Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын уран зохиолч Балжирын Догмид: Нутгаа санадаггүй хүний нүдэнд нулимс гэдэг эрдэнэ байдаггүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……

Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа.


-Оюун санааны яруу тансаг ертөнцөд анх хөл тавьсан үеэ, ертөн­цийг өөрийн хувь ертөн­цөд хэрхэн хүлээж ав­сан тэр балчир насны үеэ эргэн харахад ямар төсөөлөл танд үлдсэн байдаг вэ?

-Монгол гэдэг эртнээ­сээ их өв соёлтой, утга зохиолын язгуур дээд судар сүмбүм бүтээсэн, тэр нь зөвхөн эх монгол хэл дээрээ төдийгүй энэтхэг, түвд гэхчилэн бичгийн гол гол хэл дээр бичигдсэн том гүрэн. Дэлхийг дагуулсан том гүрэн яаж хоосон байхав. Хичнээн үрэгдэж барагд­лаа ч гэсэн их юмнаас юм үлдэж л таарна шүү дээ. Ийм улсын их утга зохиол бол гайхамшигтай. “Ал­тан товч”, “Нууц товчоо”-ноос эхлээд Инжинаш, Равжаа гээд яриад бай­вал барагдашгүй их юм. Тэгээд аман туульс бай­на. Хүн бүхний цээжинд шүлэг хэлхээтэй явдаг. Монгол хүн бүхний цээ­жинд үлгэр туульс, хэдэн цагаар хэлдэг тэр маг­таал, туульс нь явж л байдаг. Нэг хүн гэхэд нэг том боть ном гэсэн үг. Одоо л тэр их өв сангаа­саа юмнаасаа холдоод байгаа болохоос. Хали­маг, тува, халх, ойрад бүгдээрээ л өөр өөрийн үндэсний том өв соёлтой. Би яахав дээ, говь нутагтаа бусдын адил малын дэргэд ээж аавын­хаа хажууд л өссөн. Агуу их монголчууд гэдэг чинь үгсийн сангийн их баялаг­тай. Зөвхөн малтай хол­боотой үг хэллэгээр гэхэд л хэдэн дэвтэр лавлах толь хийсэн ч болохоор. Би ч нэг их олон хэл мэ­дэх­гүй юм. Эрдэм номтой улсын ярьж байгаагаар монгол хэл шиг ийм баялаг, өргөн дэлгэр, олон хувилбартай, ийм уран гоё шигтгээтэй тансаг хэл ховорхон гэдэг.

-Та айлын ганц хүү. Үдэш бүр үлгэр домог сонсч, оюуны тэр их сав шимээс хар багаасаа халбагаар бус шанагаар хүртэж өссөн байлгүй?

-Би айлын ганц хүү. Хоёр эмэгтэй дүүтэй, дээрээ нэг өргөмөл ахтай. Оюун санааны ертөнцсөөд байх ч юу байхав дээ. Малын дэргэд өссөн хүүхэд ертөнцийг эрт ухаардаг юм. Бусдын зовлонг өөрийн зовлон мэт ойлгодог. Бот­гоо голсон ингэ, ботгоо хөхүүлсэн ингэний зовлонг хуваалцаж, адил­хан нулимс унагаж, өдөр ч бай, шөнө ч бай мал төллөхөд баярлаж, малын дэргэд өссөн хүүхэд зөөлөн сэтгэлтэй болдог. Би таван нас­тайгаасаа наадмын морь унаж эхэлсэн. Морь унахын хувьд харин ч нэг мундаг байлаа. Миний морь дандаа түрүүлж, эсвэл айрагдана. Нууц нь манай угшил удам сайтай адуунд байсан болов уу. Ёстой л ланжгар уяач байлаа. Миний аав улсын наадамд хүлгийнхээ шандсыг сорьж үзээгүй ч сумынхаа наад­мын түрүүг удаа дараа авдаг байлаа.

-Тавтайдаа хурдан морь унасан гэж үү?

-Тэгэлгүй яахав. Тэр үед манай нутагт хүүхэд ховор байсан. Хурдан морь унадаг хүүхэд олддоггүй.

-Хүүхэд ховор байсан нь юуных вэ?

-Тэр үед хүүхэд гаргах хүн өдрийн од шиг. Манайхан Дарьгангаас хүүхэд зөөдөг байсан гэдэг юм.

-Үрчилж авдаг гэсэн үг үү?

-Тийм. Тавин хэдэн онд л Оросын улаан тарианы буянаар монголчууд үртэй хүүхэдтэй бол­сон шүү дээ. Ардын хувьсгалын эхний жилд таван зуун мянга хүрэх­гүй хүн амтай байсан гээд бод доо. 1916 оны хүн амын тоолло­гоор Да хүрээ буюу одоогийн Улаанбаатар 110 гаруйхан мянган хүн амтай, гучин хувь нь монголчууд, далан хувь нь хятадууд байсан гээд бод.

Тэгээд би таван настайгаасаа хурдан морь унана, хурга ишгээ хариулна юу эсийг хийхэв. Айлын том хүү. Эрхэлдэг, тоглодог, алд­даг, алдардаг, инээдэг ханиадаг ийм л байсан. Ер нь тэгээд уран зохиолыг сургууль соёлоор ч юм уу дан ганц хөдөлмөрөөр хийдэггүй. Огт байхгүй юман дээр, хар усан дээр өрөм байлгана гэж байхгүй шүү дээ. Цаанаасаа л бяцхан авьяас байж уран бүтээл хийнэ л дээ. Авьяас гэдэг төрмөл байдаг.

Миний ээж, нагац ах хоёр бол үг хэлэхдээ толгой холбоод хэлчих­дэг хүмүүс байсан. Зохиол гэдэг бол үгээс гадна сэтгэл гэдэг гол дэвсгэртэй. Сэтгэл байхгүй бол үгийг мянга холбоод нэмэргүй. Юмыг үзэх шүүлтүүр байхгүй, тэмтрүүл байхгүй гэсэн үг юм даа.

-Та анхны зохиолоо санадаг уу?

-Дорноговь аймгийн Зүүнбаян­гийн долоон жилийн сургуульд, тав, зургадугаар ангид байхдаа шүлэг оролдож эхэлсэн юм. Тухайн үед “Залуучуудын үнэн” сонинд Эрэв­гийлхам гэдэг хүн миний шүлгийг тавьж, арван таван төгрөгийн шагнал шуудангаар явуулж байв. 1959 онд юм уу даа. Тухайн үед манай сургуулийн захирал “Төвийн сонинд юм бичээд 15 төгрөгийн шагнал авч” гэж хүүхдүүдийн өмнө баяртайгаар гардуулж билээ. Сүүлд Санхүү, эдийн засгийн тех­ни­кумд ороод юмны зах сэжүүрээс уншиж эхэлсэн. Тэр үеэс л би жаахан хөгжиж эхэлсэн юм уу даа. Томчуудын юмыг их уншсан даа. Санхүүгийн техникумын дэргэдэх утга зохиолын дугуйланд алдаг оног ирэн очин Очирбат гэдэг хүний удирдлага дор сууж, Зохиолчдын хороогоор ганц нэг орж гарч байлаа. Тэр үеэс би юм уншиж, оролдож эхэлсэн юм.

-Та шүлэг яруу найргийг тэгсгээд орхичихсон юм уу?

-Орхиогүй шүү дээ. Хэвлүүлдэггүй л болохоос одоо ч бичиж л байна. Зөвхөн дууны шүлэг гэхэд дөч гаруй байдаг. Аятай дантайгаа.

-Таныг хүүрнэл зохиолоос өөр хэлбэрээр яагаад ч төсөөлөхгүй юм байна?

-Намайг хүмүүс шүлэг бичдэг гэж мэддэггүй. Сэтгэл хөгжөөнө гэж нэг юм байдаг юм.

-Тэгэхээр дасгал маягаар та шүлэг бичдэг юм уу?

-Бие халаалт.

-Яруу найргийг жаахан доошлонгуй зэрэгт үздэг үү?

-Доош хийж байгаа юм биш шүү дээ. Хүн яруу найргаар, уран зургаар, дуу хөгжмөөр бие халаана. Зүгээр гудамжинд явж байгаад орж ирээд юм уу тэнд нэг хүнтэй хэрэлдчихээд шүлэг бичнэ гэж байхгүй шүү дээ.

-Хүмүүсийн ярианаас харахад, тавь жараад оны үеийн Санхүүгийн сургуульд янз янзын салбарын лидерүүд сурсан байдаг. Та тэнд хэн хэнтэй хамт байв?

-Агуу их Явуухулан, агуу их Цэгмидийн Гайтав, “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” киног хориодхон насандаа бичсэн Доржийн Гармаа, шог зохиолч Цэрэнжамц, Заяатын Ядмаа гээд ер нь санхүү, эдийн засгийн техникумыг төгссөн зохиолчдыг тоолохоор гучин долоо найман хүн байдаг юм. Тоотой ноцолдсон хүний толгойны эргээ их эрт гардаг юм. Тоо гэдэг чинь хүний толгойг задалдаг эд л дээ.

-Та хэдэн настайдаа энэ сургуульд орж байв?

-Арван зургаатай ороод хорин настай төгссөн. Аймгийн захир­гааны санхүүгийн хэлтэст би арван зургаан жил ажиллаж. Улсын орлого зарлагын өрөөсөн сэжүүр дээр сууж байсан хүн. Мөнгө хатуу байх үед наян хэдэн сая төгрөгийн орлого зарлага оруулж гаргаж байлаа. Хорин настай хонгор цустай байхдаа тийм ажил хийж явлаа. Би санхүүгийн сургуулийг Явуухулан төгссөн шүү гэж бодо­хоор утга зохиолын сургуулийн дайтай боддог юм. Гайтав төгссөн шүү гэж бахархдаг. Наад захын жишээ, Сангийн яамны есөн сайд тэр сургуулийг төгссөн. Хуучин Улс төрийн товчооны хорь гаруй хүн тэр сургуулийг төгссөн. Монголын нэг номерын сургууль байв. Тэр сургуулийг төгссөнөөрөө би одоо ч бахархаж явдаг. Дондогдоржийн Дашдондог гэж миний багш байсан юм. Зундуйн Хангалын хөгжим, Дашдондогийн шүлэг “Аяны шувууд” дуу бий дээ.

Аялан дуулах чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр шувууд ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцлаа… гэж. Тэр хүн бидэнд санхүүгийн хичээл зааж байсан. За тэгээд, дуучин Цэвэлсүрэн, агуу жүжигчин Дамчаа, олимпийн анх­ны хүрэл, мөнгөн медальт дархан аварга Мөнхбат, дэлхийн залуу­чуу­дын аварга Сэрээтэр гээд бүгдээрээ тэр сургуулийг төгссөн.

-Та өгүүллэгт өөрийгөө тоож эхэлсэн бүтээлүүдээ хэзээ бичсэн бэ?

-Наян есөн оны нэгдүгээр сард би Улаанбаатар хотод орж ирсэн хүн шүү дээ. Хөдөө ажиллаж байсан хэдхэн зохиолч байдаг юм. Говь-Алтайд Зүмбэрэлийн Гүнсэн, Дорнодод Данзангийн Нямсүрэн, Дорноговьд би, Сэлэнгэд Сүхдорж, Базарсад. Ийм л хэдэн хүн байдаг юм. Би их олон багштай хүн. Муу хүн олон багштай байдаг юм уу гэж би боддог. Яруу найрагч Шархүү­гийн Дансранжав гэж Дорноговь аймгийн утга зохиолын дугуйлан­гийн эрхлэгч байлаа. Тэрнээс хойш манай өгүүллэгийн их мастер, Горькийн утга зохиолын сургууль төгссөн Пэрэнлэйн Лувсанцэрэн багш маань МЗЭ-ийн залуу зо­хиолчдын зөвлөлийн дарга бай­лаа. Тууж, өгүүллэгийн их мастер Дэмбээгийн Мягмар, богино өгүүл­лэгийн жинхэнэ мастер Жагдалын Лхагва гээд яривал надад олон багш бий. Миний багш Сэнгийн Эрдэнэ байна. Нас барахаасаа хоёр сарын өмнө танай сонинд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилц­лагадаа “Би уртаашаа хоёрхон шавьтай. Нэг нь Пун­цагийн Бадарч нөгөө нь Балжирын Догмид шүү” гэж хэлсэн байгаа. Тэр ярилцлага нь Ганчимэгийн нийт­лэлийн номд орсон байна лээ. Заримтай нь багш шавь, заримтай нь найз. Энэ хүмүүс намайг хөг­жүүлсэн. Мон­голын их утга зохиолд өдий зэргийн өндөрлөгт гарахдаа би өөрийнхөө сайнд гараад ирсэн юм биш. Ер нь энэ дашрамд хэлэ­хэд, Монголын утга зохиол өнөөдөр дэлхийн утга зохиолын хаахна нь явна вэ гэж заримдаа хүмүүс асуудаг юм. Би хэлнэ. Маш өндөр түвшинд яваа гэж. Монголын утга зохиол гадагшаа гарахад ганцхан юм саад болдог. Дэлхийн тавцанд зогсоход юу саад болог вэ гэхээр тэнд монгол ахуй байдаггүй. Тэнд монгол ахуй, нүүдэлчний соёл иргэншил байхгүй. Тэнд сумын наадам, мянган хонь хариулаад явж байгаа арван наймтай бүсгүй байхгүй. Тэнд агуу сайхан тал нутаг, уул ус байхгүй.

-Ахуйгаас гадна сэтгэлгээ нь буудаггүй байх, тийм ээ?

