Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байгаа тул үүнийг МСНЭ эрс эсэргүүцэж байна.
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
Аливаа эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлах алхмыг хэрэгжүүлэхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргийн дуулиан, түүнд хандах олон нийтийн сэтгэл хөдлөл, эс бөгөөс цар тахал, халдвар, байгалийн гамшиг зэрэг цөөн давтамжтай үзэгдэл, үйл явдлаар халхавчилдаг бөгөөд Засгийн газрууд сүүлийн жилүүдэд уг технологийг чадамгай ашиглан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг илтэд хумих хууль, дүрэм, журмыг удаа дараа батлан гаргахыг санаархсаар ирсэн.
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2023-10-14

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

 Ачаа тээвэр хэвийн байна гэв DNN.mn

Онлайн худалдаа эрхлэгчид, Карго тээврийн компаниуд ачаа бараа орж ирэхгүй удаж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сайханзаяагаас тодрууллаа.

-Ачаа бараа орж ирэхгүй удааширч байна гэсэн мэдээлэл байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хятадын боомтууд хэд хоног ажиллахгүй амарсан. Одоо хэвийн горимондоо орчихсон ажиллаж байгаа. Замын-Үүд-Эрээн боомт есдүгээр сарын 29 болон аравдугаар сарын 1, 3-ны өдрүүдэд амарсан. Энэ хооронд авто замын боомт нь бас амарсан. Түүнээс болж хэд хоног ачаа овоорсон байх магадлалтай. Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Хавирга, Ханги, Булган, Бургастай, Сүмбэр, Рашаан боомтууд аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл амарсан юм байна. Одоо бол хэвийн горимдоо орсон.

-Олон нийтийн сүлжээгээр оросын ачаа 15 төгрөг, монголын ачаа 100 төгрөгөөр тээвэрлэж байна гэсэн зүйл яваад байх юм. Энэ ямар учиртай юм бол?

-Түүнийг гаалийн байгууллага мэдэхгүй. Ачаа тээврийн компаниуд үнээ хэрхэн тогтоох нь тэдний дотоод асуудал л байх.

Ингээд үнэ болон төмөр замын ачаа тээврийн талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайгаас тодрууллаа.

-Ачаа тээвэр орж ирэхгүй удаад байна гэх юм. Чингэлэг тээвэр дээр нөхцөл байдал ямар байна вэ?

-Удаж байгаа юм байхгүй. Сая хятадын тал арваад хоног амарсан. Өчигдрөөс ажил нь эхэлсэн байх. Манайд ирсэн ачаа бараа хүлээгдэхгүй шууд наашаа ачаад оруулж байгаа. Хятадын боомтын асуудлыг төмөр зам зохицуулахгүй шүү дээ. Монгол Улсын хилээр орж ирсэн юмыг л бид нааш нь тээвэрлэж авчрах үүрэгтэй. Улаанбаатар хотын терминалууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги хэвийн ажиллаж байгаа. Тээвэр хэвийн явж байна ямар нэгэн гацалт, саатал байхгүй.

-Олон нийтийн сүлжээгээр оросын ачаа 15 төгрөг, монголын ачаа 100 төгрөгөөр тээвэрлэдэг гэх зүйл яваад байна. Энэ ямар учиртай юм бол?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Төмөр замчдыг өнөөдөр транзит тээвэр тэжээж байна. Тэр ямар ч эх сурвалжгүй худал мэдээлэл.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” үйлдвэрийн 1.26 тэрбум төгрөгийн зарлага Шилэн дансны хуулийг зөрчжээ DNN.mn

Эрдэнэт үйлдвэр 2023 он гарсаар данснаасаа 2.58 их наяд төгрөгийн зарлага хийснээс 1.26 тэрбумынх нь эзэн холбогдогч тодорхойгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ямар аж ахуйн нэгж, иргэнд ямар зориулалтаар шилжүүлсэн баримт, тайлбар байхгүй. Нийтэд нь “Батлагдсан төсвийн дагуу” гэх ерөнхий тайлбартайгаар шилжүүлсэн мэдээлэл тус үйлдвэрийн шилэн дансанд бичигджээ.

Энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс тодруулахаар Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоход “Манай байгууллага хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх зарлага баримттай. Их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд учраас нэгтгэж амжаагүй байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэснээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд 6.4.4-т таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг, 6.4.5-д цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийг тодорхой бичнэ гэж заажээ

Шилэн дансыг төрийн өмчит байгууллагууд хэрхэн, яаж хөтлөх талаар аудитор И.Туяагаас тодруулахад “Шилэн дансны хууль бол төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой батлагдсан хууль. Тендерт оролцсон бол өрсөлдөгч байгууллагууд тухайн мэдээллийг ил тод нээлттэй авах эрхтэй. Мөн хөрөнгө оруулагч, татвар төлөгчид хэн бүхэн төсвийг хянах эрхтэй. Нэг ёсондоо төр нь ч хянана, олон нийт ч хянах зориулалттайгаар хууль батлагдаж, төрийн өмчит байгууллага бүр шилэн дансыг хөтлөх үүрэг хүлээсэн. Шилэн дансыг хөтлөхдөө тухайн байгууллагаас гарч байгаа зарлагыг зориулалт бүрээр нь тодорхой бичих ёстой. Ажил үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулсан бол түүнийг хавсаргах, тушаал шийдвэрүүд ч баримттайгаар орох ёстой юм. Гэтэл манай төрийн өмчит байгууллагууд тоо биччихээд л хуулиа хэрэгжүүлсэн дүр эсгэдэг болсон. “Батлагдсан төсвийн дагуу” гэдэг тайлбар, агуулга огт байх ёсгүй. Ийм маягаар худалдан авалтаа нууж байна гэсэн үг. Зарцуулалтаа нуух шалтгаан байгаа гэсэн үг” гэсэн юм.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Амартүвшин: Либертари нам яаж үзэл санаандаа тууштай байдгийг зааж өгнө DNN.mn

Либертари намын дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө танай нам анхдугаар их хурлаа хийлээ. Энэ хурлаар ямар асуудлууд шийдэв?

