Categories
мэдээ цаг-үе

Төрийн дээрэм амжилттай боллоо


Монгол төр Лениний
музей хэмээх байшинг нам гэх олон нийтийн байгууллагаас амжилттай булаалаа. Өнгөрсөн
лхагва гаригт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж цоож цуургыг нь эвдэн эзэмшлээ тогтоосон
нь энэ. Тэнд төрийн нэрээр 65 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өгөр
ясыг хадгална.

Монголын иргэн,
олон нийтийн байгууллага төртэйгээ өмч булаацалдан шүүхдэлцэж заргалдахад төрийн
ялалтаар дуусдаг жишиг тогтоод удсаныг энэ хэрэг дахин харууллаа. Яагаад гэвэл төрд
шүдээ хүртэл зэвсэглэсэн армиас эхлээд хуулийн нэрээр шийтгэл оногдуулах эрх нь
байна. Томоохон төр атомын бөмбөгтэй армиар зэвсэглэдэг бол Монголынх шиг төр “АК
47” барьсан зэвсэгт хүчнээр далайлган гартаа чавх ч үгүй иргэдээ буулган авдаг.

Дэлхийн жишигт
өмчийн төлөөх ийм хүч тэнцвэргүй өрсөлдөөнийг шүүхээр зохицуулсаар ирсэн нь үнэн.
Гэхдээ олон улсад төр, иргэний дундах асуудлыг хэлэлцээд ихэвчлэн ард түмнийхээ
талд шийдвэрийг гаргадаг ажээ. Гэтэл Монголд энэ жишиг яг эсрэгээрээ. Бүх тохиолдолд
ард түмэн буруутан, төрийн зөв гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасаар ирлээ. Саяын жишээ
л гэхэд 65 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэг гүрвэлийн өгөр ясыг оромжтой болгохын
тулд төр өөрийн нэрээр дээрэм хийчихлээ гэсэн үг. Лениний музей гэх тэр байшин хэнд
ашигтай вэ гэдэг нь хамгийн гол асуудал байсан болов уу. Шүүх байгууллага, шүүгчид
ч гэсэн төрийн зөв гэж залбирахаасаа илүүтэй хэний эзэмшилд байвал ашигтай вэ гэдгийг
нэн тэргүүнд бодолцох хэрэгтэй байсан биз. Уг нь манайх шиг оронд Лениний музей
МАН-д Лениний музей шиг ийм барилгууд ард түмний эзэмшилд байвал илүү ашигтай. Квадрат
метр бүрийг нь ард түмэн түрээсэлж амин зуулгаа залгуулна.  Иргэд тэнд канон принтерээ, цайны газраа, дуу
бичлэгийн студиэ, тоглоомын газраа, кино прокатаа ажиллуулж өрхийн орлогодоо нэмэр
хандив болно. Энэ нь ард түмэнд, цаашлаад улс оронд ашигтай.

Ийм л шалтгаанаар
цаашид төрийн энэ дээрмийг таслан зогсоох шаардлагатай байна. Яс тавихын тулд бас
төр эзэмшихийн тулд олон нийтийн байгууллагын өмчийг шүүхийн шийдвэрээр булаан авдгийг
болиулах хэрэгтэй байна.

Л.ТӨР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Уул уурхайд цахиур хагалж яваа нэг ангийнхан

“Баяжуулалт” гэдэг үг сэтгэлийг нь соронздон татсан байна

Оюутан ахуй цагийн дурсамж хамгийн сайхан байдаг тухай бид ярилцдаг. Тэгвэл энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн мэргэжлийн гурав дахь төгсөлтийн ангийнхныг урив. Тэдний ангийнхан уул уурхайд цахиур хагалж яваа гэдгийг сургуулийнхан нь хамт олон хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэртээ 1995 онд манайдаа л шинэ мэргэжил болон гурав дахь удаагийн элсэлтээ авч байхад нь “баяжуулалт”-ын мэргэжил эзэмшихээр 32 хүүхэд ШУТИС-ийн хаалга татжээ. Шинэ бүхэн соньхон байдаг хойно хот хөдөөгийн салхи татуулсан залуусын сэтгэлийг соронздон татсан нь зөвхөн “баяжуулалт” гэдэг үг байсан гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь аав, ээжээрээ зөвлүүлэн, нэг хэсэг нь уг үгсийн ид шидийг үзэхээр халуун намраар аав, ээжийгээ дагуулан хөдөө орон нутгаас нийслэл хүрээнд аяны дөрөө мултлан ШУТИС хэмээх их айлд Л.Норовсүрэн багшийнхаа ангийг сонгож байжээ. Тэдний хувьд уул уурхайн салбарын инженер болохоор сэтгэл шулуудсан нь хэзээ ч алдаа байгаагүй гэнэ. Харин ч эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ ангийнхан хэлж байсан юм. “Ангидаа бид гучуулаа байлаа” гээд дуу байдагтай адил ангидаа 32-лаа байсан тэднээс 27 нь 2000 онд мэргэжлээрээ төгсчээ. Нөгөө тав нь ч гэсэн жилийн чөлөө, жирэмсний амралтын хугацаагаа дуусгаад мэргэжлээ эзэмшсэн аж. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн ангийнхан өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт мундаг инженерүүд болон ажиллаж байгаа тухай анхны ангийн дарга Ц.Давааням, удаах ангийн дарга Б.Чинзориг, М.Мөнхбаяр, Б.Амартүвшин нар хуучилсан юм. Эл ангиас өнөөдөр ШУТИС-даа мэргэжлийнхээ дагуу эрдмийн ажлаа хийж байгаа нь доктор, дэд профессор Бавуугийн Чинзориг аж. Тэрбээр ангийнхаа залуусыг дагуулан баяжуулалтын лаборатори анги руугаа явлаа. Нэг давхрын мухарт шахуу хичээлд суудаг байжээ. М.Мөнхбаяр гэж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хэн ч харсан сэргэлэн гэж хэлэхээр залуу ангийнхаа хаалгаар шагайнгуутаа “Өмнөхөөс шал өөр болсон байна. Хүүе ээ, манай Ц.Оюунцэцэг багш маань хичээл орж байна” гэсээр бүгд дуу алдан багшийнхаа мэндийг мэдэн үнсүүлцгээв. Хуучин суудаг байсан ширээ сандал нь өнөө байхгүй ч сэтгэлд нь энэ анги оршсоор ирсэн гэдгийг энэ уулзалтаас харж болохоор байлаа.

Бүх үнэлгээний системээр дүгнүүлж байлаа

“Баяжуулалтын ангийн үе үеийн төгсөгчдөөс сурлагаараа өнөө хэр нь яригддаг анги бол эдний анги яах аргагүй мөн” гэдгийг Ц.Оюунцэцэг багш тодотгосон юм. “Манай анги улаан дипломтой гурав, голч дүн гурваас дээш олон оюутан байсан тухай, шинэ суурь машин байршуулаад лабораторио хичнээн сайхан болсон тухай” тэд ярьцгаасан юм. Тухайн үед эдгээр суурь машинуудыг ганц хөдөлгөж байсан нь манай Амка буюу Б.Амартүвшин байсан юм гэхэд мань эр “Битгий хүн явуулаад байгаарай” гээд ичингүйрэв бололтой доошоо харав. Харин тухайн ангийн Сангийн сайд нь анхны ангийн дарга буюу ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гурван жил “Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаар ажилласан Ц.Давааням байжээ.
Бусдыгаа бодоход гурван жил том үйлдвэрт ажилласан болохоор ийн нэрлэсэн байж болох юм. Ангийнхан нь есдүгээр сарын нэгэнд хичээл орсны дараа ангийн даргаа сонгоно гэхэд “Танай ангийн дарга Эрдэнэтээс ирж байгаа” гээд хир халдаалгүй байсаар ирснийх нь дараа ангийн даргын албанд тохоон томилжээ. Ц.Оюунцэцэг багш “Манай ангийн ганц мисс охин У.Уламбаярыг М.Мөнхбаяр аваад суучихсан, сэргэлэн хүүхэд шүү” гэхэд угийн сэргэлэн Мөнхбаяр тоглоом наадам болгож “Сэргэлэндээ биш ээ царайлаг, царайлаг” хэмээн ангийнхныхаа дунд хөгжөөн дэлгэв. Ангиас төрсөн хос гэдэг утгаараа одоо ч бахархал нь болж яваа гэнэ.
Тухайн үед Оюунаа багш нь Донецкээс авч ирсэн номон дээрээсээ “… дүгээр хуудсыг уншаад асуугд” гэдэг байсны хүчинд орос монгол толь эргүүлсээр байгаад чамгүй орос, англи хэлтэй болсон тухай тэд ярьцгаасан юм. Оюунцэцэг багшийн хичээлийг түр үймүүлсэндээ хүлцэл өчин хуучин ангиараа явж тэр тэнд суугаад яагаав тэгж байсан даа гээд л халуун яриа үргэлжлүүлэн өрнүүлэх бүлгээ. Харин Оюунаа багшийн хичээл орж байсан баяжуулалтын хоёрдугаар курсийнхэн сиймхий андахгүй ээ гэсэн шиг ганц нэгээрээ танхимаас цувран гарсаар хүн үлдсэнгүй. Тэдгээр оюутнууд компьютер дээр хичээл хийж байсныг харсан Мөнхбаяр “Бидний үед ийм юм юу ч байгаагүй. Одооны дүү нар сайхан болжээ” гэлээ. Тус ангийнхан бүх үнэлгээний системээр дамжсан ганц анги байсан тухай ийн ярьцгаасан юм. Анх оюутан болж ирэхэд нь онц, сайн гэдэг дүн тавьдаг байсан бол 0-6 хүртэл муу, 7-9 дунд, 10-12 сайн, 13-15 онц гэх мэтээр 15 оноогоор дүгнүүлдэг болж сүүлд нь кредит системд шилжихэд нь төгсч байжээ. Тухайн үедээ баяжуулагчийн анги найман охинтой байсан нь Уул уурхайн сургуульдаа л хамгийн олонд нь ордог байсан гэнэ. Ангийнхаа сор болсон найман бүсгүйгээр бахархдаг байсан тухайгаа тэд ам уралдан ярьцгаах аж.  
Ангийн даргынхаа усанд орсон усыг 14 хоног уугаад муудсан юм алга
Баяжуулалтын ангийн эрхэм чанар нь эв нэгдэл, хүн чанар байсан гэдгийг хэн хүнгүй онцолсон юм. Ангийн эв нэгдэл өнөөдөр амьдрал дээр хүртэл хэрэгжиж байна. Тэгээд ч ганцхан манай анги ч гэлтгүй улс орон тэр чигтээ цаашлаад энэ жаахан бөмбөрцөг дэлхий маань эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ гэлээ. Энэ тухай Ц.Даваанямыг ярьж байхад М.Мөнхбаяр зэрэгцэн юм ярьж эхэллээ. Гэтэл Давааням “Мөөгий чи больчихооч дээ. Оюутан байхдаа хүний яриан дундуур орж үймүүлдэг хүүхэд байсан. Одоо хүртэл яг хэвээрээ” гэхэд Мөөгий нь “Оюутан байхад бүх хүний анхаарлыг өөртөө татах гээд байдаг байсан Давааням яг хэвээрээ. Ангийн даргын янзаараа байх шив дээ” хэмээн хариуг нь барив. Ш.Уртнасан гэж хөгжилтэй эр байсан тухай тэд ярьцгаалаа. Мань хүн багш нарыг харахад нэг гараараа нүдээ дарчихсан, нөгөө гараараа юм бичиж байгаа мэт хөдөлгөөн гаргадаг байсан ч үнэндээ гараа хөдөлгөн авьяаслагаар унтдаг байсан тухай ярив. Мөн Уртнасан, Д.Эрдэнэчулуун хоёр лабораторийн танхимд унтаж байгаад сэрээд багшийгаа айлгаж байсан тухай нь ярьсан юм. Г.Уранбат, Ш.Алтайсайхан нараас эхлээд бүгдээрээ л толгой холбон цэц булаалддаг байсан аж. Хөгжөөнтэй гэхэд дэндүү хөгжөөнтэй, гуньж, гутарч үзээгүй тийм л цоглог оюутнууд байлаа шүү дээ хэмээн бүгдээрээ ангиа магтах янзтай. Нэгдүгээр курсээ төгсөөд 1996 онд сургуулийнхаа үүднээс ЗИЛ 130 машины тэвшин дээр ачигдан Заамар руу анх алтны уурхайд ангиараа дадлагад явжээ. Анх удаа алт харж амаа ангайтал гайхацгааж байсан гэнэ. Дадлагад гарч байхад нь уурхайнхан ёмкостьтой уснаас ундандаа хэрэглэдэг байж. Зуны халуунд сэрүүцэх газар хайж явсан Давааням өнөө усанд орж сэрүүцчихээд гараад явсныг нь ангийнхнаас нь хэн ч мэдээгүй байна. Өглөө нь ангийнх нь хоёр залуу “Даагий ус уух уу” гээд ёмкостьтой уснаас хүд хүд хийтэл залгилж байхаар нь “Үгүй ээ, үгүй” гэчихээд яваад өгчээ. Дадлага дуусахын урьд өдөр “Би наад усанд чинь орчихсон” гэсэн чинь ангийнхан нь итгэхгүй ёмкость руу тонгойтол усанд палийтал гишгэсэн мөрнүүд байсан гээд хөхрөлдөв. “14 хоног тэр уснаас уулаа гээд манай ангийнхан муудаагүй. Харин ч бүгд сайн яваа” гээд Даагий нөгөө гурав руугаа хараад инээмсэглэв. Тэд нэгдүгээр курстээ ерөнхий эрдмийн хичээлээ үзэж байсан тул уурхайд очихдоо алтыг зүгээр л жоотуудаад, хүрздээд гаргаж ирээд тэврээд явчихдаг ухааны юм бодож байсан тухайгаа ч нуусангүй. Дадлага хийгээд буцахдаа нэг нэг ширхэг алтны талст хэлэн дээрээ тавьжээ. Ангийнхан нь юм ярих гэхээр алт нь унах гээд байсан тул загас мэт дуугүй явцгаасан байна.
Тэдний ангийнхнаас өнөөдөр Б.Бадамцэцэг, А.Дэлгэрмаа нар Бор-Өндөрийн уурхайд, Багануурын уурхайд П.Ариунаа инженерээр, Ш.Уртнасан Бороо гоулдад ажиллаж байгаад одоо Оюу толгойд ажиллаж байгаа гэнэ. П.Очирбат Геологийн төв лабораторийн баяжуулагч инженер, Эрдэнэт үйлдвэрт З.Мягмарсүрэн, А.Мөнхболор, Н.Батжавхаа, Т.Баярбат, М.Алтансайхан, П.Батсайхан гээд Монголын томоохон бүхий л уурхайд амжилттай ажиллаж байгаа гэдгээр бахархав. Харин ангийн анд Б.Очирбал нь АНУ-ын Финикс-д уурхайд томоохон албан тушаал дээр ажиллаж байгаа гэлээ. Ийн ярилцаж байтал Мөнхбаяр “Даагий чи уурхайд очвол уурхайн дарга болно доо” гэхээр нь мань хүн найзынхаа үгэнд орж Төв аймгийн Сэргэлэн сумын Хүдэр эрдэнэ компанийн уурхайд очоод 14 хоноод уурхайн дарга болж байсан дурсамжаа ярив. Түүнээс хойш Монгол газар компанид урилгаар очиж баяжуулах цехийн даргаар ажилласан бол Жигүүр гранд группын уул уурхай эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад өдгөө Мөнхбаярынхаа хамт хувийн компани байгуулан зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 
“Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ”
ШУТИС-ийн хоёрдугаар байрны жижигхэн гуанз олон удаа аминд нь орж байсан тухай ярьцгаасан юм. Өлссөн үедээ тийшээ орж 100 төгрөгөөр нойл шөл авч ууна. Мөнгөгүй үедээ муухай царайлаад ороод ирэхэд Батаа эгч үнэгүй шөл өгдөг буянтай хүн байсан шүү гээд хуучин гуанз байсан газар руугаа заалаа. Дөрөвдүгээр сарын нэгний хичээлийн өдөр гуанзанд ороод архины шилэнд ус хийгээд ширээн дээрээ тавиад ууж байжээ. Гаднаас Алимаа багш ороод ирэхээр нь “Багшаа нааш ир. Ганц татчих” гээд шилэн аяганд ус хийгээд өгчээ. Ийш тийшээ нэлээд гярхай харж байгаад өнөө уснаас балгаад тавьчихаж. Тэгснээ “Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ” гээд эргээд алхжээ. Тэгэхэд багш төрөх дөхчихсөн байсан. Түүнээс болж тусгүй зүйл болох дөхсөн шүү гэлээ. Нэг удаа дадлагаар уурхайд ирчихээд байсны дараа жолооч нь өлгөөтэй байсан усан бууг харчихаад “Машинаа угаачихъя” гээд өнөө усан буугаар машин руугаа буудтал бүхээгийг нь тэр чигт нь хуу хамаад явчихсан хөгжилтэй дурсамж хуучлав.
Нэгдүгээр курст ирснийхээ дараа Уулын факультетийнхэн нь нэг ангийнхан шиг ойр дотно нөхөрлөж нэг цул болсон тул дээд курсийн ах нар нь халдаж зүрхэлдэггүй байжээ. Тэдний ангид газар газрын атаманууд цугласан байсан ч хичээлээ ягштал хийдэг байсны дүнд өнөөдөр бүгд ажил, амьдрал аль алинд нь толгой өндөр яваа юм билээ. Атаман байлаа гээд дээрэлхүү зан гаргаж байгаагүй гэдгээ тэд чин сэтгэлээсээ хэлсэн юм.


Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гарын шавь болсон азтай залуу
Ангийн онц сурлагатан Б.Чинзориг “Хаана ч очсон манай ангийнхан байдаг. Аль ч уурхайд бүгд инженер, даргаар ажиллаж байдаг тул илүү зардал гаргаад буудалд байрлах ч шаардлага гардаггүй. Харин ч манайд ирсэнгүй гээд сүүлд нь бөөн гомдол болдог” гэв. Тэрбээр “Богино конуст гидроциклоноор хүдэр баяжуулах боломжийн судалгаа” сэдвээр техникийн ухааны, 2002 онд “Монгол Улсын Эрдэс баялгийн цогцолборын удирдлага зохион байгуулалтын бүтцийн шинжилгээ” сэдвээр үйлдвэрлэлийн менежментийн магистрийн зэрэг хамгаалсан байна. Харин 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мэргэжлийнхээ чиглэлээр “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номыг Австрали, Монголын эрдэмтэдтэй хамтран бичиж, хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан гэнэ. Тэрбээр сургуулиа улаан дипломтой төгссөн тул сургуулиас нь магистрийн зэрэг хамгаалах урилга өгчээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Чи магистрийн урилгатай ирсэн бол цааш суралцах хэрэгтэй. Дэмжинэ” гээд буцаад суралцуулахаар болжээ. М.Пүрэв-Очир багш нь сургуульдаа үлдээх сонирхолтой байгаагаа сургуулийнхаа хамт олонд хэлжээ. Чинзориг 2004 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын шавь болж, докторт бэлдэж эхэлсэн байна. “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр энэ чиглэлд Монголдоо анхны судалгааг хийж байжээ. Тэрбээр багшийнхаа талаар “Очирбат багш хүн сургах өвөрмөц аргатай” гэсэн юм. Би чинь Очирбат багшийнхаа шавь болсон азтай залуу, ховорхон хувь тохиолын эзэн шүү дээ хэмээн багшаараа болон өөрөөрөө бахархан суусан юм. Түүний ширээний ард анхны Ерөнхийлөгчийн зураг залраастай байсны утга энэ байлаа.

“Чи наад зэрлэгүүдээ аваад зайл”

Ангиараа шинжлэх ухааны доктор, профессор С.Гэрэлтуяа багшаасаа айдаг байсан бол Ц.Оюунцэцэг, Г.Бадамхатан, М.Пүрэв-Очир, Б.Алтантуяа, Ц.Туяа, Ц.Цэрэндулам, Ш.Халтар, Ш.Цэвээндорж зэрэг олон эрдэмтдээс номын дуу сонсож явснаа их хувь тохиол хэмээн бэлгэшээдэг юм байна. Тэд лаборатори 1, 2 гэсэн ангид хичээллэдэг байсан бөгөөд өнгө муутай ангиа будах будаггүй ч шөнөжин угааж байгаад өглөө нь шил толь мэт гялалзсан ангид хонхны баяраа тэмдэглэж байжээ. Тэдний ангийн залуус хөдөлгөөнтэй тул хонхны баяраар бужигнуулах байх даа гэж бүх багш нар ярьж байсан ч хамгийн үлгэр жишээ байж захирлаасаа хүртэл талархлын үг сонсож байснаа бахдан ярьсан юм. Энэ үеэр анхны ангийн дарга Ц.Давааням Цэдэндорж багш дуудахаар нь яваад ортол “Чи наад зэрлэгүүдээ аваад зайл” хэмээхэд чихнээс нүүр хүртлээ улайж байснаа дурссан билээ. Зарим үед ангийнх нь залуус сургуулийнхаа ариун цэврийн өрөөг дотроос нь түгжээд тоглоод суудаг байж. Багш нар нь хүртэл ариун цэврийн өрөөнд орж чадахгүй аргаа бардаг байсан тухай дурсав. Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон яваа нэг ангийнхны дурсамж энэ мэтээр хөвөрнө.
Сургууль төгсөх жил “Энэ хэдэн охид минь яана даа. Эрэгтэй хүмүүсийн дунд явсаар байгаад эрэгтэй хүнээс ялгаагүй болчихлоо” гэж санаа зовдог байжээ. Одоо гэтэл бүгд сайхан гэр бүл, сайхан ажилтай хангалуун амьдарч байгааг хараад баярладаг шүү гэдгээ хэлцгээсэн юм.
Ангийг хамгийн нягт болгодог зүйл дадлага байсан тухай ярьцгаав. “Хэн нь хэн бэ гэдэг нь дадлагын үед л ил болдог юм даа тиймээ хө” хэмээн Мөөгий Даагий руу жоготойхон хараад инээд алдав. Хоёрдугаар курстээ Лайхансүрэн багшийнхаа хичээл дээр ангиараа курсийн ажил хийхээр болжээ. Тухайн үед компьютер, бичгийн машинаар бичсэн курсийн ажлыг авахгүй гээд заавал гараар бичсэнийг нь авдаг байж. Учир нь инженер хүн өөрийн штомбтой байх ёстой гэж үздэг байсан гэнэ. Олон хүн дотор хичээл хийдэг, хийдэггүй хүн байдаг ч гэсэн шалгалтын үед багшаас дүн гуйхгүй бор зүрхээрээ зүтгэж байгаад ард нь гардаг байжээ. Тухайн сэдвээ ягштал ойлгож аваад ороход ямар ч багш онц дүнгээ харамлаж чаддаггүй байсан гэнэ. С.Гэрэлтуяа багш нь нэг удаагийн шалгалтан дээр Б.Чинзоригоос асуулт асууж онц тавихынхаа өмнөхөн “Шохойн чулууг юунаас гаргаж авдаг юм” гэхээр нь багшийгаа тоглож байна гэж ойлгоод инээгээд бостол “Үүнийг мэддэггүй юм уу” гээд шууд сайн тавьж байжээ. Тухайн үед багшийн өөдөөс тайлбар хийх эрхгүй тул дуугүй гарч байсан бол ангийнх нь нэг залууг асуултаар булж байгаад “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэхэд нь “Эрдэнэтээс” гэтэл “Шороо цацаад өгнө дөө” гээд гаргасан байна. Дараагийнх нь шалгалтаа өгөхөөр ортол “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэж асуухаар нь “Хувиараа” гэжээ. Гэрэлтуяа багш “Ингэж байхаар Эрээн рүү наймаа хийж байхгүй яасан юм” гэсэн байна. Энэ мэтчилэнгээр тус ангийнхны хөгжөөн наргиан, оюутан ахуй цагийн гэрэл гэгээт дурсамжууд дуусахгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Камбожийн хаалгыг хоёр гоолоор “мялаасан”С.Гал-Эрдэнэ

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC President’s Сup-2014” тэмцээн өнгөрөгч амралтын өдөр болсон. Манай улсад С хэсгийн тоглолт болж Камбож, Непалын багийнхан ирсэн билээ. Азидаа дээгүүрт орох уг тэмцээнд “Эрчим” клуб эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын багийн эхний тоглолт Камбожийн “Свайреин” клубтэй таарсан байв. Нутгийнхаа дэвжээн дээр тоглож буй болохоор “Эрчим”-ийнхнийг хожчих болов уу гэж олон хүн таамаглаж байсан. Тэд ч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Илт илүүрхэн тоглож 3:1-ээр хожсон. Харин уг тоглолтын баатар яах аргагүй Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ байлаа. Тэрээр багийнхаа хамгийн бага нь. 18 настай тэрээр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Тоглолт эхлээд 10 минут ч өнгөрөөгүй байхад айлын хаалганд ялалтын анхны гоолыг оруулсан. Камбожууд тэр дор нь хариу барьж тоглолтын харьцааг тэнцүүлсэн ч гэлээ С.Гал-Эрдэнэ дахин гоолдсон юм. Багийнхаа тоглолтыг шимтэн үзэж буй хөгжөөн дэмжигчид түүний гайхалтай тоглолтыг шагшин магтаж байв. “Галаа сайн байна. Бүр сайн зүтгэнэ шүү. Чи чадна” гэх урмын үгс талбайгаар нэг нисэж байсан. Харин С.Гал-Эрдэнэ тоглож байхдаа үзэгчдийн хашхирч буйг огт анзаардаггүй гэсэн. Сонсохгүйдээ биш л дээ. Тоглолтдоо өөрийгөө бүрэн зориулж ур чадвараа тултал нь дайчилдаг учраас өөр зүйлд сатаардаггүй гэж байлаа. 

С.Гал-Эрдэнэ 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Эрэгтэй дүүг нь С.Мөнгөншагай гэдэг бөгөөд “Эрчим” клубийн идэрчүүдийн багт тоглодог. Харин аав, ээж хоёр нь тамирчид биш ч гэлээ хоёр хүүгийнхээ “улаан” фэн. Жинхэнэ фанат гэдэг шиг хоёр хүүгийнхээ галзуу фанатууд нь гэсэн. С.Гал-Эрдэнийг сурагч байхаас нь л дэмждэг байж. 


С.Гал-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуульд байхдаа хөлбөмбөгийн секцэнд явдаг байсан гэнэ. Секцийн багш нь “Эрчим” клубийн дасгалжуулагч Д.Батнасан. Тэрээр авьяастай хүүхдүүдийг сонгож аван клубтээ тоглуулдаг байжээ. С.Гал-Эрдэнэ ч багшийнхаа нүдэнд өртөж 2011 оноос клубийнхээ идэрчүүдийн багт тоглож эхэлжээ. Удалгүй улсын аваргаас алтан медаль авч, “Хүслийн лиг”-т аваргалав. Идэрчүүдийн багт тун сайн тоглож байсан түүнийг дасгалжуулагч Д.Батнасан ердөө нэг жилийн дараа “Эрчим” клубийн үндсэн баг буюу насанд хүрэгчдийн багтаа авчээ. Ингээд дасгалжуулагчийн зөвлөснөөр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болжээ. Насанд хүрэгчдийн багт орсноосоо хойш үндэсний лигээс алтан медаль авч “AFC President’s Cup” тэмцээнд орох эрх авчээ. Уг тэмцээн түүний хувьд анхны олон улсын тэмцээн байсан гэнэ.
Түүний багийнхан Малайзад очиж тоглоод багаараа шагналт дөрөвдүгээр байрт орсон юм. Харин өнөө жил тэрээр багаа хэсгийн тоглолтоос шигшээд шалгарахад гол үүрэг гүйцэтгэлээ. Багийнхан нь түүнийг бөмбөг эзэмшилт сайтай гэж үнэлдэг.
“Эрчим” клубийн 15 дугаартай тоглогч тэрээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн ангийн нэгдүгээр курсийн оюутан. Хичээлдээ яваад, завсар зайгаар нь бэлтгэлээ хийж тэмцээнд орно. Тэрээр “Хөлбөмбөгөөр хичээллээд долоон жил болж байна. Зав л гарвал талбай руу гүйчих гэдэг болсон” гэв. Сонирхолтой нь тэрээр ямар ч хөлбөмбөгчин шүтдэггүй гэсэн. Гадныхны тоглолт үзээд сурах зүйлээ сураад л явдаг юм байна.
Хөлбөмбөгөөр хичээллэснээсээ хойш улсын чанартай тэмцээнээс хорь гаруй медаль авсан тэрээр ирэх есдүгээр сард болох “AFC President’s Cup” тэмцээнд хамаг анхаарлаа хандуулан бэлтгэл хийж байгаа ажээ.