-Монгол сэтгэлгээ угаасаа байхгүй. Сэтгэлгээ,  ахуй аль аль нь байхгүй болохоор яаж орчуулах билээ дээ. Гэхдээ манай монголчууд бүгдээрээ Европын боловсролтой, социализмын үед бүгдээрээ шахуу, надаас бусад нь гадаад хэл сурсан. Гадаад хэлийг эх хэл шигээ сурсан, эх хэлээ бүр ч гайхамшигтай мэддэг, хоёр хэлний хос морьтой тэр хүмүүс европ хүн шиг сэтгэж чаддаг. Европ хүн шиг амьдарч, ойлгож чаддаг, европ хүн шиг үхэж чаддаг болтлоо боловс­рол эзэмшсэн учраас гаднаас орчуулахдаа манайхан бол гайхамшигтай. Гэвч гадагшаа орчуулахад нь гадаадад хүлээж авах уншигч байхгүй. Гадаад хэлэнд буух ч үгүй. Монгол үг жишээ нь, “цагаан” гэдэг үгийн хувилбар гэхэд л гуч гаруй дөчөөд байна. Цагаан, цэгээн, бүгээн, гэгээн, цайвар, бөрт гэхчилэн цааш явна. Гадаад хэлэнд бол ийм өргөн боломж байхгүй. Оросоор бол арван хувилбартай хэлнэ биз дээ. Англи хэлэнд бол бүр байхгүй гэж улсууд ярьдаг юм. Тэгэхээр яаж тэр хэлэнд буух юм. Бид нар чинь ёстой будгаа ч зурж байгаа юм шиг бичиж байгаа шүү дээ.

-Та бүтээлээсээ өөрийн нэрийн хуудсаа гэж үздэг өгүүл­лэгүүдээ нэрлэж болох уу. Мон­голын утга зохиолын өгүүллэ­гийн оргилд таны харж байгаа­гаар хэний ямар бүтээл байна?

-Өөрийнхөө юмыг тэр нь энэ нь гээд байдаггүй. Би бичээд л орхисон бол тэрнийгээ эргэж хараад байдаггүй. Монголын их утга зохиолын өгүүллэгийн толгой дээр өнөөдөр ямар өгүүллэг байна вэ гэдгийг харин хэлж чадна. Их Нацагдоржийн гучин хэдэн онд бичсэн “Харанхуй хад” гэдэг өгүүллэг байна. Тэр өгүүллэгийг хэд дахин уншсан ч, хэд дахин муулсан ч, тэнд хувь хүний юм байгаа, Монголын ахуй, цаг үеийн юм байгаа бол дэлхий ертөнцийн өнгө будаг, бурангуй цагийн сайн муу юм бүгд байгаа. Түүнийг нь харин ялгаж салгаж, дотроос нь олж харж уншиж чадах хүн ховор байдаг. Нацагдорж бол агуу. Тэр гучин нэгхэн нас насалсан, Лер­мон­тов хорин долоохон, Дашбал­бар дөчин хэдхэн насалсан. Ер нь агуу хүмүүс бол анхныхаа зохио­лоор бараг бүх бүтээлээ хийчихдэг юм байна гэж би ойлгодог. “Харанхуй хад” бол Нацагдоржийн анхны л өгүүллэгүүдийн нэг. Тэгээд манай том зохиолчид олон байна даа. Богино өгүүллэг гэж ярих юм бол Жагдалын Лхагва байна. Би Лхагвагийнхаа тухай зөндөө ярьдаг болохоор улсууд бараг цээжилчихсэн байх. Дорноговьд дунд сургуулийн хүүхэд байхдаа орос хэлэнд бараг боловсорчихсон байсан хүн. Эндээс Украйны Киевт Политехникийн дээд сургуульд очоод дотуур байрандаа хоол хийж байхдаа л испани хэл сурч утга зохиолын орчуулга хийж бай­сан хүн. Хоол хийж байх хуга­цаандаа сурсан хэлнээсээ Хосе Мартийг эх хэлнээс нь орчуулсан хүн шүү. Хэлийг ёстой л нохой шиг сурдаг хүн байсан юм. Хэлийг хамгийн сайн сурдаг амьтан нохой юм гэнэ лээ. Маш их уншсан. угаа­саа их авьяастай, өндөр боловс­ролтой, маш торгон мэдрэмжтэй, гадаадын юманд багаасаа их боловсорчихсон хэрнээ монголоо­роо гайхалтай сэтгэж бичдэг. Лхагвааг мөн ч олон хүн дуурайж богино өгүүллэг бичих гэж оролд­сон доо. Чадаагүй. Нэг үе бүгд хошуураад Лхагвааг дуурайсан. Бүгд л хоёр хуудас өгүүллэг бичсэн. Одоо тэднээс үлдсэн нь нэг ч байхгүй.

Монголын их утга зохиолыг хөгжүүлэхэд түүний зүтгүүр болж явсан үе үеийн олон олон зохиолч­доос гадна, манай үе үеийн агуу их орчуулагчид байна. “Дөлгөөн Дон”-ы дөрвөн дэвтрийг хоёр дахин орчуулж сайжруулсан Базарын Дашцэрэнгээс эхлээд Айтматовын тэр сайхан өгүүл­лэгүүдийг орчуулсан Самбуугийн Бадраа гэж сохор өвгөн байлаа. Одоо тэр хүнийг сайнаар дурсах нь байтугай муугаар ч дурсахгүй байна. Хүмүүс бие биенээ мартдаг. Хамаг юмыг нь уншиж, түүгээр амлаж угжийг нь хөхөж өсчихөөд өнөөдөр эргээд тэр хүмүүсийг дурсах хүн өнөөгийн энэ орчуулагч нар дотор байхгүй байгаа юм. Аким, Гомбосүрэн нарыг ангаахай байх үед тэр хүн орчуулагч байлаа. Ардчилал гараад хэдэн орчуулагч гараад ирэхээр бүх юм л ерэн оноос хойш гарсан юм шиг ярьцгаах болж. Энэ бол ёстой том солиорол байхгүй юу. Монголд элитүүд байсан. Дээр үеэсээ эхлээд хэдэн үеэсээ. Равжаа, Инжиннашаас авахуулаад, агуу их Нацагдоржоос эхлээд маш өндөр боловсролтой, цэл залуугаараа бүтээлээ ихэнхийг нь хийчихсэн, Лермонтов, Есенин­тэй эн тэнцэхүйц тийм элитүүд манайд зөндөө байна.

-Хүүрнэл зохиолыг зарим судлаач шүүмжлэгч нар, бичдэг улсууд нь ч өөрснөө ерээд оноос өмнөх хойшхи гэж хуваагаад хойшхи хүүрнэл зохиол “сэт­гэлзүйн” бүтээл гэх хандлага байдаг. Та бол ингэж үзэхгүй биз дээ?

-Юу ярьж байгаа юм. Монголын утга зохиолд өнөөдөр шинэ урсгал оруулж ирсэн хүн алга. Гайгүй бичиж байгаа ганц нэг залуучууд байна л даа. Одоо зах зээлийн үеийн зохиол бичээд байна шүү дээ. Сэтгэлээрээ бичих нэг өөр. Мөнгө бодож, албан тушаал бодож, зарим нь бүр шагнал бодож зохиол бичиж байна. Сэтгэлээс гараагүй л бол өөдтэй юм болохгүй шүү дээ. Модерн маягийн юм бичих ёстой гэцгээж байна. Модерн гэдэг чинь үнэндээ модоо барихын шинж. Нэг үг байдаг юм. Авьяасгүй хүн адал явдал бичнэ гэж. Бараг миний үг л дээ. Адал явдлыг яаж ч арав арваар нь бичиж болдог байхгүй юу. Зургаар ярихад, хүний хөрөг огт зурж чадахгүй хүмүүс модерн гэдгийн ард нуугдаж байдаг. Амьдрах арга нь тэр. Галсансүх шиг модерн бичсэн бол болж байна. Ардын зураач Долгоржавын Болд шиг чөлөөт сэтгэлгээний зураг зурж чаддаг бол болж байна. Морь зурж чадахгүй болохоороо модоор зорсон юм шиг зурчихаад модерн гээд байна.

-Социализмын үед чөлөөт сэтгэлгээ байсангүй л гэдэг. Утга зохиолоос лав тийм юм харагддаггүй шүү дээ?

-Би нэг түүх ярих уу. Социализ­мын үед би тэгж ном зохиолоо хаалгаж байлаа, тэгж хавчигдаж байлаа, тэгж нутаг заагдаж явлаа гэж ярьдаг ганц нэг хүн байдаг юм. Гэтэл тэр үед үнэхээр хаагдаж боогдож явсан хүн гэвэл, Чойном, Галсангийн Жамьян хоёр л байна. Ерэн он гарлаа. Би Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үргэлжилсэн үгийн төвийн дарга боллоо. Бид нар зохиолчид­тойгоо сууж байгаад “За, та нар нөгөө социализмын үед дарагдсан, хоригдсон зохиолуудаа гаргаад ир. Цог сэтгүүлд цувралаар хэвлэе” гэлээ. Ганцхан хүн нэг тууж өгсөн. Гучин хэдэн онд хэлмэгдсэн гээд.  Гэтэл нөгөө дарагдаж явлаа гээд байсан хүмүүс байдаггүй. Бүгд худлаа байдаг юм. Тэгэхээр нь бид Кино үйлдвэр дээр очлоо. “Хүний мөр” киноны талыг нь хяргаад хаячихсан юм гэнэ лээ. Улс төрийн учир шалтгаанаар хассан гэнэ лээ. Хассан хэсэг нь байна уу гээд.  “Түмний нэг”, “Хүний мөр” киноны хассан хэсэг байна аа. Тэгсэн хамгийн муу, одоо ч хасахаар тийм л юмыг нь хассан байгаа юм. Ингээд худлаа. Одоо эргээд хар л даа. Адлагдаад алдагдчихсан зохиолч хаана байна. Тэр главлит нь эрхбиш ганц нэг алдааг засна биз дээ. Г үсгийг б гээд бичсэнийг бол засна биз дээ. Тийм л юм байдаг юм. Харин Чойномын хувьд бол социализмын үед үнэхээр хавчигдаж явсан  байдаг л даа. Бүр өмнөх гучин хэдэн он бол тэртэй тэргүй үймээн самууны үе, социализмтай холбож ярьж болохгүй.

-И.Нямгаваа найруулагч та хоёрын “Догшин хутагтын сахиус” гэдэг кино 100 жилд гарсан дэлхийн шилдэг киноны гучин хэдэд нэрлэгдсэн. Энэ киноныхоо талаар та юу хэлэх бол?

-1996 онд хийсэн кино. Английн урлагийн академи дэлхийн шилдэг киног зуун жилээр шалгаруулаад 100 кино нэрлэсэн. Тэр дотор дуугүй киноноос эхлээд өнөөгийн Холливудын өндөр зэрэглэлийн технологиор хийж байгаа кинонууд орсон. Тэр дотор манайхаас ганцхан тэр “Догшин хутагтын сахиус” гэдэг кино 31 дээр гарч ирсэн юм. Тэр бол юм мэддэг чаддаг хүмүүс нь хийсэн шалгаруу­лалт шүү дээ. Би тэр киног зохиол маань сайн учраас кино сайн болов гэж боддоггүй. Найруулагчийн авьяас, жүжигчний чадалтай холбож ойлгодог. Сосорбарам тоглосон. Энэ хоёр хүнтэй холбож ойлгодог юм. Нөгөө­тэйгүүр, энэ кино бол тавдугаар догшин ноён хутагт Равжаагийн кино учраас. Равжаагийн юм бол явдаг л байхгүй юу. Равжаа лоббидоод явуулсан юм болов уу ч гэж боддог доо. Гэхдээ сайн кино. Манай Сосор­барам их аатай, одтой, галтай цогтой тоглосон. Равжаа хутагт ийм хүн байсан болов уу ч гэмээр. Тухайн үедээ энэ киног “таван галзуугийн кино” гэж шүүмжилж л байсан. Нямгаваа хагас галзуу, Догмид галзуу, хөгжмийн зохиолч Жанцанноров эрүүлгүй, бүжиг дэглээч Сүхбаатар бол бүр солио­той, гол дүрд тоглосон Сосорбарам гайхалтай. Ийм таван галзуу хүний хийсэн кино учраас дэлхийд дээгүүрт орсоон. Уран бүтээлч хүн дандаа сайн муу хоёрын дундуур, хар цагааны дундуур явдаг юм. Дандаа магтаал дундуур явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр тэр киноны буянаар Нямгаваа маань эхнэр хүүхэдтэйгээ Америкт арван хэдэн жил болчихсон. Холливудад ассистент найруулагч хийгээд сарын 10 мянган долла­рын цалин аваад байж байна.

-Харин та үр шимийг нь яаж хүртэв?

-Кино найруулагчаараа, дуу хөгжмийн зохиолчоороо овоглодог юм. Би зүгээр баярлаад л сууж байдаг юм. Хичнээн гайхалтай шүлэг бичээд ч тэрний шүлэг гэж явдаггүй. Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга” дуу бол Баттөмөрөөр л овоглож яваа шүү дээ.

-Уран бүтээлч сайн муу хар цагааны дундуур явдаг гэж та сая хэллээ. Гэхдээ танд дургүй уншигч байхгүй байх аа. Уншигчдаас зэмлэл хүртэж явав уу?

-Ер нь хүртэх ёстой л доо. Олны дунд дургүй зарим нь байлгүй яахав. Байхгүй бол би хөгжихгүй шүү дээ. Өчүүхэн мах цусанд төрсөн усан нүдтэй, цусан зүрхтэй Догмид байтугай бусдын төлөө, эх болсон зургаан зүйлийн төлөө залбирч явдаг агуу их Далай ламд хүртэл өч төчнөөн, хэдэн сая тэрбум дайсан байна, тийм үү. Дайсангүй хүн бол хүн биш.

-Та Равжаа хутагтын нутагт төрсөн, зохиолчийнхоо хувьд Монголдоо театрын үндэс суурийг тавьсан Равжаагийн театрын талаар ямар бодолтой вэ. Олонхи хүмүүс Монголын театрыг “Бөмбөгөр ногоон”-оос эхэлж яриад байдаг?