-Манай нам анхны хурлаараа намынхаа дүрмийг баталлаа. Туг, далбаа болон намынхаа удирдах багийг сонгож баталгаажуулсан байгаа.

-Ингэхэд Либертари нам ямар бүтэц, зохион байгуулалтаар ажиллах вэ?

– Манай намын бүтэц бол маш цомхон ойлгомжтой, авсаархан. Бага зардалтай бүтэц бий болгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо цөөн. Бидэнд генсек гэж байхгүй. Харин менежэртэй байна. Энэ мэтчилэн манай нам бусад улс төрийн намуудаас ялгарах шинэлэг бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр шиг нүсэр, данхайсан масс гишүүнчлэлийн бүтцээс манай нам татгалзаж байгаа.

-Танай нам ямар бодлого баримтлах вэ?

-Хэт их төвлөрсөн, данхайсан төрийн эрх мэдлийг бид аль болох өөрийнхөө чадах чинээгээр багасгах зорилготой бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хавтгайрсан халамжийг танах ёстой.

Төрөөс бүх төрлийн үнийг хянаж байгаа хяналтуудыг тодорхой шат дараатайгаар байхгүй болгох хэрэгтэй байна. Мөн ард түмний нуруунд хүнд дарамт болж байгаа хэт өндөр татваруудыг аль болох минимум хэмжээнд аваачих бодлого баримтална. Ер нь төрийн данхар бүтцийг хумья гэвэл төрийн албан хаагчдын болон яамдын тоог багасгах зайлшгүй шаардлагатай.

-Либертари нам хэдэн гишүүнтэй вэ. Ямар боловсролтой залуусын нэгдэл болов?

-Манай нам 1050 гишүүнтэй. Гишүүдийн маань 94 хувь нь 18-38 насны залуучууд байгаа. Боловсролын хувьд хувиараа бизнес эрхэлдэг, ажил олгогчид голдуу байна. Бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа залуусаас гадна тодорхой албан тушаал эрхэлдэг, яг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явдаг дундаж давхаргынхан, жирийн иргэд маань ч Либертари намд итгэл үнэмшлээрээ нэгдээд байна.

-Жижиг намуудыг МАН-ын халаасны нам гэж нийгэм шүүмжилдэг тал бий. Ялангуяа сонгуулийн жил ойртсонтой холбоотой улс төрийн намууд шинээр мэндэлж байгаа нь санал хуваах зорилготой гэх нь ч бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой. Өнөөдөр манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй нам байна. Тэгвэл эдгээр намууд сонгуульд санал хуваадаггүй юм уу. Яагаад шинээр байгуулагдсан намууд санал хуваана гэж. Харин ч эсэргээрээ манай нам бол Монголын анхны үзэл санааны нам болох зорилготой. Тэгэхээр санал хуваах, үгүй гэхээсээ илүү нам ер нь ямар байх ёстой юм. Үзэл санаа гэж юу юм. Яаж үзэл санаандаа тууштай байдаг юм бэ гэдгийг зааж өгөхийн тулд бид Либертари намыг байгуулсан юм.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Социологич Н.Батзориг: Нийгмийн асуудлуудыг “хагархай цонхны онол”-оор шийдвэрлэж явбал зөв системийг удаан хугацаанд хадгална DNN.mn

Мэргэжлийн социологичдын холбооны үүсгэн байгуулагч Н.Батзоригтой ярилцлаа.

-Хагархай цонхны онолын тухай нийгмээрээ ярьцгааж байна. Жижиг асуудлыг засч сайжруулахгүй орхивол улам томорсоор нийгмийн асуудал, эмх замбараагүй байдалд хүргэдэг агуулгатай. Энэ онолын үр дагавар манайд бодитоороо бий болчихоод байна уу даа?

-Социологид үүнтэй ижилхэн онолууд бас бий. Девиацийн онолууд, хамтын замналын онолууд дээр энэ тухай илүү чухалчилж авч үлдэг. Эдгээр онолд аливаа нийгмийн асуудал, үзэгдэл үйл явцыг тухайн үеийн төр болон нийгмийн харилцааг зохицуулж байгаа институт богино хугацаанд шийдвэрлэхгүй бол даамжирч нийгмийн өвчин, гажуудал болж хувирдаг гэсэн санаа. Тиймээс нийгэм гэсэн системийн оролцогч талууд болсон иргэд, олон нийт байгууллагад тулгамдаж байгаа асуудал, үйл явцуудыг хагархай цонхны онолын зарчмаар богино хугацаанд шийдвэрлэж явснаар нийгмийн хөгжил, зохион байгуулалттай системийг удаан хугацаанд хадгалах суурь болдог.

Монголын нийгэмд хулгай авлига, нүүрсний хулгай, хүүхдийн хүчирхийллийн асуудал, сошиал сүлжээнд гарч байгаа олон төрлийн хүчирхийллүүдийг шийдэхгүй удаан хугацаанд ужигруулж явж байгаа нь девиаци буюу нийгмийн хэм хэмжээг зөрчсөн суурь хүчин зүйл болж байгаа гэдэгтэй социологич хүний хувьд санал нэг байна

-Шийдэл гарц юу байж болох вэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ажиллаад л байх шиг байна. Гэвч засарч сайжрахаас илүү улам дордоод байгаа үзэгдэл олон талд байна. Нийгмийн сөрөг үзэгдлүүдэд нийгэм дасчихдаг болсон байна шүү дээ?

-Хүн хоорондын харилцан үйлчлэлийг судалдаг социологийн шинжлэх ухааны хувьд энэ асуудлууд яагаад үүсээд байна вэ гэхээр өнөөдөр хүртэл шалтгаантай биш үр дагавартай тэмцсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж, ийм процессоор л явж ирсэн. Үндсэн шалтгаан энэ. Нийгэм даяараа ийм болчихоод байна.