С.АЛТАН

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Эх орны торгон хилийг дээд боловсролтой залуус манаж байна

Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Лхачинвандад дархан цаазат уул ховор ан амьтан ихтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл эл уулын ар өвөр бэлээр нутагладаг зээр, бор гөрөөсөөс эхлээд ихэнх амьтад гал түймрээс болоод дайжжээ. Бичигтийн заставын дарга А.Насанбуян түймрээс хойш цөөн тооны буга, ганц хоёроороо явж буй зээр л харсан гэнэ. А.Насанбуян уг нь нийслэл хотын унаган хүү аж. Сургуулиа төгсөөд хилийн цэрэгт дурлаж энд эхнэр хүүхэдтэйгээ иржээ. Түүний эхнэр хот руу амаржихаар явсан байв. Мөн тогооч нь үсчний мэргэжлээр сурахаар чөлөө аваад явсан гэнэ. Заставын хувьд хоёр хилийн залгаа боомтын ойролцоо байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй гэсэн. Ялангуяа хулгайн анчид шөнөөр машинтай явах тохиолдол гардаг байна. Тиймээс бусад ангиудыг бодвол өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг тухайгаа ярив. Тус заставт таван хүүхэд байсан. Бүгд цэцэрлэгийн насны багачууд. Хоёр километрийн зайд байрлах Бичигтийн боомтын цэцэрлэгт өглөө 09 цагт хүргэж өгөөд орой тарах үед аав ээж нь ээлжээр авдаг байна.


Бичигтийн боомтын тухайд гэвэл сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт хийж захиргааны байр, хянан шалгах байр гээд нэлээд ажлыг хийсэн аж. 2016 он гэхэд боомтыг Сүхбаатар аймагтай холбосон хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгаа аж. Боомтоор нүүрс ачсан тав зургаан том оврын ачааны машин гарч тоос манаргасаар гарч байгаа харагдсан. Тус боомтоор нүүрс, газрын тос гаргадаг. Тодруулбал, “Петро чайна Дачин тамсаг” газрын тос олборлож урагш гаргадаг бол Баянцогтын нүүрсний уурхай олборлосон нүүрсээ боомт хүртэл зөөдөг аж. Учир нь цаад хөршөөс ачааны том машинууд орж ирээд боомтод овоолсон нүүрсийг цааш авч явдаг байна. Дээрх хоёр үйлдвэр хоёулаа хятад эзэнтэй гэдэг. Харин Хятадаас манайхан бүх төрлийн барилгын материал зөөдөг байна. Хилийн торны цаахна Хятадын боомт байх бөгөөд аймгийн хэмжээний том суурин харагдана. Иргэдийн ярьснаар бол энэ боомт хэдхэн жилийн өмнө Монголын боомттой ялгаагүй цөөхөн хэдэн байшин байсан бол өнөөдөр энэ хэмжээнд хүртэл хөгжсөн гэх. Боомтоос нь 60 гаруй км яваад Улиастай хот байх бөгөөд монголчууд хүнсний бүтээгдэхүүнээ ч цуглуулдаг гэх. Тиймээс Хятадын тал боомтдоо монголчуудад зориулсан том худалдааны төв барихаар төлөвлөж байгаа сурагтай. Хятадууд манайхтай хиллэдэг зурвасын дагуу нэлээд хэдэн олборлолт явуулж буй уурхайтай гэсэн. Зүүн бүсийн хил орчмоор гэсэн үг. Ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэх боломжгүй бөгөөд бараг Монголын хилийн тортой хаяа дэрлэх газар байдаг учир газар доогуур эх орныг минь ухаж байгаа гэх хардлага нутгийн иргэдийн дунд гарах болсныг ч ярьж байсан. Амралтын өдөр болоод ч тэр үү боомтын амьдрал нам жим байлаа. Боомтын аюулгүй байдал харуул хамгаалалтыг ерөнхийдөө хилчид хариуцан ажилладаг байна. Бид хоёр орны хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалт хийж байх үетэй таарсан юм. Хилчдийн хувцасны өнгө манай хилчдийн хувцсыг бодвол цайвар. Харин үүрсэн буу нь манай хилчдийн нэлээд хэдэн жилийн өмнөх загвартай бууг бодвол хүрзний иш шиг бариултай сүүлийн үеийн буу байв. Хоорондоо ёслоод “Хил тайван” гэсэн утга бүхий юм хэлээд гар барилцаад инээмсэглэх аж. Тэд хилийн 1046 дугаар багана дээр ийн уулзалт хийв. Хоёр орны харуулын манаа болон хилийн тор руу гараа заан ярилцах аж. Нэг их удсангүй уулзалт дуусч гараараа дохин хоёр тийш явцгаалаа. Хятадын талын хилийн хамгаалалтын тор нэлээд бөх шинэ харагдсан. Харин манай хилийн тор өнгө муутай үзэгдэв. Ингээд уулзалт дуусч заставын зүг хөдлөв. Харин хилийн манаанд ээлж солигдон А.Амарбаясгалан хэмээх цэрэг үлдэв. Тэрээр ОХУ-д геологийн чиглэлээр сурч байгаад иржээ. Ер нь сүүлийн жилүүдэд гадаадад боловсрол эзэмшсэн залуус хил дээр ирэх нь ихэсчээ. Учир нь төрийн албанд заавал цэргийн алба хаасан эрчүүдийг авна гэсэн шаардлага тавьдаг болсонтой холбоотой аж. Эрдэнэцагаан суманд байрлах Эрдэнэцагааны отрядад Б.Хатантөмөр гэх залуу байна. Тэрээр мөн л Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм байна.

Дэд түрүүч Б.Ха­тантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.


-Цэрэгт ирээд хэр удаж байна?
-Өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан.
-Таныг Энэтхэгт сурч байсан гэж сонссон. Яагаад хилийн ангид алба хаахаар болов?
-Би Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр сурсан. Мөн МУИС-ийн Олон улсын харилцааг өнгөрсөн жил төгссөн. Сургуулиа төгсөөд л цэрэгт явахаар шийдсэн.
-Яагаад?
-Манай сургуулийн онцлог их нөлөөлсөн байх. Монгол Улсын түүх, байгалийн дурсгалт газар гээд эх орноо таниулах чиглэлийн хичээл их ордог байсан. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлээд цэргийн алба хаах нь зүйтэй гэж бодсон.
-Саналаараа хилийн ангид хуваарилагдсан уу?
-Тэгсэн. Цэргийн албанд татагдахдаа хүсэлт гаргасан, хил дээр очъё гэж. Тэгсэн 0146 дугаар ангид хуваарилсан л даа. Арми буюу зэвсэгт хүчинд алба хаана гэдэг нэг өөр, онол тал руугаа түлхүү хичээллэдэг юм шиг санагддаг. Харин хилийн цэрэгт алба хаана гэдэг амьдралтай илүү ойр санагддаг.
-Хилчдэд англи хэл заадаг гэсэн үү?
-Тийм ээ. Хилчдэд англи хэлийг А, В, С-гээс эхлээд зааж байгаа. Хоёр сар болж байна. Анги бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтад хамрагдаж байна. Ядаж наад захын англиар мэндлээд өөрийгөө сайхан танилцуулдаг болчихвол хэрэгтэй шүү дээ.
-Хэр сурч байна?
-Ер нь идэвхтэй байгаа шүү. Эмэгтэйчүүд арай илүү хурдан сурч байгаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Цэргээс халагдаад юу хийх бодолтой байгаа вэ?
-Хотод ээж, дүүгийн хамт амьдардаг. Яг тийм ажил хийнэ гэсэн шийд алга. Ямар ч байсан төрийн албанд орж эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээх болно. Энэ завшааныг ашиглаад танай сониноор дамжуулан залуустаа хандаж цэргийн алба хаах нь эр хүн болгоны бахархал, төдийгүй үүрэг юм байна шүү гэдгийг хэлмээр байна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Зоригт: Бид популист улстөрчдийн үгээр эх орныхоо хөгжлийг боомилж болохгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн ажлын хэсгийн
ахлагч Д.Зоригттой ярилцлаа.

 -Эдийн
засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн ажлын хэсэг ямар бодлого, зорилтыг дэвшүүлж
байна вэ. Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулав?

-Ер нь 2011 оны сүүлээс манай улсын төлбөрийн тэнцлээр дамжиж эдийн
засгийн зарим бэрхшээл, хүндрэлүүд гарч эхэлсэн. Энэ нь 2012 онд үргэлжилж 2013
оны сүүлээр төлбөрийн тэнцлийн хямралын түвшинд ирчихээд байгааг мэргэжлийн шинжээчид
хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байсан. Хүндрэлийн оношийг зөв тавьж эмчилгээг
зөв хийх ёстой гэж яриад байгааг дэмжих хэрэгтэй. Ялангуяа сөрөг хүчний зүгээс тавьж
буй асуудлууд байна. Энэ төлбөрийн тэнцлийн хямралыг зогсоохгүй бол эдийн засгийн
хямралд ч хүргэж болзошгүй. Тэгэхээр УИХ, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч,
бүтцийн гэж хэлж болох өөрчлөлтийг хийх шаардлага байгаа учраас ажлын хэсэг хэд
хоног ажиллалаа. Тогтоолоор хоёр бүлэг асуудлыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт нь валютын
урсгалыг сайжруулах гэх мэтээр асуудлыг тусгасан. Ингэж л санхүү эдийн засгаа эрсдлээс
хамгаалж, тогтвортой байдлыг хангана. Яг энэ хүрээнд есөн арга хэмжээг төлөвлөөд
байна. Хоёрдугаарт бизнес хөрөнгө оруулалтын орчинг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр бас есөн арга хэмжээг зохион байгуулах
бодлого гаргасан. УИХ энэ бүхнийг дэмжчихсэн байгаа.

-Эдийн
засгийг түргэн хугацаанд сэргээх гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын
орчинг ямар нүдээр харж, ямар арга хэмжээ авах гэж байгаа юм?

-Зөвхөн гадны гэлгүй дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө
оруулалтын идэвхжлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь харж байгаа. Бид мөнгөний,
хүний, капиталийн орох урсгал, “цорго”-ыг хаачихаад байна. Тэгэхээр бүх цоргыг нээж
өгөх ёстой. Эхний алхам нь Хөрөнгө оруулалтын хууль. Үүнийг өнгөрсөн намар баталж
гаргасан. Дараагийн том алхам нь бизнес эрхлэгчид, иргэд, гадаад, дотоодын компаниудын
хөрөнгийг ил тод болгох. Татварын хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах. Ингэснээр харьд аваачаад нуучихсан хөрөнгөө
ил гаргахаас айдаг, эмээдэг явдал арилж Монголын хөрөнгө Монголдоо эргэлдэх боломж
бүрдэнэ. Шууд хэлбэл тодорхой хэмжээний хөрөнгө ил гарч, тодорхой хэмжээний хөрөнгө
оруулалт ирж Монгол хүн Монголдоо бизнес эрхлээд явах шинэ орчин бүрдэх юм. Гуравдугаарт
хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь орж ирдэг ашигт малтмалын салбар гэж бий. Энэ хуулийн
эрх зүйн орчинг шинэчилье. Хөрөнгө оруулагчдад илүү таатай, илүү нээлттэй болгоё
гээд сүүлийн 2-3 жил зогсоочихсон байсан хайгуулын ажлаа сэргээнэ. Хайгуулын лицензийг
энэ хавраас дахин сэргээх бодлого туссан. Хүмүүс шинэ талбар аваад хайгуулаа эхлэг.

-Монгол
төрийн өмнө нь хийсэн ажил, алхмуудаас үүдэн хөрөнгө оруулалт тасарсан гэж үзэж
байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдалд байгаа ашигт малтмалын лиценз,
ордыг хэрхэх вэ? 

-Ашигт малтмалын хууль, холбогдох хуулиудын хүрээнд хэдэн мянган
лицензийг гацааж, зогсоосон байна. Лицензийг зогсоодог нь эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг
хохироосон гэсэн үг. Олон жил оруулсан хөрөнгөнийхөө үр ашгийг үзэх нь бүү хэл дахин
харахгүй хэмжээнд хүргэсэн. Жишээ нь урт нэртэй хууль, хайгуулын ажлыг хориглосон
хуулийн хүрээнд мянга мянган лиценз цуцлагдаж байлаа. 2012 оны зургадугаар сард
ийм ажлыг хийсэн бол дахиад л авлигын хэрэг нэрийдлээр нэг өдрийн дотор 106 лицензийг
цуцалсан түүх бий. Лицензийг замбараагүй, мөнгө харж өгсөн төрийн албан хаагчийн
буруу болохоос биш тэр компаниудын буруу биш. Ийм хэлбэрээр бужигнуулаад өнгөрсөн
нь хөрөнгө оруулалт буурах гол хүчин зүйл болсон. Уул уурхайн том, жижиг, дунд төслүүдийг
олон улсын хэрүүл, зарга болгочихсон байж байна. Ингэж Монголыг, хөрөнгө оруулалтын
орчинг муухай харагдуулж улмаар хөрөнгө оруулалтын орчны зэрэглэл буурсан юм. Энэ
бүгдийг засах ёстой. -Яг яаж засна гэж?

-Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална. 2007 оны суурь
хууль дээр хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах үүднээс багахан нэмэлт оруулж
байгаа юм. Ингээд боломжийн хуультай болсны дараа Урт нэртэй хууль гэх мэтийг яах
вэ гэдгээ ярина. Гацаанаас гаргана. Аж ах ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг хохиролгүй
болгоно. Төрийн буруугаас болж хувийн аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй. Хийсэн хөрөнгийг
нь буцаан олгоно гэвэл олон зуун тэрбум төгрөгийн асуудал босно. Эдийн засаг хүндэрсэн
энэ нөхцөлд эргүүлэн олгох чадамж байхгүй. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүдэд заавал
нөхөн сэргээлт хийх үүрэгтэйгээр лицензийг нь буцаан олгох боломж байгаа гэж би
үзэж байгаа. Төрийн нэрийн дор хохирсон компаниудад төсвөөс мөнгө өгөх боломж нэгэнт
байхгүй учраас ажлаа үргэлжлүүлээд хийг. Гэхдээ устай, модтой тусгай бүсээс ашиг
олж байгаа учраас нөхөн сэргээлт явуулна гэдгээ баталж харуул гэж шаардана. Тодорхой
мөнгийг тусгай дансанд байршуулах хэрэгтэй. “Чи нөхөн сэргээлт хийхгүй бол тэр мөнгийг
чинь ашиглаад өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ” гээд байгаль орчны онцгой
хяналтын дор ашиглуулах ёстой.

