Өдрийн сонины архиваас…………….………….
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Түвшинжаргалын Баясгалантай ярилцлаа.
-Гэр бүл зохиож, шинэ хүнтэй болоод уран бүтээлийн хэсэг завсарлага авсан дуучин Т.Баясгаланг хэзээ шинэ дуугаа хүмүүст хүргэх бол гэж хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Гэтэл дуучин маань шинэ дуугаар бус кинонд тоглоод гараад ирлээ. Юу болж байгаа нь энэ вэ гэж асуумаар байна?
-Би хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусангүй. Шинэ уран бүтээлүүдээ хийж эхлээд байгаа. Удахгүй үзэгч, сонсогч олондоо уран бүтээлээ хүргэх болно. Одоо гэхэд Монголын анхны 3D клипийг үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна.
Киноны хувьд одоогоос гурван сарын өмнө “Рашаантын 18” киноны уран бүтээлчид надад хандсан юм. “Хэцүү анги” киноны захирал, багш нарын дүрээр нь хүмүүс андахгүй жүжигчин Навчаа, Сараа эгч нар энэ кинон дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэж өгөөч ээ гээд орж ирсэн л дээ. Урьд нь кинонууд дээр хамтран ажиллах санал ирдэг байсан ч дуунаас сэдэвлэж кино хийх гэж байгаа гэдэг нь надад содон санагдсан. Биднийг бага байхад орцонд “Рашаантын 18” гэдэг дуу хаа сайгүй хангинаж, хүмүүс дагаж дуулдаг байсан даа. Ардын дууны хэмжээнд хүртэл түгж чадсан энэ дуунаас сэдэвлэж кино хийнэ гэдэг нь, нөгөө талаас хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид хамтраад нэг баг болж байгаа нь надад таалагдсан. Харин багийнхан маань энэ кинонд нэг дүр бүтээчихээч гэсэн учраас сүүлд нь нэг нүдний эмчийн дүрийг бүтээх гэж оролдлоо. Ер нь киноны багийнхны нэг сэтгэлээр нэг цул болж ажилладаг нь надад тун сайхан санагдсан. Нэг нэгийгээ сайхан энергиэр цэнэглэж, хурцалж байдаг нь тун гайхалтай.
-Өөрөө кино шиг л клипүүд хийдэг байсан даа. Тэгтэл шинэ орчин санагдаагүй байлгүй?
-Чөлөөт уран бүтээлч бол ганцаараа бүгдийг хийдэг бол кинон дээр жинхэнэ багаар ажиллахын чухлыг харуулдаг юм билээ. Нэгнээ өвдчих вий, алдаа гаргачих вий гэж жинхэнэ нэг гэр бүлийнхэн шиг биенээ халамжилж байдаг. Нэг нь алдчих юм бол киноны багт тэр чигт нь нөлөөлж байдаг учраас хичээхээс аргагүй. Кино маань инээдмийн кино. Амьдрал дээр өдөр тутамд гарч байдаг тэр үйл явдлыг хөгжилтэй хэлбэрээр харуулсан. Би өөрөө инээдмийн кинонд их дуртай л даа.
-Сүүлийн үед бүхий л хүмүүс кино руу хуйлрах болжээ. Зарим кино тэрбумаар нь ашигтай байдаг гэх юм. Тийм болохоор л та кино бизнес рүү оржээ дээ?
-Кино хийж байгаа хүн бүр овойж оцойтол мөнгө олж байгаа гэдэг нь юу л бол. Олж байгаа нь ч байна, олохгүй байгаа нь ч нэлээд байна. Сүүлийн үед л энэ талаар судалж байна л даа. Арваас ганц хоёр нь л ашиг олдог байх. Миний хувьд элдэв ашиг харахаасаа илүүтэй дуу кино болж байгаа гэдгийг нь олзуурхан дэмжсэн хэрэг л юм.
-Дууны уран бүтээлдээ зүгээр суугаагүй гэлээ. Гэвч Баясгалангийн гэсэн тодотголтой шинэ дуу сонсоогүй санагдаад байх чинь. Яагаад уран бүтээлийн тал дээр ийм хойрго байгаад байдаг болов оо?
