Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон тийш үсчсэн улс төр хийгээд байх шиг харагддаг. Сүүлийн долоо, найман жилийн турш олон ч улстөрчтэй барьцалдаж авахыг харлаа. Улс төрийн зодоон нүдээнд дуртай. Өөрөө түрүүлж цохино. Цохиулахаараа зуусаар байгаад хонзонгоо авдаг. Гол нь бүх салбар руу орж байна. Орсон, ухсан салбар бүрээс нь идээ бээр, элдвийн бугшсан зүйлүүд гарч ирдэг. Бүхэл бүтэн улсын бүх юм нь болохоо байчихсан гэхээр итгэхэд бэрх. Нэг бол энэ улсыг самраад, нөгөө бол цэгцлэх гээд үзээд байх шиг… Ер нь ойлгомжгүй улс төр хийдэг хүн юм.
Category: нүүр-хуудасны-онцлох
Зунжин 100 жил тэмдэглэж, шоудаж явсаар гэнэт намартай золгочихов. Асуудлууд хэв хэвээрээ. Хэзээний танил утаа, түгжрэл… дээр нь нэмэгдээд үер ус гамшиг дагуулж, уран цэцэн ярьдаг эрх баригчдын ажилд дүн тавиад өглөө. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой атал зугаалж наадамлаж явж явж ирсэн дарга нар асуудлыг намжаах, түр аргалах гаршсан ажилдаа ханцуй шамлан орсны нэг тод жишээ утааг арилгах шийдвэр байлаа. Ирэх жил сонгууль болохыг ч хэлэх үү, ямар нэгэн аргаар Улаанбаатарыг утаагүй өвөлжүүлэх ёстой.”Аргалдаг” Чойжоогийн мэргэн санаа нь Хятадаас хагас коксжсон нүүр худалдан авч, ирэх өвөл гэр хорооллын айлуудад тараан өгөх. Үүндээ 177,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнийг мэргэн санаа гэхээсээ илүү нэг удаагийн арга саам хийх гэсэн арга ядсан оролдлого гэвэл таарна. Монгол Улс урд хөрш рүүгээ коксжсон нүүрс экспортолж, тэр мөнгө нь төсөвт жин дардаг. Тэгвэл урагш экспортолсон нүүрсээ эргүүлээд үнэтэй худалдаж авах санаа гаргаж, бараг хэрэгжүүлэнгээ алдаж яваа Чойжилсүрэн сайд өөрөө хувийн барилгын маш том бизнестэй. Тэр хувийн бизнестээ ингэж хүйтэн сэтгэлээр хандах байсан болов уу.
Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд хоёр жилийн өмнө очсон. Тэндхийн нүүрс хагас коксждог нүүрс. Уурхайн нөхөд нүүрсээрээ кокс хийдэг цех байгуулчихсан байсан. Ингээд цехдээ кокс хийгээд түүгээрээ шахмал түлш хийж байсан шүү. Аль эрт уурхайчид амьдрал дээр хийчихсэн эд. Яагаад түүнийг өлгөж аваад, тэнд мөнгө өгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд хийчихэж болдоггүй юм.
Улстөрчдөд ашиггүй болохоор дэмждэггүй юм. Манай улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм заваан болчихсон. Сураг сонсвол тэрийг анх зохион байгуулж ном дүрмээр нь хийсэн хүн нь Улаанбаатарт шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулсан инженер залуу юм билээ. Тэр залуугаар шахмал түлш хийлгээд амжилттай боллоо гэнгүүт жийчихсэн байхгүй юу. Учир нь тэр инженер улстөрчдийн хүн биш. Жинхэнэ мэргэжлийн инженер хүн, номын дагуу хийсэн. Ажлаас нь чөлөөлчихөөр нутагтаа очоод коксоор шахмал түлш хийж эхэлсэн юм билээ” гэж ярьсан. Үүгээрээ Д.Дамба гуай эрх баригчдын ажлын арга барилыг шууд хэлээд өгчихсөн билээ.
Асуудлыг нэг удаа аргалдаг, нүд хуурдаг байдлаар ажлаа хийдэг нөхөд бол хоёр нүүртнүүд юм. Бүр хатуугаар хэлбэл эх орныхоо хөгжлийн эсрэг ажиллаж байгаа хүмүүс. Өөртөө ашигтай хувилбараар ажиллаад сурчихсан ийм нөхдийг сайн нүдэлж тогтоож аваад сонгуулиар дүнг нь тавиад явуулах боломж бидэнд бий.
Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр
нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайлангаас харахад “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг”-ийг зарцуулсан байна. Үүнээс өмнө буюу
2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
Утаагүй болгоно гэж ярьсаар сүүлийн 15 жил их наяд төгрөг зарцуулсан ч утаа хэв хэвээрээ. Одоо нэг өвлийг аргацааж 177 тэрбум төгрөг цацахаар төлөвлөж сууна. Өөрт байгаа зүйлээ өрөөлөөс авна гээд хээв нэг ярих.
Монгол Улс коксжих болох хагас коксжих нүүрсний асар нөөцтэй гэдгийг уул уурхайг алган дээрээ тавьсан мэт мэддэг инженер Д.Дамба гуай хэлж байсан. Тэгэхээр бид өөрт байгаа зүйлээ гаднаас
худалдаж авч аргацаахаа больё. Энэ бол ямар ч бодлогогүйн алдаа гэдгийг бид олон жил ярилаа. Амьдрал дээрээ ч хараад, утаандаа угаартаад сууж байна. Хорин жил утаатай байж болсон юм, ганц өвөл тэсч байгаад өөрсдөө дотооддоо хагас коксжих нүүрсний үйлдвэрээ барья. Тэр бэлээхэн урагш өгөх гээд байгаа 177,5 тэрбумаараа үйлдвэрээ эхлүүлээд явж байхад жилийн дараа барьж л таарна. Энэ бол Монголоо боддог, монголчуудаа гэдэг хүний хийх ажил юм. Попууд бол бүр ойлгох ч үгүй. Тэд хэзээ ч ард түмэндээ хэрэгтэй юм хийдэггүй. Уран цэцэн ярьж, нэг удаагийн арга ядсан үйлдлээр асуудлыг дарж явсаар өнөөдрийг хүргэсэн.
Хагас коксжсон нүүрний үйлдвэр дотооддоо барих асуудлыг бодлогоор дэмжээд хөрөнгө мөнгийг нь шийдээд одооноос ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. “177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол аавын хүү байхгүй” гэж хэлэх вий. Наадахыг чинь багахан хэмжээнд ч гэсэн хийгээд, ажил хэрэг болгоод яваа монгол инженерүүд байна. Тэд ч гэсэн гарч ирж үгээ хэлэх хэрэгтэй. Инженерүүдийнхээ үгийг дарга сайд нар нь сонсдоггүй юм бол бид сонорт нь хүргээд өгье.
Сонгуулиас өмнө нэг өвөл утааг багасгаж байгаад ялж чадсан юм, үүнийгээ давтаж хийнэ гэж байгаа бол мөрөөдсөний гарз шүү, эрх баригчид аа. Нэг удаа үндэстнээр нь хуурсан, дараа дахин тэгж хууртахгүй. Мэдээж, сонгууль өнгөрөөд л утааны асуудлыг ор тас хаядаг гэдгийг чинь бид мартаагүй байгаа.
УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой нүүрсний хэргийн эргэн тойронд ярилцлаа.
-Нүүрсний хэргийн тухай ярьж эхлээд жил тойрчихлоо. Мөрдөх байгууллагууд ноцтой баримт үйлдлүүдийн талаар нэг бус удаа нийгэмд зарласан. Тиймээс нүүрсний сонсгол хийх асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ер нь сонсгол хийвэл юу тодорхой болно гэж та харж байна?
-Нүүрсний хэргийг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд их бий. Тиймээс нүүрсний хэрэг гэж юуг хэлээд байгаа юм, нүүрсний хулгай нь аль нь юм бэ. Яг уурхайгаас нь аваад байдаг нүүрс, мөнгө хэнд очсон юм, энд хууль хяналтын байгууллагууд, төрийн байгууллагууд яаж хараа хяналтаа ажиллуулж байсан юм. Жишээ нь, гааль яаж ажиллаж байв, хилийн цэрэг яаж ажиллаж байв гэдэг л тодорхой болох учиртай. Ингээд мэдээллүүдийг олон нийтэд сонсгож, ил болгоход төрийн байгууллагууд нь оролцоод нүүрсийг хил гаалиар бүртгэлгүй гаргаж болдог юм уу, болдоггүй юм уу гэдэг олон түмний эргэлзээг тайлах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний хэрэг дээр яригдсан Т.Доржханд гишүүний яриад байдаг 40 их наяд төгрөгийн хохирол яаж гарсан зургийг харах ёстой. Тэр гэрээг дагаж гардаг юм уу, оффтейк гэрээгээр дагаж гарсан юм уу, үнэхээр хулгай хийгээд гаргачихсан юм уу, ямар арга замаар 40 их наядын боломжийг алдсан гэж яриад байна вэ. Сонсгол хийвэл Т.Доржханд гишүүн өөрөө байх юм чинь олон түмэнд тайлбарлаж, олон түмний эргэлзээг арилгах нэг боломж гэдэг үүднээс сонсгол хийх ёстой гэж миний хувьд боддог.
-Гэтэл сонсгол болдоггүй ээ. Өнгөрсөн өвөл жагсаал цуглаан болж байж нэг тов зарлагдсан. Болоогүй. Одоо бүр сураг алдарлаа. Сонсголыг хийхгүй байх санаархал байна уу гэж хардахад хүрч байна?
-Та бид хоёрын ойлголт нэг л байна. Би бас гайхаад байгаа юм. Юу тодорхой болчих гээд ингээд хойшлуулаад байна вэ. Яахав, анхны сонсголын тов зарлагдах үед Г.Ганболд гишүүний үед ахлаад явж байсан Ажлын хэсэгтэй ганц нэг удаа уулзаж, мэдээлэл солилцоод явж байх үед сонсгол хийх гэж байгаа юм байна гэдэг итгэл үнэмшил надад төрж байсан. Гэтэл цуцлагдчихсан.