-Тэгвэл
дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдэд ямар дэмжлэг үзүүлж, ямар боломж олгох вэ. Эдийн
засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт яаж туссан байгаа бол?

-Хүндрэлтэй ийм үед төр төсөв, татвараар дамжуулж мөнгө авахаа больж
аж ахуйн нэгжүүдэд нь баялгийг үлдээе гэсэн санааг дэвшүүлж байгаа. Ингэж ажлын
байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх бодлого барих ёстой гэж үзсэн. Боломжийг
нь нээхийн тулд татварын хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр болж байна. Аж ахуйн орлогын
албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, тайлан тэнцэл гаргадаг хугацааг өөрчилж хялбар
болгоё гэсэн санаа байгаа. Дээрээс нь Монголын эдийн засагт шийдвэрлэх чухал нөлөө
үзүүлж буй Италион гэдэг юм уу жишиг төслүүдийг гацаанаас гаргах асуудлыг хөндсөн.
Оюутолгой, Тавантолгой, төмөр замын цариг, Тавдугаар цахилгаан станцын гацааг гаргах
шаардлага байгааг бас хэлж байна. Царигийн маргаанаа шийдэж төмөр замыг барих хэрэгтэй.
Ингэхгүй бол экспортод нөлөөлж бидний орлогыг бууруулж байгаа. Эцсийн үр дүн нь
жирийн аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр бууж байна. Хямрал иргэн Дондогийн хашаа,
гэрийнх нь хаалгаар орчихлоо. Улсаас эхлээд аймаг нийслэл, сум дүүрэг, өрх бүрийн
тооноор хямрал ороод ирчихсэн байна. Бид яах гэж Монголын том төслүүдийг гацааж
байгаа юм бэ гэсэн асуудалд хариулт болгож тус бүрээр нь заалт оруулж байгаа.

-Татварын
хуулиуд яг яаж өөрчлөгдөх вэ. НӨАТ, Гаалийн татварыг хэдэн хувиар бууруулах юм?

-Бүтээн байгуулагч хүмүүс гаднаас тоног төхөөрөмж авч байгаа. Үйлдвэрлэл
нь эхлээгүй, орлого олоогүй байхдаа тоног төхөөрөмжөө оруулж ирдэг учраас татварыг
нь хойшлуулъя гэсэн санал бий. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёр шатлалтай
байгаа юм. Жижиг байгууллага 15 хувь, том аж ахуйн нэгж нь 25 гэж. Адилхан 15 хувь
байвал Монголын компаниуд томорно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл татвараас нь үүдэж
том компаниуд дотроо “зулзагалж”, хуваагдаад байна. Татварын шатлалыг арилгаснаар
компаниуд томрох эхлэл тавигдана. Бас НӨАТ-ыг бүх ард түмний хяналтад оруулна гэж
үзэж байгаа. НӨАТ-ын татварын хоёр хувийг баялаг бүтээгчдэд буцааж өгөх хэрэгтэй.
Ингэснээр бүх хяналт ард түмний гарт очиж сүүдрийн эдийн засаг арилна.

-Тэгвэл
хувийн өмчийг хэрхэн хамгаалах вэ?

-Үндсэн хуульд бүх өмч адил тэгш, хувийн өмч халдашгүй дархан байна
гэж байсан байж бусад хуулиар хувийн өмчийг хамгаалсан эрх зүйн үндэс сул байна.
Хувь компанид захиргааны акт тавих, төрийн албан хаагч халдах, царцаах, булаах тохиолдол
их гардаг болж. Энэ чиглэлийг сайжруулах, тусгайлсан хууль гаргах шаардлагатай юм
байна гэж үзээд ажиллаж байгаа. Эцэст нь аливаа бизнес банкнаас зээл авах шаардлага
гардаг. Банк нь заавал үл хөдлөх хөрөнгө шаардана. Тэгэхээр хөдлөх хөрөнгө, эдийн
бус хөрөнгө хувьцааг барьцаалдаг болгож, хуульчлан батлах саналыг хөтөлбөрт тусгасан.
Ингэсэн тохиолдолд зээлжих зэрэглэл өсч эдийн засаг гэх судсаар гүйж буй цусны эргэлт
түргэснэ. Ийм ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргая гэж ярьж байгаа.

-Тэгвэл
капитал, хүний урсгалыг нээх чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг тусгав?

-Хүний урсгал зочин гийчний урсгалыг нэмэгдүүлнэ гэдэг том зорилт
бий. Бид хаалттай улс шиг хаалга үүдээ улам л түгжээд байх юм. Дэлхий дээр 300 гаруй
улс бий. Гэтэл дөнгөж 17 улсын иргэн Монгол руу визгүй зорчиж байна. Гэтэл Сингапур,
Хонконгт 150-170 орны иргэн визгүй зорчиж байна. Ийм жишиг байхад монголчууд яагаад
дуурайж болохгүй гэж. Тэгэхээр визний горим, дэглэмийг өөрчилж хил дээр шууд виз
дардаг болгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнээс гадна нүүдэлчдийн уламжлалт соёлыг
үзэх гэж ирж байгаа жуулчдын тоо огт өсөхгүй байна. Жилд 10-15 мянган жуул­чин ирэхээс
хэтрэхгүй байна. Үүний гол нөлөө нь агаарын тээвэр визний асуудал байгаа юм. Түүнчлэн
дэлхийн өнцөг булан бүрт байдаг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох
хэрэгтэй.

-Энд
ямар ажлууд хийгдэнэ гэсэн үг вэ. Казино, бооцоот тоглоомын газруудын асуудал яригдаж
байсан?

-Үүнд бооцоот морин уралдаан нэгдүгээрт орно. Манай улсын уламжлалт
уралдаанаас хүн сонирхох юм алга. Баахан хүлээсний эцэст бариа руу хэдэн эцсэн морь
орж байгааг л хардаг ш дээ. Гэтэл хүмүүс гарааны халуун агшин, дээрээс нь бооцоо
тавин дэмжихийг илүүд үздэг. Тэмээний бас сарлагийн бооцоот уралдаан хийвэл үнэхээр
сонирхолтой. Дээрээс нь хүмүүс аялахдаа байнга шоппинг хийдэг дээ. Тэгэхээр Монголын
брэнд бүтээгдэхүүнүүд, дэлхийн брэндүүдийг хямд үнээр авах боломжуудыг бүрдүүлж
татваргүй худалдааны бүстэй болох хэрэгтэй байна. Мөн аялж явахдаа бас азаа үзчихийг
хүсдэг. Тэр нь казино, бооцоот тоглоомын газруудыг нээх. Дэлхийн 156 улсад дөрвөн
мянга гаруй казино байна. Гэтэл Монгол болоод Монголыг тойрсон хоёр мянган км-ийн
радиуст байдаггүй. Энэ бүс нутагт олон зуун сая хүн амьдарч байгааг ашиглах шаардлага
бий. Тэд Монголд ирээд тусгай бүст орж тоглодог болбол жилийн дөрвөн улиралд аялал
жуулчлал тасрахгүй. Нэг жуулчин мянган ам.доллар үлдээнэ гэж тооцвол сая жуулчнаас
миллиард ам.долларыг авна. Эндээс хэн хожих вэ гэвэл ажлын байр олноор бий болж
худалдаа, нийтийн хоол, нийтийн тээвэр хүссэн хүсээгүй хөгжинө. Бид популист улстөрчдийн
яриагаар эх орныхоо хөгжлийг боомилоод байж болохгүй.

Арван хэдэн жилийн өмнөх хэрэг
явдлаас үүдэн хэн нэгэн казиногийн хууль санаачлахаас эмээдэг болчихсон байна. Ийм
санаа дэвшүүлбэл популист улстөрчид нь намнадаг, түүгээр нь дамжуулж нэр хүндээ
өсгөдөг байдлыг халах хэрэгтэй. Улс орны нийтлэг эрх ашиг, бүхэл бүтэн салбарын
асуудал юм гэж байгаад Казиногийн хуулийг гаргаад явах хэрэгтэй. Хууль гарлаа гээд
хүссэн хүн бүхэн ширээ ажиллуулж бусдыг шулах гээд байж болохгүй. Бүс зааж өгөөд
Хөшигийн хөндийд ч юм уу тусгай бүсийг байгуулж татваргүй худалдаа, казиногийн газруудыг
нээж болох юм. Энэ нь иргэдээ нэг талаас нь хамгаалж байгаа хэрэг. Жаахан мөнгө
муутай байгаа хүн тийшээ зүглэхгүй гэсэн үг. Энэ шийдэл хэнд ч гай болохгүй.

-Томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулах ёстой гэж үзсэн.
Тухайлбал, тавдугаар цахилгаан станцын ажил ямар шалтгаанаар зогсчихоод байгаа юм
бол? 

-Тавдугаар цахилгаан станц мөнгөгүй
суучихаад байгаа юм биш. Эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөөгүй учраас зогсонги байдалд
орчихсон. Тиймээс эрчим хүчний үнийг зургадугаар сарын 1-ний дотор чөлөөл гэдэг
шийдвэрийг гаргасан. Алдагдалтай станц ажиллуулахыг хэн ч хүсэхгүй, алдагдалтай
станц барихыг хэн ч хүсэхгүй учраас тэр. Шууд хэлбэл эрчим хүчний үнийг 20 гаруй
жил автоматаар барьж ирсэн учраас энэ
салбарын 50 гаруй компани бүгд алдагдалтай ажилладаг. Дээрээс нь шинээр станц барих
бүх төслийн ТЭЗҮ нь алдагдалтай гардаг. Ингэж л Монгол Улс эрчим хүчний салбарын
хөрөнгө оруулалтыг хаачихаад байгааг нээх хэрэгтэй байна. Тогтоолын төслөөр нээж, үнэ чөлөөлөгдөхөд томоохон цахилгаан станцууд
бүгд ашигтай ажиллаад эхэлнэ.

-Тэгвэл хөтөлбөрт Оюу толгойн асуудал яаж туссан бэ?

-Оюу толгойн хувьд тусгайлан заалт
орж байгаа.  Миний бодлоор энэ парламент Оюу
толгойн асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Эдийн засагт үзүүлэх хувь нэмэр
гэхээсээ илүүтэй олон мянган аж ахуйн үйл ажиллагаанд Оюу толгой нөлөөлж байна.
Тэгэхээр тусгайлан заалт оруулж далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэе, Засгийн
газар төслийг бүхэлд нь дэмжих хэрэгтэй гэсэн санал хураахад гишүүдийн 70 хувь нь
дэмжиж байсан. Үүн дээр үндэслээд талууд итгэлтэй ажиллаж болох юм байна гэсэн дүгнэлт
гарч байгаа.

-Бас төмөр замын царигийн асуудал байна?

-Тогтоолд заасан чухал асуудлын
нэг нь төмөр замын царигийн маргааныг шийдэх. Урд хөрш рүү орох гурван зам нарийн
царигтай байна. Харин хойд хөрш рүү нэвтрэх Монголын нутаг дэвсгэрийг хөндлөн туулах
төмөр зам өргөн байна гэсэн заалттай хууль орж ирсэн. Бид дөрвөн жил маргасны эцэст
гуравхан км зам тавилаа. Гэтэл 1940, 1950 оны үед зургаан жилийн хугацаанд мянга
гаруй км төмөр зам тавьсан байдаг. Гашуун Сухайт-Оюу толгой-Таван толгой, Хөөт-Бичигт,
Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд параллель
нарийн царигийн төмөр замыг тавих санал хэлэлцэгдэж байна. 

-Төсөв танах, төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал туссан.
Энэ бодлогыг ямар тү
вшинд хэрэгжүүлэх юм бэ?

-Улсын төсвийн урсгал зардлыг
бууруулъя гэж байгаа. Орлого тасарч байгаа учраас хэмнэлт хийе гээд тэвчиж болох
зардал хэдэн арван тэрбум төгрөгийг бага орлоготой, ажилгүй иргэдэд ямар нэгэн аргаар
дэмжлэг болгох бодлого орсон. Түүнчлэн хэмнэсэн мөнгийг хөрөнгө оруулалтдаа нэмээд
явж ч болно. Бас олон яам байна, хэтэрхий олон сайд УИХ-аас ажиллаж байна. Олон
агентлагийн чиг үүрэг давхцаж байна гэдэг шүүмжлэл үнэн. Тэгэхээр энэ асуудлыг хаврын
чуулганы хугацаанд шийдэх ёстой. Энэ тогтоолд энэ бүхнийг зааж өгсөн.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх ерөнхий зураг нь гарсан уу?

-Одоохондоо гараагүй байна. Мэдээж
намын бүлгүүд дээр ярьж УИХ  руу оруулна.
Олон талаас нь санал хэлсний дараа УИХ-аар шийднэ. Миний хувийн бодлоор Засгийн
газар бүтцээ өөрчилж илүү цөөхөн багаар үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт
уялдааг нь илүү сайн хангах хэрэгтэй. Гуравдугаарт УИХ-аас сайд хийж байгаа энэ
олон тохиолдлыг хуультай хуульгүй засах хэрэгтэй. Заримыг нь гаднаас томилох хэрэгтэй.
Тухайн салбарын шилдэг менежерийг аль нам байхаас нь үл хамаарч уриад зарим яамыг
толгойлуулуулах нь илүү үр дүнтэй. Засгийн газарт болж бүтэх зүйл байна. Алдаа дутагдал
байна. Алдаагаа засахын тулд цомхотгол хийж, цус сэлбэх хэлбэрээр ажиллах хэрэгтэй
гэдгийг нам дээрээ ярьж байгаа. Ганц нэг хүнийг сугалж асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй.
Тэгэхээр өөрчлөлтийг томоор хийе гэсэн бодлого бий.

-Бас хүнд суртлыг арилгах зорилгоор үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цөөлөх асуудал туссан байсан байх аа?