Уг нь үр дагавартай биш шалтгааныг арилгах тал дээр ажиллах ёстой. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, авлигаас гарч байгаа үр дагаврыг ярьж, түүнд ач холбогдол өгсөөр байна. Гэр бүлийн хүчирхийлэл гараад байгаа шалтгаан юу байна вэ, хүчирхийлэл, авлига үйлдэгдээд байгаа шалтгаан юу юм бэ гэдэг системийнхээ үндсэн ойлголт, шинж чанарыг таних зүйлийг маш бага хийж байна. Хүүхэд хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд сургууль хэр хүртээмжтэй байна вэ, сургууль дээр зааж байгаа зүйлс хүүхдүүдэд хүрдэг үү, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэр харилцдаг, өрхүүдийн эдийн засгийн чадавхи ямар байна гэсэн суурь асуудлуудаа хамгийн түрүүнд ярьж, шийдэж байж эрсдэл гарахгүй байх суурь болдог. Нийгэм даяараа, ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Үр дагавартай тэмцдэг гэдгийг олон хүн ярьдаг. Замын түгжрэлийг шийдэхээр болоход дугаарын хязгаарлалт хүчээр хийж үр дагавартай нь тэмцдэг. Гэвч үр дүн өгдөггүй. Өнөөдөр хүнд ял шийтгэлийн тухай яригдаж байна. Яагаад манайх ингэж эсрэгээр нь ажилладаг юм бол оо?

-Манай улсад шинжлэх ухаанд ач холбогдол өгдөггүй, шинжлэх ухааны ажилчид, судлаачид, аналистуудаа тоодоггүйтэй холбоотой. Нөгөө талаасаа улстөрчдийн өөрсдийнх нь сонирхол ч байна. Сонгууль, улс төрийн ашиг сонирхлууд явж байгааг үгүйсгэхгүй. Уг нь бид анхнаасаа нийгэмд системтэй аливаа асуудалд хандах ёстой гэдгийг ойлгох ёстой. Хууль баталлаа гэхэд ял шийтгэлийг чангаруулах ёстой гэдэг эцсийн үр дагавар дээр ажиллах гээд байна. Үүнээс өмнө хууль хэр хэрэгжиж байна вэ гэж хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хэмжээд үнэлээд үүнийхээ дараа бодлогоо гаргах ёстой. Энэ хуулийг олон нийт ингэж үзэж байгаа, мэргэжлийн бүлгүүд ингэж үзэж байна гэх мэтчилэн маш олон удаагийн хэлэлцүүлэг процесс дээрээ үндэслэж хуулиа чангаруулах уу үгүй юу гэдгийг шийддэг байх хэрэгтэй.

Одоо бол хэн нэгэн улстөрч, шийдвэр гаргагч гарч ирээд л үр дагавартай тэмцэх бодлого ярьчихаж байна. Эсвэл сошиал дээр явж байгаа массын мэдээлэл дээр тулгуурлаад шууд шийдвэр гаргах гэж байна. Энэ бол асар буруу юм.

Ер нь хуулийн нэг хэсэг хариуцлагын механизм дээр ажилла гэдэг. Тэр хууль ямар зорилгоор гарсан юм, нийгмийн ямар харилцааг зохицуулдаг юм бэ, энэ асуудал маань нийгмийн ийм асуудлуудыг ингэж зохицуулж байгаа, бүхэл бүтэн механизм юм аа гэдэг талаас авч үзээд нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлд яаж бууж байгаа дээр л системийн анализ, шинжилгээнүүдийг хийх ёстой юм. Харин манайд энэ талаарх судалгаа шинжилгээ огт хийгддэггүй. Асуудлыг цогцоор нь ул суурьтай авч үзэх, суурь судалгаанууд, бодлогын шинжилгээнүүд хийх тал дээр манай улстөрчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ойлголтгүй, мэдлэггүй байгаатай л холбоотой асуудал.

-Энгийнээр ярья л даа. Гудамжинд гараад л харахад эргэн тойронд эвдэрч хэмхэрсэн хайс хашаанаас эхлээд л тулгардаг. Хэдэн сарын дараа ч засагдаггүй, улам л муудаж хотын өнгө зүсийг гутааж байдаг. Хүний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг гэх юм?

-Тухайн нэг асуудлыг шийдэхгүй явсаар удаан хугацаанд даамжран хямралын түвшинд очдог гэсэн үг. Социологид үүнтэй төстэй толины тусгалын онол, өсөн нэмэгдэх үнэт зүйлсийн онол, ойртолтын онол гээд ижил төстэй онолууд бий. Эдгээр нэг л зүйлийн агуулгыг тайлбарладаг. Жишээ нь, хотод явган хүний зам эвдэрлээ гэхэд түүнийг богино хугацаанд засахгүй бол бордюурууд бутарч хагараад л байдаг. Удалгүй дээр нь машин тавьчихдаг. Тэр асуудлыг шийдэхгүйгээс болоод явган зорчигч явж чадахгүйд хүрч, жолооч нар машинаа тавьдаг болчихсон, хүүхэд түрээд явж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс явах боломжууд хумигддаг. Явган хүний зам дээр гэхэд ийм олон асуудал үүсч байдаг. Тиймээс асуудал тулгарсан бол тэр талаар холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх иргэдийн оролцоо чухал. Нөгөө талаар төрийн байгууллагууд буюу Нийслэлийн захирагчийн алба, барилга байгууламж, авто зам хариуцдаг газар нь маш богино хугацаанд шийдвэрлэх ёстой. Тэгж байж иргэд аз жаргалтай, сэтгэл ханамжтай байх, аюулгүй орчинд амьдрах эрхүүд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

Социологийн шинжлэх ухааны нэг салбар бол хотын социологи юм. Энэ нь нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж болох сургууль цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн газар зэрэг нь иргэдэд хамгийн ойр, нөгөө талаасаа гэрэлтүүлэг, хяналтын камер зэрэг бусад аюулгүй байдлыг хангах бүтцүүдийг олноор бий болгосноор нийгмийн хэм хэмжээг барих боломжтой гэсэн санааг тайлбарладаг шинжлэх ухаан. Маш энгийнээр бол нийгмийн дэд бүтцүүдийг сайн хийж өгснөөр иргэдийн аюулгүй байдал хангагдаж байдаг.

-Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд эдгээр асуудал орхигдсон. Хамгийн түрүүнд ямар алхам хийх шаардлагатай вэ?