Дараа нь шалтгааныг нь дуулахад АТГ ч гэлүү мөрдөн шалгаж байгаа байгууллагаас нэлээд томоохон хүрээтэй шалгаж байгаа, мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн саад учруулах буюу сөрөг нөлөө авчирч болзошгүй гэдэг үндэслэлээр сонсголыг хойшлуулсан юм болов уу гэж ойлгосон. Тэгж ч мэдээлж байсан.
Өнөөдөр бол Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг явж байгаа байх. Энэ Ажлын хэсэгт хойшлуулах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаа эсэх нарийн зүйлийг мэдэхгүй юм. Миний хувьд улс төрөөс гадна, иргэний хувиар явж байгаа учраас хардаж сэрдэхээс илүү олон түмэнд цаашид байгалийн баялгийн хулгайг гаргахгүй байх, хуулийн шударга шийдвэрлэлтээр хулгайг хараа хяналтанд оруулчих юм бол цаашид байгалийн баялгийн хулгай байхгүй болно гэдэг үндэслэлээр хараад, хүлээгээд байгаа юм.
-Нүүрсний сонсгол хийвэл хэний эрх ашиг хөндөгдөж болох вэ. Магадгүй ийм үндэслэлээр хойшлуулж байж болзошгүй. Та энэ хэргийн талаар анх хэвлэлд ярьж байсан хүмүүсийн нэг учраас хэн хэн ямар хамааралтай талаарх зургийг харж байгаа шүү дээ?
-Яахав мэдээж аль, аль улс төрийн намууд нэлээд анхааралтай хянаж байгаа байх. Улс төрийн сонгууль дөхөж байгаа учраас хэтэрхий улс төрийн процесс явагдаж, эсвэл үнэхээр хуулийн процесс дуусаагүй байгаа учраас удааширч байна уу гэдэг өнцгөөс нь харж, арай эерэг хүлээлттэй байна. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө гэхээс илүү хуулийн процессын хувьд болохгүй байгаа юм болов уу. Нөгөө талаасаа улс төрийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор улс төрийн намууд янз бүрийн юм болоод байдаг юм болов уу. Энэ хоёр үндэслэлээр миний хувьд ойлгож байгаа.
-Та өмнө нь манай сонинд ярихдаа нүүрсний хэргийн дөрвөн төрлийн хулгай байна гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр жижиг голдуу үйлдэлтэй нүүрстэй холбоотой хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж дуулддаг. Таны анхны харж байсан гэмт хэргийн үйлдлүүд шалгагдаж чадав уу?
-Би шууд хэлнэ. Тухайн үед миний ийм өнцөгөөс нь гаргаж ирээд, ийм болгочихвол ахин хулгай гарахгүй, дахиж Монголын ард түмэн боломжоо алдахгүй шүү гэж бодож байсан хүлээлтэд хүрсэнгүй. Нуугаад яахав тухайн үед олон түмэнд хэлж байхдаа энэ бол жирийн нэг иргэн, хэн нэгэн байцаагчийн, хэн нэгэн мэргэжилтний, аль нэгэн компанийн захирлын хийчихдэг ажил биш. Зохион байгуулалттай, томоохон бүлэглэлийн оролцсон процесс. Тэгэхээр өнөөдрийнх шиг ганц нэг мэргэжилтэнтэй хариуцлага тооцоод дуусна гэвэл энэ өрөөсгөл шийдвэр буюу хэн нэгнийг энэ том дуулианы далимаар хэлмэгдүүлж явуулаад, хэн нэгэн томоохон магадгүй янз бүрийн албан тушаалтнууд гол гүйцэтгэгч нар сугарч үлдэх вий гэдэг дүр зураг харагдаж байна.
-Бүлэглэл гэснээс үнэхээр энэ хэрэгт хариуцлагатай албан тушаалтан, улстөрчид хариуцлага хүлээх нь тун бүрхэг болчихлоо. Ганц нэг гишүүний эрхийг түдгэлзүүлээд л өнгөрч байх шиг. Таны хэлсэн бүлэглэл задраагүй юм биш үү?
-Задраагүй гэж харж байна. Улстөрчид гэж та өөрөө ярьж байна. Улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд, тэр тусмаа хууль хяналтынхан оролцсон бүлэглэл байдаг гэж би олон нийтэд гаргаж тавихдаа баримттай ярихын тулд ул үндсээр нь судалж байсныхаа хувьд зохион байгуулалттай бүлэглэл байдаг гэж ойлгодог. Тэгэхээр одоохондоо тэр бүлэглэл задраагүй. Өнөөдрийн хууль шүүхийн процессыг харахад сэтгэл дундуур байна.
-Нүүрсний хэргийн хохирлын хувьд, оролцсон хүмүүсийг сонссон олон нийт бухимдаж байгаа. Өнөөдрийн шийдвэрлэлтийн процесс ч шударга болж чадахгүй байна гэдгийг та хэлж байна. Ер нь энэ хэрэг бүрэн шийдвэрлэгдэж, улс хохиролгүй болж чадах уу гэдэг хүлээлт нийгэмд байсаар байна. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Жижиг зургаар харахад нүүрсний хэрэг олон түмний анхааралд байгаа учраас шийдэгдэж байж нэг талд гарна. Шийдэгдэхгүй бол олон түмний бухимдал байсаар л байна. Ер нь том зургаар харахад би ч өөрөө төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан хүний хувьд Монголын төрийн өмчит компаниуд түмэн олны хяналтанд байх ёстой юм. Үүний тулд нээлттэй хувьцаат компани руугаа шилжих ёстой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг авч явах маш олон том компани хэт хаалттай, төрийн давамгайлсан, төрийн оролцоотой байх нь ард түмэнд очих байгалийн баялгийн хувь ойлгомжгүй байдал руу орчихоод байгаа юм. Тиймээс яаралтай Баялгийн сангийн хуулиа батлах ёстой. Байгалийн баялгийн хуваарилалт, үр ашиг ил тод байх ёстой. Саяхан Биржийн тухай хууль батлагдсан. Ганц нүүрс биш цаашаа алт, зэс гээд бүх төрлийн ашигт малтмалыг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, зарж хараа хяналтанд оруулж өгөхгүй бол ард түмэнд өгөөжөө өгөхгүй юм байна гэдэг нь тодорхой байна. Яг өнөөдрийн нүүрсний хулгайтай тэмцэж байгаа байдлаас харахад хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол нийгэмд томоохон бухимдал үүсч, ялангуяа эрх баригч намын хувьд хүнд цохилт болж магадгүй.
Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.
-Архи уух хүсэл юунаас төрж эхэлдэг юм бол?
-Архи уух нь тухайн хүмүүсийн амьдралын түвшинтэй шууд холбоотой байдаг. Мөн дээрээс нь сэтгэл санааны тайван бус байдалтай холбоотой. Сэтгэл санааны тайван байдал гэдэг нь хүн тайван байх хэрэгцээ нь өндөр болоод ирэхээр түүнийгээ авах хэрэгцээгээ архинаас нөхдөг гэсэн үг. Тэгэхээр асар их стресстэй, сэтгэл гутралтай үед хүн цаанаасаа тайвшралыг маш ихээр хүсдэг. Тийм хэрэгцээ бий болоод эхэлдэг. Энэ хэрэгцээг хамгийн богино хугацаанд, хамгийн хямд зардлаар, хамгийн олдоц ихтэй тайвширлаа нөхөх боломж нь архи байдаг. Жишээ нь, тухайн нийгэм хэр ажилгүйдэл ихтэй байна, хэр их стресстэй байна, хэр их ачаалалтай байна, сэтгэл зүйн эрүүл мэнд нь хэр их доголдсон, улс даяар тахалд нэрвэгдсэн гэж ярьдагтай адил улс орны сэтгэл зүйн доголдол ихтэй бол нийтээрээ сэтгэл санаагаар унана. Аз жаргалын индекс нь маш доогуур орж, улс архины хэрэглээ нь маш өндөр байдаг. Тэгэхээр ядуурлын түвшин ихтэй, нийгмийн асуудал ихтэй газруудад эдийн засгийн уналттай мөртлөө архи борлуулдаг, архитай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг газрууд нь ашигтай ажиллаад байдаг. Энэ нь ямар учиртай гэхээр нийгэмд маш их сэтгэл зүйн хэрэгцээ бий болоод тэрхүү хэрэгцээг хангаж байгаа газрууд ашигтай ажилладаг. Үүнээс болоод хүн архи уух сэдэл төрдөг. Тэгээд архины хамааралтай болдог.
-Сэтгэл санаагаар унаад хүн архи уугаад эхэллээ. Тэр нь архины дон болтлоо хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?
-Архины дон болж байна гэдгээ хүн өөрөө мэддэггүй. Бид өөрсдийгөө юу гэж боддог вэ гэхээр архи уухгүй яваад байгаа болохоор би архины дон тусаагүй. Бид өөрсдөө архийг хүсч уудаггүй л гэдэг. Тэгэхээр ерөөсөө дон, донтолт гэж хардаггүй. Зарим хүмүүс ажлаа тараад ажлынхантайгаа уудаг. Тэр нь тогтмол нэг сард хоёр удаа үргэлжилдэг. Түүнээс гадна хүн их, бага ямар ч хамаагүй хэмжээгээр архины хэрэглээг хэрэглээд байна гэдэг нь донтолт эхний үе шатандаа явж байна л гэсэн үг.
-Сэтгэл санаагаар унаад хүн архи уугаад эхэллээ. Тэр нь архины дон болтлоо хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?
-Архины дон болж байна гэдгээ хүн өөрөө мэддэггүй. Бид өөрсдийгөө юу гэж боддог вэ гэхээр архи уухгүй яваад байгаа болохоор би архины дон тусаагүй. Бид өөрсдөө архийг хүсч уудаггүй л гэдэг. Тэгэхээр ерөөсөө дон, донтолт гэж хардаггүй. Зарим хүмүүс ажлаа тараад ажлынхантайгаа уудаг. Тэр нь тогтмол нэг сард хоёр удаа үргэлжилдэг.
