Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Азид нэрээ дуурсгав

БНСУ-ын Кёнги мужийн Хвасон хотод наймдугаар сарын 8-11-нд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн II наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Уг наадамд гурван насны ангилалд Азийн 16 улсын 62 баг өрсөлджээ. Манайхаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг хоёр насны ангилалд өрсөлдөж, гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн байна. ССАЖЯ, “Их талын дуулиан” ТББ-ын шугамаар явсан дээрх хүүхдүүдийн 90 орчим хувь нь нийслэлийн 24 дүгээр сургуулийн баг тамирчид гэнэ. 

Манай 12 хүртэлх насныхан БНСУ-ын “Gwangmeong West Elemantaryschool” багийг 2:1, Японы “Tamagawa Junior Sports Club”- ийг 3:0-ээр хожиж, Узбекистаны алдарт “Бунёдкор”-т 1:10, БНСУын SFA-д 0:3-аар хожигдсоноор зургаан оноо авч, гуравдугаар байрт оржээ. Харин 15 хүртэлх насны баг тамирчид БНХАУын “Taizhou Team Awesome Sports Club-ийг 1:0-ээр хожиж, БНСУ-ын “Phoenix”-тэй 0:0-ээр тэнцэж, “Daeyong Eagles”-т 0:1, “Gongdo”-д 0:2-оор хожигдож, дөрвөн оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлсэн аж.

Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн наадамд оролцох зардлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хүчит Чулуут” компани даажээ. 

Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнтуул, Б.Энхтуул нар оюутны ДАШТ-д өрсөлдөнө

Польшийн Катовиц хотноо наймдугаар сарын 14-24-ний өдрүүдэд Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын шатрын холбооны мастер Сэрээнэнгийн Ган-Од дасгалжуулагчтай баг тамирчид өрсөлдөх юм.

Багийн бүрэлдэхүүн:

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Баянхонгор аймгийн тамирчин, Их мастер Цэгмэдийн Батчулуун

Өвөрхангай аймгийн тамирчин, ОУ-ын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал

Архангай аймаг, МУИС, “Монгени” клубын тамирчин, спортын мастер Бадрахын Галмандах

Үндэсний шигшээ баг, “Алдар спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул

Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер, Алтан-Өлзийн Энхтуул.

Categories
мэдээ спорт

Спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

 Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалын медальтнууд өчигдөр тодорлоо. 25 метрийн спорт гар бууны дасгалд 21 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж, ОУХМ Ө.Өлзийням, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. 

Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэчилсэн дүрмээр явагдаж байгаа бөгөөд шигшээд шалгарсан найман тамирчин хоорондоо халз өрсөлдөх юм. Финалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Ө.Өлзийнямтай өрсөлдөж, 9:7 харьцаатай ялалт байгуулсан бол ОУХМ Ц.Мөнхзул 8:0-оор ОУХМ Т.Баярцэцэгийг ялжээ. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны 10 метрийн дасгал болж, медальтнууд тодорно. Тэмцээн ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 16-нд өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Олимпийн аваргатай болсон өдөр өнөөдөр тохиож байна

Зургаан жилийн өмнөх энэ өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын бөх, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон. Ийнхүү бид түүхэндээ анхны Олимпийн аваргатай болсон. Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан тэрхүү мөчийг одоо ч хэн бүхэн тодхон санаж байна. 

Монголчуудад их ялалтыг авчирч, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Олимпийн аварга Н.Түвшинбаярт баярын мэнд хүргэе.

Categories
мэдээ спорт

Дэлхийн хамгийн хурдан суудлын автомашин

Дэлхий даяар хамгийн хүчирхэг, хурдан автомашин гэвэл “Porsche”, “Mercedes-Benz”, “Bentley”, “Ferrari” эсвэл “Bugatti” л байдаг байлаа. Тэгвэл “Dodge” үйлдвэрийн  “707-hp Challenger SRT Hellcat” хэмээх суудлын автомашин эдгээр брэндүүдийн толгойд цахиур хагалан гарч ирлээ. 

3.7 секундэд 100 км цаг хурдлах хүчин чадал нь бусад төмөр хүлгээс 0.2 секундын өмнө гэсэн үг. Хөдөлгүүрийн хувьд 6.2 литрийн “Hellcat” V-8 хөдөлгүүртэй тус машин нь 850 морины хүчтэй юм. Спорт загварын хэрнээ “Dodge” брэндийн өвөрмөц хэлбэр, дизайныг гадна дотногүй шингээж өгсөнөөрөө бусдаас ялгарна.  Түүнчлэн аюулгүй жолоодлогын систем, найдвартай хурд сааруулах төхөөрөмж, бөх бат бүхээг, маш хурдан задардаг аюулгүйн дэр зэрэг нь таныг эрсэдлээс хамгаалж чадахыг зохион бүтээгчид онцолж байна. 