-Төрийн хүнд суртлыг багасгахын
тулд 900 орчим тусгай зөвшөөрөл байгаагийн 500 орчмыг нь хасах тухай ярьж байна.
Хуулийг зургадугаар сар дуусахаас өмнө оруулж ирж хэлэлцэх ёстой. Дээрээс нь хяналт
шалгалтын дарамт асар их байна. Татварынхан ирээд сар гаруй хугацаанд шалгаж шалгаж
явтал араас нь нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, тэгээд хөндлөнгийн аудит, цагдаа,
АТГ дуудаж шалгана. Тэгэхээр давхацсан шалгалтыг цөөлье гэж байгаа.

-Хөтөлбөрийн хүрээнд хэдэн хууль, тогтоомж гарах юм. Хэдэн
сарын, хэдэнд бүгдийг нь баталж, сайжруулсан байх ёстой вэ?

-Аль болох хурдан хийнэ төдий
чинээ үр ашиг гарна. Тэгэхээр УИХ-ын энэ тогтоолд заасан 15 хуулийг зургадугаар
сарын 1 гэхэд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгон өгч байгаа. Ингээд долдугаар
сард чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж амжихгүй бол хугацааг нь сунган хуралдах
шаардлагатай.

-Эцэст нь асуухад төсвийн тодотгол орж ирлээ. Ямар түвшинд
төсвийг тодотгон хэлэлцэх юм бол?

-Царцаасан объектуудын асуудлыг
шийдэх заалт зөвхөн нэг нь. Сая миний ярьсан урсгал зардлыг танах, төрийн байгууллагуудын
бүтэц чиг үүргийг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж, зохистой болгох, орлогоо
бодитой болгох асуудлууд туссан байгаа. Мөн монгол даяар жижиг дунд үйлдвэрийг дэмжих
сангийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй болгох, хөрөнгө нэмэх асуудал яригдана. Төсвийн
орлого 20 хувиар тасалдчихсан байна.

 Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Хэвлэл мэдээллийг боомилсон төслөө баталлаа

УИХ-ын чуулганаар өчигдөр Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг оройн 17.00 цаг хүртэл хаалттай хэлэлцлээ. Хуралдаанд улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цаг¬даагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцсон юм. Тэд Х.Тэмүүжин сайдтай холбоотой яригдаад байгаа асуудлуудаар гишүү¬дийн асуултад хариулт өг­сөн сурагтай. Нөхцөл бай­дал юу болсон, хууль цаг­даа хүчний байгууллагад хий­сэн Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийн тухай хуралд оролцсон дарга нар тодорхой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлжээ. Салбарын сай­¬дынхаа гаргасан алдаа дутагд¬лыг багагүй шүүмжилж, түүнийг нь Х.Тэмүүжин сайд үгүйсгэж нэлээд ширүүн хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Тэгэхэд нь цагдаа хүчнийхнийг УИХ-ын чуулганд суулгадаг нь ямар учиртай юм гэх ги¬шүүд ч байжээ. Чуул­ганд суу­сан гишүүдийн 40 гаруй нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуусан учраас хурлын явц сунжирчээ.  

УИХ-ын зарим гишүүд “Х.Тэ¬мүүжин сайдтай холбоотой асуудлыг улсын нууц гэж үзсэн учраас УИХ-аар хаалттай хэ-лэл­цээд байна. Гэтэл энэ нууц гээд байгаа зүйлүүд чинь “Ноцтой мэдээ” сонин дээр гарсан юм биш үү. Нууц гээд байгаа юм нь яагаад хэв­лэлд гарчихсан юм бэ” гэж цаг­даа, прокурор, тагнуулын бай­гуул¬ла¬гын удирдлагуудаас асуусан гэх яриа байна. УИХ-ын ги¬шүүн Р.Гончигдорж ч “УИХ-ын чуу묬ганыг энэ асуудлаар хаалт­¬тай хуралдуулах ямар ч шалтгаангүй байж. Нууцын тамга дарсан материалд нь улсын нууц, гүйцэтгэх ажлын нууцтай хамаарах нэг ч зүйл байсангүй. Харин эсрэгээрээ УИХ ийм асуудлаар хууль хүч­ний байгууллагуудыг авч ирээд өөрсдөө хэрэг мөрдөлт явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. 

АН-ын бүлгийнхэн завсар¬лага авсан хугацаандаа ги¬шүү¬дээ нэгтгэж, Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй гэдэг дээр байр суурь нэг болгоцгоогоод чуулгандаа орж ирсэн тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч өчигдрийн тухайд АН-ын хэд хэдэн гишүүн Х.Тэмүүжин сайдыг шүүмжилж, огцруулагсдын талд байсан сурагтай. Зарим гишүүд элдэв хүүхэн шуухантай холбогдож, төрийн нэр хүндэд сэв суулгах алдаа хийлээ гэх мэтийн үгийг Х.Тэмүүжин сайдад хэлсэн сураг байна. Мэдээж Ардын намынхан Х.Тэмүүжин сайдыг хүчтэй шүүмжилсэн. Ялангуяа цагдаагийн байгууллагын до¬тоод ажил руу хэт хутгалдлаа  гэж буруутгах гишүүн олон байсан гэнэ. Түүнчлэн Монгол 1937 оных шиг айдас хүйдэстэй болж байна гэдгийг гишүүд хэлжээ.  

Ямартай ч 40-өөд гишүүн асуулт асууж дууссаны дараа мөн л тэр тооны гишүүд санал хэлэхээр нэрээ өгчээ. Нэгэнт хурал хаалттай горимоор явж байгаа учраас тэдний үг хэлэх эрхэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр бүгдийнх нь саналыг сонсъё гэдгээ УИХ-ын дарга хэлсэн байна. Гэвч энэ үед нь Ардын намынхан тав хоногийн завсарлага авчээ. Учир нь О.Баасанхүү гишүүн МАН-ын бүлгийн дарга дээр гүйж очиж ярилцсаны дараа Ардын намынхан завсарлага авсан байна.   Үүнд нь Шударга ёс эвслийнхэн дургүйцэж “өөрийнхөө биш МАН-ын бүл­гээр завсарлага авахуулдаг нь ямар учиртай юм” хэмээн шүүмжилж байгаа гэнэ. Өчигд¬рийн чуулганд оролцсон цаг­даа, прокурор, тагнуулын бай­гууллагын удирдлагуудын зүгээс Х.Тэмүүжин сайдтай холбоотой ноцтой асуудлыг дэлгэсэн гэх сураг байна.  Үүнийг нь Тусгай хяналтын дэд хороогоор нягталж, шал­гуулах шаардлага байна гэж үзээд МАН завсарлага авлаа гэдэг яриа байсан. Гэвч энэ нь худлаа, тодруулах зүйл байсан учраас завсарлага авсан гэлцэж байна.Ямар­тай ч энэ өдөр чуулганд 68 ги¬шүүн суус¬наас Ардын намаас Су.Бат¬¬болд, Ё.Отгонбаяр нар ирээ¬гүй гэнэ. Бие даагч гурав, С.Дэмбэрэл гишүүн чуу묬¬ганд ороогүй сурагтай.  Ардчилсан намаас С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын гишүүд гадаадад томилолттой яваа гэнэ. Ингээд Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудалд цөөнх завсарлага авсан тул чуулганы хуралдааныг нээж,  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэм­жээ¬ний тухай тогтоолын төс­лийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

С.БАЯРЦОГТ ГИШҮҮН АРДЫН НАМЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛАХЫГ ХҮСЭВ 

Энэ  хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригт байнгын хорооны дүгнэлтийг эхэнд нь танилцуулав. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахаар болсон юм. Энд Ц.Оюунбаатар гишүүний оруулж ирсэн “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно” гэсэн санал явж байв.  Ингээд санал хураах гэхэд нь гишүүд асуулт асуухаар болов. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах арга хэрэгслүүд цөөхөн. Ердөө мөнгө, төсөв, валют, эдийн засгийн гадаад бодлогын хүрээнд хямралыг давж туулах тухай ярих ёстой. Гэтэл бидний гаргах гэж байгаа хөтөлбөрт мөрөөдлийн зүйлүүд л байна. Энэ хөтөлбөр гарсны дараа эдийн засгийн ямар бодлого арга хэрэгслүүдээр яаж хэрэгжүүлэх вэ. Төсвөөс гадуур явж хөрөнгө оруулалт, татварын бодлогыг яах вэ гэдгээ тодорхой болгохгүй бол энэ чинь цаас болоод үлдэнэ шүү.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлогыг баталсан. Тийм учраас мөнгөтэй холбоотой асуудлуудыг эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд давхар оруулах нь илүүц гэж үзсэн юм. Төсөв, татварын бодлогын хүрээнд эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авах ёстой. Төсвийн хөрөнгөөр онцын шаардлагагүй зүйлүүдийг хийхгүй. Жишээ нь Ц.Оюунбаатар гишүүний санал болгосон зардлуудыг танана. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн татварын зарим хуулиудад өөрчлөлт оруулах нь зөв гэж үзсэн.  

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиа мөрдөж ажилламаар байна. Өнөөдөр Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор саналаа хураамаар байна. Энэ төслийг бид хоёр өдөр хангалттай ярьсан учраас одоо телевиз харчихаад  асуулт асууна гэхээ болиод шууд саналаа хураая. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Харин ч би телевизийн камер харж ярьдаггүй шүү. Та өөрөө л тийм байж магадгүй. Би эрхийнхээ дагуу ярьж байна. Далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ гэж энд заасан байна. Гэтэл татвараа төлөөд шударгаар яваад ирсэн аж ахуйн нэгжүүд, дампуурсан компаниудад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг орхигдуулсан байна. Бусад улсын чөлөөт бүс, татваргүй худалдааны үйлчилгээг Монголын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлнэ гэж байна. Бусад улсын казинотой хамтарч ажиллана гэсэн үг юм уу.  Энэ ямар учиртай юм. 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Эдийн засгийн ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын бааз суурийг тэлэх чиглэлээр өршөөлийн хуулийн төсөл өргөн мэдүүлэх санал дэмжигдсэн. Засгийн газар энэ хууль дээр ажиллаж байна. Манай улсыг зорьж ирж байгаа жуулчид цөөн байна.  Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор визний дэглэмээ эргэж харъя гэдэг зүйлүүд яригдаж байна.  Казино болон аялал жуулчлалын өөр олон хэлбэрүүд дэлхийн улс орнуудад бий. Гэвч манайд  ийм зүйлүүд алга. Хэрэв энэ бүхнийг бүрдүүлбэл жуулчдыг нааш нь татаж чадна гэж үзэж байгаа. Арваад жилийн өмнө энэ асуудлыг яриад муу жишиг гэж үзээд орхисон байдаг. Тэгвэл одоо үүнийг аялал жуулчлалын сайн жишиг болгож ажиллах боломж байна гэж үзэж байгаа. Зургаан сарын дотор Ц.Оюунгэрэл сайд холбогдох хуулийг нь оруулж ирэх байх. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Оюу толгой төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдэг чинь хоёр давхар чөдөртэй болчихоод байна.  Юм хэлээд ч нэмэргүй болчихоод байна даа. Протоколд нь үлддэг юм уу даа л гэж бодож хэлэх юм.  Зориуд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаад баялгийг нь цөлмөж авах ажлуудыг хийгээд байгаа юм уу даа. Хэлэх ч үг олдохгүй юм. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Чингэс бонд, Самурай бондыг төсвөөс гадуур хяналтгүй зарцуулах ажлаа үргэлжлүүлэх заалт орж ирээд байна. Энэ чинь Цэц дээр очно шүү. Хуулиа өөрчилчихөөд ийм заалт оруулж болно. Их хурлын дарга үүнийг онцгой анхаарах ёстой. Хууль зөрчсөн шийдвэрийг УИХ гаргаж болохгүй. Хэрэв тэгвэл бусдаас хууль нэхэх эрхгүй болно шүү.  

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:  “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно гэдэг санал орж ирсэн байна.  Хаалтын гэрээ гэдэг нь юу юм бэ. Ийм албан ёсны хэллэг байдаг юм уу. Хуулийн ийм хэллэг байдаг юм уу. Хаалтын гэрээ гэдэг нь хэвлэл мэдээлэлд ямар хамааралтай юм бэ. 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Энэ санал бол байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Төсвийн хөрөнгөөр элдвийн сурталчилгаа “хаалтын гэрээ” хийхийг хориглоно  гэдэг Ц.Оюунбаатар гишүүний саналыг чуулганы хуралдаанаар босгож ирсэн. Гэхдээ ярьж байгаа хаалтын гэрээ гэдгийг нь бид  хашилтанд оруулж өгсөн. Хаалтын гэрээ гэдэг үг амьдрал дээр хэрэглэгддэг тухай Ц.Оюунбаатар гишүүн хэлдэг юм аа. Энэ тухай Ц.Оюунбаатар гишүүн өөрөө тайлбарлах хэрэгтэй” гэсэн Ц.Оюунбаатар гишүүн юу ч хэлсэнгүй. Дараа нь:

УИХ-ын гишүүн С.Баярцогт: АН, МАН-ын дарга нар хэлэлцээрээ эхлүүлээчээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. Одоогийн  Засгийн газарт Ардын намаас бусад нь хамтарч байна. Тэгвэл одоо Ардын намынхныг энэ Засгийн газарт урих хэрэгтэй. Ардын нам 45 гишүүнтэй дангаараа Засгийн газар байгуулах боломжтой байхдаа  Ерөнхий сайд  асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулсан. Ийм учраас тухайн үед хүндрэлүүдийг давж чадсан байдаг. Одоо бид ийм арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хямрал руу орно. Эдийн засгийг идэвхжүүлэх төслийг олонхи цөөнхөөрөө баталдаг юм аа гэхэд үүний араас орж ирэх хуулиудад дэмжлэг хэрэгтэй болно. Тэр болгоныг батлаад ажлаа шуурхайлах боломж байна уу.  Үнэндээ хаврын чуулганаас хойш хэлэлцсэн асуудлуудаа харахад надад үнэхээр гунигтай байна. Дандаа сандал суудлын асуудал ярилаа. Ерөөсөө ажил ярьсангүй шүү дээ. Тиймээс одоо  үндэсний эв нэгдлийн Засгийн газар бидэнд хэрэгтэй байна. АН, МАН-ын дарга нар ийм яриа хэлэлцээ хийгээчээ. Үүнийг ажил хэрэг болгооч. 