Түүнээс гадна хүн их, бага ямар ч хамаагүй хэмжээгээр архины хэрэглээг хэрэглээд байна гэдэг нь донтолт эхний үе шатандаа явж байна л гэсэн үг. Эхний үе шатандаа хүн өөрийгөө ерөөсөө мэддэггүй. Үүнийгээ чөлөөт цагаа өнгөрөөлж байна, найз нөхөдтэйгөө уулзаж байгаа гэх байдлаар өөрийгөө хардаг. Энэ нь давтамжтай, тогтмол гурван сарын хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд тухайн хүн энэ зуршлаасаа гарахад маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Энэхүү байдалдаа дасал болчихоор тогтмол хугацаандаа гармаар санагддаг, архи ууж тайвширмаар санагддаг. Үүнээс болоод гэр бүл, хосуудад маш их асуудал үүснэ. Жишээ нь, нөхөр нь гарч найз нөхөдтэйгөө ууя, эсвэл эхнэр нь найз нөхөдтэйгөө уулзмаар байна гэдэг. Энэ нь хэдий зөв юм шиг харагдаж байж болох ч нөгөө талдаа донтолтын эхний шинж тэмдэг тухайн гэр бүл, хосуудын аль нэгэнд илрээд эхэлчихсэн байдаг.
-Дараагийн үе шатанд юу болдог вэ?
-Эхний үе шатанд хүн хааяа нэг архи уудаг. Уумаар санагдаж байгаагаа өөрөө анзаарахгүй байгаад байна шүү дээ. Хоёр дахь үе шатанд тухайн хүний архи уух хэрэглээний давтамж нэмэгдээд ирдэг. Жишээ нь, долоо хоногт нэг удаа архи уудаг байсан бол 3-4 болдог. Заримдаа өдөр болгон алкохолны төрлийн зүйлийг хэрэглэж байж унтдаг. Энэ бол хоёр дахь үе шат. Энэ үе шатанд хүмүүс өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Архи хүний биед сайн. Хүн архи уух хэрэгцээ шаардлага байдаг. Архи уухаар урт насалдаг, найз нөхөдтэй байдаг. Стресс тайлдаг, хүн стрессээ тайлах ёстой гэх мэтээр өөрийгөө зөвтгөөд эхэлдэг. Энэ бол хоёр дахь шинж тэмдэг буюу архийг өмөөрдөг, архи уух нь зөв юм гэдэг философийг хүмүүст ярьж эхэлдэг үе.
-Дараагийн үе шат гэж байх уу?
-Гурав дахь үе шат бол шартаад шарталтаа архиар буцааж тайлдаг. Архи уух давтамж нь өдөр бүр болдог. Нэг, хоёр өдөр дараалан уудаг. 3-4 өдөр дараалан уух гэдэг нь хамгийн хүнд үе шат руугаа орчихсон гэсэн үг. Энэ үе шатанд орчихсон хүмүүс байнгын согтуу. Уугаад л, согтоод л архи нь гарахаас өмнө дахиж архи нэмж уугаад л мансууралд аль болох удаан байхыг хүсдэг. Энэ үед бидний эрүүл оюун ухаан ажиллаж байдаг. Архи уух буруу юм байна. Би архинд орчихож гэдгээ гурав дахь үе шат руу орохдоо хүн хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ойлгоод ирэх үед аль хэдийнэ хамаг зүйлээ алдчихсан, амьдрал нь маш хэцүү, хүнд болчихсон учраас бодит байдалтай эвлэрэхийг хүсдэггүй. Түүнээс зугтаахын тулд мансуурлыг байнгын удаан үргэлжлүүлэхийг хичээдэг. Тэгэхээр бидний ярьдаг “өвгөнтийн хөндийн” хүмүүс гэдэг нь яг энэ үе шатанд байдаг гэсэн үг. Энэ хүмүүс бодит байдалтайгаа удаан байхыг хүсдэггүй. Бодит байдал нь өөрсдөд нь таалагддаггүй. Мансуураад л байж байвал тэр хүмүүс сэтгэл санаа нь зовохгүй, стресстэхгүй. Сэтгэлээр унахгүй гэх мэтээр тухайн хүмүүст маш өндөр хэрэгцээ болоод үлдчихсэн учраас бодит байдлаас зугтах нь тэр хүмүүсийн эмгэг болчихож байгаа юм. Энэ үе шат руу орчихсон хүмүүсийг эмчлэхэд маш төвөгтэй. Яагаад гэхээр сэтгэл санаа нь хэзээ ч босохооргүй нөхцөл байдалд орчихдог. Жишээ нь, гэр бүлийнхэн нь нас барчихсан. Гэр бүл нь санхүүгийн хувьд босох чадваргүй болчихсон. Амьдрал нь маш хүнд болчихсон байдаг. Үүнийг бүх нөхцөл байдлаар нь өөрчилж байж, эсвэл тэр хүнд маш өндөр мотиваци бий болж байж тухайн хүн бага багаар гарах боломжтой. Үүнд хажуугийн, хөндлөнгийн тусламж маш их хэрэгтэй. Мөн өөрөө маш их хичээх хэрэгтэй. Ийм гурван үе шат архины дон дээр илэрдэг.
-Хүн өөрийгөө би архи уугаад байна шүү, хэрэглээ нэмэгдээд байна шүү. Одоо хэрэглэж болохгүй шүү гэдгээ аль үед нь анзаарах ёстой юм бол?
-Архинд донтолтын гурав дахь үе шатанд юу болох вэ гэхээр тэнэгэрдэг. Архи нь тархины эд эсийг маш ихээр үхүүлдэг. Тархинд маш ихээр нэвчдэг. Элгэнд асар өндөр ачааллыг өгдөг. Шартана гэдэг нь элэг архийг шүүж чадах ачааллаасаа хэтэрчихсэн, хоолны хордлогод ордог шиг архины хордлогод ордог гэсэн үг. Энэ үедээ хүн бие физиологийн хувьд маш хүнд нөхцөл байдлыг туулдаг. Яг энэ үедээ хүний тархи асар хүчтэй гэмтдэг. Задрах ч юм уу, эсвэл алкохол, спирт, асар их этилийн спиртийг цусандаа шингээснээр тухайн цус нь тархинд очиж нэвчээд, тархи асар ихээр гэмтдэг. Энэ гэмтэл удаа дараа үүсээд, удаан яваад байхаар эрүүл хүн гэхэд хэцүү нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр эрүүл хүмүүсийн бодож санадаг зүйлээс тэс ондоо зүйлийг бодно. Маш удаан сэтгэнэ. Маш удаан юмыг ойлгодог. Зүгээр л амьтны зөнтэй шахам болчихдог. Энэ нь тархийг олон цаг хугацааны давтамжтай, олон удаа гэмтээсэн учраас ийм асуудал гардаг гэсэн үг. Архины донтой болсноо яаж мэдэх вэ гэхээр би сарын хугацаанд архи бодохгүй, уухгүй явж чадаж байна уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Чадахгүй заавал нэг зүйл нэхэгдээд, уумаар санагдаад, орой унтахдаа заавал нэг пиво уучихаад унтаж байвал архины анхан шатны хамаарлын түвшинд байна гэсэн үг. Энэ нь донтолтын нэгдүгээр үе шат. Гурвууланг нь их бага хэмжээгээр нь л ялгаад байгаа болохоос ерөнхийдөө бүгд л донтолтын үе шатууд яваад байгаа юм.
-Одоо хичээл эхлэх гээд хөдөөнөөс оюутан залуус хотыг ихээр зорих болсон. Шөнийн цэнгээний газар, уушийн газруудаар дүүрэн хөл хөдөлгөөнтэй байх боллоо. Үүнийг та мэргэжлийн сэтгэлзүйчийн хувьд яаж харж байна вэ?
-Миний харамсаж байгаа зүйл сүүлийн үед охид, эмэгтэйчүүд архины өндөр хамааралтай болж эхэлж байна. Хаа газарт лоунж, паб, цэнгээний, уушийн газрын нийт сууж буй хүмүүсийн бараг 90 гаруй хувь нь охид эмэгтэйчүүд байна. Орой болгон, тав дахь болгон асар их хэмжээний алкохол хэрэглэдэг болчихсон. Энэ нь нийгмийн тэнцвэрт байдлын хувьд гээд ярихаар тэнцвэртэй биш. Жишээ нь, Японд ихэвчлэн эрэгтэйчүүд нь ажлаа тараад пиво уугаад сууж байдаг. Эмэгтэй хүмүүс маш цөөхөн харагддаг. Манайд эсрэгээрээ охид бүсгүйчүүд маш ихээр алкохолын төрлийн зүйлийг хэрэглэж байгаа нь нийгмийн түвшинд харвал эмэгтэйчүүд нь архины хамаарлын түвшин нэлээд өндөр болж байна гэж харагдаад байгаа. Үүнд би их эмзэглэж байна. Архи гэдэг зүйл тодорхой хэмжээгээр хүний биед байх ёстой гэж зарим хүмүүс хэлдэг. Огт архи хэрэглэхгүй мөртлөө стрессээ маш зөв аргаар тайлдаг, цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөд, өөрийнхөө стрессийг тайлдаг хүмүүс зөндөө байдаг. Заавал архи уух ёстой, хүний биед алкохол дутагддаг, стрессийг архиар тайлдаг, найз нөхөдтэй байхын тулд архи уух ёстой гэдэг буруу ойлголтоосоо бид салахгүй бол энэ үзэл бидний соёлд нэвччихжээ. Бидний соёл болоод ааш занд гүн гүнзгий шингэсэн учраас нийгэмд ч хор уршигтай зүйлүүд ихээр үүсээд байна. Үүнээс болж гэр бүл салдаг, нийгмийн маш олон сөрөг зүйл үүсдэг учраас одоо энэ үзлээсээ салах цаг нэгэнт болсон гэдгийг л хэлье дээ.
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатартай тааралдаж, уран бүтээлийнх нь талаар сонирхлоо. Ирэх онд хийх нэгэн том бүтээлийнхээ судалгааг хийж дуусаад ажил нь эхлэх гэж байгаа гэнэ. Тодруулбал, Бурхан багшийн тухай жүжиг театрт амилах нь ээ. Найруулагч яагаад энэ сэдвийг сонирхох болов.