-Бидний байгаа өнөөгийн байдал дандаа үр дагавартай тэмцсээр байгаад жижиг асуудлуудыг тоохоо больчихсон. Энэ маань ужиграсаар байгаад нийгмийн гүнзгий хямралд хүргэх хэмжээний асуудал бий болчихоод байна гэж үзэж байна. Энэ нь олон асуудлаар илэрч байгаа. Жишээ нь, Монгол Улс авлигын индексээр жил бүр хойшилсоор дэлхийд 126-д явж байна. Ядуурлын үзүүлэлт гэхэд гурван хүн тутмын нэг нь ядууралтай гэдэг бүр хямралын түвшин. Боловсролын хүртээмжтэй байдлын үзүүлэлт бас л тааруу. Иймэрхүү үзүүлэлт суурь хам шинжтэй, ужиграх шинжтэй болчихсон байна гэдэг маш олон нийгмийн индикаторуудаар илэрч гарч ирж байгаа.

Тэгэхээр бид системийн хэмжээнд яаралтай эмчлэх оношлох шаарлдлага зүй ёсоор бий болчихсон байна гэсэн үг. Нөгөө талаас нийгэмд бий болоод байгаа криминологийн аюултай үзэгдлүүдийг иргэд олон нийттэй харилцдаг нийгмийн ажлын үйлчилгээг сайжруулах хэрэгтэй болно. Барууны орнуудад нийгмийн ажлын үйлчилгээг асар хүчтэй болгож байна. Үүндээ маш их хөрөнгө хаяж байдаг. Энэ нь зөвхөн баг хорооны нийгмийн ажилтнаар тогтохгүй гэмт хэрэгтнүүд, эмзэг бүлэгтэй ажилладаг нийгмийн ажлыг хэлж байна. Ингэснээр тэд нэг талаас тэдэнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, нөгөө талаасаа нийгэм дээр гараад хэрхэн нийгэмшиж ажил хөдөлмөртэй болгох вэ гэдэг дээр цогц сургалтуудыг зохион байгуулж байдаг. Ингэж тогтмол ажилласнаар зан үйлийн өөрчлөлтүүдийг илүү суулгаж өгдөг. Хүмүүс ярьдаг, бүр мэргэжлийн хүмүүс ч хэлж харагддаг зүйл бол гэмт хэрэгтнүүд нийгэмшихгүй гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хүн бол нийгэмшлийн бүтээгдэхүүн. Тэр хүмүүсийг нийгмийн ажлын үйлчилгээгээр дадал хандлагынх нь түвшинд өөрчлөх боломж бүрэн бий. Манайд гэхэд хорих анги дахь сэтгэлзүйчдийн үйлчилгээг сайжруулахаас эхлэх учиртай. Түүгээр зогсохгүй тэдгээр хүмүүс суллагдсаны дараа нийгэмд хэрхэн аж төрөх хөтөлбөрүүд бэлэн байх ёстой. Ингэснээр гэр бүл хамгаалагдах, энгийн иргэд, олон нийт хамгаалагдах суурь нөхцөл бүрддэж байдаг.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон DNN.mn

АН-ын хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяртай төрийн нууцын асуудлаар товч ярилцлаа.

-Сүүлийн үед өрнөж буй төрийн худалдан авалттай холбоотой нууцын асуудал яригдаад удаж байна. Хамгийн сүүлд гэхэд Хотын захиргаа ногоон автобус худалдаж авахдаа төрийн нууцад хамруулсан нь нэлээд маргаан дэгдээлээ. Ер нь хуулийн талаас харахад энэ үйл явдал зөв юм уу?

-Ерөөсөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг л нууцалдаг. Нууц бол өөрийн гэсэн зэрэгтэй, шалгууртай. Гэтэл ногоон автобуснууд иргэний зориулалттай болохоос цэрэг дайных биш. Армид худалдаж аваагүй. Тийм учраас нууцад авах ямар ч шаардлага байгаагүй.

Нөгөө талаар эндээс нэг зүйл харагдаж байгаа нь нээлттэй тендергүйгээр худалдан авалт хийхийн тулд нууцын тэмдэг ашиглаж байгаа нь буруу. Нэг төрлийн хулгай, луйвар, авлигаа халхавчилдаг арга хэлбэр болгож хувиргаж байна. Үүн дээр бүр ҮАБЗ үүрэг чиглэл өгөх ёстой. Нууцын тэмдгийг төрийн бүх байгууллага хэрэглэхгүй гэж.

Өмнө нь байгууллагын нууц гэдэг нэрийн дор төрийн байгууллагууд иргэдээс нуух гэсэн мэдээллээ оруулчихдаг байсан. Сүүлдээ тэр нь явсаар төрийн нууцыг ийм байдлаар ашигладаг болж байна. Энэ бол хууль бус үйлдэл.

-Төрийн нууцад авах эрх хэнд байх вэ?

-Төрийн нууцад оруулах саналыг Хотын дарга гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Хотын дарга ч бай, Хотын хурал ч бай ийм асуудлыг төрийн нууцад оруулах эрхгүй. Тиймээс энэ асуудал эхнээсээ хууль бус явж ирсэн байна.

-Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжөөр гэж тайлбарласан байх аа?

-Тагнуулын байгууллага өөрөө Төрийн нууцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Хууль тогтоогч биш. Төрийн нууцын хуулийг тогтоогч нь парламент. Төрийн нууцад авахын тулд ямар шалгуур байх ёстой талаар бүх зүйл хуулинд тодорхой байдаг. Тагнуулын байгууллага хууль тогтоогчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх байхгүй.

-Нүүрстэй холбоотой оффтейк гэрээнүүд нууцад байгаа. Заримыг нь ил болгосон, заримыг нь ил болгоогүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ бол дахиад л олон нийтээс нууж, том мөнгөтэй холбоотой үнийн дүнтэй гэрээ хийсэн асуудал. Энэ бол ил тод байх ёстой гэрээнүүд. Учир нь үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр, бирж дээр арилжаалагдах ёстой. Нүүрс ч бай, алт ч бай, зэс ч бай. Тэр утгаараа том гэрээнүүд ч ил байх ёстой.