УИХ-ын гишүүн М.Энхболд: Бид хоёр, гурван долоо хоног энэ идэвхжүүлэх төслийг ярилаа. Гэвч УИХ сөрөг хүчний гаргасан саналуудыг дэмжсэнгүй. Учир шалтгаанаа тайлаагүй энэ асуудлуудыг 100 хоногт багтааж хэрэгжүүлнэ гэж байх уу. Ийм ор төдий зүйлээр санал хурааж болж байгаа юм уу. МАН-ын бүлэг бүх зүйл дээр завсарлага авдаг гэдэг нэртэй боловч эдийн засгийн асуудал дээр анхаарал тавья гэж яриад саналаа хэлсэн. Гэвч ойшоосонгүй” гэв. 

Үүний дараа  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж бүгдийг нь дэмжив. “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно гэсэн санал ч дэмжигдсэнээр Эдийн засгийн  идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Наран мандах зүгт эх орны хил тайван байна (цуврал)

Жагсаалын талбайд хал цэргүүд бэлтгэл хийж байв. Халагдах
өдрийнхөө жагсаалд жигдэрч байгаа нь энэ. Цэргүүд Штабын дарга В.Хундгаагийн ту­шаа­лаар
отрядын хашаа­наас гүй­сээр гарч бял­даржуулалтын тал­байг зорилоо. Харин жагсаалын
талбайд ганц цэрэг үлдэв. Буу манаж үлдсэн нь тэр. Газар тавьсан буунуудын голоор
алхсанаа хашаан дотор хүн явж байгааг шалгасан бололтой гэнэт зогсч ийш тийшээ харав.
Хашаанд хүн үзэгдсэнгүй. Өнөөх цэрэг хажууханд нь байрлуулсан жагсаалын заавар самбар
руу харж, өөртэйгээ ярьж алхаж гарав. Хоёр алхаад март­чихсан уу, алдсан уу нөгөө
самбарынхаа өмнө очиж харж байгаад дахин үргэлжлүүлэх юм. Бусад нөхдөө эзгүй хойгуур
нууцхан бэлтгэл хийж байгаа нь тэр.

Удсан ч үгүй  тэнгэр
хангай муудаж шороогоор шуурч гарав. Өнөөх цэрэг ч даргын тушаалаар буугаа хурааж
ангийн байр руу гүйж харагдав. Отрядын хашааны эргэн тойрон дахь сумын төвийн айлууд
шороон шуургатай зэрэгцэн хэцэн дээр тохсон угаасан хувцсаа оруулж байв. Онгон сумын
захиргаа хилийн цэргийнхэнтэй энэ жилээс хамтарч ажиллах болжээ. Салхи шуурга, зуд
турхан гээд зайлшгүй тохиолдолд хүн хүч, техник гээд хэнд юу хэрэгтэй байна түүгээрээ
хамтран ажилладаг тухай Сумын Засаг даргын орлогч Үнэнбор ярив.

Гадаа шороогоор шуурч шөнөдөө цас орж магадгүй гээд Ламтын
заставын харуулын байрыг зорихоор боллоо. Шөнийн 01 цагийн орчимд салхины урсгал
ширүүсч, цас хаялж эхлэв. Харуулын байр хилийн 999 дүгээр баганын дэргэд байдаг
юм байна. Замдаа ламтын заставаар дайрч хилчид мэдээлэл солилцоод шөнөдөө харуулын
байр хүрч хонов. Нөхцөл байдалтай нь танилцахаар хотоос хаа нэг дарга нар нь л очихоос
өөр хүний бараа харагдахгүй энэ газар хоёр давхар дүнзэн байшин сүндэрлэжээ. Нэг
давхарт харуулын цэргүүд зурагт үзэж, хоол ундаа хийж иддэг байна. Гал тогооны шүүгээнд
талх, будаа, гурил гэсэн бичигтэй савнууд байх бөгөөд аяга, тавга нь дандаа төмөр
аж. Харин хоёр давхарт цэргүүдийн унтаж амрах өрөө байна. Дандаа эрчүүд амьдардаг
гэхэд их цэвэрхэн, цай хоол идчихээд тэр дор нь ээлжээр угаачихдаг гэнэ. Ингээд
өглөө хилийн 999 дүгээр багана дээр очихоор болов. Шөнөжин салхи балбаж хонолоо.
Өглөө 09 цаг хүртэл нар гарахыг хүлээсэн боловч тэнгэр бүрхсэн үүлний цаанаас гарч
ирсэнгүй. Өнөөдөр тэнгэр бүүдгэр өнжих бололтой. Харуулын байрнаас 800 орчим метр
яваад өндөр толгод дээр байрлах 999 дүгээр баганад туллаа. Хилчид азын тоотой гэж
999 баганыг ихэд хүндэтгэдэг юм байна. Бүгд л малгайгаа авч, ёсолно. Оростой хиллэсэн
заагт хоёр орны хилийн багана тус тусдаа байдаг бол урд хөрш, монгол хоёрын дунд
нэг л багана босгожээ. Ердөө арав алхаад Хятадын хилийн тор харагдана. Тороо дагаад
хилийн зурвас татчихаж. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошуутай хиллэдэг
гэнэ. Айлуудын бараа харагдах бөгөөд 20 гаруй үхэр идээшилж үзэгдэв. Хятадын тал
хилээ шалгахдаа тор дагаад машинаар хилчдээ буулгачихдаг гэнэ. Хооронд нь таван
км зайтай буулгадаг аж. Төд удалгүй буцаж ирээд хилчдээ аваад явдаг гэсэн. Бодвол
хилээ шалгаж байгаа юм байлгүй гэж харуулын цэрэг ярьсан. Энэ толгодоос Шилийн Богд,
Алтан Овооны бараа харагдах бөгөөд эргэн тойронд нь галт уулын тогоо хэлбэр бүхий
тогтоцтой хайрханууд их харагдсан. Харин Шилийн Богд орчмоос Эрдэнэцагаан сумын
газар нутаг эхэлдэг юм байна. Эрдэнэцагаан сумын нутагт хоорондоо 30-60 км-ийн зайтай
Жаргалант, Шовдол булаг, Холбоо Залаа, Бичигтийн гээд  застав олон байна. Харин отряд нь сумын төвд байрладаг
аж. Ер нь хилийн цэргийн амьдрах орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгаа нь илт.
Застав болгонд алба хаагч нарын амьдрах байрнаас гадна соёлын төв, зочид буудлын
байртай. Жаргалантын заставын дарга хот руу мэргэжил дээшлүүлэхээр сургалтад явжээ.
Эзгүй үед нь штабын дарга Тэмүүжин ангиа удирдаж байгаа юм байна. Заставын хүүхнүүдийн
ахлах нь Ж.Баярмаа. Энэ заставд харин ганцхан хүүхэд харагдсан. Уг заставын хүүхнүүд
хэд хоногийн өмнөөс үнээ сааж тараг бүрээд эхэлжээ. Шовдол булгийн заставт хүрэх
үед нар дулаан элчээрээ ээн хөдөөгийн амар амгалан ноёлов.

Тус заставаас хөдлөөд хоёр, гуравхан км давхиад уулын хяр
дээгүүр гурван буга даваад орж байхыг харав. Гэтэл Эрдэнэцагааны отрядын орлогч
Б.Батсайхан, Соёлын төвийн дарга Эрдэнэцогт нар “Манай нутаг олон ан амьтан бий.
Бичигтийн заставын урд хөндийд үүнээс олон буга харах болно” гэв. Ингэж явсаар
“Холбоо Залаа”-гийн заставд хүрлээ. Заставынхан хээрийн сургуулилт хийж байгаатай
таарав. Онц ноцтой байдал зарласан үед хэрхэн ажиллах сургалт гэнэ. Заставын даргын
тушаалаар цэргүүд машиндаа үсэрч суух, үсэрч буух зэрэг бэлтгэл хийв. Мөн нохойтой
эрэл хайгуулын сургалт  хийлээ. Ямар ч үед
бэлэн байх ёстой учраас хэрэгтэй гэсэн бүх зүйлийг аранзандаа хийжээ. Тушаал авсан
үед цэргийн хүн яаж ажиллах ёстойг байнга цэргүүдэд бэлтгэлээр үзүүлдэг гэнэ. Харин
хүүхнүүд арын ажлыг дааж үлдэх бөгөөд холбоо, жижүүр гээд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо
сайн мэдэх юм. Ямартай ч сургуулилт дуусч хоол ундаа бэлдэхээр болов. Ахлах тогооч
гурван литр сүүнд нэг кг элсэн чихэр хийгээд зөөлөн галаар буцалгаж хэрхэн молоко
хийхийг зааж өгөв. Ингээд харуулын цэргүүд Бичигтийн заставт хүрэх зам заагаад ээлжийн
манаандаа үлдэв. Шинэ цэргүүд анх манаанд гараад “хурдан цаг болоосой , хоёр цаг
юу хийнэ” гэж боддог байж. Дараа нь туршлага суугаад ирэхээрээ нэг мэдэхэд цаг нь
өнгөрчихсөн байдаг гэнэ. Зарим цэргүүд заставын байрыг яг арван удаа тойроход манаа
солигдож таардаг гэж хөөрөлдсөн. Тус заставын бараа алсарч Бичигтийн заставын хариуцдаг
нутаг руу орж ирлээ. Бараг хилийн тор давах шахаад унтарсан бололтой түймэрт автсан
тал угтав. Хэдхэн хоногийн өмнө Шовдол булгийн заставын ойрхон байрлах Баянцогтын
нүүрсний уурхайгаас гал алдаж түймэр дэгджээ. Аймаг, сум, хил, онцгойгийн албан
хаагчид, орон нутгийн иргэд бүгд л уг түймрийг унтраахаар хоёр хоног ажиллажээ.
Хэдий галыг зогсоосон боловч Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн нэлээдгүй хувь
нь түймэрт автсан гэх яриа байна. Гуу жалга, уулын ар өвөр бэл гээд хар үнсэн товрого
болсон харагдана. Хилийн ойрхон хаваржиж байсан малчид бүгд нүүжээ. Шатсан газрын
хөрс битгий хэл харлаж хатсан бутанд хүрэхэд л гар хар нүүрсэнд хүрсэн юм шиг болж
байв.  Ингэж шатсан газраас амьтай бүхэн үргээ
байлгүй гэж бодогдоно. Гэтэл тэр хавьдаа арай хад асгатай гэмээр уулын бэлээр таван
буга ороогоод гараад ирлээ. Удсан ч үгүй 50 орчим буга гарч ирэв. Эвэр нь унасан
болохоор холоос буга, согоо нь ялгагдахгүй юм. Ямартай ч тав зургаан янзага үзэгдсэн.
Сүргийн манлайд явсан буга уулын хяраар гэлдэрсээр оройд хүрэн ийш тийш сортолзоно.  Хилчдийн ярьсанаар бол энд 100 гаруй буга байдаг
гэнэ. Урьд цагт Егүзэр хутагт хоёр буга авчирч тэжээж нутагшуулсан нь өдгөө ийн
зэрлэгшжээ. Хилчид манаанд явж, хилээ эргэхдээ бугын сүргээ дурандаж тоог нь гаргадаг
гэнэ. Энэ нутагт бугаас гадна гөрөөс, зээр нутагладаг байна. Бугын сүрэг нар жаргахыг
харж байгаа аятай хэсэг зогсч байгаад уулын хяр даваад цааш цувран одов. 

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Н.Алхаа: Монголын төр биш хуулийн байгууллагын хэдхэн хүн намайг үндэслэлгүйгээр албадан гаргах гэж байна


Монгол Улсад 22 жил амьдарсан өмнөд монгол иргэнд энэ сарын
15-ны дотор Хятад  руу буцахгүй бол албадан
гаргана гэсэн утга бүхий бичгийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар
(ГИХАЭГ)-аас өгчээ. Ийм албан бичиг хүлээж авсан Н.Алхаа Монгол Улсын Ерөнхийлөгч,
Хууль зүйн сайд болон Хүний эрхийн үндэсний комисс, АТГ-т хандаад байгаа аж. Түүнтэй
ярилцлаа.

 -Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Норовцэрэнгийн Алхаа гэдэг. Би Өвөр Монголын Шилийн
гол аймгаас ирсэн. Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумын залгаа хилийн цаана төрсөн
монгол хүн. Дунд сургуулиа төгсөөд Шилийн гол аймагт нэг жил хонь хариулаад Хөх
хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн. Улмаар 1992 онд МУИС-д сурахаар ирснээсээ
хойш Монголд амьдарч байна. Оюутан байхдаа Э.Ундармаа гэдэг монгол бүсгүйтэй танилцаж,
1994 онд гэр бүл болж дараа жил нь охинтой болсон. Монголд ирснээсээ хойш үнэхээр
амгалан тайван сайхан амьдарч байлаа. Хань маань дөрвөн жилийн өмнө хорт хавдраар
нас барсан. Ганц охиныхоо сайхан амьдралын төлөө л зүтгэж яваа жирийн нэгэн эцэг
хүн.

-Монголд амьдрах хугацаандаа ямар ажил хийж байсан бэ?

-Мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Тэглээ гээд зүгээр
суугаагүй. Соёл эрдэм дээд сургуульд дөрөв, таван жил ажиллалаа. Би орос, хятад
хэлтэй. Тиймээс гэрээгээр орчуулга хийнэ. Бас Дарханд хадмуудтайгаа комиссын бараа
зардаг дэлгүүр ажиллуулдаг. Хадмууд маань 
хүү шигээ л надад ханддаг. Тэдэнтэйгээ нийлээд амьдралын төлөө зүтгэж л явна.

-Танд бичиг баримтын зөрчил бий юү?

-МУИС-д сурч байхдаа оюутны визтэй байсан. Монгол бүсгүйтэй
гэрлэж гэрлэлтээ батлуулаад 1998 онд Монголд амьдрах цагаачийн үнэмлэх авсан. Одоогийнхоор
бол ногоон паспорт гэсэн үг л дээ. Ногоон паспортны хугацаа өнгөрсөн гуравдугаар
сарын 1-нд дууссан. Гэхдээ дуусахаас нь сарын өмнө сунгуулахаар ГИХАЭГ-т аваачиж
өгсөн. Тэгэхэд “Судална” гэдэг хариу өгсөн. Байцаагч нь хүсэлт хүлээж авсан өдрөөр
тооцно гэсэн учраас паспортны хугацаа дууссан гэх шалтгаанаар намайг албадан гаргана
гэж бодохгүй байна. Өмнө нь намайг жил судалж байж паспортны хугацаа сунгасан тохиолдол
бий. Гэхдээ энэ удаад ногоон паспортыг маань миний нүүрэн дээр хүчингүй болгочихсон.