-Нийгэмд жаахан ч гэсэн гэрэл гэгээ өгөхгүй бол хэцүүхэн зүйлүүд ажиглагдаж байна. Түрийвчээ даллаад мөнгөтэй болно гэдэгт хүмүүс итгэчихсэн, лекц энэ тэрд нь суугаад дагаад намирч байна. Эсвэл хунтайжийн шавь нар болчихно. Нөгөө нэг хэсэг нь Чингис хаан тодруулж, хатад нь болчих гээд үзэж байна. Эсвэл бөөгийн 99 тэнгэрийн тухай их хурлын чуулган дээр ярьж байх жишээтэй. Арай ч дээ гэж бодогдмоор зүйл их болж байна. Тэгээд л ийм сэдвийг сонгосон.
–Бурхан багш гэхээр бас л шашин юм биш үү?
-Бурхан багшийн сургаал бол зөв амьдрах сургаал юм билээ. Бурхан багш бол бодит хүн шүү дээ. Хүн яаж сайхан амьдрах, зөв явах ухааныг сургаал болгож үлдээсэн. “Чиний аврал чиний дотор бий. Чи өөрөө бурхан” гэж Бурхан багш сургасан байдаг. Бурхан багш гэхээр шашин шүтлэг гээд ойлгох хэрэггүй. Хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ нэмэх, мунхралын харанхуйг гийгүүлэхийн тулд ийм сонголт хийлээ.
Булган голын эрэг дагуух моддын мөчрөөс салаалж час улаан алим сагсайтал ургажээ. Зөөлхөн салхилахад л алим, тоор тэргүүтэн саглагар модны мөчрөөс бороо шиг асгарч байна. Бүрэн боловсорсон том улаан алимыг хүүхдүүд тааваараа түүгээд идэж байна. Торгууд түмний өлгий Ховд аймгийн Булган суманд амгалан намар айлсаад байгаа нь энэ.
Нийслэлээс 2000 орчим км-ийн алс, эх орны баруун хязгаарт орших Булган сум 10 гаруй мянган хүн амтай. Булган голынхоо зүүн эрэгт байрлах энэ сум БНХАУ-тай хиллэдэг, олны хөл үймсэн газар. Гадна, дотны гийчид энд тасарна гэж үгүй. Сумын төвийн амьдрал өглөөний найман цагтай уралдаад л буцалж эхэлнэ. Төв гудамжинд нь жимс, хүнсний ногооны худалдаачид хамгийн эрт гарч ирнэ. Булган сумын байгалийн үзэсгэлэнг тольдохоор чуулсан жуулчид энд төвлөрч шоппинг хийнэ. Тэд эрүүл хөрсөнд ургасан шинэ ногооноос гар татдаггүй. Тор тороор нь аваад эргэдэг. Энд Ховдын брэнд тарвас л гэхэд кг нь 2500 төгрөг. Ерөөсөө хэдхэн өдрийн өмнө хураасан шинэ тарвасаа л шууд сумын төвийн төв гудамжиндаа гаргаад л зарчихдаг юм байна. Энэ жилийн тухайд жимс, хүнсний ногоо ховор гарсантай холбоотойгоор үнэ өндөр байна. Өнгөрсөн жил шинэ тарвас кг нь 1000 төгрөгөөр зарагдаж байсан гэнэ. Харин төмс, байцаа зэрэг ахуйн хэрэглээний ногоо энд хямдхан. Гол хэрэглэгчид нь сумын төвийн иргэд. Жуулчид бол ихэвчлэн тарвас, чавга, усан үзэм зэргээс сонголт хийж байна лээ. Ногоо зарж буй иргэдийн ярьж байгаагаар шинэ жимс, ногоогоо жуулчин татах брэнд болгосон гэнэ. Булган сумын шаргалтсан намарт шүүслэг улаан алим, ногоон чавга тэргүүтэн амт нэмдэг юм билээ.
Жимс ногооны худалдаа эрхлэгчид цөмийг нь хашаандаа тариалдаг. Хашаан дахь модноосоо алим хураагаад л шууд зардаг юм байна. Үхрийн хөрзөнгөөр бордсон бэсрэг алимны амтанд орсон жуулчид олон. Тороо дүүргээд л гардаг.
Булган суманд кг алим 10 мянган төгрөгөөр зарагддаг. Хашаанаасаа 10 кг алим түүсэн эр 100 мянган төгрөг халааслаад л гэртээ харина. Булган сумын төвийн бужигнаан дунд арав байтугай кг алим шуураад дуусч байна лээ. Тэдний зарим нь салатны навч, чинжүү, өргөст хэмх зэрэг нарийн ногоогоор лангуугаа чимсэн харагдана. Очоод лавлавал цөмийг нь хүлэмжиндээ тариалжээ. Өргөст хэмх л гэхэд кг нь 4000 төгрөг. Шинэ ургацын төмс кг нь 800 гэхчлэн нийслэлтэй харьцуулахад даруй нугарсан хямд үнээр зарагдаж байна. Дахин онцлоход шинэ ургацын ногоо шүү. Хүн ам нь арвин учраас шинэ жимс ногоо нь ч өдөртөө дуусаад шинийг авч ирээд зардаг юм билээ.
Задгай ногоо зарж буй иргэдээ цагдаа нар хөөж тууж байгаа үзэгдэл алга. Төрөл бүрийн байцаагчид шалгааж байгаа нь ч харагдсангүй. Худалдаачид шинжилгээний бичгээ харуулаад л жимс ногоогоо зарж байв. Булган сумын зүгээс иргэдийнхээ бизнесийг ингэж чөлөөтэй дэмждэг газар юм байна. Талбай гаргаж өгөөд л бусдаар ажилд нь оролцдоггүй. Тэд нь жуулчдыг татдаг. Ингэж цогцоор хөгжиж энд хүрчээ.
Булган сумынхан гол төлөв шавар байшинд аж төрдөг. Сэлүүхэн хашаан дахь шавар байшингийн гадна саглагар мод найгах нь сумын айлуудын нийтлэг төрх. Тэд сэлүүхэн хашаандаа хүнсний ногоогоо тариалаад төв гудамжиндаа гарч худалдаалаад л амьжиргаагаа залгуулдаг гэнэ.
Энэ сумын тухайд БНХАУ-тай хиллэдэг. Урдаас барилгын материал, усан үзэм зэрэг зарим жимсээ татдаг. Барилгын материал л гэхэд нийслэлтэй харьцуулахад хоёр дахин хямд үнэтэй. Гарын дүйтэй нэгэн бол 3-4 сая төгрөгийн зардлаар л байшин босгочих боломжтой юм байна. Харин шатахуунаа Улаанбаатараас татдаг гэнэ. Зардал нь шингээд 2800 давсан үнэтэй байна лээ. Ердөө хажуухан талаасаа татах сонирхол байдаг ч зөвшөөрдөггүй гэнэ. Хойд ах нар үүнийг нь нүд цавчилгүй хараад сууж байдаг бололтой. Ямартаа ч хилийн цаана 200 км-ийн цаана хятад шатахуун байсаар байтал 2000 км-ийн алс Улаанбаатараас татдаг хачин үзэгдэл дан ганц Булган ч биш, баруун хязгаарын сумдад байна. Нийслэлээс тээвэрлэсэн зардал нь нэмэгдэхээр үнэ шатахууных нь үнэ бараг 3000 шахна. Энэ бүх ачаа сумын төвийн иргэдийн нуруунд ирдэг гэнэ. Хадлангийн үед бол бүр ч хүндээр тусч байна. Боломж хомс зарим нь морин тэргээ хөлөглөөд хадландаа гарч байгаа харагдлаа.
Булган сумын хүн амын 65 хувь нь торгууд, үлдсэн хувь нь казах. Арван жилийн өмнө нийт хүн амын 15 хувь нь казах байсан бол сүүлийн хэдэн жилд өссөн байна. Бэлчээр бас бус асуудлаас үүдэж хоорондоо маргалдах явдал тасардаггүй юм билээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар зөвхөн казах хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг барьж байгаа гэнэ. Барилгын ажил дуусах шатандаа оржээ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Ш.Адьшаа гишүүн өнгөрсөн сонгуулиар амласандаа хүрч байгаа нь энэ ажээ. Бүтээн байгуулалт босч байгаа нь баярламаар ч зөвхөн казах ястны хүүхдүүдэд зориулсанд нь Булган сумынхан дурамжхан байна лээ. Энэ мэтчилэнгээр санал зөрөлдөх асуудал олон бий.
Булган сумынхны хөдөлмөрч чанар нь захын гудмаар шагайхад л харагддаг. Хашаанд нь жимсний мод сагсалзаж, хэрэглээний хүнсний ногоогоо битүү тарьсан байдаг. Алслагдсан сумдад түгээмэл харагдах төв гудамжиндаа “ялаа алаад” суудаг үзэгдэл Булган суманд үгүй. Бүгд л шоргоолж шиг хөдөлмөрлөнө. Тэнд нэг нь портероор ногоо авчрахад нөгөө нь үүрч гүйгээд л зориулалтын лангуу руу дөхүүлнэ. Цаанаас өөр нэг нь бандгар жийп рүү ачна. Чинээлэг байрын эр алтан шаргал карт зуруулаад л цааш эргээд алга болно. Захын орчимд ногоо ачаад өгөх хүмүүс ч бэлэн зогсож байдаг юм билээ.
Энд зүс үзээгүй нэгэн харагдвал эвгүй харц шидэж нүд үзүүрлэх бус харин ч дуудаж уулзаж таван үг солиод ногоо зарахыг боддог. Ийм жишгээр тэд огт зүгээр суудаггүй. Хүн бүр хөдөлмөрлөнө. Хүүхэд хөгшид бүгд хөдөлнө. Ийм ч учраас тэд чинээлэг амьдардаг юм билээ. Тэдэнд нерв, стресс бараг алга. Инээд цацруулсан улс л үйлчлээд байх. Өндөр сарьдаг уулстай Булган суманд нар хожуу манддаг юм билээ. Гэгээ тасартал ажиллаад сая нэг бараагаа хурааж амрахаар явна. Говийн манхандаа заган шугуйтай, голын хөндийдөө жимсэн төгөлтэй Булган сумын намрын нэг өдрийг зураглахад ийм байна. Ухаж, төнхөөд байх эрдэс баялгаар хомс тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж хүн бүр чинээлэг амьдарч байна.
