Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй DNN.mn

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил Монголд зочлох жил гэдгээрээ аялал жуулчлалын салбарт онцгой үе тохиож байна. Энэ хүрээнд гадаадын олон жуулчин манай улсыг зорин ирж, буцсаар байна л даа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн жуулчин хүлээж аваад байна. Цаашид жуулчдын тоо хэд хүрэхээр байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ жилийн хувьд эхний жил учраас суурь ажлуудыг бид маш сайн хийхээр ажиллаж байна. Тухайлбал эрх зүйн орчныг маш ойлгомжтой, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох, аялал жуулчлалын бүсчлэлийг нарийвчлах, хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх, агаарын тээврийг либералчлах, визнээс чөлөөлөх зэрэг суурь ажлууд хийгдэж байна. Бид нэг саяас давсан жуулчин авах стратегийг гарган ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 350 мянга орчим жуулчин ирээд байна. -Зарим аялагч, жуулчдын хувьд дэлхий дахинд танигдсан алдартай хүмүүс ирж байна. Эдгээр хүмүүсийн зарим нь Монголыг сурталчилсан контент бэлтгээд буцаж байх шиг. Энэ нь мэдээж манай улсын хувьд бүх талын ашигтай байх. Яамны зүгээс цаашлаад Засгийн газрын зүгээс энэхүү чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Нэгдүгээрт гадаад сурталчилгаа. Хоёрдугаарт дотоод сурталчилгааг гадагш чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл танигдсан, нөлөөлөгч, нэртэй хүмүүсийг эх орондоо авч ирэхийн тулд ажиллаж байгаа гадаад сурталчилгааг сайн явуулах, тохиролцох, гэрээ байгуулах, сурталчилгааны сувгуудаа тодорхойлох гэсэн үг. Энэ утгаараа аль болох алдартай нөлөөлөгчдийг эх орондоо авч ирэхийг зорин ажиллаж байгаа. Ирсэн хүн бүхэн уулга алдаж байгаа тэр мэдрэмжийг бид тухайн хүмүүсээр дамжуулан хүргэх нь чухал. Энэ нь дотоод сурталчилгааг гадагш буюу эх орныхоо гоё сайхан бүхнийг нөлөөлөгчдөөр түгээх ажил гэсэн үг. Удахгүй “Nas, daily” нарын 400 гаруй сая дагагчтай 20 гаруй нөлөөлөгчдийг авч ирэхээр болж байна. Энэ нь бид эх орноо энэ жил сайн сурталчилж ирэх жилүүдийн жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа гэсэн үг юм.

-Таны хувьд Солонгосоос ирсэн топ моделиудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтыг олон нийт сошиал орчинд янз бүрээр шүүмжилж, санаа бодлоо илэрхийлсэн. Зарим нь Монголын төр арай л жижиг байна гэх юм. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ. Яагаад тэр хүмүүсийг хүлээн авч уулзав?

-Нэгдүгээрт бид төр юу хийх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Төр гэдэг нь дээр залсан бурхан мэт намбайсан чимээгүй байх тухай биш ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын тулд ажиллах ёстой гэж боддог. Төрийн төлөө иргэн оршдоггүй. Иргэний төлөө төр оршдог гэдэг үг бий. Бид эдийн засгийн эргэлтийг сайжруулж, тэлэлтийг хийх хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарын нөлөөллөөр 16 орчим салбар үр өгөөжийг нь хүртэж байдаг. Үүний ард дандаа монгол хүний ажил, орлого яригдана. Нэг жуулчин ирэхдээ онгоцоор ирж агаарын тээврийн салбарт орлого оруулна. Буугаад автобус, такси, автомашин түрээслэж, төлбөрөө төлж үйлчлүүлнэ. Энэ нь тээврийн салбарт оруулж буй орлого. Зочид буудалд бууж таарна. Энэ нь зочлох үйлчилгээний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Мэдээж идэж ууна, үйлчилгээ авна. Энэ нь хүнсний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Соёл урлагийн тоглолт үзнэ. Мөн л соёл урлагийн салбарт оруулж буй хөрөнгө. Хөдөө явна. Малчид дээр маань очно. Төлбөрөө мөн л төлнө. Ингээд бодоод үзэхээр олон салбарт мөнгөө үлдээж байгаа юм. Ер нь нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг сая жуулчин ирэхэд 1-1.2 тэрбум ам.доллар үлдэнэ. Монгол төгрөгөөр бол дунджаар 4.5 их наяд төгрөгийг үлдээж байна гэсэн үг. Нэг хүнээс нэг сая хүнд үйлчлэхэд үзүүлэх нөлөөлөл өндөр. Тэр хэмжээгээр ажлын байр, орлого нэмэгдэж байгаа.

-Солонгос моделиудын тухайд та хариулаач…?

-Саяны моделиудын хувьд хэлэхэд Тоурайд гэдэг компани шинэ зах зээлд ажиллахаар ажиллаж байгаа юм байна лээ. Тухайлбал БНСУ-ын фото моделиудыг дэлхийн тавцанд гарахад Монголын сайхан байгаль, өвөрмөц тогтоц, цаг уурын нөхцөл байдал их том суурь гэж өөрсдөө хэлж байсан. Тухайлбал Солонгост байхгүй мөнх цаст уул, хүрхрээ, далай мэт их элс, цэнгэг нуур, нэг ч уулгүй хээр тал гээд л. Мөн нэг өдөрт жилийн дөрвөн улирлын зураг авалтыг шууд хийх боломжтой газар бол Монгол Улс. Солонгос Улс фото моделиудаа дэлхийд гаргахаар ажиллаж байна. Энд хамгийн том түшиц газар нь Монгол. Таван сая дагагчтай фото моделиуд ирсэнээр, магадгүй цаашдаа энэ тоог нэмэгдүүлсэнээр манай улс хичнээн жуулчин авах боломж бүрдэж байна гэж бодож байна. Таван сая дагагчийн 10 хувь буюу 500 мянган жуулчин ирэхэд л манай сая жуулчны тавин хувь шууд бүрдэж байгаа юм шүү дээ. Засгийн газрын гишүүд, сайд нар эдийн засгаа тэлж, ард түмнийхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийх бүхнээ хийх үүрэгтэй хүмүүс. Би ажлаа л хийж байна. Энэ бол аялал жуулчлалын сайдын хийх ёстой ажил.

-Манай улсыг зорин ирэх жуулчдын хөл хөдөлгөөн 11 дүгээр сар хүртэл эрчимтэй үргэлжлэх болов уу гэж бодож байна. Ирж байгаа жуулчдаас тийм хэмжээний ашиг орлого бүрдүүллээ гэхээс илүү тухайн жуулчдын аюулгүй байдал, сэтгэл ханамжтай буцаах зэрэг нь том асуудал байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна. Буцаж байгаа жуулчдын сэтгэл ханамж өндөр байна уу?

