Categories
мэдээ спорт

М.Анандыг НИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Баттулга 6 сарын 1-нд Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж, 13 жилийн дараа их аварга цол хүртсэн тухайгаа М.Ананд ярилаа. Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн юм байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.
Тиймээс  их аварга цол хүртсэн Монголын сумочидоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс  дэмжлэг хэрэгтэй бол  бид туслахад бэлэн байна“ гэлээ.
Японы мэргэжлийн сумогийн Жүрёогоос дээш зиндаанд Монголоос 24 бөх барилдаж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Сан-Антонио” өрнөд конференцийн аварга боллоо

NBA-ийн өрнөд конференцийн шигшээд таарсан “Сан Антонио”, “Оклахома Сити” багуудын тоглолт 4:2 гэсэн харьцаагаар Тим Данканы багийн ялалтаар дууслаа.
«Оклахома-Сити» — «Сан-Антонио» — 107:112 нэмэлт цагт (23:20, 26:22, 20:37, 32:22, 6:11).
«О»: Уэстбрук (34), Дюрант (31), Джексон (21)
«С»: Данкан (19), Леонард (17), Джинобили (15).
Өчигдөр “Майами” баг “ Индиана”-г мөн л 4:2 гэсэн харьцаагаар буулган авч дорнод конференцийн аварга болсон бөгөөд ирэх баасан гаригаас эхлээд “Сан-Антонио”, “Майами” багууд үнэмлэхүй аваргын төлөө тоглохоор болж байна. Эхний тоглолт  “Сан-Антонио”-гийн талбайд баасан гаригийн  өглөө 9.00 цагаас эхэлнэ.

Д.Бат
 

Categories
мэдээ спорт

Аварга цолны хүндэтгэлийн барилдаантай

Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнөө болно.
Энэхүү барилдаан нь 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Өнгөрсөн жил ийн барилдаанд хүчит 224 бөх зодоглосноос улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байжээ.
Дашрамд сонирхуулахад Ардын хувьсгалаас хойш Монголын үндэсний бөхөд 21 аварга цолтон төрөн гарчээ. Тодруулбал,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамъян, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн, улсын аварга Г.Вандан, Г.Самдан, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар юм.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийг хүлээн авч уулзлаа


Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжхан нар  БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон сагсан бөмбөмгийн тэмцээнд оролцоод ирсэн өсвөрийн шигшаа багийнхныг хүлээн авч уулзлаа.
Бээжин хотод зохиогдсон “3:3” тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож,  хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарч, охидууд 11 дүгээр байр эзэлсэн билээ.
Тодруулбал, Эстонийг нэмэлт цагт 10:11 харьцаатайгаар ялж  тавдугаар байрны төлөө Азийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тодорхойлогч хүчирхэг багуудын нэг Тайваний шигшээ багийг 16:13 хожиж Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний 5-р байрт шалгарсан юм. Харин эмэгтэй шигшээ баг Тайландын багт хожигдсон ч Индонезийн багийг 14:12 харьцаатай ялж, 11 дүгээр байрт шалгарчээ. Дасгалжуулагч ОУХМ Г.Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн нар хэлэхдээ “Манай тамирчид нуруугаараа жаахан намхан байсныг эс тооцвол ур чадвараараа маш сайн байсан. Анх удаа европын улсуудтай хүүхдүүд маань тоглолт хийсэн нь  туршлага болж өглөө. Бид өсвөр үеэ сайн дэмжвэл  цаашидсагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх боломж ойрхон байгааг харуулж байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ спорт

Сумогийн 71 дэх аварга М.Анандыг Ерөнхий сайд хүлээн авч уулзав

Японы сүмогийн 71 дэх их аварга Мангалжалавын Ананд өчигдөр эх орондоо ирсэн байна. Түүнийг өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.  Ерөнхий сайд түүнд хандан “Сумогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, ёкозүна цол хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам бататган, энэхүү ялалтаа үргэлж ахиулаарай” гэж захив.
Харин М.Ананд 16 настайдаа сумогийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд анх сумо бөхийн спортод сонирхолтой тухайгаа интернэтээр дамжуулж захидал илгээж байжээ. Түүний хүсэл мөрөөдөл анх ингэж л эхэлсэн. Анандыг  Японд очиход Кёкүшюзан Батбаяр онгоцны буудалд тосч авснаас хойш 12 жилийн дараа их аварга цол ийн хүртэж байгаа юм. Тэрээр энэхүү уулзалтын үеэр “Амжилт гаргана гэдэг гагцхүү бэлтгэл хийх биш зөв төлөвшил чухал. Хүнтэй зөв харилцдаг, ажлыг бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр. Хүнийг хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлдэг юм байна” гэж сүмогийн шинэ аварга хэллээ.
Уулзалтад Монголын Сүмогийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр, М.Анандын аав Ч.Мангалжалав нар хамт байжээ.