-Би “Өвөлжих хун” гээд нэг сайхан бүтээл дээр ажиллаж байгаа. Нэгмөсөн дуугаа дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодож байна. Хуучин бас ч сайхан дуунууд дуулж байжээ. Би хэсэг уран бүтээлийн засварлага авлаа. Тэгэхээр өмнөх дуунууддаа дүйцэхүйц хийгээд давж гарахуйц уран бүтээл хийе гэж бодож, хүлээж байна. Үнэнийг хэлэхэд санаанд хүрсэн сайхан дуунууд ирэхгүй л байна шүү. Санаанд хүрсэн дуу ирвэл өнөөдөр ч гэсэн дуулахад бэлэн байна.
-Хүмүүсийн танил болж, алдар цол авчихаар хуучин шигээ дэврүүн сэтгэлээр шинэ бүтээлээ хүмүүст дор, дор нь хүргэж чадахгүй хянаад байдаг тал байдаг уу?
-Би үнэндээ тэгж хэцүү талаас нь хүлээж авдаггүй. Хүн хүн өөр өөр л байдаг байх. Үнэнийг хэлэхэд хэсэг уран бүтээлийн завсарлага авлаа, нөгөө талаас нэгэнт гавьяат гэдэг цолыг хүртсэн хүний хувьд мэргэжлийн дуучин хүний чансааг шалгасан, дуучнаас техник шаардсан тийм дууг дуулахсан гэсэн хүлээлт байна аа. Шинэ залуу дуучид ч олноор гараад ирж, тэдэндээ ч бас боломж олгох нь зөв байх, тийм үү.
-Шинэ залуу дуучдад боломж олгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна аа. Ер нь хүнийг ид бүтээх үед нь шагнаж, урам өгч байх нь чухал гэдэг ч уран бүтээлийн хувьд царцааж хөргөчих юм бол хэрэггүй юм биш үү?
-Бусдадаа боломж олгоно гэдэг нь тэр газарт миний гэсэн орой зай үгүйлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа хэрэг л дээ. Түүнээс Баясгаланг дуу хуураас холтгон төсөөлөхийн аргагүй. Дуугаа дуулаад л гараад ирнэ. Би гавьяат цолыг хөл хүнд байхдаа хүртсэн. Хүүгээ төрүүллээ. Хүү маань одоо ой есөн сартай боллоо. Би жил бүрийн гурав, зургадугаар сард уран бүтээлээ үзэгч олондоо барьдаг байсан. Уг нь хоёр жил л өнжсөн юм шүү дээ. Гэтэл танаас эхлээд хатуухан шаардаад эхэлж байна. Одоо уран бүтээлдээ илүүтэй анхаарч, үзэгч олондоо чамбай сайхан бүтээлүүдээ барьж эхлэх болно.
-Хэзээ?
-Тун удахгүй. Одоо бяр амтагдаж байна шүү.
-Олимпийн аварга төрдөг өдөр Кёкүшюүзан та хоёрын хотын гудмаар машинтай давхиж байсан зураг энд өлгөөтэй байна. Ингэхэд та хоёр хэдэн онд танилцсан юм бэ?
-Бид хоёр 2007 онд танилцсан юм. Хуримаа 2009 онд хийсэн.
-Цагаан хоолны ресторан нээсэн байх аа. Баясгалан маань цагаан хоолтон болчихсон уу?
-Би цагаан хоолтон биш л дээ. Монголчуудаа цагаан хоолтон бол гэж уриалахгүй. Гэхдээ махны хэрэглээгээ хянаж байгаасай гэж хүсдэг. Цагаан хоолны “Хайрын зоог” ресторан бол махны хэрэглээгээ багасгаж цагаан хоол идэхийг хүссэн тэр хүмүүст зориулсан ресторан л даа.