-Би заримдаа зохиолч найз нөхдөдөө тоглоомоор хэлдэг юм. Та нар Монголын их утга зохиолын гал голомт энэ дөрвөн уулын дунд байсан, байгаа мэтээр ярьдаг. Үгүй шүү. Монголын их утга зохиолын гал голомт бол Нацагдорж, Ядам­сүрэнгээс өмнө, Хамрын хийд дээр, Равжаа тулгыг нь тулж галыг нь түлсэн Хамрын хийд дээр бий. Та нар хааяа бас эргээд бод. Энэ худлаа биш шүү гэж хэлдэг юм. Равжаа хутагтын нутгаас агуу их Жагдалын Лхагва төрсөн гээд бод доо. Тэндээс агуу зураач Гаваа гуай, бүжгийн хаан, агуу их Сэвжид төрсөн гээд бод. Тэндээс агуу дуучин Банди, Нарантуяа гарсан гээд бод доо. Дорноговийн Наран­туяа гэдэг дуучин хөдөөгийн хонины бэлчээрээс Москвагийн Их театрт урилгаар очоод “Чио Чио сан” дуулж байлаа. Тийм хүн хэр олон бэ. Д.Нацагдоржийн жүжгийн шил­дэг дүрийн уралдаанд орохдоо Нансалмаагийн дүрд Жавзан­дулам­тай өрсөлдөөд хоёрдугаар байрт орсон. Нуруу нь хүрсэнгүй ээ, наадах чинь намхан учраас. Жав­зандулам их сайхан биерхүү өндөр хүн. Хоолойны хувьд Нараа илүү байлаа гэж би дургүйг нь хүргэж байсан юм. Равжаагийн байгуул­сан задгай театрын суурь өнөөдөр бүрэн бүтнээрээ байж байна. Ард нь морьтой тэмээтэй улсууд зог­соод харж байдаг, Урд нь суусан улсууд нь үздэг суудалтай, тайзтай декорацитай, гэрэлтэй. Равжаа тэр бүгдийг хийсэн. Энэ бол Монголын төдийгүй Төв Азид бараг анх бос­сон театр юм л даа. Тэр байтугай өөр бас нэг театр барьсан байдаг. Дундговийн Адаацагт, эргэн тойрон нууртай голдоо аралтай, тэр арал дээр босгосон Зүүн хөх бүрдийн театр. Дандаа засмал чулуугаар барьсан. Гурван зуун тангад урдаас авчирч бариулсан гэдэг юм. Равжаа хутагт тэнгэрт халиад, тэр театр дээврийг нь тавиагүй орхигдсон. Тэнд миний Жагдалын Лхагватайгаа хамтарч бичсэн “Анх­ны хайрын дууль” киноны, “Оосор бүчгүй орчлон” гэж миний киноны зургуудыг авсан. Хүмүүс одоо сүм гэж яриад байдаг юм. Театр гэж мэддэггүй. “Саран хөхөө”-г тоглуулсан театр юм шүү дээ.

-Хүмүүс Хамрын хийд орчмыг дэлхийн энергийн төв гэж их шүтэж бишрэх юм. Та зохиолч хүний хувьд тэндээс яг юу мэдэрдэг вэ. Таны хувьд, оюун санаагаараа хэрхэн холбогддог бол?

-Тээр жил миний бие муудаад. Зүрх муудлаа. Эмч домч болж явлаа. Гадагшаа явж мэс засал хийлгэхгүй бол болохгүй нь ээ гэсэн. Тэгэхээр нь би нутаг руугаа шууд гараад давхичихлаа. Би ч нэг их эргэл мөргөл хийгээд байх шүтлэгтэй хүн биш л дээ. Равжаад бол шүтлэгтэй байлгүй яахав. Шашинд нь биш ч гэсэн Равжаа хутагтаа шүтнэ шүү дээ. Тэгээд агуйд нь очиж хоёр гурван өдөр хорь гучин минутаар сууж Равжаад хэлэх үгээ хэлсэн. Богдын лүндэн­гээр адисласан хан Баянбүрд гэж том уул бий. Түүгээр гороолж явлаа. Тэгээд би зүүдэлсэн юм. Хүмүүс худлаа гэнэ байх гээд энэ тухай би ярьдаггүй юм. Равжаа манайд ирчихсэн байна. Дараа сарын хоринд Хамрын хийд дээр уулзъя гэлээ. Хоринд очиход Равжаа ч байгаагүй, хүн амьтан ч цөөхөн байсан. Тэнд гурав хоног байгаад наашаа ирсэн дээ. Ирж явтал замд дугуй хагараад. Би зориуд ганцаараа явсан юм. Дугуйгаа нөхөж хийж чадахгүй, зүрх муутай хүн яваа шүү дээ би. Гурван килограммаас илүү юм битгий өргө гэж эмч хэлсэн. За яахав дээ, үхвэл үхэг гэж бодоод машинаа данхраадаад дугуйгаа авч янзлаад тавьсан. Зүгээр. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зүгээр л явж байна. Ирчихээд гуравдугаар эмнэлэгт очиж зураг авахуулахад өмнө нь компьютерт харуулсан зурагтай харьцуулж үзээд эмч нар гайхсан. Титэм судас нь нарийсаад цус гүйхэд асуудалтай болчихсон байсан, одоо тэлчихсэн байна, та юу уусан бэ гээд гайхаж байсан. Би үүнийг Равжаа хутагтад сүслэж мөргөж явдгийн буян гэж л боддог. Тэр хоёр зураг одоо ч хадгалаатай байгаа.

-Таны зохиолуудад гардаг бодит хүмүүсээс санаанаас тань гардаггүй хүн бий юу?

-Байлгүй яахав. Ухаандаа Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романд гардаг анги Ренчин гэдэг хувилгаан бол бодит хүн шүү дээ. Анги Шагдар гэдэг хүнийг бичсэн гэж би дуулсан. Анги Шагдар нь манай Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн. Манай Гүрбазарыг таван настай байхад нь хувилгаан гэж тодруулсан юм шүү дээ. 1959 онд. Гэвч эцэг нь улаан хувьсгалч Шагдарсүрэн гэдэг хүн нөгөө лам нарыг нь хөөж явуулаад, авчирсан урьд төрлийнх нь ном судар, хөөрөг эдлэл хэрэглэл, намтар түүхийг нь шатаагаад, социализ­мын үед ийм юм байж болохгүй гээд дарчихсан. Гүрбазар чинь албан ёсоор тодруулсан хутагт хүн. Тийм учраас шүлэг зохиолд нь бүх юм нь байдаг. Гүрбазар бид хоёрын төрсөн газар хоорондоо гучаад км зайтай.

-Та төрсөн газартаа байнга очно биз?

-Байнга. Миний нэг үг бий. Нутгаа санадаггүй хүний нүдэнд нулимс гэдэг эрдэнэ байдаггүй гэж. Нутгаа санадаггүй улсууд байдаг юм.

-Та гаднаа их омголон ширүүн хэрнээ өгүүллэг бүтээлийг тань уншихаар үнэн чанартаа их зөөлөн хүн шиг ээ?

-Гадна талдаа тиймэрхүү шүрүүн талдаа. Дотроо бол гайгүй ээ. Зөөлөн байж байж л зөөлөн бичнэ л дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Дуулах үедээ би чамтай яг одоо яриад суугаа Чимэдцэеэ биш болдог DNN.mn

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй ярилцлаа.

-Танай аймгийнхныг нутгаасаа төрсөн шинэ хамбад хүндэтгэл үзүүлсэн гэж сонссон. Та шашны тэргүүндээ ямар дуу өргөв?

-Нутгаас маань хамба төрсөнд бэлгэшээж сууна даа. Шинэ хамба маань их эрдэмтэй хүү. Хамбынх манай хажуу талын байшинд амьдардаг байсан юм. Хүүтэй минь найзлаад гүйж явдаг байлаа. Чой хамба маань ч ёсоо их сайхан сахилаа. Шинэ хамбадаа “Ялгуусан эрхэт Далай лам” дуугаа өргөлөө. IV далай лам Ёндонжамц гэж халх хүн байсан юм. Монголчуудын тэр хүмүүнд зориулж зохиосон дуу л даа. Ж.Дорждагва багш их ухаантай хүн учраас аялгууг нь хэвээр үлдээж, үгнээс нь Далай лам гэх мэт шашны шинжтэй үгсийг нь хасаж, үгэнд нь өөрчлөлт оруулан радиогийн алтан фондод бичүүлсэн. Би түүнийг нь олж авч, сэргээж дуулсан юм. Юм гэдэг их учиртай. Нэлээн олон жилийн өмнөх явдал. Дуугаа сураад нэг их удаагүй байхад XIV Далай ламаас Н.Жанцанноров бид хоёрт урилга ирэв ээ. Тэр үед “Ялгуусан эрхэт далай лам” гэдэг энэ дуугаа би Далай ламд дуулж өгсөн түүхтэй. Би энэ дуундаа их хайртай, нандигнан бэлгэшээдэг. Зүгээр хаа дуртай газраа дуулчихдаг дуу биш. Олны газар хоёр дахиа л дуулсан нь саяны үйл явдал боллоо. Эхний удаа Далай ламд, хоёр дахь удаад Сүхбаатар нутгаас минь гарсан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залсан түүхэн өдрүүдэд дууллаа. Хамба ламыг маань Монгол багш гэдэг юм шүү дээ. Төвдөд сурч байхдаа машид эрдэмтэйгээ нотлож бүх шалгуурт нь тэнцчихсэн хүн. Төвдүүдэд ном заадаг байсан гэдэг. Тийм учраас Монгол багш гэсэн алдрыг хүртсэн юм билээ.

-Далай лам “Ялгуусан эрхэт”-ийг тань сонсоод ямар сэтгэгдэл хэлсэн бэ?

– Юм их сонин. Хүмүүс Далай ламд бараалхахдаа хадагтай очдог доо. Далай багш хүмүүсээс авч очсон хадгийг нь авчихаад буцаагаад мөрөнд нь тохож өгдөг. Би ч тэр ёсыг дагаад “Ялгуусан эрхэт Далай лам” дуугаа дуулсныхаа дараа хадгаа барьсан чинь хажуудаа эвхэж тавьчихаад, өөр хадаг өгсөн.

-Тэгвэл Далай ламд ихэд таалагдсан байх нь…?

-Тийм байх. Сая хамба ламд шар хадаг барьсан чинь бас л авчихаад зөрүүлээд өөр хадаг барилаа. Бусад хүмүүсийнхийг тохоод л өгч байна лээ.

-Сонирхолтой давхцал байна шүү. Таны хоолойны ид чадлын л нөлөө байх…?

-Надаас хамааралтай юм биш л дээ, дуунаасаа болоод л тэр. “Ялгуусан эрхэт Далай лам” бол ихээ сонин, сүжиг төрмөөр дуу. Сайхан дуу сонсохоор сонсоод баймаар байдаг даа. “Ялгуусан эрхэт”-ээ сонсохоор сүжиглээд баймаар болчихдог. Ер нь дуулах үеийн мэдрэмж гэдэг их сонин эд. Дуулах үедээ би чамтай яг одоо яриад суугаа Чимэдцэеэ биш болдог. Тайзан дээр гарахаараа дуундаа ордог гэх юм уу. Дуу бүр өөр ертөнц. Дуулах бүрд өөр ертөнцөд ордог, уусдаг нь уран бүтээлч хүний жаргал байх. “Ялгуусан эрхэт”-ээ дуулахаар үүлэн дээгүүр онгоц явахаар ямар харагдаж мэдрэгддэг билээ, яг тийм мэдрэмжид эзлүүлдэг. Бас “Хүмүүний нэгэн урсгал”, “Ээдрээт амьдралын эргүүлэг” дуугаа дуулахдаа ингээд “хөөрчихдөг”.

-Таны аавыг таван настайгаасаа хийдэд шавилж суусан, бүр тусдаа домчтой, багштай ном үзсэн гэж сонссон. Ямар хийдэд шавилж байсан юм бол?

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас баруун урагшхан орших Хурдан даяанчийн хийдэд шавилан суудаг байсан гэдэг. Одоо тэр хийдээс туурь л үлдсэн. Аавын минь аав нь Орлойн баян Совд гэж хүн байсан юм. Тийм баян хүний хүү учраас тусдаа эмч, багштайгаар ном үзсэн хэрэг л дээ.

-Танай удамд дуучин хүн байсан уу?

-Аавын талын дээдэс Богдоос сүйхтэй, цалинтай дуучин хүн байсан гэдэг. Ааваасаа л сонссон түүх. Ер нь аавын минь талд эрдэмтэй чадалтай хүн олон байсан юм билээ. Манай Дарьгангынхан чинь мөнгөөр их юм хийнэ. Мөнгөөр юм хийдэг уран хүн цөөнгүй байж. Одоо ч бий. Төмрийг утас шиг болгоод юм хийнэ шүү дээ. Маарамба, дооромбо улс ч байж. Самбуу гэлэн, Чоймбол гэлэн гэж хүн, амьтныг амь голтой хандахад л босгоод ирдэг идтэй эрдэмтэй улс байсан хэмээдэг. Хамгийн эрдэмгүй нь би байхгүй юу. Дуулахаас өөрийг мэдэхгүй. Манай дээдчүүл хүнийг их дарж өсгөнө. Манайхан дунд сагаж явсан хүн ер үгүй шүү. Цөс нь хавиргаа дэлсэж болохгүй шүү гэсэн сургаал дунд л өссөн хүн байгаа юм, би.

-Цөс нь хавиргаа дэлсэх ээ, огт сонсоогүй үг байна…?

-Хүний хөөрдөг энэ тэр чинь цөснөөс үүдэлтэй гэдэг дээ. Цөс дэлсээд ирэхээр царай хүртэл сонин болоод, ааш араншин хувирдаг. Тэрийг л хэлээд байгаа хэрэг. Аавын минь том эгч Дулам гэж хөгшин хотод амьдардаг байсан юм. Зуу гаруй наслаад өнгөрсөн буянтай буурай байлаа. Дуулаад олонд үнэлэгдээд ирэхийн нэг шалгуур нь телевизээр гарах байлаа шүү дээ, тэр цагт. Телевизээр гардаг болоод эхэлчихсэн үе. Нэгэн удаа зориод очтол “За Чимэдцэеэ, цөс нь хавиргаа дэлсэх юм чамд байхгүй шүү. Урьд насны чинь төрөл дуутай жинсрэг гэгчийг олныг уншуулчихсан л хэрэг. Тэгээд л чи дуучин яваа хэрэг. Чамд огт хамаагүй эд шүү” гэж билээ. Настнууд минь намайг ингээд хүмүүжүүлчихсэн. Тэгэхээр дуучин болсон минь надтай огт хамаагүй байгаа биз (инээв). Одооны хүүхдүүдэд тийм сургамж хэрэгтэй шиг санагдах юм. Яагаа ч үгүй л цөс нь хавиргаа дэлсээд унах юм. Бас нэг зүйл сонирхуулахад би чинь хөхөө сард Хоолой гэдэг газар төрсөн хүн. Ээж минь дуулна гэж шагладаг хүн байлаа. Ингээд бодохоор дуучин болохоос аргагүй л байж. Миний сайных биш, ийм олон нөлөө, шалтгаан байжээ.

