Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Худалдааны зохицуулалт хэрэгтэй болжээ DNN.mn

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн системд шилжээд даруй гуч гаруй жилийг ардаа үлдээжээ. Үнэ тохиролцдог дэлгүүрүүдээс өнөөдрийн бидний үйлчлүүлдэг дэлгүүрүүд, худалдааны төвүүд боломжийн хэмжээнд төлөвшсөн байна. Харин бид бүхэн туйлын өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Мэдээж нэгэнт л зах зээлийн зарчим үйлчилж, эзэн нь тухайн бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр зарж борлуулах нь түүний эрх. Гэлээ гээд гурав дахин нугалсан үнээр зарна гэдэг ер нь дэлхийн хаана ч байхгүй үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэвч эдийн засагчдын үг сонин биш. Монгол үйлдвэрлэгч орон биш учраас бараг тэр чигээрээ импортын бараагаар хэрэглээгээ хангахаас өөр аргагүй. Яах вэ холоос тээвэрлэгдэж ирдэг, хил гаалийн болон бусад татварууд нэмэгдээд дээрээс нь олох ашгаа нэмэх нь зүйн хэрэг. Харин тэрхүү бараа бүтээгдэхүүн бараг бүгдээрээ 2-5 дахин нугалсан өндөр үнээр зарагддаг. Өргөн хэрэглээний барааны үнэ ямар ихээр нэмэгдээд байгаа тухай амтай болгон л ярьж бичдэг ч тэрхүү өндөр үнэтэй нэгэнт дасчихжээ. Өндөр үнэ бүх салбарт илэрхий харагддаг. Жишээ нь, эмийн үнэ. Монголд эм тамтаггүй өндөр үнэтэй хэрнээ үйлчилгээ нь туйлын муу. Бараг үйлчилдэггүй ч юм болов уу гэж бодохоор. Ердөө хилийн цаана байх эмийн санд 1500 төгрөгөөр зарагддаг эм Монголд орж ирмэгцээ 10500 төгрөг болчихдог гэх. Энэ мэт байдал тэгээд эрүүл зүй тогтол мөн үү. Яаж ч харсан эрүүл бус тогтол байгаа биз. Гаднаас танил хүнээрээ захиж авчруулсан эмийг гурав хоног уугаад өвчин нам болж байхад эндээс авсан эмийг 14 хоног уугаад ч эдгэхгүй байх тохиолдол маш их. Яг иймэрхүү үнийн хэт хөөрөгдлийн жишээг тоочоод байвал дуусахгүй. Эм бол зөвхөн нэг л жишээ нь. Бидний жишээ болгон ярих дуртай улс орнуудад ч иймэрхүү зүйл байхгүй. Мэдээж тэд үйлдвэрлэгч орон. Гэсэн ч импортын бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэдэг. Тэглээ гээд манайхан шиг дөрөв, тав нугалдаггүй. Иймэрхүү зүйлсийг зохицуулах худалдааны хууль ч юм уу ямар нэгэн зохицуулалт ер нь хэрэгтэй болж байна даа.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ж.Шараа: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа DNN.mn

Өдрийн сонины архиваас…………….

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.


-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн, мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан уу?

-Үгүй. Яруу найрагч Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч, миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна. Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга” гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай, энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн. Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж” гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана. Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв. Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм. Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй. Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе. Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад  “Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа. Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа. Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо, түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ. Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди, Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа. Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь “За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж, гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх, цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг, котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид 60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм уу?

-Манай нутагт зарим хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга, Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За, би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй. Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн. Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу” нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой, судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй. Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ. Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Галбаатар: Сэтгүүлч хуулийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг жишиг байна DNN.mn

 “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр НҮБ-ын байранд болов.

Үйл ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Глоб интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар болон бусад төлөөлөл оролцлоо. Энэ жилийн хэлэлцүүлгээр ирэх онд дэлхий нийтээр 81 улсад 2.6 тэрбум гаруй хүн сонгуульд оролцох гэж буйтай холбогдуулан сонгуулийн үеэрх сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг онцолж, үүнд төвлөрөв. Энэ өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэгдэж байгааг онцлов. Дэлхийн хэмжээнд 2006-2023 он хүртэлх хугацаанд 1600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Эдгээр гэмт хэрэгт холбогдогсдын 90 орчим хувь нь зохих ял шийтгэлээ хүлээгээгүй байна.

Энэ үеэр “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Ажлаа хийж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны биед халдах, тоног төхөөрөмжийг нь сүйтгэх тохиолдол түгээмэл гарах юм. Гэсэн ч хэвлэл мэдээллийн ажилтны биед халдсан этгээд хариуцлага хүлээхгүй үлдэх тохиолдол байна. Энэ асуудалд мөрдөн шалгах байгууллага ажлаа хийхгүй байна уу, эсвэл өөр асуудал байна уу?

-10 жилийн өмнө буюу 2013 оноос эхлээд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тогтоол гаргаад сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрч байгаа явдлыг зогсоох өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад ч энэ өдрийг тэмдэглэж тодорхой үйл ажиллагаа явуулж ирсний нэг нь энэ. Энд хөндөх гол асуудал нь сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт халдлага нь зөвхөн тэр сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа асуудал биш. Иргэдийн мэдэх эрхийн эсрэг үйлдэж буй халдлага. Үүнийг таслан зогсоох ёстой. Сэтгүүлчийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал жил ирэх бүр л өөрчлөгдөж байна. Дайн байлдаантай газар сэтгүүлчид амь насаа алдах тохиолдол олон. Юнеско-гоос амь насаа алдсан сэтгүүлчийн бүртгэл хөтлөгд веб сайт ч бий. Монголд сэтгүүлчийн амь насны эсрэг халдлага байхгүй ч үйл ажиллагаанд нь цензур тавих, сэтгүүлчийн бие махбодь, багаж хэрэгсэлд нь халдах тохиолдол түгээмэл гардаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг үүний эсрэг ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэгт чиглэж байна. Үүнд чухал оролцоотой нь гүйцэтгэх байгууллага буюу мөрдөн байцаах байгууллага. Эрүүгийн хуулийн 14.3-дугаар зүйлд сэтгүүлчийн эсрэг халдлага үйлдсэн тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Бодит байдал дээр энэ зүйл ангиар тухайн хүнийг шийтгэсэн тохиолдол маш ховор. “Глоб интернэшнл” төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад өөр үзүүлэлт харагддаг. Хоорондоо эрс тэс ялгаатай. Үүний цаана сэтгүүлчид өөрсдөө хууль сахиулах байгууллагад гомдол гаргаж байна уу гэх асуудал бий. Хоёрдугаарт гомдол гаргасан ч гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг буруу жишиг байна. Үүнийг засах хэрэгтэй. Хууль сахиулах байгууллага үр дүнтэй ажиллах ёстой. Мөн сэтгүүлч зөвхөн ганцаараа биш олуулаа аюулгүй байдлаа хангах чиглэлээр ажиллах шаардлагатай. Улстөрч, удирдагчид энэ асуудалд манлайлж ажиллах хэрэгтэй байгаа нь судалгаанаас харагддаг.

-Сонгуулийн үеийн сэтгүүлчид халдлагад өртөх нь бий?

-2024 онд дэлхийн 84 улсад сонгууль болох юм байна. Манайд ч сонгууль болно. Сонгуулийн үеэр албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг ил гаргасан нийтлэл, нэвтрүүлэг олонд хүрдэг. Энэ хүрээнд нэр дэвшигчийн эрх ашиг хөндөгдөх нь бий. Улмаар сэтгүүлч халдлагад өртөх эрсдэл бий болдог. Үүнээс гадна сонгуулийн үеэр хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотойгоор цахим дайралтад өртөх асуудал байдаг. Ийм учраас 2024 онд сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад бэлэн үү гэх асуудал энд тавигдаж байна. Мөн цагдаагийн байгууллага сонгуулийн үеэр сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах чиглэлээр тодорхой алба хаагчдаа мэргэшүүлэх, сургах асуудал энд хөндөгдлөө. Сэтгүүлчид ч өөрсдийгөө хамгаалах, эрсдэлтэй газар руу сэтгүүлчээ явуулах эсэхэд редакц анхаарч шийдвэр гаргах хэрэгтэй.

-Зарим редакцын сэтгүүлчид хуулийн  байгууллагад мэдүүлэг өгөхдөө хуульчгүйгээр очих тохиолдол байдаг?

-Сэтгүүлчид цагдаагийн байгууллагад дуудагдах тохиолдол түгээмэл бий. Гол төлөв эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудлаар дуудагддаг. Эрүүгийн процессын хуулиар Эрүүгийн хэрэг дээр заавал өмгөөлөгч авах ёстой. Өнөөдөр сэтгүүлч бүр өмгөөлөгч аваад очиж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Зарим редакцын тухайд хуульчаа сэтгүүлчтэйгээ хамт явуулаад тайлбар, мэдүүлэг өгүүлдэг. Энэ нь хууль зүйн эрсдэлээс сэргийлж байгаа юм. Хууль зүйн асуудал гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Хуулийн болон хуулийн бус асуудлыг сэтгүүлч ялгаж чадахгүй байгаатай холбоотойгоор мэдүүлэг, тайлбар өгөхдөө алдаа гаргах, нөгөө талдаа эх сурвалжаа хэлэхийг албадахад ямар хариулт хэлэх вэ гэдэг дээр бэлэн биш байдаг. Эх сурвалжаа нууцлах эрхээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хуульчийн туслалцаа хэрэгтэй. Ийм учраас мэдүүлэг, тайлбар өгөхдөө заавал хуульчтай оролцох нь зөв.

-Манайд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл хийгээд хариуцлага хүлээлгүй үлдсэн ямар кейсүүд байна вэ?

-УИХ-ын гишүүн болон Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гэдэг хүн хоёр ч сэтгүүлчийг “ална” гэж заналхийлсэн. Заналхийллээ цахим хэлбэрээр буюу зурвас бичиж илэрхийлсэн. Үүний дагуу тухайн сэтгүүлчид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэдгийг шалгуулахаар хандсан. Харамсалтай нь мөрдөн байцаах байгууллагаас үүнийг гэмт хэргийн шинжгүй гэх байдлаар тухайн гомдлыг хүлээж аваагүй. Дээрх үйлдэл нь 14.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Хүлээж авахгүй байгаа нь мөрдөн шалгах байгууллагын хараат бус, бие даасан байдал эмзэг байгааг харуулж байгаа юм. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлын цаана зөвхөн сэтгүүлчдийн асуудлыг ярих биш, хууль сахиулах, мөрдөн байцаах байгууллагын бие даасан хараат байдлын тухай ярих шаардлага гарч байгаа юм. Энэ байгууллага хараат бусаар ажиллаж чадахгүй бол сэтгүүлчдийн аюулгүй байдал тэр хэрээр хангагдахгүй. Энд онцолсон жишээ бол хууль сахиулах байгууллага улстөрчдөөс ангид ажиллах ёстойг харуулсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганбат: Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй DNN.mn

Хотын стандарт хяналтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганбаттай ярилцлаа.