-Тэгэхээр та одоо Монголд амьдрах бичиг баримтгүй гэсэн үг
үү?

-Уржигдраас албан ёсны бичиг баримтгүй болсон. Гадаад паспорт
дээр гарах тамга дараад өгчихсөн. Би Монгол Улсын иргэн болох гэж олон удаа хүсэлт
гаргасан ч амьжиргааны доод түвшнийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой
байх ёстой гэх татварын шаардлагыг давж чадахгүй байсан. Өнгөрсөн жил хэрэгт холбогдоод
үнэндээ энэ асуудлаар хөөцөлдөж чадаагүй. Өвөр монгол хүн Монголд баян тансаг амьдрал
хайж ирдэггүй. Зүгээр л Монголдоо тайван амьдрах чин хүсэлтэй.

-Бичиг баримтаа хугацаанд нь сунгуулж байсан бол таныг ямар
үндэслэлээр албадан гаргах гэж байгаа юм бол. Та ямар гэмт хэрэгт холбогдсон юм
бэ?

-ГИХАЭГ-аас тагнуул, цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу
энэ сарын 15-ны дотор Монгол Улсаас гаргах шийдвэр гаргалаа гэсэн утга бүхий бичиг
өгсөн. Би гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авч байгаагүй. Харин өнгөрсөн жил хуулийнхан
намайг хүчээр хэрэгт холбогдуулсан. Би хэрэг хийгээгүй гэдгээ хэлсэн, прокурор ч
намайг буруугүйг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед “Яагаад намайг хэрэгт
холбогдуулав” гэж асуугаагүй. Надад тайлбарлахгүй нь ч тодорхой. Ингээд л тэр явдал
дууссан гэж бодож байлаа.

-Ямар хэрэгт холбогдуулан хэзээ шалгасан юм бэ?

-2013 оны нэгдүгээр сарын 17-нд дөрвөн хүн гэрт түрэмгийлэн
орж ирээд намайг баривчилсан юм. Улмаар Нийслэлийн цагдаагийн газарт аваачаад миний
хийх нь байтугай сонсч ч байгаагүй хулгай, дээрмийн захиалагч гэдэг хэрэг тулган
байцаасан. Уг хэргийн тухайд сонсоход, 2005 оны үед хэдэн хүмүүс дээрмийн хэрэг
үйлдээд ял сонссон юм билээ. Тэр хэрэгт ял эдлээд гарсан Авирмэд гэдэг хүн нас барсан
юм байна. Тэгтэл бусад холбогдогчид нь “Авирмэд ах дээрэм хийж байхдаа Алхаа гэдэг
хүнтэй утсаар ярьсан” гэж мэдүүлсэн байна. Ингээд намайг нас барсан хүнтэй холбогдуулан
2013 онд шалгаж эхэлсэн. Би тэр хүнийг танихгүй, хулгай дээрмийн тухай мэдэх ч үгүй
гэдгээ хэлсэн. Тэр үед намайг “Ганц худаг”-т гурав хоног хорьж, дараа нь Нийслэлийн
цагдаагийн газрын шатны доор гавтай хонуулсан. Цагдаагийнхан тэр үед намайг “ална“,
“алуулна” гэх мэтээр заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж, зоддог
байлаа. Ингэж дөрөв хоног эрүү шүүсний дараа Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн
гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Ж.Батбаяр таван
сая төгрөг барьцаалж намайг батлан даалтад гаргасан. Энэ мөнгөө би өнөөдрийг хүртэл
авч чадаагүй. Нэхээ ч үгүй. Гэтэл одоо тэд нарын хүсэлтээр намайг Монголоос хөөж
байх шиг байна.

-Тэд нар гэж та ямар хүмүүсийг хэлээд байна вэ. Тэр хүмүүст
таныг Монголоос хөөх ямар шалтгаан байна гэж?

-Батлан даалтад гаргасны дараа дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч
Чинбат нар арван сарын турш өглөө 8.00 цагаас 17.00 цаг хүртэл Мөрдөн байцаах газарт
байлгаж, ажил төрөл хийх ямар ч боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, ажил ч хийлгэхгүй
сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтад оруулсан хэрэг.

Намайг шалгагдаж байхад Ж.Батбаяр, Чинбат нартай нэг хэлтэст
ажиллаж байсан Бэхбат өдгөө ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байгаа.
Тэгэхээр тэд нарын л хийж байгаа ажил гэж хардаж байна. Тийм ч учраас ямар хүмүүсийн
ажил болохыг тогтоож өгөөч гэж АТГ-т хандсан.

 -Батлан даалтын барьцаанд
авсан мөнгийг танд буцааж өгөх ёстой биз дээ. Танд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон
бол та яагаад мөнгөө аваагүй юм бэ?

-Дэслэгч Чинбат “Тэр мөнгийг хэрэглэсэн. Прокурорт битгий
юм яриарай. Буцааж өгнө” гэж хэлсэн. Жил шахам ажил амьдралгүй юм шиг хуулийн байгууллагын
үүд сахиж байгаа хүн “Барьцааны мөнгийг зээлсэн юм чинь надтай аятайхан харьцах
байх” л гэж боддог юм билээ. Тийм ч болохоор нэхэж сүйд болоогүй. Прокурорт “Би
мөнгөө авчихсан” гэж хэлээд л орхисон. Тэгээд ч прокуророос миний хэргийг хэрэгсэхгүй
болгочихсон шүү дээ.

Би Монголд 22 жил ямар ч асуудал гаргалгүй, өөрийгөө мартах
шахам тайван амьдарч байлаа. Гэтэл яагаад намайг албадан гаргах болов. Үүнд хуулийнхныг
л хардаж байна. Гэхдээ Монголын цагдаа нар таван сая төгрөгөөс болж намайг Монголоос
хөөж, туухдаа хүрээгүй байлгүй дээ. Батзангаа гэдэг хүнийг Өвөр Монголд хувийн сургууль
байгуулсан гэх үндэслэлээр тэндхийн цагдаа нар шалгасан. Улмаар эндхийн цагдаа нар
түүнийг НҮБ-ын байрны үүднээс бариад явуулсан шүү дээ. Энэ бол хуулийнхны л тохироо
болов уу.

-Хэрэгсэхгүй болсон хэргээс улбаалж албадан гаргах үндэслэл
бий болов уу?

-Манай өмгөөлөгч тийм үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тиймээс
өчигдөр “Энэ асуудлаа нягталж үзээч” гэж ГИХАЭГ-т өргөдөл өгсөн. Миний материалыг
хурлаар оруулж, албан ёсоор хариу өгнө л гэсэн.

-Та Өвөр Монголд хэрэгт холбогдож байсан юм биш биз?

-Би 23-хан настайдаа Монголд орж ирсэн. Тэнд хэрэгт холбогдох
битгий хэл хүнтэй ч маргаж байгаагүй. Монголд байх хугацаандаа аав ээждээ золгох
гэж хэдхэн удаа Өвөрмонголд очиж байсан. 1999 оноос хойш Монгол Улсаас гараагүй.
Сүүлийн 16 жил хардалт сэрдэлтээс болж аавдаа золгож чадаагүй. Тэгэхээр нэг юм байх
шиг байна. Гэрийнхэн маань тэндээ шалгагдсан ч айгаад надад хэлэхгүй. Магадгүй тэнд
зохиомол хэрэг үүсгэчихээд намайг хүлээж байгаа байх.

-Зохиомол хэрэг гэдэг нь юу гэсэн үг вэ. Ер нь та хардаад
байгаа хүмүүстэйгээ хувийн өс хонзон байхгүй биз дээ?

-Байхгүй. Тэр хэрэгт жил шахам шалгагдаад холбогдолгүй нь
тогтоогдоод л холбоо тасарсан. 1990-ээд оны эхээр Өвөр Монголоос ирсэн хүмүүсээс
гарын таван хуруунд багтахаар цөөхөн нь энд үлдсэн. Ер нь хоёр улсын хооронд найз
нөхөд болсон хурандаа нар олон бий. Ийм танилын хүрээнд тохиролцоо хийсэн байхыг
үгүйсгэхгүй.

Би Монголд ирсэн олон өвөр монгол хүнийг таньдаг. Тэр утгаараа
намайг тэнд аваачвал олон өвөр монгол хүнийг шалгаж, түүнд холбогдуулж надаас мэдүүлэг
авч болно гэж тооцоолсон байх.

-Цахим мэдээллийн хуудсаар та Монголоос гаргавал өөрийгөө
шатаана гэх мэтээр бичсэн байсан. Тийм зүйл болохгүй биз дээ?

-Ерөнхийлөгчид бичсэн захидлаа facebook хуудаст тавьсныг зуу
гаруй мянган хүн уншсан байсан. Би Монголын төр засагт гомдоогүй. Харин хуулийн
байгууллагын, хуулиар дархлагдсан хэдхэн хүний гарт өртчихлөө. Үүнийг маань зохих
хүмүүс зөвөөр ойлгож, надад туслаасай л гэж хүсч байна. Мэдээж өөрийгөө шатааж Монголынхоо
нэр хүндийг унагах зүйл хийхгүй. Аргаа барсан хүний л хэлсэн үг. Өвөр монгол хүмүүс
улс төр яриад, энд тэнд дарга болъё гэсэн бодолгүй. Зүгээр л нутагтаа хүн шиг амьдрах
чин хүсэлтэй. Өөрийнхөө эрхийн төлөө ханиахад л улстөржүүлж хэрэг тулгадаг. Тэнд
чадалтай, чадалгүй хэн ч бай хуулийнхан хүссэн л бол хэрэгт оруулдаг. Намайг Өвөр
Монголд очиход хадаг бариад тосохгүй нь тодорхой. Тэнд намайг шорон хүлээнэ. Шоронд
ороход зөвхөн намайг тамлахгүй гэр бүлийхний маань хотыг харлуулна. Хэрвээ намайг
судалж үзээд Монгол Улсын иргэншил олгочихвол мал маллаад л сайхан амьдармаар байна.

Монголчууд элэг нэгтнээ ямар ч шалтгаангүйгээр албадан гаргахгүй
байх. Ингэж итгэж байгаа учраас Ерөнхийлөгчөөс эхлээд хүний эрхийн байгууллагуудад
хандсан юм.

 

Б.Цэцэгдэлгэр

 

Categories
мэдээ цаг-үе

Орж ирсэн автомашинд 72 цагийн дотор номер авахгүй бол торгууль төлж байна

-Номер зүүсэн машины үнэ 1-3 сая төгрөгөөр навс унадаг болохоор
ченжүүд төрийн энэ дарамтыг шүдээ зуун тэвчихээс өөр аргагүй байдаг гэв-  


“Импортоор орж ирсэн автомашиныг хоёр сарын дотор зараагүй
тохиолдолд холбогдох байгууллагаас татвар хурааж торгууль ногдуулж байна” гэж ченжүүд
үнэхээр гомдоллох боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед автомашины борлуулалт
эрс буурчээ. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр бизнес эрхлэгчдийг татвараар
далайлган сүрдүүлж дарамталж байна гэж ченжүүд бухимдаж байлаа.

Вокзалын баруун талын “1000 машины зогсоол” дээр өдрийн
12 цагийн үед очиход энд тэнд хэсэг гурваараа буу халан зогсох автомашины борлуулагч
нараас өөр хүн харагдсангүй. Энэхүү авто захыг Японд явж байсан автомашиныг оруулж
ирдэг гэдгээр нь сайн мэднэ. Он гарсаар худалдан авалт эрс багасчээ. Ченжүүдийн
ихэнх нь 10-15 машин зарахаар зогсч байгаа бөгөөд өдөртөө 1-2 машин зарчихдаг байсан
бол өдгөө хоёр гурав хонож байж нэг машин борлуулдаг болжээ. Өдөрт машин тус бүрийн
тоогоор зогсоолын төлбөрт 2000 мянган төгрөг төлнө. Гэхдээ ченжүүдийн нэрлэж заншсанаар
“Талх” буюу бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт “Приус” маркийн автомашины эрэлт
нэмэгдэж байгаа сурагтай. Оны өмнөхөн автомашин худалдан авагч гурван хүн тутмын
нэг нь “Приус” авдаг байсан бол өнөөдөр эрэлт нь хоёр дахин нэмэгджээ. Японоос оруулж
ирсэн автомашин нь зарагдахгүй хоёроос дээш сар болсон тохиолдолд торгууль төлж
байгаа эсэхийг ченжүүдээс тодрууллаа. Тэд “Автотээврийн тухай хуульд хилээр автомашин
оруулж ирсэн тохиолдолд 72 цагийн дотор улсын дугаараа авч, хууль ёсоор бүртгүүлэх
ёстой байдаг. Үнэндээ энэ журам ченжүүдэд үйлчилдэггүй гэхэд болно. Үйлчилдэггүй
гэдэг нь бид том толгойлж хууль дүрмээ дагах дургүйдээ биш. Энэ заалт нь ерөөсөө
л амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг ийм олон иргэд аж ахуй нэгж гадаадаас автомашин оруулж
ирж зардаггүй байв. Цөөн хэдэн аж ахуй нэгж тусгай захиалгаар автомашин оруулж ирээд,
эздэд нь хүлээлгэж өгдөг. Захиалсан автомашинаа Монголд ороод ирэнгүүт улсын дугаар
худалдан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхэд хамгийн ихдээ гурав хоног л хангалттай
байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн дээрх заалт тухайн цаг үедээ
л тохирсон байснаас ирээдүйгээ байг гэхэд наад зах нь 10 жилийн цаадахыг тооцоогүй
гаргасан. Харин өнөөдөр автомашин импортлогч, худалдан борлуулагч хувь хүн, аж ахуй
нэгжүүд олширч, хуулийн энэхүү зүйл заалттай зөрчилдөх болсон. Яагаад гэвэл гаалиар
орж ирсэн автомашиныг зарж борлуулахын тулд дор хаяж долоо хонодог. Иргэдийн худалдан
авах чадвар эрс багассан одоо үед “Приус” л биш бол зарагдахгүй хэдэн сар ч болох
нь энгийн үзэгдэл болсон. Харин хуульд зааснаар бол бид гуравхан өдрийн дотор зарж
борлуулан, эзнийх нь нэр дээр улсын дугаарыг авч бүртгүүлэх ёстой. Бид чинь албан
ёсны дистрибьютерүүд биш, Япондоо явж байсан хуучин машиныг Монголдоо борлуулдаг
учраас зарим нь энд тэндээ сэв зураастай байх нь энгийн үзэгдэл. Ийм машинуудаа
зайлшгүй авто засварын газруудад өгч, янзлуулдаг болохоор нэгээс хоёр хононо. Машинаа
засварын газраас гаргах өдөр нь өнөөх 72 цаг нь дуусч байх жишээтэй. Цаг хугацааны
хувьд үнэхээр шахуу, давчуугаас гадна бас том бэрхшээл бий. Энэ гурав хоногийн хугацаанд
амралтын өдрийг хүртэл тооцдог гээд бод доо. Хэрэв бид оруулж ирсэн машинаа бүртгүүлээд,
улсын дугаар авчихлаа гэхэд үнэ нь зах зээлийн үнэлгээнээс дор хаяж 1-3 сая төгрөгөөр
шууд буурдаг. Энд тэндээ сэвгүй, мотор хроп нь асуудалгүй, өнгө будаг нь гандаагүй
байхад шүү дээ. Учир нь худалдан авагч нар улсын дугаартай л бол машины өнгө үзэмж,
үйлдвэрлэсэн он, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үл харгалзан Монголд явж
байсан юм байна, муудчихсан гэж ойлгодог. Бид наана нь “Японоос өчигдөрхөн оруулж
ирсэн. Монголд яваагүй. Хууль журмынхаа дагуу оруулж ирээд гурван хоногийн дотор
дугаар авах ёстой байдаг юм” гэвэл хэн ч итгэхгүй. Монголд явж байсан болон Японоос
шууд орж ирсэн машин хоорондын үнэ  асар зөрүүтэй
байдаг биз дээ. Тэгэхээр Японоос оруулж ирэхийн тулд маш өндөр тээвэрлэлтийн зардлыг
татварын хамт төлөөд, дээр нь ашгийн хэд гурван төгрөг нэмээд зарж байгаа. Иймд
бид улсын дугаар авч, машиныхаа үнийг 1-3 саяар буулгах шаардлагагүй биз дээ. Тийм
болохоор орж ирсэн даруйд нь 72 цагийн дотор бүртгүүлж, дугаараа авдаггүй нь ийм
учиртай. Хамгийн багадаа долоо хоногийн дотор автомашинаа зарлаа гэхэд шилжүүлгээ
хийж, улсын дугаараа авах болохоор 30 мянган төгрөгөөр торгуулдаг. Одоо ухаандаа
гурав хоногийн дотор худалдан авагчаа олж чадсангүй гэж шийтгүүлж байгаа нь энэ
юм уу даа” гэв. 

