Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМ: Дотуур байрны сурагчдыг буцаана

Тус аймгийн харьяат, аймагтаа дотуур байранд амьдарч байгаа сурагчид болон оюутнуудаас эмнэл зүйн асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан итгэмжлэгдсэн хүмүүст нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөө сумдаас ирсэн оюутан сурагчдыг гэрт нь буцааж байгаа аж. Үүнийг зохион байгуулахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТУСЛАМЖТАЙГААР ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАЖ БАЙНА

Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн албан хаагчид бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дүрэм журмыг мөрдөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвийн хэмжээнд 09-23 цагийн хооронд хяналтын камераар иргэдийн хөдөлгөөнийг хянан эргүүл хийн ажиллахын зэрэгцээ, сумын шуурхай штабын жижүүрийн хуваарийн дагуу сумын төвийн орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж Өндөрширээт сумын Цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг, Өлгий сум: Буурал багшийн нэрэмжит математикийн олимпиад явагдав

Ардын багш, академич, шинжлэх ухааны доктор,профессор Абишийн Мекейн нэрэмжит баруун бүсийн Математикийн VI олимпиадыг энэ сарын 7-нд Өлгий суманд зохион байгуулав. Уг олимпиадыг түүний 80 насны ойг тохиолдуулан явуулжээ. Олимпиадад 239 сурагч,48 багш оролцож оюун ухаанаар уралдав.Багийн дүнгээр Увс аймгийн Б.Баясгалан ахлагчтай Улсын тэргүүний Нэгдүгээр цогцолбор сургуулийн баг тэргүүн байр, Э.Одгэрэл ахлагчтай Хоёрдугаар цогцолбор сургуулийн баг дэд байр, Баян-Өлгий аймгийн Х.Бахытбол ахлагчтай “Эмпати” сургуулийн нэгдүгээр баг гутгаар байранд оржээ. Энэхүү багуудын мөнгөн шагналыг “ТУРАН WORLD” компани ивээн тэтгэсэн байна. Мөн олимпиадад амжилттай оролцсон 42 сурагч, найман багшийн алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг “МЕКЕЙ САН”-гаас ивээн тэтгэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМ: “Нэг сум-нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа шилдгүүдээ тодрууллаа

“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Төв аймгийн 24 сумын 180 гаруй баялаг бүтээгчдийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. “Шилдэг сум”-аар Алтанбулаг сумын ЗДТГ-ын хамт олон, “Шилдэг хоршоо”-оор Батсүмбэр сумын “Сөгнөгөрийн хишиг” хоршооны хамт олон, “Экологийн цэвэр органик бүтээгдэхүүн”-ээр Эрдэнэ сумын “Монпеллетс” ХХК-ийн “Хонины ноосон бордоо”, “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Баянбараат оргил” ХХК-ийн талх нарийн боов, “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Чандмань Оргил трейд” ХХК-ийн “Шүүдэр” брэндийн салфетик, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баян-Өнжүүл сумын Ш.Жамьянмядагийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл, зүү ороосон бүтээгдэхүүн, “Мөнгөн богц”-оор Жаргалант сумын “Голден Арвай” ХХК-ийн “Арвайн гурил” шалгарлаа. Мөн Зуунмод сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Билгүүн, Баянхангай сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Э.Рэнцэндорж, Эрдэнэ сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч З.Лодой, Баянжаргалан сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Тунгалаг-Эрдэнэ нар тус бүр аймаг хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийн “Зээлжих эрх”-ийн эзэн боллоо. “Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”-ээр Алтанбулаг сумын “Үйлчин бүлэг”-ийн үйлдвэрлэсэн цэмбэн гутал, Баянцогт сумын “Гранд Пиглет” компанийн үйлдвэрлэсэн гахайн мах, махан бүтээгдэхүүн, Борнуур сумын Халиун буга ойн нөхөрлөлийн Г.Тогмидын үйлдвэрлэсэн “Эвтэй 4 амьтан” бүтээл шилдгээр тодорч Алтан медаль хүртлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ БАЯН-УУЛ СУМ: Аймгийн Онцгой комисс хуралдав

Дорнод аймгийн Онцгой комисс өнгөрсөн ням гаригт хуралдаж, хөдөө сумд болон малчдаас мал, мах оруулах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхой маршрутын дагуу холбогдох байгууллагуудын хяналтад малыг амьдаар нь оруулахаар болсон байна. Тодруулбал, малчид малаа сумын төвд авчрах бөгөөд эндээс Сумын онцгой комисс, мал эмнэлэг, ХХААГ, Цагдаагийн байгууллага хяналт тавин заасан тоо хэмжээг үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээ олгоно. Мал ачсан машин тогтоосон маршрутын дагуу зорчиж, аймгийн төвд мал, мах авдаг цэгүүд дээр очиж худалдаалах зохицуулалт хийхээр болжээ. Тээврийн хэрэгслүүд буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг авч явах зарчмаар ажиллахаар шийдвэрлэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМАГ, ГУРВАНСАЙХАН СУМ: Хоршооны бүх гишүүдийн хурлаа хийв

Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” хоршоо бүх гишүүдийн хурлаа хийж, хоршооныхоо нэрийг “Буянт хайрхан” хэмээн өөрчлөх шийдвэр гаргажээ. Хоршоо нь гишүүдийн сайн дурын үндсэн дээр байгуулдаг, ардчилсан удирдлага, хяналтын тогтолцоотой хуулийн этгээд юм. Манай улсын хувьд социализмын үед сум бүрт байсан хөдөө аж ахуйн нэгдлүүдийг 90-ээд оны эхээр өөрчлөн “хоршоо” байгуулсан ба энэ нь хоршооны “сайн дурын үндсэн дээр байгуулах” зарчимтай нийцдэггүй. Тиймээс ингэж байгуулсан олон хоршооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Ийнхүү гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангадаг, олон улсын хоршооны зарчимд нийцэж ажилладаг хоршоо Дундговь аймагт тийм ч олон байдаггүй. Хоршоо гишүүдийнхээ төлөө ажилладаг байгууллага. Тиймээс хоршооны зарчимд нийцэж, гишүүдийнхээ төлөө ажиллаж, амжилтад хүрч болдгийн жишээг “Давших зам” буюу ирээдүйн “Буянт хайрхан” хоршоо ийнхүү харуулж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ, СҮХБААТАР СУМ: Дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр сургуулийн сурагч, Олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ түрүүлжээ. Тэрбээр охидын 13-14 насны ангилалд оролцож, дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох эрх авчээ. Уг тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМАГ, ТЭС СУМ: Хангал тэмээг 53 насандаа сургаж байжээ

Увс аймгийн Тэс сумын малчин Пүрэвийн Бадам нь 25 жил тасралтгүй тэмээ маллаад тэтгэвэрт гарсан настан буурал. Тэрбээр 1966-1990 он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ханийнхаа хамт тэмээ маллан амьдарч байжээ. Мал маллах нөр их ажлын хажуугаар 10 хүүхэд төрүүлж өсгөсөн тэрбээр өдгөө 72 настай бөгөөд аймгийн төвд дунд сургуульд сурдаг ач, зээ нараа харж хандан энх тунх аж төрж байна. Тэрбээр, “Би насаараа тэмээ маллах, тэмээг уналага ачлагад сургах их ажлыг бэрхшээхгүйгээр хийж ирсэн. Манай хүүхдүүд ч тэмээ маллах дуртай болцгоосон. Мал малын дотроос тэмээ маллах хамгийн сайхан санагддаг юм. Хамгийн сүүлд 53 настайдаа хангал тэмээ сургасан даа” хэмээн өгүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, АЛТАЙ СУМ: О.Амгаланбаатарыг Говь-Алтай аймгийн Засаг даргаар томиллоо

Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн О.Амгаланбаатарын нэрийг 41 төлөөлөгчийн 95.12 хувийн саналаар аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 13-ны өдрийн 97 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.Амгаланбаатарыг томиллоо.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай цаг үед үүрэгт ажлаа хүлээж авсан тэрээр аймгийн Засаг даргын зөвлөл, Онцгой комиссыг шуурхай хуралдуулан нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, АРВАЙХЭЭР СУМ: Түймэрт өртсөн өрхөд гэр олгов

Өвөрхангай аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Арвайхээр сумын 11 дүгээр багийн иргэн н.Болдынд таван ханатай гэр олгожээ. Ам бүл наймуул амьдардаг Болдын гэр түймэрт өртсөн бөгөөд аймгийн Засаг даргад хүсэлт тавьсны дагуу гэр олгосон аж. Уг айлд “Арвин” худалдааны төвийн захирал З.Цогтсүрэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн галын аюулд өртсөн IV багийн иргэн П.Дондолсүрэнд гэр орноо сэргээн засварлахад нь дэмжлэг үзүүлж, тодорхой санхүүжилтийг олгоод байна. Халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ нөхцөлд гэртээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээх, тог цахилгаанаа хэрэглээнээс салгалгүй орхих, үнс нурмаа цогтой гаргах зэргээс болгоомжилж, гал түймрийн осол аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн засаг захиргаанаас анхааруулсан байна.