-“Ээжтэйгээ аргалд явахдаа дуулахыг нь сонсох дуртай байлаа” гэж ирээд ярьсан дурсамж тань бүдэг бадаг санаанд орж байна шүү…

-Дуучин болох А үсгийг зааж өгсөн хүн бол миний ээж. Манайх 13 хүүхэдтэй айл. Би тав дахь нь. Тэгэхээр гэдсэндээ байхаас эхлээд л бүүвэй сонсч өссөн гэсэн үг. Төрсөн хойноо ч дүү нарыг минь бүүвэйлэх ээжийнхээ дууг сонсч өссөн хувьтай хүн. Дөрөв, тав хүрээд дүү нараа бүүвэйлсэн гэхээр бүүвэйн аялгуунд өссөн байгаа биз. Ээж минь аргалд явахдаа л дуулна. Тэр олон хүүхэдтэй, малтай хүн чинь айл найр хийхэд ч очих завгүй аж төрж байж л дээ. Манай нутагт аргалд зүгээр нэг араг үүрээд явахгүй. Тэмээн тэргээр аргал түүнэ. Томоо дөрвөлжин сав тэмээндээ хөллөөд явна шүү дээ. Тэр том тэргийг дүүргэтэл их хугацаа орж таарна. Миний үзэх дуртай гайхамшигтай сайхан концерт аргал түүх тэр хугацаанд болно доо. Ээж минь үгүй мөн сайхан хүн. “Алгирмаа”-г, “Жаахан шарга”-ыг ёстой нэг шаглана. Би сүүлд “Алгирмаа”-г дуулсан юм. Тэр үед Норовбанзад багш “Одоо энэ дууг өөр хүн барьж аваад хэрэггүй. Чимэдцэеэ тулгаад дуулчихсан” гэж билээ. Би гэхдээ “Алгирмаа”-г ээж шигээ дуулж чадаагүй юм.

-Тэгвэл ч ээж тань дууг жинхэнэ утгаар нь шагладаг хүн байж…?

-Ай, хэлээд юухэв. Ээж минь бас их сайхан хүүхэн байсан.

-Та ээжийгээ дуурайсан учраас сайхан төржээ.

-Өө би тийм биш. Дуулахыг нь бараадахгүйгээс гадна бие, царай зүс, гэзэг үсний хувьд ч ээжийгээ бараадахгүй. Одоо бодоход тэр үеийн сайхан бүсгүйн шалгуур их сонин байж. Толгой, бүсэлхийн тойрог яг тэнцүү байхыг сайхан бүсгүй хэмээдэг байсан үе. Ээж минь өчнөөн хүүхэд төрүүлсэн хэрнээ тэр шалгуурт тэнцдэг байлаа шүү дээ.

-Биеэ их сайхан авч явдаг хүн байж дээ?

-Бас ч тийм биш юм аа. Хөдөөний хүн биеэ сайхан авч явах арга байхгүй. Тэр олон хүүхдийн хажуугаар биеэ тойглох хэцүү. Төрөлхийн сайхан гэж тэр л дээ.

-Дуучин болоод Улаанбаатарт ирсэн түүхээр тань ярилцлагаа үргэлжлүүлэх үү, хоёулаа?

-За тэгье. Бас л надад хамаагүй явдал. Өссөн ахуй маань, ээжийн минь дуулдаг “Жаахан шарга” намайг хотод авчирсан. Хонь тойглосны буянаар сумынхаа улаанбулангийн эрхлэгчийн анхааралд орж байлаа. Би жаахандаа дуулж чаддаггүй, их бүрэг хүүхэд байсан юм. Ах маань дуулаад онц авчихна. Би дуулаад муу авна. Чангахан дуугарахаараа уйлчих гээд байдаг нөхөр тэгэхээс ч яалтай. За тэгээд ахтайгаа хамт илгээлтийн эзэн боллоо. Ах хэсэг хугацааны дараа эргээд сургуульдаа явж, би дажгүй сурлагатай хэрнээ эргэж сургуульд суралцахыг хүссэнгүй. Одоо эргээд дурсах нь ээ зөв шийд юм шиг санагддаг. Манайх хоньтой айл байсан юм. Тэр үед манай суурь мянган хоньтой, хавартаа төллөхөөр хоёр мянга хүрч таарна. Олон хөлийн мал хургаа их голно. Суурийн ахлагч нь би. Суурийнхаа хэдэн айлын дарга нь гэсэн үг. Хурга үхүүлж болохгүй, эх үрийг салгаж болохгүй гээд суурийн даргын үүрэг, хариуцлага их. Хэний хонь хургаа голно, очиж тойглоно. Ингэж байгаад л дуучин болсон хүн дээ би. Манай нутгийнхан сумын улаан булангийн эрхлэгч Дандар гэж хүнд “Шарын бүсгүй дуучин болж магадгүй. Эх үрийг хоёр, гуравхан тойглоод авахуулчихаж байна” гэсэн юм билээ. Юмны тохироо гэж сонин. Тэр хавар бүх ард түмний урлагийн үзлэг болж таардаг юм. Анх намайг шалгасан дуу ээжийн минь дуулдаг “Жаахан шарга” байсан. За тэгээд сумаас сум дунд, сум дундаас аймаг, аймгаас улс гэж шалгарч явсаар Улаанбаатарт ирсэн дээ.

-“Тэнгэр ээж минь өршөө” дууг сонсоод нулимсаа барьж чаддаггүй гэж хэлсэн хүнтэй олон таарч байсан. Тултал дуулсан дуу шиг санагддаг. “Би энэ дуугаа л тултал дуулсан даа” гэж бодох бүтээл танд олон биз?

-Ёстой надад хамааралгүй гэгчээр үнэндээ тэгж бодож яваагүй юм байна. Цөс нь хавиргаа дэлсээгүй болохоор тэр байх даа.

-Таны урын сан дахь дуу тоогоо алдсан уу?

-Урын сан гэж сурсан дууг хэлдэг юм биш. Түмэнд түгээж чадсан дууг л тэгж хэлнэ. Миний дуулсан дуунуудаас түмэнд түгсэн нь нэлээд бий. Богино дуунуудаас хамгийн анх түмэнд түгсэн нь “Зүүдний говь”. За тэгээд “Бэрийн өглөө”, “Алгирмаа”, “Тэнгэр ээж минь өршөө” гээд хөвөрнө дөө. Одооны улс “Таны дуунууд бүгд хит” гэдэг л юм. Чухам тийм эсэхийг хэлж мэдэх юм алга аа.

-Онцгой түүхтэй бүтээл гэвэл та аль дуугаа онцлох вэ?

-“Зүүдний говь” их онцгой түүхтэй. 1984 он шиг санагдана. Хэсэг уран бүтээлчтэй Болгар явав аа. Ирсэн чинь “Алтан намар”-т дуул гэдэг юм. Бараг анхны “Алтан намар” байх шүү. Гадагшаа яваад ирсэн хөдөөний хүүхэд гэрээ санаад болдоггүй дээ. Гэртээ харих санаагаа хэлтэл Ж.Бадраа багш “Чи гадаад явах гэхээр уухайн тас яваад, Алтан намар-т ор гэхээр нутаг явах гэлээ” гээд зэмлэж байна. За ингээд дуулах боллоо. Концерт дуусах хэрд хоёр залуу уулзахаар хүлээж байна аа. Нэг нь хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Нөгөө залууг нь зураач Ш.Тэнгисболд байсныг сүүлд олж мэдсэн. Ц.Чинзориг гэж өөрийгөө танилцуулсан бор залуу надаар “Нэг дуугаа дуулуулах гэсэн юм” л гэж байна. Тухайн үед би “Хотынхон хөдөөний охидыг хуурч эргүүлдэг” гэсэн яриа сонсчихсон (инээв). Өнөөхдөө итгэчихсэн явсан хүн юу гэж тийм амар зөвшөөрөхөв, “Би дуулахгүй ээ” л гэчихлээ. Тэгээд буудалласан “Нэгдэлчин” зочид буудал руугаа алхтал дагаад салдаггүй. Учирлаад гуйж байна. “Өөрт чинь л зориулж бичсэн юм, ядаж харчих” гээд нэг хуудас цаас өгдөг юм. Өнөөхийг нь аваад үлдлээ. Гайгүй болмоор шиг л санагдлаа. Тэр үед суурин утаснаас өөр холбоо барих зүйл байх биш. Эргэж холбогдох аргаа олсонгүй. За тэгээд хэдэн жилийн дараа 1987,88 оны үед Урлагийн бригадад багтан аймгуудаар концерт тоглож явахдаа Ц.Чинзоригтой таарлаа. Баянхонгор аймгийн зочид буудлын үүдэнд. Өнөө хар залуу чинь “Ээж минь ирчихсэн. Өнөө дуугаа ээждээ нэг сонсгочихмоор байна. Манайх буудлын ардхан бий. Ээж борцтой шөл хийж байгаа. Чи нэг ороод гараач” л гэж байна. Урлагийн бригадаар явахаар их өлсөнө. Өлссөн залуу хүн борцтой шөлөнд явчихаж байгаа юм. “За тэгье” л гэлээ. Яваад ортол Чинзоригтой адилхан өндөр бор хөгшин сууж байна. Сайхан шөл хийчихэж. Тэр өдрийн орой тоглолт тартал өнөөх чинь “Дуугаа үзэх үү” л гэлээ. Хөлд суусан шиг байна аа (инээв). Ингээд тэр жилийнхээ зургадугаар сарын 1-нд Улаанбаатарт цаг болзоод “Зүүдний говь”, “Бэрийн өглөө” хоёрыг цугт нь бичүүлж байлаа. Тэр үед Монголын радиод Хаянхирваа гэж гайхалтай бичдэг хүн байсан. Сонсгол гэж абсолютный. Сүүлд яруу найрагч Жүмпэрэлийн Саруулбуян нэгэн сонинд “Чимэдцэеэг дуучдаас тохой өндөр болгож өгсөн дуу бол Зүүдний говь” гэж бичсэн байдаг юм. Ингээд харахаар “Зүүдний говь” бол намайг олонд танигдах үүсгүүр болсон дуу. Уртын дуугаар олонд танигдсан нь “Магнай түргэн” гэж дуу. Бүх ард түмний ардын язгуур урлагийн наадмаар 1986 онд дуулж байлаа.

-“Бэрийн өглөө” гэснээс энэ дууны үгийг Б.Лхагвасүрэн найрагч танд зориулж бичсэн гэдэг байх аа. Ингэхэд танд зохиолчдоос хайраа илэрхийлж байв уу?

-Яруу найрагчдаас шүлэг зориулж бичсэн нь олон. Хайр дурлалаа халдаж илэрхийлсэн тохиолдол үгүй.

-Таны үеийн олны танил жүжигчин, дуучдад цэргүүдээс эхлээд залуус олноороо захидал бичиж хайраа илэрхийлдэг байсан гэдэг. Дурлалын захиа их ирдэг байсан уу?

-Захиа их ирнэ ээ. Алсаас бичдэг нь олон байснаас тулаад хандсан нь үгүй. Бүр нэлээд сүүлд Д.Түвшинжаргалтай суусныг сонссон Хэнтийн нэг хүн өөрийгөө буудна гээд уул руу давхисан тухай дуучин Ц.Түвшинтөгс ярьж байсан нь санаанд үлдчихэж. Д.Түвшинжаргал гэдэг хүний байр байдлыг мэддэг хүн л байсан болов уу. Олоон жилийн өмнөх явдал. Баянхонгорт концертод дуулсны дараа нэг хүүхэн зорьж уулзаад “Манай нөхөр насаараа чамд хайртай яваа” л гэж байна. Тийм юм зөндөө сонсдог учраас нэг их гайхсангүй. “Чамаас салаагүй бол сайн байна шүү дээ” гэлээ. Тэгсэн өнөө бүсгүй “Үнэндээ ч заримдаа хэцүү байдаг шүү. Чамаас болоод би Чимэдцэеэтэй суусангүй гэж агсан тавьдаг” гэж билээ (инээв). Залуу цагийн энэ мэт явдлыг тоочвол барагдахгүй.

-Онцгой мэдрэмж төрүүлдэг хөгжмийн зохиолч гэвэл хэн хэнийг онцлох вэ, та ?

-“Тэнгэр ээж өршөө” дууны минь аяыг зохиосон Ш.Батсайхан, Ц.Чинзориг, Б.Бямбабаяр гурав онцгой санагддаг. Жааяа (Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров) зөндөө дуу зохиож өгч байсан. Тэрний шахалтаар ч дуулж байлаа. Би өөрөө хүсээд ч дуулж явлаа. Хүмүүсийн шахалтаар ч дуулсан тохиолдлууд бий. Гэхдээ Жааяа миний идеал биш.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сайтуудын нэг “Zarig.mn”ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчилчихлаа.

Нийгэмд сүрхий дуулиан тарьсан энэ үйл явдалд хүмүүсийн бах тав их ханаж байгаа харагдав. Ялангуяа өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн сошиалд олон мянган дагагчтай улсууд хамгийн ихээр шүлсээ үсчүүлж байна. Ганц ч контент хийж үзээгүй, хов хөөцөлдөж, хэрүүл хийж гөлийж хэвтэхээс өөр шидгүй тэд баяраа нууж ядан уралдаж бичицгээнэ.

Хийе гэсэн ч санаа оноо төрөхгүй, авьяас билэг байхгүй, Н.Өнөрцэцэгийн чигчий хурууны хумсанд нь ч хүрэхгүй тэд түүнийг өөрсдийнхөө өрсөлдөгч зайллаа гээд бодчихсон бололтой юм.

Н.Өнөрцэцэгийг хоригдсонд хуучин уламжлалт хэвлэл мэдээллийнхэн ч бас бах нь ханаад сууцгааж байгаа. Телевиз, сонин, радиогийнхон чинь. Өөрсдийг нь ч зүгээр суулгахгүй, өөрөө ч зүгээр суухгүй юм чинь тэгнэ биз дээ. Аль гоё контент, аль гоё мэдээ, аль л гоё эх сурвалжийг олоод, аваад хийчихдэг байсан юм чинь одоо атаархах юмгүй болоод амарч байх шиг байна аа.