-Бид жуулчдад зориулсан үнэлгээний системтэй болсон. Ресторан, зоогийн газрууд, нисэх буудал, зочид буудал, такси гээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд энэхүү системийг жуулчдадаа өгч үнэлгээ хийлгэх боломжтой болсон. www.reviewmongolia.com/28# гээд хаягаар ороод шууд үнэлгээг хийж байна. Эндээс бид сэтгэл ханамжийн мэдээлэл, засч сайжруулах мэдээллээ мөн авах болно.

-Манайд ирсэн зарим жуулчид Монгол Улс үзэсгэлэнтэй сайхан байгальтай ч түүнийг үзэж сонирхож явахад зам, дэд бүтэц тааруу байна гэх юм. Үүнтэй та санал нэг байна уу. Цаашид ирэх жуулчдын тав тух, аюулгүй байдлыг бид хэрхэн хангах ёстой юм бэ. Үүнд чиглэсэн төрийн бодлого яаж явах учиртай вэ. Мөн хувийн хэвшлийн оролцоо үүнд чухал байх, тийм үү?

-Засч сайжруулах бүхнийг засч сайжруулаад л явна. Тухайлбал Хөвсгөл аймагт Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Ашихай гээд 37.9 км авто замыг тавьж байна. Шаардлагатай бүх зогсоол, танин мэдэх музей, төвүүдийг барьж байгаа. Орон нутагт дотоодын нислэгийг нисгээд эхэлсэн. Энэ үргэлжилнэ. Бид аялал жуулчлалын бүсийг бий болгоогүй учраас энэ бүх асуудал нэг дор хуралдсан байгаа юм. Төрөөс шийдэх бүхнээ шийдээд явна.

-Энэ жил Монгол Улсын нийт нутгаар хур бороо арвинтай байна. Үүнээс улбаалж зарим газар нутагт тэр дундаа нийслэлийн бүс газруудад цаг агаарын нөлөөллөөс үүдсэн асуудлууд их байна. Ялангуяа үерийн дараах байгаль орчны бохирдол, хөрсний бохирдол аюулын түвшинд хүрсэн гэх юм. Үүнд танай яамнаас судалгаа шинжилгээ хийж үзэв үү. Хариу дүгнэлт хэрхэн гарч байна. Нэмээд асуухад нийслэлийн ундны ус болсон Туул гол үертэй байгаа. Үүнээс шалтгаалж, ундны усны бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа юу?

-БОАЖЯ-ны ундны усны стандартын дагуух шинжилгээг Монгол Улс даяар хийсэн. Хангалтгүй гарсан. Төрийн байгууллагууд стандартаа барихгүй, аж ахуйн нэгжүүд хууль дүрмээ мөрддөггүйтэй л холбоотой асуудал. Бороо ордгоороо орно. Ус урсдаг газраараа л урсана. Бид стандартаа зөрчсөн үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй. Таны асуултад товчхон хариулахад ийм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэвэл энд яриад барахгүй олон үзүүлэлт, шалтгаан, судалгаа бий. Тиймээс шаардлагатай гэвэл манай яамны холбогдох газар, хэлтсээс хувь хүн хүссэн мэдээллээ авч болно.

-Томоохон нуур, гол мөрөн дагуу аялагчдын хөл их байна. Үүнийг дагаад хог хаягдлын асуудал яригдаж байгаа. Яамны зүгээс хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн соёлыг зөв чиглэл рүү болгох асуудалд ямар ажил хийж байна вэ?

-Аялагчдын хандлага, эх орондоо байгальдаа хайртай байх, эргээд бид энэ орчиндоо амьдарна гэдэг ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Хоносон газраа сүйтгээд явчихаж байна. Хогоо дуртай газраа хаяж байна. Аваад явсан бол аваачаад хогийн цэгт нь хаячих төлөвшилтэй байх хэрэгтэй. Хог хаягдал цэвэрлэх ажлыг БОАЖЯ байнга хийж байгаа. Хэдэн зуун машин хогийг түүж, хогийн төвлөрсөн цэгт аваачиж хаяж байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Гадаадын жуулчид хэрэглээнээсээ гарсан хогоо авч явж байгаад яг хог хаях цэгт нь очоод хаячихаж байна. Гэтэл манай дотоодын аялагчид, амрагчид маань тэр хандлага соёл арай л дутуу байна уу даа гэж харж байгаа. Ер нь хогийг хогийн саванд хийх ёстой гэсэн хандлагыг зуршил болгомоор байгаа юм. Зарим нь мэддэг ч “за ганц удаа л хаялаа” гэх үзэлтэй байдаг. Энэ бол зуршил болж чадаагүй гэсэн үг. Тиймээс хогийг хогийн саванд хаяж сурах зуршлыг нийтээрээ эзэмших, ойлгох хэрэгтэй байна.

-Өнгөрсөн хаврын чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийн голлох өөрчлөлт юу байв. Одоо хэрэгжилт ямар байна. Цаашлаад аялал жуулчлал, байгаль орчны салбарт дутагдаж байгаа эрх зүйн зохицуулалт юу вэ?

-Нэг үгээр хэлбэл эдийн засгийн тэлэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аялал жуулчлалын салбарын гол ашиг хүртэгчдийн нэг нь тухайн нутагт амьдарч буй иргэд байх ёстой. Тэр ч утгаасаа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх концепцийг оруулж өгсөн. Мөн манай улсад ирсэн жуулчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь жорлон буюу ариун цэврийн байгууламж байдаг. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ариун цэврийн байгууламж байгуулбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх хэлбэрээр буцаан мөнгийг нь олгоно. Мөн татварын буцаан олголт хийхээр болсон гээд ач холбогдол талаасаа эдийн засагтай их холбогдож байгаа.

-Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрлөөр ан, агнуур хийлгэх асуудлыг дуудлага худалдаагаар зохицуулах болгосон. Үүнд дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй, оролцсон ч дуудлага худалдаагаар зөвшөөрлийг нь авах эдийн засгийн болоод оролцоо дутаж байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь дуудлага худалдаагаар зохицуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулиар биш Зөвшөөрлийн тухай хуулиар ан, агнуурын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгохоор заасан. Харин ч таны асуусны эсрэгээр буюу дотоодын аж ахуйн нэгжүүд л оролцох эрхтэй байгаа. Хэдхэн хүний халаасанд ордог байсан мөнгийг хаасан. Энэ нь магадгүй тухайн хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байх. Харин ч нээлттэй, шударга, ил тод зарчим руугаа орж байгаа.

-Өөрөөр хэлбэл энэ хуулийн өөрчлөлт Агнуурын бүс нутгийн менежментийн тогтолцоог эвдсэн эрх зүйн зохицуулалт болсон гэдэг өнцгөөр шүүмжилж байна л даа. Та үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Халаасанд нь ордог байсан мөнгө алга болсон хүний үг байна. Харин ч эсрэгээрээ жинхэнэ менежментийн хэлбэртээ орж байгаа.