-Хотод хэдэн төрлийн стандарт мөрдөгддөг вэ?

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Стандартчилал хэмжил зохицуулалтын тухай хуулиудад Улаанбаатар хот стандарттай байна гэж тусгасны дагуу нийт 52 стандарт хэрэгжиж байгаа. Энэ 52 стандарт орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан.

-Агаарын чанарын хувьд Улаанбаатар өвөлдөө маш утаатай аюултай нөхцөл байдалд хүрдэг. Үүн дээр агаар орчны судалгаанууд их хийгддэг. Энэ судалгаанууд дээр үндэслэсэн стандартуудыг баталдаг уу?

-Манайх байгаль орчны стандартын хэлтэстэй. Чиглэл бүрээр стандартууд баталсан байгаа. Байгаль орчны чиглэлээр дөрвөн бүлгийн 70-аад стандарт мөрдөгддөг. Жишээ нь, зуслангийн хашааны хаягжуулалт, зуслангийн хашааны байдал, зуслангийн жорлонгийн байдал гэх мэтчилэн. Агаар орчны хувьд Агаарын чанарын газар гээд тусдаа нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг бий. Тэнд агаар орчны бүх судалгаа чиглэлийн ажлууд явагддаг. Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй. Харин галлагааны зууханд стандарт байгаа.

-Гадаад орчны агаарын чанарт машины нүүрсэн яндангийн асуудал их хөндөгддөг. Машины нүүрсэн янданг маш их хэмжээгээр урагш нь гаргадаг. Үүний хорт утаа хүний эрүүл мэндэд заналхийлдэг гэдэг шүү дээ. Үүн дээр хяналт зохицуцлалт хийдэг үү?

-Энэ нь тээврийн үйлчилгээний салбар. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр, хөгжлийн яам, Тээврийн цагдаа зэрэг газрууд хариуцдаг. Үүн дээр манайд хоёр хяналтын байцаагч бий. Ер нь машины ашиглалтын явцад гардаг яндан хулгайлах, түүнийг солих асуудал нь тухайн үзлэг оношилгооны төвүүдээр үзүүлж оношлуулахад илэрч гарна. Түүнээс машин болгоны ёроолыг өнгийгөөд юм гаргаж чадахгүй.

-НЭМҮТ-ийн мэргэжилтний хэлснээр Монгол Улсад дотоод орчны агаарын чанарын стандарт байдаггүй гэсэн. Энэ талаар танайх анхаарч ажилладаг уу?

-Мэргэжлийн хяналтын газар татан буугдахдаа найман агентлаг буюу яам яамныхаа хамааралд очсон. Нийслэл дээр байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид найман агентлагт хуваарилагдаад оччихсон. Тэгээд дотоод орчны стандарт хангагдаж байгаа юу, дотоод орчны агаар хүнд сөргөөр нөлөөлж байгаа юу, үгүй юу гэдгийг шалгадаг эрүүл мэндийн улсын байцаагчид гэж байсан. Тэдгээр байцаагчид Нийслэлийн эрүүл мэндийн газар харьяалагдах болсон. Манайд барилга дэд бүтэц, зам, цахилгаан холбоо, эрчим хүчний байцаагчид шилжиж ирсэн. Улсын хэмжээнд стандарт батлах эрхтэй байгууллага нь Стандарт хэмжил зүйн газар. Шадар сайдын агентлаг. Ямар нэгэн Засгийн газрын агентлагт хамаарагдахгүй. Стандарт хэмжил зүйн газарт үндэсний стандартыг баталдаг. Хотын стандартыг зөвхөн хотод л мөрдөх учир үүнийг ялгаж салгах ойлгох хэрэгтэй. Хотод баталсан стандартыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй.

-Жишээ нь, энэ түгжрэл зөвхөн хотын асуудал шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) 07:00 цагт Яармагаас ажилдаа гарсан хүн өдрийн 11:30 цагт Сүхбаатар дүүрэгт байх ажилдаа ирж байна. Хотын замын стандарт ямар байх ёстой вэ. Хотын нийтийн тээвэр хэдэн цагт нэг ресс хийх стандарт нормтой байдаг вэ?

-Түгжрэлийн эсрэг хууль батлагдаж байгаа. Бас л чиг үүрэг нь өөр газар. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо гэж бий. Хот дотор түгжрэл дунд машин тэдэн км.цагийн хурдтай явна гэдгийг стандартчилаад сууж байна гэдэг өрөөсгөл ойлголт. Дээр нь байгаль цаг уурын нөхцөл байдал шалтгаалж байна гэхээр чиг үүргийн дагуух байгууллагууд л хариуцана.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.

-Нийслэлийн даргаар очоод харахад ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу?

-Нийслэлийн Засаг даргаар томилогдоод үндсэндээ 20 гаруй хоног болж байна. Ирээд бидний хийсэн ажил бол нэн яаралтай Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинтой болъё гэж зорьсон. Их хот гэдэг төрөх эмнэлгээр үйлчилгээ үзүүлснээс авахуулаад нас эцэслэхэд Улаанбаатар хотын үйлчилгээний харьяа төвлөрсөн оршуулгын цэгт оршуулах хүртэлх хүний амьдралын бүхий л үе шатуудад үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү үйлчилгээ үзүүлэх явцад иргэдийг хамгийн их бухимдуулж, амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж, хөрөнгө мөнгө үрж байгаа хоёр том асуудал нь түгжрэл, агаарын бохирдол. Эдгээр хоёр асуудлыг шийдсэний дараа дараагийн асуудлууд энэ хоёр асуудалтай хамтад нь шийдэх асуудал ч байна. Тусад нь зорилт дэвшүүлж шийдвэрлэх бэрхшээлүүд ч байна. Тиймээс энэ хоёр асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зөв гэж үзээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нэртэй анхдагч хуулийн төслийг, дагалдаж нэмэлт, өөрчлөлт орох 26 төслийн хамт боловсруулсан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Болж бүтэж байгаа зүйл байлгүй яах вэ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч, 2040 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж үндсэндээ дууссан. Удахгүй гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллага хамт олон энэ ажил дээр нэлээд суусан байна.

Бид заавал нэг буруутан хайгаад байгаа юм бэ. Хохирогчийн сэтгэл зүйгээр хандаад байна. Бидний өмнө өнөөдөр тулгарч байгаа асуудал хэдэн улстөрч, хэдэн дарга нараас болсон гэдэг. Нэг талаараа бодит үнэн. Нөгөө талаас 1990 онд нийгэмд шилжилт хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал хийгдэж, өмчийн олон хэлбэр, гадаад дотоодод зорчих зэрэг нийгмийн бүхий л том шинэчлэл хийгдсэн. Үүнийг дагаж эерэг, сөрөг үр дагавар гарсан. Тухайлбал, хөдөө орон нутагт байсан сум, сангийн аж ахуй үйлдвэр, заводууд хувьчлагдсан. Зарим талаар хувьчлалын алдаатай бодлогоос үүдэж орон нутагт ажиллаж, амьдарч байсан  мянга мянган иргэд ажлы н байр хайж Улаанбаатар руу нүүдэллэх их нүүдэл эхэлсэн.

Улаан баатар руу ирэх энэ их нүүдэл ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр өнөөгийн хүн амын хэт төвлөрөл, гэр хороолол, агаар хөрс усны бохирдол, дэд бүтцийн дутмагшил, төлөвлөлтгүй хот  бий  болох суурь шалтгаан болсон. Үүнийг ерөөсөө ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтийн үед бий болсон нэг сөрөг үр дагавар нь Улаанбаатарыг төлөвлөлтгүй, замбараагүй болгох суурь алхам тавигдсан.

Эртүүд надтай уулзсан дээхнэ үеийн ахмад ярьж байна лээ, бид яах байсан юм бэ. Хөдөө орон нутгаас нүүж ирж байгаа хүмүүсийг буутай цэргүүдээр хөөлгөх байсан юм уу. Монгол хүн Монголын нутаг дээрээ эсгий гэрээ бариад, айл аймгаараа хаяалж гудамж үүсгэж өнөөдрийн гэр хороолол тэлсэн ш ү ү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах нь та нарын үүрэг гэсэн зүйлийг ярьсан.

– Таныг хотын даргаар очсоноос хойш Нийслэлийн бүх газар цагдаа, хүчнийхэн очлоо гэсэн мэдээлэл гэх үү, шүүмжлэл гэх үү их гарсан. Ер нь өнгөрсөн 30 жилийн бугшсан авлига зэрэг асуудлыг и н г э ж цэгцлэхээр байна уу. Урьд хожид танаас өөр хотын дарга нар ийм шийдвэр гаргаж байгаагүй учраас сонирхож байгаа юм?

-Цагдаагаас нэг л хүн сэлгэж ирсэн. ХЗДХ-ийн яамнаас П.Сайнзориг дарга орлогчоор ирсэн. Мөн яамны хоёр газрын дарга ирсэн. Д.Цолмон хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр, Л.Хосбаяр Тамгын газрын даргаар ирсэн. Бид нийслэл хотод яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх жилийн төсөв, хөгжлийн бодлогын тодотгол, өнөөдрийн хууль зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад хуулийн мэргэшсэн баг байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг нийслэлд авч ирж ажиллуулж байгаа нь үнэн. Жишээлбэл, Үндэсний АУДИТ-ын газраас , Сангийн яамнаас, Барилга, хот байгуулалтын яамнаас НЗДТГ-т шилжүүлэн авч ирж ажиллуулж байна . Дээр нь хот байгуулалтын чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг Барилга, хот байгуулалтын яамнаас шилжүүлж авахаар ажиллаж байна. Яам, агентлагууд нийслэлийн аппаратын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд ажилла гэж Ерөнхий сайд ч хэлсэн.

Цагдаажсан гэвэл нэг л хүн нийтийн тээврийн газрын даргаар очсон. Энд үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйлүүд байгаа. Бугшсан, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл байдлаар ажилладаг . Өнгөрсөн хугацаанд өр төлбөрийг барагдуулаагүй, хяналт шалгалт хийдэггүй асуудлыг цэгцэлье гэсэн бодолтойгоор Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг аваачиж тавьсан. Нэг хүн аваачихаар цагдаажсан төр үүслээ гэх юм.

Шулуухан хэлэхэд, Монгол Улсад хүний нөөцийн хомсдол үүсч байна. Хамгийн их ачаалал даадаг, үнэний хойноос хамгийн их явдаг хүмүүс яах аргагүй Монголын Цагдаагийн байгууллага байгаа шүү дээ. Цагдаа юу нь муу муухай харагддаг юм бэ. Болж   бүтэхгүй , хамгийн хүнд үедээ цагдааг дууддаг.

Д.Отгонжаргалыг Нийтийн тээврийн даргаар ирж ажиллаач гэдэг санал тавьсандаа би одоо ч харамсдаггүй . Учир нь энэ хүн Монгол Улсын Мөрдөн байцаах газрын да рга байсан. Хамаг л ноцтой хэргийг мөрдөн шалгаж явсан. Залуудаа гэмт хэрэгтэнд хүртэл буудуулж явсан хүн шүү дээ. Энэ хүнийг очихоор яагаад нийслэл тэр аяараа цагдаажсан гэж хараад байгаа юм бэ. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт байгаа алдаа дутагдлуудыг өөр салбарын хүн өөр нүдээр харж илүү цахимжуулъя, илүү хүний хамааралгүй болгоё . Автобусаар үйлчлүүлэхдээ жолоочид бэлэн мөнгө өгөх бус нийтийн тээврийнхээ орлогыг арвижуулж, жолооч нарын цалинг хэд дахин нэмэгдүүлье гэсэн бүтээлч юм яриад явж байгаа шүү дээ. Сонгууль дөхсөн учраас нэр нь тодроогүй “баатрууд” олонд танигдах гээд энд тэнд юм хийгээд байна л  даа. Хөөрхөн харагдаж байгаа. Гэхдээ энэ том бодлого, энэ асуудлыг унагаж болохгүй.

Би өнөөдөр намынхандаа шүүмжлүүлж байгаа. Сонгууль дөхсөн байхад чи ийм цочмог арга хэмжээнүүд авах хэрэг байна уу. Сонгууль дөхтөл эвтэйхэн байж байгаад орчхож болохгүй юу гэсэн. Сонгуулийн мөчлөг тааруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилла гэвэл би ажиллахгүй.

– ХЗДХ-ийн сайдаас сэлгэж Хотын дарга болж байгаа нь авлигын эсрэг тэмцэлд Х.Нямбаатараас өөр хүн үлдсэнгүй гэж харагдах юм?

– Нэг талдаа муухай сонсогдож байж магадгүй. Намайг ирснээс хойш Нийслэлийн газрын албаны маш олон хүн шалгагдаж байна. Зарим нь хоригдож байна. Нийслэлийн барилга хот байгуулалтын, газар, агентлагийн олон хүн шалгагдаж байна. Бүгдээрээ өнгөрсөн алдаануудаа эндээ дүгнэж цэгнэж дуусгаад Нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашаа шинэ хандлага, шинэ алсын хараатай, шинэ сэтгэлгээтэй урагшаа алхацгаая. Хуучин хотын даргаар ажиллаж байсан хүнийг уржигдархан АТГ- аас хорьсон байна. Өмчийн харилцааны газрын даргыг хорьсон байна. Надад энэ их таатай сонсогдохгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдахад бид саад учруулах ёсгүй. Одоогийн нийслэл и й н аппаратад байгаа хүмүүст ч би хэлсэн. Дүүргийн Засаг дарга нарыг уржигдар цуглуулж хэлсэн. Б и нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн хот нийтийн бүх чиг үүргийг хот дээр төвлөрүүлэлгүй дүүргүүдэд шилжүүлнэ. Одоо бэлтгэл ажил хангагдаж байна. Хот тохижилтын газар. Улаанбаатар зам арчлалт. Захирагчийн ажлын албыг санхүүтэй нь, хүний нөөцтэй нь, чиг үүрэгтэй нь, тоног төхөөрөмжтэй нь бүхэлд нь есөн дүүрэг рүү шилжүүлж байгаа. Хамгийн гол нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нэг ширхэг л асуудал үүсвэл надад битгий гомдоорой. Бидний хийж байгаа шинэчлэлд хэн нэг увайгүй хүнээс болж алдаа гаргах ёсгүй шүү гэж хэлж байгаа. Энэ утгаараа нийслэл дээр авлигын асуудлаар өөрчлөлт гаргахын тулд энэ хуулиар дүүргүүдэд газар олгохоо больж байна. Мөн Нийслэл зөвхөн дуудлага худалдаагаар олгоно . Нэг байршлыг дуудлага худалдаагаар зарлаж сонирхсон бүх газар орж ирнэ. Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж би яриад ямар ч үр дүнгүй. Нийслэлийн  худалдан авах ажиллагааны зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлье гээд энэ хууль дээрээ бичиж байна. Өөрөөр хэлбэл, бичиг баримт боловсруулах хэсгийг нь МҮХАҮТ буюу мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр хуулийн төсөлд туссан. Нийслэл дээр хамгийн их яригддаг асуудал газартай холбоотой авлигын асуудал, Тендертэй холбоотой авлигын асуудалд гарах байх  гэж бодож байна . Мөн янз бүрийн барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж зорьж байгаа. Хуульд ч бичсэн. Хэт нягтаршилтай газар барилга бариулахаа больё.

Харин дэд төв, тусгай бусад бүсүүдэд газрын байршлуудыг шилжүүлж өгье. Тэгэхгүйгээр бөгс эргэх зайгүй Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор яаж 25 давхар барилга барих гээд байгаа юм бэ. Зөвшөөрөл авсан хүмүүс зөвшөөрлийг нь олгосон эрх мэдэлтнүүд ичих хэрэгтэй. Амь нас нь цагаар тоологдож байгаа хүмүүс тэр эмнэлэгт очиж байгаа. Хөдөө орон нутгаас хүндрээд ирж байгаа хүмүүс Нэгдүгээр эмнэлэг рүү очих гэж бөөн юм болж байхад хашаан дотор нь 25 давхар худалдааны төв бариад зогсож  байгаа нь ичих булчирхайгаа элгэндээ наасан хүмүүсийн үйлдэл. Энэ хандлагыг өөрчилье гэж байгаа.

-Шинэ, хуучин хотын дарга хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энд нь ингэ, тэг гэсэн зөвлөгөө, туршлагаа Д.Сумъяабазар дарга солилцож байгаа биз дээ. Нэг тойргоос хамт сонгогдсон гэдэг утгаараа ч та хоёрыг дотно гэж хардаг?

– Ажил авч,  өгөлцсөнөөсөө хойш бид хоёр уулзаж амжаагүй байна. Бид хоёр Сонгинохайрхан дүүргээс хамт сонгогдсон, маш сайн харилцаатай хүмүүс. Мань хүн ажлаа өгөхдөө надад хэд хэдэн зүйлийг хэлсэн. Хотын газар доорх барилга байгууламжууд буюу инженерийн шугам сүлжээг яаралтай шинэчлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол бид дийлэхгүй юм байна лээ шүү.

Хоёрдугаарт, бүтцийнхээ өөрчлөлтийг, чиг үүргийнхээ шинжилгээг бид хийлгэж  байсан . Та нар үзээрэй. Бүтцээ чадварлаг цомхон болгох чиглэлд ажиллаарай гэсэн зүйлийг хэлсэн. Хамгийн сүүлд нь маш хэцүү ажил шүү, амжилт хүсье гэсэн. Үүнээс хойш бид хоёр албан ёсоор хотын ажил, амьдралыг ярьсан зүйлгүй. Утсаар хоёр, гурван удаа холбогдсон.  Одоогоор хотод байхгүй байгаа байх. Гадагшаа явсан байх. Бид хоёр хамтарч хот удирдалцаад байгаа зүйл байхгүй. Миний нэг зарчим байдаг. Би аливаа ажил хариуцвал хариуцсан шиг хариуцъя. Хариуцлагаа хүлээсэн шиг хүлээе. Урдаа тавьсан ажлынхаа ард гарчихъя гэдэг бодолтой ажилладаг. Тийм учраас таньдаг мэддэг нам ы н ойрын нөхөд ийм тулсан үед ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэг байна уу гэж хэлж байсан. Би хариуд нь “Би сонгуулийн мөчлөгт тохируулж Хотын даргын ажлыг хийх сонирхол алга. Сонгуулийн мөчлөгийг сөрж богино, дунд, урт хугацаандаа үр дүн нь харагдах ажлыг барьж хийе. Түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах хоёроос эхэлье. Энэ хоёрыг шийдсэн цагт хотын дийлэнх асуудал шийдэгдэнэ. Мэдээж хэрэг бид бүгдээрээ хандлагаа өөрчилмөөр байна. Хотын соёлтой болмоор байна. Цонхоороо тамхины ишээ нясалдаггүй болмоор байна.

Агаарын бохирдлы н гол эх үүсвэр болсон инженерийн шугам сүлжээгүй газар, замбараагүй газар олголтыг энэ хуулиар зогсооё. Дахиж яндангийн тоог нэмэхгүй байя гэсэн нэг агуулгыг агуулж байгаа юм.  Хоёрдугаарт нь, одоогоос арван жилийн өмнө Улаанбаатар хотын автомашины тоо 315 мянга байсан бол өнөөдөр 720 мянга болсон. Энэ хооронд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт автозамын сүлжээг 25 хувиар нэмэгдүүлсэн.

Бид өмнөх жилүүдэд иргэдийн автомашин худалдаж авах, импортлох эрхийг хязгаарлалгүйгээр орхиж, замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмье, өргөсгөе, уулзвараа нэмье гэсэн бодлого ярьж ирсэн. Гүүр, зам нэмж тавьснаар түгжрэлийг хэзээ ч нөхөж гүйцэж чадахгүй гэдэг үнэнтэй одоо бид эвлэрэх ёстой.

-Ялангуяа нэг дор хэт төвлөрөл үүссэн энэ нөхцөлд?

-Яг зөв. Улаанбаатар хотын их тойруу дотор 50 га газар бий. Энэ дотор Монголын бүх их дээд сургууль, бүх том эмнэлэг, төрийн бүх байгууллага, соёл, урлаг, спортын үйлчилгээ үзүүлдэг бүх том газар, том аж ахуйн нэгжүүд, ажлын байрууд байрлаж байна. Судлаачдын хэлж байгаагаар таван том суурьшлаас хотын төв рүү ирж  байна. Баруун тал Сонгинохайрханаас, зүүн тал Баянзүрхээс, урд Хан-Уул, Яармагаас, арын Долоонбуудал чигээс, мөн III-IV хороолол чигээс гэсэн таван зүгээс өдөрт хоёр сая 900 мянган зорчих хөдөлгөөн хийж өнөөдрийн төвлөрлийг үүсгэж байгаа гэдг ийг мэргэжлийн байгууллага нарийн тооцоо судалгааны үндэстэй гаргуулсан.

Жилд дунджаар 47 мянган автобус орж ирж байна. Энэ хурдаар явбал 2030 он гэхэд цагт гурван км урагшилна буюу тэг зогсолт хийнэ. Тиймээс цаашид импортын автомашиныг тодорхой хэмжээгээр  хязгаарлах бодлого барихгүйгээр түгжрэлийг яагаад ч шийдэж чадахгүй. Эхний ээлжид яндангийн үйлдвэрлэлийг зогсоож байгаатай адил импортоор орж ирж байгаа 50 мянган машины урсгалыг зогсооё. Гуравдугаарт, их тойруугийн 50 га дотор шинээр 1500 өндөр барилга баригдахаар зөвшөөрлөө авчихсан хүлээж байна. Энэ нягтаршлыг түр зогсооё. Үүний дараа түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлд урьд өмнө хийж байгаагүй арга хэмжээг зоригтой хийе. Ингэхийн тулд эхлээд нийтий н тээврийн шинэчлэл тээвэр зохицуулалт, төлбөрийн систем хүртээмж гэсэн үндсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлье. ЖАЙКА олон улсын судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар 2007 онд Улаанбаатарын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо 24 хувь болж буурсан. 36 хувь нь автомашинаар зорчдог болж түгжрэлийг өнөөгийн түвшинд авч ирж байна.

Иргэд яагаад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо больсон бэ гэдэгт маш тодорхой дүгнэлт бий. Нэгдүгээрт, хүртээмжгүй байдал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн тээвэр зохицуулалт, логиктой холбоос байдаггүй. Шархаднаас Таваншарын эцэс хүртэл ийм уртын чиглэлд ийм түгжрэлтэй газраар явах нь ямар ч маш хүнд биз дээ. Дээрээс нь автобуснууд нь тохь тухгүй, цагаараа явдаггүй, хүртээмжгүй. Оргил ачааллын үед бүгд нэг дор гарчихдаг. Иргэд хэдэн цагаар хүлээдэг. Энэ болгоноос болж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээ больсон. Тиймээс алдаагаа засъя гэсэн бодлогыг эхний ээлжид хэрэгжүүлнэ.

Дараагийн ээлжинд Улаанбаатар хотод хөдөлгөөн зохицуулалт, мөн гэрлэн дохионы ухаалаг зохицуулалт, автозамын зогсоолын зохицуулалтууд, төлбөртэй бүсийн зохицуулалт руу үе шаттай шилжих эрхээ бидний өргөн барьсан хуулиар Нийслэл өөртөө шилжүүлж авъя гэж байгаа юм. Энэ хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогоод иргэдийн халаас руу орох гэж байгаа зүйл биш. Ямагт логик, дараалалтай хийгдэнэ. Төлбөртэй бүс тогтоогдсон тохиолдолд төлбөртэй бүс рүү ордог хэсэгт төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Зогсоолоос нийтийн тээврээр явах, явган алхах, унадаг дугуй, скүүтерээр явах боломжийг нээнэ. 1.5-аас 800 метрийн радиуст ийм зохицуулалт хийе гэсэн агуулга бүхий төлбөртэй бүсийн зохицуулалт орж ирэхээр байгаа юм.

-Олон жил яригдсан ч бодит болоогүй учраас тэр үү, метро гэдэг улаанбаатарчуудын хувьд үлгэр домгийн шинжтэй болсон. Та гарч ирээд метро барина гэчихлээ. Өндөр зардалтай энэ нийтийн тээврийг нэвтрүүлэх гарц гаргалгааг та яаж харж байгаа вэ?

-Метро, BRT, LRT, дүүжин тээврийг олон жил ярьсан. Масс тээврийн хэрэгслийг их хот нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр дундаа манайх шиг нэмэх 40-өөс хасах 40 хэмийн хэт хэлбэлзэлтэй агаарын температуртай улс. Нийтийн тээврээр нэг газраас нөгөө газарт очиход даарч хөрөхгүй, метрогоор зорчих нь хамгийн зөв сонголт гэдэгт хүн бүр санал нэгддэг. Өнөөдөр бидэнд нийслэлийн төсвөөр метро барих нь байтугай газар доогуурх инженерийн шугам сүлжээгээ солих санхүүгийн эх үүсвэр ч алга байна. Тиймээс үүн дээр ирэх онд гаднын томоохон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээр арилжаа солилцоо хийх нөхцөлтэйгөөр метроны төслийг явуулна гэсэн төлөвлөлтийг хийж байна. Энэ сарын дундуур нөхөд ирэх байх. Ирээд хэлэлцээрийн ширээний ард сууя. Өмнө нь Д.Сумъяабазар даргын үед ерөнхий хэлэлцээрүүд хийгдсэн бичиг баримтууд бий. Тиймээс ерөнхий хэлэлцээрийг цаашид нарийвчилсан болгох хэлэлцээрийг эхэлье гэж байгаа юм.

Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх чиглэлд гурван жил гаруй хугацаанд ажилласан. Энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан учраас хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Метро дээр ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ бий. Үүнээс гадна тойрог хурдны замын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон.

-Хоёр бүсэд дахин төлөвлөлт хийнэ гэсэн. Орон сууцжуулах асуудал олон жил яригддаг ч мөн л бодит болоогүй. Үүнийг хувийн хэвшлээр хийлгэх чиглэлд та ямар бодолтой байдаг вэ?

-Гэр хорооллыг орон сууцжуулах талаар олон жил ярьсан нь үнэн. Улстөрчид бүгд ярьсан. Сонгууль бүрийн өмнө тууз хайчилсан. Нээсэн зүйл бий. Гэхдээ үр дүн нь ямар байгааг бүгд мэдэж байгаа. Энэ удаад Нийслэл гэр хорооллыг орон сууцжуулах төслөө өөрөө хэрэгжүүлье. Ингэхдээ хувийн сектортойгоо хамтаръя гэж байгаа. Хувийн секторт дангаар нь хариуцуулах гэхээр өнөөдөр санхүүгийн бүтэн потенциал алга. Зуу зуу, мянга мянган га-гаар нь гэр хорооллын айлуудын газрыг түр чөлөөлж тэндээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иж бүрэн цогцолбор хороолол барих санхүүгийн болон хууль эрх зүйн орчин алга. Тиймээс бид энэ хуулиар энэ орчныг бүрдүүлж байгаа. Айлуудад олон нөхцөлүүд тавьж газрыг нь чөлөөлөх, чөлөөлсөн газар дээр иж бүрэн цогцолбор хороолол барих, барьсан хорооллоосоо айлуудын газрыг нь нөхөн олговор байдлаар авах зохицуулалтыг хийж байгаа.

Гэр хорооллын айлуудыг тэнд барилга бариад ипотекоор ор гэхээр төлбөрийн чадвар хүн бүрд ижил тэнцүү боломж алга. Тиймээс бид яаралтай утаанаас салъя гэвэл нэн яаралтай гэр хорооллын айл өрхүүдийг нийслэл орон сууцжуулж, орон сууцжуулан барьсан барилгууддаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж оруулах төлбөрт нь газрыг нь авах эрх зүйн зохицуулалтыг өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ярьж байгаа юм.

-Парк шинэчлэлийн хүрээнд ирэх автобуснуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарч байна уу. Яг хэзээ хэдэн автобус ирэх вэ?

-Арваннэгдүгээр сарын 23-нд олон улсын нээлттэй тендерийг нээнэ. Маргаан үүсээгүй тохиолдолд арваннэгдүгээр сард багтаж тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ. Мэдээж хэрэг автобус лангуун дээр байгаа юм шиг бэлэн байхгүй. Тендерийн нөхцөлдөө үйлдвэрлэгчийн хүчин чадал бүх юмыг тооцсон. Бидний авахаар зорьж байгаа автобусны тоо 700. Энэ онд багтаж 50 хувийг нь ирэх он дамнуулж Цагаан сар угтуулж 50 хувийг нь авна. Ийм нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хамгийн гол нь орж ирсэн автобуснуудыг ямар компанид, ямар нөхцөлөөр өгөх, тухайн компаниуд уг автобуснуудыг хадгалах гарааш сав бэлэн үү. Улсаас өмнө нь авсан автобусныхаа төлбөрийг төлөхгүй бол өгөхгүй. Мөн тээвэр зохицуулалтын болон төлбөрийн программ хангамжийг хийх бэлтгэл зэргээр гэрийн даалгаврууд зөндөө бий. Энэ ажлыг хийж байна.

Тендерт хамгийн бага үнийн санал, хамгийн хурдан нийлүүлнэ гэснийг нь бид сонгон шалгаруулна. Орж ирсэн автобусаа яаж цааш нь нийтийн тээвэрт ашиглаж явах вэ гэдэг нь чухал асуудал. 2009 оноос хойш авсан автобусныхаа төлбөрийг одоо хүртэл төлөөгүй 10 аж ахуйн нэгж бий.

-Богино эргэлтийн автобус хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?

-Өчигдөр надад Нийтийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын арын гэр хорооллын өндөрлөг хэсгүүдэд байгаа айл өрхүүдийн гудамж дундуур 40-50 автобусыг богино эргэлтээр явуулах тооцоолол гаргаснаа танилцуулсан. Өндөрлөг хэсгээс богинын эргэлтийн автобус иргэдийг буулгаж ирнэ. Гол магистрал замуудад автобуснуудыг уртын эргэлт хийлгэхгүйгээр богинын эргэлт хийлгэж эхэлж байгаа. Жишээлбэл, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл автобуснууд богино эргэлдэж байх ёстой. Яг метро шиг заасан цагаар тасралтгүй явж байх ёстой. Энэ шугамууд дээрээс Хайлаастаас, Чингэлтэйгээс, Зайсангаас ирсэн чиглэлүүд зорчигчдыг үндсэн магистрал дээр авч ирж буулгаад буцаад зорчигчдоо авч явдаг байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчихын тулд Шархаднаас гараад Таваншар хүртэл уртын эргэлт явахгүй. Шар хаднаас Офицеруудын ордон дээр авч ирнэ.

Офицеруудын ордноос Таваншар хүртэл нэг шугамаар явна. Үндсэндээ очих газартаа хоёр дамжаад богино хугацаанд хүрдэг байх нөхцөлийг бүрдүүлэх гээд байгаа юм. Ингэхийн тулд автобуснууд нь хурдан эргэлт хийдэг байх хэрэгтэй. Хөдөлгөөний эрчим нэмэгдэх, замын сүлжээг ч эргэлдүүлэх төлөвлөлтийг хийж байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өссөн гэв DNN.mn

Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа.


-2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл байна. Хордлогын төвд сүүлийн үед дуудлага нэмэгдсэн үү. Сайжруулсан түлшний орц найрлагад юу байгаа болоод иргэд хордож нас бараад байгаа юм бол?

-2023 онд 53 хүн угаартаж нас барсан нь үнэн. Угаартаж нас барах иргэдийн тоо өсч байгаа. 2019, 2020 онтой харьцуулбал нас барах тохиолдол өсөөд л байна. Үүнийг олон нийт ч мэдэж байгаа. Гэхдээ тэр нүүрсний найрлага, агаарт ялгаруулах хорт байдал зэргийг би мэдэхгүй. Би хүн л эмчилдэг учраас тэр талыг нь мэдэхгүй юм. Наадахыг чинь мэддэг байгууллага нь тусдаа бий. НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын төв гэж бий. Тэдгээр албаныхан ЭМЯ-тайгаа холбогдоод угаартсан хүмүүсийн мэдээлэл өдөр бүр нэгтгэгдэж бүртгэгдээд, судлагдаад дүгнэлт хийгээд бүх мэдээллээ гаргадаг. Би ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд угаарын хордлогыг оношилж, хордсон хүмүүсийг яаж эмчлэх вэ гэдэг дээр ажилладаг. Ерөнхийдөө иргэд гэртээ угаартаж нас барах тохиолдол их байгаа.

Эмнэлэгт ирээд нас барах тохиолдол харьцангуй цөөхөн. Бараг байхгүй шахам. 2-3 тохиолдол л байдаг байх.

-Ямар тохиолдолд эмнэлэгт очиж амжаад байгаа вэ?

-Эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй гэртээ нас барчихаад байна. Угаарт хордоод ухаангүй болчихдог. Угаарын хий хоёр үндсэн шинж чанартай. Хүн угаартаад эхлэнгүүтээ угаартсанаа мэдэхгүй сайхан болоод эхэлдэг. Архи уусан хүн шиг ч гэх үү, хар тамхи хэрэглэсэн хүн шиг ч гэх үү мансуурлын байдалд ороод түүнийгээ хүн мэддэггүй, анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн байдалд дүгнэлт хийхгүй, хордлогод орсон гэдгээ мэддэггүй. Тийм учраас иргэд хордлогод орсноо мэдэхгүй, дуудлага өгч амжихгүй, эмнэлэгт очилгүй нас барж байна. Нэг бол оройтчихсон, нэг бол нас барсан хойно нь, нэг бол нас барах хэмжээнд оччихсон хойно нь дандаа ойр хавьд нь амьдардаг хүмүүс, эсвэл эргэж тойрч байгаа хүн, ажил төрлөөсөө буугаад ирэх хооронд нь муудчихсан, ямар ч эмчилгээгүй болчихсон үед нь мэддэг. Түргэн тусламж очоод арга хэмжээ авч амжилгүй нас бараад байгаа юм.

-Аль үед нь эмчилгээ хийх боломжтой байдаг юм бол?

-Ямар ч үед эмчилгээ хийж болно. Эмнэлгийн бараа л амьд харж чадах юм бол боломжтой. Би хэлсэн, эмнэлэгт ирсэн л бол аврагдаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламжийн талын үзүүлэлтүүд боломжийн. Хамгийн гол болохгүй байгаа зүйл нь хүмүүс дуудлага өгч чадалгүй гэртээ муудаад нас барах тохиолдол давамгайлаад байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд нэгэнт хэрэглэж байгаа юм чинь үүнээс урьдчилан сэргийлэх аргууд нь юу байдаг юм бол?

-Угаар мэдрэгчээ байнга ажиллуул. Зуух, пийшингийн битүүжиллээ сайтар нягтал. Хаалтыг нь гал түлсэн үедээ, унтраагүй тохиолдолд хааж болохгүй. Янз бүрийн угаарын шинж тэмдэг мэдэгдэх юм бол яаралтай түргэн дууд.

-Албаныхан яг нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ талын мэдээлэл хаалттай байна л даа. Танай төвд хоногтоо хэдэн хүн угаартсан байдалтай ирдэг талаар мэдээлэл бий юу?

-Төрийн байгууллагууд Засгийн газрын хяналтын зарчмаар ажилладаг учраас мэдээлэл өгөхөд хүндрэлтэй. 53 гэдэг тоог Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тоотой харьцуулаад үзвэл эргэлзээтэй. Зөрөөд байдаг юм билээ. Үүний ихэнх буюу 80-90 хувь нь Улаанбаатарт гэр хорооллын айлуудад л бүртгэгдэж байгаа тохиолдлууд байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүшигээс тодрууллаа.

-2023 он гарснаас хойш нийт хэдэн хүн угаарын хийнд хордсон бэ?

-2023 он гарснаас өмнөх жилтэй харьцуулахад 20-30 хувь өссөн. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Мөн химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтдаг бодисын тоо 600-гаас дээш болж нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд энэ тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өсч байна. Тийм учраас өнөөдөр бид химийн бодисын хордлого гэдэг сэдвийг ярихаас өөр арга байхгүй.

-Сайжруулсан түлш ямар шинж чанартай вэ?

-Утааны талаарх сэдэв 2000 оны эхээс нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайн үед нийтээрээ түүхий нүүрс түлдэг байсан. Тэр үед гадаад орчны хүний нүдэнд үзэгдэх байдал манан татчихсан юм шиг байсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Зуун айл орчмын хэсэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг орчимд. Сайжруулсан түлшийг хэрэглэх болсноор манан татах буюу цайрч харагдах асуудал байхгүй болсон. Хиртэй хувцсыг барааны саван, угаалгын нунтгаар угаахаар хир нь арилаад материалынх нь чанар үлддэг. Сайжруулсан түлш үүнтэй адилхан. Гаднах бохирыг нь авсан ч найрлагад орсон бодисуудад нөлөөлөх боломжгүй. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хүний нүдэнд үзэгдэх утаа мэдэгдэхүйц багассан. Сайжруулсан нүүрсэнд хүхрийн агууламж өндөр байдаг. Тиймээс хагас кокосжсон нүүрс хэрэглэх, дулаанаар шийдэх гэх мэтээр дараагийн шат руу ахих шаардлага үүсээд байна. Нүүрс цэвэр байх тусмаа л өнгөгүй байна гэсэн үг. Утаа гарч байна гэдэг ямар нэгэн хольцтой байна гэсэн үг. Хагас кокс гэдэг бол илүү цэвэр нүүрс гэсэн үг.

-Ард иргэдийн угаартах шалтгаан юу байна вэ?

-Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг. Салгаж байгаа шалтгаан нь муухай дуутай, тог их зарцуулдаг. Гэтэл дохиолол нь утас цэнэглэхээс бага цахилгаан зарцуулдаг. Мөн таны эрүүл мэндийг авран хамгаалах хэрэгсэл юм шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Иргэд яндангаа хөөлөх, сойлтыг нь шалгах, зуухны битүүмжлэлээ сайн шалгаж байх хэрэгтэй.

-Сайжруулсан түлш болон коксон нүүрсний аль нь агаарын чанарт бага сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Коксон нүүрс нь нүүрсний ангиллын дагуу гангын зориулалттай болоод явчихна л даа. Хагас кокосжсон нүүрс сайжруулсан түлшнээс бага өнгө, үнэр, хийтэй. Мөн нүүрстөрөгч их агуулдаг. Тэгэхээр мэдээж хагас коксон нүүрс нь сайн байлгүй яах вэ.

-Иргэдэд угаарын хийн хордлогоос хамгаалах талаар юу гэж зөвлөх вэ?

-Дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм шүү.

С.ОТГОНБАЯР

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн газрын
асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Лхаарамба Д.Жавзандорж 11 настайгаасаа Бурханы номд суралцаж
эхэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа” хэмээн өгүүллээ.

Малчдаас “И-баримт” нэхдэг хуулийн цоорхойгоор ченжүүд
ноолуурын салбарт тоглолт хийж байна

“Глоб интернэшил” төвийн хуульч Л.Галбаатар “Сэтгүүлч хуулийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг жишиг байна”  хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганзориг: Охиныг эсэн мэнд олно гэж бүрэн итгэж байсан DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 6-нд гарсан.

Охиныг эрэн сурвалжлах явцад орон нутагт камерын нэгдсэн хяналт, хүүхэд хамгаалал зэрэг олон чиглэлийн үйлчилгээ хангалтгүй байгааг нийтээрээ харцгаасан. Тэгвэл өнөөдөр энэ чиглэлд тус аймаг ажиллаж байгаа эсэх талаар аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзоригтой ярилцлаа.


– Бага насны хүүхэд сураггүй алга болж, гурав хоногийн дараа амиа алдсан байдалтай олдсон хэрэг олон нийтийг цочроосон. Орон нутагт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хэрхэн хийгдэж байна вэ?

– Аймгийн ИТХ-аар Хүүхэд хамгааллын хөтөлбөр шинэчлэн батлагдаад байна.

Энэ хүрээнд “Намайг хамгаал-хамтдаа хамгаалъя” нөлөөллийн том аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Бүх салбарт, бүх чиглэлд хөдөлж байна.

Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, Анагаах ухааны коллежид нөлөөллийн сургалт мэдээллүүд хийгдэж эхэлсэн. Хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай цагдаагийн байгууллагаас идэвхийлэн оролцож байгаа.

– Хяналтын камерын асуудал юу болсон бэ?

– Хяналтын камерыг иж бүрэн шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ ажил 2.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Саяхан болсон аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар төсөв санхүү нь бүрэн шийдэгдээд өнөөдөр /өчигдөр/ тендерээ зарлах гэж байна. Ажлын хэсэгт манай байгууллагаас төлөөлөл орон ажиллаж байгаа.

– Энэ төсвөөр камержуулалт аймгийн хэмжээнд бүрэн хийгдэж чадах уу?

– Бидний зүгээс эхний байдлаар хангалттай гэж үзэж байгаа. Гол нь цаашдын ашиглалт, шинэчлэлийг хаяж болохгүй. Үүн дээр жил бүр урсгал зардлыг аймгаас шийдвэрлээд явахаар болж байна. Энэ бол сайн тал шүү дээ.

– Цагдаагийн алба хаагчид бол бодит амьдрал дунд ажиллаж байгаа. Хүүхэд хамгаалалд хамгийн тулгамддаг асуудал таныхаар юу байх юм?

– Ерөөсөө ганц тулгамддаг асуудал бол эцэг эхийн хараа хяналт шүү дээ. Үүн дээр л толгой гашилж явдаг. Магадгүй саяын хэрэгт хараа хяналт сайн байсан бол гэх бодол төрж л байлаа. Нөгөө талаар хүүхэд хамгааллын асуудалд аюулгүй орчин, нөхцөл чухал.

– Багш, сургуулийн орчин хүүхэд хамгаалалд том хувь нэмэртэй гэдгийг харлаа. Талийгаач охины багш хоёр цагийн дотор ар гэрийнхэнд мэдэгдсэнээр эрэн хайх ажил эхэлж байсан. Та бүхэн энэ чиглэлд анхаарч байна уу?

– Тэгэлгүй яах вэ. Сургуулийн орчинд “Өсвөрийн сэргийлэгч” үйл ажиллагааг идэвхжүүлж байна.

Тухайн сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас хамгаалах зорилгоор өсвөрийн сэргийлэгчид үр дүнтэй. Нэг ёсондоо хүүхдүүдийн дундах цагдаа гэсэн үг.

Багш, сургуулийн ажилтнууд хүүхэд хамгааллыг хэрхэн анхаарах вэ, яаж ажиллах талаар сургалт хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Манай аймагт идэвхтэн багш н.Мөнх-Эрдэнэ гээд залуу бий. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ багштай болон бусад сургуулийн багш нартай хамтран ажиллаж байна.

Мэдээж эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авч байгаа. Эцэг эхчүүд маань өглөө ажилдаа яваад орой ядарсан хүмүүс ирээд л амарцгаадаг. Хүүхдүүдээ сонсдоггүй. Гэвч өнөөдрийн бидний амьдрал, нөхцөл байдал ямар ч үед хүүхдүүдээ сонсохыг, анхаарал тавихыг шаардаж байна. Хүүхдүүдтэйгээ түлхүү ярилцах хэрэгтэй болж байна. Энэ чиглэлд сургалт мэдээллийг эцэг эхчүүд, зөвлөлүүдэд өгч байна.

– Такси үйлчилгээг хяналттай болгож чадсан уу?

– Аймгийн Авто тээврийн төв, UBcab-тай хамтраад такси үйлчилгээг бүртгэлжүүлэх ажил эхэлсэн. Одоогоор такси үйлчилгээнд явдаг 200 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулаад байна. Орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг UBcab-д нэгтгэсэн. Ингэснээр найдвартай баталгаатай таксинд суух, суусан тохиолдолд хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд ирдэг байдлаар зохицуулж байна. Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглож байна.

Үүнээс гадна бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан. Хүүхдүүд фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд орох боломжгүй. Зөвхөн тэндээс мэдээлэл авах, ар гэрийнх нь эцэг эх нь хүүхдээ хаана яваа байршлыг хянах боломжтой. Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа.

– Талийгаач охиныг эрэн сурвалжилсан гурав хоног ар гэрийнхний хувьд ч, нийгэмд хүнд цаг хугацаа байсан. Газар дээр нь ажиллаж байсан цагдаагийн алба хаагчдад ч хүнд туссан байх. Эрлийн ажиллагааг зогсоож байгаа таны мэдэгдлээс л харагдаж байсан. Нийгэмд юуг анхааруулмаар байв?

– Сэтгэл маш их эмзэглэсэн. Би өөрөө гурван охинтой хүн. Талийгаач охиныг амьд олно гэсэн бүрэн итгэлтэй байсан. Мэдээж тодорхой хэмжээний хохирол амсах нь гарцаагүй. Гэхдээ л амьд олдоно гэж итгэж байсан. Маш харамсалтай явдал болсон.

Хүүхдийг зөвхөн хүүхдийн байгууллага, цагдаа анхаарна гэхээс илүү ард түмэн, нийт хүмүүс хүүхдэдээ анхаарах цаг болсон байна гэдгийг л сайн захимаар байна. Нийгэм өөр болсон. Түүнийг дагаад хүүхдийн сэтгэхүй хүртэл өөр. Тиймээс хүүхдийнхээ үгийг сонс. Тэдэнтэй ярилц. Хаана юу хийж явааг, тэд юу сонирхдогийг, гар утсанд нь ямар мэдээлэл байдаг зэргийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Үүнийг л анхаараач гэж захья даа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Би Уих-ын сонгуульд нэр дэвшихгүй, малчин болно DNN.mn

SpaceTalk энэ удаад УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.

ХЭРЭВ МАНАЙ ҮЕД ИЙМ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН БОЛ ТЭДНИЙГ НЯСЛААД ЯВУУЛАХ БАЙСАН

-НӨАТ-ын таван хувийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурь нэлээд хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлээд байна. УИХ-ын дарга байсан хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-МАН хоёр тал болж хуваагдаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Аливаа сэдвийг иргэдээсээ асууж болно” гэж байгаа бол Сангийн сайд нь “Татварыг асуухгүй” гээд, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга нь “Эрүүгийн хуулиар асуухгүй” гээд өөр өөр байр суурь яриад байна. Эд уг нь долоон жилийн өмнө “Бидэнд 100% эрх өгчих, бид нийлээд “алаад” өгнө” гэж засгийн эрх авсан, Монгол Ардын нам гэдэг нэртэй, нэг намын хүмүүс шүү дээ. Ийм хоёрдмол байж болохгүй. Мэдээж УИХ-ын даргын зөв. Улсын Их хурал бол ард түмнээсээ шууд сонгогддог цорын ганц байгууллага. Энэ байгууллагын тэргүүн нь ард түмнийхээ талд байхгүй бол болохгүй. Ямар ч асуудлаар иргэдээсээ асууж болно.

Энэ бол цаашид гарах хууль амьдралд хэрэгжихийн үндсийн үндэс юм. “Тийм зүйлээр асууж болно, тэр болохгүй” гэдэг хязгаарлалт байж болохгүй. НӨАТ-ыг хүн бүхэн төлдөг тул тэр хүмүүсээс асуух нь зөв.

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд “унагаалаа”. Энд зөрчил байна уу?

-Байлгүй яах вэ. УИХ-ын хэн гэдэг гишүүн таван хувийн татварыг дэмжив, хэн унагаав гэдгээр нь сонгосон тойргийнх нь иргэд өөрсдөө мэдэж, гар утас руу нь байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө сонгосон гишүүнд нөлөөлөх замаар УИХ-ын шийдвэр гаргалтад нөлөөлж болно. Тэгээд үгэнд орохгүй бол тэр гишүүнийг дараагийн удаа сонгохгүй л гэсэн үг. Энэ л төлөөллийн ардчиллын гол зарчим.

-МАН ийнхүү хуваагдаж байгааг та хэр ноцтой гэж харж байна?

-Би ямар нэгэн дүгнэлт огт хийхгүй. Иргэдээсээ сонгогдсон Улсын Их хурлын гишүүд нь хоёр сая сонгогчийнхоо төлөө ажилладаг болохоос өөрийнхөө томилдог Засгийн газрынхаа Сангийн сайдын үгэнд орж “Буруу юм байна” гэж кнопдож болохгүй. Хэрэв тэгж байгаа бол асуудал нь тэр муу УИХ-ын гишүүнд байна л гэсэн үг. Ярьж байгаа татвар нь аж ахуйн нэгжийн ашгийн татвар эсвэл хүн амын орлогын албан татвар биш бүртгэлийн татвар юм. Хоёр сая иргэнийг татварын байцаагч болгож байгаа зүйл. 2012-2016 оны хооронд бүх бизнесийг кассын машинтай болгож, НӨАТ-ын хоёр хувийг буцааж өгөх энэ үйл ажиллагаа их зовлонтой эхэлсэн. Сонгуульд ч нөлөөлсөн байх магадлалтай. Гэхдээ энэ нь зөв алхам байсан гэдгийг сүүлийн жилүүд нотоллоо. Оргил үедээ далд эдийн засгийг 70 хүртэл хувь ил болгосон юм шүү.

Энэ хоёр хувийг буцааж өгөх, өгөхгүй гэж УИХ-ын гишүүд маргалдаж байхад “Хоёр сая гаруй хүнийг татварын байцаагч болсных нь төлөө хоёрхон хувийг нь өг өө. Наад хүн чинь Монголд байгаа далд эдийн засгийг ил болгосныхоо төлөө авч байгаа урамшуулал” гэж хэлж байснаа маш сайн санаж байна.

Ер нь бол 10 хувийг бүхэлд нь буцааж өгсөн ч асуудал байхгүй. Би 2016 оны хавар сонгуулийн уулзалт хийж байхад нэг дэлгүүрийн эзэн над руу их уурлаж дайрсан “Болоод байсан юмыг та нар яахаараа кассын машин гаргаж, татвар гэх юм гаргаад ирэв” гээд над руу их уурлаж дайрсан. Тэр хүний уурласан шалтгаан нь кассын машин авсанд биш харин кассын машин авснаас хойш бүх орлого нь тооцогдож явах болсонд дургүйцэж байгаа хэрэг. Энэ бол улс даяар байсан үзэгдэл.

Ингээд далд эдийн засгийг ил болгоод явж байтал Б.Жавхлан гэж Сангийн сайд гарч ирээд сугалааг нь алга болгочихсон. Ингэснээр 70 хувь нь ил гарсан эдийн засгийн 30 хувь нь буцаад алга болчихсон. Одоо гурван хувийг нэмчихвэл далд эдийн засгийг илрүүлэх хувь нь нэмэгдэнэ.

-Гишүүд нь нэмэгдүүлэх тал дээр бас эсрэг байр суурьтай байх шиг?

-Гишүүд нь УИХ-ын даргын уриалгыг дэмжихгүй Сангийн сайдын үгэнд орж байгаа бол даргын буруу л даа. Манай Их хурал Засгийн газрыг “байранд нь” байлгадаг байсан. Тухайн үед “НӨАТ-ыг хэрэгжүүлнэ, бүгд кассын машинтай болно, хоёр хувийг буцаан олгоно” гэхэд Засгийн газар зөвшөөрч л хүлээж авсан. Хэрэв эсэргүүцсэн бол тэр Засгийн газрыг няслаад явуулах байсан. Даанч одоо энэ Г.Занданшатар нь хэтэрхий зөөлхөн болохоор ингээд бантан л болж байна.

“МАН, АРДЧИЛСАН НАМ ХОЁР ЯМАР Ч ЯЛГААГҮЙ” ГЭХ ЯРИАГ МАН-ЫНХАН ГАРГАСАН. ФИЛОСОФИЙН ХУВЬД АСАР ИХ ЯЛГААТАЙ

-Бид бүгдийн өмнөөс хэлэлцээд асуудлаа шийдээрэй гээд явуулсан байтал D Parliament гэж гаргаж ирээд дахиад биднийг асуудал шийдэхэд оролцуулах гээд байгаа нь ямар учиртай вэ. Энэ дээр та юу гэж бодож байна?

-Энэ бол зөв. Эхний алхам нь манай үед тавигдсан ч техник, санхүүгийн боломж бага байсан. Би өөрөө НӨАТ-ын 5 хувийн асуудлаар саналаа өглөө. Бүртгэлийн систем нь боловсронгуй болсон байна. Тэгэхээр аль болох олон асуудлыг иргэддээ тайлбарлаж өгөөд, нэг мэдээлэлтэй болсны дараа санал асуулга явуулж болно. Санал асуулгыг хууль болгох ажил нь УИХ-ынх. Тиймээс энэ чиглэлээр Г.Занданшатарын хийсэн ажил зөв. Гэтэл байнгын хороон дээр унаж байна гэдэг туйлын хариуцлагагүй. Гэхдээ би МАН-ыг энийг хийчихнэ гэдэгт итгэхгүй байна.

Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН хоёрын хооронд их ялгаа бий. Хэрэв санаж байгаа бол малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй өгөх, НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох зэрэг нь Ардчилсан намын засгийн үед хийгдсэн ажил. “Ардын нам, Ардчилсан нам ямар ч ялгаагүй” гэж ярьдаг тэр үг бол МАН-ынхны гаргасан үг.

Ялгаатай учир өнөөдөр ард түмэн орон сууцтайгаа, малтайгаа, НӨАТ-ын хоёр хувьтайгаа байна. МАН иргэдэд өгөхгүй гэж байгаа 600 тэрбумаар соёлын төвтэй байгаа сумдад соёлын төв гэж дахиж нэг шавар амбаар барих тендер болгож зарцуулах нь. Гэтэл иргэдэд өгчих юм бол иргэд энэ мөнгийг хамгийн зөвөөр зарцуулна. Иргэдэд өгсөн зүйлийг тэд зөв зарцуулна гэдэгт итгэдэг тэр итгэл үнэмшил бол Ардчилсан намынх. Мал улсын өмч байхад 25 саяас дээш гардаггүй байсан, хувьд өгөөд одоо 70 сая. Орон сууцны хувьчлалыг би 1996 онд хуулийг нь боловсруулж, батлуулсан хүний хувьд хэлэхэд дотроо халуун хүйтэн устай тохилог гэгдэж байсан 100 мянган орон сууц л байсан. Энэ сууцнууд нурж уначих гэж байсан бол хувьчилсны дараа хэрэглээ нь хамаагүй сайжирч, дахиж орон сууцнууд олноор баригдсан.