М.Эрдэнэ


Categories
мэдээ спорт

Орхон аймагт унадаг дугуйн парад зохион байгуулагдлаа

Монголын Залуучуудын холбоо “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд парад зохион байгуулах, дугуйтай аялал, нийслэлд унадаг дугуйн зам барих санаачлага мөн орон нутагт гудамж төслийн хүрээнд унадаг дугуйн зам барих гээд нилээдгүй ажлууд бодит биелэлээ олоод явж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Орхон аймаг “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парадыг зохион байгуулсан байна. Орхон аймгийн “Эрдэнэтийн дугуйчид” нийгэмд үйлчлэх ТББ санаачлан зохион байгуулсан бөгөөд парадад нийт 80 орчим залуучууд оролцож 4 насны ангилалаар тэмцээнд өрсөлдсөн байна. Мөн Орхон аймгийн төвөөс “Эрдэнэт үйлдвэр” хүртэл 7 км унадаг дугуйн зам баригдаж байгаа бөгөөд ирэх 10-р сард ашиглалтад орох юм байна. 

Categories
мэдээ спорт

Шинэ гарьдын наадам энэ сарын 20-21-нд болно

Энэ жилийн наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, гарьд цол хүртсэн Завхан аймгийн харъяат Ш.Жаргалсайхан шинэ цолны мялаалгын наадмаа хийхээр товложээ. Цолны мялаалга наадам наймдугаар сарын 20, 21-нд Завхан аймгийн Идэр суманд болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан болж, даага, соёолон, их насны морьд уралдах юм байна.

Categories
мэдээ спорт

“Манчестер Юнайтед” багийн ахлагчаа сонголоо

Английн премьер лиг эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Багуудын улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд ч дуусч  шинэ улирлын элтгэлээ хийж байна. Тэгвэл шинэ улирлыг шинэ дасгалжуулагчын удирдлаганд эхлүүлж буй Манчестер Юнайтед клуб мөн шинэ эхлэгч сонгох хэрэгтэй болсон. Улаанчөтгөрүүдийн ахлагч Н.Видич Италийн Интер Миланыг энэ зун зорьсноор Манчестер Юнайтедийн ахлагчийн туузыг хэн зүүх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгвэл Луй Ван Гааль шинэ ахлагчаараа Уэйн Рүүнийг сонгожээ. Харин дэд ахлагчаар Дарен Флетчерийг сонгосон байна.

Categories
мэдээ спорт

Шатрын 41 дэх олимпиад маргааш өндөрлөнө

Норвегийн Тромсо хотноо үргэлжлэн явагдаж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тэмцээний арван өргийн дараах байдлаар манай эрэгтэй баг 177 орноос 81-р байрт, эмэгтэй баг 136 орноос 23-р байрт бичигдэж байна.

Тэмцээний арав дахь өргийн тоглолт өчигдөр болж, манай эрэгтэй, эмэгтэй баг хоёул хожил авч, байраа ахиулж чадлаа.

Эрэгтэй баг Тринидад ба Тобагогийн шатарчдыг 4:0-оор хожлоо. Тэмцээнд 59-д эрэмбэлэгдэн тоглож буй Монгол Улсын эрэгтэй баг таван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан, IPCA, Тринидад ба Тобаго), таван хожигдолтой (Франц, Хорват, Израиль, Албани, Венесуэл), нийт 10 оноогоор  177 орны багаас 81-р байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийг БНХАУ 17 оноогоор тэргүүлж байгаа бол Унгар, франц, Украин, ОХУ-ын багууд удаалж байна.

Эмэгтэйчүүд арав дахь өрөгтөө Унгарын (чансаа 13) хүчтэй багтай тоглож, 2,5:1,5-аар буулган авсан байна. Энэхүү өрөгт их мастер Б.Мөнгөнтуул, ФМ Б.Баярмаа нар хожиж, олон улсын мастер Б.Анхчимэг тэнцэн, их мастер Б.Анхчимэг ялагдсан байна. Тэмцээнд 28-д эрэмбэлэгдсэн манай эмэгтэй баг зургаан хожил (АНЭУ, Ирланд, Алжир, Парагвай, Филиппин, Унгар), нэг тэнцээ (Вьетнам), гурван хожигдолтой (Франц, Казахстан, Польш) 13 оноогоор 23-р байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг ОХУ (9 хожил, нэг хожигдолтой) тэргүүлж байгаа бол БНХАУ, Украины баг (8-1-1) удаалж байна.

Тэмцээний сүүлийн өрөг маргааш болох бөгөөд эрэгтэйчүүд Сальвадор(104), эмэгтэйчүүд Cловены (13) багтай тоглоно.

Categories
мэдээ спорт

“Макс”-ын ах дүүсийн наадамд Ж.Бат-Эрдэнэ гарьд түрүүлжээ

Моринд хорхойтой “Макс”-ын ах дүүс буюу  Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын тод манлай уяач цолны наадам энэ сарын 8-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд болж өнгөрлөө. Наадамд гурван насны морь уралдаж, Алтай нутгийн болон Максаар овоглодог хүчит 128 бөх барилдсан юм.

Энэхүү  наадамд улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэв. Их шөвөгт Макс групийн бөх улсын начин Д.Батбаяр, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарчээ.

Сонирхуулахад Тод манлай уяач цолыг Д.Ганбаатар 2009 онд, Д.Цэрэнжигмэд 2012 онд тус тус хүртэж байв.