-Төр угтаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэдний орлого олох нөхцөлийг нь хаах ёсгүй биз дээ. Одоо дуудлага худалдаагаар асуудлыг зохицуулахаар энэ салбарт олон жил явсан аж ахуйн нэгжүүд хаагдах, орлого нь тасрах, бизнесийн үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй биш үү?

-Би дахиад хэлье. Дотоодын аж ахуйн нэгжүүд орлого алдахгүй. Хуучин тогтолцоо нь хэдхэн хувь хүний халаасанд ордог байсныг аж ахуйн нэгжийн дансанд ордог болгосон гэж ойлгоорой.

-Наадмын өмнө Монголын эдийн засгийн форум (МЭЗФ) болсон. Энэхүү чуулганы үеэр БОАЖ-ын салбарын хөрөнгө оруулалт, энэ салбарын хөгжилд ач холбогдол өгөх төсөл, хөтөлбөр юу яригдав. Хэрэгжих зүйл юу байна вэ. Нөгөөтэйгүүр энэ салбарын яг аль чиглэлд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүү татаж байна вэ?

-МЭЗФ-оор олон асуудлууд яригддаг. Олон ч жил яригдсан. Ганцхан эргэлзээн дээр очоод зогсдог. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хамгаалах эрх зүйн тогтолцоотой юу, хөрөнгө оруулагчдаа хамгаалах уу гэдэг асуулт. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үүнд маш тодорхой хариултыг өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг болон хөрөнгө оруулалт, хөрөнгийг хамгаална гэдгээ нээлттэй зарласан нь олон хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн байх. Манай салбарт бол мэдээж аялал жуулчлал талдаа түлхүү хөрөнгө оруулалт яригдаж байна. Сая батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулалтыг татах хүрээнд Улсын аялал жуулчлалын бүсийг гаргахаар оруулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болгох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодруулж асуухад, Бээжин рүү монголчууд хувийнхаа автомашинаар зорчих, аялах боломжтой болгоно гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл бий юу. Ийм болох боломж хэр вэ?

-Энэ оны есдүгээр сард Ухань хотноо БНХАУ-Монгол-ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтаар “Цайны их зам” буюу Эдийн засгийн коридор Ази Европыг холбосон Торгоны замыг сэргээх асуудлаар шийдэлд хүрэхээр хэлэлцэгдэж байна. Энэхүү гурван улсын уулзалт амжилттай болбол таны хэлсэн асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Байгаль орчин, аялал жуучлалын сайд ​Б.Бат-Эрдэнэ “Нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай. 

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөнө​.​

Энэ жилийн Даншиг наадам монгол туургатнуудыг нэгтгэв​.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү​” гэв.

Хоёр иргэн болон 10 сартай хүүхэд үерт эндлээ​.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” нүүрт “Эрдэнийн анги байсан, байсаар байх болно” хэмээв.​

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-900 онгоц эх орондоо ирэхэд бэлэн болжээ DNN.mn

АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-900 онгоц эх орондоо ирэхэд бэлэн боллоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын ЗТХ-ийн сайдын хувиар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурсан билээ.

Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэв.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

​Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан… DNN.mn

Ямарваа нэг сайхан бүтээл маш энгийн зүйлээс, зүгээр нэг бодит амьдралаас үнэн юмнаас эхэлсэн байдаг. Хүнийг санасан ч бүр нэг зүрх сэтгэлээсээ, үнэнээсээ санах, хайрласан ч ялгаагүй үнэнээсээ хайрлахад бурхан заавал тэр хүнийг шагнасан байдаг. Шагнал чинь энэ шүү гэж шууд өгөөгүй ч хувь заяаг нь адислах нь бий. Үүнийг өгүүлсний учир манайхан ардын дуу гэж андуурдаг “Хөөрхөн борлог морь” буюу ээжийн тухай дууны түүхийг сөхюү. Уг дууны шүлгийг ном соёлын хүн биш эгэл жирийн жолооч бичжээ.

Налайхаас хот руу нүүрс зөөдөг “ЗИС-5” машинтай, өвлийн хүйтэнд уранхай гуталтай, оймс жийрэг нь цувж ядарч явахдаа хөдөө суугаа хөгшин ээжийгээ санаж, ээжийнхээ дэргэд байсан бол яалаа гэж ингэж явах вэ дээ хэмээн бодоод цааснаа нэгэн шүлэг бичсэн нь энэ дуу гэдэг. “Надад нэг хөөрхөн борлог морь байсан юм. Тэр морь маань ч бас бодогдлоо. Гол нь би ээжийгээ, унаган хүлгээ бүр нэг зүрхнээсээ хайрлан санасан юм. Тэгээд энэ шүлгийг Налайхын наад талын тосгоны дэнж дээр уйлж суугаад, муу балын харандаагаар, замын хуудсан дээрээ ов тов нулимстай бичсэн” гэж Хасбатын Хуушаан гуай ярьсан байдаг.

“Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан сан. Ганган борлог мориороо газрын холыг туулна даа голоос хайртай ээжийнхээ гараас нь хөтлөх сайхан даа” хэмээн талын жаврыг үл ажран сууж бичсэн байна.Ээжийгээ хайрлаж, унаган хүлгээ хайрлаж нутаг усаа нулимстай санаж, эхийн ачийг чин зүрхнээсээ бодон “Эмгэн буурал ээж минь эргэж наддаа олдохгүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлснийх нь шагнал эл дуу нь ардын дуу шиг мөнхөрч эхийн ачийг хүмүүн бидэнд сануулсаар байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Батням: Цусны даралтыг тогтворжуулах энгийн арга нь планк барих DNN.mn

Биеийн хүчдэлийг сайжруулах зорилготой хоёр төрлийн дасгал цусны даралтыг бууруулахад чухал үр дүнтэйг Их Британийн судлаачид тогтоосон байна.

“British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд 16,000 хүнийг оролцуулсан туршилтын үр дүнг танилцуулжээ. Үүнээс “planking” буюу тохой дээрээ тулж, биеэ өргөх, “wall squats” буюу хананд тулан хагас сууж, биеэ өргөх дасгалууд цусны даралтыг бууруулахад онцгой үр дүнтэй нь харагджээ.Энд онцолсон дасгалууд нь булчин, үе мөчийг хөдөлгөлгүйгээр биеийн чадал тэнхээг сайжруулах зорилготой байдаг гэнэ.