Зам, геодезийн инженер Б.Нямдагватай Улаанбаатар хотын замын түгжрэлийн шийдлийн талаар ярилцлаа.
-Нийслэлийн авто замын түгжрэл жил ирэх тусам бахь байдгаараа байна. Өнөөдөр ч энэ асуудал хурцаар яригдаж байна. Яагаад нийслэлчүүд ийм байдалд хүрчихэв. Инженер хүний хувьд та үүнийг яаж хардаг вэ?
-Хот төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн оршин суугчдын тоо жил ирэх тусам өсч, тооцоолоогүй суурьшлын бүсүүд маш олноор бий болсон. Энэ тухай бид олон жил ярьсаар ирлээ. Гэвч одоо нэгэнт ийм болчихсон түгжрэлийг яаж дордуулахгүй байх вэ гэдэг тухай авч хэлэлцэх нь чухал.
Бидний анхаарах ёстой нэн тэргүүний асуудал бол шинээр тавигдаж байгаа замууд яг олон улсын чанар, стандартын дагуу баригдаж чадаж байна уу гэдгийг анхаарч үзэх ёстой. Харамсалтай нь бодит байдал дээр ихэнх нь чадахгүй байна. Жишээ нь, нэг зам тавилаа гэж бодоход явган хүний зам, тээврийн хэрэгслийн зам хоёр нэг түвшинд зэрэгцээ огтлолцоод ирэхээр л түгжрэл нэмэгдээд байгаа юм.
-Өнөөдрийн нөхцөлд нийслэлчүүд бид яавал түгжрэл багатай өвлийг давах вэ гэдэг асуудал хамгийн чухал байна. Гэвч авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдэл л яригдаж эхэллээ. Олон нийт ч бухимдалтай байна?
-Улс орны цаашдын урт хугацааны бодлогын хүрээнд авч үзвэл энэ нь шийдэл гэж нэрлэх боломжгүй ойлголт. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас яалт ч үгүй ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Дугаарын тэгш сондгой хуваарилалт бол ердөө л түр хугацааны аргаа барсан үйлдэл.
-Тэгвэл түгжрэлийн шийдэл юу байж болох вэ. Дүүжин тээвэр, метро зэрэг нь мөрөөдөл болчихлоо шүү дээ?
-Мэдээж хэрэг бүхэл бүтэн улсын хэмжээнд том зургаараа яригдах ёстой асуудал тул метротой болох боломж ирээдүйд гарч ирвэл сайн л хэрэг. Метро бол өнөө маргаашдаа гэхээс илүү улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хамаарна.
Харин бид дунд хугацаандаа эхний ээлжинд явган хүний зам, авто машины замыг нэг түвшинд барихаа зогсоож явган хүний нүхэн гарц, гүүрэн гарц зэргийг дараа дараагийн баригдах замууд дээрээ бодлогын түвшинд төлөвлөх хэрэгтэй. Ихэнх гэр хорооллын замуудыг ажиглаж байхад хүний явган зам бүү хэл хоёр урсгалын машинууд чөлөөтэй зөрөлдөх зайгүй давчуу баригдаж байна. Яагаад тэнд явган хүний зам, гарцыг шийдэж болохгүй байгаа вэ гэвэл гэр хорооллын айлууд газар чөлөөлөлтөө бүрэн хийхгүйгээс замаа буруу төлөвлөж барьж байна гэж ойлгож болно.
-Явган хүний зам, авто машины замыг нэг түвшинд барихаа зогсоох хэрэгтэй гэдгийг тодруулж ярьж өгөхгүй юу?
-Ерөөсөө авто машины урсгалыг зогсоохгүй явуулах ёстой л гэсэн санаа.
Өнөөдрийн манай төвийн болон туслах замуудыг хараарай. Маш олон уулзвар, гэрлэн дохио, явган хүний гарц байгаа. Тэр бүрд ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч байдаг. Үүнийг тусад нь төлөвлөх ёстой. Тэр тусмаа төв замыг төлөвлөхдөө авто машинууд саадгүйгээр шууд зорчих байдлаар барих ёстой. Япон, Солонгост яг л ийм байдаг. Харин тойрог уулзвараар холбогдож байгаа замууд дээр саад болохооргүй, хоёр түвшнээр огтлолцуулж барьж өгвөл хөдөлгөөн бас л саадгүй зорчино. Нэг ёсондоо замаа дээгүүр, доогуур хоёр түвшинд төлөвлөнө. Явган хүний гарцыг ч тэр, өөр түвшинд гүүр, нүхэн гарц байдлаар хийж өгөх ёстой.
-Энхтайваны өргөн чөлөө гэхэд маш олон гэрлэн дохио, уулзвартай. Таны ярьснаар бол тэдгээр уулзваруудыг багасгах хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм ээ. Энхтайваны өргөн чөлөө бол дөрвөн замын уулзвар олонтой. Дөрвөн замын уулзвар байна гэдэг гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа. Хөдөлгөөний ачаалал ихэслээ гэхэд нэг талаасаа уулзвараар нэвтэрч амжаагүй байхад эсрэг урсгалын гэрлэн дохио асчихдаг. Ингээд л нөгөө талын машин орж ирээд л чагтлаад таг зогсчихдог шүү дээ. Ийм байдлыг үүсгэхгүйгээр уулзварыг хоёр түвшинээр шийдэж өгвөл түгжрэл үүсэх нөхцөл бүрдэхгүй.
Ойр ойрхон уулзварыг зөвхөн өргөн зам дээр л хийдэг. Олон эгнээтэй зам дээр уулзварууд нэг их нөлөө үзүүлдэггүй. Гэтэл манай замууд ямар нарийхан билээ. Хоёрхон эгнээтэй, дээр нь хэдэн метр яваад л уулзвар, гэрлэн дохио, явган хүний зам угтаад байдаг болохоор хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсгэдэг.
-Одоогийн байгаа уулзваруудыг багасгах боломжтой юу?
-Нүхэн гарц, гүүрэн гарцыг нэмж байгуулахад болохгүй юм байхгүй.
-Улаанбаатарчуудын хамгийн их зорчдог, үйлчилгээ авдаг хэсэг бол төвийн буюу Сүхбаатар дүүрэг. Энэ дүүрэг дээр гэхэд замын хөдөлгөөний ачааллыг яаж бууруулж болох бол. Инженер хүнд шийдэл харагдаж байгаа болов уу?
-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн Улаанбаатар хотын анхны төлөвлөлт хэд дахин нэмэгдчихсэн, үүнийгээ тооцоолохгүйгээр төлөвлөлтөө хийчихсэн гэсэн шүү дээ. Үүний хамгийн том илрэл бол таны хэлсэн Сүхбаатар дүүрэг орчмын замын хөдөлгөөн. Мэргэжлийн хүний нүдээр харахад энд хоёр төрлийн шийдэл хэрэгтэй. Нэгд, авто зогсоолыг олон болгох. Нийслэлийн ихэнх иргэд үйлчилгээ авах гээд энэ дүүрэгт ирдэг ч машинаа тавих зогсоол олддоггүй. Ингээд хориглосон газар, нэгдүгээр эгнээнд машинаа тавьж таардаг. Ингээд л хөдөлгөөнд ачаалал үүсгэж эхэлдэг. Хоёрт, төв замын зүүн эргэх чиглэлийг хязгаарлах нь зөв. Сүхбаатарын талбайн хоёр талаар зүүн эргэх хориотой шүү дээ. Энэ зөв шийдэл. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж чадсан. Ийм шийдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Jet scooter, унадаг дугуйг сонгон унах иргэдийн тоо жил ирэх тусам өсч байна. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад үр дүн өгч чадах уу?
-Авто зам бол дан ганц машинд зориулагдаж баригдсан зүйл биш. Үүнд машинаас гадна дугуй, скүүтер, мопед, мотоцикль зэрэг бүх ангиллын тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж байж тэрийг зам гэж нэрлэдэг. Нэг цаг гаруй зам дээр түгжирч байхын оронд очих газраа скүүтэр, дугуй унаад 15-30 минутад очихыг хэн ч илүүд үзнэ шүү дээ. Манайд энэ талын хэрэгцээ өндөр болж байгаа учраас гол нь зориулалтын замуудыг нь сайн барьж өгөх л чухал байна.
-Автомашины татварыг нэмэгдүүлж, татвараа төлөөгүй, торгуультай жолооч нарыг хөдөлгөөнд оролцохыг хоригловол түгжрэлийг бууруулахад үр дүнтэй гэж зарим хүмүүс ярьж байгаа. Зөв үү?
-Гадаадад олон жил явчихсан насжилт урттай тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авдаг ченж, хувь хүмүүс манайд маш олон бий. Тэдний хувьд нэгэнт л хямд үнээр цаад газраасаа худалдан авалт хийсэн тул гаалийн татвараа манайх нэмээд өгвөл магадгүй хэрэглээнээс гарсан хуучин машин орж ирэх нь багасна.
Төвлөрсөн сургууль, захуудыг хотын зах руу нүүлгэх шийдлүүд яригддаг. Олон жил ярьсан асуудлаа бид шийдэх боломж нь байвал өнөө маргаашгүй гаргах хэрэгтэй. Ард иргэд энэ шийдвэрт дургүй байж болох ч цаашдын улс эх орны алсын хараагаа бодож зоригтой нүүдэл хийх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэднийг дагаад дэд бүтцийн олон асуудал хотын захын дүүргүүдэд шийдэгдэх болно. Олон улсын жишиг ч мөн тийм л байгааг бид бодолцох ёстой.