Тэд барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр ченжийн дугаартай
болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ченжийн дугаар гэдэг нь бусад энгийн дугаарыг бодвол
өндөр татвар төлдөг бөгөөд тухайн автомашин борлуулагч өөрийн нэр дээрээ гаргуулдаг
байна. Энэ дугаараа өөрийн борлуулж байгаа автомашинууддаа өдөрт хэдэн ч янзаар
сольж зүүж болох аж. Худалдан авагч нар сонирхсон машинаа авахаасаа өмнө унаж үзэхийг
хүсдэг гэнэ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд энэ боломжгүй. Яагаад гэвэл “1000 автомашины
зогсоол” дээрх бүх машин улсын дугааргүй буюу 72 цагийн дотор бүртгүүлээгүй гэсэн
үг. Тийм учраас автозамын хөдөлгөөнд оролцох хориотой. Хэрэв зөрчвөл торгуулах буюу
журамлуулдаг. Энэ талаар ченжүүд “Зогсоол дотор ганц машин явахаар нарийн, давчуу
зайнд машинаа унахад хэр эвтэйхэн, дуу шуу орсон эсэхийг мэдэх боломжгүй. Хүн худалдаж
авъя. Унаж үзье гэвэл энэ хашаанаас гарахаас өөр аргагүй. “Дугааргүй машин гарч
ирлээ” гээд зогсоодог. Ингээд Улсын дугаараа авах хугацаа хэтэрсэн байна гээд журамладаг.
Бид зарах машинаа журамлуулахыг хүсэхгүй учраас 50 мянган төгрөгөөр цагдаад торгуулаад
л өнгөрдөг. Нөгөө талаас дугааргүй машин осол гаргаад хэргийн газраас зугтаасан
тохиолдолд хэд хэд гарч байсан. Хэрэв ченжийн дугаартай бол энэ байдал давтагдахгүй.
Японд бол автомашины улсын дугаар нь ногоон дэвсгэр дээр цагаан тоотой байдаг. Харин  ченж дугаар нь цагаан дэвсгэр дээр улаан эсвэл
хараар улсын дугаарыг серийн хамтаар буулгасан байдаг” гэсэн юм.

Авто тээврийн тухай хуульд “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн
нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор,
ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” хэмээн
тусгажээ. Үүнийг зөрчсөн албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Өнөөдрийг
хүртэл энэхүү хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч орчин цагийн
шаардлагад нийцүүлэн тус хуулийг сууриар нь шинэчлэх шаардлага тулгасран тул шинэчилсэн
найруулгын төсөлд санал аваад эхэлжээ. Энэхүү шинээр батлагдах Авто тээврийн тухай
хуульд дээрх асуудлыг нааштайгаар тусгахаа холбогдох албанхан хэлсэн юм. Тэд “Хуулийн
энэхүү заалтыг иргэд буруугаар ойлгон импортын автомашиныг зарагдахгүй 2-3 сар болсон
тохиолдолд сар бүр торгож байгаа мэтээр ташаа ойлгожээ” гэв. Тээврийн хэрэгсэл өмчилж
авснаас хойш хуулинд заасан хугацааны дотор 
бүртгүүлээгүй бол хэтэрсэн хугацаанаасаа үл хамаарч дээрх торгуулийг нэг
л удаа өгч байгааг мөн дуулгав. Түүнчлэн Зам тээврийн 2012 оны тушаалаар улсын дугаар
олгох, бүртгэл хөтлөх журмыг баталжээ.

 М.Ууган-Эрдэнэ

Гэрэл  зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Сансар огторгуй, одон орон хардаг сонирхогчийн дуран гурван сая төгрөг гэнэ

Санчир гариг жилд нэг удаа дэлхийтэй ойртон
ирдэг. Энэ үед нь ажиглавал илүү тод харагддаг юм байна. Санчир гариг нарыг тойрон
эргэсээр дэлхий, нар хоёртой нэг шугамд зэрэгцэж очиход тод харагддаг юм байна.
Бас зай нь ч ойртдог. Гэхдээ энгийн нүдээр харахад ямар ч ул мөргүй. Тусгай ажиг­лалтын
дурангаар гадаргуу дээрх деталиудыг харж болдог байна. Мэргэжлийнхэн мэдээж хэрэг
энэ өдрийг алдалгүй ажиглах зүйлээ харна. Харин энгийн иргэд, сансар огторгуйг сонирхогсод
Одон орон, гео­физикийн судалгааны төвийн харьяа Хүрэл тогоот дээр очиж дурандаж
болох ажээ. Тусгай хөтөлбөр гаргаад иргэдийг хүлээж авна гэсэн зүйлгүй ч гэлээ тэнгэр
цэлмэг байвал таван мянган төгрөг төлөөд сансар огторгуйг харах боломжтой. Бас од,
сар, нар харах боломжтой дурангийн дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ аваад гэрийнхээ тагтан
дээрээс ч ажиглаж болох юм байна.        

 Сансар огторгуй сонирхдог хүмүүст зориулан тусгай дуран болон бусад
хэрэгсэл оруулж ирдэг дэлгүүр бий. “Peace tower”-ын таван давхарт байдаг “Тунгалаг”
дэлгүүр сансар огторгуйн дуран зардаг Монголын анхны дэлгүүр гэдгээрээ онцлогтой.
Эднийд одон орны дуран төрөл бүрээрээ байв. Бас микро ертөнц бичил биетийг судлах
микроскоп, ан хөөх, уралдаан тэмцээн үзэхэд тохирсон мэргэжлийн дуран бий. Тус дэлгүүр
өнгөрсөн арванхоёрдугаар сард нээгджээ. Зүгээр л шинжлэх ухаан, танин мэдэхүй сонирхдог
хэсэг залуус нэгдээд дэлгүүртэй болж. Ингэхдээ одон орны дуран үйлдвэрлэлээрээ дэлхийд
тэргүүлдэг “Селестрон” компанийн төлөөлөгчийн газар болон үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Эхний ээлжинд авчирсан бараа нь хэр гүйлгээтэй байхыг мэдэхгүй учраас цөөхөн хэдэн
дуран, дагалдах хэрэгсэл авчирч. Гэтэл өнөөх нь бүр хэдхэн хоногийн дотор зарагдаж
дууссан байна. Ингээд зарах бараагүй болсон учраас дэлгүүрээ хаасан гэнэ. Харин
саяхнаас дахиж бараа авчраад дэлгүүрээ буцаан ажиллуулж байгаа ажээ. Дэлгүүрт байх
хугацаанд худалдан авагч төдийлөн орж ирэхгүй юм. Зүгээр нэг гутал, хувцас биш болохоор
хүмүүс тэр бүр орж ирээд байхгүй. Яг л дуран авах санаатай хүмүүс зорин ирдэг юм
байна. Эднийд одоогоор одон орны бүрэн автомат ажиллагаатай хоёр төрлийн дуран байв.
Анхлан сонирхогчдод зориулсан энгийн ажиллагаатай одон орон харах зориулалттай дуран
хамгийн их эрэлттэй байдаг гэсэн. Ерөнхийдөө худалдаанд ирсэн даруйдаа дуусдаг гэж
байлаа. Иймэрхүү дуран худалдаж авсан хүмүүс байгаль орчин ч харж болох юм билээ.
Уржигдархан Богд уулын соёмботой толгой шатсан. Яг шатаж байхад нь тус дэлгүүрийн
худалдагч өнөөх дурангаараа ажиглахад галын цог хүртэл нарийн харагджээ. Тэгэхээр
нь сонирхоод хавь ойрыг жаал дурандав. Богд уулын энгэрийн хэдэн модыг дэргэд нь
очсон мэт тод харж байна. Уулын орой дээр босгосон овоо, тэр хавиар хийсэж буй хог
гээд л. Нарийн яривал айлын цонх руу ч дурандаж болохоор юм билээ. Худалдагч эмэгтэй
“Нар руу л харж болохгүй шүү. Зориулалтын бус болохоор шууд сохрох аюултай” гэж
анхааруулж байлаа. Энэ үед гаднаас хоёр залуу орж ирэв. “Шинэ дурангууд ирсэн үү”
гэж асуугаад хана дагуулан өрсөн барааг сонирхлоо. Тэд хотын төвөөс 100-гаад км-ийн
зайд амралтын газартай гэнэ. Өөрсдөө сансар огторгуйн шинжлэх ухаанд сонирхолтой.
Тиймээс амралтын газраа дурантай болгохыг зорьжээ. “Амрахаар ирж буй хүмүүс архидахаас
өөр хийх юмгүй харагддаг. Тэгэхээр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхийн тулд
иймэрхүү хэрэгтэй зүйлээр тохижуулахыг хичээж байна. Хүүхдээ дагуулан гэр бүлээрээ
амарч яваа хүмүүст хэрэгтэй болов уу. Тэгээд ч хүүхэд багачуудын шинжлэх ухаан,
танин мэдэхүйд шимтэх хүсэл төрүүлэх байх гэж бодож байна” гэлээ. Тус дэлгүүрт байгаа
дурангууд хүчин чадлаасаа хамаарч янз бүрийн үнэтэй. Хямд нь 65 мянга бол үнэтэй
нь гурван сая гараад явчихдаг юм билээ. “Одоогоор цөөхөн нэр төрлийн бараатай байна.
Удахгүй нарны аймаг, тэр дундаа Санчир, Бархасбадь, Ангараг гаригийг харахад тохиромжтой
загвар оруулж ирнэ. “Селестрон” брэндийн “NexStar6SE” загварын уг дурангаар зөвхөн
гариг эрхэс хараад зогсохгүй түүн дээр байгаа биетүүдийг харах боломжтой” гэж тус
дэлгүүрийн үүсгэн байгуулагч Д.Пүрэвдорж ярьсан юм. Мөн тэрээр “Анх дэлгүүрээ нээхдээ
дампуурчих вий гэх айдастай байлаа. Гэтэл нээсэн даруйдаа монголчуудад дутагдаж
байсан зүйлийг нөхөж чаджээ гэж ойлгосон. Манайхаас дуран авсан хүмүүс гэр бүл,
найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв өнгөрөөж байгааг харах сайхан байдаг” гэлээ.

“Тунгалаг” дэлгүүрт сансар огторгуйг харах овор ихтэй дурангуудаас
гадна жижиг дуран ч бий. Татах чадвар маш өндөр учраас алс хол байгаа зүйлийг ч  алган дээрээ тавьсан мэт тод харах боломжтой юм
билээ. Наадмаар морь үзэх, ан авд явах, мал хуйгаа харах зэрэгт ашиглахад тохиромжтой.
Ийм дуран 65 мянган төгрөг гэж байсан. Мөн хоёр төрлийн микроскоп байна лээ. Утасгүй,
дижитал, энгийн зориулалттай учраас хаана ч хэрэглэхэд тохиромжтой. Өөр дээрээ утасгүй
интернэттэй учраас хөдөө хээр явахдаа гар утастайгаа холбон хэрэгтэй судалгаагаа
хийж болохоор ажээ. Хөөрөгний чулуу, нарийн ургамал, хорхой шавьж зэргийг судалдаг
хүмүүс худалдан авах дуртай байдаг гэнэ. Гэхдээ эдний дэлгүүрийн худалдан авагчид
дандаа мэргэжлийн бус хүмүүс. Өөрсдийн сонирхлоороо танин мэдэх хүсэлтэй хүмүүс
голдуу үйлчлүүлдэг байна. Уг микроскопоор жимс харсан тухайгаа худалдагч бүсгүй
ярьж өгөв. “Жимсний хальс үстэй гэж хэлж болохоор юм билээ. Бас энгийн нүдээр харж
болохооргүй жижигхэн шавьж байсан. Ер нь жимс бүр өөр харагддаг” гэлээ.

С.АЛТАН 

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