Даралт өсөх нь манайд хамгийн түгээмэл үзэгдэл болоод байна. Сүүлийн үед ийм төрлийн эмгэг залуужиж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байгаа. Сүүлийн хэдхэн өдрийн халуун наранд даралттай холбоотой дуудлага эрс нэмэгдэж, харвалт өгсөн тохиолдол хэд хэд гарсныг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Тэгвэл даралт тогтворжуулах энгийн арга нь планк барих болжээ. Планк барих дасгал нь даралт тогтворжуулахаас гадна зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулах олон төрлийн ач холбогдолтой юм байна. Энэ талаар “Динамик фитнесс” клубийн захирал Б.Батнямтай ярилцлаа.

-Планк барих нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой дасгал вэ?

-Планк барих дасгал нь биеийн бүх булчинг ажиллуулдаг. Гол ачаалал авах нь нурууны гол булчин болон гарын гурван толгойт. Түүнчлэн өгзөг, шилбэний булчинд ачаалал өгнө. Биеийн тэнцвэр хадгалдаг гол булчингууд бүгд ажилладаг гэсэн үг. Фитнессээр хичээллэж эхэлж байгаа хүн өөрийнхөө ачаалал авах хэмжээнд планк барьж болно. Энэ нь хаана ч ямар ч орчин нөхцөлд хийх боломжтойгоороо онцлог.

-Планк барих техникийн тухайд илүү тодруулахгүй юу?

-Бүх дасгал хөдөлгөөн техниктэй. Үүнийг зөв сурах хэрэгтэй. Планк барихад хоёр тохой дээрээ тулж өндийдөг. Ингэхэд хоёр тохойг мөрний хэмжээтэй байрлуулна. Нуруу эгц байх бөгөөд тааз, толгойгоо нэг шулуунд барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 30 орчим градусын шулуун байлгах нь зөв техник.

Таазаа өргөчихвөл нурууны гол булчин ажиллахгүй. Ачаалал авахгүй гэсэн үг л дээ. Нуруу нь өвддөг хүмүүс ийм төрлийн дасгал хийх нь үр дүнтэй. Ингэхдээ эхлээд нурууны өвчнөө оношлуулж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Аль булчинд ямар ачаалал авахаа тодорхойлоод багшийн зөвлөгөөгөөр дасгалаа хийж эхлэх нь илүү үр дүнд хүрнэ.

Манайхан жин хасах юм уу, булчингаа хөгжүүлэхээр шууд фитнесс рүү гүйдэг. Тэгвэл планк бариад жингээ хасах боломжтой. Эхлээд тухайн хүний эрүүл мэнд ямар ачаалал авах вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Тохирох дасгалаа хийгээд тодорхой үр дүнд хүрч болно. Гэхдээ өндөр ачаалалтай дасгал хийгээд бэртэл хүндрүүлэх нь бий. Авах ачааллаа зөв тооцоод тууштай, системтэй хийхэд үр дүнд хүрнэ.

-Энэ талаараа тодруулахгүй юу. Жин хасахад янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг, энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий.

-Планк барихад минутад л 20 ккл хасдаг гэх судалгаа бий. Жингээ хасах, даралтаа тогтворжуулах шаардлагатай хүнд хамгийн тохиромжтой, энгийн дасгал нь планк барих. Гэхдээ өргөс авсан мэт үр дүн нь шууд гарахгүй. Системтэй хийж үр дүнд хүрнэ. Дахин онцлоход планк барихад тухайн хүний тэсвэрийн булчингууд хөгждөг. Үүний хажуугаар төвлөрөл бий болж байдаг. Зөвхөн анхлан хичээллэгсэд гэлтгүй мэргэжлийн тамирчид ч планк барих дасгалыг хийдэг. Бөх, гимнастик, тулааны тамирчид ч планк тогтмол хийх нь чухал үр нөлөөтэй. Төвлөрүүлдэг болохоор тэр л дээ. Ер нь ямар ч дасгалын ард тайвшруулах дасгалаа хийгээд, булчин суллахад зүрх томрох асуудал гарахгүй.

-Даралт тогворжуулах ач холбогдолтойг судалгаагаар тогтоосон байдаг юм билээ.

-Планк барихад тэсвэрийн булчингууд ажилладаг. Тэр хэрээр амьсгалын систем ажилладаг. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагаа идэвхтэй жигд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Даралт ихэсдэг хүмүүс планк барих дасгалыг өөртөө бага багаар дасгаад зүрх, судасны үйл ажиллагаа, даралтад сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл сүүлийн үед дэлгэрээд байгаа цусны даралт ихсэх эмгэгээс сэргийлэх энгийн арга нь планк барих. Энд нэг зүйлийг онцлоход планк барихдаа амьсгаагаа зөв хуваарилах нь чухал. Хамраараа авч амаараа гаргаж уушигаа чөлөөлдөг. Амьсгаагаа түгжихгүй байх хэрэгтэй.

-Ачаалал авах хэмжээгээ тодорхойлох нь чухал гэж ойлголоо.

-Яг тийм. Эхний ээлжинд 20 секунд бариад биедээ дасгаж байгаад хугацаагаа бага багаар нэмээд явж болно. Өдрийн давтамжаа ч бага багаар нэмж биедээ дасгана. Ингэснээр даралт тогтворжуулах ач холбогдолтой.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо DNN.mn

Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Лмчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

зурагМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов.

зураг

Эртний их шүтээн, Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншилаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг гэдгийг хэлэв.

Мөн “Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтнаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож байгаад Төрийн тэргүүн баяртай байна.

Хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээсэн нь үүний нэг тод жишээ” гэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтан овооны магтаал хайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Алтан овооны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Дараа нь лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив.

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн мэргэн харваач Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, тус аймгийн Дарьганга сумын малчин Б.Батаагийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.
зураг

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Монголчууд, тэр дундаа Дарьгангачууд Алтан овоогоо үе дамжин дээдлэн шүтэж ирсэн. Анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын гал бичин өдрийн луу цагт Алтан овоог тахисан түүхтэй юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд НАСА-д зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

Улсын заан Д.Анар: Энэ жилийн наадамд санасандаа хүртэл барилдаж чадаагүй DNN.mn

​-Даншиг наадамд зодоглоно. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байна –


Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анартай манай сэтгүүлч цөөн хором ярилцжээ.


-Говь-Алтай нутгийн 100 жилийн ойд зодоглож их шөвгийн дөрөвт шалгарлаа. Таныг түрүү, үзүүрт үлдэх болов уу гэж олон хүн харж байсан?

-Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй алдар цолтой бөхчүүд зорьж ирж зодоглож олон түмнээ баярлуулсан нь энэ наадмын онцлог боллоо. Үзэгчид, наадамчин олон ч сэтгэл дүүрэн баяртай сайхан байна. Миний хувьд сайхан барилдлаа. Улсын начин Б.Лхагвадоржоор дөрөв, аймгийн харцага Б.Өлзийсайханаар тав давж шөвгийн дөрөвт улсын Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаад уналаа.

-Б.Бат-Өлзий заантай та өмнө нь олон тунаж байсан?