Угтаа бол монгол төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гарвал нууцад авдаг. Оффтейк гэрээнүүд дээр тийм нөхцөл байдал харагдахгүй байгаа.

Тиймээс бүх асуудлыг үндэсний аюулгүй байдалжуулж ойлгохоо больё. Энэ бол ардчилсан төрийн тогтолцоо. Нээлттэй зарчмаараа шийдээд явах ёстой олон асуудлыг цэрэгжүүлж, дайны нөхцөл байдалд байгаа аятай шийдвэрлэж байна. Тийм байдалд байгаа юм шиг хандлагаар хандаж нууц руу оруулж болохгүй гэдгийг хатуу хэлье. Энэ бол зарчмын асуудал. Манай Үндсэн хууль ч тийм зарчимтай.

-Ил тод тендер зарлаад явуулах гэхээр гацчихдаг, цаг хугацаа алддаг, төсөл бүр унадаг учраас нууцад авчих нь улс орны хувьд ач холбогдолтой гэдэг шүү. Үнэхээр гацчихдаг бол хэцүү биш үү?

-Ямар ч үндэслэлгүй тайлбар. Тийм бол хүнд суралтай Тендерийн хуулиа өөрчлөх ёстой. Тендерт оролцох гэж байгаа ч иргэд байгууллагуудад хүнд суртал үзүүлж, цаг хугацаа алдуулж саад учруулаад байгаа хуулиа өөрчил. Тийм эрх мэдэл Засгийн газар, УИХ-д байгаа шүү дээ. Илүү хөнгөвчил, ил тод, шилэн болго.

Эцэстээ энэ бүхэн явж явж төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон байна. ҮАБЗ-өөс эхлээд төрийн байгууллагаа ил тод байдлын зарчмаа хангах ёстой. Үндсэн хуульд байгаа ардчиллын зарчмыг хангах ёстой. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т ардчилсан ёс, шударга, эрх чөлөөт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдэг. Энэ зарчмыг төрийн бүхий л байгууллага, албан тушаалтан шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэрэгтэй.

Б.ЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Дугардорж: “Ногоон” шиг капитал автобус босгоход хамгийн үнэтэй нь 25 мянган ам.доллар болно DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр энэ онд 384 автобус шинээр авна хэмээн нэгдүгээр сард Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлж байв. Ингээд энэ оны нэгдүгээр сараас эхлэн ээлж дараалан шинэ автобусууд оруулж ирсэн. Хамгийн сүүлд “Ногоон автобус”-ын дуулиан гараад байгаа. Уг автобусуудыг өнгөрсөн есдүгээр сард оруулж ирээд олон нийтэд үзүүлсэн. Гэвч “Ногоон автобус” нь хуучин хэмээн холбогдох хүмүүсийг АТГ-аас шалгаж, заримыг нь цагдан хориод байгаа. Энэ талаар ч нэмэлт мэдээллүүд гарч, хэргийн материалууд нэмэгдэж буйг эх сурвалжууд үгүйлсээр байгаа юм. Өмнө нь манай сонин уг ногоон автобусыг Эрээн-Замын-Үүд боомтоор оруулж ирэхэд сошиал орчин хуучин хэмээн хамгийн эхний постыг оруулж байсан механикийн инженер Ч.Эрдэнэбатын ярилцлагыг хүргэж байсан. Тэрбээр ярилцлагадаа “Тухайн автобусууд 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглогдсон. Би хашаандаа угсарчихсан юм шиг мэргэжлийн бус хүн харахад ч илт хуучин автобусууд. Арлын дугаарыг нь алхаар нүдээд цохьчихсон юм шиг дээрээс нь давхар цохьсон. Дулаалгад нь барилгын хөөс шахсан, Бүх эд ангийг хуучин гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд хар будгаар шүршиж будсан” гэж байв. Тэгвэл хуучин автобусны эд анги, тоноглол хэдэн төгрөг болдог, 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглосон капитал автобус хэдэн төгрөг болох тухай сурвалжиллаа.

Эхлээд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш Д.Пүрэвдоржоос тодруулсан юм.

-“Ногоон автобус”-ны шуугианыг та сонссон байх. 2003 оны эд ангиар сэлбэсэн хуучин автобус хэдэн төгрөгт босох бол?

-Би механик эд ангийг хэрхэн тоноглох, түүнийг хэрхэн хөдөлгөх тухай онолын мэдлэг л заадаг учраас үнэ ханшийн талаар мэдээллийг мэдэхгүй байна. Манай сургуулийн зүгээс тухайн автобусуудыг шалгая гэж хүсэлт тавьсан. Гэвч удирдлагууд солигдсон, холбогдох хүмүүс нь алга гээд хариу ирэхгүй удаж байна. Тухайн автобусуудыг анх оруулж ирэхдээ евро-5 стандартынх гэж хэлсэн.

Манайд евро-5 стандартыг шалгадаг хяналтын багаж хэрэгсэл байдаггүй. Гэхдээ мэргэжлийнхний нүдээр харахад өөр байх гэв.

Ингээд адил төстэй компаниудын худалдан авах газрууд тоног төхөөрөмжөө хэдэн төгрөгт авдаг тухай тодруулав. Нийтийн тээврийн нэгэн компаниас тодруулахад “Сэлбэг хэрэгсэл гурван янзын үнэтэй байдаг. Хямд, дунд зэрэг, үнэтэй. Мэдээж үнээсээ шалтгаалсан чанар дагалдана. Хувийн хэвшлийн компаниудад орлого бага, төрөөс өгөх мөнгө ч бага. Тиймээс бид аль болох хямд сэлбэг хэрэгслээр автобусуудаа засаж тоноглодог” гэх хариултыг өглөө.

Цахилгаан автобус нийлүүлсэн БНХАУ-ын Нанжин хотод байрлах “Golden Dragon” компаниас Монгол Улсад нийлүүлсэн албан ёсны гэрээний үнийн дүн


Ингээд хувийн автобус үйлчилгээ эрхэлдэг жолооч А.Дугардоржтой ярилцлаа.