Categories
мэдээ спорт

Шилжин явах цомын төлөөх спортын наадам боллоо


Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн шилжин явах цомын төлөөх тав дахь удаагийн  спортын наадам болж өндөрлөлөө. “Буянт Ухаа” спорт цогцолборт гурван хоног үргэлжилсэн тус тэмцээнд 30 гаруй багийн 900 тамирчин оролцжээ. Спортын наадамд 35-аас доош насны 16 баг,  түүнээс дээш насны 17 баг сагс, волейбол, теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн. Гэхдээ эл арга хэмжээ нь өрсөлдөн тэмцэлдэхийн төлөө бус, нутгийн хүмүүстэйгээ танилцах, нэгдэн нийлэх зорилготой болохыг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга , УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэмцээнийг нээж үг хэлэхдээ онцолсон.
Насны хувьд хамгийн залуу тамирчин 13 настай бол хамгийн ахмад нь 76-тай байв.

Categories
мэдээ спорт

Г.Мандахнарангийн гавьяат цолны мялаалга болно

Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, Гуанжоугийн Азийн наадмын аварга Г.Мандахнаран шинэ оны өмнөхөн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан билээ. Тэрээр гавьяат цолны хүндэтгэлийн ёслол, мялаалгаа энэ сарын 31-нд “SS” клубийн их танхимд хийхээр болжээ. 

Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн түүхийг бичилцэж яваа энэ залуу бол манай чөлөөт бөхийн түүхэнд тасраад байсан ДАШТ-ий медалийг Будапештийн дэвжээнээс эх орондоо авчирч монголын эрэгтэйчүүдийн хөнгөн жингийнхэн дэлхийд данстай гэдгийг баталсан гавьяатай бөх юм. 

Тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Украйны Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялсанаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд о, дэлхийн аваргын хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж дараагийн барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж 2007 оны ДАШТ-д Б.Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлсэн юм. 

Спортын мэргэжилтнүүд түүнийг ирэх олимпоос медаль хүртэх боломжтой тамирчдын нэгээр нэрлэдэг. Г.Мандахнаран гавьяат цолны мялаалгынхаа урилгад “Соёмбо нь инээсэн төрийн далбаагаа наран дор гэрэлтүүлж, сод билэгт Монгол түмнээ дандаа баярлуулахыг хүснэм” хэмээн бичжээ. 

Д.САРУУЛ

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал 29 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өчигдөр өндөрлөлөө. Уг башёг мэргэжлийн сумогийн их аварга хакухо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар тэргүүлсэн байна. Барилдааны сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргал Харүмафүжиг уватэнагэ мэхээр ялсан юм. Одоо тэрээр нэмж гуравхан түрүү авахад бүх цагийн үеийн дээд амжилтын эзэн Тайхо их аваргатай зэрэгцэж ирнэ. Тэмцээний сүүлийн өдрийн бас нэг сонирхолтой барилдаан какурюү М.Ананд болон озэки Кисэносато нарын хооронд болж Монголын 71 дэхь аварга Кисэносатогийн цукидаши мэхэнд дийлдэн уналаа. Какерюү Анандын тухайд тэрээр нацу башёг есөн даваа, зургаан унаатай дуусгаж байна. Харин ёкозуна цолны төлөө барилдаж буй Кисэносато 13 даваа, хоёр унаатай байгаа. Тэмцээний дараа М.Даваажаргал ярилцлага өгөхдөө “Аавын минь бие жаахан тааруу байсан учраас сүүлийн үед Японд ирж сумо үзэж чадахгүй байсан. Харин энэ удаа аав маань ирж, аавынхаа өмнө түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн Нацу башёд гурван их аварга барилдсан. Барилдааны турш их ч ядарлаа. Дараагийн башёд залуу бөхчүүдээ манлайлан барилдахын тулд улам их хичээнэ” гэжээ.
Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 3:12, Тамаваши 8:7, Терюнофүжи 9:3, Токитенкү 7:8, Таканойва 3:12, Кёкүшүхо 9:6, Сококурай 8:7, Араваши 7:8 даваатайгаар нацу башёг дуусгалаа.

С.АЛТАН

Categories
мэдээ спорт

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит оюутны спорт наадамд 54 баг оролцлоо

Сэлэнгэ аймгийн Нийгмийн Ардчилал Оюутны Холбооноос УИХ-н гишүүн Ж. Эрдэнэбатын дэмжилгээр Сэлэнгэ аймгийн оюутан залуусын дунд зохион байгуулагдсан “ Сэлэнгэ лиг” 2014 оны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
 УИХ гишүүн Ж. Эрдэнэбат гишүүний дэмжлэгтэй Сэлэнгэ аймгийн оюутан залуусын дунд зохион байгуулагдсан Сэлэнгэ Лиг 2014 сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрөлт тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 17,18-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг спортын арга хэмжээнд Сагсан бөмбөгийн төрөлт эрэгтэй 42 баг, эмэгтэй 12 баг  нийт тус төрөлд 54 баг оролцсон.
Эдгээрээс Сүхбаатар сумын эрэгтэй 10 баг, Хөтөл сумын 3 баг, Зүүнхараа сумын 7 баг, Алтан булаг сумын 3 баг, Бугант, Сайхан, Хүдэр сумын 2 баг, Жавхлант, Баянгол 2 баг, Таванхан бөхийн багаас 2, Сант сум, Цагааннуур 2 баг, Баруунбүрэн, Дулаанхан, Шаамар , Ерөө сумуудаас оютан залуучууд оролцсон.

Сагсан бөмбөгийн төрөлд :
 Эрэгтэй  1-р байр Хөтөл-1 Б. Баатарчулуун ахлагчтай баг тамирчид
          2-р байр Зүүнхараа-1 Н. Улаанхүү ахлагчтай баг тамирчид
          3-р байр Сүхбаатар Цогбилэг ахлагчтай Цэнхэрийн гудамж баг тамирчид
Эмэгтэй  1-р байр Зүүнхараа-1 Болор ахлагчтай баг тамирчид
           2-р байр Таванхан Б Хвсэлгарав ахлагчтай баг тамирчид
           3-р байр Алтанбулаг-1 Мандалмаа ахлагчтай баг тамирчид
           4-р байр Алтанбулаг-2 Д. Сугар ахлагчтай баг тамирчид тус тус байр эзэлсэн
 Шатрын төрөлд:
Шатар- эрэгтэй 12, эмэгтэй 5 тамирчид оролцсноос
  Эрэгтэй  1-р байр Алтанбулаг А. Энхтүүл
              2-р байр Алтанбулаг О.Эрхэмбаяр
 Эмэгтэй  1-р байр Г. Номин
2-р байр Ч. Одонтүшиг
Ширээний теннис төрөлд:
Ширээний теннис – Эрэгтэй 16, Эмэгтэй 8 тамирчид оролцсноос
Эрэгтэй  1-р байр Л . Мягмарсүрэн
               2-р байр Д. Дэмбэрэлзодов
Эмэгтэй  1-р байр Одгэрэл
               2-р байр Ариунбаяр
Тус тус оролцож энэ удаагын “Сэлэнгэ лиг -2014” спортын арга хэмжээ амжилттай зохион  байгуулагдлаа.

Categories
мэдээ спорт

“Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн удирдлагаа солилоо

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд зориулсан “Алтан нутаг” хүчит бөхийн барилдаан өчигдөр Аса циркэд болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын начин П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй Өвөрхангай аймгийн харьяат улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын заан Б.Сайнбаяр түрүүлж, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсан юм.
Барилдааны үеэр “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагыг өөрчилсөн байна.
Тус дэвжээг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар удирддаг байсан юм. Гэвч дорвитой ажил хийдэггүй, бөхчүүдийн залуу халааг бэлтгэх ажилд санаачлагагүй ажилладаг учир ийнхүү сольсон гэнэ. Нутгийн бөхчүүдийн саналаар УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар тус дэвжээг удирдахаар болжээ.
Тэгвэл тус дэвжээний шинэ удирдлага залуу халаагаа бэлтгэх болон наадмаар улсын цол авах бөхчүүдийн тоогоо нэмэхэд анхаарч бэлтгэлээ хийхээр төлөвлөжээ.