа юм. Тус давхарга нь дэлхий дээр тусах нарны тусгалыг халхалснаар байгалийн жам ёсны цикл алдагдаж улмаар байгалийн тэнцвэрт байдал үгүй болж дэлхийн дулаарал бий болоод байгаа юм. Хүлэмжийн хийг байгалийн болон үйлдвэрийн гаралтай хүлэмжийн хий гэх бөгөөд байгалийн гаралтайд нь нүүрсхүчлийн хий (CO2), азотын дутуу исэл (N2O), Метан (СН4) ордог. Харин үйлдвэрлэлийн явцад үүссэн хүлэмжийн хий нь перфторт нүүрстөрөгчүүд(PFCs), гексафторт хүхэр(SF6), ус фторт нүүрстөрөгч(HFCs) юм. Эдгээр нь хөдөө аж ахуй, мал амьтан, хүн болон үйлдвэрлэл, тээвэрлэлт, нүүрс, нефть, бензин, эрчим хүчний хэрэглээ, автомашин зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.

Хүлэмжийн хий ялгаруулатын 6%-ийг барилга байгууламж, 14%-ийг машин техник тээвэрлэл, 21%-ийг аж үйлдвэрлэл, 26%-ийг эрчим хүч дулааны цахилгаан станц, 24%-ийг газар тариалан, ХАА, үлдсэн хувь нь бусад хүчин зүйлсээс хамааралтай байна. Монгол улсын хувьд 2016 оны 9 сард Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14%-аар бууруулах зорилт тавьжээ. Тус ажилд урьдчилсан байдлаар нийт 3,5 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол гарсан байна. Манай орны хувьд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулж буй салбар нь дэлхий нийттэй нэгэн адил эрчим хүчний салбар юм. Цахилгаан дулааны станцууд бүгд түүхий нүүрсийг үйл ажиллагаандаа ашигладаг, хүн амын 70 гаруй хувь амьдардаг гэр хорооллын айлууд бараг бүгд түлшээр дулаанаа шийддэг зэргээс хамаарч агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх улсуудын эхний 5-д жагсаж байгаа юм. Тиймээс Монгол улс хүлэмжийн хийг эрчимтэй бууруулах цахилгаан,эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч /ус, нар, салхи/-ээр нөхөж эхлээд байна.

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

No description available.