-Та хувийн автобус үйлчилгээ эрхлээд хэдэн жил болж байна вэ?

-Би анх нийтийн тээвэрт жолоо барьдаг байсан. Тэгээд актад гарсан автобусаасаа нэгийг аваад хувиараа орон нутагт тээврийн үйлчилгээ эрхлэх болсон. Эхэндээ зөвшөөрөл энэ тэрээ бүрдүүлэхэд жаахан явдал суудалтай хэцүү байсан. Сүүлдээ хувийн компанийн нэр дээр явдаг болсон болохоор явдал суудал бага болсон л доо.

-Та актад гарсан автобус авсан гэлээ. Тухайн автобусаа хэзээ авч байсан бэ?

-Би 2015 онд авсан. Бүх тоног төхөөрөмжийг нь урдаас оруулж ирээд сэлбэж зассан л даа.

-Та сүүлд гарсан ногоон автобусны дуулианыг дуулсан байх. Механик инженер хүн манай сонинд ярилцлага өгөхдөө 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглосон автобус гээд байгаа. Тийм хуучин эд анги худалдаж авахад хэдэн төгрөг болох вэ?

-Нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлж байгаа учраас сонсолгүй яахав. Улаанбаатар хотын иргэн бүр үүн дээр чих дэлдийлгээд буруутай этгээдүүдэд яаж хариуцлага тооцох тухай чих тавин хүлээж байгаа гэж итгэж байна. Би ч тэдгээр автобусыг талбай дээр үзүүлэхэд очиж үзсэн. Нэлээд оройхон очсон. Харваас хуучин юм билээ. Миний өөрөө угсарсан автобус шиг л юм байна лээ. Шинэ автобус хэзээ ч тэгж утаа хаяж асахгүй. Ер нь 2003 оны эд анги гэж зах зээл дээр бол байхгүй. Яахав хэрэв хүсвэл захиалгаар хийж өгдөг.

-Тэгвэл захиалгаар хийлгэхээр үнэтэй юу?

-Нөгөө гурван үнийн дүрэм үйлчилнэ л дээ. Мэдээж манайхан юм чинь хамгийн хямдаар нь хийлгэсэн байх.

-Автобусны эд ангиас хамгийн үнэтэй нь ямар эд анги байдаг вэ?

-Мотор, явах эд анги л хамгийн үнэтэй. Эдгээр нь нийлээд хуучин эд анги юм чинь хамгийн үнэтэйдээ 10 мянган ам.доллар л болно. За тэгээд бусад эд анги тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ бүгд нийлээд тийм хэмжээний капитал автобус босгоход хамгийн үнэтэй нь 25 мянган ам.доллар болно.

-Гэтэл тэдгээр автобусын нэг бүрийн үнэ нь 400 сая гээд байгаа шүү дээ?

-Тийм хэмжээний мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн автобус хоёрыг авна. Та бүхэн олон улсын нэр бүхий худалдааны сайтуудаас ороод үзээрэй. Хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн автобус 69 мянган ам.доллараас эхэлж байгаа. Тэр нь электрон автобус шүү. Бусад улс манайх шиг нийслэл хотынхоо төвд дизель түлшээр явдаг автобус хэрэглэдэггүй. Цахилгаан тээвэр л хэрэглэдэг. Бидний хуучин автобусны хэрүүл дэлхийд аль хэдийнэ хоцрогдсон.


Нэг ширхэга автобуснаас 300 сая төгрөгийн “нугалаа” гаргасан уу?

Ногоон автобусны дуулиан дуусаагүй байхад дахин автобусны “Цавчаа”-ны хэрэг мандаж байгаа аж. Тодруулбал, өмнөх онд буюу 2022 онд нийлүүлэгдсэн БНХАУ-ын Нанжин хотод байдаг Golden Dragon компаниас албан ёсоор нийлүүлсэн 160 цахилгаан автобусны нэг ширхгийн үнэ 105.000 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 367.5 сая төгрөгөөр орж ирсэн хэмээн тухайн үедээ мэдээлж байлаа. Уг цахилгаан автобусны бөөний үнэ 95 мянган ам.доллар байсан юм. Энэ хэргийн мөрөөр эх сурвалж холбогдон мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар манайх худалдан авалт хийхдээ цахилгаан автобусны жижиглэнгийн үнээр тооцсон. Үүнээс хэдэн төгрөгийн нугалаа гарсныг тооцъё. Нэг ширхэг цахилгаан автобусыг Монгол Улсад зарсан үнэ үүнд дараахи задаргаа орно. Засгийн газраас гааль, НӨАТ татвар тэглүүлж, монголчуудын дундын санд буюу төсөвт орох ёстой мөнгийг шамшигдуулсан. Тус автобусыг зарсан үнэ 667.5 сая төгрөг. Ширхгийн үнэ нь 367.5 сая төгрөг. Тэгэхээр 300 сая төгрөгийг нэг цахилгаан автобусны үнээс нугалаа гарган авсан байх магадлалтай. 160 ширхэг цахилгаан автобусыг 300 сая төгрөгт үржүүлэхэд 48 тэрбум төгрөг ор сураггүй болоод байна. Гааль, НӨАТ-ыг төлүүлсэн бол нэг ширхэг цахилгаан автобусны үнэ 817 сая төгрөг болох юм. Монголчуудын нийтийн сан буюу улсын төсөвт орох боломжтой 24 тэрбум төгрөгийг Засгийн газар гааль бүрдүүлэлт, НӨАТ-ыг гарган өгчээ. Тэгэхээр 160 ширхэг цахилгаан автобус нь 150 сая төгрөгийн гааль, НӨАТ-ын тэглэлт хийж, үүнээс 24 тэрбум төгрөг мөн л хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон аж. Зөвхөн 160 ширхэг цахилгаан автобусны худалдан авах төслөөс 72 тэрбум төгрөг хаачсан нь ор сураггүй гэсэн тооцоо гарч байна. Үүнд тус цахилгаан автобусыг нийлүүлсэн БНХАУ-ын Нанжин хотод байрлах “Golden Dragon” компаниас Монгол улсад нийлүүлэх албан ёсны гэрээний үнийн дүнг хавсаргаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монгол төрийн сонгууль үндэснийхээ хэвлэлээр сурталчлуулах ёстой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн сайд Х.Болорчулуун  “Бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт, квот тогтоохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Эрдэнэт” үйлдвэрийн 1.26 тэрбум төгрөгийн зарлага Шилэн дансны хуулийг зөрчжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол төрийн сонгууль үндэснийхээ хэвлэлээр сурталчлуулах ёстой” хэмээн өгүүллээ.