Гол нь зам барих нь дан ганц зам гүйцэтгэлийн компаниудаас хамаардаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ нь бодлого, судалгаа тооцооллын дүнд маш олон шат дамждаг. Ингээд нэг зам барих боллоо гэхэд айлуудын газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулдаг. Дэд бүтцийн тусгай хэсгүүдэд айлууд буух ёсгүй. Гэтэл аль хэдийнээ газар олгочихсон, гэрчилгээтэй албан ёсжсон байдаг. Нөгөө л нэг зөвшөөрөлгүй газар олголтын олон жилийн уршиг нь өнөөдөр ч ажлаа явуулахад саад болсоор байна.
Манай улсын хувьд бид бүтээн байгуулалтын улирлаа бүтэн жилээр авч үзвэл зуны хэдхэн саруудад л үргэлжилж байна. Иймээс хаана хаанаа бодох л асуудал. Байшин барихад эхлээд сууриа сайн хийж байж дээр нь өндөр байшин сүндэрлэж чаддаг. Үүнтэй яг л адилаар зам барихдаа анхны тооцоо зураглалаа маш няхуур зөв гаргахгүй бол процессын дунд алдаатай болж таараад тэрийг засварлах гэвэл хөрөнгө мөнгө хэрэгтэй болж таардаг. Түүнээс гадна өөр нэг онцлох зүйл бол зам ашиглалтын стандарт. Баригдсан замууд дээр хэдэн тонн жинтэй машин явж болох тухай норм, стандарт гэж бий. Тэр нормыг давсан хүнд даацын машин явбал мэдээж тухайн зам маш хурдан эвдэрнэ. Иймд стандартыг аль аль шатандаа заавал дагаж мөрдөх хэрэгтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.
-Ардчилсан нам шинэ даргатай болоод найман сар боллоо. Энэ хугацаанд намын бүтэц, зохион байгуулалтаа яагаад хийхгүй байна вэ?
-Гурван жил орчим тал тал тийш харж, зөрчилдсөн талуудыг эвлүүлэх нь амаргүй байгаа байх. Намын даргад ямар нэг бодлого, төлөвлөгөө байгаа байх гэж найдаж байна.
-Энэ сарын 28-нд ҮБХ-ны хуралдаан товлогдсон нь бас л маргаан дагуулах шиг боллоо. Өөрсдийгөө ҮБХ-ны дарга гэж байгаа Ж.Батсуурь, Д.Ганбат, А.Мөнхбаяр нарын хэн нь ч хүчин төгөлдөр бус гээд танай намынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа харагдсан. Намын даргад ҮБХ-ны хурлыг товлон зарлах эрх нь бий биз дээ. Эсвэл Л.Гантөмөр хүчгүй байна уу?
-Санаа зовох асуудал байхгүй. Бид одоо бол албан ёсны даргатай болсон. Намын даргыг Дээд шүүх бүртгэж авахдаа холбогдох хууль, журам, манай намын Үндсэн дүрэмд тулгуурлан шийдвэр гаргасан. Бүртгүүлэх хүсэлтэд хоёр талаас нэгдсэн ҮБХ-ны хурлын тогтоол, шийдвэрүүд, мөн тэр хурлаар сонгогдсон ҮБХ-ны дарга Ж.Батсуурийн гарын үсэгтэй албан тоотууд явсан. Тиймээс ямар ч маргаан байхгүй. Улс төрийн орон зай хайсан хэсэг нөхөд АН-ын асуудал шийдэгдээгүй мэт бусдыг төөрөгдүүлж байгаа асуудал.
-Д.Ганбат гишүүн Улсын дээд шүүхэд албан бичиг илгээсэн гэх юм. Үүнийг дахиад л нам хагалах оролдлого гэж харах хүмүүс ч байсан. Танай нам шинэ даргыгаа Дээд шүүхэд бүртгүүлээд сонгуулиас хойших маргаандаа цэг тавьчихаагүй юм уу?
-Цэг тавьсан. Хэдхэн хүн зориуд асуудал мэт харагдуулж байна. Гэхдээ дахин хэлье, явуургүй зүйл.
-Ер нь АН-ын шинэчлэлийг яаж явуулах ёстой вэ. Танд ямар гарц шийдэл байна вэ?
-Яаралтай цахим нам болох ёстой. Үүд хаалгаа нээж үзэл санаа нэгтэй шинэ хүмүүс олноор оруулж ирэх хэрэгтэй байна. Мөнгөний нам, халамжийн нам биш болсноо зарлах. Баруун төвийн бодлого, үзэл баримтлал дээр тууштай байхаа зарлах. Намын удирдлагууд болон Улс төрийн зөвлөл нь нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж, гишүүд дэмжигчдэдээ луужин болох шаардлагатай.
гэх хэр нь огт өөр өөр үзэл, ойлголттой хүмүүс дүүрсэн байна. Путины түрэмгийллийг дэмжээд, халамжийн бодлого яриад, уул уурхайн төслүүдийн эсрэг тэмцэл өрнүүлээд явах улс энэ нам дотор олон байна. АН ийм бие организмтай байж таарахгүй.
-Сүүлийн үед танай намд клубүүд шинээр мэндэлж байна. Уг нь АН фракцгүй нам гэж зарлаж байсан шүү дээ. Гэтэл клуб нэртэй фракцууд олноор төрж, ашиг сонирхлын бүлэглэлүүд намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлнө гэх шүүмж яваад эхэлжээ. АН хүчтэй улс төрийн хүчин болоход клубүүдийн үүрэг, оролцоо ямар байх ёстой юм бэ?
-Клубийн системийг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжингүй орнуудын улс төрийн тогтолцоонд клубүүд ихээхэн үүрэг рольтой явж ирсэн. Манай нам тухайн үеийн коммунист нам буюу одоогийн МАН-ы бүтцийг дуурайж, засаг захиргааны нэгжид тулгуурласан, салбарласан, нүсэр бүтцийг бий болгосон. Улмаар дунд шат буюу аймаг, дүүргүүдэд дархан эрхтэй ноёд, вангууд бий болсон. Дээрээ байдаг фракцууд нь албан тушаал хувааж авдаг эрх ашгийн нэгдэл болсон. Одоо түүнийг засч, зөв хөгжүүлэх боломж гарч ирж байна. Нэг үзэл баримтлалтай нам байлаа гэвч, дотроо хөгжлийн бодлого, хөтөлбөр дээр ялгаа гардаг. Олон ургальч, ардчилсан зарчим шүү дээ. Түүгээрээ клуб, фракцад хуваагдах нь жам ёсны асуудал. Харин 2017 онд намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ “фракцгүй нам” гэж зарласнаас хойш хязгааргүй эрх дархтай намын даргатай, дотоод ардчилалгүй болж, дараалсан олон ялагдал хүлээсэн. Клубүүд нь намд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх ач холбогдолтой. Яаж вэ гэдгийг хэлье. АН-ын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. ҮБХ байнга хуралдаад байж чадахгүй тул, өдөр тутамдаа намын бодлого, шийдвэрийг тодорхойлох 30-аад хүнтэй Улс төрийн зөвлөл ажилладаг. Тэгэхээр Улс төрийн зөвлөлд ядаж нэг төлөөллөө оруулж чадсан клуб, бүлгийг “фракц” гэж ойлгох хэрэгтэй. ҮБХ дээр дор хаяж арав, хориул байж байж төлөөллөө оруулна шүү дээ. Ингэснээр УТЗ нь фракцуудын хамтын шийдвэр гаргах талбар болно. Харин УТЗ дээр шийдвэр гаргахдаа олонхоор хүч түрэх зарчмаар биш, зөвшилцлийн зарчмаар шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Тэгж байж хамтын удирдлага, дотоод ардчилал хангагдана.
-“АН өнгөрсөн 30 жил МАН-ын бүтэц, загвараар явж ирсэн. Цаашид энэ хэвээр явбал амжилт олохгүй” гэж танай намын залуучууд дуугарах боллоо. Тэгэхээр АН-ын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
-МАН бол хойноос импортлогдсон нам шүү дээ, түүхэн талаас нь харвал. Харин АН бол 1990 онд монголчуудын хүсэл зоригоор бий болсон нам. Энэ намын унаж босч яваа түүх нь өөрөө Монголын ардчилсан тогтолцооны уналт босолтын тусгал. Үзэж туулах юмаа үзэж туулаад явж байна. Үндсэндээ анх Ардчилсан хувьсгалд гар бие оролцсон эхний үеийнхэн гуч гаруй жил АН-ын улс төрийг тодорхойлоод одоо хүссэн хүсээгүй дараа үедээ шилжүүлэх цаг нь ирж байна. Дараа үе нь хараахан сайн бэлтгэгдээгүй байгаа ч, би бол цаг хугацааны асуудал гэж бодож байна. Ардчилал, эрх чөлөөний хоёрдугаар давлагааг АН-ын шинэ залуу үе манлайлна гэдэгт итгэлтэй байна.
-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. АН ялалт байгуулахын тулд ямар бодлогоор өрсөлдөх ёстой вэ?
-Өөх ч биш, булчирхай ч биш байдлаар бол ялагдана. Үзэл баримтлалаа маш тодорхой зарлаж, чөлөөт нийгмийн үзэл санаатай хүмүүсийг сайтар татах хэрэгтэй. Тэд нийгэмд олонх биш ч, үнэнч, идэвхтэй сонгогчдод нөлөөлнө. Итгэл үнэмшлээ дагадаг хүмүүс сонгуулиас аль зургаан сарын өмнө л сонголтоо хийсэн байдаг. Түүний тулд бас АН дотроосоо үзэл санааны зөрчилтэй, популист, социалист, большевик, “ард түмнээ халамжилна”, “Монгол ялна” гээд байгаа улстөрчдөө голлох сонгуульт албан тушаалаас холдуулах хэрэгтэй. Ус, тосоороо ялгарна гэсэн үг. Харин сонгуульд ялахын тулд хэдийгээр үзэл баримтлалын хувьд зөрүүтэй ч, бусад улс төрийн хүчнүүдтэй эвсэж, эрх баригчдын эсрэг сөрөг хүчний нэгдсэн эвсэл байгуулах ёстой.
-Саяхан НИТХ-ын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тан руу салаавч гаргасан талаар нийгмийн сүлжээнд нэлээд шуугьсан. Танаас уучлал гуйсан уу?