-Сүүлийн үед энергийн ойлголт, бясалгалын тухай их ярих боллоо. Өөрөө бага залуугаасаа бурхан шашны дуу дуулдаг байсан. Ямар нэг чиглэлийн бясалгал хийдэг үү?
-Өвөө, эмээ маань бурхны шашин шүтдэг байсан. Багадаа буурал ааваараа тарни заалгуулж, хааяадаа уншчихдаг хүүхэд байлаа. Тиймдээ өөртөө тэрүүхэндээ итгэлтэй нэгэн байсан, хүүхэд байхаасаа л. Бурхан харж байгаа, нүгэл үйлдэхгүй, бурхан шүтдэг болохоор сайхан амьдарна гэж л бодож өссөн. 2003 оноос бурхны тарни, буддагийн дуунуудыг дуулж эхэлсэн. 2009 онд хөл хүнд байхдаа “Баяр баясгалан” гээд бурхны дуунуудаар цомог гаргаж байлаа.
Бясалгалын хувьд 2003 онд Шри шригийн бясалгалд анх сууж байсан юм. Хүн бага боловч бясалгаж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд заавал ажил цагаа алдаж бясалгаад байх хэрэггүй хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөөлөөд бясалгах нь чухал гэж боддог юм. Машиндаа ч юм уу, унтахынхаа өмнө ч юм уу. Түүнээс хэт автаад хажуу хавиргын хүмүүсээ үгүйсгээд, таарч нийлэхгүй байх нь дэмий юм шиг санагддаг болсон шүү. Бид чинь монгол хүмүүс. Монгол нүүдэлчин ахуйн амьдрал өөрөө агуу шүү дээ. Сүүлийн үед би бүр илүүтэйгээр үүнийг ойлгоод байгаа. Заавал Энэтхэгийн аль нэг шашны урсгалд хэт автах бус нүүдэлчин соёлоо шүтэж амьдрах ёстойг. Бясалгалаас авах юм бол бий. Би хэт дэврүүн, омголон байх хорин гурван настайдаа бясалгалд анх яваад нэг зүйлийг ухаарч ойлгосон нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байж сурсан явдал юм.
-Баясгаланг эмээ, өвөөгийн охин гэдгийг нь хүмүүс мэднэ. Хоёр буурайдаа зориулж дуулсан сайхан дуу ч байдаг. Хөгшид нь энх тунх байгаа юу?
-Би чинь төрсөн цагаасаа л зуны амралт болонгуут хоёр хөгшин рүүгээ гүйдэг охин байв. Уг нь би хотод төрсөн хүн ш дээ. Нийслэлийн 89 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, арван жилийн хоёрдугаар сургуулийг төгссөн хүүхэд. Амралт эхлэнгүүт хөдөө явж, хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ирдэг байсан. Би хоёр хөгшин дээр өссөнийгөө их азтай хэрэг гэж боддог юм. Хөгшдийн өвгөдөөсөө өвлөж авсан тэр агуу ухааныг боломжийн хэрээрээ шингээж өссөн дөө.
Тоглолт болгондоо хоёр хөгшнийгөө хамгийн сайхан суудалд урьж, Юндэн Нансалмаа хоёр маань гэдэг байлаа. Сүүлд хоёр буурлыгаа өөртэйгөө ойрхон байлгах гэж Багануурын Гордок тосгонд мал хуйтай нь авчирч, боломж л олдвол тэдэн рүүгээ гүйдэг байв даа.
Буурал өвөө маань гурван жилийн өмнө таалал төгссөн. Бас аавын минь аав саяхан бурхан боллоо. Одоо хоёр хөгшин ээж маань байна даа. Буурал аавыг өнгөрснөөс хойш эмээ маань зундаа Гордоктоо, өвөлдөө ээжтэй минь хамт өвөлжиж байгаа. Өнөөдөр гэхэд эмээ маань манайд ирчихсэн л байна. Эмээгийнхээ наадмын дээлийг хийж өгөх гээд л хөл болж байна даа, бид.
-Эмээ зээ охиндоо эрхэлж өгч байна уу?