Хувийн автобус үйлчилгээ эрхэлдэг жолооч А.Дугардорж “Ногоон” шиг капитал автобус босгоход хамгийн үнэтэй нь 25 мянган ам.доллар болно” гэв.

Либертари намын дарга Д.Амартүвшин  “Либертари
нам яаж үзэл санаандаа тууштай байдгийг зааж өгнө” гэлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.nmma.co/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Оюунболдын допингийн асуудал П.Бат-Очир эмч тантай холбоотой юу, үгүй юу? DNN.mn

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс саяхан “БТСУХ-ныхон “шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ” гэсэн шуугиантай материалыг нийтэд цацсан. Үндсэндээ 2019 оны наадмын допингтой холбоотой асуудлыг баримт нотолгоотой эргэн сөхөж тавилаа.

Түүнд “БТСУХ-ныхон баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг хэрхэн сольж, яаж мөнгө төгрөг нэхэж будлилуулж явсан “түүх” нь баримтаар олдлоо” гээд одоогийн БТСУХ буюу тухайн үеийн БТСГ-ын дарга болон МҮОХ-ны ерөнхийлөгч нарын 2019 оны долдугаар сарын 8-ны өдрийн хамтарсан тушаал гарсныг дэлгэсэн. Наадам эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө ийнхүү допингийн ажлын хэсэг батлагдаж, допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажлыг ВАДА-гийн дүрэм, холбогдох журмын дагуу зохион байгуулалт сайтай гүйцэтгэн, дүнг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэхийг тус ажлын хэсгийн ахлагч П.Бат-Очирт даалгасан байдаг.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан, хүний их эмч гавьяат П.Бат-Очир тэргүүтэй ажлын хэсгийнхэн сорьц цуглуулах байранд гадны хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Мөн нэр бүхий бөхчүүдийг багш, дасгалжуулагчдаар нь дамжуулан “Сэргээшийн шинжилгээний сорьцыг

солино, шинжилгээний хариуг допингийн төрлийн эмийн бодис илрүүлэхээр гаргана” гэдэг байдлаар их хэмжээний хахууль нэхсэн, шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх.

2019 оны допингийн дуулианыг бүгд мэдэж байгаа. Тэр жилийн наадамд түрүүлж улсын аварга цолны болзол хангасан Э.Оюунболдоос допинг илэрсэн шуугиан дэгдсэн. Тэр үед Э.Оюунболд “Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Би энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна. Бөхчүүдээр дайралт хийлгээд, над руу яриулсан. Үүнийг би зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би түрүүлсэн ч, түрүүлээгүй ч надаас допингийн шинжилгээ илрэх байсан. “Чамайг түрүүлсэн, түрүүлээгүй допингийн бодис илрүүлнэ гэж хэлсэн. Надаас 300 саяыг нэхсэн” гэж мэдэгдэл хийж байсан.

Оюунболдын үгэнд бөхчүүдийн дайралт гэдэг үг анхаарал татаж байсан, мөн Хадаа аваргыг ийм байдлаар хохироосон юм билээ гэх үг анхаарал татаж байсан. Бөхчүүдийн дайралт гэж Оюунболд хэн хэнийг хэлэв. Тэгвэл тэр жилийн наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь Оюунболдын допинг батлагдсанаар даян аварга цол хүртсэн. Энэ бүхний нууц тайлал яван явсаар Допингийн эсрэг үндэсний төвийн ажлыг булааж аваад БТСГ, МҮОХ-ноос ажлын хэсэг гаргуулж, ажлын хэсгийн даргаар томилогдсон хүний их эмч П.Бат-Очир тантай холбогдож байна. Та бол Н.Батсуурь аваргатай нэг нутаг Увс аймгийн хүн юм билээ. Мөн Батсуурь аваргын аав Г.Намсрайжав тэргүүтэй Увсын бөхчүүдтэй хамт нэг секц дугуйлангийн тамирчин байсан юм билээ. “БТСУХ-ныхон “шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ” гэх энэхүү шуугиантай материалтай та яалт ч үгүй нэр холбогдлоо. Үндсэндээ 2019 оны наадам буюу Э.Оюунболдын допингийн асуудалтай холбоотой болж таарав уу. Энэ бүхэнд та албан ёсоор хариулт өгч олны таамаглал, эргэлзээ, үнэн худал байдлыг эцэслэх хэрэгтэй байна.

Ө.МАНлАй

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, зүрх сэтгэлээрээ холбогдсон хөрш орнууд DNN.mn

ЭЛЧИН САЙД БИЧИЖ БАЙНА


Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс “хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая: Хятадын санаачилга, үйл хэрэг” цагаан номыг нийтэлсэн, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга учир, амин сүнс, хэтийн зорилго ач холбогдлыг бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд илүү гүн гүнзгий ойлгуулахаар системчлэн тайлбарласан нь Хятадын онцлог бүхий томоохон улс орнуудын дипломат харилцааны аугаа зорилгыг илүү гүнзгий ойлгох боломжтой.

Арван жилийн өмнө “Дэлхий дахинд юу болоод байна, бид яах ёстой вэ?” гэсэн дэлхий дахины түүхийн бүх цаг үеийн асуулттай нүүр тулахдаа Ши Жиньпин дарга том гүрэн, том намын удирдагчийн өргөн цар хүрээтэй стратегийн алсын хараа, улс төрийн онч мэргэн ухаан, эрхэм зорилгоо ухамсарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах саналыг дэвшүүлж, түүхэн эргэлтийн үед дэлхийн хөгжлийг зөв чиглэл рүү хандуулж, эмх замбараагүй байдал газар авсан энэ цаг үед олон улсын хамтын ажиллагааны төлөөх нийтлэг ойлголтыг нэгтгэсэн.

