Төв аймгийн Аргалант суманд “Өдрийн сонин” хүрч байна. Энэ талаар тус сумаас тодруулахад “Монгол шуудан”-гаар “Өдрийн сонин” ирж байгаа. Сонин захиалдаг, уншдаг хүмүүс уншицгааж байна. Сүүлийн үед сонин унших хүн цөөрөөд байсан. Харин тогтмол хэвлэл ирдэг болсноос хойш сонин унших, сонин захиалах тухай бага сага ойлголт дэлгэрч байна.Хүн бүр л гар утсаа шагайдаг болсон үед сонин уншина гэдэг зарим хүнд шинэ юм шиг л санагдаж байх шиг байна” хэмээн мэдээлэв.
Category: амьдралын-өнгө
“Монгол шуудан” ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай “Өдрийн сонин” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөө нутгийн иргэдийн оюуны мэлмийд нэмэр болох үүднээс энэ улирлаас эхлэн “Өдрийн сонин” өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээж байгаа билээ.
Өдөр бүр 330 суманд нийтдээ 1000 гаруй сониныг үнэгүй илгээснээр тухайн орон нутгийн иргэд баттай эх сурвалжтай төв хэвлэлээр хангагдахын сацуу, цаг үеийн сэдэвтэй холбоотой нийтлэл, тойм, сурвалжлага уншиж, соён гэгээрэх боломж бүрдэж байна. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаархи хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.
Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар
Өдрийн сонины редакцид Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хатгал тосгоноос мэдээ ирүүллээ. Тус аймгийн 24 суманд Өдрийн сонин очиж байгаа бөгөөд орон нутгийн иргэд тогтмол хэвлэлтэй болсондоо баяртай байгаа гэж “Монгол шуудан” ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид ярилаа. Мөн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар “Манай тосгонд Өдрийн сонин ирж байгаа. Өглөө шинэ сонин дэлгэхээс өдрийн ажил маань эхэлдэг болсон” гэлээ. Өдрийн сонин сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхимд хүргэгдэж байгаа.
“Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Г.Чимгээ
Мөрөн сумын уншигч Г.Чимгээ “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн бөгөөд ажлаа явуулахад эх сурвалжтай, үнэн мэдээлэл хэрэг болдог тулсумынхаа Номын санд ирж Өдрийн сониныг уншдаг юм байна. Г.Чимгээ “Мөрөнгийн шуудан холбооны газраас өдөр өдөрт нь бүртгэл хөтлөөд Өдрийн сониныг сумд руу явуулдаг. Би Номын санд ирж Өдрийн сонин уншдаг болсон. “Сумын мэдээ” булангаас Монгол орны аймаг, сум бүрээс ирүүлсэн мэдээг уншсан. Мэдээллийн хэрэгсэл олон болсон бас хүн бүр гар утастай ч сумдын мэдээг тэр болгон олж уншаад байдаггүй. Гэтэл Өдрийн сонин сумдын мэдээг багцалж гаргадаг болсон нь шинэлэг болжээ. Сонин бол мэдээлэлтэй, эх сурвалжтай, баталгаатай. Тиймээс би өдөр болгон ирж сонин уншиж байгаа” гэж ярьсан юм.
Сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхим зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад “Өдрийн сонин” хүрснээр сум, орон нутгийнхаа өдөр тутмын ажил амьдрал болон малчид, хөдөлмөрийн сайчуудынхаа талаар төвийн томоохон хэвлэлээр дамжуулан өргөн олон нийтэд сурталчлах, бусад аймаг орон нутгийн талаархи мэдээ мэдээллийг тогтмол авч байх боломжоор бүрэн хангагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сум болгонд Өдрийн сонин хүрч байгаа нь аж ахуйн нэгж, компани, үйлдвэрүүдийн хувьд үйл ажиллагаагаа улсын хэмжээнд, сум болгонд сурталчлах өргөн боломж бүрдэж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбууг томилсон байна. С.Цэрэнсамбуу нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй аж.
Ажлын гараагаа Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагаас эхлүүлж 1997-1998 онд Архангай аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 1998-2003 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт хэлтсийн дарга, 2008-2009 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2009-2012 онд Архангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2012-2016 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, 2016-2020 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд барьсан шинэ спорт заалны нээлт энэ сарын 24-нд болжээ. Тус заал нь орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор бий болсон бүтээн байгуулалт юм. Шинэ заалны нээлтэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, орон нутгийн удирдлагууд болон Алтанбулаг сумаас төрсөн тамирчдын төлөөлөл оролцлоо. Уг барилгыг БСШУЯ-ны захиалгаар “Тоонто гранд” компани зураг төслийг гаргаж, “Энх бизнес өгөөмж” компани гүйцэтгэжээ.