Ардчилсан нам, МАН-ын философийн ялгаа энэ. МАН “Төр ажил хийж чадна” гэж боддог, тэгээд хийж байгаа царай нь сум бүхэнд шавар амбаар барьдаг. Тэгэхээр ийм философитой нам болохоор Г.Занданшатар дийлдэх байх гэж бодож байна.

-Энэ удаагийн төсөв урьд өмнө байгаагүй их мөнгө яригдаж байна. 28 их наяд?

-Би тооцоолол хийлгэж үзлээ. 2016 оны төсвөөс тав дахин нэмэгдсэн байна. Гэтэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тав дахин нэмэгдсэн үү, хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн үү? Цалин, тэтгэвэр 30-40 хувиар л нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт таваас илүү нэмэгдсэн байна. Ганц “Эрдэнэс Тавантолгой”-г 30 сая тонн нүүрс экспортлохыг даалгаж. “Эрдэнэс Тавантолгой” энэ ачааллыг даана. Гэхдээ олсон мөнгөө сум бүхэнд шавар амбаар болгож зарцуулаад байвал бүтэхгүй. Уг нь төсвийг сөргөөр төлөвлөдөг. Төлөвлөснөөс илүү гарвал сайн. Харин хэт өөдрөгөөр төлөвлөөд, дутвал бүр балардаг.

Одоогийн МАН-ын төсөв туйлын өөдрөг төсөөлөлтэй. Ирэх хавар л бүтэхгүй гэдэг нь мэдэгдэнэ. Эдийн засаг, түүхийн эдийн үнэ сайн байгааг ашиглаж төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Цалин бага байгаа учир эмч, багш нар чинь ажлаасаа гарч гадагшаа яваад байна шүү дээ.

МОНГОЛЧУУДЫН ТҮРИЙВЧ БОЛЖ БАЙГАА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ШАХААСААР ӨГЧИХСӨН БОЛ ӨДИЙД MCS, ШИНХУАГ ЦАРАЙ АЛДААД ГҮЙХ БАЙЛАА

-Б.Жавхлан сайд төсвийн төслийн танилцуулга дээрээ 2016 онд өрийг хамгийн өндөр түвшинд хүлээлгэж өгсөн талаар тайлбарлаж байсан. Та энэ дээр юу гэж хэлэх вэ?

-Одоо 27 их наяд төсвийн талаар ярьж байна. Гэтэл 2016 онд зургаан их наядын төсөвтэй байжээ. Энэ үед Засгийн газрын өр нэг их наяд орчим байсан гэж үзвэл одоогийн 27 их наядын төсөвтэй яаж харьцуулах вэ.

-ДНБ-д эзлэх хувиар харьцуулсан байна лээ.

-ДНБ тав дахин өсөөгүй шүү дээ. Хэрэв ДНБ болон төсөв адилхан тав дахин өссөн бол харьцаа нь тэнцвэртэй байна биз дээ. Тэгэхээр ДНБ-ээсээ хэт хөөсөрсөн энэ байдал сайн зүйлд хүргэхгүй. Валютын ханш 2000 байсан биз. Одоо хэд байна.

-3500 орчим байна.

-1500 төгрөгөөр буюу бараг хоёр дахин өссөн харагдана. Инфляци гурван хувь гэж ярьдаг байсан. Одоо хэд байна.

-10,1 хувь байна.

-Хүнсний барааны үнэ лав л гурваар үржигдсэн байх шиг. Жил бүхэн 10 хувийн өсөлттэй инфляцитай байна гэдэг ийм аюултай. Хэрэглэгчид л энэ бүхнийг төлдөг. Ийм хөөсрөлтийг бий болгочихоод, энэ төсвөө зөв гэж заргалдаж байгаа нь маш хариуцлагагүй. Дараа жил сонгууль болно. “Сонгуулийн дараа өөр нам нь гараад учраа болно биз, бид бол тендерийнхээ мөнгийг аваад баяртай гээд явчихна” гэсэн хоноцын сэтгэлээр хандаад байгаа юм. МАН ялагдаад явж болно, сонгуулийн маргааш Монгол Улс амьдрах ёстой. Миний харж байгаагаар эд энэ алдаатай төсвөө батална, Занданшатар 100 мянган иргэний дэмжлэгийг авсан ч яаж ч чадахгүй ялагдаад дуусна.

-Нүүрсний экспортод ихээхэн найдвар тавьсан харагдсан. Та юу гэж бодож байна?

-Дэлхийн зах зээлийн үнээс л хамаарна. “Эрдэнэс Тавантолгой” одоо монголчуудын түрийвч болж байна. Хэрэв энийг тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын шахснаар өгчихсөн бол монголчууд өдийд MCS, Шиньхуа хоёрыг царай алдаад л, таван хувийнхаа рояалтийг авчих гээд л гүйж байх байлаа. Гэтэл одоо зарж байгаа нүүрсний үнэ, төлж байгаа татварын 80 хувь нь Засгийн газарт орлого болж ороод, 20 хувь нь бидэнд ирэх ёстой байтал ногдол ашиг өгөхгүй байна.

-Таны үед инфляци нэг оронтой тоогоор яригдаж байсан нь тооны хувьд сайн үзүүлэлт. Гэхдээ тийм амжилтыг гаргахын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсантай холбоотой болов уу?

-Инфляци гэдэг уулын оройгоос атга цас бөөрөнхийлөөд шидэхэд уулын бэлд өвлийн өвгөн хийх хэмжээний болчихдогтой яг адил механизм. Инфляцитай хэрхэн тэмцэх нь аль ч Засгийн газрын толгойны өвчин байх ёстой. Яагаад гэвэл инфляци хамгийн ядуу, орлого багатай хүмүүсийг хамгийн “хүчтэй” торгодог албан бус татвар. 2012-2106 онд инфляцитай үнэ тогтворжуулалтын хөтөлбөрөөр инфляцитай тэмцсэн. Энэ хөтөлбөрөөс мөнгө авсан компаниуд бүгдээрээ зээлээ эргээд төлсөн. Тэгээгүй бол МАН Хөгжлийн банк шиг шүүх хурал хийх байсан биз. Хоёр дахь арга хэмжээ нь нефтийн үнэ дээр авсан арга хэмжээ.

Манай улсын хувьд хавар махны үнэд оролцохгүй бол, хавраас намар хүртэл цементийн үнэд оролцохгүй бол инфляци өсчихдөг талтай. Шалтгаан нь агуулахгүй байгаагаас үүсч байна гэж үзсэн. Ингэж эх үүсвэртэй нь тэмцсэн учир инфляцийг бид нэг оронтой тоонд барьж чадсан.

Гэтэл МАН-ын алдаа нь шатахууны үнийг чөлөөлчихсөн. Инфляцийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдтэйгээ тэмцээгүй. МАН макро эдийн засгийн хувьд туйлын хариуцлагагүй байгаа. Монголын эдийн засгийн онцлогийг ойлгодоггүй хүмүүс сүүлийн долоон жилд эдийн засгийг алаад дууслаа. Үүнийг тав дахин тэлсэн төсөв, 3500 төгрөг байгаа долларын үнэ, 10 хувийн инфляци илтгэнэ. Залуучууд яагаад гадагшаа дүрвээд байна гэхээр цалин нь өсөхгүй мөртлөө жил бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ.

БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ, МАЛЧИН БОЛНО

-Зогсоох арга байгаа юу?

-Үүнийг зогсоох арга байгаа. Хэрэв төсвөө тав дахин нэмж байгаа бол төрийн албан хаагчдын цалинг мөн тав дахин нэм. Хувийн хэвшил хэдийнээ цалингаа нэмчихсэн. Ирэх жилээс инфляциа нэг оронтой тоонд оруул, чадахгүй бол ажлаа өг. Бид нэг оронтой тоонд оруулдаг ажлыг чинь хийе. Бид 100 мянган хүн гарын үсэг зурчихаад байгаа НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгоё. 600-хан тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү. Гэтэл цаана нь 27 их наяд төгрөгийг Засгийн газар хүссэнээрээ зарцуулах гээд байна.

-Гэхдээ танай нам 2024 оны сонгуульд ялалт байгуулах хэмжээний харагдахгүй байна. Энэ талаар?

-Наадах чинь дараагийн сэдэв. Одоо цаг дууссан байна. Дараагийн удаад дахиад ярилцлага өгөхдөө “Яагаад Ардчилсан нам МАН-аас өөр вэ” гэдэг талаар ярьж болно.

-Таныг 2024 оны сонгуульд Орхон аймгаас дэвших гээд бэлтгэлээ базааж байна гэх мэдээ уншлаа. Энэ үнэн үү?

-Би нэр дэвшихгүй, малчин болж байгаа. Нэр дэвшихгүй учир Ардчилсан намын ажилд оролцохгүй байгаа юм. Би энэ намын анхан шатнаас нь эхлээд даргыг нь хүртэл бүх албан тушаалыг нь хашсан. Одоо би 126 гишүүний нэг болж ажиллах сонирхолгүй байна.

Ярилцсан:

Сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ, Б.АРИУНБИЛЭГ

“Space talk-4”

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэгшбаяр: Монголд хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл хяналтаас гарах нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэнд тооцогдох эрсдэлтэй DNN.mn

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч Д.Тэгшбаяртай ярилцлаа.

-Дэлхийн улс орнуудын Зохион байгуулалттай гэмт хэргийн индексийн үнэлгээ гарч, Монгол Улсад зарим төрлийн гэмт хэрэг хяналтаас гарах эрсдэлтэй гэж үнэлэгдсэн талаар та мэдээлсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын санаачилга гэж байгууллага байдаг. Энэ байгууллагаас хоёр дахь удаа дэлхийн улс орнуудын зохион байгуулалттай гэмт хэргийн индексийг гаргаснаа есдүгээр сарын сүүлчээр зарлалаа.

Өмнө нь 2021 онд анх удаа зарлагдаж байсан. 2022 оныг үнэлсэн индексийг сая зарлахад Монгол Улс олон улсын жишгээс зарим талаараа доогуур, зарим талаараа арай боломжийн үзүүлэлттэй үнэлэгдсэн.

Дээрх индексийг хоёр бүлгээр үнэлдэг. Нэгд, зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцөл буюу үүн дотроо гэмт хэргийн зах зээл, гэмт хэрэгтнүүдийн зохион байгуулалт ямар байна вэ гэдгийг үнэлнэ. Хоёр дахь бүлэгт нь тухайн улсын гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл буюу улс төрийн манлайлал, ил тод байдал, Засгийн газрын хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа, шүүн таслах ажиллагаа, хүний эрхийн хууль тогтоомж нь ямар юм бэ, системийн хувьд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл байдлыг сайжруулах чадварыг үнэлдэг.

НҮБ-ын гишүүн 193 орноос манай улс эхний бүлэг буюу зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцлийн тухайд олон улсын жишгээс арай доогуур. Гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл, системийн хувьд чадавхаараа олон улсын жишиг хавьцаа байна. Дундаж оноогоор манай улс 2021 оноос бага зэрэг сайжирсан байна лээ.

Зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн орчныг үнэлэхдээ 15 орчим төрлийн гэмт хэргийг авч үздэг. Харин системийн хувьд үзэхдээ 10 орчим хүчин зүйлийг үнэлдэг.