Сүүлийн арван жилийн хугацаанд, Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж, цаг үеийн ороо бусгаа дундуур хүний ертөнцийн зөв замнамыг баримталсаар, хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодит үр дүнд хүрч, цаг үеийг манлайлж буй үзэл санааны хүчийг харуулсан. Төрийн айлчлалаас эхлээд олон талт дээд хэмжээний уулзалтуудад Ши Жиньпин дарга энэхүү гол чухал үзэл баримтлалыг олон удаа системтэйгээр танилцуулсаар, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, урт хугацааны энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт дэлхийг цогцлоохыг үндсэн зорилго болгох, бүх хүн төрөлхтөний хувь заяаны нийтлэг үнэт зүйлээр үнэт зүйлээ эрэлхийлэх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохыг үндсэн замналаа болгох, “Бүс ба зам”-ын бодит платформыг хамтран байгуулж Даян дэлхийн хөгжлийн санаачлага, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагууд шинжлэх ухааны онолын системд чухалчлан түшиглэх онолын системийг аажмаар бүрдсэн юм.

Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цахим орчны аюулгүй байдал зэрэг томоохон сорилтуудад авч хэрэгжүүлэх стратегийн хариу арга хэмжээ гэдгээрээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд зургаан жил дараалан тусгагдаж олон талт тогтоол эсвэл тунхаглалд олон удаа тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэгүүдээр хүлээн зөвшөөрөгдөж ялангуяа хөгжиж буй орнуудын ойлголцол дэмжлэгийг авсан. хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бодит биелэл болсон “Бүс ба Зам”-ын энэ жил мөн 10 жилийн ойтойгоо золгож байна. Хятад улс дэлхийн 152 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөлөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкны тооцооллоор 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг өгч, 40 сая орчим ард иргэдийг ядуурлаас гаргахад тусална хэмээн урьдчилан тооцоолсон байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн байдал хямарч, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ дахин сэргэн ирж, лагер хоорондын сөргөлдөөн улам ширүүссэн нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулсаар байна. Энэхүү нөлөөн дор ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 5.5%-иар өссөн, Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-иас давна хэмээн таамагласан байна. Хятад улс бодлогын бие даасан байдал нь мэдээж илэрхий давуу тал, макро бодлогын арвин их арга хэрэгсэлтэй , том орон зай бүхий ирээдүйтэй зах зээлтэй, олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын таамаглаж байгаагаар Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулснаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байсаар байна.

Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, соёлын нягт харилцаатай, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх” гэсэн хөрш орнуудын дипломат үзэл баримтлал Монгол Улсад гүн гүнзгий суусан байдаг, Хоёр улс өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засаг худалдааны солилцоо, иргэд соёлын солилцоо зэрэг түвшинд хамтран ажиллаж, үр дүнд хүрч, хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээж байна.

Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин даргатай хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын удирдагч “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилт болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжил бодлогын уялдуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн гурван том хөдөлгүүр болсон байна.

Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллах юм. Хятад, Монгол хоёр улс бол хөрш орон, салшгүй түншүүд бөгөөд хоёр тал эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхдөг давуу тал, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. 2022 онд Хятад, Монгол хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, хоёр талын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, энэ оны эхний гурван улирлын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсч, 20 тэрбум ам.долларын зорилго болгосон томоохон амжилт руу ойртсоор байна. Монголын нүүрсний экспорт энэ онд Хятадад 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Монголын талын тооцоолсноор, Хятадын эдийн засгийн 1%-ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%-иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг.

Хоёр орны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь ард түмний хоорондын нягттай харилцаатай байгаа юм. Хятад Монголын ард түмний найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд шинэ эрин зуунд шинэ хөдөлгөх хүчээр хөгжиж байна. Цар тахлын үед “хонины хариуд цай” домог мэт яригдах сайхан түүх болсон. Хятад Монгол хоёр тал цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсад элсний нүүдлийг тогтоох бүс байгуулж, Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээж, хоёр орны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоов. Цар тахлаас хойш “Монголд зочлох жил” аяны хүрээнд Хятадын жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр Эрээнхот боомтын олон улсын авто тээврийн хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын баруун бүсийн гурван аймаг 21 мянган оршин суугчийг “Хятадын цахилгаан”-ыг тогтвортой ашиглах боломжийг олгосон нь “Бүс ба зам” санаачилга юм, эрчим хүчний хангамжийг хариуцан ажиллаж буй Хятад иргэн дөрвөн жил дараалан Монгол Улсын “Төрийн хүндэтгэлийн одон медал”-аар шагнагдсан. БНХАУ-ын Шинжианг Бэйшин зам гүүр групп компани Монголын баруун бүсийн Арвайхээр Баянхонгорт өндөр чанарын хурдны замуудыг тавьсан бөгөөд тус группийн Монголд суугаа төлөөлөгчийн газар ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Хятадын тал “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид харилцан зөвшилцөх, харилцан хувь нэмрээ оруулах, харилцан үр өгөөжөө хуваалцах зарчмыг үргэлжлүүлэн баримтлана. Монгол Улстай “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхий дахинд ашиг тустай энхтайван, найрамдал, хөгжил цэцэглэлтийн замыг бий болгоно. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа бодит биеллээ олсон амжилт нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхийг зогсоох боломжгүй гэдгийг дахин нотоллоо. Хувь тавилан, эрх ашиг нь хоорондоо уялдаа холбоотой дэлхийн тосгонд хэн ч хямралыг хэн ч ганцаараа даван туулж чадахгүй, хэн ч дэлхийг ганцаараа байлдан дагуулж чадахгүй. Зөвхөн нэгдэж, нэг хөлөг онгоц дээр гарж, “zero sum game” гэсэн сэтгэлгээнээс татгалзаж байж л бид илүү сайн хүний нийгмийг байгуулж, дэлхийн тосгонд амьдарч буй энгийн нэгэн хүн бүрд үр өгөөжөө өгөх болно.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань