Хөлбөмбөгийн үүсч хөгжсөн 150 гаруй жилийн хугацаанд үзэгч, хөгжөөн дэмжигчид болон өрсөлдөгч хоёр багийн балиашгуудын хоорон дахь сөргөлдөөн, зохион байгуулалтын алдаа зэргээс шалтгаалан үүдсэн эмгэнэлт явдал өч төчнөөнөөрөө бүртгэгдсэн байдаг. Тэр дотроо амь эрсэдсэн хүнийхээ тоогоор дээгүүр бичигддэг нэг сүйрэл нь Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд болсон, 66 хүний амийг авч одсон аймшигт үйл явдал яах аргагүй мөн.
Өнгөрсөн зууны наяад оны эхээр Москва хотноо оюутан насаа өнгөрөөсөн хүний хувьд том хотын хэдэн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг хэрэн хэсч тэмцээн үзэнгээ цагийг өнгөрөөдөг байж билээ. Манай ангид Семён Хемельник гэж Москва хотын уугуул, гулжийсэн, шувтан мөртэй доожоогүй царайтай орос залуу сурдаг байлаа. Аль ч талаас нь харсан ямар ч спортын авьяасгүй амьтан. Тэр нөхөр гэтэл төрсөн цагаасаа эхлээд л “Спартак” багийн балиашиг байсан, улаан цагаан ороолтоос салдаггүй, багийнхаа үүх түүхийг ярихаараа хичээл орж байна гэдгийг мартаад залхтал үлгэр ярьдаг залуу байж билээ. Тэгээд тэр Семкагаа дагаад Москвагийн том жижиг стадионыг ч ёстой нэг дуусгасан даа. Манай Семка жаахан доожоо муутай, бие галбир ч гэлээ нэг тийм унжгардуу тул аль нэг фэн клубт багтдаггүй, энд тэнд зодоон цохион хийхэд оролцдоггүй, өөртөө таарсан манийгаа дагуулаад хөлбөмбөг үзээд л явж байдаг жирийн нэг “Спартак”-ын балиашиг. Дагуулж явдаг нөгөө монгол нь сүүлдээ тэмцээн үзэхийн амтанд ороод өөрөө нөгөө оросыгоо дагуулаад хөлбөмбөг, хоккей, волейбол гээд юу ч хамаагүй үздэг байж байгаад сүүлд нь нэг жижигхээн задгай цэнгэлдэхэд мөсөн гулгуурын тэмцээн үзсэний дараа бидний үерхэл дуусч билээ. Семён “Батик энэ ч арай дэндлээ. Ийм хөгийн юманд цаг, мөнгөө үрээд” гэж уурлаж билээ. Мөнгө гэснээс тэмцээний тасалбар бас харьцангуй хямд байсан юм. Том багуудын тэмцээнийг нэлээн хойгуур сууж байгаад үзэхэд хоёроос таван рублиэр авчихдаг байв.
1982 оны аравдугаар сард Голландын Хаарлэм гэдэг баг УЕФА-гийн дунд шигшээгийн эхний тоглолт гээд Москвад айлчилж “Спартак”-ыг эсрэг тоглохоор болчихсон байлаа. Арван сар гэдэг чинь Москвад бабье лето нь дуусах дөхөж хүйтрэх гээд л зэврүүн болчихдог үе. Семка тасалбар авчихсан шүү, мөнгөө өгөөрэй гээд байхаар нь яалт ч үгүй хамт явлаа. Лужник цэнгэлдэх хүрээлэн манай оюутны байрнаас аймаар хол, ер нь бол хотын баруун хойд хэсгээс баруун өмнөд хэсэг рүү нь цаг илүүтэй метрогоор явж очдог газар байхгүй юу. Лужник байрладаг Спортивная гэх метроны буудал том тэмцээн эхлэх дөхөхөөр хоёр урсгал нь зөвхөн нэг тийшээ явдаг болчихдог бүх зорчигчид зөвхөн буудаг болохоос суудаггүй, тийм их хүний урсгал зүглэдэг золиг юм л даа.