-Тийм ээ, улсын наадамд хэд хэдэн удаа тунаж барилдсан. 2016 онд начин болох жилээ би Ш.Мөнгөнбаатар харцагатай тунаж барилдаад давсан. Ингээд харцага цолны цолтой Бат-Өлзий заантай тунаж барилдаад унасан. Харин би 2019 оны наадамд Бат-Өлзий заантай дахин тунаж барилдаад давж харцага цол хүртэж байсан.

-Энэ жилийн наадмын тавын даваанд Архангайн С.Сүхбатад өвдөг шороодсон. Та наадмаар санасан хэмжээндээ барилдаж чадсан уу?

-Энэ жил бэртэл гэмтэл гээд бэлтгэл сайн хийж чадаагүй. Тэгээд өнгөрөгч зургадугаар сараас наадмын бэлтгэлдээ гараад арай дээр болсон. Наадмаар тавын даваанд өвдөг шороодсон. Мэдээж санасан хэмжээндээ хүрч чадаагүй.

-Наадмаас хойш ямар ямар барилдаанд зодоглосон бэ?

-Наадмын дараа Хэнтий аймгийн 100 жилийн ойд очиж зодоглосон. Улсын начин Н.Мустафагаар тав давж зургаагийн даваанд Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахад тунаж барилдаад унасан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очиж барилдаад түрүүлсэн.

-Одоо ямар наадамд зодоглох төлөвлөгөөтэй байна?

-Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод Хүрээ цам Даншиг наадам болно гэж дуулдсан. Миний хувьд Даншиг наадамд зодоглох бодолтой байна. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байгаа.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Халуунд хэт хүйтэн зүйл уух нь тэлсэн судсыг гэнэт агшаах аюултай DNN.mn

Хэт халалтын нөлөөгөөр даралт ихсэх, тархинд цус харвах тохиолдол эрс нэмэгджээ. 30 градус давж халж байгаа энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллагаас тусламж авах иргэдийн дийлэнх нь даралт ихэссэн, цус харвасан байгаа юм. Хэт халсан энэ өдрүүдэд даралтаа хэрхэн хянах, учирч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Цэцэгээтэй ярилцлаа.


-Хэт халуунд харвах эрсдэл нэмэгддэг үү. Эмнэлгийн байгууллагад хандаж байгаа иргэдийг анзаарахад даралттай холбоотой байх шиг.-Долоо хоногт хоёроос гурван удаа артерийн даралтаа хэмжихэд дээд даралт 140, доод даралт 90-ээс нэмэгдсэн бол артерийн даралт ихэссэн гэж үздэг. Нарны хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлдэг. Ингээд цусан хангамж хомсдох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгддэг гэж ойлгож болно.

Түүнчлэн биеэс хөлс их ялгарснаас биед шингэн дутагдаж, цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг.

-Харвах тохиолдол залуужаад байх шиг. Энэ юутай холбоотой вэ?

-Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдол их гарч байгаа. Манайд харвалт өгөөд ирж байгаа иргэдийн хамгийн залуу нь 20 настай залуу байна. Энэ нь хэт их стресстэж, нойр муутай явсантай холбоотой. Түүнчлэн архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолттой шууд холбоотой байдаг. Нэг зүйлийг онцлоход давсыг хэтрүүлж хэрэглэх нь харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн тархины даралт харваж байгаа залуусын дийлэнх нь хэт таргалалттай, чихрийн шижин өвчтэй байгаа нь анзаарагдаж байна.

-Цус харвах эрсдэлд хүргэх өөр ямар шалтгаанууд байна вэ?

-Ямар ч насны хүн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх таагүй мэдээлэл сонсохоор бие дэх даралт ихэсгэдэг бодисууд нь ялгардаг.

 

 

Тухайн хүний даралт өндөр, багаас шалтгаална гэсэн үг л дээ. Хөгшин, залуу гэлтгүй өндөр даралттай хүнд цочмог мэдээлэл сонсговол харвалт өгдөг. Стресс ихтэй орчинд ажилладаг хүн харвах эрсдэл их өндөр. Энд онцлоход ахимаг насны багш нарт ийм эрсдэл ердөө хажууханд нь бий. Мөн ийм халуунд хүүхдээ машиндаа үлдээх түгээмэл үзэгдэл манайд бий. Гадаа 30 градус давсан халуун үед машинд түгжигдсэн хүүхэд хэдхэн минутын хугацаанд тархиндаа цус харвах аюултай. Үүнийг хүмүүс төдийлэн мэддэггүй.

-Жингийн илүүдэлтэй хүмүүст ийм эрсдэл ойрхон байдаг талаар та онцолж байна. Ямар арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх вэ?

-Хэт тарган хүмүүс чихрийн шижинтэй байх эрсдэл өндөр байдаг. Чихрийн шижин өвчин харвалтад нөлөө үзүүлдэг голлох хүчин зүйлүүдийн нэг. Чихрийн шижинтэй байна гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байна гэсэн үг шүү дээ. Цусанд дахь сахарын хэмжээ өндөр байхаар цус өтгөрнө. Цус өтгөрөхөөр хөл, гар, бөөр, нүдний торлогийн судасуудад өөрчлөлт бий болдог. Судас нарийсч, бөглөрөл үүсээд ирэхээр тархины цус харвалт гэдэг зүйл бий болж байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн бүсэлхийн тойрог 100 см-ээс дээш, эмэгтэй хүнийх 90 см-ээс дээш байх тохиолдолд чихрийн шижинтэй байх эрсдэлтэй өндөр байдаг. Түүнийг дагаад харвах эрсдэл ч өндөр.

-Даралт бууруулна гэх нэрээр үзэмний шүүс уух нь бий. Энэ үр дүнтэй юу?

-Зуны улиралд даралт бууруулна гэж үзэмний шүүс их авч уудаг. Үзэмний шүүс бол чихэрлэг ихтэй, калитай ундаа. Даралт бууруулдаг гэдэг нь буруу ойлголт. Ийм үндэслэл байхгүй.

-Ийм халуун нөхцөлд даралтаа хэрхэн тогтворжуулах вэ?

-Даралтаа тогтмол хянаж, архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Аль болох татгалзах нь зөв. Халуунд албан байгууллага, ах дүүсээрээ нийлж голын эрэгт очоод бүгдээрээ архи уудаг үзэгдэл бий. Энэ нь мөн л харвах эрсдэл дагуулж байдаг. Зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж л даралтаа хэвийн хэмжээнд барина. Цусны даралт ихдэх болон чихрийн шижин өвчтэй бол эмээ тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах нь чухал. Залуус харваад байгаа нэг шалтгаан нь даралтаа огт хянадаггүй. Мэдэхгүй явж байгаад л гэнэт харвачихдаг. Ахмадууд бол даралтаа үзээд цүнхэн дэх эмээ уугаад, шаардлагатай гэж үзвэл эмчид хандаж зөвлөгөө авдаг.

