Хөвсгөл аймгийн Онцгой комисс туршилтын цахим хурал хийв. Ингэснээр цаашид цар тахлын үед онц шаардлагагүй бол аймгийн Онцгой комиссын хурлыг танхимд цуглахгүйгээр цахимаар зохион байгуулах боломжтой болж байгаа аж.
Category: амьдралын-өнгө
Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт батлагдсан тохиолдол илрээгүй байна. Энэ сарын 23-24-ний хооронд түргэвчилсэн оношилгооны 12 цэгээр тархвар судлалын заалттай 2684 иргэнээс шинжилгээ авчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд явуулын лабораториор энэ сарын 21-нээс “PCR” шинжилгээг авч эхэлсэн байна. Одоогоор Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах, тархалтыг цааш алдалгүй яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн тус суманд Улаанбаатар хотоос ЗӨСҮТ-ийн гурван эмч, сувилагч, явуулын “PCR” шинжилгээний лаборатори ажиллаж байна. Тэнд сумын Онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 104 ажилтан, алба хаагч, 24 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн үед иргэдийг хөнгөлөлттэй үнэтэй нүүрсээр хангах зорилгоор “Мандал Голомт” компанитай хамтран “Хөв булаг”-ийн уурхайн нүүрсийг нэг кг-ыг 120 төгрөгөөр борлуулж байна. Энэ сарын 22-ноос Жаргалант багийн 3-9,Индэрт багийн 2-22 тоот хаягт нүүрс борлуулж эхлээд байгаа бол цаашид баг тус бүрт цэг гарган иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэлээ. Нэг өрх нэг удаад гурав хүртэлх шуудай нүүрс авах ажээ.
Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна. Нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Тиймээс ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзэн уг шийдвэрийг гаргажээ. Монгол Улс ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүлээд байна.
УОК-ын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээжээ. Боомтыг цаашид гаригийн зохицуулалтаар буюу сар бүрийн хоёр ба дөрөв дэх долоо хоногт нээж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх юм.Боомтыг нээсэн эхний өдөр улсын хилээр 408,3 тонн шатахуун тээвэрлэсэн 17 машин нэвтрэв.
Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хямралыг амжилттай даван туулахад Төв аймгийн Онцгой комисс бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ цаг үед хариу арга хэмжээ болгон Төв аймгийн Онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран Зуунмод сумын 60 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын дэмжлэг олгов.
Сумын аж ахуйн нэгж, иргэдээс онцгой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнс, амны хаалт тэргүүтнийг хандивласан байна. Тодруулбал, сумын Ойн ангийн хамт олон орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан 100 кг чацаргана, “Таны зам” компанийн хамт олон аймгийн Онцгой комисст 1.000.000 төгрөг, 2100 ширхэг маск, 50 ширхэг гар ариутгагч, “Говийн бараа” компанийн хамт олон нэг сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн,”Цахим говь” ТББ 150 ширхэг амны хаалт, гар ариутгагч, “Өнөд өвлөх урлахуй” компани, “Даланбулаг” хүнсний үйлдвэрээс цэвэр ус 2250 ширхэг, бууз 10 кг, хөмүүл 10 ширхэг, амны хаалт 50 ширхгийг тус тус хандивлажээ.
Дундговь аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд 73 цэгт 183 алба хаагч, 76 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж. Зүүн дөрвөн сумын иргэд Говьсүмбэр аймагтай байнгын харилцаатай, тэндээс худалдаа үйлчилгээ авдаг, аймгийн олон малчид дээрх аймгуудад отроор явж байгаа тул Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, мөн Гурвансайхан сумын хөдөлгөөнийг хориглосныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ танилцуулжээ.Говьсүмбэр аймагт гарсан халдвартай иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Гурвансайхан суманд байсан учраас аймгийн Онцгой комиссоос баг гарч, дээрх иргэний байгаа газарт очиж хоёр хот айлын 16 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Сайнцагаан суманд 57 ортой зургаан тусгаарлах байр бэлтгэж, Улаанбаатараас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолооч нар, Улаанбаатараас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар “Маскаа зүүцгээе, гараа угаая” албан даалгавар гарсан байна. Уг даалгаварт ажилтан албан хаагчдыг амны хаалтаар хангах, тогтмол хэрэглүүлж хэвших, дархлааг дэмжих ажлыг эрчимжүүлэхийг уриалсан аж.