-Хуурамч бараа бүтээгдэхүүний эргэлт хяналтаас гарах эрсдэлтэй гэдэг нь анхаарал татсан. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн хуурамчаар орж ирдэг гэсэн үг вэ?

-2022 оны үнэлгээн дээр хэд, хэдэн зүйлийг нэмж оруулж ирсэн нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавх, цахим гэмт хэргийн орчин, хууль бус бараа борлуулалт, хөрөнгө дээрэмдэх, хүч хэрэглэж олж авах зэрэг таван төрлийн гэмт хэргийг нэмж оруулж ирж үнэлсэн байсан. Яг энэ нэмэгдэж орж ирсэн үзүүлэлт дээр Монгол Улс сайн үнэлэгдсэнгүй. Онцгой бараа, хууль бус бараа борлуулах эрсдэл хяналтаас гарах шинжтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, манайх хил гаалиар нэвтрүүлж оруулж ирж байгаа хуурамч бараа бүтээгдэхүүн дээр хяналт сул байна. Дэлхийн брендийн бүтээгдэхүүнүүд хуурамчаар орж ирж байна. Gucci-гийн цүнхнээс эхлээд маш олон төрлийн бараа орж ирдэг. Хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих нь өөрөө үй олноор хөнөөх зэвсэг, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх эрсдэл гэсэн өргөн утгаараа ноцтой асуудалд тооцогддог.

Нөгөө талаар хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл гэмт хэргээс олдсон мөнгөн хөрөнгө дахиад гэмт хэрэгт орж байдаг гэдэг утгаараа анхнаасаа олдсон хэлбэр гэмт хэргийн гаралтай, цаашлаад дахиад хуурамч бараа бүтээгдэхүүн өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, эндээс олсон орлого ашгийг дахин гэмт хэрэгт ашиглах магадлалтай гэж үздэг. Энэ утгаараа хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулалт гэдэг дээр дэлхий нийт өндөр ач холбогдол өгч эхэлж байна.

-Хар тамхины хэрэглээ өндөр улс гэж манайхыг үздэг. Энэ байгууллага ч бас үүнийг баталжээ?

-Манай уналттай гарсан өөр нэг асуудал бол хар тамхины хэрэглээ, зах зээл. 2021 оны индекс дээр ч үнэлэгдэж байсан энэ үзүүлэлт 2022 оных дээр илүү нарийвчилж орж ирлээ. 2021 онд Монгол Улсад хар тамхины зах зээл байна, өсч байна гэж байсан бол 2022 онд тухайн хар тамхины зах зээлийг дотор нь задлаад үзсэн байна. Каннабис, синтетик хар тамхины худалдаа, зах зээл өндөр өсөлттэй гэж үзсэн. Геройн, кокейны зах зээл дээр нэг их өөрчлөлт гараагүй харагдаж байна. Харин синтетик дээр өсөлт өндөр байгаа нь маш эрсдэлтэй. Синтетик байх тусам донтолт хурдан бөгөөд хүчтэй явагддаг учраас өндөр эрсдэл байхаас гадна цаашаа өргөн хүрээг хамрах, тархах магадлалтай гэж үздэг. Энэ бол маш том анхааруулга.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр залуучууд, хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ өсч байна. Цаашдаа 43 хувиар өсөх магадлалтай. Тиймээас хэрэглээг хумих, хяналт хариуцлагын механизмыг сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж хэлсэн нь цагаа олсон мэдэгдэл.

-Рекетлэх, хүч хэрэглэж хүний эд хөрөнгийг өөрийн болгох гэмт хэрэг хяналтаас гарах магадлалтай гэжээ. Тэр бүр мэдээлэгддэггүй гэмт хэргийн төрөл хяналтаас гарах хэмжээнд хүрэх гол шалтгаан юу юм бол?

-Онолын хувьд 1920-иод оны АНУ, 1900-гаад оны эхээр Европын холбоо, Англи гэх мэт улсуудад авлигатайгаа эрчимтэй тэмцээд ирэхээр рекет дээрмийн үйл ажиллагаа өссөн гэсэн судалгаа байдаг. Пропорционал харилцаатай гэсэн үг. Нэг талд авлига буурахад нөгөө талд дээрэм өсөх магадлалтай. Авлигыг системээр нь бууруулна гэж үзэхдээ нөгөө талдаа ажлын байр, хөрөнгө, оюуны өмч хамгаалах, хөдөлмөрийн баталгаа бий болгох, аюулгүй байдал талаас нь анхаарах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв энэ тогтолцоо бүрдэж чадахгүй бол нөгөө талд хүч хэрэглэж хөрөнгө олж авах бүлэг өсөлттэй гарч байдаг гэсэн үг юм. Манайд энэ төрлийн

хэрэг өсөх хандлагатай, эрсдэл нь хяналтаас гарах магадлалтай байна гэж үнэлэгдэж байна. Тэгэхээр энэ бол анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай бас нэгэн хэсэг. Нэг талдаа хууль хяналтаа сайжрууллаа. Авлигын гэмт хэргээр гэмт хэрэгтнийг барих хориход илүү фокус өгч байгаа үед системийн хувьд тогтвортой байлгах, хүний хөрөнгө өмч, оюуны өмчийг хамгаалах хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй.

-Хуурамч барааны эргэлтийг хянадаг эсэх нь нэлээд бүрхэг юм. Цагдаагийн байгууллага ажиллах ёстой юу?

-Цагдаагийн байгууллагад хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх тусгай нэгж алба байдаг байх гэж бодож байна. Дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй юм. Бид яаж харвал илүү үр дүнтэй вэ гэвэл хэдийгээр шинэ индекс боловч ялангуяа цагдаагийн байгууллага холбогдох бусад хууль хүчний байгууллага үүн дээр анхаарал хандуулах шаардлагатай болсны дохио. Нэгэнт эдгээр асуудлыг үнэлээд байгаа юм чинь бид өгч байгаа мэдээллээ тодорхой болгох хэрэгтэй, дотоод чадавхаа бэхжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх арга хэмжээ мөн иргэдэд хүргэх нөлөөллийн ажлаа зөв чиглэлд хандуулах ёстой. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой юу, хүн хүчээ нэмэгдүүлэх үү, эсвэл цахим хөгжил дээрээ илүү анхаарах уу, хил гаалийн хяналтаа чангаруулах уу эрсдэлээ үнэлээд үнэлгээнийхээ дагуу үйл ажиллагаагаа үе шаттай явуулах ёстой юм. Ер нь аливаа үнэлгээ улс орнуудаас тов тодорхой, төгс юм шаарддаггүй. Бид ойлгомжтой, ил тод, өгч байгаа мэдээллээ системтэй, үнэлэгдэхүйц байлгаж л чадахгүй байна. Тодруулах шаардлагатай бол хэн нь ч, хэдийд ч холбогдох боломжтой шүү дээ.

-Цахим гэмт хэргийн нөхцөл байдал ямар юм бэ, манайд?

-Үнэнийг хэлэх үү. Цахим гэмт хэрэг дээр манай улсын төрийн хэмжээний дата хадгалдаг сервер нь олон улсын хакеруудын халдлагад өртсөн асуудлаас болж цахим аюулгүй байдал тал дээр сайн үнэлгээтэй гарахгүй байгаа.

-Хэзээний халдлагыг та хэлж байна?

-2020 оных. Одоо ч манайд халдлага гарч байгаа. Ер нь атемт буюу халдах оролдлого өдөрт секундээр хэмжигддэг. Ялангуяа хоёр хөрш талаас цахим халдлага хийх эрсдэл өндөр байна гэж гарч ирсэн. Дээрээс нь бид өмнө нь том мэдээллүүдээ алдаж байсан. Жишээ нь, банкны 1.7 сая харилцагчийн мэдээлэл алдагдаж, Курдын хакерууд манай төрийн байгууллагын яаж хакадсанаа дарквеб дээр цацаад, мэдээллийг нь харуулаад, сайтыг нь харуулаад онигоогоо чирсэн шүү дээ. Тэр үед арилжааны банкийг буруутгаад өнгөрсөн боловч яг алдсан нь төрийн байгууллага байсан. Нэрийг нь дурдаад яахав. Цахим гэмт хэрэг, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бодлого боловсруулах, ФАТФ-ын өмнө тайлангаа хамгаалахад оролцдог байгууллага л байсан. Өөрсдөө цахим сайтаа шинэчилж байгаа гэх мэдээллийг иргэдэд өгч төөрөгдүүлсэн. Гол нь эндээс бид юу сурсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.

-Яаж тэмцэх ёстой вэ?

-Ер нь цахим вирус 97 хувь нь полиморфик буюу илрүүлэлтээс зугтаах чадвартай болж хувираад байна. Омекрон, альфа, дельта гэж хувирдагтай адилхан цахим вирус хувирна гэсэн үг. Бид төрийн байгууллагын мэдээллийг хооронд нь холбох дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ холбохоос гадна хамгийн гол зүйл нь цахим аюулгүй байдал. Энэ асуудал зөвхөн энэ индекс дээр гарч байгаа юм биш. Олон улсын Серфшарк байгууллагаас гаргадаг Дижитал амьдралын чанарын индекст манайх цахим аюулгүй байдал дээр дэлхийн 121 орноос 102-т явж байна. Цахим аюулгүй байдал тал дээр дэлхийн жишгээс нэлээд хол тааруу байна.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд нь үндэсний аюулгүй байдлыг цахим аюулгүй байдлаар алдагдах гэж байна гэж мэдэгдчих шиг болсон. Анхаарах ёстой зүйл рүүгээ л анхаар. Иргэдийн дуу хоолойг боох, цахимаар шүүмжлэл хэлэх, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх рүү халдахын оронд энэ ажлаа л хиймээр байна.

-“Е-монголиа”системд манай нийт хүн амын мэдээлэл нэгтгэгдэж байгаа. Магадгүй эрсдэл үүсэх үү?

-Манайд цахим хөгжил дээр давуу тал олон байдаг. Нэг зүйл бий. Манайхаас илүү үнэлэгдээд байгаа улсуудаас Монгол Улс уг нь давуу тал олонтой. Бид яагаад үүнийгээ харуулж чаддаггүй юм бэ гэдэг л асуудал. Олон улсын үнэлгээг дан гаднынхан үнэлдэг юм биш. Жишээ нь, эрсдэлийн индекс эсвэл нэгдсэн тайлан дээр дан гаднынхан үнэлэх тохиолдол бий ч ихэвчлэн дотоодын зөвлөхүүд олон улсын үнэлгээ руу ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Тэгэхээр дотоод зөвлөхийн олж авч байгаа мэдээлэл дутуу байгаад байна. Дутуу байгаа нь тэр зөвлөхүүдийн буруу биш. Төрийн байгууллага баахан тууз хайчилсан, баахан нээлт хийсэн мэдээллээ энд тэнд цацахын оронд яг тодорхой хэрэгтэй, авч хэрэглэж болохуйц мэдээллийг мэдээлэх хэрэгтэй байна. Муу үнэлэгдэж байгаа бол манай улсын хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй байгаатай холбоотой.

Б.ЭНХЗАЯА