-Халуунд хүйтэн ус ундаа уухыг зарим газарт хатуу хориглодог юм билээ. Урд хөршид бол 30 градус давсан халуунд дэлгүүрүүд хөргөгчөө унтраадаг. Манайд бол эсрэгээрээ. Гадаа халахад зайрмагтсан ус, ундаа л авч уудаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй юм бэ?

-Халуунд хэт ус уух, хүйтэн усанд орох нь тэлсэн судсыг гэнэт агшаах эрсдэлтэй. Халуунд хүйтэн ус ундаа зарахыг хориглодог үндсэн шалтгаан нь л энэ.

Манайд бол халуунд хүйтэн ус л ууж байгаа харагддаг. Эрүүл мэндээ устгаж байгаа л хэлбэр. Халуун хоолны араас хүйтэн юм уувал нойр булчирхайгаа л хөнөөж байгаа юм. Халуун хоол, хүйтэн шар айрагтай хэзээ ч зохицохгүй. Ер нь өөрийн биеийн температураас хэт хүйтэн ус ундаа уух нь муу.

Та даралттай бол өөх тос ихтэй хоол, архи, согтууруулах төрлийн ундаа болон их махнаас татгалзаж жимс, ногоо түлхүү хэрэглэх нь зөв.

-Харвалт өгсөн бол ямар гам барих вэ. Хэвийн болох боломж бий юу?

-Харвалт өгсөн иргэдийн 15-20 хувь нь эргээд амьдралын хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Харамсалтай нь 30 орчим хувь нь нас бардаг гэх тоон үзүүлэлт байна.

-Харвалт өгч байгаа хүнийг яаж мэдэх вэ?

-Даралт харваж байгаа үед нүд бүрэлзэж юм харахгүй болно. Тэнцвэрээ алдаж алхаж чадахгүй болдог. Цаашлаад гар мэдээгүй болж барьж байсан зүйлээ алдана, хэл ярианд өөрчлөлт орж хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ шинж тэмдгүүд илрэх юм бол хамгийн ойр байрлах эрүүл мэндийн түргэн тусламжийн төвд хандах ёстой. Яг харвалт өгсөн үед бол дур мэдэж эм ууж огт болохгүй. Харвалтыг илүү хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Шууд л эмнэлгийн байгууллагад хандана.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж: Хүмүүсийн нүдэнд итгэл, урам зоригийн гэрэл дүрэлзэн бадарч байгааг харах л хамгийн том шагнал DNN.mn

 

Монголын спорт аяллын холбоо” хэмээх их айлын түүхт 30 жилийн ойг энэ сарын дундуур тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ байгууллагын тулганы галыг үүсгэн бадрааж хамт олныг 30 жил тасралтгүй удирдан чиглүүлж, ачааны хүндийг үүрч ирсэн, тэдний тодорхойлсноор Монголын спорт аяллын амьд түүх, аяллын эцэг хэмээн хүндлэгдсэн домогт аялагч, гарамгай зохион байгуулагч, адал явдалт аяллын мастер хөтөч, ОУХМ, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Жияандоржтой ярилцлаа.

-Спорт аяллаар хичээллэж байсан үе үеийн тамирчид, шавь нар тань таныг “Синдбат” хэмээн хочилдог гэж дууллаа. Яагаад ийм хоч зүүх болов?

-Монголчууд усыг ус л гэж мэдэхээс спорт гэж олж хардаггүй байсан тэртээх 1978 онд анх усан замын спорт аяллыг нөхдийн хамт санаачлан үүсгэж МХЗЭ-ийн Төв хорооны тогтоолоор “Цэнхэр замын аян” нэртэй клуб байгуулан ажиллаж энэ хугацаанд итгэлт нөхдийнхөө хамтаар эх орныхоо Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Идэр, Тэс, Онон, болон Оросын холбооны Буриадын Сэлэнгэ мөрөн, Эркүт зэрэг гол мөрнөөр 20 гарй мянган км замыг туулж улс, олон улс, хяналт шалгалт, спортын тэмцээн уралдааны чиглэлээр олон арван арга хэмжээ зохион байгуулж 30 гаруй жил аялахдаа эр зориг, залуу насны тэвчээр хатуужлыг шалган сорьж, амь өрссөн нэг биш удаагийн саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Үүнээс л намайг тэгж нэрлэх болсон болов уу.

-Таныг дагасан бүхнийг “Нойл номерын тэнэгүүд” гэж аялагчид, адал явдал сонирхогчид хэлдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Хорь гаруй жилийн тэртээ юм уу даа. Дүн өвлийн хүйтэн тачигнасан хоёрдугаар сард Бага Хэнтий нурууны салбар уулсаар битүү цас хунгарлаж буга, гөрөөс идэш хоолгүй олноороо үхэж хорогдож байлаа. Тухайн бүед БОАЖЯ-ны шугамаар миний удирдлага дор 40 шахам ахмад тамирчид Бурхан халдун руу зорьсон. Хунгар цас туучин хэд хоног уулын суга, салаа, хоолой бүрд тэжээл өвс, бордоо тараахаар явган явлаа. Бидний араас нэмэлт тэжээл хүргэхээр хүчтэй машин, дулаан хувцсаар иж бүрэн тоноглосон яамны хэсэг нөхөд замдаа цасанд суун хээр хонон, осгохоо шахаж. Ингээд тэд очих замдаа зам зуураас хэдэн хүний хөлдүүс олох бол гэлцэн ярьцгаасан байна. Зарим нь ийм ажил санаачилсан Жияандорж, түүнийг нь дэмжсэн яамны сайд хоёрын тэнэг, мулгууг гайхаж өдөр шөнөгүй цас ухаж зүтгэсээр өглөө эрт хүрэлцэн очиход нөгөө хөгшид нь майхан, майхныхаа үүдэнд гал түлчихсэн хөлс, уур цан савсуулан хөлдүү зам дээр бүжиглэж, дуулж байгааг хараад нэг нь “Монголын нойл номерын тэнэг бол яах аргагүй Жияандорж гуай юм байна” гэхэд нөгөөх нь “Тэр нь ч тийм нь тийм ээ… гэхдээ түүнийг дагаж яваа хүмүүс бол нойл номерын тэнэгүүд гарцаагүй мөн” гэсэн яриа гарч, нийтэд түгсэн байдаг юм билээ. Түүнээс хойш намайг дагасан бүхнийг нойл номерын тэнэгүүд гэцгээх болсон доо.

-Таны хувьд нийтийн биеийн тамир, спорт, байгаль хамгааллын чиглэлээр хэд хэдэн холбоог үүсгэн байгуулсан намтартай. Энэ талаараа болоод өдий хэр хугацаанд бэлтгэсэн, хичнээн шавьтай болсон байна вэ?