-Тэгэлгүй яахав. Эрхэлнэ ш дээ. Би хоёр буурайдаа “Та хоёр намайг өчүүхэн нялхаас минь алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрдэг байсан. Одоо миний ээлж ирсэн. Надад сайн эрхэл. Одоо би алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрнэ” гэж хэлдэг юм. Буурал аав маань охиндоо эрхэлсээр ная гараад бурхан болсон доо.
-Баясгалан гэдэг дуучин олны танил болсон тэр үеийг сөхвөл С.Жавхлан гэдэг дуучин заавал холбогдоно. Та хоёрыг нэг нэгээс чинь салгах аргагүй. Сүүлийн үед С.Жавхлан дуучин маань уран бүтээл гэхээс илүүтэй гал тахиж, улс төр хийгээд, Баясгалан нь бясалгал хийж, айлын гэргий болоод нам болчихлоо гэж хүмүүс яриад байгаа?
-Ангийн маань анд Жавхлангийн сүүлийн үед хийгээд байгаа алхмуудыг харахад залуу хүний эрч хүч, алдахаас айдаггүй тэр л сэтгэлээрээ үгээ хэлж, хийж яваа юм шиг санагдсан. Миний хувьд гэр бүлийн аз жаргалыг эдэлж, гэр бүлдээ цаг заваа илүүтэй гаргаж яваа. Урьд нь дуучин Баясгалан байхад өөрийнхөө төлөө л амьдарч явлаа. Өөрийнхөө босно гэсэн цагтаа босч, орно гэсэн тоглолтдоо оролцоод явдаг байсан. Харин одоо ээж Баясгалан хүүгээ сэрсэн цагт дагаж сэрээд аяар нь байж байна даа.
-Мэдээж, гэр бүлээ гэлгүй яахав. Эмэгтэй хүн бүр айлын галыг сахиж, ээж болдог. Гэхдээ бусдаас уран бүтээлийн авьяастай Баясгалан уран бүтээлээ ч хийж, ар гэртээ ч анхаарлаа тавиад явж болохгүй байгаа юм. Зэрэгцүүлж чадахгүй байна гэж үү?
-Зэрэгцүүлэхээр үү. Зэрэгцүүлэхээр…
Гэхдээ зуун хувь урьдынх шигээ байна гэж байхгүй л дээ. Гэлээ гээд таг болчихгүй. Урьдын адил жилд нэг удаа хийдэг шигээ уран бүтээлийн тоглолтоо хийгээд л явна.
Үнэндээ урьдынх шиг сайхан бүтээлүүд ирэхгүй байна аа. Ямартай л би тоглоом шоглоомын дундуур яруу найрагч, хөгжмийн зохиолч нартаа “Та нарын авьяас билэг чинь шавхагдчихаа юу. Та нар бүтээлээ хийхгүй байгаагаас би хийхгүй харагдаад байна” гэж гомдоллодог юм. Баясгалан шинэ уран бүтээл гаргахгүй байна гэх шүүмжлэл байгаа ч энэ нь зөвхөн надаас шалтгаалахгүй байна. Чаддагсан бол би үгээ бичээд, аялгуу зохиох сон. Даанч, чадахгүй. Нэг хэсэг дууны бүтээл маш ихээр төрдөг байлаа. Зарим нь хоорондоо ялгалгүй шахам. Магадгүй нэг талаас үзэгчдээ залхаасан байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь яагаад уран бүтээл хийхгүй байна вэ гэдэг асуултаа хөгжмийн зохиолчид, яруу найрагчдад та нар тавих хэрэгтэй байна.
-Өөрөө дуурийн дуулаачаар төгссөн хүн. Сонгодог дуулах төлөвлөгөө байна уу?
-Байлгүй яахав. Надад сүүлийн үед поп опера чиглэл их таалагдаад байдаг болсон. Энэ чиглэлээр дуулна аа.
-Таны нөхөр урьд нь гэр бүл зохиож байсан хүн. Хоёр ч хүүхэдтэй. Тэгэхээр гэргийн хувьд илүү ухаан зарах хэрэг гардаг болов уу?