Сэтгүүлчид, сайтууд бас ний нуугүй хэлэхэд дэмжихээсээ дэмжихгүй нь их байгаа. Өөрсдийгөө zarig.mn-тэй дээр, дороо ордог бараг л илүү гэж үздэг. Бас заригийн хаана ч хүрэхгүй байж “Өрсөлдөгчөө далд хийлээ” гэж ихэд баяртай ханцуйдаа нууж инээцгээсээр амгалан налайж байна.

Ийм үед төр засаг хэвлэл мэдээллийг дуугүй болгож авлаа гээд бөөн баяр болж байгаа нь илэрхий. Баяраа нууж чадахгүй байгаа нь ойрмогхоны нэг үйл явдлаас та бид харлаа. Хэвлэл мэдээллийн том “Эгч” Н.Өнөрцэцэгийг баригдсан чинь хотын орлогчдын нэг П.Сайнзориг сэтгүүлчдийг загнаж зандраад чухам сүйд. Цаашаа явж байснаа “битгий галзуурцгаагаад бай” гээд эргэж ирээд загнаж байх нь эрэмгий бөгөөд түрэмгий харагдаж байв. Түүний далд ухамсрыг илэрхийлэх биеийн хэлэмжийг нь харахад “Хэвлэлийнхэн та нар ер нь яах юм. Яаж чадах юм. Яаж л бол яаж та нарыг өөрсдийнхөө дураар нохойн гөлөг шиг байлгаж чадна. Дургүй хүргээд байвал шоронд хийчихдгийг мэдэж байна уу” гэдгийн хэлбэр. Хуучин цаг сайхан “Том эгч” хүчтэй байхад П.Сайнзориг яаж нахилзаж юү ч асууж байсан уйгагүй тайлбарлан таниулдаг эелдэг нэгэн байв. Тэгвэл монголын хэвлэл мэдээлэл үүнээс айж, бууж өгнө ч гэж юу байх вэ. Ичиж эмээх юм ч байхгүй. Яагаад гэвэл дэлхийн ардчилсан орны хэвлэлүүд бүгд л ийм зарчмаар ажилладаг. Төр засгийн булхайг илрүүлдэг, мэдээлдэг. Иймдээ л тэд хүчтэй байдаг. “Манайхан бүдүүлэг, араас нь ингээд л микрофоноо бариад элдээд байдаг нь ичмээр” гэх зэргээр сэтгүүлзүйг гутаах гэдэг. Энэ бол ардчилсан тогтолцоотой бүх оронд байдаг л зүйл. Дэлхийн ардчилсан орны хэвлэлүүдийг та нар хараарай. Бүгд ийм байдаг юм. Хаана л зай завсар байна, хаана л боломж байна тэр бүгд рүү микрофоноо бариад л дайраад байдаг.

Манай “Шогшдог эгч” бол харин ч даруухандаа орно. Харин орос, хойд солонгос мэтийн дарангуйлалтай орныхон араас нь гүйж барих, бэлдээгүй хүн нь асуулт энэ тэр асуувал шоронд аваачаад хийчихдэг байх. Тэгэхээр хэвлэл мэдэллийнхэн маань асуултаа асуугаад, араас нь хөөцөлдөөд, ард түмэндээ мэдэх эрхийг нь хангаж, үзэж тарж өгөх хэрэгтэй байна. Тэр зэрэгтээ шантрахгүй байх ёстой юм шүү. Тэгж байж энэ оронд ардчилал гээч зүйлийг нь тогтоон барьж байх юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “12 сарын тоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан, АНын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуяг “Монгол Улс нь Ази тивдээ ковидын дараа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орон болсон” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо” хэмээн өгүүллээ.

“Монголыг ирээдүйд авч явах хүүхдүүдийг тодорхойлж байна” хэмээснийг I болон “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн “12 сарын тоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Б.Ганхуягийг шүүхээс авчрах ажиллагааг С.Ганбаатар гишүүн та гардаж хариуцаарай” гэлээ.

Энэ удаагийн “Өөрөөс нь нүүрт Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Хүнд хагалгаанаас сэрэхдээ би Сарнайгаа л эхэлж бодсон. Тэр бол гайхамшигтай эмэгтэй” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Амангүл: Монгол Улс эрчим хүчээ цөмийн цахилгаан станцаар хангадаг болбол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулна DNN.mn

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.


– Дэлхийн улс орнуудын удирдагчид сая АНЭУ-ын Дубай хотноо НҮБ-ын дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлаар хоёр өдрийн турш хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалтын зорилго, ач холбогдол юу байв?

– АНЭУ-ын Дубай хотноо болсон НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (СОР28) дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлын хүрээнд дэлхийн улс орнууд байгалийн гамшгаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг хэрхэн гарз хохирол багатай даван туулах гарц, шийдлийг эрэлхийлсэн чухал уулзалт болжээ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй, нэлээд хөндөгддөг асуудлуудын нэг болоод байна.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын дулаарал, бэлчээрийн талхлагдал, цөлжилт, шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол эрчимжих боллоо. Энэ нь эргээд дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засагт сөрөг үр нөлөө дагуулсаар байна.

Тус СОР28 бага хурал нь байгалийн гамшгаас үүдэлтэй аливаа сөрөг нөлөөллийг дэлхийн улс орнууд хэрхэн эрсдэл, гарз хохирол багатай даван туулах талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. Улмаар “Гарз хохирлын сан”-гийн үйл ажиллагаанд дэлхийн улс орнууд идэвх санаачилгатай оролцож, төсөв санхүү бүрдүүлэхэд хандив туслалцааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү хандсан байна. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох, цаашид хэрхэн ахиц дэвшил гаргах зорилтуудыг хэлэлцлээ.

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж буй эмзэг өртөмтгий орнуудад туслах, алдагдал хохирлын санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж, нарийн тооцоолол гаргах. Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй хүчин чармайлтыг үнэлж санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг хурдасгах зэрэг асуудлуудыг ил үү өргөн хүрээнд хэлэлцсэн байна.

– СОР28-ын үеэр 20 гаруй орны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан тунхаглал баталсан. Үүнд манай улсын оролцоо ямар байх бол?

– Өнөөдөр улс орнуудын өмнө тулгарч буй байгаль орчны тулгамдсан асуудал бол яах аргагүй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудал юм.

Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчөөр ажилладаг цахилгаан үйлдвэрлэлээс үүдэлтэй агаар дахь хүлэмжийн хий болон химийн хорт бодисын хэмжээг бууруулах явдал юм. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цахилгаан үйлдвэрлэлдээ цөмийн эрчим хүчийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах нь байгаль орчин болон эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаачид дэвшүүлээд байгаа.

Тиймээс манай улс шиг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртээ нүүрс зэрэг шатах түлшийг илүү ашигладаг орны хувьд нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх буюу цөмийн эрчим хүч ашиглах нь байгаль, нийгэм эдийн засгийн асар их үр өгөөжтэй хувилбар болоод байна.

Нүүрстөрөгчийн ялгарлын нөлөөг хамгийн их амсаж, агаар, хөрс орчны бохирдолд өртөж байгаа орнуудын нэг бол яах аргагүй Монгол Улс мөн. Дэлхийн улс орнууд нүүрс шатаадаг технологиос татгалзаад удаж байна. Гэтэл Монгол Улс түүхий нүүрсээ шатаагаад эрчим хүчний эх үүсвэрээ хангадаг. Тиймээс түүхий нүүрсний ашиглалтыг багасгаж, эрчим хүчний эх үүсвэрээ цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр хангавал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд Монгол Улсын үүрэг оролцоо ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах үндсэн гол нөөц болох ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 12 дугаарт бүртгэгдэж байна.

– Сая СОР28-аар Парисын хэлэлцээрийг эрчимжүүлнэ гэлээ. Ингэхэд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг судлаачийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

– Дэлхийн 200 орчим улс орон 2015 онд Парист тунхагласан хүлэмжийн хийн ялгарал багасгах, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дундаж температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлах уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах олон улсын хэмжээний баримт бичигт нэгдсэн юм.

Нүүрстөрөгчийн ялгарлын нөлөөг хамгийн их амсаж, агаар, хөрс орчны бохирдолд өртөж байгаа орнуудын нэг бол яах аргагүй Монгол Улс мөн

Энэ удаагийн СОР28 уулзалт нь дэлхийн температурын урт хугацааны өсөлтийг 1.5 цельс хүртэл хязгаарлах зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн хурал боллоо. Учир нь НҮБ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр 1.5 цельсийн зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хор хөнөөлтэй нөлөөллөөс зайлсхийхийн тулд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр. Тиймээс тус бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн улс орнуудын хүчин чармайлтыг дүгнэн хэлэлцсэн нь үр өгөөжтэй болсон байна.

– Тэгвэл СОР 28-аас дорвитой өөрчлөлт гарч чадах болов уу?

– Энэ удаагийн СОР28 бага хурлаар Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилтуудыг үнэлж дүгнэхийн зэрэгцээ цаашид хэрхэн хүрэх ахиц дэвшилтэй ажиллах талаар хэлэлцжээ. Тухайлбал 2030 оноос өмнө хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж, эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих алхмыг хурдасгах, уур амьсгалын эсрэг арга хэмжээний санхүүжилтийг хөгжингүй орнуудаас хөгжиж буй буурай орнуудад хүргэх, хөгжиж буй орнуудын байгаль орчинд чиглэсэн шинэ хэлэлцээрт анхаарлаа хандуулж байгаагаараа СОР28 илүү “тэгш хүртээмжтэй” бага хурал болсон болов уу.

Мөн эрүүл мэнд, санхүү, хүнс тэжээл, байгаль орчин зэрэг тусгайлсан сэдэвт өргөтгөсөн хурлуудыг эдгээр өдрүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа юм байна.

– Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар СОР28-Д оролцлоо. Манай улсын хувьд СОР 28-аас ямар үүрэг, амлалт авсан бэ?

– Монгол Улсын зүгээс цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Иймд Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулах, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох зэрэг зорилтуудыг төлөвлөн ажиллахаа илэрхийлсэн байна.

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганд хэлсэн үгэндээ далайд гарцгүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй өртөж байна гэсэн. Манай улсын зүгээс ямар санаачилга дэвшүүлэв?

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг бага хуралд оролцож уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож, хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийг танилцуулсан.

Тэрбээр манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон бөгөөд энэхүү газарзүйн байршил нь улс орны нийгэм эдийн засагт зарим сорилт бэрхшээлийг дагуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгддэг орон болохыг онцолжээ. Тиймээс далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриалсан.

Эрчим хүчний эх үүсвэрээ цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр хангавал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд Монгол Улсын үүрэг оролцоо ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй

Улмаар хамтарсан шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн чиг баримжаатай болгохыг дэвшүүлсэн байна. Ингэснээр далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой болохыг илэрхийлжээ.

Манай улс энэ удаагийн СОР28 уулзалтаас гарсан “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал” санаачилгуудыг дэмжиж, тэдгээр нэгдэн орсон байна.

– Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Арабын хооронд нэлээд олон баримт бичгүүд байгуулах шиг боллоо. Цаашид аль, аль салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өргөжихөөр байна вэ?

– Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Улс АНЭУ-ын хооронд хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, өргөн хүрээтэй чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Цаашид хоёр орон харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдлаа.

АНЭУ-ын хувьд байгалийн баялаг ихтэй, газарзүйн таатай байрлалдаа тулгуурлан зөв бодлогоор элсэн цөлд хэрхэн хөгжиж болдгийг дэлхийд харуулсан чинээлэг улсын нэг. Иймд хоёр улсын давуу тал, нөөц бололцоогоо ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байна.

Манай улсын хувьд цаашид хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай болон агаарын тээвэр, судалгаа шинжилгээ, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй байх болов уу.

– Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдлээ. Энэ нь манай эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

– Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал боломжуудын нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал юм. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдсэнээр хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар өргөжнө. Ингэснээр Монголын уламжлал, байгаль ан амьтан үзэх зорилгоор манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуугарч байгаа бүгдийг дуугүй болгох кампанит ажил өрнөж байна DNN.mn

“Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорилоо. Түүнийг зургаан ширхэг гомдлын дагуу хорих шийдвэр гаргасан гэдгээ хууль хүчнийхэн тайлбарлаад байна. Эдгээр гомдлуудыг нь аваад үзвэл дандаа эрх баригчдыг шүүмжилсэн зүйл байгаа. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн асуудал, үүнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн өргөдөл гомдол болоод Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудал бий гэдгээ Н.Өнөрцэцэг хоригдохынхоо өмнө хэлсэн. Б.Энхбаярыг боловсролын зээлийн сангаас мөнгө авч гадаадад сураад түүнээ төлөөгүй гэдгийг нь гаргаж тавьсан бол Ц.Даваасүрэнгийн охиныг мөн зээлийн сан буюу төрийн зардлаар сурсан гэдгийг нь нийтэд мэдээлсэн билээ.

Дээрээс нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэрэг амиа алдсан тухай “Зариг.мн” сайтын мэдээлэл нийгмийн шуугиан болсон. “Одоо болно, дахиж өгөх амь алга” гэсэн улс орныг тэр чигт нь хамарсан томоохон хэлэлцүүлэг хийсэн. Ер нь цэрэг амиа алдсан харамсалтай явдлыг “Зариг.мн” сайт зогсоо зайгүй нийтэд мэдээлж, тэрхүү дуулиан шуугиан ихээхэн газар авсан. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хуулийн хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн. Цэргийн асуудал явж явж “Зариг.мн” сайтын амыг барихад хүргэлээ гэсэн таамаг яриа нийгэмд байна.

Яагаад ингэж хардахад хүрэв гэвэл Г.Сайханбаяр сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны нөхөр. Тиймээс Ерөнхийлөгч “Зариг”-ийн амыг барьчихлаа гэсэн огтоос баталгаагүй таамаг яриа нийгэмд байгаа юм. Гурав хоногийн өмнө “Зариг.мн” сайтын үйл ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах газраас шууд хаасан. Үүнийгээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны шийдвэрийн дагуу гэж танилцуулсан. Өөрийн сайтаа хаалгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан тус сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг эсэргүүцэл үзүүлэн төв талбайд суулт зарласан бол өчигдөр цагдан хоригдлоо. Монголд ийнхүү эрх баригчдыг шүүмжилж, тэмцэнэ, жагсана, босно гэж дуугарч байгаа бүгдийг дуугүй болгох кампанит ажил өрнөж байна.