-Бид хөгжил дэвшил хэмээн хэт том асуудлаар хөөцөлдөх хэрнээ хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлэх, сэтгэлийн ганцаардлыг арилгах, нийгмийн идэвх урам зоригийг дээшлүүлэх наад захын ажлаа яам тамгаараа, газар хэлтсээрээ хөдлөөд шийдвэрлэж чаддаггүй. Хэрэгжэхгүй хоосон тогтоол шийдвэрүүд бие бие рүүгээ шидэн нам, намаараа талцан хулгайч, худалчаараа дуудалцаж хэдэн арван сая, тэрбумаар нь идэж шамшигдуулж байна. Миний хувьд Монголын Ногоонтны хөдөлгөөн, Монголын Спорт аяллын холбоо, Монголын Каноегийн спортын холбоо, Загасчлах спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо гээд иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагуудыг үүсгэн байгуулж, төр улсын ямар ч төсөв, санхүүжилт цалин хөлсгүйгээр санаа нийлсэн сайн нөхдийнхөө хамтаар аль алиныг нь жигд хөгжүүлж ирсэн. Үүнийхээ үр дүнд нийгэмд мартагдаж орхигдсон олон зуун хүнийг амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгож, эрүүл мэнд, бие бялдар,амьдрах ухааны хүмүүжлийг нь дээшлүүлэн, сайхан хамт олны эгнээнд нэгтгэж, олон зуун айл өрх, мянга мянган хүнд эрүүл өөдрөг, баяр баясгаланг олгож ирлээ. Дээрх холбоодын спортын цол зэргийн нормыг боловсруулан батлуулж Монголын спортын салбарт спорт аяллын 450 гаруй спортын мастер, дэд мастер, 60 гаруй улсын шүүгч 30 гаруй адал явдалт аяллын хөтөч, Нийтийн бүжгийн спортын олон зуун багш, сургагчдыг бэлтгэн гаргаж, гол ус, гал түймэр, аяллын осол аваар, араатны аюулаас хүмүүсийн амийг аврах явдал нэг бус удаа тохиолдож байсан.

-Нийтийн биеийн тамир, спорт гэдэг нийгмийг эрүүлжүүлэх голлох салбар. Тэр утгаараа таныг болоод танай хамт олны ажил үйлийг төр засаг хэрхэн дэмжиж байна вэ?

-Бидний амьдарч буй зуун нь хүний нийгэмд шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн эрин үе болон мөнхөрч байгаа. Гэвч байгалийн бохирдол, гамшиг, эрсдэл, хүмүүсийн эрүүл мэндэд учруулж байгаа хор нөлөөгөөрөө урьд өмнө байгаагүй аюул түгшүүрийн харанга дэлдсэн зуун гэж хэлж болохоор. Ард иргэдээ гай гамшигаас хамгаалах, эрүүл мэндийг дээшлүүлэх асуудал бүх улс орнуудын төр засгийн шүдний өвчин болж байна. Хоёр жилийн өмнө дэлхийг нөмөрсөн аюулт Ковидын гамшиг ч хүн төрөлхтөнд том сургамж, анхааруулга өглөө. Манай орон ч үүнээс тойрсонгүй. Ард иргэдээ, хүүхэд залуучуудаа эрүүл байлгах хамгийн чухал арга хэрэгсэл бол нийтийн биеийн тамир спорт, байнгын хөдөлгөөн, цэвэр байгаль, цэнгэг агаар юм. Түүнээс биш эмнэлгийн ор, эм тарилгын тоог нэмэгдүүлэх бус спорт заал танхим, клуб, байгальд аялагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийг нь төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж дээрх холбоодыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаараа батлан харуулах гэж чадлаараа л тэмцэж хэлж ярьсаар ирлээ. Монголын үе үеийн төр засгийн удирдлага УИХ ч гэсэн “Ард иргэдийн эрүүл мэнд, эмийн бус эмчилгээ, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлнэ, дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Гэвч сонгууль өнгөрөөгөөд мартаж орхидог гэмтэй. Түүнийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөр орон тоо санхүүжилт нь батлагдсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, БТС-ын байгууллагууд, засаг захиргааны нийгмийн бодлогын хэлтсүүд нийгмийг, нийтийг хамарсан арга хэмжээг бус тулга тойрсон, өнөө маргаашаа бодсон цөөн хэдэн хүнийг хамрах заалны, тоглоомын чанартай спортуудаар хөөцөлдөн аргацааж ирсэн нь нууц биш. Өөр ажил, эрүүл байгаль дээр олныг хамарсан арга хэмжээг удирдан зохион байгуулна гэхээр тэдэнд нар салхи үзсэн, заавар зөвлөлгөө өгөх, манлайлан оролцох бэлтгэгдсэн боловсон хүчин байдаггүй учир аль болохоор зайлсхийдэг. Гэхдээ хийх ажлынхаа нийгмийн ач холбогдол, үр нөлөөг тодорхой бичиж тэдний үүрэг зорилго, мөрийн хөтөлбөртөй нь холбон тайлбарлаж яривал илт эсэргүүцдэг, хааж боодог байгууллага байгаагүй шүү. Ажил хариуцсан хүмүүсийн хөөцөлдлөгөө, сэтгэл зүтгэлээс хамаарна. Ковидын гамшиг үр нөлөөгөөр ч гэх юм уу, сүүлийн жилүүдэд манай төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамир спорт, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Эрүүл монгол” үндэсний хөтөлбөр, илүүдэл жингүй эрүүл монгол, “Эерэг хандлага эрүүл нийгэм” зэрэг аянуудыг өрнүүлж бидний олон арван жил ярьж, тэмцэж ирсэн асуудал ийнхүү төр засгийн анхааралд орж, Спорт аялал, Нийтийн цэнгээнт бүжгийн хөдөлгөөнийг дэмжих, дэлгэрүүлэх талаар ярьдаг, орон нутгийн салбар зөвлөлүүдэд дэмжиж тусалдаг, бидний ажлыг сайны жишээнд оруулдаг болсонд нь баярлаж, анхнаасаа буруу замаар яваагүй юм байна гэдэгтээ бахархан омогших болсон.

-Баавгайтай тулалдаж явсан гэдэг домог шиг яриа байдаг, үнэн үү?