-Тийм ээ. Хань маань өмнө нь амьдрал зохиож, хоёр ч сайхан хүүхэдтэй болсон хүн. Яахав, өмнөх амьдрал нь болж бүтээгүй хоёр тийшээ болсон юм билээ. Ганц бие болоод гурван жил болсных нь дараа бид нийлсэн гэдгийг заримдаа онцолмоор санагддаг юм. Аавгүй өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл эмзэг байдгийг би мэднэ ээ. Би өөрөө ч хойд аавтай өссөн хүүхэд. Хүүхдүүд байнга аавтайгаа уулзахыг хүсч мөрөөдөж байдаг юм. Тиймээс би өөрийнхөө хувьд энэ асуудал дээр нээлттэй байхыг хичээдэг. Харин ээж нь хүүхдүүдээ аавтай нь хэр ойр байлгахыг хүсэх эсэх нь тэр хүний л асуудал шүү дээ.
-Нэг хэсэг хэвлэлээр Кёкүшюүзан өмнөх эхнэртээ мөнгө өгөхгүйн тулд хамаг эд хөрөнгөө Баясгалангийн нэр дээр шилжүүлсэн гэнэ, шүүхдэж шүүхдэж 500 сая төгрөг өгөх болж гэнэ гээд баахан бичсэн учраас ингэж асууж байна л даа?
-Хоёр хүүхэд болон урьдынхаа эхнэрт өгөх ёстой юмыг нь хангалттай өгчихсөн гэж ойлгож болно.
-Өгөхгүй гэж шүүхдээд, бие биенээ үзэхгүйдээ асуудал хүрсэн юм уу?
-Тийм айхтар сүртэй юм болоогүй. Манайхан чинь юмыг дэвэргэдэг улсууд шүү дээ. Өгөх л ёстой юм чинь өгөлгүй яахав дээ.
-Хүүгээ ах, эгч хоёртой нь уулзуулсан уу?
-Одоохондоо уулзаагүй л байна. Би хувьдаа нэгэнт ах дүүс улс хойно уулзах хэрэгтэй гэж боддог. Ээж нь ирүүлэх дургүй байдаг юм аа. Гэхдээ уулзуулах л байлгүй дээ.
-Бас нэг асуух зүйл байна аа. Иймэрхүү зүйл асуугаад байгаад уучлаарай. Гэхдээ өөртэй чинь уулзсаных гадуур яригддаг зүйлсийг тодруулмаар байна л даа. Баясгалан аавынхаа гэр бүлийн хүн ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй таарамж муутай байдаг гэдэг тухайд юу хэлэх вэ?
-Эмзэглэх юу байх вэ. Би аавтайгаа үргэлж холбоотой байдаг.
Саяхан аавын ээж болох буурал ээж маань хөдөөнөөс ирсэн. Тэр хэдтэйгээ уулзалдаад сайхан л байлаа. Дуучин болох удмын үүргийг оноосон хүн бол миний аав. Тийм болохоор би дуулж явах үүрэгтэй хүн. Анхныхаа ярилцлагыг өгч байхдаа аав минь намайг орхиж явсан ч авьяасыг нь өвлөж авсандаа баярлаж явдаг гэж хэлж байлаа. Одоо ч түүнийгээ л хэлнэ.
Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд би багадаа түүний бүх дууг нь цээжээр мэддэг байлаа. Ямар царайлаг, яасан ч гоё эгч вэ гэж бодож, жинхэнэ шүтэн бишрэгч нь байлаа шүү дээ. Харин сүүлд нь аавын маань эхнэр болсон. Би анхнаасаа аавтайгаа өсөөгүй хүн. Ээжийн минь дараа аав өөр амьдралтай байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дараа нь Ш.Чимэдцэеэ эгчтэй амьдрал холбосон. Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд намайг мэддэг ч үгүй байсан биз. Тэд дөнгөж хоёр талаас нийлж, ааваас маань гадна хоёр хүүхдэд нь анхаарлаа тавьж байхад нь гэнэт том болсон охин гараад ирэхээр цочирдоо байлгүй дээ.