Улаангом сумын 8 дугаар багийн малчин Д.Амарсайхан эмээл урлаж зах зээлд нийлүүлсээр байна. Тэрбээр жилд дунджаар 20 гаруй бүрэн тоногтой эмээл хийдэг аж. Энэ нутагт зөвхөн Д.Амарсайхан бус, түүний төрсөн ах, дүү дөрвүүл эмээл урлаж жилд 150-200 бүрэн тоногтой эмээлээ зэргэлдээ сум, аймгийн малчдад борлуулдаг байна.
Говь-Алтай аймаг дахь Шатрын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24, 25-нд “Мазаалай” театрт боллоо. Тэмцээнд найман сумын 12 сургууль, 20 цэцэрлэгийн нийт 120 тамирчин долоон насны ангиллаар өрсөлдөж, 63 өсвөрийн шатарчин шагналт байрт шалгарсан юм. Тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шатрын холбоо хамтран зохион байгуулж, “Алтай төмөр” компани ивээн тэтгэжээ.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум хүн бүрт ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус сум “Жишиг хороолол”, “Сайн хашаа”, “Гэрэлтэй Чандмань” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн сацуу сумандаа бизнес эрхлэн амьдрах боломжийг дэмжиж таван төрлийн төсөлд 63 иргэн, өрхийг хамруулжээ. Ингэснээр 89 ажлын байр бий болгосон байна. Мөн 100 бүл зөгий нэмж, зоорь, савлагааны цехийг шинээр ашиглалтад оруулснаар цэвэр зөгийн балыг орон нутгийн зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн, энэ онд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, 320 хүүхдийн хичээлийн барилга дуусах шатандаа оржээ. Үүнд сумын Засаг дарга Х.Энхтүвшин санаачилга гарган ажиллаж байгааг нутгийнхан нь хэлж байна.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийг өндөр хурдны шилэн кабельд холбов. Энэ нь сумаас баг руу интернэт холбож байгаа анхны тохиолдол гэдгийг “Skynetworks” ХХК-ийн инженер Ч.Булгантамир хэлж байна. Багийн иргэдээс хүсэлт тавьсны дагуу 22 км газар шилэн кабель татаж интернэт холбожээ. Ингэснээр иргэд төрийн мэдээллийн нэгдсэн сан болох “Хур” системийг ашиглан 70 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Энэ онд Дорноговь аймаг Орон нутгийг хөгжүүлэх сангийн 352 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон суманд инженерийн хийцтэй 23 худаг гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 254 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр 19 инженерийн хийцтэй худаг гаргах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Худаг гаргах ажил 70 хувьтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Нийт 23 худгийг шинээр гаргаснаар 34.5 мянган га бэлчээрийг усжуулж, 64.4 мянган толгой малыг услах боломж бүрдэх аж.
Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Магсаржавтай холбогдлоо. Тэрбээр тунгалаг Буянтын хөвөөнөө сайхан намар болж буйг дуулгаад, “Өдрийн сонин”-ы хамт олон шинэ дугаар бүрээсээ гурван ширхгийг Буянт суманд явуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өөрөө шүлэг найраг бичдэг, хөдөөд суугаа уран бүтээлчийн хувьд манай сонины байнгын уншигч юм байна. Буянт сумаар ямар мэдээ мэдээлэлтэй байгааг сонирхоход, орон нутгийн удирдлагууд удахгүй сонгогдож ажилдаа орно гэв. Мөн хэдхэн хоногийн өмнө дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж агсны хөшөөний нээлт, сумын соёлын төвийн нээлттэй хамт болсныг дуулгалаа.
“Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Унаган хайр”, “Хүж дэлхий амгалан байг”, “Бүүвэйл хорвоо” гээд алтан үеийн дуунуудын эзэн, Монголын дууны шүлгийн хаан Дагвадоржийн хөшөө Буянт сумын төвд гэрэлтэн босчээ. Хөшөө босгох ажлыг санаачилсан хүн нь Б.Магсаржав өөрөө гэнэ. Таван жилийн өмнө гаргасан түүний саналыг зураач Б.Аюурзана дэмжсэнээр хөшөөний ажил эхэлсэн байна.
Мөн Буянт сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн И.Баасандоржтой холбогдож сумын ургац хураалтын мэдээг сонирхлоо. Энэ намар тус сумын иргэд 3387 тонн төмс, 972 тонн байцаа, 1062.4 тонн лууван, 814.8 тонн шар манжин, 86.4 тонн хүрэн манжин, 2373 тонн тарвас, 261.3 тонн амтат гуа, 2.4 тонн хулуу, 209.3 тонн улаан лооль хурааж, 6088 тонн хадлан,154.3 тонн гар тэжээл бэлтгэжээ.