Өнөрөө сэтгүүлчийн өмнө лайвчин Д.Мөнх-Эрдэнийг яг ийм замаар цагдан хорьж ялласан. Мөн иргэн Д.Монголхүү болон “No double standart” хөдөлгөөний тэмцэгч залуучуудыг яаж цагдан хорьж байв. Д.Мөнх-Эрдэнийн хувьд эрх баригчдыг толгой дараалан шүүмжилж, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монголын ард түмэнд хүргэж байсан. Баянхонгор аймагт очоод Их хурлын дарга Г.Занданшатарыг “Та энэ нутгаас олон дахин сонгогдож, Их хурлын даргаар хоёр дахиа ажиллаж байна. Гэвч танд нутагтаа хийсэн ажил байна уу, Баянхонгорынхны ахуй амьдрал сайхан байна уу” гэж сонгогчдынх нь өмнө улаан нүүрэн дээр нь хэлээд гөлөлзүүлж байсан. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цүнх баригч хийж яваад л төрийн өндөр сэнтийд заларсан гээд орилж байсан.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяртай ёстой өстэй юм шиг үзсэн. Энэ бүхний эцэст тэрээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд сууж байна.

Ингэхэд дуугарч байгаа бүхнийг дуугүй болгох эрх мэдэлтнүүд хэн хэн байдаг вэ гэхээр мэдээж ойлгожтой. Засгийн газар, Ерөнхийлөгч, үндсэндээ төрийн гурван өндөрлөг гэсэн үг. Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгчийн мэдэлд хууль хүчнийхэн байдаг. Тэгвэл нийгмийн дуу хоолой болж эрх баригчдын өөдөөс дуугарсан нэгний

амыг яг хэн нь барьж байгаа юм гэдэг асуулт гарч байна. Ерөнхийлөгч нь дуугүй болгож байгаа юм уу, Засгийн газар нь дуугүй болгож байгаа юм уу, эсвэл хоёулаа нийлээд дуугүй болгож байгаа юм уу. Бүр нарийн аваад үзвэл Засгийн газар болоод Ерөнхийлөгч хоёрын толхилцооноос болж нийгэмд дуугарсан бүхэн дуугүй болж байгаа юм уу.

Дөнгөж өчигдөрхөн ачигдсан Н.Өнөрцэцэг сэтгүүлч яг хэнийх нь заавар даалгавраар шоронгийн хаалга татаж байна вэ. Ачигдахынхаа өмнө Хууль зүйн сайд Б.Энхбаярыг хэлсэн. Б.Энхбаяр гэхээр Засгийн газар болчихно. Мөн “Цэргийн хэлэлцүүлэг нөлөөлсөн, цаана нь байгаа том хүний уурыг би хүргэсэндээ хоригдож байна” гэж хэлсэн. Цэргийн хэлэлцүүлгийн цаана байгаа том хүн гэдэг нь Сайханбаяр сайд юм уу, бүр Ерөнхийлөгчийг хэлээд байна уу. Энэ бүхэн яваандаа тодрох байлгүй. Хамгийн гол нь хэвлэл мэдээллээр дамжуулж нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаа бүхнийг ингэж дуугүй болгон амыг нь барьж, шоронд хорьж байгаа нь буруу.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх

үндсэн эрх чөлөөнийхөө төлөөсөнд тухайн хүн хэвлэлийн байгууллагынхаа амыг бариулж, өөрийгөө шоронд хориулж, эрх чөлөөгөө аймшиггүйгээр хасуулж байгаа нь ардчилалд аюул хөнөөл зарлаж байгаа том хэлбэр. Үндсэндээ эрх баригчдыг шүүмжилж нийгэмд үнэнийг нь хэлсний төлөө тухайн иргэнийг

шүүхээр яллаж, хорьж цагдан хэвлэл мэдээллийнх нь үйл ажиллагааг таслан зогсооно гэдэг ардчилал айхтар хумигдаж байгаагийн илэрхийлэл. Эрх баригчид бол хэвлэл мэдээллийн хүчээр гарч ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн гишүүд бүгд хэвлэл мэдээллийн ачаар нийгэмд танигдаж байр сууриа эзэлсэн.

Хэвлэлийн хүчээр төрийн эрх мэдэл албан тушаалд хүрчихээд хариуд нь эргээд хэвлэлийнхээ амыг барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Монголын эрх баригчдад хэвлэл мэдээллийг байхгүй болгох гэдэг бол зүгээр дурных нь асуудал болсон байна. Ганцхан кноп дараад л өөрсийг нь шүүмжилж үнэн мөнийг нь хэлж байгаа хэвлэлийн байгууллагыг бараг устгачихаж байна. Үүнийг бид гурав хоногийн өмнө “Зариг.мн” сайтын жишээнээс тодорхой харлаа. Дөрөвдэгч засаглал, ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээлэл Монгол Улсад ямар ч дархлаагүй, хэврэг байгаа нь саяны явдлаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн уламжлалт хэвлэл, цахим сошиал хэвлэл гэж тогоон дотроо талцаж хуваагдаад байлгүйгээр бүгд нэгдэж, нэгэн малгай дор байж хэвлэлийн эрх чөлөөний төлөө хүчтэй тэмцэх цаг нь болжээ.

“Сэтгүүлчид бид дуугүй болвол энэ нийгэмд дарангуйлал тогтоно. Хохь чинь шүү, битгий бидэнтэй тэрсээд үзээрэй гэж эрх баригчид сануулж байна. Тэд намайг хорьж байж л санаа нь амрахаар айн бэмбэгнэж байна. Би Монголын ардчиллыг хамгаална, амиараа дэнчин тавиад зүтгэнэ. Муу хүмүүс төрд гарах юм бол хэний ч хувь заяагаар хамаагүй тоглодог юм байна” гэж хэлээд сэтгүүлч Н.Өнөрцэцэг шорон руу явлаа. Үнэхээр үнэнийг хэлсэн, шүүмжилсэн, тэмцсэн бүхнийг ингэж толгой дараалан хорьж, ёстой л нөгөө тэрсээд үзээрэй гэж хэлэх шинжтэй болчихлоо.

Хулгай луйвар, муу муухай бүхнийг нь илчилсэн хэвлэлийн амыг барих тэдэнд дурны нь асуудал болсон маш аюултай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, телевизүүдийн холбоо, сайтуудын холбоо бүгд нийлж эе эеийг эрхэмлэх хэрэгтэй. Бидний хэнийг нь хэзээд ч хамаагүй атгандаа оруулах гэж, амийг нь таслах гэж улайран дайрах нь цаг хугацааны асуудал болжээ. Тиймээс нэгнийгээ сонин хэвлэл гэж муулалгүй, сошиал цахим гэж ад үзэлгүйгээр нэгдэн нийлж дуу хоолойгоо хүргэж хүчирхэгжих цаг нь ирснийг Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг нарын олон жишээ нотлон харуулсаар байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэдүүлэг өгөөгүй гэж хорьсон заалт нь олон улсын гэрээг зөрчсөн DNN.mn

“Глоб Интернэшнл Төв”-ийн хуульч, өмгөөлөгч Л.Галбаатартай Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар буруутгаж, цагдан хорих процесс өрнөлөө. Хуулийн байгууллага процессын алдаанууд гаргасан тухай хуульчид онцолсоор байна. Таны хувьд энэ процессыг яаж харав?

-Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчлах нь зөв үү, буруу юу гэдэг хамгийн түрүүнд тавигдаж таарна. Ер нь аливаа мэргэжлийн хувьд алдаа гаргах тохиолдол байдаг. Мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтын байгууллага нь шийдэх ёстой гэдэг зарчимтай. Энэ нь ардчиллын нэг зарчим ч гэж хэлж болно. Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргахад хянадаг өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёсзүйн хороо бий. Үүнийг онцолсон учир нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн буруутгагдаж байгаа хэрэг буюу Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа үйлдлийг өнгөрсөн есдүгээр сард Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн ёс зүйн хорооноос хэлэлцсэн шүү дээ.

Тухайн үед хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчмын зарим заалтыг зөрчсөн, заримыг зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, зарим зүйл дээр мэргэжлийн алдаа гаргасан байна, энэ нь өөрөө гэмт хэргийн хэмжээнд хүрэх алдаа биш гэж үзсэн. Гэтэл ёсзүйн алдааг гэмт хэрэг болгож шалгаж байгаа нь маш ноцтой асуудал юм.

-Худал мэдээлэл түгээж шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгасан байдаг…?

-Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйлийн гол агуулга нь худал мэдээлэл тараах гэдэг боловч доторх зохицуулалтыг нь харах ёстой. Үүн дотор гүтгэх гэмт хэргийн зохицуулалт байгаа юм. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болно гэж заасан. Уг нь энэ заалт Эрүүгийн хуульд байх ёсгүй. Учир нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015, 2020 онд хоёр ч удаа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж өгсөн. Эрүүгийн хуульд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах гэдэг агуулгатай заалт орох нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг цензурдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах, шүүмжлэлт дуу хоолойг боомилох үр дагавартай байна. Тиймээс энэ заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэдэг зөвлөмжийг өгсөн. Монгол Улсын Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд энэ талаарх заалт байгаа.

Түүнээс гадна Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг зарчимтай. Иргэний хуулийг бол болдог. Иргэний харилцаан дээр энэ хэрэгтэй холбоотой төстэй зохицуулалт энэ юм байна, үүний дагуу шийдье гэж үзэж болдог. Харин Эрүүгийн хуулинд үүнийг хориглодог.

Яагаад гэвэл Эрүүгийн хуулиар хүний эрх чөлөөг хязгаарладаг, үр дагавар өндөртэй учраас тус хуульд заасан ойлголтыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч бүгд нэг л утгаар хэрэглэх ёстой. Энэ нь тухайн үйлдэлтэй холбоотой асуудлыг яг л шууд хамааралтай заалтаар зохицуулах ёстой гэдэг зарчим юм.

-Сэтгүүлчийн эсрэг гаргасан зарим гомдлыг харахад нөгөө тал нэр хүндээ янз бүрийн байдлаар үнэлсэн байдаг. Магадгүй энэ нь өөр өөр ойлголт гэж таны хэлээд байгаа зүйл үү. Хэрэв тийм бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр талууд яаж ойлгосон гэсэн үг вэ?

-Яг тийм. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт бүгд нэг утгаар ойлгох боломжгүй заалт. Хүний нэр төр алдар хүнд гэдгийг Улсын дээд шүүх 2007 онд тайлбарлахдаа “Өөртөө өгч байгаа үнэлэмж болон бусдаас өгч байгаа үнэлэмж” гэж тайлбарласан. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө юу гэж үнэлж байгаагаас шалтгаална. Ингэхээр хүн бүр өөр өөрөөр хэрэглэх ойлголт болчихож байгаа юм. Шүүгч, өмгөөлөгч, прокурор энэ тухай өөрөөр ойлгоно, нэг ёсондоо барьцгүй ойлголт.

Хоёрдугаарт, тус заалтанд илт худал мэдээлэл тараах тухай бий. Үүнийг аль ч хууль тогтоомжид бас тайлбарлаагүй. Илт худал мэдээлэл гэдэгт хэчнээн хувийн худал мэдээллийг хэлэх вэ гэдэг нь тодорхой бус. 90-ээс дээш хувийг худал гээд байгаа юм уу, эсвэл 70 уу, 10 уу. Үүнийг бас л гомдол гаргаж байгаа хүн, мөрдөгч, прокурор, шүүгчид өөр өөрөөр ойлгоно гэсэн үг. Эрүүгийн хуулин дээр ийм ойлголт огт байж болохгүй зүйл. Энэ утгаараа Эрүүгийн хуульд байх ёсгүй заалтаар сэтгүүлч буруутгагдаад шалгагдаж байна.

-Сэтгүүлчийг баривчилсан нөхцөл байдал руу оръё. Шүүхээс тайлбарлахдаа “Прокурорын дуудан ирүүлэх тогтоолыг удаа дараа биелүүлээгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл хүний эрх талаас иргэн хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж хуульчид, шинжээчид үзэж байна. Ерөөсөө мэдүүлэг авч хэрэг шалгадаг тогтолцоо өмнөх нийгмийн үеийн хэрэгт холбогдсон хүнийг өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг, хүний эрхийг ноцтой зөрчдөг арга хэмжээ гэж тайлбарлаж байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, шүүх процессийн талаар Эрүүгийн хууль тогтоомжид заасан. Тодруулбал, яллах, цагаатгах нотлох баримтыг аль алийг нь зэрэг бүрдүүлнэ гэдэг. Мөрдөгчийн хувьд яллах талын баримтыг дангаар нь цуглуулахгүй, цагаатгах талын баримтыг зэрэг цуглуулах ёстой гэдэг зарчим барих ёстой. Энэ нь тэнцвэртэй, нэг талыг барьж асуудлыг шалгах ёсгүй гэсэн үг.

Мөрдөн шалгах, яллах үйл ажиллагаа олон ажиллагаанаас бүрддэг. Эрүүгийн процессын хуульд зааснаар хүнийг дан ганц мэдүүлгээр яллаж болохгүй. Хэрэв тэгвэл хууль бус, яллах тогтоол хүчингүйд тооцогдоно. Үүний цаана хүнийг заавал дуудаж мэдүүлэг авах нь зайлшгүй ажиллагаа биш. Яахав, нэг төрлийн ажиллагаа байж болох ч түүнээс өөрийг хийж болохгүй юм шиг ойлгох нь өрөөсгөл.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчлах болсон шүүгчийн захирамжийг “Шүүхийн мэдээ” хуудсаас харсан. ЭХХШТХ-д хүнийг цагдан хорих дөрвөн үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүний нэг нь ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол цагдан хорино” гэдэг. Энэ заалтыг барьсан бололтой. Захирамжиндаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэдэг прокурорын үндэслэлийг онцолсон байсан. Тэгэхээр таны хэлдгээр хүн гэмт хэрэгт буруутгагдаж шалгагдаж болно. Ингэлээ гээд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлана гэсэн үг биш. Хүн өөрийгөө хамгаалж, би буруу зүйл хийгээгүй гэдгээ илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэж прокурор үзэх ёстой.