-Ямар ч аав нар бөх хүргэнд дуртай. Дээрээс нь танай аав уртын дууч бас бөхийн засуулч хүн. Кёкүшюүзантай гэр бүл болох мэдээг хэр хүлээж авсан бол?
-Их сайхан хүлээж авсаан. Манай хүн аавын хүндэлж, шүтэж явдаг бөх нь байсан.
Би ханийгаа Монголыг Чингэс хаан шиг дэлхийд сануулж өгсөн хүн гэж боддог ш дээ. Аав маань ч манай хүнээр их бахархдаг. “Буянтай учрал бэлэглэсэн өвөг дээдэстээ үргэлж залбирч байдаг болохоор удмыг нь сайхан авч явах хэрэгтэй” гээд уулзахаараа л надад захидаг юм.
Аав минь их ухаантай хүн. Миний ээж ч бас ухаантай мундаг эмэгтэй. Хамаг залуу насаа миний л төлөө зориулж, миний төлөө амьдарсан хүн. Одоо охин нь энэ зэрэгт хүрч сайхан амьдарч байгаад сэтгэл нь амарч байгаа байх даа гэж боддог.
-Танай Элбэгбаяр хүү чинь хоёр ой хүрэх гэж байгаа байх. Дахиад төрөх гэж байна гэсэн яриа сонстож байлаа. Бүл нэмэх төлөвлөгөө юу байна?
-Миний амьдралын нэлээдийг нь хүмүүс зохиочихдог юм ш дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж л боддог юм. Хүүдээ дүү гаргаж өгөлгүй яахав.
-Дуу дуулаад явдаг Баясгалан телевиз удирдаж, янз бүрийн бизнес эрхлээд яваа харагдах юм. Бизнес хийх дуу дуулахаас хэр ялгаатай юм бэ?
-Тун өндөр хариуцлага шаарддаг юм байна. Алдах эрхгүй л ажил юм даа.
Телевиз бол урлаг. Би өөрөө урлагийн хүн. Тиймээс надад телевиз ойрхон санагддаг. Чадалтай хамт олонтой учраас түүртэх юм алга аа. Монголд олон телевиз байгаа ч соён гэгээрүүлсэн телевиз байдаггүй байв. Байгуулагдаад жил гаруй болж байгаа ч манай “Эх орон” телевизийг мэдэхгүй хүнгүй болсон учраас бид баяртай байдаг юм. Гэхдээ судалгааны ажлаас эхлээд анхаарах зүйл их байдаг юм байна. Телевизийнхээ техник технологийн хувьд ч гэсэн нэлээд шинэчлэлийг хийж байгаа.
Мөн “Баясгалантай дэлхий” гээд жирэмсэн эхчүүдийг амраах төв байгуулж ажиллуулж байгаа. Йогийн дасгал, жирэмсэн эхчүүдийг ямар нэгэн эм уулгахгүй, стресст оруулахгүйгээр амар тайван байлгаж байгаад төрүүлэх зорилготой сайхан газар бий. Ер нь олон хүнийг удирдаад аваад явна гэдэг амаргүй ч бас сайхан ажил юм. Би аль болох залуучуудыг дэмжиж ажилд авахыг боддог. Бас ахмадуудаар хүрээлүүлэх дуртай. Тэднийхээ туршлагыг залуучууддаа хүргэх гүүр болно гэж боддог юм. Дуулдаг байхдаа зөвхөн өөрийнхөө ажлыг зохицуулаад гүйдэг байсан бол одоо зуугаар тоологдох хүмүүсийг ажлын байртай болгож, том баг удирдаж ажиллах үүрэгтэй болсон.
-Танай өрөөгөөр жүжигчин Б.Нэргүйбаатар, шог зохиолч Л.Одончимэд гээд аваргууд их хөлхөж байна шүү?
-Манай хэд чинь ажлаа хийнэ бас хажуугаар нь надад эрхэлнэ ээ эрхэлнэ.