Метроноос гараад цэнгэлдэх хүртэл бас хөөрхөн алхчихаар зайтай. Буудлаас гараад ирэнгүүт цэнгэлдэх хүртэл зам дагуу хоёр эгнээ цэргүүд гар гараасаа бариад зогсчихсон байдаг жамтай. Тэдний ард хоёр алхмын зайтай цагдаа нар, нохойтой цагдаа нар, тэдний ард хоорондоо овоо зайтай морьтой цагдаа нар хосоороо зогсоно. Аймар сүртэй шүү дээ. За тэгээд алхалж яваад стадиондоо орлоо. Семка жаахан хямдхан билет авсан тул тээр орой дээр сандал байхгүй хүйтэн цементэн тавцан дээр сууж таарав. Ер нь тэгэхдээ тэмцээн эхлэхээр ямар суух биш бүгд л босчихдог байсан тул сандал ч хэрэггүй л дээ. Ядаж байхад тэр өдөр гэнэт цас ороод суух ч аргагүй байсан юм. Тэмцээн дөнгөж эхлээд удаагүй байхад оросууд гоол хийгээд балиашигууд бахираад л. Үзэгчид цэнгэлдэх дүүртэл ирээгүй байсан санагддаг юм. Хэрэвзээ Киевийн “Динамо” ирсэн бол цэнгэлэх гахна шүү дээ. Гэхдээ л өнөөдөртөө харьцуулашгүй олон үзэгчтэй, дээр нь том гарууд сэм сэм шар айраг, жижиг шилтэй архи өвөрлөөд ороод ирдэг байсан тул гоол орлоо, энд тэндгүй олиггүй үнэр ханхлаад л эхэлнэ. Ядаж байхад хүйтэн байсан тул ойр хавийн архидалт жирийнхээсээ илүү ч байгаа юм шиг санагдаад. Тэгээд тэмцээн дуусах мөчөөс хавьгүй өмнө Семкагаа явъя аа жаахан уйтгартай тэмцээн байна гээд ятгаж эхлэв ээ. Анд маань жаахан тэвчиж байгаад за за гаръя гээд хаалга руу зүглэлээ. Ер нь бол тэмцээн дуусахаас өмнө цэнгэлдэхээс гарах шалтгаан хэд хэд бий. Уг тэмцээний хувь заяа нэгэнт ойлгомжтой бол гарна, хүмүүсээс өмнө метронд суучихвал сандал олдоно, цэрэг цагдаагийн бүслэлт гарахаас өмнө гадагшилж чадвал өөр метро луу явчихна, харанхуйд морь харчих боломжтой гээд л. Тэгээд бид хоёр гараад цэрэг цагдаагийн хашлага дундуур метро дөхөж явтал хүмүүс хашгираад л явчихлаа. Яасан бэ гээд л тэр их хүмүүс алхалж явахдаа үймрээд эхлэхэд Швецов гоол хийчихсэн байна, манайх хоёр гоолтой гээд л бүгд хашгираад л. Бид хоёр ч гэлээ хоолойгоо нэмээд метро луугаа орсон. Метроны цахилгаан шатны ёроолд хүүхдүүд аль хэдийнэ овоороод зогсчихсон байлаа. Спартак хэрвээ хожих юм бол метронд сууж байгаа хүмүүс цахилгаан шатны оройгоос зоосон мөнгө доош нь урсгадаг уламжлалтай байсан юм. Түүнийг нь тэр доор зогсож байгаа хүүхдүүд цуглуулж аваад жаахан баяждаг байж дээ.
Тэр тэмцээн тэгээд л жирийн олон тэмцээнүүдийн адил ингээд л өнгөрсөн. Би бээр яагаад тэгвэл түүнийг тийм сайн тогтоож үлдсэн бэ гээч. Хэд хоногийн дараа Семка “Батик нөгөө тэмцээнийг санаж байна уу. Манай байрны ах тэгэхэд тэнд байж байгаад нас барчихсан байна лээ. Нууц шүү” гээд олон юм хэлэлгүй өнгөрч байсан юм. Яг бид хоёрын гарч явхад оруулсан тэр гоолын улмаас зарим хөгжөөн дэмжигчид буцаж орох гээд өөдөөсөө яваа гарч буй хүмүүстэй чихцэлдээд дээр дээрээсээ дарагдаад албан баримтаар бол 66 хүн амь эрсэдсэн, албан бусаар бол түүнээс ч илүү хохиролтой гээд хожим оросууд бичих болсон юм даг. Нэг ийм үйл явдлын хагас гэрч болж билээ. Ер нь хөлбөмбөгтэй холбоотой томоохон эмгэнэлийн амьд гэрч болох цор ганц монгол байх шүү.
Д.Бат-Эрдэнэ