Яг эсрэгээрээ явчихлаа шүү дээ. Өөрийгөө хамгаалж үзэл бодлоо илэрхийлсэн, суулт зарласан. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө хамгаалах эрхтэй гэж заагаад өгчихсөн. Гэтэл тэр үйлдэл нь цагдан хоригдох үндэслэл болчихов уу?

-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа нь яаж нотлогдож байгаа вэ гэдэг тодорхой мэдээлэл байгаагүй. Хүнээс ярилцлага авсан нь шалгагдаж байгаа гэмт хэрэгт яаж саад учруулаад байгаа юм бэ гэдэг зүйлийг нотлоогүй байсан. Нөгөө талаар үнэхээр хэрэг шалгаж байтал тухайн сэтгүүлч хүнээс ярилцлага авах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад болоод байсан бол хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг чанаргүй, чадваргүй байдлаар хийж байгаагийн нотолгоо болно.

Түүгээр зогсохгүй дээрх цагдан хорих үндэслэл олон улсын гэрээнд нийцээгүй зохицуулалт байсан. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээгээ заавал биелүүлэх ёстой. Нэгдэж орсон олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй үйлчилнэ гэдэг заалт бий. Өөрөөр хэлбэл, манай улсын нэгдэж орсон олон улсын гэрээг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй гэсэн үг. Тэгвэл манай улс хүний эрхтэй холбоотой тусгайлсан 17 гэрээ конвенцид нэгдэж орсон. Үүний нэг нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт. Энэ фактын 9.3-т шүүхийн өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй гэдэг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг шүүхэд шилжээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгэхээр дээрх заалт ЭХХШТХ-ийн цагдан хорин заалт хоёр зөрчилдсөн. ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх Олон улсын гэрээнд нийцэхгүй байна гэсэн үг.

Тэгвэл шүүх яагаад ийм заалтыг хэрэглэв. Хууль, шүүхийн байгууллага хүний эрхзүйн байдлыг дордуулахгүй байх зарчимтай шүү дээ?

-Шүүгчийн хувьд Олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцэхгүй зохицуулалт байна гэж үзэх юм бол тэр заалтаас түдгэлзээд энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгоё гэж Улсын дээд шүүх рүү хүсэлтээ явуулдаг. Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэр заалтын талаар дүгнэлт гаргуулах процесстой.

Шүүгч өөрөө мэргэжлийн зориг гаргах юм бол мэргэжлийн заалт хэрэглэхгүйгээр түдгэлзүүлээд Цэцээс шийдвэр гартал түдгэлзүүлж болох байсан. Үнэхээр түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ гэхэд хуулийг хэрэглэх олон арга бий. Дан бичвэрийнх нь утгаар хэрэглэх, эсвэл тэр бичвэрийн үзэл баримтлал, үзэл санааг ойлгож хэрэглэх гэж хоёр зүйл байдаг. Дан бичвэрийнх нь агуулгаар харвал хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй л бол цагдан хорино гэж шууд уншигдах нь байна. Харин мэргэжлийн хуульч буюу шүүгчийн хувьд энэ заалтыг хүний эрхийн талаас ойлгож хэрэглэх ёстой байсан.

Тодруулахгүй юу?

-Прокурорын хувьд шүүгчид хүсэлтээ гаргасан байна. Зургаан удаа мэдэгдэх хуудсаар дуудсан, гуравт нь ирсэн, гуравт нь хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэж тайлбарлажээ. Шүүгч прокуророос “Гурван удаад нь уулзсан юм байна. Дахиад нэмж гурван удаа дуудах ямар шаардлага байсан бэ. Энэ удаа дуудахдаа юуг тодруулж шалгах гэсэн бэ” гэдгийг асуух ёстой байсан. Мөн “Яагаад өмнөх гурван удаагийн уулзалтаар багтааж тодруулж чадаагүй юм бэ” гэдгийг ч мөн лавшруулах байв. Үнэхээр цаг хугацааны хувьд амжаагүй, ээдрээ түвэгтэй байсан гэж хэллээ гэхэд “Заавал дуудахгүйгээр өөр ажиллагаагаар хэргээ шалгах боломжтой байсан уу” гэдгийг ч асуух ёстой. Эдгээр асуултыг асуухад прокурор нотолж чадахгүй, тайлбараар нь бүрэн нотлогдохгүй бол шүүгч таны дуудан ирүүлэх ажиллагаа чинь зайлшгүй биш учраас цагдан хорихтой холбоотой заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шийдвэрээ гаргаж болох байсан.

Энэ талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон шүүхийн мэдээнд тодорхой бус байсан. Тэнд дурдаагүй гэдэг бол энэ асуудал нотлогдоогүй, дүгнэлт хийгээгүй гэж ойлгоно. Энэ агуулгаар шүүгчийн захирамжийн үндэслэл бүхий байдал хангалтгүй харагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гэдэг хууль ёсны, үндэслэл бүхий байх ёстой шүү дээ.

-Шүүхийн шийдвэр гарсны дараа сэтгүүлчийг баривчлах ажиллагаа зохион байгуулагдсан. Цагдаагийн ажилтнууд шүүхийн шийдвэрийн талаарх бодит баримт, албан ёсны бичиг, тогтоолыг танилцуулахгүйгээр явахыг шаардсан. Ийм процесс байж болох юм уу?

-Шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад танилцуулах, биелүүлэх этгээдэд хүргэх үүрэгтэй. Мөн олон нийтийн анхааралд орсон хэргийг шүүхийн олон нийттэй харилцах албаар дамжуулж ийм, ийм үндэслэлээр ийм захирамж гарсан гэдгийг тайлбарлах ёстой. Учир нь шүүхийн үйл ажиллагаа ил тод байна гээд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заагаад өгчихсөн. Төрийн нууцтай холбоотой асуудал дээр л хаалттай хуралдана. Шүүхийн мэдээ гэдэг пэйж хуудсан дээр товчхон мэдээ бичээд шүүхийн үйл ажиллагааг ил тод байх зарчмыг хангачихлаа гэж ойлгож болохгүй. Талуудад шүүхийн захирамжийг ойлгомжтой байдлаар тайлбарлах ёстой байсан. Мэргэжлийн байх ёстой, итгэл хүлээхүйцээр шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Захирамжийг биелүүлэх этгээдүүд очсон бол тэд “Ийм агуулгатай, ийм дугаар шийдвэртэй ийм шүүгчийн захирамж гарсан. Ийм үндэслэлээр бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна” гэж тайлбарлаад мэргэжлийн ажиллах ёстой байлаа. Ил тод байдал хангагдаагүй учраас үл ойлголцол үүссэн.

-Хоёр хоногийн зайтай хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгүүлчийг баривчилсан энэ үйлдэл хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар үр дагавар бий болгох бол?

-Эрүүгийн хуулийн 14.2, 14.3-т хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд саад хийх нь гэмт хэрэг болно гэсэн заалт байгаа. Энэ хүн хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлээд байна гэж прокурор харсан нь нөгөө талаас хэвлэн нийтлэх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн үү гэж харах үндэслэл болно. Дээрх зүйл ангиар холбогдох албадыг шалгуулахаар өмгөөлөгчид хүсэлтээ гомдол гаргах шаардлагатай.

Сэтгүүлчийг цагдан хорьсон нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтийг, ялангуяа сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлтийг нэлээд доош нь татна. Энэ нь манай улсад хэвлэл мэдээллийн эрх члөөөний үйл ажиллагааны баталгаа бүрэн бэхжээгүй байна, маш амархан нурж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хангагдахгүй байна гэдгийн цаана хувь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал биш. Сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд мэдээлэлтэй байх эрхээ эдэлдэг. Мэдээлэлтэй байснаар эрх баригч улстөрчид, албан тушаалтнуудыг хянадаг. Тэд нарт шаардлага тавьдаг механизм юм. Энэ нь өөрөө ардчиллын механизм шүү дээ. Энэ механизмын аль нэг хэсгийг үгүйсгэж боомилж байгаа нь иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийг боомилж байгаа гэсэн үг. Яалт ч үгүй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдалд хүндээр тусна.

Тиймээс одоо оролцогч талууд үүн дээр хөдлөх ёстой. Хууль тогтоогчид дуугүй өнгөрөхгүйгээр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9.3-т нийцүүлээд ЭХХШТХ-ийн цагдан хорих үндэслэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгох ёстой. Нөгөө талаар Засгийн газрын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн байцаах байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангахад анхаарч ажиллах ёстой. Прокурор, шүүхийн байгууллагыг сургалтаар дамжуулж чадавхжуулах, хууль тогтоомжоо хүний эрхэд нээлттэй байдлаар хэрэглэдэг болох, хүнлэг байх талаар мэргэшүүлэх шаардлага байна гэдэг нь харагдаж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хэнри Киссинжэр: Мао Зэдунаас Путин хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч, өмгөөлөгч Л.Галбаатар “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэдүүлэг өгөөгүй гэж хорьсон заалт нь олон улсын гэрээг зөрчсөн” гэснийг VII нүүрээс  уншаарай.

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл “Монгол Улс эрчим хүчээ цөмийн цахилгаан станцаар хангадаг болбол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн
эсрэг тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хэнри Киссинжэр: Мао Зэдунаас Путин хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ 

“Изинис Эйрвэйз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр “Ачааны агаарын хөлгийг зорчигчдын зориулалтаар ашигласан” гэдэг бол ташаа мэдээлэл” гэлээ.

Эрүүл мэндийн сайд  С.Чинзориг “Хавдрын өвчнийг эмчлэх сүүлийн үеийн технологийг оруулж ирэхээр Швейцарын “Рош” компанитай санамж бичиг зурлаа” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлэгч автомашины угаар буюу нүүрсэн яндангүй приусүүд DNN.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг автомашинаас ялгарч байгаа хорт утаа бүрдүүлж байна гэж одоогоос гурван жилийн өмнө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул мэдэгдэж байв. 2018 онд 18 хувьтай байсан энэ тоо гурван жилийн дотор 2020 оны сүүлч гэхэд бараг тал орчим хувиар өссөн байдаг. Агаарын бохирдлыг бууруулах, тэр дундаа автомашины хорт утааг багасгах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадаагүй нийслэлчүүдийн хувьд энэ тоо 30 хувиас хол давсан байх магадлалтай. Тиймээс агаарын бохирдлын тухай ярихад автомашины хорт утааг заавал хөндөх асуудал болж байгаа юм.

Автомашинаас ялгарах хорт утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг нь тодорхой болсон. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд хөнөөлтэй хорт бодисууд гэсэн үг. Улаанбаатар хотын хувьд хорт утаа ялгаруулж байгаа автомашиныг “приус” гэж нэрлэхэд буруудахгүй болчихоод байгаа. Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720 мянган тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг саяхан Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Нийслэлд бүртгэлтэй эдгээр автомашины нэлээд өндөр хувийг “приус” загварын автомашин эзэлж байгаа.

Тэгвэл “приус” машинаас ялгаруулж буй хорт утааг шүүдэг гол эд анги нь нүүрсэн яндан. Автомашины дутуу шатсан утаанаас хорт бодисыг шүүх зориулалттай маш чухал эд анги. Хүнээр бол амны хаалт л гэсэн үг. Гэвч энэ чухал эд ангийн хууль бус наймаа сүүлийн жилүүдэд цэцэглэх болсон. Нүүрсэн яндангүй “приус” машин замын хөдөлгөөнд оролцоход хорт бодисууд ямар ч шүүлтүүргүйгээр агаарт шингэнэ. Энэ тухай “Өдрийн сонин” хөндөн бичсээр ирсэн.

Өнөөдөр бидний амьсгалж буй агаарын гуравны нэг нь автомашины хорт хий, тэр дундаа “приус” машинаас ялгарч байгаа ямар ч шүүлтгүүргүй, дутуу шатсан түлшийг шууд амьсгалж байгаа гэж хэлж болно. Учир нь “приус”-ын нүүрсэн яндангийн хууль бус наймааг өнөөдөр хүртэл холбогдох газрууд цэгцэлж чадаагүй байна.

Нүүрсэн яндангийн наймаа гэдэг нь ченжийн системд шилжчихсэн, бүр албан ёсны болчихсон наймаа. Иргэд нүүрсэн янданг ченжүүдэд зарна, хулгайчид автомашинаас нүүрсэн янданг нь нууцаар тайлж аваад дамлана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцдог “приус” машинаас гадна Монгол Улсын хилээр оруулж ирэхэд нь аль хэдийнэ тайлаад авчихсан байх нь ч олонтаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг. Албаны эх сурвалж “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонгконг зэрэг улсад тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэж хүртэл тайлбарладаг.

Хамгийн ноцтой нь үүнийг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд байдаггүй. Гаалийн байгууллага хяналт шалгалтаар нүүрсэн янданг хил давуулахыг завдсан үйлдлүүдийг илрүүлдэг. Гэтэл хууль зөрчигчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгч, ялсан удаатай. “Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн” гэж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар тайлбарласан. Өнөөдөр ч энэ байдал дээрдээгүй. Нүүрсэн янданг хууль бусаар хилээр гаргасан хэвээр л байгаа юм.

Хамгийн сүүлд гаалийн байгууллагаас энэ талаар мэдээлэл өгөхөд Монгол Улсын хилээр 27.5 тонн катализаторыг экспортолсон тухай онцолж байлаа. Нэг машины нүүрсэн яндан дунджаар таван кг гэж үзвэл 27.5 тонн нь гэдэг нь 5000 машины нүүрсэн яндан гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр наанадаж 5000 приус машин утаа шүүгчгүйгээр замын хөдөлгөөнд оролцож нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байна гэсэн үг.