-Анзаараад байхад Кёкүшюүзан та хоёрын зан араншин их төстэй бололтой?
-Ер нь төстэй шүү. Манай хүн урлагт хайртай, хөгжилтэй, нийтэч хүн. Бас л багаасаа амьдралын төлөө зүтгэсэн, тэвчээртэй. Энэ мэт адилхан талууд бий.
-Амьдрал юм хойно зөрөлдөх үе байдаг л биз дээ?
-Бид ямар сэтгэлийн хөөрлөөр суучихсан жаахан хүүхдүүд биш. Байгаа амьдралаа бүр илүү сайхан авч явахын төлөө л явж байгаа. Нөгөө талаас Монголынхоо нүүр царай болсон гэр бүлүүдийн нэгийн хувьд өндөр хариуцлага үүрч амьдарна шүү дээ.
Ер нь амьдралаа сайхан авч явах эсэх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг шиг санагддаг. Аливаа асуудал гарахад 99 хувиар би буулт хийдэг.
-Яагаад?
-Манай хүн угаасаа асуудалд зөв ханддаг. Би бүрэн итгэдэг болохоор тэр шүү дээ. Тэгээд ч хэлэх юм байвал сүүлд нь хэлчих арга бий, бий. (инээв)
-Таныг хадам ээжтэйгээ тун адилхан гэж ярих хүмүүстэй олон тааралдсан?
-Хүн болгон тэгдэг юм шүү. Хадам ээж маань их бурханлиг, залуу сэтгэлгээтэй, ойлголцоход их амар хүн. Хүүгийнхээ төлөө 16 жил залбирч суусан хүн шүү дээ. Хүүгээ гэмтэл бэртэлгүй барилдаасай гэж сэтгэлээ чилээж амьдарч ирсэн эх хүн. Би хадам ээжтэйгээ, харин манай хүн миний ээжтэй адилхан ш дээ. Хоёр ээж маань хоёулаа Жавзандулам нэртэй. Овог нь адилхан Ж гэж байгаа. Бид хоёулаа л Жавзандулам нэртэй ногоон дарь эхийн хүүхдүүд болох хувь тавилантай хүмүүс байжээ гэж би боддог юм. Бас бид хоёр адилхан өвөө, эмээ дээрээ өссөн.
-Өвөө, эмээгийн хүүхдүүд цаанаа л өөриймсүү байдаг шүү?
-Тийм ээ. Манай хүн багадаа Авиа, Адиа хоёр дээрээ өссөн юм билээ. Би бол угаасаа буурал эмээ, өвөөгийн хүүхэд хойно. Буурал аав маань сумо их үздэг байлаа. Кёкшюүг хараад “Тэр уул овоо шиг Хавай арлын бөхийг хаячихдаг. Сайхан хүү шүү” гэж ирээд шимтэн үздэг байсан сан. Өвөө маань сумын заан, бас их сайхан дуулдаг хүн байлаа. Ханиа хараад байхад тэр чигээрээ буурал аав маань. Унтаж байгаа нь хүртэл адилхан харагдаж, илүү ихээр хайр хүрдэг гээч. Миний буурал аавыг архи ууж, тамхи татаж байхыг нь энэ ертөнц дээр хэн ч харж байгаагүй. Хүн битгий хэл бурхан ч хараагүй. Тун гэр бүлсэг, гэр амьтай хүн байсан. Тийм хүний дэргэд өссөн болохоор би буурал аав шигээ л хүнтэй сууна гэж боддог байлаа. Харин буурал аавыгаа бурхан болсноос хойш нэг их удалгүй ханьтайгаа танилцсан юм. Тэгээд ч тэр үү, буурал аав маань надад ханийг минь илгээсэн байх гэж боддог доо.