-Гуйсан. Би уул нь үер усны асуудлаар хотын дарга Сумъяабазараас тодорхой асуулт асуух гэж байсан юм. Баярмөнх төлөөлөгч тэгж урдуур нь орох хэрэггүй л байсан юм. Хотын даргын бүтэлгүй менемжентийн үр дагаврыг, баасыг цэвэрлэх гэж нийслэл, дүүргийн албан хаагчид, цэргийнхэн гэх мэт олон зуун хүн нойр хоолгүй ажилласан. Түүндээ ядарч, бас бухимдалтай байсан байх.
“Эрдэнэс Монгол” ХХК хэд хэдэн ажилтнаа халсан явдал араасаа хэл ам дагуулав.
Асуудлын хүрээнд тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан Б.Ундармаатай ярилцаж нөхцөл байдлыг тодрууллаа.
-Монголын хамгийн том компаниудын нэг “Эрдэнэс Монгол”-ын дотоод асуудал хурц байх шиг. Хэд хэдэн ажилтан халагдсаны нэг нь та. Ямар үндэслэлээр таныг халав?
– “Эрдэнэс Монгол”-ын сонгон шалгаруулалт 2022 оны сүүлээр зарлагдсан.
Шалгалтын үйл явц нь 2023 оны нэгдүгээр сард эхэлж гурван түвшний сонгон шалгаруулалтад орж би тэнцсэн. Миний тухайд Захиргаа удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд томилогдсон. Хамгийн олон өрсөлдөгчтэй нь энэ албан тушаал байлаа.
Ингээд хоёрдугаар сарын 6-ны өдөр ажилдаа орсон. Төд удалгүй 11-ний өдөр АТГ-аас шалгаж “Энэ хүнийг томилоход ямар ч асуудалгүй” гэсэн шийдвэр гарсан. Захиргаа удирдлагын газарт хүний нөөц, мэдээлэл технологитой холбоотой бүх чиг үүргүүд төвлөрдөг. Гол албан тушаал нь гэж хэлж болно. Миний тухайд наймдугаар сарын 15-ны өдөр тушаал авч чөлөөлөгдлөө.
– Үндэслэл нь юу байв?
– Туршилтын хугацааг дууслаа гээд л шууд чөлөөлсөн. Туршилтын хугацаа дуусахыг л хүлээж байсан юм болов уу даа. Миний зүгээс үүнийг ямар ч үндэслэлгүй гэж харж байгаа.
Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм. Би энэ салбарт 25 жил ажилласан. “Хаан банк”-ны хүний нөөцийн газар болоод бусад томоохон газруудын орлогч захирлаар арав гаруй жил ажилласан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэргэжилтний бус удирдах албан тушаалд ажилласан хүн л дээ, би. Газрын тосны компаниудад Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллалаа.
Энэ маань ч сонгон шалгаруулалтын шалгуурт тавигдаж орж ирсэн гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ салбараар мэргэшсэн хүн гэж өөрийгөө хэлнэ.
– “Эрдэнэс Монгол”-ын зүгээс өөр тайлбар хэлж байна лээ. Шаардлага хангаагүй, шалгуурт тэнцээгүй хүмүүсийг халсан талаараа шулуухан хэлж байна?
– “Эрдэнэс Монгол”-ын Хүний нөөцийн удирдлагын менежер Итгэлбат гэх хүн гүтгэлэг, доромжлолын өнгө аястай ярилцлага өгснийг хараад их гайхлаа.
Энд онцлоход 88 орон тоонд сонгон шалгаруулалт явуулснаас одоогоор 70 орчим хүнийг авсан байгаа. Энэ дотроос таван хүн ажилдаа тэнцээгүй гэх байр суурийг хэлсэн байна лээ. Ингэхдээ хугацаатай үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлын бүтээмжээ ахиулах боломж олгоход шаардлага хангаагүй гэх зүйлийг ярьж.
“Эрдэнэс Монгол”-ын зүгээс үүнийгээ нотлох ёстой. Ямар даалгавар өгөхөд нь биелүүлээгүй юм, баримттай ярь. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шалгалт аваагүй, даалгавар өгч биелэлтийг нь шалгаагүй байж ингэж гүтгэж болохгүй. Өөр дээрээ жишээ аваад хэлэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүнд дарамтыг тэвчиж ажилласан.
– Тодруулахгүй юу?
– Наад захаас нь л энд онцолъё.
“Чи хувийн хэвшилд ажиллаж байсан. Энэ чинь таалагдахгүй байна” гэх үгийг удирдлагын зүгээс тогтмол хэлнэ. Сонгон шалгаруулалтын шаардлагад хувийн хэвшилд ажиллаж байсан бол оролцож боломжгүй гэх зүйлийг огт дурдаагүй байсан. Мэдэгдсэн бол би сонгон шалгаруулалтад орохгүй.
– Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь чадварлаг мэргэжилтнүүдэд боломж олгосон шийдвэр гэж харсан л даа. Та сонгон шалгаруулалтаар орсон хүн. Бодит байдал дээр нөхцөл ямар байна вэ?
– Би 25 жил энэ салбарт ажилласан туршлагаа бодоод сэжиг таамаг дэвшүүлэх эрхтэй. Зарим ажилтнуудаа халж байгаа шийдвэрийн цаана олон талын ашиг сонирхол байна. Компани дотор ч дам яриа явж л байдаг. “Ажлаа хийж байхад ажлыг чинь өөр хүн ордонд танилцуулах нь. Үүнд улс төр орчихлоо, та тайван байгаарай” гэдэг ч юм уу.
Төрийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсныг нүдээ олсон шийдвэр гэж харсан. Том танилтай, татаастай нөхөд л төрийн өмчит компанид ажилладаг завхарсан үзэгдлийг халсан шийдвэр гэж хувьдаа үзэж байлаа. Гэтэл төрийн өмчит компаниуд дээрх шийдвэрийг хүлээж аваад хэрэгжүүлж байгаа нь яг эсрэгээрээ байна л даа.
Гүйцэтгэх захирал С.Наранцогтод чадалтай залуусаар баг бүрдүүлээд шинэчлэх сонирхол алга. Намайг өнгөрсөн зургаан сарын хугацаанд дарамталсан. “Засаг чамайг ажлаа өг гэж байна. ТУЗ чамайг ажлаа өг гэж байна” л гэнэ.
Хуулийг нь харахад ТУЗ гэдэг нь компанийн гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд оролцож чиглэл өгдөг институц биш. Хөдөлмөрийн хуульд зааснаар бол алдаа дутагдал гаргасан талаар тодорхой баримт нотолгоонд үндэслэж шийдвэр гаргадаг. Үүнийг огт ярихгүйгээр “Засаг чамайг ажлаа өг гэж байна” гэж тогтмол шахалт үзүүлнэ.
– Таны тухайд гомдолтой байгаа юм байна. Та хаана хандав?
– Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ын ерөнхий аудитор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт хувийн өргөдлөө бичсэн. Үүндээ компани дотор өрнөж байгаа болж бүтэхгүй нөхцөл байдлыг л тусгасан. Болж бүтэхгүй нөхцөл байдалд би мэргэжлийн ажилтны зарчмын шаардлага л тавьдаг. Үүндээ л би ад үзэгдсэн болов уу.
– “‘Эрдэнэс Монгол” ХХК-д болж бүтэхгүй ямар асуудал байгаа юм. Юуг нь шүүмжлээд ад үзэгдэх болов?
– Компанийн сонгон шалгаруулалт, бүтцийг өөрчлөхтэй холбоотой бүх асуудал Захиргаа удирдлагын газар, үүнийг ахалж ажиллаж байгаа надад хянагдаж явах учиртай. Гэтэл энэ нь хөшигний ард нууцаар хийгдээд байна.
Сүүлд үзэхэд компанийн бүтцийн өөрчлөлт нууцаар хийгдсэн байна. Үүнийг нь хэн ч мэдээгүй явж ирсэн байгаа юм. “Эрдэнэс Монгол” долоон менежертэй. Тэд бүгд саналаа тусгаж явах ёстой ч мэдээгүй өнгөрч. Хэн нэгэн хүн үүнийг барьж гүйгээд ТУЗ-д оруулаад өөрчилсөн байсан. ТУЗ ч хэлэлцээгүй асуудлыг хүлээн авч хэлэлцэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ мэт завхралд зарчмын шаардлага тавиад л ад үзэгдээд байна.
Одоо бүтэц шинэчлэгдсэн. Гэнэт сонгон шалгаруулалт зарлагдана. Зарчмаараа бол сонгон шалгаруулалт зарлах чиг үүрэг нь миний удирдлагаар явах ёстой. Энэ удирдлагын дагуу явуулахаар тушаалын төсөл хийгээд Гүйцэтгэх захирал С.Наранцогтод өгөхөд “Энэ хүний нэрийг хас, хасахгүй бол гарын үсэг зурахгүй” гэж шууд хэлдэг хэлнэ. Миний нэр хасагдахад асуудалгүй гарын үсгээ зурна. Шударга бусаар сонгон шалгаруулалт явуулах ашиг сонирхол С.Наранцогтод байна шүү дээ. Том хүний rap хөл юм уу, өөрийнхөө хамаарлын хэн нэгнийг дэргэдээ авах гээд байна.
Өөр нэг асуудал нь Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийг байгуулсан байгаа юм. Бид үүнийг нь мэдээгүй. Энэ хэлтэст өөрийнхөө хэвлэл мэдээлэл болон хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нөхдийг тавьсан байсан. Тэд нь хөлсөөр ажиллах гэрээтэй байсан. Хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компанид гэрээтээр ажиллахыг хориглосон. Энэ нь ч зөв.