Нүүрсэн янданг хянах тогтолцоо өнөөдөр манай улсад байдаггүй. Хамгийн боломжит хувилбар нь автомашины оношлогоо гэж холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүд тайлбарладаг. Гэвч оношлогооны төвүүд дээр хийдэл дахиад л гардаг. Тодруулбал, оношлогооны төвүүд нүүрсэн янданг шалгадаг ганц аргачлалтай. Тэр нь бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт. Автомашины CO2 0.3-аас ихгүй, CH нь 250-аас ихгүй байх ёстой. Утааных нь заалт ийм хэвийн байвал зүгээр гэж үзнэ. Харин хэвийн бус хэмжээнд байвал машины доогуур орж нүүрсэн янданг нь инженерүүд шалгадаг юм билээ. Приус машины жолооч нар техникийн үзлэгт орохдоо өөр машинаас яндан авч тавих, эсвэл хятад яндан суурилуулдаг зэрэг арга зальтай болчихсон. Оношлогооны төвүүд дээр утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандартаа мөрдөөд л явдаг. Жолооч нар энэ стандартад нь барих арга замуудыг дээрх байдлаар ашиглаад өнгөрдөг жишиг нэгэнт бий болжээ.

Автомашины утаанаас 260 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тухай дээр дурдсан. Эдгээр бодисын нэн тэргүүнд хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодисууд ялгардаг болохыг мэргэжлийн хүмүүс онцолдог. Эдгээр хорт бодис нь амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох зэрэг маш хоруу чанартай. Тухайлбал, хар тугалга нь ихэнх эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Мэдрэлийн хор гэж нэрлэгддэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай гэж үздэг. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэж амьсгалын эрхтэнг гэмтээдэг аюултай.

Тэгвэл эдгээр хорт бодисууд агаарт ямар түвшинд байгааг Цаг уур орчны шинжилгээний газарт шинжилдэг. Тус газрын 2022, 2023 оны харьцуулсан судалгаагаар маш ноцтой үр дүн харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдөрт агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM-10, PM-2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны хэмжээг өнгөрсөн онцтой харьцуулахад хүхэрлэг хий долоо хоногийн дундаж агууламж 2022 онд 148 микрограмм (мг) байсан бол 2023 онд 152 болж өссөн үзүүлэлттэй. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2022 онд 505 мг байсан бол 2023 онд 648 мг болж бас өссөн байна. Агаарын чанарын стандарт агууламжаас хамгийн их байсан нь Зурагт орчим 12.9 дахин их байжээ. Азотын давхар ислийн хувьд долоо хоногийн дундаж агууламж болон 24 цагийн дундаж агууламжаар Нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын стандартаас 2.9 дахин их байжээ.

Хараммсалтай нь автомашины утаанд агуулагддаг бодисуудын хамгийн хор хөнөөлтэй гэгддэг хар тугалгыг хэмжих хянах лаборатори манайд байдаггүй. Хар тугалгыг хэмжих багаж төхөөрөмж байдаггүй болохыг албаныхан хэлдэг. Харин хувийн лабораториуд энэ талаарх судалгааг зарим тохиолдолд хийдэг. Түүний нэг бол Эрүүл ахуй, хор судлалын лаборатори юм. Тус лабораторийн эрхлэгч Д.Нарансүх “Хар тугалга бол орчинд байдаг хортой метал хэлбэрийн элемент. Олон зүйлд хар тугалга агуулагддаг. Хар тугалга хүний биед орохоор мэдрэлийн эрхтэн тогтолцоо, ялангуяа хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй. Тиймээс зайлшгүй хянах шаардлагатай. Бид өнгөрсөн хугацаанд энэ талаар судалгаа хийж ирсэн. Улаанбаатар хотын 3-4 настай хүүхдийн цусанд хар тугалга 6-8 мг/бл хэмжээтэй гарсан. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт. ДЭМБ-ийн зөвлөдөг хэмжээ таван мг/бл байдаг. Энэ хэмжээнээс хэтэрвэл сөрөг нөлөөтэй гэж үзнэ. Хүүхдийн цусанд хар тугалга хаанаас ороод байна вэ гэдэг асуудал болоод байгаа. Бидний үзэж байгаагаар агаарын бохирдолд өндөр байх магадлалтай” хэмээж байлаа.

Нүүрсэн яндангүй “приус” машинууд агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрийн нэг болж байгааг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай тусгаж, хяналт шалгалтыг эхлүүлж байв. Шалгалтын явцад 2446 “приус” машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсныг илрүүлсэн ч цаашид ямар арга хэмжээ авах талаарх мэдээлэл бүрхэг болоод мартагдсан. Тэгвэл саяхан Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа нийт “приус” загварын машиныг 100 хувь гэж үзэхэд 50-60 хувь нь хорт утаа ялгаруулалтыг шүүдэг нүүрсэн яндангаа худалдчихсан. Нүүрсэн яндангүй машинууд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцвол агаарын бохирдол яг хэвээрээ л байна. Ийм учраас дараагийн хурлыг Агаарын бохирдлыг бууруулах хороотой хамтарч зохион байгуулна” гэв.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яндан, жорлон хоёроо ямх ямхаар нь устгая DNN.mn

Яндан, нүхэн жорлон хоёр Улаанбаатарын гэр хорооллын бэлгэ тэмдэг юм. Гэр хорооллын айлууд яндантай, нүхэн жорлонтой, энэ хоёр манайд хэзээ ч бие биенээсээ салангид байсангүй. Нэг ёсондоо хөгжил дорой, хоцрогдсон ядуу хоосныг нь гэрчлэх бэлгэ тэмдэг болчихжээ.

Нэгэн цагт яндантай болоод монголчууд нэг алхам урагшилсан юм. Хичнээн ч жил тулганд галаа түлж, утаа тортогт идүүлж, улаан нүдтэй явсан юм. Яндантай болж гэртээ нулимсаа гоожуулахгүй сууж, утаагаа гэртээ биш шууд гадагшаа гаргаж баяр хөөр болж байв. “Тулганд гал түлэхээр утаанд нь нүд хорсоно гэж жигтэйхэн. Нүдээ дараад доошоо хараад л хэвтээд байдагсан” гэж хөгшин ээж маань хуучилдагсан. Тэр цагаас хойш бараг зуун жил болжээ. Гэтэл одоо яндан, нүхэн жорлон хоёр ядуугийн туйл, асуудлын хамгийн том саад болж байна. Арга ч гүй биз, Улаанбаатарын 400 гаруй мянган өрхийн 50 хувь нь гэр хороололд гал түлж амьдарч, нүхэн жорлон хэрэглэж, нийтээрээ нэгэн зэрэг галлаж байхад асуудал үүсэх нь зүйн хэрэг. Яндангийн утаа агаар бохирдуулж, нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, асуудал багаасаа томорсоор байхад шийдэл алга. Агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэж тэрбумаар мөнгө зардаг ч яндан, нүхэн жорлонгийн тоо нэмэгдсээр байгаа нь ямар нэг ажил хийхгүй байна л гэсэн үг. Хий хоосон яриа, хоосон төлөвлөгөөнд мөнгө үрээд байгаа хэрэг. Ер нь янданг багасгая, нүхэн жорлонг цөөлье гэж хэн ч бодоогүй, яаж мөнгө хийе гэж бүгд зүтгэцгээж байгаа нь өнөөдрийн үр дүнгээс харагдаж байна. Юуны үр дүн гэж үү, дэмий мөнгө цацсаны үр дүн юм даа, энэ утаа, нүхэн жорлон хоёр.

Манай сонин аль 2000-аад оны үеэр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар асуудал дэвшүүлэн нийтлэл бичиж байсан. Хориод жилийн өмнө биднийг хүмүүс шоолон инээлдэж байсансан. Яаж ингэж бичдэг байна аа, яндангүй, нүхэн жорлонгүй яаж амьдар гээв… гээд буруутгаж байсансан. Тэглээ гээд энэ сэдвийг хаялгүй үе үе бичсээр, сануулсаар л байв. Тэр үеэс хойш асуудал уул овоо шиг томорч, одоо хүн бүр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар ярьдаг болсон нь олзуурхмаар.

200 гаруй мянган айл нэгэн зэрэг галлахаар агаарт утаан хөшиг тогтож, утаанаас үүдэлтэй элдэв өвчинд нийслэлчүүд нэрвэгдэж байна. Агаарын бохирдлын 60 гаруй хувь нь шууд гэр хорооллын яндангаас гарч байгаа утаанаас үүдэлтэй. Хамгийн сүүлд, Хавдар судлалын төвийн дарга “Агаарын бохирдлоос үүдэлтэй элэгний хорт хавдар зөвхөн монголчуудад илэрсэн” гэж зарласан нь хорт хавдраар жилд дөрвөн мянган хүнээ алддаг монголчуудад үнэхээр түгшүүр төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвдөх дахин нэг шинэ шалтгаан нэмэгдэж байна гэсэн үг.

Усны газраас гаргасан судалгаанаас харахад Улаанбаатарын нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон байна. Худгийн усыг хэрэглэж байгаа хүмүүс тэгэхээр ямархуу ус ууж байгаа нь ойлгомжтой. Эхнээсээ худгийн уснаас гэдэсний савханцар илэрсэн талаар мэдээлсэн. Сэлбэ голын уснаас ч гэдэсний савханцар илэрсэн нь манайд хөрсний бохирдол ямархуу түвшинд байгаагийн илрэл юм. Энэ гэдэсний савханцар гээд гоё нэрлээд байгаа юм нь шууд утгаараа бидний өтгөн ялагдсыг л хэлдэг юм.

Тэгэхлээр бидний худаг ус ялагдастайгаа холилдсон л гэсэн үг юм.

Улаанбаатарт жилд дунджаар 15-16 мянган орон сууц ашиглалтад ордог тооцоо байдаг. 2022 онд бүр 22 мянган орон сууц шинээр баригджээ. Орон сууцны байр баригдаж, айлууд нүүж орсоор байхад яагаад гэр хороолол улам тэлээд байгаа нь гайхалтай. Гэр хороолол тэлэхийн хэрээр яндан, нүхэн жорлон нэмэгдэж, үүнийг дагаад утаа өтгөрч, хөрсний бохирдол хүрээгээ тэлсээр.

Одоо тэгвэл яах вэ. Тэрбум тэрбумаар мөнгө үрсэн ч агаарын бохирдол улам нэмэгдсээр байх нь ойлгомжтой нөхцөл нэгэнт бий болжээ. Утааг багасгахын тулд гэр хорооллын янданг цөөлөх талаар хэн ч дуугарахгүй байна. Харин ч түлшийг нь өндөр үнээр гадаадаас захиалж авчрах талаар ам уралдан ярьж, шийдвэр гаргууллаа. Нүхэн жорлонг цөөлөхийн тулд орон сууцжуулах бодлогоо идэвхжүүлэх тухай яагаад дарга нар ярихгүй байна вэ. Идэж уудаг мөнгө нь жинхэнэ асуудалдаа тусгагдана гэхээс үхтлээ айж байна уу.

Тэгвэл энэ утаа  ялгадаснаасаа салах нэг санаа байна. Гэр хороолол, орон сууцны хороолол хоёрын зааг буюу яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож, түүнийгээ 0 (тэг) цэг гэж тэмдэглэе. Ингэж тэмдэглээд гэр хороололтойгоо ноцолд. Нэг жилд төдөн км газарт гэр хорооллыг чөлөөлж, иргэдээ орон сууцжуулна гэж зарлаад түүнийхээ төлөө зүтгэхэд үр дүн гарч л таарна. Чөлөөлсөн тэр газраа харин дахин яндан байлгахгүйгээр зохион байгуулах хэрэгтэй. Орон сууц барьж болно, цэцэрлэгжүүлсэн ч яахав. Эсвэл чөлөөлсөн газраа хот өөрийн эзэмшилд бүртгэн, цэнхэр тэмдэглэгээ тавиад хамгаалаад бай. Мэдээж, гэр хорооллын гүнээс бишгүй олон айл орон сууцанд орж байгаа. Тэр айл бүрийн газрыг хот худалдаж аваад, дахин яндан зоож, нүхэн жорлон ухахгүйгээр хамгаалах хэрэгтэй. Зөвхөн үүнд зориулж төсөв мөнгө суулгаж байж л янданг багасгана.

Нүхэн жорлон цөөрнө. Өм цөм газар чөлөөлөгдөөд ирнэ. Ирээдүйн 20 жилд ийм маягаар ажиллабал гэр хороолол их л багасна даа. Ингэж л яндан, нүхэн жорлон хоёроосоо салмаар байна. Хэдий хүртэл бид утаандаа угаартаж, усандаа хордож суух вэ. Хэдий хүртэл иргэд маань нүүрс түлж, нүхэн жорлон хэрэглэж, ядруу зүдрүү амьдрах вэ.

Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн дунд явуулсан түүвэр судалгаагаар иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэн ч тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Гэр хорооллын айлууд дуртайдаа гал түлж, агаар бохирдуулдаггүй. Хар хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд галлах л ёстой. Хашаа хатгаж, гал түлж байгаа бол нүхэн жорлон ухаж л таарна.

Тиймээс АН нь байна уу, МАН нь ч байна уу хамаагүй, яндан, нүхэн жорлонг цөөлөх, бүр алга болгох талаар дээрх аргаар ажилламаар байна. Гучин жил та нарыг харлаа, үр дүн гарсангүй. Дахин сануулахад, яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож 0 цэг тогтоон, гэр хорооллын бүс рүүгээ ажилла. Жил бүр төдөн айлын орон сууцжуулж, тэдэн яндан, нүхэн жорлонг алга болголоо гэж зарлаж бай. Энэ суларсан орон зайндаа дахин яндан, жорлон бий болгохгүй хот өөрөө худалдан авч, тамгалаад бай. Нийслэлийн иргэд ч хариуцлагатай байх хэрэгтэй. Орон сууцанд орж байгаа айл газраа заавал хотод худалдах, хот түүнийг нь зах зээлийн ханшаар авч байх ийм зарчмыг бүр хуульчлаад өгсөн ч яадаг юм. Ингэж байж л бид өвлийн их утаа, зуны их өмхийгөөсөө сална. Нийтээрээ цэвэр хотод амьдрах боломж бүрдэнэ.

Удаан байсан ч хамаагүй ээ, ямартаа ч яндан, нүхэн шорлон хоёроос Улаанбаатар хот салмаар байна. Сажилж явбал хүрдэг, санаж явбал бүтдэг гэж ард түмэн маань дэмий ч нэг хэлээгүй байх.