-Батбаяр гишүүн та хоёрыг хааяа гэр барьж зусдаг гэсэн яриа сонссон юм байна…
-Батбаяр бид хоёрын зундаа орж суудаг тэр гэр учиртай гэр л дээ. Ханийн маань өвөө, эмээ болох Авиа, Адиа хоёр маань гучаад онд дөрвөн ханатай энэ гэрийг барьж айл болж байсан байгаа юм. Тэд яг бидэн шиг тахиа, үхэр жилтэй хүмүүс байсан гэдэг. Тэгээд олон жил хамтдаа сайхан амьдарч, өнөр өтгөн айл болсон болохоор нь бэлгэшээдэг юм. Анх гэр бүл болохдоо бид зориуд энэ гэрт орж, гурван сар амьдарсан гээч. Одоо ч өнөө маргаашгүй гэрээ барьж орох гээд л байж байна. Аавынх нь өссөн гэр болохоор би хүүгээ ч тэнд байлгах их дуртай байдаг юм.
-Танай хүн Монголын сумогийн холбооны ерөнхийлөгч байх аа. Бас тэнд байгаа монгол сумочдынхоо албан бус холбооны дарга шиг харагдах юм?
-Монгол сумочид Японд асуудалд ороход манай хүн эндээс аав нь юм шиг л явна шүү дээ.
Сумогийн дүрэм нь өөрөө хатуу. Тусгай дэг жаягтай, бараг л улс доторх улс шиг юм билээ. Хэдэн зуун жил явж ирсэн тэр дүрэм журмаараа хэний ч нөлөөгүйгээр асуудлаа шийддэг.
-Танай хүн болон их аварга Д.Дагвадорж хоёр таарамж муутай гэгддэг. Түүнийг зодог тайлах болсныг хэрхэн хүлээж авч байсан бол?
-Эр хүмүүс дэвжээн дээр барилдахдаа омогтой шартай байдаг. Монголчууд чинь их шартай хүмүүс ш дээ. Тэр утгаар нь хүмүүс таарамж муутай гэж харж байсан байж болох юм. Түүнээс надад тийм байдлаа илэрхийлж, хэлж байсан нь үгүй ээ. Тэгж яривал Дагваа аварга чинь аавын минь нутгийн бөх. Би гэр бүлийнх нь хүнтэй найзууд. Заримдаа сургаар асуудлыг хурцатгахад хүмүүс үнэн гэж хараад байдаг тал байх юм аа.
-Саяхан их аварга Дагвадорж улс төрд орох бодолтой гэсэн байна лээ. Танай хүн Японоос ирээд УИХ-д сонгогдсон. Ер нь бөхчүүд ингээд төр түшээд байх нь хэр зөв юм бол?
-Заавал бөх энэ тэрдээ биш улс эх орондоо нөлөөтэй, зөв сайхан сэтгэлтэй хүн л гарах ёстой гэж би боддог. Бас гадаадад ч дотооддоо ч нөлөөтэй байвал сайн байх. Би хувьдаа сонгинохайрханчуудыг их зөв сонголт хийсэн гэж үздэг. Итгэлийг нь ч манай хүн сайн дааж яваа. УИХ-ын гишүүний зарцуулах төсвөөс 16 дахин давуулсан хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийсэн хүн шүү дээ. Тиймдээ ч АН-аас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүнээр саяхан тодруулсан болов уу. Бага байхаасаа л амласандаа хүрдэг байсан гэгддэг тэр чанар нь одоо ч байдаг. Цаашид ч тийм байх хүн.
Сонгогчдынхоо хүсэлт шаардлагад тун анхааралтай ханддаг. Юу л байна тойрог руугаа гээд байна шүү дээ. Тэгэх ч ёстой байх.
-Олон сайхан бөхчүүд маань Японы иргэн болж, харийн бүсгүйтэй гэрлэж байгаа нь харагддаг. Монголд нь авчирч, сонгогч олны үүрэгт даруулж амьдрах замыг сонгуулсан танд баяр хүргэх ёстой юм шиг санагддаг шүү?
-Баярлалаа. Бас ч тийм тал бий шүү. (Инээв)
Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэ дашрамд зуны дэлгэр сайхан цагийн мэндийг “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хүргэмээр байгааг минь дамжуулж өгөөрэй.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