-Тулалдаад байх нь ч юу юм бэ. Гэхдээ хөвчийн эзэнтэй хоёр ч удаа нүүр тулж бурхны авралаар мэнд гарч байсан. 1986 оны намар Дарханы хүрээлэнд ажиллаж байхдаа Шарын голын худалдааны ангид шинэ ургацын ногоо тушаах, гэрээ хийх ажлаар жолооч Б.Ганбатын чиргүүлтэй Зил-130 машинаар төмс ачаад явж байлаа. Дарханы сангийн АА-н тариан талбайд сүрэл эргүүлж байсан хүүхэд эмэгтэйчүүд голдуу 100 орчим хүмүүсийг өнгөрөөд явж байтал эгц урдаас ирж байгаа хорхойтсон том хар баавгайтай зам дээр халз тулгарсан юм. Энд тэндгүй бухалдсан сүрэл дотор байгаа хүмүүс түүнийг анзаараагүй байдаг. Өчнөөн хүн хядчих байх даа гэсэн бодол зурсхийж жолоочтойгоо зөвлөн, энэ нөхрийг замаас гарган уул уруу буцааж хөөе гэлцээд чиргүүлээ яаралтай салгаж орхиод машинаараа урдуур нь хэрэн дуут дохио өгсөөр хөөх гэтэл нөгөөх чинь замаасаа бага зэрэг холдон польний нойтон шороонд орж хэвтчихээд босдоггүй. Бүр ойртоод очих гэхээр төмс ачсан машин нойтон шороонд суучих гээд явдаггүй. Амьтан айлгах буу шийдэм, зэвсэг болчих зүйл юу ч байгаагүй. Олон хүнийг араатны хоол болголтой нь биш ямар нэгэн аргаар зайлуулах, эсвэл устгах хэрэгтэй гэсэн ганцхан бодол байсан. Тэгээд би бууж анхаарлыг нь сарниулж босгохыг бодъё. Чи машинаараа дайруул гэж жолоочдоо хэлтэл саяхан гэрлэсэн, нялх нойтон хүүхэдтэй, амьдармаар байна, би чадахгүй даргаа гээд дээр ачаан дээрээ гараад суучихлаа шүү. Тэр залуугийн буруу ч гэж юу байхав. Өөрөө жолоон дээр сууж хойш, урагшаа холдож, ойртон дуут дохиогоо орилуулсаар байтал нөгөөх тань өндийгөөд хоёр хөл дэрээ босоод урдаас ирдэг юм. Тэгэнгүүт нь хүчээ аваад дайруултал тас няс овос хотос болоод л явчихлаа. Би ч карданаа татан зогсож таван тн төмстэй машинаар дайруулсан байхад үхсэн байж таарна гэж бодоод манивилаа барин буулгүйгээр доошоо тонгойж харвал харагдах зүйл алга. Аяархан буугаад урдуур тойртол бас юу ч байдаггүй. Буруу талаараа гэтсээр гараад иртэл польний нойтон шороонд төдийлөн хүч авч чадаагүй машинд сулхан мөргүүлсэн болохоор зайлж гарахдаа нэг талын хөл, хаагаа дугуйнд даруулж түр муужирсан нөгөө араатан чинь, бурхан минь жигтэйхэн муухай орилон босох гээд зүтгэхэд машин данхалзан, дарагдсан хөл нь сугарвал өвдөж улангассан амьтан бүхнийг дуусгана гэсэн бодол төрж жолоочийн урд хайрцагт байсан төмрийн хөрөөний хугархайг хар лентээр ороосон хутгархуу юмыг бариад, пиджак, зангиагаа тайлж хаяад нуруун дээр нь мордчихов оо. Аминдаа зүрхэнд нь цуслах гэж байгаа ухаантай. Гэтэл нөгөө муу хутга шүү юм чинь гулжиганаад арьсыг нь ч нэвтэлдэггүй. Нөгөө гайхал чинь хүзүүгээ эргүүлэн миний нүүр өөд харан орилоход, дууны чанга, амны том, өмхий гэж жигтэйхэн. Баавгай бахирахад адуу шээс алддаг гэж үнэн юм шиг байна лээ. Аманд нь өртчихгүй санаатай хоёр тийшээ займчин нугаслахаар шийдэн хүзүүг нь хөрөөдөж эхэлсэн. Бүдүүн хурууны чинээ зузаан арьс нь дийлддэггүй. Хөрөөдөөд байдаг, амьдаараа хөрөөдүүлж буй амьтан ямар олиг байх вэ. Хар тэнхээгээрээ бахираад эрүү шүд нь нүдэн дээр тачигнан зүтгээд, нойтон шороон дээр дарагдсан хөл нь аажмаар сугарсаар ганц тавхай нь үлдсэн байдаг. Орилуулж хөрөөдсөөр байгаад арайхийж нугасыг нь гарган тасалтал халуун цус нүүр рүү олгойдон сад тавьж, бүх бие нь чичрээд амь тавихад миний хамаг хөлс асгарчихсан албаны даргын шинэхэн цагаан цамц цус, шавар хөлсөнд битүү будагдсан амьтан босоод хөлсөө арчин амьсгаа авч эргэн тойрноо харлаа. 200-300 м-ийн зайд хэд хэдэн том бага машинтай хүмүүс ирээд, алсаас хараад зогсчихсон, янз бүрээр л орилж чарлаж байсан юм билээ. Би сонсоогүй. Тэгээд монголчуудын ганц сайн чаддаг цуурхал, цуурай гээч нь надаас түрүүлэн Дархан хотоор нэг тарж, галзуу баавгайтай барилцан дээр, доороо орон ноцолдож байгаад хутгалж алсан гэнэ… гэж хотоор нэг яриа болсон доо.

-Таныг тэнгэртэй ярилцдаг, лусын хамаатан гэсэн хошигнол яриа байх юм?

-Олон жилийн турш урт холын янз бүрийн аялалд явж байхад бороо, цас, үер, ус ихэнх тохиолдолд бидний араас нэхэж яг аялал дууссан өдөр буюу маргааш нь тэнгэр хангай сүр хүчээ харуулж эхэлдэг болохоор манайхан намайг элдвээр хөөргөж байхгүй юу. Би ч цаашлуулаад л… Хэлсэн ярьсныг үг дуугүй биелүүлж, хэд гурван юм гар дээр тавих юм бол тэнгэр хангайтай санал солилцож болох юм гэж наргидаг. Энэ бол зүгээр л аяллын хөөрхөн наргиа. Эх орон газар нугаа танин мэдэх, хайрлан хамгаалах, мэдсэн сурснаа хүмүүст түгээж үлгэрлэн дагуулах, хүмүүсийн сэтгэл зүрх өөрийгөө ялж, ялан дийлснээрээ бахархан баярлахыг харах, аялагчийн амаргүй амьдрал бол миний шунан дурласан нэг насны ажил. Тийм болохоор өөр ажил албан тушаал, эд хөрөнгө юуг ч бодож явсангүй. Хүн ажилдаа дурлаж түүний төлөө мөрөөдөж, шаналж, зүдрэлийг үзэж, зовлон жаргалыг хуваалцах нөхдөдөө итгэж, тэднээрээ дэмжүүлж байж амжилт гаргана. Хамтран зүтгэгч хань нөхөдгүй бол би хэнсэн билээ. Би хамт олондоо, аялагчдадаа итгэдэг, тэд ч надад итгэдэг. Зөн мөрөөдөл, итгэлгүй бол удирдагч байж чадахгүй.