Өнөөдөр С.Наранцогтын дагуулж ирсэн энэ хоёр хүн үндсэн орон тоонд томилогдсон. Нэг нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ- ийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Үүгээр ч зогсохгүй долоон сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нь өгөөд явуулчихсан байгаа юм. Ийм байж болохгүй. Үүнийг нь хэлэхэд би ад үзэгддэг. Энэ хэлтэс хэзээ байгуулагдсан, сонгон шалгаруулалт нь хаана явагдсан талаар асуухад “Та оролцох хэрэггүй ээ. Компанийн ТУЗ-д энэ бүтцийг батлуулсан хүн байгаа” гэж хэлнэ. Гүйцэтгэх захирал С.Наранцогт эрхийг нь өгсөн байдаг. Компани дотор ийм л асуудал өрнөж байгаа.
Засаглал, шийдвэр гаргалтын зарчим нь алдагдсан байгаа нь эндээс ил цагаан харагдаж байгаа юм. Би үүнийг шүүмжилснээрээ ажлаас халагдлаа. Ийм асуудлаар ажлаас чөлөөлөгдөх ёсгүй. Ийм учраас би гомдолтой байгаа юм. Наранцогтын ажлын арга барил нь хүмүүсийн ажлыг гацаах. Өнөөдөр Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер ажлаасаа халагдсан байна. С.Наранцогтын зүгээс сүүлийн гурван сард шалгалт хийх бүх удирдамжийг нь зогсоосон байгаа юм. Тийм байж чи ажлаа хийгээгүй гэж хэлээд ажлаас чөлөөлсөн. Шийдэл эрж хайдаггүй.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.
-2023 оны долдугаар сард жилийн инфляци 9.2 хувь болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ингэснээр инфляци 2021 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орж байна. Үүнд юу, юу голчлон нөлөөлөв?
-Үнийн өсөлт сүүлийн 20 гаруй сарын хугацаанд хоёр оронтой тоотой байсан. Инфляци өндөр байх нь иргэдийн амьжиргаа, ААН-үүдийн үйл ажиллагаанд хүнд тусдаг. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард инфляцийн өсөлт буурч нэг оронтой тоонд орлоо. Инфляци буурлаа гэдэг нь үнийн өсөлтийн хурд удааширч байгааг илэрхийлж байгаа юм. Зүйрлэвэл өнгөрсөн оны өдийд үнэ жилийн 16 хувийн хурдтай өсч байсан бол одоо 9.2 хувийн хурдтай өсч байна гэсэн үг. Өнгөрсөн сарын хувьд улирлын онцлогоос шалтгаалж махны үнэ тогтворжиж ирсэнтэй холбоотойгоор үнийн өсөлт саарч, нэг оронтой тоонд орсон.
-Бараа, бүтээгдэхүүний үнэ буураагүй байхад инфляци буурсан гэх мэдээлэл гарахад олон нийт бухимддаг. Инфляци нэг оронтой тоонд орсон нь үнийн өсөлтийн хурд саарч байна гэсэн үг гэж та ярилаа?
-Тийм ээ. Инфляци буурлаа гэдгийг уншаад юмны үнэ буураагүй байхад статистикийн байгууллага буруу тооцоо гаргалаа гэж зарим хүн шүүмжилдэг. Инфляци бол иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг 411 бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлтийг илэрхийлдэг үзүүлэлт. Тухайлбал, зургадугаар сард инфляци жилийн 10.2 хувь байж байгаад долдугаар сард 9.2 хувь болж буурлаа гэдэг нь энэ оны зургадугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2022 оны зургадугаар сартай харьцуулахад дунджаар 10.2 хувиар өсч байсан бол долдугаар сард өмнөх оны долдугаар сартай харьцуулахад 9.2 хувиар өссөнийг илтгээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийн хурд саарсан байна. Зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнэ буурвал инфляци хасахтай гарна. Тэгэхээр үнийн өсөлтийн хурд буурсан гэж ойлгож болно.
-Монголтой эдийн засгаараа ойролцоо орнуудтай харьцуулахад манай инфляцийн өсөлт ямар түвшинд байна вэ?
-Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд инфляци дэлхий нийтийн асуудал байсаар ирлээ. Цар тахлын хөл хорионоос шалтгаалан тээвэр логистик саатсан, мөн цар тахлын эсрэг төсөв, мөнгөний хэт тэлэх бодлоготой холбоотой. Инфляцийн түвшин улс орнуудад харилцан адилгүй байсан. Тухайлбал, АНУ болон Европын орнуудад үнийн өсөлт сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч нэмэгдсэн бол сүүлийн саруудад үнийн өсөлт саарч байна. Харин Азийн орнууд, тэр дундаа БНХАУ-ын хувьд инфляци төдийлөн өндөр байгаагүй. Харин хасахтай буюу дефляцийн шинж тэмдэгтэй болоод ирлээ. Энэ нь тус улсын эдийн засгийн онцлог, идэвхжил, үйлдвэрлэлийн чадавхтай холбоотой.
Манайтай ижил төстэй улсуудын хувьд гэвэл долдугаар сарын байдлаар Казахстан улсын инфляци 14 хувь, Киргизстан улсынх 10 орчим хувьтай байна. Гол нь БНХАУ тэг ковид бодлогоо цуцалсантай холбогдуулан чингэлэг тээврийн үнэ хэвийн түвшинд хүрч, тээвэр логистикийн үнийн өсөлтөд цар тахлаас шалтгаалсан нөлөө ерөнхийдөө арилж байна гэж хэлж болно.
-Сүүлийн 20 гаруй сар хоёр оронтой тоонд хадгалагдаж байсан үнийн өсөлт буурч байгаа нь сайн хэрэг. Тэгвэл цаашдаа яах бол. Энэ оны хувьд дунджаар 10 орчим хувьд байна гэж шинжээчид таамаглаж байгаа шүү дээ?
-Эдийн засгийн төсөөлөл хийдэг байгууллагуудын таамаглалд инфляци жилийн эцэст 10 орчим хувьтай байхаар төөсөөлсөн. Энэ нь үнийн өсөлт энэ жилдээ асуудал хэвээр байна гэдгийг илтгээд байна гэсэн үг. Манай улсын хувьд цар тахлаас шалтгаалсан тээвэр, логистикийн саатал инфляцид хүчтэй нөлөөлж байсан бол өнгөрсөн саруудад хаваржилт хүндэрснээс шалтгаалсан махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байсан. Харин ирэх саруудад төсөв, цалингийн өсөлт, эдийн засгийн идэвхжил инфляцид түлхүү нөлөөлөхөөр байна.
-Инфляцид нөлөөлөх гадаад хүчин зүйлсийг хэрхэн харж байна. АНУ-ын суурь инфляци хоёр дахь сардаа дараалан 0.2 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хамгийн бага дүнд тооцогдож байна. БНХАУ-д инфляци долдугаар сард 2021 оны эхэн үеэс хойш анх удаа буурсан байх төлөвтэй байна. Эдгээр хүчин зүйл манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Холбооны нөөцийн банкнаас жил бүр дэлхийн Төв банкууд болон эдийн засагчдыг оролцуулж бага хурал зохион байгуулдаг.Энэ хурлын үеэр Холбооны нөөцийн банк бодлогын асуудлаа хөндөх байх. Ерөнхийдөө АНУ-ын инфляци саарч байгаа нь цаашид тус улсын мөнгөний бодлого хатуурахгүй буюу манай улсад орж ирэх зээл, санхүүжилтийн өртөг нэмэгдэхгүй, тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. Харин БНХАУ-ын хувьд инфляци нь хасах болж, экспортын хэмжээ буурч байгаа нь эдийн засгийн идэвхжил саарч байгааг нь илтгэж байна. Энэ нь удаан үргэлжилбэл манай улсын түүхий эдийн экспортын үнэ, хэмжээ буурах зэргээр эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлж болзошгүй.
-Түүхий эд тэр дундаа нүүрс, зэсийн үнэ, төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-Оны эхэнд төсөөлөл хийдэг олон улсын байгууллагууд, шинжээчдийн дүгнэлтээр нүүрс, зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх төсөөлөл гарсан. Тэгэхдээ сүүлийн саруудад БНХАУ-ын эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн салбар, экспортын бууралт зэргээс шалтгаалан хүндрэлүүд гарч байна. Энэ хүндрэлүүд даамжирвал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь БНХАУ бол түүхий эдийн гол хэрэглэгч улс.
-Намрын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна. Ямар төлөвтэй байх таамагтай байна вэ?
-Манай улсын эдийн засагт оны эхний хагасын байдлаар хэд, хэдэн эерэг үзүүлэлтүүд гарлаа. Тухайлбал, БНХАУ-д хийх экспорт хил, гаалийн саатал арилснаар нэмэгдэж, уул уурхайн олборлолт 45 хувиар өсч, энэ нь эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө буюу 3.9 нэгж хувиар нөлөөллөө. Уул уурхай, экспортын өсөлтийг дагаад тээврийн хэмжээ нэмэгдэж, энэ нь үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг 3.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Цаашид оны эцэс хүртэл экспорт сайн гарвал эдийн засгийн өсөлт харьцангуй эерэг байх төлөвтэй байна.
Харин энэ оны хувьд хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малын хорогдол 3.9 сая толгойд хүрч, өмнөх жилтэй харьцуулахад хорогдол 3.7 сая толгойгоор нэмэгдлээ. Үүнээс шалтгаалж хөдөө, аж ахуйн салбар 9.9 хувиар агшсан буюу өсөлтөд -1.7 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ нь хөдөөгийн өрхийн орлогод ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байна.
-ҮСХ-ны хувьд эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна томоохон судалгаанууд хийдэг шүү дээ. Сүүлийн үед ямар судалгаанууд зохион байгуулж байна вэ?
-Үндэсний статистикийн хороо энэ жил нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа, Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн судалгаа зэрэг гурван судалгааг зохион байгуулж байна. Эдгээр судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийн өсөлт, хөгжил, эрх хэрхэн хамгаалагдаж байгаа байдал мөн гэмт хэрэгт хохирох эрсдэл, хохирсон байдал зэрэг үзүүлэлтүүдийг шинээр тооцох юм. Ингэснээр төрийн байгууллагуудаас боловсруулан хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн үр дүн, тэдгээрийг үнэлэх боломж бүрддэг. Эдгээр судалгааг бид НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Судалгааны үр дүнд Монгол Улсын нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал хөндөгдөнө гэдэгт итгэлтэй байна.